Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
П.Анужин “Эрүүлд хүрэх зам их энгийн” гэлээ
2017 оны 5 сарын 25 [Уншсан тоо: 13741]

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, продюсер П.Анужин СТӨ-нд өнгөрсөн бямба гаригт “Эрүүлд хүрэх зам их энгийн” номын нээлтээ хийж, эрүүл амьдрахад их зүйл шаарддаггүй, амьдралын хэв маяг, чиг хандлага, сэтгэлийн өнгө, аливааг харах өнцгөө өөрчлөхөд их учир байдаг талаар лекцээ уншлаа. Тэрбээр лекц унших талаараа мэдээлэл тавиад тун чиг удалгүй тасалбар нь дуусч, тасалбарын эрэлд гарсан хүмүүс олон болсон билээ. Угаасаа эрүүлжиж, зөв бүтэцтэй, зохист хоол унд идэхийн учир ухааныг мэдэх гэсэн хүмүүс олон болсон. Түүний хөтөлдөг фэйсбүүк дэх “Мацагтан монгол” бүлгэм ердөө 14 хоногийн хугацаанд 110 мянган гишүүнтэй болсон нь хүмүүст энэ чиглэлийн мэдээлэл ямар хэрэгтэй байгааг харуулсан юм. Тэр ч утгаараа түүний лекц, ном нь нийгмийн эрэлт хэрэгцээ байлаа. Түүний лекцэнд суух гэсэн хүмүүсийн хүсэлт энд тэндгүй байсан тул П.Анужин 16 цагаас дахин лекцээ тавьсан юм. Уг лекцийг сонсох гэж хөдөө орон нутгаас, ижий аавыгаа суулгах гэж хилийн чинадаас хүртэл билет захижээ. Зөв хоол хүртэж, зөв сэтгэлээр аливаад хандах гэж байгаа хүмүүстээ хандан яг цагтаа эхэлнэ, нэгийгээ хүндлэн цагтаа ирээрэй гэж байсныг олон хүн ягштал дагажээ. Манайд товлосон цагтаа эхэлдэг арга хэмжээ гэж байхгүй болсон. Харин П.Анужингийн хэлснээр сэрсэн улсууд арай өөр байдаг ажээ. Ер нь цагаа барьсан, урлагийн арга хэмжээ биш нэгэн хүний ярьсан лекц атлаа цаг гучин минутын турш хүмүүсийг нам гүм, чимээ анирдан суухад хүргэсэн, нэг өдөр дараалж хоёр арга хэмжээ зохион байгуулж, бас нэг дор олон ном зарагдсан гэдгээрээ магадгүй хэд хэдэн шинэ амжилтууд тогтоогдсон байх. Хамгийн олзуурхууштай нь манайхан эрүүл бие, зөв амьдралын төлөө ингэж олноороо цуглаж чадсан нь гайхалтай байлаа, цуглуулж чадсан П.Анужин мундаг байлаа. 

Тэрбээр лекцээ эхлэхдээ “Би хүүхэд байхдаа Соёлын төв өргөөний тайзан дээр бүжиглэх гэж олонтоо гарч байлаа. Хамгийн сүүлд одоогоос хорь гаруй жилийн өмнө гарчээ. Харин эрүүл мэндийн байдлын улмаас тасалдсан урт удаан он жилүүдийн дараа би эрүүл болохын ухааныг тэр нь их энгийн гэдгийг та бүхэндээ хэлэхээр гарч ирж байна. Одоогоос есөн жилийн өмнө би “Макробиотек 21 зуун” номоо гаргаж байхдаа эрүүл болох их хэцүү гэж бодож бичиж байжээ. Харин арваад жилийн дараа “Эрүүлд хүрэх зам их энгийн” номоороо эрүүлжих их амархан гэж хэлэхийг хүслээ” гэсэн нь олон хүнд нэгийг бодуулсан. Үнэхээр эрүүл байх тийм амархан бас энгийн гэж үү. Энэ асуултыг олон хүн тавих байх. Харин эмч нарын буруу оношийн улмаас эмнэлгийн орон дээр бүтэн жилийг өнгөрүүлж, өөрийн уншсан мэдсэн, туулсан давсан билгүүнээрээ эрүүл болох амархан гэж хэлж байгаа түүний ярьж хэлсэн бүр сонин байлаа. П.Анужин “Эрүүлд хүрэх зам их энгийн” номоо түлхүүр хэмээх бүлэг, тайлал бүлэг гэж хуваан бичсэн бөгөөд түлхүүр бүлгийнхээ хүрээнд тайлбарлан ярьсан юм. Тэрбээр үзэгчдэд хандан “Та энэ цаг мөчид өөрийгөө хөндлөнгөөс харах гээд нэг оролдоод үз дээ. Биеийн тань хэлбэр ямар байна, сэтгэл тань ямар байна, нүдний гал ямар байна, нүүрний тань цог ямар байна мэдрээд үзээрэй. Хэрэв таны нүд галтай, нүүр тань цогтой, арьс тань өнгөлөг, хөдөлгөөн хөнгөн, бие уран бол та өөрийгөө хайрлажээ. Та амьдралын зөв замаар замнажээ. Үгүй бол амьдралын даваа гүвээний нэгд бүдэрчээ” гэсэн нь биеэ хайрлаж чадсангүй гэсэн гэмшлийг хүмүүст төрүүлсэн байх. Нээрээ ч түүний хэлснээр эхээс төрөхдөө нүүр нь сэвх толботой, нүд нь шар төрсөн хүмүүс байдаггүй шүү дээ. Мөн “Эрүүл байхад ухаарахуй чухал. Ухаарна гэдэг аврал. Эрүүл гэж юуг хэлдгийг ухаарчих юм бол дэндүү амархан зүйл. Эцэг эхээс заяасан биеэ хэрхэн яаж эдэлж ирэв ээ гэдгээ ухаарчих юм бол, ойлгуулах хүнд цаг үеийг туулж заавал өвдөж байж ухаарах шаардлагагүй. Мацгийн мөр замд ороход таныг олон хүн хориглож, дэмжихгүй байж болох юм. Сайнд итгэхдээ бартаатай замыг туулж, саарт хүрэхдээ гэрлийн хурдаар хүрдэг ийм л цөвүүн цагт бид амьдарч байна. Өөрөө сайныг аваад өрөөлд сайныг тусгах сэтгэл дутмаг, сайн нь юу билээ гэж харах билгийн хийгээд оюуны мэлмий дутмагаасаа болж сайн зүйлээсээ хэтэрхий хол зугтааж байдаг. Гэхдээ ном тойрсон яриаг хоёронтоо давтуулан хийлгэж байна гэдэг монголчууд сэрсний их дохио гэж бодож байна” гэлээ. Бас түүний “Бие махбодь өдөрт хэдий хэмжээний хоол хүнсийг авч байна төдий чинээгээр гаргаж байх ёстой. Цаг наргүй идчихээд гүйлгэдэг эм хэрэглэж байна гэдэг хүчирхийлэл. Бохирдлоо биедээ тээгээд 3-4 бүр 7 хонолоо гэх хүмүүс байх юм. Хоол хүнс энгийн хялбар, борогшуу ойлгомжтой байх тусмаа биед тустай. Та юу идэж байна, та тийм л хүн. Цав цагаан гурилаар амьдралыг хэмжих дэндүү мунхаг цаг дууссан. Аливаа юмны харагдах байдал бус аливаа юмны үзүүлэх үр дагавар утга чухал гэдэг. Ангайсан нялх үрээ бор хоолонд оруулахдаа цав цагаан, цавуулагтай гурилыг алгадаад бантан гээд өгөхийн оронд нэвсээр буюу үр тариагаар, бор гурилаар бантан хийхийг фэйсбүүк групптээ уриалсан нь тун үр дүнтэй байгаад талархаж байна” гэдгийг сонсоод гэмшилтэйеэ шүүрс алдах хүн ч байв. Үнэхээр нялх хүүхдэдээ сайн гээд ямар хоол хүнс өгөхийг мэдэхгүй суугаа олон ээж нар байдаг билээ. Харин “Мацагтан монгол” бүлгэм дотор давалгаалсан мацаг, эрүүл зөв хооллолтын мэдээлэл олон хүнд ухаарал, сэрэхүй авчирсныг тэнд сууж байгаа хүмүүс өөр хоорондоо ярьж байв. Мөн олон хүний Анужин багш хэмээн дууддаг тэрбээр үгийн шид ямар хүчтэй болохыг тайлбарлалаа. “Ухаант хүн эрүүл байх нь чухал билээ. Энэ бүхнээс ч чухал юм байдаг гэдгийг би эрүүлжих хугацааныхаа төгсгөл үе рүү буюу тун саяхнаас ойлгож эхэлснээ та бүхэндээ харамгүй хуваалцах гэсэн юм аа. Зөв хоол идээд байх нэг хэрэг, мацаг бариад байх бас нэг хэрэг, үүнээс ч чухал юм байдаг юм байна. Энэ бол “үгийн шид” юм байна. Би өөрийгөө эрүүл болгож чадсан учраас эрүүл гэдэг үг надад шидээ авч амилсан гэдэгт итгэдэг. Миний амнаас гарах эрүүлийг хүсэх үг танд магад эм болж очиж чадна гэдэгт би дэндүү итгэлтэй байна. Яг юу хэлээд байна гэвэл тэр үгийг биедээ нөхцөлдүүл, биедээ урла, тэр үгийг амьд болтол, тухайн үгийг үйл болтол өөртөө тамгал. Таны амнаас ямар үг гараад байна, та тэр л ай саванд багтдаг хүн гэдгийг би ахин дахин сануулмаар байна. Гоо сайхан байхынхаа төлөө үйл хийж эхлэх хэрэгтэй. Үйл хэзээ зөв байдаг вэ гэхээр бодол цэгцрэхэд үйл аандаа зөв болдог. Цэгцрээгүй бодол зөв үйлд хөтлөхгүй. Үүнийг би та бүхэнд зааж байгаадаа бус монгол хүний оюун тархинд буй монгол хүн бүрийн зүрх цусанд лугшиж буй энэ мэдээллийг би сэрээюү хэмээн бодсон юм” гэж байлаа. Түүний лекцээс сэхээрч, ойлгосон олон хүн гарч явсанд эргэлзэхгүй байна. Нүд нь гэрэлтсэн олон хүн “Эрүүлд хүрэх зам их энгийн” номоос худалдан авч байгаа харагдсан. Эрүүл мэндийн боловсрол манайд ямар явж ирсэн билээ. Тиймээс үзсэн харсан дуулснаа нэгэндээ дуулгах, эрүүлжих, цаашлаад удмын сангаа эрүүл бүтэн авч явахын төлөө мэдсэн дуулснаа нэгэндээ дуулгах хүмүүс олон болоосой. Лекцийн төгсгөлд П.Анужин шинээр эхлүүлэх гэж байгаа төслийнхөө видеог хүмүүст сонирхуулсан бөгөөд “МонГал товчоон” төслөөрөө ид хийж бүтээж байгаа чадварлаг залуучуудыг баримтат уран сайхны аргаар тодотгож, тодруулж харуулахыг зориод ажиллаж байгаагаа зарласан юм.

Түүний энэхүү баримтат уран сайхны нэвтрүүлэг нь ирэх долоо хоногоос үзэгчдийн хүртээл болох ажээ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив