Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хүнсээр анагаах соёлыг түгээгчид
2017 оны 5 сарын 5 [Уншсан тоо: 40663]



Цаг хугацаа, уламжлалт ахуйдаа баригдаж гүйсээр бид нийгэм яаж өөрчлөгдөж, залуус хэрхэн хөгжиж байгааг ч анзаарахгүй явж байдаг. Манай шинэ үеийнхэн өөр хоорондоо өрсөлдөх биш, бидний өрсөлдөх тавцан дэлхийн зах зээл гэж ярьж байна. Цэл залуухан тэгсэн атлаа хийж бүтээсэн зүйлтэй, хийж бүтээх урам зориг, мөрөөдөл дүүрэн хоёр бүсгүйг онцлон танилцуулахыг хүслээ. Тэд бүр багаасаа ямар нэг зүйл хийх ёстойгоо мэдэрдэг, ямар бизнес хийх вэ гэж ярилцдаг дэврүүн хүсэл мөрөөдөлтэй охид байжээ. Тэр ч сэтгэлээрээ олон зүйлийн хойноос эрэлхийлж, зүтгэж ирсэн байна. Шатаж, ядарч явсан ч шантарч явсангүй. Бууж өгөхгүй зүтгэсээр хийх ёстой ажлаа олжээ. Тэдний бизнес нь хүмүүст ач ивээлээ өгч, эрүүл саруул болгодог гайхалтай бизнес. “Хүнсээр анагаах соёлыг Монгол Улсад түгээнэ” гэсэн тэдний урианаас юу хийдэг, юунд хүсч мөрөөдөж байгааг нь мэдэж болно. 

Т.Дарьсүрэн, Э.Хулан нарын үүсгэн байгуулсан “Алтанбүрд Оргил” ХХК-ийн Аму үр тариа хоол заслын төвийг зорьж очдог хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэх болжээ. Эм тангаар бус хоол хүнсээр эмчлэхийн ач тусыг ойлгож мэдэрсэн олон хэрэглэгч бий болоод байна. Монголчуудын аж төрөхүйн уламжлалт давуу талыг нь тэд шинэ зууны ололттой хамтатган хүргэж байгаа нь гайхалтай юм. Өвөлжин хүүхэд нь ханиад хүрч, эмнэлгээс гарч ирээд буцаад хэвтэж байгаа талаар залуу ээжүүд гомдоллодог. Харин “Аму”-гийн хүүхдийн дархлааг сайжруулах бүтээгдэхүүнийг уусан хүүхэд өвдөнө гэж ховор доо. Бас бидний уушиг өвөлдөө ямар болдог билээ дээ. Түүнийг цэвэрлэх бүтээгдэхүүн ч бий. Архаг бронхиттой хүмүүс эдгэх энүүхэнд. 

Мэддэг хүмүүс нь бүр амьдралын нэг хэсгээ болгочихсон, үйл ажиллагаа нь жигдрээд гурван ч жил болчихсон газар ажээ. Монголчууд бүгд л бөөр давсагны асуудалтай, эрс тэрс уур амьсгал нь бөөрний тамирыг нь барчихдаг. Харин тэдний бөөрний бэлдмэлийг хэрэглээд бүүр диализийн аппаратаасаа гарчихсан хүн ч байдаг юм билээ. Бөөрний дутагдалтай хүүхдүүд дорхноо сэргээд эдгээд ирдэг гэдэг. Тэрхүү шидэт гэмээр бөөрний бэлдмэлийг буталж байхыг харахад гүнжидийн хар үр, тахиан толгойт лянхуа үр, хушга, мөсөн чихэр, хар будаа, бас мухар цагаан гээд эмийн ургамал тэргүүтэй олон төрлийн бүтээгдэхүүн ашиглаж байсан. Мэдээж, энэ бүхэн тэдний олон жил судалсан тусгай жор, ардын уламжлалт ухаанд тулгуурлсан нарийн судалгаа дээрээс гарчээ.

Аугаа бүхний эхлэл энгийн байдаг гэдэг. Залуу бизнес бүсгүйчүүдийн түүх ч энгийнээс эхэлжээ. Дээр дурдсанчлан хийж бүтээхийн эрмэлзэлтэй охид зүгээр ер суудаггүй байлаа. Нэг нь Хятадад сургууль төгссөн, нөгөөх нь Орост суралцсан. Аль аль нь банк санхүү, эдийн засгийн мэргэжилтэй. Э.Хулангийн зөв зохион байгуулалттай, гаргалгаатай сэтгэлгээ Т.Дарьсүрэнгийн юунд ч бууж өгдөггүй шаргуу, зүтгүүр чанар нэг нэгийгээ нөхдөг гэлтэй. Дариагийн ходоод нэг хэсэг их өвдөг байжээ. Өвдөхөөрөө тэсэхийн аргагүй өвдөх учраас сүүлдээ хоол унд идэхээсээ ч халширна. Хятадад 2011 онд явж байхдаа элдэв зүйл авч идэхгүй гээд ягаавтар өнгийн савлагаатай үр тариа голдуу нэг бүтээгдэхүүн авч хэрэглэжээ. Усанд зуураад уудаг эд. Таван ширхэгийг авч хэрэглэсэн гэнэ. Тухайн үедээ өөрөө анзаараагүй ч нөгөө айхтар ходоодны өвчин нь алга болсныг мэджээ. Хуландаа энэ тухай хэлж “Бидний хийх зүйл энэ байна” гэдгийг тэгэхэд ухаарсан гэдэг. Бүсгүйчүүд хүмүүст тустай бизнес хийнэ гэж зорьж байхдаа гоо сайхны салон хүртэл байгуулж явсан удаатай. Бас 2009 онд Хуланг ээж болоход үр хүүхдээ эрүүл болгохын төлөө ээжүүд арай өөр баймаар байгааг, тэр нь юу байвал дээр болох талаар удтал ярилцдаг байсан нь тэднийг энэ бизнесийг эхлүүлэхэд хүргэсэн юм. 

2011 оны сүүлчээс ажилдаа шаргуу орж, судалгааны ажлаа эхлүүлжээ. ДЭМБ-аас зөвлөмж болгодог хүний өдрийн хэрэгцээний дийлэнх хувийг эзэлдэг үр тариаг монголчууд хэр их иддэг билээ. Бараг л гурил, цагаан будаа үсрээд шар, хөц будаагаа үр тариа идэж байна гэж бодно. Түүнээс бусдыг бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Монголчуудын хоолны цэс, хооллох горимд эрдэс, эслэг, ширхэгтэй элемент тун ховор байлаа. Гэтэл тэдгээр зүйлсээр баян олон төрлийн үр тарианд ходоод өвдөхөд ходоодны өвчинг эдгээж, бөөрний тамир тэнхээг сэргээдэг, дотор халуун дардаг олон чадал байгааг мэджээ. Маш олон доктор, эрдэмтэдтэй уулзаж үр тарианы ач тусыг судалж эхлэв. Өөрсдөө ч бие дээрээ, үр хүүхэд дээрээ ч туршилт хийжээ. Хулангийн хүүхэд дээр ч их туршсан гэнэ. Ногоон буурцаг хор гадагшлуулах тэр дундаа хоолойны өвчинд тун сайн ажээ. Хулангийн хүүхдийн хоолой өвдөж, битүү идээлсэн байхад зөвхөн ногоон буурцагны шүүс уулгаад байжээ. Үр дүн тодорхой. Дорно дахинд дэлгэрсэн уламжлалт арга ухааныг Монголын уламжлал анагаах ухаантай хослуулан, шим судлалын ухааныг нэмж тэд өөрсдийн жорыг гаргаж авсан байна. 2013 оноос Хятадаас үр тариагаа оруулж ирсэн бөгөөд дэлхийн цөөхөн оронд байдаг органик тариалангийн талбайгаас авчирч байлаа. Хятадуудын дунд анагаах, идэх хоёр үндэс нэгтэй. Эм, хүнс хоёрыг ижил нэгэн гэж үзэх хэрэгтэй гэсэн ойлголт байдаг. Уламжлалт ийм соёлтой хятадууд хүртэл сүүлийн үед таргалалт, зүрх судасны өвчлөл, диабет, хавдрын өвчлөлд нэрвэгдэж ирэх арван жилд 80 сая хүн архаг өвчлөлийн улмаас нас барна гэж үзэж байгаа юм билээ. Тиймээс ч шим судлаач гэсэн мэргэжил ихээхэн эрэлттэй болж, мэргэжлийн, туршлага их, алдартай шим судлаачдад сарын 500 мянган юаны цалин санал болгох болжээ. Бас өвчтнүүдэд эмийн жороос гадна хоолны жорыг давхар бичиж өгөхийг эмч нараасаа шаардах болсон гэсэн. Энэ бүгдийг тэд тооцоолон байж урдаас бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр болжээ. Бага температурт хатаалга хийж, хоруу чанарыг нь аваад эрдэс шимийг тэр чигт нь үлдээдэг нарийн технологиор бүтээгдэхүүнээ бэлтгэдэг. Жаахан ч гэсэн чийг үлдээж болдоггүй. Тэд үр тариагаа гаднаас оруулж ирээд байх биш ургаж болохыг нь Монголдоо ургуулья гэсэн том зорилго өмнөө тавьжээ. 2014 оноос эхлэн энэ ажлаа хэрэгжүүлж эхэлсэн байна. Гашуун арвай, ногоон, хар буурцгийг Монгол хөрсөнд ургуулжээ. Алдаж оносон ч зориглож хийсэн ажил болохоор бага багаар амжилт дагуулж өнгөрсөн жилээс ургац хүртэж эхэлжээ. Ингээд Монголын хөрсөнд ургуулсан хэд хэдэн төрлийн үр тариатай болоод авчээ. Туршлагатай тариаланчийг авчруулан хичээл заалган, гардан тариалуулж байсан удаатай. Одоо хэдийнэ хаврын тариалалтын ажилдаа оржээ. Өнөө жил гашуун арвай, улаан үзэм, долоогоно, маалинга, сараана цэцэг, хар, шар, цагаан, ногоон дөрвөн төрлийн буурцаг, алаг буурцаг, амтат гуа, өргөст хэмхний үр гээд нэр төрлийг олшруулан тариалжээ. Монгол хөрсөнд ургасан ургамал үр тариа улам бүр олширч, Монголд тариалж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо нэмэхэд тэд ийн зүтгэж явна. Цаашдаа Монгол хөрсөнд ургаж болох бүгдийг ургуулна гэж тэд хэлдэг юм. 

Залуу бүсгүйчүүд өөрсдийнхөө эмийн санг гал тогоо болгож солиод одоо бусдад туслах их аяндаа морджээ. Тиймдээ ч Хүнсээр анагаах соёлыг Монгол Улсад түгээнэ гэсэн эрхэм уриатай. Тэд бизнес хийх мөрөөдлөө газар ухаж, архи үйлдвэрлэж биш харин бусдыг эдгээж, урт наслуулах ухааныг өгч хийж байгаадаа хязгааргүй баяртай байдаг. Э.Хулан “Эрүүл мэндийг нэгэн гол гэж зүйрлэвэл өвчин тусна гэдэг нь гол бохирдлоо гэсэн үг. Өвчнийг эмээр эмчилнэ гэдэг голын доод урсгалд шүүр тавьж бохирдлыг нь авч байгаа бол хоолоор эмчлэх нь голын эхээс нь бохирдлын шалтгааныг хумиж байна гэсэн үг” хэмээн тайлбарласан нь нэгийг бодогдуулахаар. Залуу бүсгүйчүүд хүн хэмээх голыг цэвэрлэж эрүүлжүүлэх энэ бизнесээ улам бүр өргөтгөж зөвхөн Монгол ч биш дэлхийд гарах мөрөөдөлтэй. Бүр мөрөөдлөө биелүүлэх алхмаа ч хэдийнэ хийчихсэн яваа. Ихийг хийхийн тулд сурч боловсрох хэрэгтэй гэдгийг сайн ойлгодог бөгөөд одоо Э.Хулан АНУ-ын Вашингтоны их сургуульд суралцаж байгаа. Ээлжлэн суралцаж, нэгийгээ эзгүйд нөгөө нь бизнесээ өргөтгөнө. Энд байгаа нь ч онлайнаар үнэтэй сайн сургалтуудыг авсаар. Залуу бүсгүйчүүд халуун орны хүмүүсийн өртөмхий байдаг өвчлөлийг сэрүүний орны хүнсээр эдгээх том ажилдаа хэдийнэ оржээ. Тэд том амбицтай. Тэдний энэ амбиц нь монголчуудыг байтугай дэлхийн хүмүүсийг хоол хүнсээр нь эдгээх. Тэр соёлыг түгээх. Шинэ цагийн бизнес ингэж л явдаг ажээ. Тэдэнд талархая.


Аму үр тариа хоол заслын мэргэжлийн төвийн салбарууд

1.    Салбар 1:
Чингэлтэй Дүүрэг, 3-р хороо, II-50 мянгат, Мандухай зочид буудлын урд 12-р байр 4-р орц.  Утас: 95539223, 11324931
2.    Салбар 2: БЗД, 26-р хороо, Саруул хотхон, 115-р байр, 2-р орц.  Утас: 95532811
3.    Салбар 3: Баянгол Дүүрэг, 1-р хороо, Этүгэн зочид буудлын баруун талд Аму үр тариа хоол заслын мэргэжлийн төв.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn