Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Валютын сангийн хөтөлбөр санхүүгийн сахилга батад суралцуулна
2017 оны 4 сарын 10 [Уншсан тоо: 11081]


УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол ид явж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон учраас тодорхой шаардлагад нийцүүлэн төсвийн тодотголыг батлах учиртай. Нэгэнт цөөнхгүй шахам УИХ учраас дотроо хэд хуваагдаад үзэлцэж байгаа нь харагдаж байна аа. Тэр нь ч зөв л байх. Татвар нэмнэ, эдийн засгийн сахилга батад шилжинэ гэхээр дуртай хүн хэн ч байхгүй. Нийт масс төдийлөн тааламжтай биш байгаа тэгэхээр тэдэнд таалагдахын тулд хувь улстөрчийн нэр хүндээ өсгөөд авах боломж энэ мөн үү гэвэл мөн. Нөгөө талаас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчих юм бол гурван сар тутам аудит орж байна, нөгөө улс төрөөр дамжуулж мөнгө хийх боломж ч шууд хаагдана. Улсаа дампууруулаад ч хамаагүй сүүлийн мөнгө хийх боломжийг ашиглахыг хүсдэг улстөрчид, эрх мэдэлтнүүдэд түвэг болно. Тиймээс дэмжихгүй байхыг хэн ч хүснэ. Би ч гэсэн элдэв нэмэлт татвар хураамж өгч, санхүүгийн хяналт дарамтад ормооргүй. Гэхдээ орохгүй бол бүүр ч  хэцүүдэх учраас бүсээ чангалах ёстой гэдгийг ойлгоод байгаа юм. Хамрагдахаас аргагүй байгаа гэдгийг Сангийн яамны зүгээс олон нийтэд бүр илүү тайлбарлаад өгчихмөөр санагдаад байгааг нуух юун. Мэдэхгүй зүйлийнхээ эсрэг л хүн явах гээд байдаг хойно. Нэг намаас даамай бүрдсэн парламент байна аа даа, бүлгийнхэндээ учраа хэлж, тайлбараа сайн өгч ойлголцож болдоггүй юм байх даа гэж гайхширмаар. Энэ ч яахав. Ер нь яагаад бид ОУВС-гийн санал болгож буй өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдах ёстой юм бэ.  Тэдний зүгээс “Та нарыг энд урьж байна. Заавал хамрагдаарай” гээд байгаа зүйл байхгүй. Харин бид “Энд чинь л багтахгүй бол дампуурах гээд байна” гээд гуйчихсан байгаа. Тиймээс эхний ээлжинд үнэд орж, томроод байх зүйл байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Монгол гэдэг улсын төсөв нь эвдэрч, сангийн шуудай нь цоорсон гэдгийг ОУВС олж, илрүүлээд чухам юун дээр алдаа нь байгааг нь хэлж байгаа. Тиймээс бид тэр энийг нь гэхгүйгээрээ хүлээж авахгүй бол энэ хөтөлбөрт хамрагдах хөг өнгөрнө. Харьцангуй нөхцлүүдээ хөнгөрүүлчихээд байгаа нь энэ гэсэн. Гэвч улсынхаа дампуурлыг зарлах дээрээ тулчихсан байсан манайд эдийн засаг сэргэчихээд байгаа юм шиг санагдаад байна уу, ОУВС-гийн хөтөлбөртэй хөтөлбөргүй болчихмоор юм шиг бодогдож байна гэж үү. Үнэхээр Цагаан сарын өмнөх үеэс нөхцөл байдал өөр болсон. Гэхдээ тэр нь ОУВС хөтөлбөрөө Монгол Улсад хэрэгжүүлэх болсон мэдээлэл гарсны дараа ирж байгаа эерэг үзүүлэлт. Хуралдай бондын үнэ өсч, гадны зээл тусламжуудын чимээ сонстох болсон нь шууд үүнтэй холбоотой. Авлигын индекс өндөр, улстөрчид нь өчүүхэн ашиг сонирхлоор асуудалд ханддаг ч гэсэн цаана нь ОУВС байгаа гэсэн итгэл тэрхүү бүх хандлагыг өөрчилж байгаа юм. Тэр чигээрээ том стандарт, том итгэл найдвар байгаа учраас тэр. Тохилог тав тухтай ч энгийн нэгэн зочид буудлыг сонгохоосоо илүү гадны нэртэй сүлжээ буудлуудад жуулчид буудалладагтай адил. Зүүн дөрвөн замын Хаан палас буудлын зогсоолын хэмжээ, байрны өндөр нь нэмэгдээгүй мөртлөө Кемпински буудал болсноор гадны өндөр дээд түвшний зочдыг авдаг болсонтой л адил юм. Яагаад гэвэл брэндийн нэр хүнд, стандарт байгаа гэдэгт зочид итгэж байгаа учраас. Найман нэрийн дэлгүүрээс тахианы мах авахдаа ус шахчихсан байх вий гэж айдаг мөртлөө нэртэй сүлжээ хүнсний дэлгүүрүүдэд итгэж үйлчлүүлдэгтэй ижил. Түүнтэй адил ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл гадныхны оруулах гэж байгаа хөрөнгө оруулалтууд жагсч байгаа. Монголчуудад, Монголын улстөрчдөд итгэдэггүй ч ОУВС байгаа гэдэгт итгэж байгаа хөрөнгө оруулагчид зөндөө байна. ОУВС-гийн шаардлагад бид ойр зуураа харж багагүй эгдүүцээд байна л даа. Өдөр тутмын ажилдаа ядарч суугаа бид нарт гавьяаны чөлөөндөө гарах хугацааг сунгаад байгаа нь таалагдахгүй байгаа. Залуучуудад түрэгдээд гэртээ суух болсондоо гунихарч суугаа ээж, аавуудаа харахаар цаг нь ирэхээр бид өөрсдөө яах бол гэж бодогдмоор. Гадныхтай харьцуулахад энэ салбарт маань алдаа байгаа учраас  тэтгэврийн насыг нэмж, олон улсын жишигт ойртуул гэсэн биз ээ. Олон улсын жишигт хөдөлмөрийн насны 5 хүнд нэг тэтгэврийн насны хүн ногддог бол хөдөлмөр эрхлэлт багатай манайд 2.5 хүнд нэг тэтгэврийн хүн ногдож байх жишээтэй.Энэ мэт бүх асуудлуудыг валютын сангийнхан ухаж төнхөөд гаргаж ирээд зас гэж байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр жилийн 2 хувиас хэтрэхгүй хүүтэй 5.5 тэрбум ам.долларын зээл орж ирнэ. Эх үүсвэр нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, БНСУ зэрэг олон эх үүсвэрээс босно. Сая Япон руу хийсэн айлчлалын дараа яригдаад байгаа 850 сая ам.долларын зээлийн асуудал ч үүнтэй  холбоотой. ОУВС хянаж тэдний хөтөлбөрөөр явна гэдгээр эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарч эхэлж байгаа болохоос сайндаа сайжраад байгаа зүйл биш. Ноолуурын үнэ кг нь зуун мянга хүртэл хүрлээ. Өнгөрсөн жилийн өдийд хог дээр үсэрчихсэн байсан түүхий эд, арьс ширний үнэ нэмэгдэж байна. Бас л энэ бүхэнтэй холбоотой. Хэдэн жилийн өмнө монголчууд бүгд л завгүй, ямар нэг байдлаар нүүрсний гэрээ бариад, урагшаа том оврын машинууд чөлөөгүй цувдаг байсан тэр үе дахиад ирэх гэж байна. Яах ийхээ бусдаар заалгаад явах нь харамсалтай ч гэсэн бидэнд өөр гарц алга гэдэг нь үнэн юм. Шаталсан татварыг ухаарч, төр байгаа цагт татвар байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгээд ч бид энэ санд элссэн цагаасаа хойш хоёр ч төрлийн хөтөлбөрийг таван ч удаа авч хэрэгжүүлж мухардлаас гарч байсан удаатай. Сүүлд гэхэд 2009 онд “Stаnd-By” хөтөлбөрт хамрагдаж хугацаанаасаа өмнө дуусгаж байсан. Харьцангуй удаан үргэлжилдэг “Extended fund facility” нь бидэнд санхүүгийн сахилга батыг авчирч, төсвөөс төрөөс хулуулаад байх боломжгүй гэдэг ойлголтыг суулгах юм. Харин улстөрчид үүний эсрэг байгаад байвал өмнөхийн адил дураараа дургиж, өөрөө л болж байвал улс орон дампуурах хамаагүй гэж бодоод байна уу даа гэж хардаж болохоор. Валютын сангийн хөтөлбөр бидэнд ч, бас улстөрчдөд ч санхүүгийн сахилга батыг суулгана.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив