Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
АН-д шинэчлэлийн эрчим ороосой
2017 оны 1 сарын 14 [Уншсан тоо: 35014]

Өнгөрсөн сонгуулиар эрх баригч хүчнээс арай чүү бүлэг байгуулах хэмжээний сөрөг хүчин болтлоо унасан Ардчилсан нам түүхэн тод  сонголтынхоо өмнө ирээд байна. АН-ын даргыг сонгох сунгаа ид үргэлжилж байна. Энэхүү сунгаа нь Монголын улс төрийн тавцанд АН-ын хувь заяаг сунгах эсэхийг шийдэх үйл явц юм. Ардчилалд итгэдэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, чөлөөт зах зээлийг зөв гэж үздэг олон хүн энэ намд итгэдэг. Өнгөрсөн дөрвөн жилд хэлж ярьдаг бүгдийнхээ эсрэг байж, итгэл дээр нь дэвслэн бүжиглэсэн ч гэсэн хараахан найдлага тасралгүй дэмжсээр байгаа хэсэг нийгэмд бий. Тэр дундаа энэ намд итгэж, өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд үзэл бодолдоо үнэнч байсныхаа төлөө гудамжинд лааз өшиглөж явсан хүмүүс олон. Намын толгойд суусан цөөхөн хэдэн хүнийг эрх мэдэлдээ ташуурч явахад тэд л өмнөөс нь улайж, бүдэрч унахад өмнөөс нь өмөлзөж явсан. Одоо тэр хүмүүс итгэж найдаж ирсэн намыг нь ирэх он жилүүдэд удирдах хүнийг сонгох гэж байна. Итгэл үнэмшлийг нь, үнэт зүйлийг нь, амьдралыг шийдэх сонголт ч гэж болох юм. Тэгэхээр АН-ын гишүүд ихээхэн бодож тунгааж сонголтоо хийх биз ээ.

АН-ын гишүүд ч гэлтгүй ардчилалд итгэдэг хүмүүс намын даргын сунгааны үйл явцыг анхааран харж байгаа. Нэр дэвшигчдийг харахад АН шинэчлэгдэх тун дургуй нам юм аа даа гэдэг нь дахин батлагдлаа. Аль 27 жилийн өмнө улс төрд явж байсан нөхөд энэ намаас, эрх мэдлээсээ салах дургүй байна. Заримдаа ардчилсан гэгдэх энэ нам нөгөө “коммунист” хэмээн ялладаг МАН-аасаа дор байдаг нь ч үнэн. Учир нь АН-д шинэ салхи, шинэ үе үнэхээр үгүйлэгдэж байна.

Харин ч хамгийн хуучинсаг, дотоод ардчилалгүй гэж байнга өөлүүлдэг МАН гэхэд нам дахь шинэчлэлээ үе, үеэрээ тодорхой хийж байгаа. Шинэ үеийг, залуучуудаа дэмжиж, үүнийгээ бодлого болгон авч явж байгаа нь харагддаг. С.Баяр Ерөнхий сайд байхдаа намын даргын суудлаа Сү.Батболдод шилжүүлэхэд тавиад оныхон жараад оныхонд эрх мэдлээ шилжүүллээ гэж шуугиж байлаа. Эргээд Сү.Батболдоос таван насаар ах Ө.Энхтүвшинг намын дарга болоход “буцааж шидсэн ухралт боллоо” хэмээн дургүйцэж байсан. Түүний дараа жараад оны М.Энхболд намын удирдлагыг гартаа авч, өнгөрсөн сонгуулийн дараа далаад оны Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдын суудлыг өгсөн. Засгийн газрын кабинетэд ч идэр залуу сайдууд олон.

Алдаа дутагдалтай ч гэлээ МАН-д үе солигдож, шинэ үеэ урдаа гаргаад явж байна. УИХ-д л гэхэд дал, наяад оныхон нөгөө 65-ынхаа бараг талд нь хүрчихсэн гээд бод доо. Дөчин настнууд дотор нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хоёр, гурван хугацаанд сууж байгаа нь ч бий. МАН тэгж шинэ үеэ бэлтгэж байна. Кранаатр татаад, лифтэнд суулгаад ч хамаагүй. Бэлдсэн шигээ эрх мэдэл, итгэл хариуцлагыг ч өгч чадах юм. Өнгөрсөн сонгуулиар Хэнтийн 42 дугаар тойрогт 30 нас хүрээгүй залууг нэр дэвшүүлж, тэр нь аймгийн Засаг даргаа ялаад гараад ирж байх жишээтэй. Үе үеэрээ урагшилна гэдгийг МАН-ынхан сүүлийн жилүүдэд маш тод томруун хийж байна.

Харин АН-ын ах нар гэж урагшилъя урагшаа явдаггүй, хойш нь тавья ховхорч ч өгдөггүй. Зайгаа тавьж өгдөггүй юм гэхэд зайчлаад залуу үеэ оруулахыг ч хүсэхгүй явж ирлээ. Үе үеэрээ урагшилна гэдэг нь хойч үе нь өмнөхөө үгүйсгээд, шинэ нь хуучнаа шахаж гаргаад байгаа хэрэг биш л дээ. МАН бол залуу, дунд, ахмад үеийнхээ залгамж холбоог маш нарийн аваад явчихаж байна. Б.Даш-Ёндон, Л.Энэбишээс хойш хэдэн үе солигдов. Харин АН-ын лидерүүд 1990 оны ардчилсан хувьсгалын өнгөн дээр гарч ирсэн нөгөө хэд нь бахь байдгаараа. АН-ын ахмад үе болж байгаагаа ч мэдэхгүй үргэлжийн мөнхөд “Ардчиллын залуус” байх юм шигээр өөрсдийгөө бодоод яваа учраас л өнөөдрийн энэ хямрал нь үүсээд байх шиг юм. Гэтэл арынх нь үе гарч ирээд санчиганд нь хяруу суугаад эхэлчихсэн, ерэн онд тэдний туулсан насыг туулаад өнгөрчихсөн байна.



Ингээд харахаар “МАН бол институц юм, харин АН бол хөдөлгөөн юм” гэдэг яриа худлаа ч биш шиг. Гудамжинд гарахаараа жагсаал хийж, эрх барихаараа нам дотроо сэлэм эргүүлж, араас нь цухуйсан, өндийсөн болгоныг дарах гэсээр яваад хайран нам мөхөх нь. АН-д шинэ үе хэрэгтэй, залуу үеэ дэмжиж, тэдэнд итгэл, эрх мэдлийг өгч байж АН-ын цаг тоолол үргэлжилнэ гэдгийг судлаач шүүмжлэгчид, сэтгүүлч нийтлэлчид зөндөө л хэлж, бичиж байлаа. Гэвч өөрийгөө гэсэн өчүүхэн эрх ашгаа давах хүн энэ намын удирдлагад байгаагүй ажээ. АН-ын даргын асуудал дандаа хэрээс хэтэрсэн хэрүүл, намынхаа нэрийг шороонд хутгасан хэл ам, тэмцэлтэй явж ирсэн. Зарим нь тамгаа аваад зугтаж, зарим нь эргэж уулзахгүй нүүр шиг нэгнийгээ хэн ч биш болгож, араас нь Түгжилдэж байгаад даргын суудлыг авдаг байлаа. Сунгаа нэртэй зодоон нь цуварч явж нэгийгээ гутаадаг байсан бол одоо тавуулаа зэрэгцэж байгаад нэг нэгийгээ чичилж байх шиг. Гэхдээ яах вэ. Энэ бол АН-ын онцлог, ардчилалтай байгаагийн үнэр юм.

Харин хэвлэлээр бичигдээд байгаа шиг мөнгөөр асуудлыг шийдэлгүй, хайрцагласан газраа гишүүний бүртгэлийг хааж, нээж тоглодог шударга бус зүйлийнх нь нөлөө л бага ороосой. Яагаад гэвэл хүссэн ч, эс хүссэн ч АН ирэх жилүүдэд Монгол төрийн бүрэлдэхүүн хэсэг болж явах учраас даргаа сонгох сунгаа нь ядахдаа шударга яваасай гэж хүснэ. Нөгөө талаас сунгаагаар тодорсон АН-ын дарга нь намдаа шинэчлэлийг авчирч, шинэ үеийн салхийг сэвэлзүүлээсэй гэж эрхгүй бодно. Дэлхий даяараа залуу удирдагчдыг хүлээн зөвшөөрч, хүсэмжилж байна шүү дээ.

“Экономист” сэтгүүлийн гаргасан судалгаа 1950-иад оноос хойш дэлхийг тэргүүлж байгаа өндөр хөгжилтэй дөрвөн орны хувьд ард иргэд нь шинэ залуу үеийнхэнд илүү итгэх болсныг харуулжээ. Ялангуяа 2010 гарснаас хойш энэ энэ үйл явж маш тодоор илэрч байгаа аж. Энэ бол хүн төрөлхтний үзэл санааны чиг хандлага ч байж болох юм.

Дэлхий ингэж өөрчлөгдөж байхад Монгол ямар байна, тэр дундаа АН яасан бэ? гэтэл АН-ын даргын сунгаанд явж байгаа таван хүний ердөө хоёр нь залуучуудын төлөөлөл буюу идэр насныхан. Гэхдээ Ж.Батзанданг АН-ынх гэж харахаасаа иргэний хөдөлгөөнийх гэж ойлгодог учраас Лу.Гантөмөр л АН-ын залуу үеийг төлөөлж байна. Залуучуудад зүүний сүвэгчийн төдий боломж өгөх дургүй ах нарынхаа хажуугаар мөнчгөрөөрөө зүтгэж байж улс төрд орон зайгаа олж авсан АН-ын цөөхөн залуусын нэг. Магадгүй энэ л АН-ын шинэчлэгдэх боломж, 27 жил салхи ороогүй энэ намд салхи оруулж, Монголын залуу үе АН-д итгэх, үе үеэрээ нягтарч уламжлал, шинэчлэлийг зүй зохистой авч явах боломж байж мэдэх юм.

АН-д, Монголын ардчилалд итгэдэг олон хүн бий. Намын шошго духан дээрээ нааж яваа, намд элсээгүй ч итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ ойр явдаг нь бүр ч олон. Тэр хүмүүсийн итгэл найдвар энэ удаагийн АН-ын гишүүдийн хийх сонголтоос ихээхэн шалтгаална. Бас энэ сонголт АН-ын цаашдын ирээдүйг зурж, Монголын улс төрийн зураглалыг тодорхой болгоно. Тиймээс одоо АН-д сэвэлзэж буй шинэчлэлийн салхи үйл хэрэг болж, АН-ын шинэ залуу үе намаа “гудамжны хөдөлгөөнөөс улс төрийн институц” болон дэвшихэд хүчин зүтгээсэй гэж хүлээж сууя даа.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив