Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
С.Ганбаатар: Надад төлөвлөгөө бий
2017 оны 6 сарын 14 [Уншсан тоо: 13902]



Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатартай ярилцлаа. Түүнийг сонгуулийн сурталчилгаагаа эхлэхээс өмнө энэ ярилцлагыг авсан юм.


-УИХ-д суудалтай гурван намын нэг болох МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд та нэр дэвшээд байна. Таныг Баянхонгорын гаралтай гэдэг ч яг аль сумынх болох талаар мэдэх хүн ховор байсан шүү?

-Миний аав, ээж Баянхонгор аймгийн хүмүүс. Нэг буурал аав маань Баян-Овоо сумын, нөгөө буурал аав маань Архангайн гаралтай. Миний аав Б.Сайнхүү инженер хүн байлаа. Би долоон хүүхэдтэй айлын том нь. Баянхонгор аймагт төрж, Дарханд гурван настайдаа ирээд, долдугаар ангиасаа эргээд нутаг руугаа нүүсэн. Аав маань социалист нийгэмд ч дарга нарынхаа болохгүй бүтэхгүйг нь ил гаргаж, шүүмжилчихдэг нэгэн байсан. Ажилтнаа шударга бусаар халсан дарга нараа шүүмжилснээс нутаг буцахад хүрсэн. Би аавынхаа захиж хэлсэн зөв байх, шударга байх зарчмаар өдийг хүртэл явж ирлээ. Аав, ээж маань харьцангуй эрт хорвоогоос буцаж дээ. Ээжийнхээ захиснаар дүү нараа эрдэм номтой хүн болгоё гэж зорьж ирсэн.

-Аравдугаар ангиа төгсөөд ямар сургуульд орсон, яагаад сургуулиа төгсч чадаагүй юм бэ?

-Би Германы инженерийн бэлтгэл ангийн хуваарь авч байлаа. Бэлтгэлд явж ирээд үндсэн сургуульдаа сурах үедээ гадагшаа явж чадаагүй. Миний хуваарийг даргын хүүхдэд өгснөөр Политехникийн дээд сургуульд шилжин суралцсан. Амьдралынхаа анхны гараанаас эхлээд шударга бустай би нүүр тулж эхэлсэн нь энэ. Тэр цагаас л надад шударга бустай тэмцэх ёстой гэсэн үзэл санаа суусан юм болов уу даа. Оюутан цаг маань хүнд хэцүү өнгөрч, дүү нараа авч явах гэж зүтгээгүй бол, гүрийж хичээгээгүй бол өнөөдөр түмэн олны төлөө тэмцэж дуугарах хат суугаагүй ч байсан байж болох гэж би боддог. Ижийнхээ захиасыг биелүүлэхээр тэр үедээ өөрөө сурахаа орхиод ч болов дүү нараа боловролтой болгохоор зүтгэж чадсандаа би одоо ч баяртай явдаг.

-Та хэд хэдэн сургуульд ороод дуусгаж чадаагүй байдаг. Ядаж нэгийг нь төгсгөчихсөн байсан бол өнөөдрийн энэ хэл ам гарахгүй байсан даа?

-Тухайн үедээ сургуулиа дуусгаж чадахгүй, мөнгө санхүүгийн байдлаас болоод сургуулиа орхиж байгаа маань хэцүү санагддаг байсан. Би аяга угааж байсан ч давхар толгойгоо цэнэглэж байсан. Харин Оюутолгойн гэрээг хийсэн улстөрчид толгойгоо угаалгаж, түрийвчээ цэнэглэх арга ухаанд суралцаж байсан байх. Тэр үеийн хариуцлагыг ойлгож мэдрэх ухаан намайг уул уурхайн асуудал дээр Монголын баялгийг зүгээр тавиад туучихаж болохгүй гэдгийг ойлгуулсан. Монголын баялгийг ард түмэндээ ашигтайгаар үлдээж, ажлын байрыг бий болгохын төлөө мань мэт шиг хүмүүс зүтгэхгүй бол тэр чигт нь тавиад алдчих мэт санагддаг. Түүнээс тэрийг энийг төгссөн гэсэн цаас авчих байж дээ гэж харамсч байгаагүй, одоо ч харамсахгүй байна.

-Гэхдээ хөрөнгө оруулагчдаа хөөж туугаад байж болохгүй биз дээ?

-Би уул уурхайг зогсоож, баялгаа олборлохыг зогсооно гэдэггүй. Ганцхан Оюутолгойг яаж ашигтай ашиглах вэ, монголчуудад ашиг нь яаж ирэх вэ гэдгийг л асуудаг. Баялгийн эх оронч үзлийн тухай бид ярих ёстой. Хэдхэн хүн, хэдхэн гэр бүлд ашигтайгаар шийдэх биш нийт монголчууддаа ашигтайгаар шийдэх тийм эх оронч үзэлтэй байх ёстой. Оюутолгойн талаар анх ярьж, тэмцэж байхад яагаад гацаагаад байгаа юм бэ гэдэг байлаа. Харин одоо “Оюутолгойг бид нар тавиад туучихсан юм байна. 2038 он хүртэл ногдол ашиг авахгүй юм байна, 2039 онд нөөц нь дуусах юм байна. Одоо нэгэнт өнгөрчихөж, наадахаа хаяач” гэж хэлж байна. Асуугаад адлуулаад явахаас айж болохгүй ээ. Хэрэв тэгэх л юм бол бид алдана. Би бол айхгүй байна, эрдэм номыг нь ч сурсан, хэнтэй ч ярьж мэтгэлцэхээс эмээхгүй.

-Та сургуульд нь сурсан байж болох ч албан ёсны дипломоо аваагүй. Яагаад төгссөн гэсэн юм бэ?

-Би энэ сургуулийг төгссөн гэхээсээ, энэ сургуульд суралцаж байсан гэж анхнаасаа хэлж бичдэг байсан. Би сурч байсан гэж бичихээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Яагаад гэвэл тэнд миний хөдөлмөр шингэсэн амьдралын маань үнэ цэнэтэй он жилүүд учраас. Аяга угааж олсон мөнгөөрөө, ямар ч төр засаг, ямар ч аав ээж, ах дүүсийн дэмжлэггүй зүтгэж сурч байсан маань миний түүх. Улс төрд хүнийг харлуулахад их амархан. “Непко” хэвлэлийн газраас “Британика Монгол” хураангуй толийг хийхдээ намайг олон нийтийн хөдөлгөөний удирдагч, Монголын Үйлдвэрчний эвлэлийн түүхэнд ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч гэж оруулсан байдаг юм. Тэр үед намайг намтраа бичиж өг гэхэд би суралцаж байсан бүх сургуулиудаа жагсаагаад суралцаж байсан гэж бичээд өгч байсан. Магадгүй миний тэр бичиж өгсөн хадгалагдаж байдаг байх. Би чинь үнэндээ Хөдөлмөрийн дээд сургуульд магистрын зэргийг хамгаалсан хүн шүү дээ. Баклавргүй гээд магистрын ангид сурсныг үгүйсгэж байвал, хамаагүй ээ. Би арван жилийн боловсролтой гэдгээрээ үлдэе. Тэглээ гээд миний уншсан харсан, үзсэн дуулсан надаас явчихгүй. Хамгийн гол нь сэтгэл минь хаана байна гэдгийг ард түмэн мэднэ. Маргарет Тетчер “Намайг асуудал гаргаж тавихад тэр асуудлаа биш өөр зүйл рүү ороод байна. Уг нь асуудал тавихад асуудлаа л ярих ёстой” гэж хэлсэн байдаг.

Түүн шиг намайг Оюутолгойн гэрээг засч сайжруулья гээд ярихаар 25 жилийн өмнө намайг хаана байсныг яриад байдаг нь нэг талаасаа би бусад улстөрчид шиг элдэв зүйлд хутгалдаагүй, хамгийн цэврээрээ байгаа улстөрч гэдгийн баталгаа юм даа.

-Та үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж, дараагийн сонгуулиар нь дахин сонгогдож бараг 2017 он хүртэл ажиллахаар болсон байсан. Ажлаа өгөхөд хүрсэн шалтгаан юу байсан бэ?

-Тийм ээ, би дөрвөн жил ажиллаад 100 хувийн саналаар улиран сонгогдож, хоёр жил шахам ажилласан. Би үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зарим өмч хөрөнгийг авахын тулд маш их тэмцэл хийсэн. Энэ нь намайг олон дайсантай болгосон. Тэр хүмүүс Цэцэд гомдол гаргасан. Гомдлыг шийдэх явц удаан үргэлжилдэг, тэр нь бидний ажлыг хойш татах учраас албан тушаалдаа хорогдож холбооныхоо ажлыг баллахыг хүсээгүй. Тэгээд өргөдлөө өгөөд гарч байлаа. Үйлдвэрчний байгууллага надад ихийг сургасан. Ажилласан зургаан жилдээ зургаан удаа цалин нэмүүлж, хоёр удаа тэтгэвэр нэмүүлсэндээ баяртай явдаг.

-Таныг тэр ч энэ ч намд элсэх нь гэдэг байсан. МАН-ын НАМЗХ-ны Алтан сарнайг хүртэж байсан, ИЗН-ын хуралд суугаад байна ч гэж бичигдэж байсан. Өнгөрсөн жил ХҮН намын дарга болж, өнөө жил МАХН-аас нэр дэвшиж байна...

-Ер нь надад МАН ч, АН-д ч элсэн орж, улс төрийн үйл ажиллагаа явуулах боломж эртнээс байсан. Гэхдээ надад энэ хоёр том намын явуулж байгаа бодлого нэг бууж өгдөггүй байсан. Тэдний явуулж байгаа бодлого нь ард түмний хүсэл зоригоос өөр байгаа нь мэдрэгддэг байсан. НАМЗХ 2012 оны Алтан сарнай шагналаа шилдэг нийгмийн зүтгэлтэн гэж гардуулахад талархалтай хандсан. Гэхдээ энэ нь МАН-д элссэн гэсэн үг биш шүү дээ. ИЗН-ын хувьд анхнаасаа хүндэтгэлтэй хандаж ирсэн. Дотно сайн нөхөд маань ИЗН-ынх. ХҮН намыг байгуулсаан. Залуучууддаа тусалж, нийгмээ эрүүлжүүлье гэж зорьсон. Гэвч хоёр том нам зорилготойгоор хяхаж хавчин, бодлогоор хүмүүсээ оруулж буталсан. Манай залуучуудад буруу байгаагүй ээ, бодлогоор хоёр том намын хийсэн ажил.

-МАХН-тай хэдийнээс холбогдчихов?

-МАНАН-ын эсрэг тэмцэх ёстой юм байна, үүний тулд бүгдээрээ нэгдэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр даргыг дэмжээд явж байтал тэр нэр дэвших боломжгүй болсон. Хэрэв сонгуульд Н.Энхбаяр дарга нэр дэвшсэн бол ялах байсан, үүнийг та бид мэдэж байгаа. Ингээд түүний ялалтыг баталгаажуулах үүднээс надад нэр дэвших боломж олдсон.

-Нам төлөөлж нэр дэвшихэд намын гишүүнчлэлтэй байх ёстой биз дээ. Та МАХН-д элссэн үү?

-Би саяхан МАХН-д элссэн.

-Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол намын гишүүнээс түдгэлзэж таарна...

-Тийм ээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн намын гишүүнчлэлээс татгалздаг. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ дундаас гарч ирсэн, тэднийхээ хүрээлэлд байдаг хүн байх ёстой гэдгийг намууд ойлгох ёстой. Түүнээс аль нэг намд хатуу гүйж байснаа, намынхаа халуун үнэмлэхийг өврөөсөө гаргаж тавьчихаад ард түмнийхээ талд байна, нам бус гэж хэлэх үнэмшилгүй санагддаг. МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд намайг нэр дэвшүүлсэн нь өөрийн, намын эрх ашиг гэхээсээ нийт ард иргэдийн эрх ашгийг дээдэлж, ардчилалтай нам гэдгээ харууллаа гэж бодож байна.

-Сонгуульд нэр дэвшиж байгаа хүн өөрөө сонгуулийнхаа зардлыг гаргана гэж МАХН-ынхан зарласан. Тэр ч утгаараа зарим нэр дэвшигчид нэрээ татсан дуулдаж байсан. Та тэр их мөнгийг яаж хувиасаа гаргах юм бэ?

-Би Монголынхоо ард түмний итгэл найдвараар өдийг хүртэл тэмцэж ирлээ. Энэ их хэцүү, хатуу улс төрийн нөхцөл дунд өдийг хүртэл намайг хамгаалж, дэмжиж ирсэн ард түмэндээ би баярлаж явдаг. Би тэдний л бүтээл. Өнгөрсөн 27 жилийн монголчуудын туулж өнгөрүүлсэн зовлон жаргал, бэрхшээл ололтын бүтээл нь би юм. Нэг нийгмээс нөгөөд шилжиж, иргэд нь яахаа мэдэхгүй бор зүрхээрээ зүтгэж явсан гуч орчим жилийн Монголын түүх биднийг бүтээсэн. Би тэр ард түмний төлөөлөл. Надад аав, ээжээс өвлөгдөж ирсэн эд хөрөнгө, бизнес хийж эсвэл төрийн эрх мэдлээр олж хураасан юу ч байхгүй. Би ард түмнээсээ гуйж бас ард түмнийхээ төлөө ажиллана. Би оффшорчдын төлөө зүтгэхгүй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, бор зүрхээрээ бизнес хийх гэж яваа тэр хүмүүсийн төлөө, эгэл жирийн ард иргэдийнхээ төлөө зүтгэх болно.

-Та Н.Энхбаяр даргыг УИХ-ын даргаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан удаатай. Гэхдээ яагаад ч юм та гудамж руу жагсахаар гарч, та хоёрын харилцаа нэг хөндийрсөн санагддаг байсан. Тийм явдал байсан уу?

-Би УИХ-ын даргын Нийгэм эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Н.Энхбаяр дарга намайг зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон нь надад том боломжийг өгч байсныг мартах учиргүй. Тэгэхэд анх төр түмний төлөө ажиллахын эхлэлийг тавьж байлаа. Банкны салбарт удирдах ажил хийж, Удирдлагын академид цагаар багшилдаг байсан залуугийн хувьд шинэ орчин байсан. Айж эмээх зүйл ч байлаа. Улс төрийг дотроос нь харж уурлаж бухимдах цаг ч байсан. Тэгэхэд улс төр гэдэг ямар бохир болохыг анх мэдсэн. Улс төр яаж явдгийг ойлгосон. Засгийн газрын гишүүд, тойрон хүрээлэгчдийг хараад миний ой гутаж байсан. Тэр хүмүүс хорвоо дэлхийг эрүүл нүдээр харахаа больж, вакуумд орчихсон байдаг юм билээ. Тийм учраас өөрчлөх ёстой юм байна, засах ёстой юм байна гээд иргэний хөдөлгөөн байгуулж удирдаж эхэлсэн. Энэ байдлыг засах ганц арга бол тэднийг ухаарах гэгээрэхийг хүлээж суух биш тэднийг ойлголтол  нь шахдаг ард түмний тэмцэл чухал гэдгийг би ойлгож байсан.

-Та УИХ-ын даргын зөвлөх, томоохон банкинд албан тушаалтан, багш хийж байхдаа ямар диплом үзүүлж ажилд ордог байсан юм бэ?

-Би их азтай хүн. ХААН банкинд ажилд орохдоо удирдлагуудад нь би үнэнээ хэлсэн. Ийм ийм бэрхшээл тулгараад сургуулиа төгсч чадаагүй ээ. Гэхдээ надад туршлага нь байна, мэдлэг нь байна гэхэд гадаад захирлууд нь ажилд авсан. Боловсрол өөрөө ашигллагддаг байх ёстой, хэрэглэгддэг байх ёстой. Түүнээс шошго шиг, хүмүүст харуулдаг цаас шиг байж болохгүй. Дараа нь Удирдлагын академи, Санхүүгийн дээдэд цагаар багшилж байхдаа ч би үнэнээ хэлээд орж байсан. УИХ-ын дарга зөвлөхөөрөө тавихдаа ч миний нөхцөл байдлыг мэдэж байсан, сүүлд ажлаа өгөхдөө ч сурах хэрэгцээ байна гэхэд ойлгож ажлаас чөлөөлж байсан.

-Та өнгөрсөн жилүүдэд Монголын хамгийн өндөр рейтингтэй улстөрч гэгдэж байлаа. Гэтэл жижиг тойрогт ялалт байгуулж чадаагүй. Тэр судалгаа худлаа байсан уу?

-Би тэр судалгааг худлаа байсан гэж боддоггүй ээ. Харин над шиг ийм хүмүүсийг парламентад дахин оруулж ирэхгүйн тулд эрх баригчдын хийсэн ажил. Тойргийг жижиглэж, сонгуулийн хуулийг өөрчилсөн. Тойрог жижиглэнэ гэдэг мөнгөгүй хүмүүст аюултай. Мөнгөний нөлөөлөл жижиг тойрогт их. Харин одоо гурван хүн Монгол даяараа нэг том тойрогт өрсөлдөж байна. Энэ тохиолдолд мөнгө биш үзэл санаа, чин сэтгэл, шударга байдлыг олон түмэн дүгнэнэ гэдэгт итгэж байна.

-Та “Надад төлөвлөгөө байна” гэсэн. Танд ямар төлөвлөгөө байгаа вэ?

-Монголын ард түмэнд миний санал болгох зүйл бол баялгийн эх оронч үзэл. Ийм үзлийг бий болгосноор гадаадын хөрөнгө оруулагчдад ч, Монголынхоо ард түмэнд ч харилцан ашигтай байлгаж болно. Уул уурхайн лиценз олголт, уул уурхайн салбар шударга болоод ирэхэд Засгийн газар шударга болно. Засгийн газар нь лицензийн наймаанд оролцдог болохоор бохирдоод байгаа юм. Засгийн газар нь шударга ажиллавал төр нь цэвэршиж, хариуцлагатай болж улмаар нийгэм нь цэвэршинэ. Бидэнд эв нэгдэл хэрэгтэй байна. Эв нэгдэл гэж муудалцаж байгаа нам, фракцууд эвлэлдэж нийлэх явдал биш харин нийгмээрээ нэг зүгт хөдлөхийг хэлж байгаа юм. Нийгмээрээ гэдэг нь нийгмийн оролцогч талууд болох үйлдвэрчний эвлэл буюу ажилчдын эрх ашгийн төлөөллийн байгууллага нь жирийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчийн төлөөллийн байгууллагуудтайгаа, Засгийн газартайгаа нэгдэж ажиллахыг хэлж байгаа юм. Энэ жил улсдаа зэс хайлуулах үйлдвэр барина гэж, дараа нь хөдөө аж ахуйн салбараа өөд татна гэж том, том төслүүд дээрээ хамт байхыг хэлж байгаа юм. Үйлдвэрчин, эзэн, Засгийн газар гээд бүхий л төлөөлөл нэгдэж чадвал улс орон даяараа нэг зүгт хөдөлж чадна. Энэ талууд нэгдэж ойлголцож чадаагүйгээс хоёр том бүлэглэл, том оффшортнууд, олигархи бүлэглэлүүд зодолдож, улс орныг талцуулж байна шүү дээ. Бас миний хэлдэг үг бол гурван талт хэлэлцээр. Хоорондоо зөвшилцөж, хэлэлцэж ойлголцож байж урагшилна.  Эрдэмтэн шинжээч нарын дүгнэлт дээр талуудын эрх ашгийг хангаж, харилцан ярьж байж сайн шийдэлд хүрнэ. Гэтэл өнөөдөр Монголын Засгийн газар, Монголын төр үндэстэн дамнасан корпорациудын гар хөл болсон олигархи, оффшортнуудын барьцаанд байна. Эндээс нийгэм даяараа зөвшилцөж байж гарах ёстой. Үүнийг хийх механизм нь Ерөнхийлөгч юм.

Би МАНАН-г арилгаж, наран мандаахын төлөө зүтгэж байна. Би төлөвлөгөөтэй хүн. Надад төлөвлөгөө байна, бидэнд төлөвлөгөө байна. Монгол орноо хэрхэн яаж хөгжүүлж, мандуулахын төлөө төлөвлөж бас зүтгэнэ. Хор найруулаад хурдан яваад байгаа улстөрчид байна. Хор найруулж албан тушаалд хүрчихээд ард түмний төлөө зүтгэнэ гэж байдаггүй юм. Илүү хордож, илүү өндөр албанд хүрэхийг хүсдэг. Би хэвтэрт байгаа Монгол орноо аварна, сайхан улс болгож хөгжүүлнэ гэсэн чин сэтгэлээр урагшлуулж чадна. Улс төр бол эр зоригийн ухаан гэсэн үг бий. Гэхдээ цавчихын төлөө эр зориг байдаг юм биш хайрлахын төлөө эр зориг байдаг. Үүнийг туулж ойлгосон хүний хувьд би зүтгэж чадна.





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив