Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Иргэний танхим иргэдэд юуг авчирсан бэ?
2016 оны 11 сарын 23 [Уншсан тоо: 22673]

Төрийн ордонд Маршал Чойбалсанаас хойш төрийн бүх тэргүүнүүдийн сууж байсан нэг өрөө байсан нь одоо Иргэний танхим болсон. Гурван давхрын булангийн тэр өрөө хуучин хамгаалалтын албанынхны хамгаалалттай газар байсан бол одоо энгийн өрөөнүүдийн нэг болоод удав. Өмнө нь Төрийн ордонд иргэдийг хүлээн авдаг хоёр жижигхэн өрөө байсан нь тэнд ажилладаг хэн нэгэнтэй уулзахаар ирсэн хүмүүсийг хүлээлгэдэг өрөө байснаас бус иргэн бодол саналаа хэлэхэд зориулагдсан өрөө гэж байсангүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөсөн өдрөө төрийн тэргүүнүүдийн өрөөг ийм нэгэн зориулалттай өрөө болгох санаачилга гаргасан нь 2009 оны арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Иргэний танхимд хүмүүс цугларч, УИХ-аар хэлэлцэгдэх хуулиуд дээр саналаа хэлдэг болсон нь тухайн үедээ шинэ содон санагдаж байлаа. Харин одоо энэ тийм ч гайхмаар асуудал биш. Үнэндээ хууль санаачлах эрх бүхий гурван субьектээс гадна яригдаж буй хууль дээр саналаа хэлж, бодол санаагаа тусгуулах гэсэн судлаач, мэргэжилтнүүдээс гадна энгийн иргэд хүртэл тэнд цуглардаг болсон нь гайхмаар явдал биш энгийн нэгэн хэрэг болжээ. Өмнө нь хууль батлагдах гэж байхад хэн нэгэн иргэн саналаа хэлнэ гэхэд жаахан хол л санагддаг байлаа. Тойргоосоо гарсан гишүүндээ хэлэх боломж бий. Гэхдээ олж уулзаж чадаа ч уу, уулзсан ч үгийг нь авч тусгуулаа ч үү, хэн мэдэх билээ. Харин өөрөө биеэрээ очоод саналаа хэлээд, хатуухан үгээ чулуудаад авсан хүнд арай өөр байдаг. Төрийн ордон дахь Иргэний танхимд зөвхөн хэлэлцэж батлагдах хуулиуд ч биш, ер нь хуулийн ямар заалтыг хэрхэн яаж өөрчилбөл зүйтэй талаар хэтийн асуудлуудыг ч хамтдаа ярилцдаг. Сэтгүүлчдийг Эрүүгийн хэрэгт яллаж буруутгадаг нь ямар асуудал дагуулдаг, яагаад Иргэний биш Эрүүгийн хуулиар яллаад байдаг талаар бодол саналаа тэнд болсон нэг хурлын үеэр сэтгүүлчдээ төлөөлөн ярьж байснаа санаж байна. Шүүгчид, хуулийнхан ирцгээсэн, харин сэтгүүлчид бид хэвлэлээр энгийн иргэдийг биш эрх мэдэлтэй, албан тушаалтай, энэ бүхнээ ашиглаж болох хүмүүсийг шүүмжилж урьдчилан сэргийлж бичдэг. Сэтгүүлчдийг Иргэний биш Эрүүгийн хэрэгт яллах нь эрх мэдэлтэй хүмүүст өөрсдийгөө хамгаалах зэвсэг нь болдог учраас өдийг хүртэл ингэж явж ирсэн, олон улсад тийм байхад манайд ийм байна гээд зөндөө ярьсан. Хэдийгээр ямар нэгэн шийдэлд хүрээгүй ч нэг талдаа нөгөө талынхан байр сууриа илэрхийлж чадсан арга хэмжээ болж байсныг санаж байна. Гэхдээ аливаа зүйлд хүрэхэд үсрээд гарчихдаг биш алхам алхмаар урагшилж чадвал илүү үр дүнтэй байдаг. Тэнд нүүр тулаад уулзсан хүний яриаг дараа нь нөгөө хүн шийдвэр гаргахдаа заавал бодож байдаг. Бас тэнд хэлээд байсан байр суурь асуудалд тусч чадаагүй бол олонхийн санал бодол өөр байжээ гэдгийг ойлгож болох учраас дараа нь гоншигноод байх хүсэл хэнд ч төрдөггүй.  Иргэний танхим аль, аль талын оролцоог ямар нэг байдлаар хангаж чаддаг төв нь болж байсан учраас өнгөрсөн он жилүүдэд бага гэлтгүй олон зүйл дээр асуудлыг шийдэхэд хялбар дөхөм болгож иржээ. Иргэний танхим зөвхөн Төрийн ордонд байгуулагдсан төдийгүй аймаг, дүүрэг болгонд, цаашлаад сум, хороо болгонд байгуулагдсан билээ. Үнэхээр иргэний танхим нь иргэд ирж үгээ хэлж, асуудлаа шийдүүлдэг газар байна уу, эсвэл Иргэний танхим байгуулна гэсэн давалгаагаар энд тэндгүй нэг цоожтой өрөөнүүд бий болсон уу. УИХ-д, аймаг, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа хэн ч болов иргэнийхээ үгийг сонсох ёстой, иргэдээ түшиж хөгжинө гээд л байдаг. Намууд ч тийм зорилт тавьдаг. Гэвч тэр хэлэлцэж байгаа асуудалд иргэд нь оролцож чаддаг болов уу. Хэд хэдэн хүнтэй уулзаж, очиж уулзаж байдалтай нь танилцлаа. Хөөрхөн жишээнүүд ч харлаа. Удахгүй энэ зогсч магадгүй гэсэн шүүмжлэлтэй ч нүүр туллаа.

Нийслэлийн дүүргүүдэд 2010 оноос эхлэн Иргэний танхимууд байгуулагджээ. Эхэндээ хүмүүс ямар учиртай танхим болох, тэнд очоод хэлсэн үгийг нь хэн авах ч юм мэдэхгүй байх үе байжээ. Ямартай ч хороо бүрт нэг өрөөг суллаж, нэг ажилтан гаргаж өгөөд бас ч төсөв мөнгө гаргаж өгсөн учраас урам зоригтой эхэлсэн байна. Хүмүүс ч дарга нартаа орж уурлаж байгаад гараад явдаг байсан асуудлыг хамтдаа шийдэх боломж байгааг хараад өөрсдөө ханддаг болсон байгаа юм. ХУД-ийн Иргэний танхим нэлээд сайн ажиллаж багагүй амжилтад хүрсэн гэгддэг. ХУД-ийн хувьд Биокомбинатын иргэдээс байнга ирдэг нэгэн гомдол байлаа. Дайрга, хайрганы том машинууд шөнө ч унтуулахгүй гэрэл анивчуулж, чимээ гаргаж, тоос босгож явдаг энэ байдлыг шийдэж өгөөчээ гэж дүүргийн удирдлагууддаа хүснэ. Зөвшөөрөлтэй бизнес хийж байгааг компаниудыг тас хорьж болохгүй. Харин үүнийг шийдэхийн тулд гурван талын уулзалтыг хийсэн байдаг. Өнөөх Иргэний танхимын санаачилгаар.  Үр дүнд нь тусдаа технологийн зам гэдгийг гаргаж өгч, нөгөө машинуудыг явуулж байхаар шийдэлд хүрчээ.

Бас иргэд өөрсдөө хүсэлтээ тавьсаар ирсэн асуудал бол Яармагийн эцсийн буудлын тэнд байх таксины замбараагүй байдлыг шийдэх асуудал байлаа. Эцсийн буудлаас цаашаа явах гэсэн зорчигчдыг 1000 төгрөгөөр зөөвөрлөдөг таксичдыг зохион байгуулалтад оруулах энэ асуудал тун амжилттай шийдэгдсэн гэдэг. Бүгд л нэгнээсээ амжиж хүнээ авах гэж уралдаж, мөргөлдөж бөөн асуудал болдог байсан энэ асуудлыг нэг мөр болгох гэж тэр хавийн иргэд, таксины жолооч нар хамтдаа хорооныхоо иргэний танхимд цугларчээ. Таксины жолооч нар ч үнэндээ тэр хорооны иргэд. Амьжиргааны хэдэн цаасаа олохын төлөө тэмцэл нь байнгын “мөргөлдөөн”-д хүргэж, тэр нь ч уур уцаар, хэрүүл тэмцэл дагуулна. Харин өөрсдөө хамтдаа сууж ярилцсанаар дүүргийн зүгээс тэдэнд машины зогсоол зохицуулж, нэг нэгээрээ хүнээ авч явах гарцыг шийдэж өгчээ. Өөрсдөө ярилцаад оролцоод шийдвэл амархан гэдгийг тэд биеэр мэдэрсэн байна.

Гэхдээ иргэний оролцоог нэмэгдүүлэх гээд хийгдэж эхэлсэн энэ ажлыг хүмүүс ойлгож, үр дүнг нь ойлгож эхэлж байгаа энэ үед бас үргэлжлээд явах нь эргэлзээтэй гэж үзэж байгаа хүмүүс ч таарч байсан юм. Иргэд цуглаж, хороондоо хэрэгжүүлэх ажлуудаа аль нь чухлыг эрэмбэлж, жагсаалт гаргаад ирэх ч төсөв мөнгөний зарцуулалт нь Сангийн яамнаас гарна. Яам хэрэгжүүлэх ажлуудын жагсаалтыг гаргаж ирэх тогтолцоотой өнөөгийн нөхцөлд иргэд хэдэнтээ хуралдаж, яриад ч хууль журам нь хүлээж авахгүй бол яах вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрсөн дээрээ хууль журмууд нь авцалдахгүй байдгийн жишээ энэ. Энэ мэт байдлууд даамжирвал иргэд оролцоод ч хэрэг нь гардаггүй, хоосон танхим хаалгаа барих асуудал гарч магадгүй санагдсан.

Үргэлжлэл бий...





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив