Сумын сургуулийн дусаалын асуудал чуулганы танхимаас багийн хуралд шилжсэн нь
2016 оны 12 сарын 16 [Уншсан тоо: 16261]

-Орон нутгийн хөгжлийн сан иргэдэд эрхийг нь атгуулж чадсан-

УИХ-ын чуулганы танхимаас алс хол 1000-2000 км-ын цаана байгаа сумын төвийн сургуулийн дээврийн асуудлыг шийднэ гэдэг бидний хэнд маань ч хол санагддаг байлаа. Ёстой одоогийн залуусын хэлдгээр “Тэгээд мэдлээ юу” гэмээр. Гэхдээ тийм л ахуйг бид туулж ирсэн. Төсөв ид хэлэлцэж байх үед гишүүд нэг нэгтэйгээ наймаа хийлцэх нь холгүй, манай аймагт тийм асуудал байгаа тэрэн дээрээ дэмжээд өгвөл би танай тэрэн дээр дуугараад өгье гэлцэнэ. Үнэндээ хууль тогтоох гэж төлөөлөн сонгогдсон тэдний хэлцэж хэлээд байгаа асуудлууд жижиг ч гэмээр юм шиг гэхдээ тэгж ярьж хэдэн цаас шийдүүлж авахгүй бол дусаал гоожсон сургуульд хэн зутарч суух вэ дээ. Гэхдээ энэ бол эртний түүх биш. Саяхныг болтол асуудал ингэж явдаг байлаа. Үнэндээ тойргоос сонгогдсон гишүүд маань асуудлыг тэгтэл сайн мэддэг байсан ч юм уу, бодвол аймаг сумын даргын захиж хэлснээр л дуугардаг байсан байх л даа. Гэхдээ ямар ч гишүүн, дарга ч яг нэгж хэсэг дээр амьдрал ямар байгааг мэдэхэд холдчихсон л байдаг нь үнэн.

1998-2002 онд улсын төсвийн 40 хувийг орон нутагт зарцуулдаг байлаа. Харин 2002 оноос Төсвийн тухай хуулийн дагуу улсын нийт төсвийн ердөө наймхан хувийг орон нутгийн төсөв эзэлдэг болсон байв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүн нийт төсвийн 92 хувийг захиран зарцуулах эрхтэй байсан юм. Тэгэхээр үнэхээр мэдэж зарцуулж чадах эсэх, орон нутгийн амьдралд хэрэг болох зүйлд нь зарцуулах хөрөнгийг шийдэж чаддаг эсэх нь эргэлзээтэй байлаа. Хэрэв байгаа олоогүй төсөв шийдэгдлээ гэхэд амин чухал асуудал дахиад жилийн дараагаас нааш яригдах боломжгүй байв.

Иргэд өөрсдийн оршин суугаа газраа тав тухтай амьдрах, өөрсдийнхөө эргэн тойрны шийдэх ёстой асуудлуудад тэдний оролцоо байх хэрэгтэй талаар ярьж эхэлтэл энэ байдал хэвээр үргэлжилсээр байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвлөрлийг сааруулж, сум орон нутгийг иргэдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх, орон нутагт иргэдийн хяналттай эрх мэдлийг өгөх зорилготой шууд ардчиллын талаар ярьж эхэлж байсан нь саяхных мэт санагдах ч олон ажил хийгджээ. Сум орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн газар нутгаа иргэдийнх нь оролцоотой хөгжүүлж байж л Алтан тэвшийн хөндий рүү буюу Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг зогсоох боломжтой гэж байлаа. Хэдийгээр хэзээ орон нутагт мөнгө өгдөг болж, хэзээ асуудлаа шийдэж, тэр дундаа иргэдийн оролцоотой шийддэг болох бол доо гэж холын асуудал мэт бодогдож байсан ч ажил хэрэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Үүнийг шийдэхэд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бодит алхам болж чадсан юм. Энэ хуулиар орон нутгийнхан гар дээрээ өөрсдийн гэсэн зарцуулах хөрөнгөтэй болж чадсан. Урьдын дээрээс гар тосон суудаг байсан нөхөд, эсвэл хэмнэж хэмнэж зарлагаасаа давсан орлоготой үлдлээ гэхэд буцаагаад татагдчихдаг байсан урам муутай цаг ард хоцорсон. Үүнийг дагаад идэвхгүй, зүтгэлгүй байсан орон нутгийн удирдлагууд ч хариуцлагатай, идэвх санаачилгатай, бүтээх их хүсэл тэмүүлэлтэй болж ирсэн байдаг.

Сумын сургуулийн цонхны шилийг солих 50 мянган төгрөгийг шийдэх гэж Улаанбаатарт байгаа Сангийн яамнаас шийдвэр хүлээнэ гэдэг дэндүү мугуйд тогтолцоотой байжээ, бид. Тэрнийг шийдүүлэхээр хүлээх нь цаг хугацаа, хүлээж байгаа хохирол, шидэлцсэн цаасаараа бол илүү зарлага дагуулдаг байв. Мэдээж, өөрөөсөө мөнгө гаргаад шиллэх хэн байхав. Төрөө л харна. Бүх зүйл уруу дорой, өнгө зүсгүй харагдахад шалтаг энэ мэтээс эхлээд мундахгүй байлаа.  Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санг Төсвийн тухай хуулийн 59.1-д заасны дагуу импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувь, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив болон орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг тухайн шатны төсөвт үлдээж бүрдүүлэхээр заасан юм. Ингэснээр сум, хороодод төвөөс алслагдсан байдал, иргэдийн тоо, газар нутгийн хэмжээгээрээ гэж хуваагдсаар 400 саяас эхлэн 100 орчим сая төгрөгийг өгч байв. Гэхдээ энэ хөрөнгийг дарга мэдэж хуваарилаагүй юм. Жинхэнэ иргэдийн хяналт дор иргэдийн саналаар эрэмбэлэгдэж гарч ирсэн зүйлсэд зарцуулсан. Тухайлбал, дүүргийн иргэдээс хороо хороогоор нь саналыг нь авахад хашаандаа жорлон ухуулмаар байна, автобусны буудлаа гэртээ ойртуулмаар байна бүр гэр аваад өг, эвсэл өрхийн тоогоор мөнгөө хуваачих гэсэн саналууд хүртэл гарч байсан гэдэг. Гэхдээ энэ бол цөөхөн тоо. Харин дийлэнх иргэд юу хүсч байна, тэр саналын дагуу бүх асуудлууд шийдэгджээ. Зарим тохиолдолд дарга удирдлагуудын анзаарч мэдээгүй асуудлууд ч жинхэнэ энэ үеэр тодорч байлаа. Ховдод аймгийн төвийн Бичигтийн багийн иргэдээс гарсан санал ажил хэрэг болсон нэг хөөрхөн жишээ бий. Дээр үед оросууд гараад явах үедээ СОТ-ын ажилчдын хүүхдүүдийн цэцэрлэгийн байрыг хувь хүмүүст зараад явжээ. Жинхэнэ цэцэрлэгийн зориулалттай баригдсан энэ байр агуулахаар ашиглагдаад удаж. Харин эзэд нь агуулахаар ашигладаг энэ байраа зарахаар зар өгсөн байснаар иргэдэд сэдэл төрсөн байгаа юм. Шинээр цэцэрлэгийн байр барихад тэрбум төгрөг хэрэг болно. Харин хуучны цэцэрлэгийн байрыг худалдаж авбал 150 сая төгрөг. Ингэж иргэдээс гарсан анхны санаачилга хэрэгжиж, 2-4 км-ийн зайд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгдөг байсан явдал өөрчлөгдөж, өдгөө тэр хавийн хүүхдүүд дэргэдээ байх цэцэрлэгт гүйгээд орчихдог болжээ. “Хэрэв иргэдээс ийм санал гараагүй байсан бол аймгаас хийх ажлын төлөвлөгөөнд тэр ажил багтаагүй л байсан байхгүй юу. Иргэдийн оролцоо байна гэдэг тийм л чухал” хэмээн тухайн үеийн аймгийн удирдлагууд онцлон ярьж байсныг санаж байна. Иргэдийнхээ энэ санаачилгыг аймгийн зүгээс тун сайшаан хүлээн авч, засвар хийх хөрөнгийг аймгаас шийдэх болж төсөвт суулгуулж, дараа жилийнхээ төсөвт багтааж чадсанаар агуулах байсан 13 дугаар цэцэрлэг хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байх болжээ.

Бас нэг жишээг дурдая. Ховд хотын баруун урд хэсэгт байх гэр хорооллын айлууд үерийн далан засахад хөрөнгөө зарцуулах хүсэлтэй байгаагаа багийнхаа хурлаар дамжуулж мэдэгджээ. Уг нь бол жилдээ нэгээс хоёр удаа үер бууна гэж үзвэл бас ч тийм амин чухал шийдчих асуудал биш баймаар. Тэгээд ч далан засахад хэрэгцээтэй хөрөнгө ганц багт зарцуулахад ахадсан мөнгө болчихоод байдаг.Тухайн үед иргэдтэйгээ хамт ярилцаж суугаад хэдийгээр байнга болоод байдаггүй ч үерийн аюул ирвэл эд хөрөнгөөрөө хохирох цаашлаад хүний амины асуудал ноцтой хохиролтой гэж нийтээр ярилцаад далан засахад хөрөнгө гаргахаар болжээ. Бас л 100 сая хол давсан төгрөг зарцуулагдсан байгаа юм. Өнгөрсөн зун Баян-Өлгийд үер болж, олон айл амьтан амь нас эд хөрөнгөөрөө хохирсон хэрэг гарсан. Магадгүй Ховдын тэр хэсэг айлууд тэгж санаачилга гаргаагүй байсан бол нэг зуны уулын үер юу ч дагуулах байсан юм. Баян-Өлгийд үерийн аюулыг урьдчилан тооцоолж чадсан байсан бол тийм эрсдэл хүлээгээ ч үү, үгүй ч үү. Тиймээс иргэдийн оролцоо, олон хүний санал бодол ямар чухал байдгийг жижиг гэлтгүй энэ жишээ нотлох биз ээ. Тэгээд ч өөрсдөө оролцоод хийчихсэн улсууд дараа нь хэн нэгнийг хардаж, шүүмжлээд байдаггүй. Өөрөө оролцчихсон хүн чинь өөр шүү дээ.

Өмнө нь манайд яадаг байлаа даа. УИХ-ын гишүүнийг тойргоороо очиход олон хүн цугладагаар нь театрт уулзалт болно. Тойргийн иргэдийг нь төлөөлж байгаа гээд тэнд очсон хэдэн хүн санал хүсэлтээ хэлнэ, тэрийг нь тойргийн бүх иргэдийн хүсэл, шаардлага гэж ойлгодог жишиг байлаа. Тэгээд хөдөө орон нутагт хэрэгцээтэй байгаа хамгийн гол зүйл “Ямаха” хөгжим гэж ойлгоод баахан хөгжим тараасан хэрэг болж байсан бидний түүх саяхных шүү дээ. Ядаж байхад шат шатандаа өнөөхийн мөнгөнөөс авсаар байгаад жинхэнэ “Ямаха” ч биш чанар муутай хөгжим шахсаны хэд нь өнөөдөр хөдөөгийн театруудад ашиглагдаж байгаа бол. Жинхэнэ иргэдийн олонхийн хүсэл зорилгоор шийдэгдсэн асуудлууд өөр байдаг. Угаасаа эрэмбэлэгдээд гараад ирчихдэг учраас тэр энэ гээд ч байхгүй амар.

Нөгөө талаас Орон нутагт санхүүгийн эрх мэдэл ирж, иргэдийн хяналт нэмэгдсэнээр багийн хурлын тухай ойлголт эрс өөрчлөгдсөн байдаг юм. Оролцоогоо нэмэгдүүлж чадсан иргэдийн тухай, багийн хурлын талаар болон Орон нутгийн хөгжлийн сангийн тухай үргэлжлүүлэн хүргэх болно.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив