Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шүүхийн шударга ёсны толь нь шүүхийн цахим сан
2016 оны 10 сарын 20 [Уншсан тоо: 17633]

Шүүхийн салбарт гарч байгаа шинэтгэл нь иргэдэд илүү ойр болж, хүмүүсийн дунд шүүх бол үйлчилгээний байгууллага гэсэн сэтгэхүй улам бүр суусаар байгаа билээ. Өмнө нь шүүхэд хандах хэрэг гарлаа гэхэд аль шүүхэд хаана очиж, хэнд өргөдөл гомдлоо гаргах вэ гэдгээс эхлээд шат шатны дамжлагууд байдаг байсан. Шүүхийн туслахууд гээд тун завгүй улсууд ажлынхаа наана цаанаас амжиж чиг гаргаж өгвөл их юм болно. Тэндээс эхлээд л төрийн төмөр нүүрнээс сүрдэж эхлэх хүмүүс цөөнгүй байв. Харин одоо гар утаснаасаа шүүхийн байршил, шүүх хурлын тов, улсын тэмдэгтийн хураамж зэрэг мэдээллээ олоод мэдчихнэ. Шүүх дээр очиход мэдээлэл лавлагааны ажилтан байгаа учраас лавшруулаад асуучихаж болно.

Мөн манай шүүхийн салбар цахимжсан салбар болсон. Нэлээд дээхнээс хэргийг ерөнхий шүүгч нь хуваарилдаг байсан нь өөрчлөгдөж, цахимаар шууд шүүгчдийн дарааллаар хуваарилагдаж очдог болсон нь ашиг сонирхлын зөрчлийг үгүй хийсэн гэж сайшаагдаж байсныг хүмүүс санаж байгаа байх.  Одоо тэр бүхэн улам бүр боловсронгуй болсоор байгаад ам сайтай байх хүмүүс олширчээ.  Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор “Шүүхийн шийдвэрийн цахим сан” ажиллаж эхлээд тав зургаан жилийн нүүрийг үзжээ. Шүүхийн шийдвэр хүмүүст нээлттэй болсон нь олон талын ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үздэг. Мэдээж, аливаа хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хүмүүс шууд олоод мэдэх боломжтой болсон. Нөгөө талаас шүүгчдийн гаргасан шийдвэр хэнд ч нээлттэй болоод ирэхээр хариуцлагатай, үнэн зөв шийдвэр гаргахын төлөө хичээнгүйлэн ажиллах ёстой болно. Мэргэжил нэгтнүүд, хөдөө хотгүй ажиллаж байгаа шүүгчдэд нэгнийх нь хийсэн ажил ил байгаа хэрэг. Нөгөө талаас шүүгчдээс гадна эрдэмтэд, багш, судлаач, оюутнуудад судалгааны ажил хийж, харьцуулах,  хуулийг нэг мөр, зөв хэрэглэх жишиг тогтоох давуу талтай гэж үздэг.

Хорих газар ял эдэлж байгаа хүмүүс хийсэн хэргээ зөөлрүүлж, зүйл заалтаа өөрчилж хэлэх нь энүүхэнд гэгддэг. Гэвч шүүхийн шийдвэр ил болсноор тэгж зохиож ярих шаардлагагүй болсон талаар хэн нэгний ярьж байсныг сонсч л байлаа. Ерөнхийдөө шүүхийн шийдвэр олон нийтэд ил болсон нь хувьслын чанартай томоохон өөрчлөлтийг энэ салбарт авчирсан юм. Нөгөө талаас хэт ил, хэт нээлттэй болсныг шүүмжлэх хүмүүс ч бий. Германы шүүгч Монголд ирж үйл ажиллагаатай нь танилцаад “Манайх нээлттэй нь нээлттэй ч арай ийм нээлттэй биш ээ” гэж дуу алдаж байсан гэдэг. Ямартай ч хаалттай, хаагдмал гэгдэж хар дагуулдаг байсан шүүх үүд хаалгаа дэлгэчихээд байна. Харин хаанаа ямар байвал дээр гэдгийг цаг хугацааны шалгуураар илүү сайн, илүү зөв болгоод явчихаж болох биз ээ. Одоогийн байдлаар хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусад бүх шийдвэрийг shuukh.mn хаягаар орж, татан авах боломжтой байгаа юм.

Мөн цахим шүүх болсон гэдэг дээр бүх шүүх хуралдааны үйл явцыг дүрстэй, дуутай нь бүрэн бичиж архивладаг болсныг дурдахаас аргагүй. Ингэснээр шүүх хуралдааны тэмдэглэлийг үнэн зөв бичиж буйг иргэд хянадаг болсон юм. Шүүх хурлын дараа миний хэлсэн тэмдэглэлийг буруу тэмдэглэсэн байна гэсэн гомдол байнга шахуу гардаг байлаа. Түүгээр ч үл барам хоёр тал, цаашлаад шүүгч өмгөөлөгч хоёрын хооронд маргаан үүсэх нь бий. Гарч явахыг зөвшөөрсөн зөвшөөрөөгүй гээд бүр зөвшөөрлийг харцаараа өгсөн гэж хүртэл маргадаг. Тэгэхээр аудио болоод видео бичлэг нь амаараа хэлж үү, харцаараа хэлж үү гэдгийг тунгаагаад өгөх гол баримт болчихож байгаа юм. Шүүхийн үйл ажиллагаатай танилцахаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Шүүх иргэддээ үйлчилдэг байгууллага болж хувирч байна. Иргэн шүүхийн хаалгаар орж ирэхэд л тосч аваад уулзах хүнтэй, өргөдлийг нь хүлээгээд авдаг, суулгах сандалтай болсон нь чухал. Шүүхийн шийдвэртэй видеогоор, цаасан дээр буулгасан байдлаар танилцах боломжтой болсон нь эргээд шүүхийг хариуцлагатай болгож байгаа юм. Шүүх хуралдааны тэмдэглэл бичиж байна гэхэд л хэргийн оролцогчид ширээн дээрээсээ болон дэлгэцээр давхар хянаж байна. Тэр нь дүрс бичлэгт, цаасан дээр үлдэнэ. Зөвхөн нэг л ажлыг дурьдахад маш том дэвшил гарсан нь харагдаж байгаа юм. Шүүх иргэний эрхийг хамгаалдаг байгууллага гэхээр зарим хүн ойлгодоггүй. "Шүүх хүнийг торгодог, шийтгэдэг байгууллага шүү дээ” гэдэг. Хууль зөрчөөд шүүхээр асуудлаа шийдүүлэх гэж орж ирж байгаа хүмүүсийн тоо Монгол Улсын хүн амын арав хүрэхгүй хувьтай дүйцэх байх. Хууль зөрчиж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож байна гэдэг бол үлдсэн 90 хувийн эрхийг хамгаалж байгаа хэлбэр юм. Шүүх хуралдаан болж байхад бүх хүнийг шүүх танхимд авчрах боломжгүй. Зарим нь хорих танхимд байж байдаг. Хорих 461 дүгээр ангид саатуулагдсан иргэн тэндээсээ цахимаар шүүх хуралдаанд оролцоод мэдүүлэг өгч байгаа нь маш том дэвшил. Хөдөө орон нутгаас шүүх хуралдаанд биечлэн оролцож чаддаггүй байсан. Харин техникийн дэвшлийг ашиглаад онлайнаар шүүх хуралдаандаа оролцож байна. Зөвхөн шүүх танхимд цуглах биш шүүхээр шийдвэрлэж байгаа дөрвөн хэргийн нэг нь техникийн дэвшлийг ашиглаад асуудлыг шийдэж байгааг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэлмэрч авчраад үйлчилж байгааг та бүхэн сая харлаа. Энэ мэтчилэн шүүх улам бүр хүндээ ойртож, хүнлэг болж байгаагийн илрэл” гэж хэлсэн нь учиртай. 

Шүүх хурлыг технологийн давуу талыг ашиглан цахимаар хийх боломжтой болгосон нь олон давуу талыг авчирсан. Дор хаяж л хөдөө орон нутагт байгаа иргэдийн хувьд өмгөөлөгч олох гэж багагүй том давааг туулдаг. Нутаг орон жижиг болохоор эрх мэдэлтэй хүмүүст үйлчлэх талтай гэсэн хардлагаас өмгөөлөгчөө тэндээс авахыг тэр бүрийд хүсдэггүй. Эсвэл хэрэг дээр нь өмгөөлөгчөөр ажиллах хүмүүс олддоггүй. Энэ тохиолдолд хотоос өмгөөлөгч авахаар шүүх хурлын тов зарлагдах бүрийд очих ёстой болдог. Хэрэв хурал хойшлогдвол дахиж ирж очих хэрэг гарна. Тэнд зочид буудалд байрлуулахаас эхлээд энгийн иргэнд зардал чирэгдэл улам нэмэгддэг байлаа. Харин одоо өмгөөлөгч нь эндээс хуралд оролцоод байх бүрэн боломжтой болсон. Хоёр талд дүрс гарч байгаа нь мэдэгдэхэд л “Шүүх бүрэлдэхүүн ирлээ, босно уу” гээд үйл ажиллагаа нэг газар болж байгаа мэт үргэлжлээд явчихдаг юм билээ. Ялгаатай нь гэвэл микрофон руугаа л ярих хэрэгтэй болно доо. Шүүх цахим болсон гээд байгаагийн энгийн жишээнүүд энэ. Шүүхийг хаалттай, дарагдмал гэсэн хардлага байдаг байсан бол цахим, нээлттэй болсноор хүмүүсийн уламжлалт ойлголт улам бүр алга болсоор байна. Цахим сан, цахимжсан байдал нь шүүхийн толь нь юм. Толинд нүүрээ харж байгаа хүн халтар явдаггүй, нэрээ хичээдэг шүү дээ. Тиймээс шүүх тольтой болсон нь иргэдэд илүү олон боломжийг нээж өгч байна.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив