Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
С.Батболд: Би шүүмжлэл, хэл амнаас айхгүй ажиллана
2016 оны 11 сарын 2 [Уншсан тоо: 24612]

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа.

 

-Өнгөрсөн аравдугаар сард хотын өмнөх дарга Э.Бат-Үүл даргаас ярилцлага авахад нэг давхарт өрөө нь байсан санагдаж байна. Харин таных гуравдугаар давхарт юм байна. Энэ өрөө өмнөх хотын дарга нар суудаг байсан өрөө мөн үү. Таныг ажлаа авсны дараахь хамгийн эхний дуулиан өрөөндөө үнэтэй засвар хийсэн гэсэн шүүмжлэл байсан болохоор асууж байна л даа...

-Тийм ээ. Миний энэ өрөө бол Монгол Улсын нийслэлийн үе, үеийн Засаг дарга нар сууж байсан өрөө. Харин Э.Бат-Үүл дарга яагаад ч юм энэ өрөөнд суугаагүй юм билээ. Та хоёрын ярилцлага хийсэн нэг давхрын өрөө нь уулзалтын өрөө нь байсан байх. Өөрийнх нь албан өрөө хоёр, гуравдугаар давхар дамжсан өрөө байсан. Би ажлаа аваад уулзалтын өрөөнд хоёр сар шахам суусан л даа. Гэхдээ би үе, үеийн хотын дарга нарын ажиллаж байсан энэ өрөөнд, олон мундаг, буянтай буурлуудын нийслэлийг удирдаж байсан ерөөл шүншиг шингэсэн өрөөнөөс ажлаа хийх нь зөв гэж үзсэн. Хэвлэл, сошиалаар яваад байсан шиг сүртэй засвар хийсэн өрөө биш байгаа биз дээ. Өмнө нь өөр нэг алба хэлтэс орж ажиллаж байсан өрөөнд энгийн засвар хийгээд орсон. Гэрэлтүүлэг, агааржуулалтын асуудлыг нь шийдсэн. Гэтэл нэлээд сүртэй мэдээллүүд явчихсан л даа. Зарим зургууд нь хотын захиргааны байрны маань хонгилын том баганын зураг байсан. Манайхан нөгөө “алтан өрөө”-г чинь үзье гэж орж ирчихээд жирийн компанийн захирлын өрөөнөөс ч энгийн юм байна гэлцээд байсан. Ерөнхийдөө бол ийм л юм. Номын тавиурын тухайд хуулга наасан тавиурууд. Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа цуглуулсан маш сайхан номын сантай, өдөр тутмын үйл ажиллагаанд маань хэрэг болдог номуудаа хажуудаа байлгаж, харах хэрэгтэй учраас номын тавиур хийлгэсэн.

-Модон дээр сийлсэн нэр нэлээд сүртэй харагдаж байсан шүү. Сүүлдээ хүмүүс аль дээр үеийн зураг дээр нь байна, хуучин хэрэглэж байсан эд зүйл нь байж гэж ойлгох шиг болсон...

-Миний нэг найз арван жилийн өмнө халуун орны улаан модоор хийлгэсэн нэрийг маань дурсгаж байсан юм. Ер нь Азийн улс орнуудад албан тушаалтнуудын нэрийг бичээд ширээн дээрээ тавьдаг соёл их бий л дээ. Сүүлдээ кириллээр биш латинаар бичсэн гээд бас баахан шүүмжлэх шиг болсон.

-Та одоо приус машин унаж байгаа юу. Таныг ирээд өмнөх хотын даргын унаж байсан приусыг унасангүй, том машин унаж тансаглаж байна гэж бас шүүмжилж байсан...

-Би одоо ч приус унаж байгаа. Манай хотын захиргааны баазад том жижиг нийлсэн 70-80 машин байна. Хотод өдөр тутмын хэрэгцээнд приус, хөдөө ажлаар явбал 2007 оны ланд 570 машин байдаг. Өнгөрсөн наадмаар унах үед авсан зургийг тавиад баахан шүүмжилсэн. АСЕМ-ын үеэр хэрэглэж байсан машинуудыг тарааж өгөхөд хотод нэг машин ирсэн. Тэрийг бас заримдаа унадаг. Ерөнхийдөө нийслэлийн авто баазын мэдэлд байгаа машинуудыг бид хэрэглэдэг.

-Та бол яах аргагүй манай мэргэшсэн парламентч. Дөрвөн ч удаа УИХ-д сонгогдсон. Тийм атлаа яагаад нэр дэвшээгүй юм бэ. Олон удаа нэг газраас гарах боломжгүй гэж үзсэн юм уу. Эсвэл таныг дэвшүүлээгүй юм уу?

-Би 2016 оны УИХ-д нэр дэвшихгүй гэдэг шийдвэрээ бүр сонгуулийн яриа эхлэхээс өмнө буюу 2015 онд гаргачихсан байсан л даа. Энэ бол зөвхөн цэвэр хувь хүнийхээ хувьд гаргасан шийдвэр байсан юм. Тасралтгүй дөрвөн удаа УИХ-д сонгогдоно гэдэг миний насны хүний хувьд рекорд гэвэл үнэн. Тойрогтоо байгаа рейтинг, намаас нэр дэвших эрхээ авахын хувьд надад асуудал байгаагүй. Олон жил сонгогч олныхоо итгэлийг хүлээж, улс орныхоо бодлогыг тодорхойлж ажиллалаа. Би парламентад ч, Засгийн газарт ч ажиллаж байсан. Гэхдээ би парламентын гишүүн байж, бодлого тодорхойлж суухаас өөр, илүү бүтээлч ажил хийх нь зөв юм гэж бодох болсон. Шулуухан хэлэхэд салбар хариуцаж ажиллая гэсэн бодолтой байсан юм. Сүүлийн үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байхаас аль болох татгалзаж, давхар дээлгүй байх тухай яригдах болсныг би дэмжиж байсан. Тиймээс би УИХ-д нэр дэвшилгүй, Засгийн газарт орж ажиллах бодолтой байсан. Миний нэрээ дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрийг тухайн үедээ намын нөхөд маань гайхаж хүлээж авч байсан л даа.

-Намаа ялна гэдэгт их итгэлтэй байжээ. Та хотын дарга болно гэж миний төлөвлөгөөнд байгаагүй гэж хэлсэн байсан. Танд энэ томилгоо нэлээд цочирдом байжээ. Арай дургүйлхсэн юм биш биз?

-Улс төрд олон жил явж ирсэн хүний хувьд УИХ-ын сонгуулиар МАН ялна гэдэгт итгэлтэй байсан. Улс төрд явахад гэнэтийн сонин, цочирдом үйл явдалтай үргэлж нүүр тулж байдаг. Хотын даргын албан тушаалын хувьд өмнө нь ер бодож байгаагүй гэдэг үүднээс тэгж хэлсэн юм. Эхэндээ тулгамдаж байсан. Гэхдээ илүү бүтээлч, илүү цараатай ажил хийхийг хүсч байсан болохоор жинхэнэ үзүүлээд өгөх ажил гэж ойлгож байгаа. Багийнхантайгаа хамтарч нэг сэтгэлээр ажиллахад бэлэн байна.

-Та нэг газраа олон жил ажиллаж, туршлагажиж, хатаагдаж ширгээгдэх нь ямар чухлыг сайн мэдэх хүн. Гэхдээ таны баг үнэхээр чадварлаг баг бүрэлдэж чадсан гэдэгт итгэлтэй байна уу. Намын шахааны хүмүүс л олон болсон гэсэн яриа дуулдаад байгаа...

-Манай багийнхан голдуу 80-аад оны залуучууд. Ер нь насаар нь дундажлаад үзвэл 32-33 насныхан. Би парламентад олон жил ажилласан, туршлага мэдлэгээрээ дээгүүр байх ч манай залуус сурч мэдсэнээрээ, шинийг мэдэрч санаачлахаараа бол мундаг. Яахав, намын шахаа ороогүй гэж би хэлэхгүй. Улс төрийн албан тушаалтны хувьд намд олон жил ажиллаж, нэг үзэл бодлын төлөө хамтдаа зүтгэж, намынхаа ялалтын төлөө ажиллаж байсан  нөхдийнхөө үгийг авах учиртай. Гэхдээ би зөрүүлээд хатуу шаардлага тавьсан нь санал болгож байгаа хүн нь миний ажлын хурдыг гүйцэж, мэргэжлийн шаардлагыг хангах, чадварлаг боловсон хүчин байх ёстой гэсэн. Хуучны туршлагатай хүмүүс нь бий ч, яах аргагүй шинэ үеийнхэн гарч иржээ гэж би харж сууна. Угаасаа манай нам залуучуудаа, шинэ үеэ дэмждэг. Бусад намуудын хувьд ерээд оны партизанууд нь одоог хүртэл хэвээр байдаг биз дээ. Харин манайх үе, үеэрээ шинэчлэгдсээр ирсэн. Томилгоон дээр МАН-ынхан халаа, сэлгээ их хийж байна гэсэн шүүмжлэл сонстож байна. Удирдах албан тушаалтны хувьд боловсон хүчний өөрчлөлтийг хийж байгаа. Гэхдээ яг төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын тухайд ямар ч өөрчлөлт хийгээгүй. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед нэг ч гэсэн хүнийг ажлаас нь халахгүй байх бодлого барьж байна. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн жилүүдэд орон тоог маш ихээр нэмэгдүүлсэн юм билээ. Багтаж шингэхийн аргагүй их орон тоотой болгож.

-Нийслэлд баахан урлагийнхан ирээд дарга болчихсон байна гэсэн яриа гараад байгаа. “Номин талст”-ын хоёр гишүүн газар, хэлтсийн дарга, “Камертон”-ын Д.Болд орон тооны бус зөвлөх гээд. Олны танил тэр дундаа урлагийн хүмүүсийг мэргэжлийн албанд тавьсанд гайхаж байх шиг байна л даа...

-“Номин талст”-ын А.Хаянхярваа бол өмнө нь НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, нийслэлд алба хашиж байсан туршлагатай хүн. Бас НАМЗХ-нд олон жил явж ирсэн намын идэвхтэй гишүүн. Тиймээс хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар тавьсан. Д.Батсүх бол хуульч, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй чадварлаг залуу. Тиймээс би аялал, жуулчлалын газрын даргаараа авсан. Ямар нэг хамтлагт хамтдаа дуулж байсан хоёулаа болохгүй гээд байлтай биш. Хувь хүмүүсийн чадвар, туршлагыг нь харж томилсон. Бас дуучин Б.Сарантуяа байна. Насаараа урлагт зүтгэж, Монголын ард түмэнд өөрийнхөө дуу хоолойг зориулсан гайхалтай дуучин. Одоо нийслэлийн маань хамгийн том соёл урлагийн газар болох СТӨ-ний дэд даргаар ажиллана. Салбараа мэддэг, амьдралаараа туулсан хүний хувьд сайн ажиллана гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Ер нь соёл урлаг бол их хотын салшгүй нэг хэсэг болж явдаг.

-Та Улаанбаатар хотын 32 дахь дарга. Нийслэлийн 377 жилийн ой тохиож байна. Баярын хүрээнд ямар арга хэмжээнүүд зохиохоор төлөвлөсөн бэ?

-Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр нийслэл хотын маань ойн өдөр. Өнөө жилийн хувьд тэгш ой биш. Гэхдээ уламжлал болон зохиогддог ажлууд бүгд хийгдэнэ. Миний хувьд энэ өдөр нийслэлчүүдэд онцгой, баярын өдрөө гэж мэдэрдэг, нийслэл хотоороо бахархдаг тийм өдөр нь байгаасай гэж боддог. Зүгээр нэг баяр гэж хөөрч тэмдэглэхдээ бус мэдэрч, бахархдаг байх нь чухал юм. Мөн бид энэ өдрөөр нийслэлийнхээ залуу иргэд болох хүүхдүүддээ хандсан арга хэмжээг онцлон зохион байгуулж байна. Жил бүр явагддаг хүүхдийн найрал дууны наадмыг өнөө жил нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан хийж байна. Мэдээж нийслэлийнхээ төлөө, хөгжил цэцэглэлтийн төлөө гар бие оролцож, авьяас чадвараа зориулж байгаа хүмүүсээ шагнаж урамшуулна.

-МАН Засгийн эрхийг авсан цагаас хойш өмнөх засгийнхаа хийж байсан ажлуудыг үгүйсгэж, шийдвэрийг нь цуцалж байна гэгдэх болсон. Нийслэлд ч нэлээд ажил хийгдэж байсныг бид мэднэ. Бас л эхнээс нь цуцалж байх шиг. Яг ямар ажлууд нь үлдэж, ямар нь өөрчлөгдөх вэ?

-Би ажлаа хүлээн авсан анхны ИТХ дээрээ л “Өмнөх хотын дарга нарын хийж байсан сайн бүхнийг үргэлжлүүлнэ. Дутагдалтай бурууг нь засч залруулж явна” гэж зарласан. Төрийн ажил залгамж чанартай байх ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн гарч ирээд дөрвөн жилийн хугацаанд шоуддаг, дөрвөн жилийн хугацаанд шинийг санаачилдаг. Тэгээд тэр нь үр дүнтэй, үгүй нь мэдэгдэхгүй байж болохгүй. Би өмнөх Засаг дарга нарын хийж байсан хотын дахин төлөвлөлтийн ажил, гэр хорооллыг хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа. Энэ бол манай үе, үеийн хотын дарга нарын хийж байсан ажил. Хамгийн анхны дарга Баяр гэдэг хүн эсгийн хотыг хэрхэн яаж орчин үеийн хот болгох вэ гээд ажлаа эхэлж байлаа. Ганцхан Э.Бат-Үүл энэ талаар яриад эхэлсэн юм биш шүү дээ. Хотод шийдэх ёстой, чухал ажлуудыг үргэлжлүүлээд аваад явна. Мэдээж, Батболдын үед ингэж шийдэгдсэн гэж ялгарах ажлыг хийхийг би хүсч байна. Би мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Хийх ажлууд маань хүн рүүгээ чиглэсэн байх учиртай. Хот гэдэг бол зөвхөн төв хэсэгтээ гялгар, цардмал замтай, цэцэг модтой байгаад захын хороолол руугаа бохир заваан байх учиргүй. Захын хорооллын иргэн, хотын төвийн иргэн ялгаагүй эрх тэгш үйлчилгээ авах ёстой.

-Гэхдээ хэрэгжиж байсан замын түгжрэлийг шийдсэн, нийтийн тээврийн цахим карт гээд сайн зүйлүүд байсныг та хүлээн зөвшөөрнө биз дээ. Шөнийн цэнгээний газрууд 4:00 цаг хүртэл ажилладаг байсныг та алдаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байсан...

-Хүмүүсийг харахад шинэчлэл хийсэн юм шиг харагдах олон ажил байна. Харамсалтай нь, үр дүнд хүрэхгүй байгаа юм. Би энэ талаар ам нээгээгүй байсан, өнөөдөр яахав хэлчихье. Хийсэн ажил их байгаа мэт ч үр дүн нь өөр байгаад байна. Нийтийн тээврийн асуудал байна. Нийтийн тээвэрт татаас гэж 57 тэрбум төгрөгийг өгч байна. Смарт карт гаргасан ч мөнгөө олох ямар ч хөшүүрэг байхгүй. Компаниуд орлого бүрдүүлэхэд ямар ч үүрэг хүлээхгүй учраас 500 төгрөг төлж байна уу, 100 төгрөг төлж байна уу жолоочид ямар ч хамаа байхгүй. Зөвхөн компаниуд хотоос л татаасаа авна. Ингээд ирэхээр орлого шалдаа буусан. Харахад нэг гоё карт уншуулаад явдаг болсон боловч бодит байдал нь ийм байна. Гэтэл тэр 57 тэрбум төгрөгөөр өчнөөн цэцэрлэг барьчих мөнгө шүү дээ. Шөнө дөрвөн цаг болтол баар, цэнгээний газар ажиллах буруу биз дээ. Дээр нь айл амрах гээд байдаг доор нь хүмүүс хашгичаад байхаар. Зориулалтын байранд байдаг бол хамаагүй. Гэтэл манайд орон сууцны нэг давхарт голдуу байна. Би үүнийг алдаа гэж хэлсэн юм. Одоо ч иргэд хэцүү байдаг талаар надад гомдол гаргаж ярьж, бичиж байна. Зориулалтын бус байранд байгаа газруудыг үүр цайтал ажиллуулахгүй гэж хэлснийг маань гуйвуулж, буруутгаж байна. Ер нь би ирэх нэгдүгээр сарын 1-нээс эмх цэгцэнд нь оруулна. Замын уулзваруудыг янзалсан гэж байгаа ч хэчнээн төгрөгөөр хийсэн гэдгийг нь сонсоход хэлэх үг алга. Эдийн засаг хямралтай үед мөнгөө зохистой хэрэглэх ёстой. Метро барина гэж хоосон яриад БРТ замын ажлыг зогсоож, гацаасан. Уг нь өмнөх УИХ-аар ороод хөрөнгө мөнгийг нь шийдсэн байсан ч метро барина гээд гацааж БРТ зам ч, метро ч байхгүй үлдсэн. Гэтэл метрог дөрвөн жилд барьчихдаг ажил биш. Одоо эхний ээлжинд ирэх хавраас эхэлж бид Энхтайваны гудамжнаас Сансарын тойрог хүртэл, мөн хорооллын эцэс хүртэл БРТ замын эхний хоёр шугамыг хоёр жилдээ багтаагаад барьчих боломжтой гэж харж байна.

-Метро хэрэгтэй биз дээ?

-Хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн манай бодит эдийн засгийг харахад 2025 оноос нааш ярих боломжгүй.

-Тэгвэл С.Батболдыг хотын дарга байх үед ямар, ямар асуудлууд шийдэгдэж, эхлэл нь тавигдсан байх бол?

-Дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөнө. Давхар замын асуудал, гүүрэн гарц, хот хоорондын замын асуудал бүгд миний үед шийдэгдэнэ. Гэхдээ бүх асуудал хүн рүүгээ чиглэсэн байна. Улаанбаатар хотын сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаа асуудлыг өөрчилнө. Хоёр ээлжээр хичээллэдэг болно. Бүх хороо цэцэрлэгтэй болж, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 85 хувь цэцэрлэгт хамрагддаг болно гэхчилэн зорилтуудаа тодорхойлсон байгаа. Бүх бодлого шийдвэр хүн рүүгээ чиглэсэн гэдгээрээ өмнөх дарга нарын бодлогоос ялгарах болов уу. Мөн дэд бүтцийн хувьд хотыг задлах алхмууд хийгдчихсэн байна. Улаанбаатар хот зөвхөн Сүхбаатарын талбайгаа тойроод хөгжиж байгаа хот. Тэгвэл цаашдаа дөрвөөс доошгүй төвтэй болж, тэнд ялгаагүй эмнэлэг, сургууль, үйлчилгээний төв, оффистой, хотын А зэрэглэлээс ялгаагүй үйлчилгээ авдаг болно. Цаашлаад Улаанбаатар хотыг аялал жуулчлалын төв болгоно. Нийслэлд ирсэн гадаад, дотоодын жуулчдыг уйдаахгүй, аюулгүй байх орчинг бүрдүүлэх болно.

-Таны мөрийн хөтөлбөрт Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгоно гэсэн байсан. Үнэхээр энэ бүс нутагт манайх төв нь болох боломж бий гэж үү. Япон, Солонгос гээд жуулчлал өндөр хөгжсөн орнууд байхад...

-Солонгосоос наашаа, Зүүн хойд Хятад, ОХУ-ын Сибирийн хэсэг гээд энэ хүрээнд 70 орчим сая хүн амьдарч байна. Энэ бүс нутагт цорын ганц нийслэл нь Улаанбаатар хот. Дээрээс нь Хятадын хойд тал, Сибирь хавийн бүс дотроо хамгийн нээлттэй, барууны маягийн хот болж хөгжих боломжтой нь манайх. Бас тэр хүмүүсийн багагүй нь монгол гарал угсаатай. Тиймээс бид тэднийг татах бүрэн боломжтой. Тэрхүү 50-70 сая хүнээс ганц хоёр саяыг нь татах тухай бид ярьж байна. Тэгэхэд л манай Улаанбаатарт хангалттай тоо. Мөн манайх Зүүн Хойд Азийн хотууд дундаа сэрүүн бүсийн хот. Япон, Солонгос, Хятадад зундаа ямар халуун болдог билээ. Тэндхийн хүмүүс бүгд сэрүүн газарт очихыг хүсдэг. Оюутан, сурагчдын амралт нь таарч, бүгд бөөнөөрөө аялах газар хайж эхэлдэг. Харин тэр долоо, наймдугаар сард нь Монголд цаг агаарын хамгийн таатай үе байдаг. Тэгэхээр Монголд +25 градус байна, ийм сайхан байгаль дунд ийм, ийм үйлчилгээг санал болгож байна гэдгээ тодорхой хүргэх ёстой юм. Монголд ирсэн хүмүүс үзэж сонирхож, нутагтаа авдаггүй өвөрмөц содон үйлчилгээ, нүүдэлчний онцлог сонин бүхнийг бид санал болговол аялал жуулчлалын төв болох бүрэн боломжтой. Манайд олон улсын нэртэй сүлжээ буудлууд, олон үндэстний зоогийн газрууд байна. Сурталчилгаагаа сайн хийвэл аялал жуулчлалтын томоохон хотуудаас дутахгүй.

-Улаанбаатарын брэнд  гаргана гэж байсан. Манай брэнд юу байж болох вэ?

-Манайх брэндгүй хот. Яг Улаанбаатар хот гэхээр нүдэнд юу бууж болох вэ. Сүхбаатар, Чингисийн хөшөө эсвэл морь, тэмээ юу. Брэндинг хийе гэхээр улс төрийн өнцгөөс хардаг ч юм уу, намын логотой хүртэл холбоод нэг явж өгөхгүй байна. Бид олон улсын болон дотоодын компаниудтай хамтран ирэх өвөл энэ чиглэлээр семинар зохион байгуулах гэж байна.

Манай хотын брэнд юу юм, анх нисэх буудал дээр буухад, төв талбай дээр ирэхэд ямар нэртэй, ямар байх ёстой юм гэдгийг гаргаж ирэх ёстой. Улаанбаатар гэсэн нэр маань ямар бичигдэлтэй байх, өнгө нь шар эсвэл хөх байх уу гэдгээс эхэлнэ шүү дээ. Цаашлаад лого нь ямар байх, уриа үг нь юу юм, хангарьд бэлгэдлийг маань ойлгож байгаа нь хэд байна гээд нарийн судалгаа хийж, нийслэлийн брэндийг бий болгоно.

-Таны мөрийн хөтөлбөрт байсан органик хүнс, зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдгийг олзуурхаж харсан. Манайд төр засаг нь ард олныхоо эрүүл мэнд, сайн сайхны төлөө урд нь орж явахаасаа хоцрох нь их. Харин энэ талаар дуугарсан байгаа нь баярлуулахаас гадна гайхаш төрүүллээ...

-Хот маань сая таван зуу орчим хүн орж гардаг гэхээр яах аргагүй том хот. Энэ том хотын иргэдийн хүнсний аюулгүй байдал, иргэдээ эрүүл байлгах явдал бол хотын даргын хувьд том үүрэг хариуцлага. Өнөөдрийн байдлаар нийслэлд маань хүнсний тогтвортой хангамжийн тогтолцоо байна уу гэвэл байхгүй юм аа. Сүүний хангамжийн хэдэн хувь нь хаанаас орж ирж байгаа талаар ерөнхий тоо байгаа боловч урсгал нь хаанаас юм, баталгаатай мах, сүү, ногоо яг тэндээс орж ирж байна гэсэн бодлого алга. Хот тойрсон мах, сүү, хүнсний ногооны аж ахуйг байгуулж, мах гэхэд л үйлдвэрийн аргаар технологийн дагуу бэлтгэснийг оруулж ирэх хэрэгтэй байна. Хуучин цагт махны чанарыг сортолж, тамгалдаг байсан шиг хотын хоёр захад баталгаат мах бэлтгэх үйлдвэр байгуулж, хотын иргэдэд хүргэдэг болох нь чухал. Эхний шатанд үйлчилгээний байгууллагууд, хүнсний дэлгүүрт тийм баталгаатай мах хэрэглэхийг шаардана. Ийм том хотод хүнсний аюулгүй байдлыг ярихгүй байж болохгүй. Мөн хүнсний ногооны аж ахуй болон өвлийн хүлэмжний аж ахуйн талаар хөндөх ёстой. Сул газрыг ашиглаад бид олон тооны хүлэмжийн аж ахуй байгуулах ёстой. Жилийн турш иргэдээ хүнсний ногоогоор хангачихдаг болох хэрэгтэй байна.

-Харшил үүсгэгч ургамлуудыг цэвэрлэх талаарх заалт жижиг гэлтгүй таалагдсан. Манайхан шарилж, луулиа ургахаас өмнө цэвэрлэчихдэг бол олон хүн харшлаар зовохгүй гэдэгсэн. Үнэхээр манай хот шарилжгүй хот болж чадах уу?

-Хотын ерөнхий менежер энэ асуудлыг надад танилцуулж орж ирсэн. Өнгөрсөн наймдугаар сард шарилж устгах арга хэмжээг эхлүүлсэн. Ирэх жилээс бүр тусгай төсөл болгоод бүх албан байгууллагуудыг хогийн ургамлыг цэцэглэхээс нь өмнө цэвэрлэж, устгахыг шаардана. Албан байгууллагууд эзэмшил газрууддаа, эзэмшлийн бус газруудад бид төсөл хэрэгжүүлж цэвэрлэнэ. Ингэснээр ирэх наймдугаар сар гэхэд харшил үүсгэгч ургамлууд манай хотод ургахгүй болно гэж надад танилцуулсан. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж буй бидний нэг ажил маань.

-Уучлаарай, та ямар нэг ургамлын харшилтай юу?

-Үгүй.

-Улаанбаатар хотод зарах газар үлдсэн үү. Өмнөх дарга хотод маань зарах газар байхгүй. Бүгдийг нь урьд өмнөх дарга нар зарчихсан гэж байсан...

-Газар гэдэг бол аль ч даргын хувьд том өв юм л даа. Гадна, дотнын хөрөнгө оруулагчид ирээд хөрөнгө оруулалтыг нь шийднэ, газар өгөөч гэдэг. Гэтэл надад тэдэнд өгөх газар байхгүй. Тиймээс Улаанбаатар хот маань газрын сантай болох нь чухал гэж үзэж байгаа. Газрын сан хэнд ч нээлттэй, тийм газар байх ёстой юм. Одоогийн байдлаар хотод эзэмшилгүй нэг ч ширхэг газар байхгүй. Бүгд хувь хүмүүс, аж ахуйн газрын эзэмшилд очсон. Зарим нь дуудлага худалдаагаар очсон байгаа. Бүгд л тухайн цаг үеийнхээ хууль эрх зүйн орчноос хамаарч олгогдсон байдаг. Иргэдэд газар очсоныг буруутгахгүй, гэхдээ яг хууль зүйн дагуу очсон байна уу, газраа зориулалтаар нь ашиглаж байна уу, байшин барилгаа барьсан уу эсвэл шарилж ургасан хашаа болгож хадгалаад байна уу, бүгдийг шалгаж, шинээр бүртгэлжүүлэх ёстой гэж би үзэж байна. Хэрэв авсан газартаа хоёр жилийн хугацаанд барилга бариагүй бол буцааж авах ёстой. Ийм байдлаар бас мөнгөтэй бол хот мэдэлдээ газар худалдаж аваад өөрийн санг бий болгох ёстой.

-Наадах чинь баахан хэл ам дагуулсан ажил гарах юм байна даа?

-Би хэл амнаас айхгүй байна. Жижигхэн газар чөлөөлөхөөс эхлээд бөөн асуудал үүснэ. Мэдэж л байна. Би ажил хийж байхад шүүмжлэл, хэл ам дагадгийг мэднэ. Гэхдээ би тэр бүгдээс айхгүй байна. Ер нь газрыг чөлөөлөөд хот өөрийн сандаа авч чадвал дараа нь маш зөв төлөвлөлттэй хотыг босгож болно. Хотын шинэ төв гэгдэж байгаа Баянхошуу, Сэлбэ рүү маш том шугам тавигдаж байна. Ойр орчмын газруудыг сандаа авч, маш зөв төлөвлөж эргээд иргэддээ өгч болно. Миний хийхээр төлөвлөсөн ажлууд 100 хувь биелэхгүй байж болно, гэхдээ дуусгахгүй юм аа гэхэд зөв эхлэлийг нь тавихын төлөө би ажиллана. Иргэдтэйгээ хамтдаа ярилцаж, хэлэлцэж хотынхоо асуудлыг шийдэх болно. Энэ бол бидний, үр хүүхдүүдийн маань амьдрах хот учраас хотын даргын хувьд гаргасан шийдвэрээ биелүүл гэхээсээ хамтдаа ярьж шийдэх болно.

Бас нэг асуудал байдаг нь Богд хан уулын дархан цаазат газар нийслэл, Байгаль орчны яам хоёрын дунд байгаад байдаг. Нийслэлийн маань дундуур урсдаг Туул голын сав газар, Богд уулын амуудад нэгэнт суурьшлын бүс бий болчихоод байгаа тохиолдолд нийслэлийн мэдэлд өгчих хэрэгтэй байгаа юм. Бид энэ талаар Засгийн газарт асуудал тавьсан. Хот өөрийнхөө төлөвлөлтөөр хийнэ гэхээр яам дундуур нь ороод ирчихдэг. Тусгай хамгаалалттай газар гээд хэдхэн хүнд ам, амаар нь хашаад өгчихдөг. Гэтэл үнэндээ сая гаруй хүнтэй иргэдэд маань очих газар алга. Дархан цаазтай гээд харах эзэнгүй, хэдэн мод нь үхэж байдаг тэр байдлыг нийслэл хариуцаж хотынхоо аялал амралт, зугаалгын бүс болгож болно шүү дээ. Гоё зочид буудлуудтай, дугуйн замтай, усан сантай, явган хүний замтай, аялал жуулчлалын бүс бий болговол хэдхэн хүн хашиж аваад юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй байдгаас өөр, олон хүнд хүртээмжтэй нийслэлийнхэн маань очих дуртай газар болно.

-Таны өмнөх ярианаас гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжилнэ гэж ойлгосон. Бас хуучин орон сууцны хорооллын дахин төлөвлөлт яригдах уу?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нэгэнт эхэлчихсэн ажил. Үргэлжлүүлж явуулна. Гэр хорооллын 24 байршилд хийгдэж байгаа ажлууд дунд сайн яваа нь ч байна, дампуурч хүмүүсээ гудамжинд гаргачихсан нь ч байгаа. Тиймээс бид хохирсон, гудамжинд гарчихсан байгаа иргэдээ орон сууцаар хангах тал дээр ажиллана. Түр суурьших орон сууцыг нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар 232 түр суурьших байр байна. Цаашлаад 1000 айлын түр сууцтай болж, газрыг нь чөлөөлж аваад богино хугацаанд компаниуд байшинг нь барьж дараа дараагийн айлууд нь ороод явдаг зарчимд шилжинэ. Хуучин орон сууцны дахин төлөвлөлт ч чухал хэсэг нь болно. Бас дүүрэг болгонд жишиг гэр хороолол барихаар ярьж байгаа. Заавал байшин гэлтгүй, дэд бүтцийг нь шийдчихвэл уламжлалт орон сууцандаа орчин үеийн байдлаар амьдрах боломж бүрдүүлж болно. Тухайлбал, Гандан хавийг тэгж хөгжүүлэх боломжтой. Гандан хавь бурхан шашны, аялал жуулчлалын төв болох боломжтой. Уламжлалт сууцандаа, утааны асуудлаа шийдсэн тийм төслийг иргэдтэйгээ хамтраад хийнэ.

-Гандан гэснээс даншиг наадмыг нийслэлээс зохион байгуулж хийх болсон. Ер нь төр, шашин тусдаа байх ёстой биш бил үү. Нийслэл үүнд анхаарч хийхийн учир юу юм бол?

-Шашин төр тусдаа байх учиртай нь үнэн. Гэхдээ аль ч улсад тухайн улсын зонхилох шашныг төрөөс дэмждэг. Шашнаар дамжуулж үндэсний өв соёлоо залуучууддаа хүргэдэг. Энэ утгаараа шашин, соёлын баяр гэж дэмжиж байгаа болохоос төр нь шашиндаа оролцож, нөлөөлж байгаа хэрэг биш юм. Даншгийн үеэр хурж буй уншлагууд хотын, иргэдийн маань сайн сайхны төлөө байдаг. Бас нэг гол нэг шалтгаан бол аялал жуулчлалыг татах зорилготой. Монголд зуны саруудад гадна, дотныхон ирдэг. Гэтэл гол зүйл болох наадам нь долдугаар сард болоод өнгөрчихдөг. Даншиг наадам наймдугаар сард болдог нь жуулчдыг татах зорилготой. Ер нь бид Хүй долоон худагтаа зуны турш залуучууд, гадныханд зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байх нь зөв гэж үзэж байгаа.

-Нохойнд мэс ажилбар хийнэ, таван тэрбум төгрөг зарцуулах гэнэ гэж нэлээд шуугисан. Хотын хувьд таван тэрбум төгрөг хэр их мөнгө вэ?

-Манайхаас санаачилж ямар нэг тийм зүйл яриагүйг хүмүүс ойлгосон байх. Мэргэжлийн хүмүүс, байгууллагууд ямар нэг санал санаачилга гаргаж ирдэг, түүнийг нь манайхан судлаад болно, болохгүй гэж хариугаа хэлдэг. Таван тэрбум төгрөг маш их мөнгө. Юун нохойд зарцуулах таван тэрбум. Бидэнд байхгүй. Дунджаар ийм хэмжээний мөнгөөр 75 хүүхдийн ортой цэцэрлэг хоёрыг, засварлаж өргөтгөх бол 240 хүүхдийн цэцэрлэг барьчих мөнгө. Гэхдээ хотын даргын хувьд нохойны асуудал даамжирч бага насны хүүхдийг гэмтээж, амь насанд нь хүрч байгаа явдал бол анхаарлын гадна үлдээх асуудал биш. Хотод шийдэх асуудал их, эдийн засгийн боломж нөөц нь бага байна. Тиймээс ач холбогдлоор нь жагсааж байгаад хамгийн чухлаас нь хийхээс аргагүй. Би өмнөх хотын удирдлагад их атаархаж байгаа. Маш их мөнгөтэй байсан. Зөвхөн төсвийн мөнгө биш бондын зарцуулалт, Хөгжлийн банкны мөнгө, концесс гээд олон эх үүсвэртэй байсан. Харамсалтай нь энэ бүгдээ үр дүнтэй зарцуулж чадаагүй. Бид бол тэгж хэрэгтэй, хэрэггүй юманд мөнгө зарцуулж чадахгүй. Маш хүнд эдийн засагтай хот хүлээж авсан учраас байгаа мөнгөө аль болох хэмнэж, бага өртгөөр их зүйл хийхгүй бол болохгүй байна.

-Түүхэндээ байхгүй хамгийн их төсөвтэй хотыг хүлээлгэж өглөө гэж байсан даа?

-100 тэрбум төгрөг гэдэг бол ийм хотын хэмжээнд урсгал зардалд байж л байдаг мөнгө шүү дээ. Одоо ч гэсэн манай дансанд 82 тэрбум төгрөг байна. Хотын эрүүл мэнд, урлаг соёл, нийтийн тээвэр гээд орж гарч байдаг мөнгө. Надад тусдаа сан болгоод ийм хэмжээний мөнгийг хотын хөгжилд зарцуул гээд үлдээж өгсөн бол би үнэхээр талархаж үүнийгээ хаа ч хэлнэ. Түүнээс байнга орж гарч байдаг урсгал зардлыг үлдээсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

-Нийслэлийг дагуул хоттой болгоно гээд л байдаг. Болсон нь үгүй. Та ч бас ийм төлөвлөгөөтэй байх шиг байсан. Харин яаж?

-Ер нь би суурьшлын хэсгийг тодорхой болгож, улаан шугам татах ёстой гэж бодож байна. Хэрэв хотод суурьших гэж байгаа бол зөвшөөрөгдсөн тэр бүсэд амьдрах ёстой. Түүнээс хөдөөнөөс орж ирчихээд дуртай газраа очоод суучихдаг, тэгээд ус, цахилгаан залгаж өг гээд нэхээд байдаг байж болохгүй. Хотод ирж байгаа бол шинэ суурьшлын бүсэд эсвэл Багануур, Багахангай, Налайх, Зуун модонд суурьш, үгүй бол таны хүссэн газарт бид зам тавьж, цахилгаан татаж өгч чадахгүй гэдгийг шууд хэлнэ. Манайд жинхэнэ утгаараа дагуул хот болох газар бол Хөшигийн хөндийг дагаж байгуулагдах аэро хот юм. Одоо Налайхаас Хөшигийн хөндий рүү хурдны зам баригдаж байгаа. Богд хан төмөр зам баригдчихвал хотын энэ их төвлөрөл алга болно.

-Энэ төмөр замын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Богд хан төмөр замыг эхний ээлжинд Улаанбаатараас Хөшигийн хөндий рүү барьчих санаатай үзэж байна. Тэгээд тэндээсээ Налайх руу тойруулахад илүү амархан болчихож байгаа юм. Ингэхэд Хөшигийн хөндийгөөс ердөө 20 минутад Улаанбаатарт орж ирэх боломжтой болно.

-Богд уулыг нүхэлж зам барих тухай олон жил яригдаж ирсэн. Энэ хэрхэх вэ?

-Тэгэх шаардлагагүй. Ийм сайхан байгалийн нөхцөлтэй байхад уулаа бид сэтлэхгүй тойроод явах боломжтой. Харин дээр хэлсэнчлэн уулаа эзэнгүйдүүлэхгүй эзэнтэй болгож, нийслэлийн иргэдийнхээ очиж амардаг сайхан хүрээлэн болгох хэрэгтэй.

-Ер нь сүүлийн үед УИХ-д сууж байсан туршлагатай хүмүүс хотын даргаар томилогддог жишиг бий боллоо. Хот маань өргөжиж томрохын хэрээр хотын даргын шалгуур өсөөд байна гэвэл та санал нийлэх үү?

-Хот маань Монгол Улсын тал шүү дээ. Тэгэхээр энэ улсын талыг авч явах хүнд өндөр хариуцлага ирж таарна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Нийслэлийн иргэн танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-оор дамжуулж нийслэлийнхээ бүх иргэддээ нийслэлийн ойн өдрийн мэндийг хүргэе.



 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив