Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ө.Энхтүвшин: Хүн нэг үгтэй, нэг нүүртэй байгаасай гэж боддог
2016 оны 9 сарын 23 [Уншсан тоо: 25802]



-Хэвлэлүүдээр ах дүүс, хамаатан саднаа албанд томилж, зарим нэг холбооныхон бүгдээрээ шахуу албан тушаалд очсон гэх юм байна шүү дээ. Ерөнхийдөө шинэ Засаг байгуулагдах үед олон талын бүлэглэл, фракцын эрх ашгийг аль болох хангах оролдлого хийгддэг. Харин энэ удаад танайх тэгж оролдохыг хүссэнгүй шиг...


-Тийм шүүмжлэл хэвлэлүүдээр гарч байгаа нь үнэн. Төрд томилгоо хийгээд байгаа эрх мэдэлтнүүд үнэхээр үр хүүхэд, эхнэр, нөхөр, ах дүү, амраг садан, бизнесийн бүлэглэл, нутаг ус, жалга довоосоо томилоогүй гэдгээ тодорхой тайлбарлаж, албан ёсоор олон түмэнд мэдэгдэх хэрэгтэй. Ядах юм байхгүй шүү дээ, сайндаа л 100 гаруй хүний бүртгэл, намтар түүхийг сөхөж үзээд тулгаад харчихна. Тэгээд л гүйцээ, тийм биз дээ?

-Монголчууд цөөхөн болохоор бараг хэн ямар ахыгаа, ямар дүүгээ хаана тавьсныг мэдчихэж болно. Харин сүүлийн үед нам дамнасан бизнесийн бүлэглэлийн талаар тун хүчтэй яригдаж байна. Бараг УИХ-ын гишүүдээ тэр, тэр энэ группийнх гэж ангилж болохоор боллоо. Улс төрд бизнесийн бүлэглэлүүд нөлөөгөө зузаатгах хэр аюултай гэж та боддог вэ?

-Хамгийн аюултай. Сүүлийн жилүүдэд төрийн нэр хүнд унасан нь үүнтэй бас холбоотой. Уг нь бол төрийн хэрэг тусдаа, түрийвч, хэтэвчнийх нь бүр тусдаа байх ёстой. Ингэж их олон жил ярьцгаалаа, гэвч хэрэг дээрээ улам найрсаад бүр сүжрээд байгаа нь үнэн юм. Эцсийн дүндээ, төрийн эрх ашиг хохирч, бизнесийнх нь хождог учир би “маш аюултай” гэж хэлдэг. Энэ аюулыг таслан зогсоож чадах юм бол манай нам ёстой ардаараа овоглосон жинхэнэ “Ардын нам” гэдгээ харуулах болно доо.   

-АН-ын хувьд олон фракцтай, тэр бүгдийн эрх ашгийг хангах гээд амаргүй байдаг байсан. Танайд тийм бүлэг фракц ил үгүй ч цаанаа бий л гэдэг. Хэдийгээр та аль нэг бүлэглэлд багтдаггүй ч намд чинь хотын, залуучуудын байгууллагын гээд томоохон бүлэглэлүүд дуулддаг. Аливаа асуудлыг шийдэх үед тэр нь мэдрэгддэг үү?

-АН-аас ялгаатай нь манай намд албан ёсны фракц гэж байхгүй. АН-ын фракцууд гэдэг чинь бие биеэ төдийгүй, намаа хэмлэж, тамирдуулаад, сүүлдээ бүр төрийг тал талаас нь зулгааж, мэрж байсан бүтэц юм шүү дээ. Нэг ёсондоо, нөгөө халуун орны цэцэ гэдэг хувалз-шумуул шиг. Энэ зовлонгоо ойлгосон зарим нь “Одоо больё, фракцаа устгая” л гэдэг юм билээ. Даанч чаддаггүй. Яагаад гэвэл, фракцууд нь АН-ын оршин тогтнох арга, амин сүнс нь болчихсон юм чинь. Манай нам бол өөр. Хэрэв манайд тийм фракцууд байсан бол, удахгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ гээд ингээд зогсож байх уу, үгүй юу? Харин, сүүлийн жилүүдэд МАН дотор тодорхой сонирхлоороо сүрхий ойртсон, бас тэгээд тэрүүхэн тэндээ аминчхан бүлэглэл маягийн юмнууд энд тэнд үнэртээд байгаа нь нууц биш. Намайг намын дарга болсны дараахан хэсэг хүн надад өргөх бичиг барьж байлаа. Одоо ч тэр нь бий. Уг өргөх бичигт “МАН-ын зохион байгуулалтыг өөрчилж, нээлттэй фракцын зарчим руу намаа шилжүүлье” гэсэн байсан. Бүр шаардлага болгож гардуулсан гээч. Тэгээд бүр сонин зөвлөгөө өгч байсан. “Та намын даргын хувьд өдөр бүр ийм олон хүнтэй уулзаад суух хэрэггүй, фракцын дарга нартай л харьцана. Орон нутгийн сонгууль боллоо гэхэд аймаг, дүүргүүдээ фракцуудад хариуцуулчих. Ялах юм бол тухайн фракц нь томилгоогоо хийг, таны ажил ч их хөнгөрнө” гэх жишээтэй. Тэгэхэд миний дургүй үнэхээр хүрч билээ. “Би энэ намыг толгойлж байгаа үедээ наадхыг чинь хэрхэвч зөвшөөрөхгүй” гэж хэлээд тас цохиж байсан. Тэр яриа түүнээс хойш дахиж гараагүй.

-Ийм далд бүлэглэл томилгоонуудын үеэр илүү тод болдог бус уу?

-Үнэн...

-Танай намынхан өнгөрсөн жилүүдэд шинээр гаргасан хотын нэг хувийн татварыг маш шаргуу эсэргүүцэж байсан байж өөрсдөө өчнөөн олон татвар нэмэх тухай яриад эхэлсэнд хүмүүс нэлээд цочирдсон. Засгийн газар туршлага дутав уу. Та чухамдаа энэ байдлыг юу гэж харж байна вэ?

-Засгийн газраас оруулж ирсэн арван хэдэн төрлийн татварыг нэмэх төслийг УИХ дахь намын бүлэг хүлээж аваагүй. Угаасаа ард түмэндээ “татвар нэмэхгүй” гээд амлачихсан юм чинь яаж хоёр нүүр гаргаж болох билээ. Цалин хасна, татвар нэмнэ гэхээсээ илүү орлогоо нэмэгдүүлэх арга замыг сайн хай гэдэг чиглэлийг бүлгээс Засгийн газарт өгсөн. Орлогыг нэмэгдүүлэх, үрэлгэн зардлыг багасгах боломж их бий. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөр олон их наяд төгрөгийг хэсэг компани хувааж авсан. Түүнийг хүүтэй нь төлүүлэх ёстой, бондын мөнгөнүүд байна, бас 672 тэрбум төгрөгийн вексел бичиж тараасныг шалгах шаардлагатай. Түүнчлэн “концесс” гэж баахан мөнгө зувчуулдаг арга бий. Үүнийг бас нягтлах ёстой. Гэх мэтээр, айлаас эрэхээр авдраа уудалбал олон тэрбумын нөөц далдаас гарч ирнэ. Татваруудыг нэмэх тухай төслийг буцаах үед өгсөн өөр нэг чиглэл бол татварын бодлогоо бүхэлд нь эргэж нягтлаач гэсэн. Ямар, ямар төрлийн татвар, хураамжийг хэдэн шатлалтай, хэдэн хувиар тогтоох вэ гэх мэт асуудлыг цогцоор нь оруулаад ир гэсэн үг. Бүр мэргэжлийн хүмүүс, судлаачдаас бүрдсэн том баг гаргах хэрэгтэй.

-Үнэнийг хэлэхэд, МАН гарч ирснээр тэрийг ч зогсоолоо, үүнийг ч болилоо гэх юм. Өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн бүхнийг өөрчлөх гээд байгаа юм уу. Уг нь зөвийгөө аваад явж болмоор юм. Төрийн залгамж чанар байх ёстой биз дээ?

-Төрийн залгамж чанар байх ёстой. Өмнөх дөрвөн жилд шүүмжлэлтэй зүйлс их байсан боловч бас үргэлжлүүлэх бодлого, арга хэмжээ нэлээд бий. Харин ялгаж салгах хэрэгтэй. Тухайлбал, орон сууцны ипотекийн зээл байна. Үүнийг шүүмжлэх хүмүүс байдаг ч 90 шахам мянган хүн орон сууцтай болсон. Орон сууцны зээлтэй хүн сар бүр зээлээ төлөхийн тулд ажилтай, орлоготой байх хариуцлага хүлээдэг. Үүнийг үргэлжлүүлэх ёстой төдийгүй байрны зээлээ сар бүр төлөөд явах боломжийг хангах талаас нь төр бас анхаарах учиртай. Байрны зээлтэй хүний цалинг хасаад байвал утгагүй.

-Цалин хасах тухай яриа олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Ардын намын бүлэг тэр шийдвэрийг нэг удаа буцаалаа. Орон нутгийн сонгууль өнгөрсний дараа Засгийн газар дахиад оруулаад ирэх юм биш биз?

-Үгүй байлгүй дээ. Буцаагаад оруулаад ирвэл би л лав эсэргүүцнэ. Цалин хасч болохгүй хэд хэдэн ноцтой үндэслэл байгаа. Нэгдүгээрт, бид сонгуульд оролцохдоо цалин, тэтгэвэр, тэтгэмжийг жил бүр нэмнэ гэж амласан. Хорогдуулах биш байнга нэмнэ гэж хэлээд 65 суудал авсан. Хоёрдугаарт, сүүлийн дөрвөн жил цалин тэтгэврийг УИХ, Засгийн газар үндсэндээ нэмээгүй. Өмнө нь 20, 30 хувиар нэмдэг байсан. Нэмж чадаагүй байж хасна гэдэг дэндүү харалган үйлдэл мөн. Нэмж чаддаггүй бол ядахдаа танаж хасахгүй байх ёстой. Гуравдугаарт, сүүлийн дөрвөн жилд барааны үнэ их өсч ам.долларын ханш үлэмж чангарсан тул төгрөгийн худалдан авах чадвар суларч тэр хэмжээгээр бодит цалин хорогдсон. Бод л доо, доллар 1200 төгрөгтэй тэнцэж байх үед 500 мянган төгрөгийн цалин гэдэг чинь 416 ам.доллараар солигддог байв. Тэгвэл одоо 2250 төгрөгөөр тооцвол өнөөх 500 мянга маань ердөө 222 ам.доллартай дүйцэхүйц болтлоо багассан. 194 ам.доллартай дүйцэхүйц хэмжээний цалин алга болсон байна гэсэн үг.

-Засгийн газар цалин хасна, татвар нэмнэ гэж зүтгээд харин олонхийн бүлэг нь эсэргүүцээд л байх юм. Нэг нам байж бодлогоо уялдуулж болдоггүй юм уу?

-Зөв л дөө. Бодлогоо уялдуулах ёстой. Засгийн газар маань шинэдээд гэх үү, цочирдоод гэх үү тийм алдаа гаргалаа. Засгийн газар ажлаа хүлээж авсан даруйдаа Улсын сангаа нээгээд үзсэн чинь авдар нь хов хоосон, баахан өрийн данс байсан бололтой. Тэгээд л хүчтэй шоконд орсон байх. Хоёрдугаарт, байгуулагдаад хорьхон хоногийн дараа төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирсэн шүү дээ. Хорин хоногийн дотор туршлага багатай тэр хүмүүс яаж ажилтайгаа бүрэн танилцаж чадах билээ дээ. Ялангуяа орлогыг яаж нэмэгдүүлэх талаар олигтой тооцоо хийж чадаагүй. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Хамгийн амархнаар нь цалин хасах, татвар нэмэх аргыг л сонгосон. Уг нь сайд нар эхлээд салбар салбарынхаа гол гол төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийнхэнтэй уулзаж саналыг нь сонсон бас ард иргэдийнхээ бодол хүслийг тандан юу хийх талаар ерөнхий баримжаа төсөөлөлтэй болсныхоо дараа төсвийн тодотголоо барьж авах ёстой байсан байх. Тэгээд төсвийнхөө гол гол зарчмын асуудлаар бүлгийнхэнтэйгээ зөвлөлдөж санал нэгдсэний дараа УИХ-д өргөн барьсан бол ийм их шуугиан дуулиан гарахгүй байсан болов уу. Яахав нэг удаа алдлаа. Үүнийгээ давтахгүй биз.

-Үрэлгэн зардлыг багасгах ёстой гэж та хэлж байна. Энэ талаар ямар, ямар арга хэмжээ авч болох вэ?

-Сүүлийн үед ч төрийн албан хаагчид их тансагласан шүү. Байгууллагаараа төрийн мөнгөөр гадаадад их зугаалсан. Хөдөө томилолтоор явах хүн заавал Лексус-570 юм уу, Ланд 200 шаардан баазын нөхдийг толгой түрүүгүй загнаж байхыг харж л байлаа. Одоо хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, хөрсөн дээрээ буух цаг болсон нь үнэн. Юун төлөө 65 суудалтай билээ. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж хотыг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болгон аймаг сумдаа цөөлөх хэрэгтэй. Аймгийн төвийн хажууханд сум байх ямар ч шаардлагагүй. Сургуулиуд нь хоосон шахуу байдаг юм билээ. Нийтдээ 70 орчим сумыг татан буулгах боломжтой гэсэн тооцоо байдаг юм. Бас сум бүхэнд 11, 12 жилийн сургууль байх шаардлага байна уу. Сүүлийн үед төрийн байгууллагууд олон тэрбум төгрөгөөр хот хөдөөгүй тус тусдаа том, том байр барьж эзэгнэх болсон. Бөөн зардал. Төрийн байгууллагуудыг байр савны хувьд нэгтгэх хэрэгтэй. Суларсан байгууллагуудыг эмнэлэг, сургууль, цэцэрлэг болгох боломжтой. Зардал их хэмнэнэ. Хотод зарим эмнэлэг байр сав байхгүй. Хувийнхнаас байр түрээслэн иргэдэд олигтой үйлчилж чадахгүй байна. Энэ мэтчилэн яриад байвал өөрчлөн зохион байгуулах зүйл зөндөө байна.

-Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог бичигдээгүй хууль бий. Харин танай намын даргын хувьд Ерөнхий сайд биш УИХ-ын дарга болсон. Та үүнийг чуулган дээр шүүмжилж байсан байх аа?

-Тийм. Буруу шийдвэр гэж үзэж буйгаа би Намын Удирдах зөвлөлийн хурал дээр, бас чуулганы танхимд ч хэлж байсан. Парламентын засаглалтай ямар ч улс оронд ялсан намын дарга нь Ерөнхий сайдаа хийж, намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын хөтөлбөр болгон гардан хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулдаг. Хямралтай энэ хүнд цаг үед бүр ч тийм шаардлага тавигдаж байна. Ийм л тодорхой зүйл дээр манайхан өөр шийдвэр гаргасан. Үүнийг Энхтүвшин ч хэлээд байгаа юм биш, дэлхий нийтэд нэгэнт тогтсон зүйл юм.

-Сонгуульд амласнаа биелүүлж чадахгүй бол дараа нь хариуцлагыг Ж.Эрдэнэбат гэдэг хүн хүлээх үү, эсвэл М.Энхболд дарга уу?

-Хариуцлагыг тэр хүлээнэ, энэ үүрнэ гэж ярьдаг л юм. Яг үнэндээ, нам ялагдвал хариуцлагын хүнд, хохирлын ихийг жирийн гишүүд, дэмжигчид л хүлээдэг шүү дээ.

 -УИХ-д 38 суудал авахад л олонхи болох байсан. Гэтэл танайх 65-уулаа. Олон байхын зовлон байна уу. УИХ-д ингээд олноороо ороод ирэхээр “Мэргэжлийн Засгийн газар” байгуулахад ч хүндрэл үүссэн гэж танайхан ярьж байсан?

-Олдохоороо өлдөнө гэдэг үг бий нь бий. Гэхдээ арай ч тэгэхгүй байх гэж найдах юм. Сайн зохион байгуулж чадвал 65 гишүүнтэй бүлэг гэдэг маш том хүч шүү. Хэнээс ч, юунаас ч хамааралгүйгээр хүссэн бүхнээ өөрчилж чадна. Үндсэн хуулийг ч дангаараа өөрчилж чадна. Зохион байгуулж чадахгүй бол бас юуг ч бусниулж дөнгөнө. Зохион байгуулна гэдэг нь эхлээд эв нэгдлийг хангана гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, хуурамч, дүр эсгэсэн биш, итгэлцэл дээр тулгуурласан, жинхэнэ эв нэгдэл байх ёстой. Адилхан л тойрог, тойрог дээрээ өрсөлдөж, намын буянаар сонгогдсон хэрнээ нэг хэсэг нь таахалзаж данхагнаад л, харин нөгөөдүүл нь хатавч хавьд захлагдаад эхэлбэл хэрэг бишдэх нь тэр дээ.

-Удахгүй орон нутгийн сонгууль, он гараад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Орон нутгийн сонгуулийн дүнгээс иргэд танай намд ямар дүн тавьж байгааг харж болох уу?

-Болно. Ардын нам УИХ-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгоод баталчихлаа. Улс орны байдал маш хүнд байгааг ард түмэн сайн ойлгож байна. Засгийн газрын ажил дөнгөж эхэлж байна. Дээрээс нь ирэх сарын 19-нд болох орон нутгийн сонгуульд манайхан тун боломжийн хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Ард түмэн ухаантай юм хойно, саяын сонгууль шиг ноён нуруутай шийдвэр гаргах байх аа.

-АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь байтугай намын дарга хэн болох нь мэдэгдэхгүй удаан явлаа. Харин танайхаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорхой гэх юм. Энэ үнэн үү?

-Манай намын 220 мянган гишүүний өмнөөс хэн тэгж сайн мэдэж яриад байгаа юм бол? Цаг нь болохоор тэр шийдвэрийг олон түмний саналыг үндэслэн намын Бага Хурал гаргана. Нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөн явах байх. Би намын дарга байхдаа тийм л зарчим баримталж байсан.

-Нээрээ, та МАН-ын дарга байхдаа, 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүнтэй өрсөлдөөд байсан байх аа?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нартай өрсөлдсөн. Хэн нэг хүн ямар нэг албан тушаалыг өмчлөх ёсгүй гэж боддог учир анх удаа манай намд тийм өрсөлдөөн болсон юм. Манай Лүндээгийн хэлдгээр, ардчиллын салхийг сэвэлзүүлсэн гэх үү дээ.

-Тэгэхээр энэ удаад өмнөхийн адил зарчмаар явна гэж та бодож байна уу?

-Манай нам ардчилалтай нам учир тэр зарчмаас гажихгүй байх. Гол нь ард түмэн ямар хүнийг, хэнийг хүсч байна гэдгийг л мэдрэх асуудал шүү дээ. За, энэ ч яахав, цаг нь болохоор хүссэн, хүсээгүй яригдах асуудал.

-Улстөрчдийн хүүхдүүд улс төрд ихээр орж байна гэсэн шүүмжлэл явдаг. Гэтэл дэлхийн жишигт улстөрчдийн хүүхдүүд улс төрд амжилттай яваа нь анзаарагддаг. Таны хүү улс төрд хөл тавихад та хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Хүний хүүхдүүд өөр, өөрийн хүсэл сонирхолтой. Би дөрвөн хүүхэдтэй. Улс төр сонирхдог нь байна, бас сонирхохгүй нь ч байна. Өөрийн чинь асуугаад байгаа хүү маань 2000 оноос хойш сонгуульд намайг дагаж явлаа. Аравдугаар ангиа дөнгөж төгсөөд л сонгуулийн штабт орж, сонин, сурталчилгааны материал тараахаас ажлаа эхэлсэн. Тэгж явсаар аяндаа улс төрд татагдсан байх. Түүнээс биш аав нь хүчээр улс төрд оруулна гэж юу байхав. Э.Золбоо маань өнөө жил миний сонгуулийн штабыг удирдлаа. Сайн ч удирдсан. Хүү маань намын дэргэдэх залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгч, хотын намын хорооны тэргүүлэгч гээд тун завгүй л хүн явах юм байна шүү дээ.

-Таны хүүг албан тушаалд томилох гэтэл татгалзсан гэж дуулж байсан юм байна. Та болиулсан уу. Та хүүдээ хэр нөлөөлдөг вэ?

-Би ер нь авгай, хүүхдээ дарга болгох гэж хөөцөлддөггүй. Харин сургуульд сургах гэж хөөцөлддөг. Үнэхээр мундаг хүн болсон юм бол, өөрөө дээшээ явна биз. Наадмаар хэдэн ахмад аварга, арслан, заануудаар өөрийгөө амлуулж, буулгаж аван, даваа, даваа ахиулаад шөвгөрдөг, чадал муутай бөх шиг амьтан болчихвол яах юм бэ. Өөрийнхөө орон зай, цаг хугацааг өөрөө бүтээж, бусдаар хүлээн зөвшөөрүүлж гарч ирэх нь зөв шүү дээ. Хүүгээ би нэг зүйл дээр үнэлж байгаа. Сонгуулийн дараа бараг хүн бүхэн дарга болно, албан тушаал авна гээд улайрч байхад мань эр огт тэгэхгүй байна лээ. Нам дээрээ, Залуучуудын холбоондоо үлдье гээд хоцорсон. Зөв шүү дээ. Нас байна, цаг байна. Ер нь,  нам, төрийн ажлыг дороос нь эхлэх ёстой юм. Ажилд нухлуулсан хүмүүс их өөр байдаг. Аливаад сэтгэлтэй ханддаг. Зөв шаардлага тавьж чаддаг. Гэтэл, зарим залуучуудыг хараад байхад шууд л дарга болно гэх юм. Хэн нэг даргын цүнхийг барьж яваад л дарга болчих санаатай. Төрд ерөөсөө ажиллаж үзээгүй мөртлөө дэд сайд, газрын дарга болно гээд анкет бөглөөд сууж байна. Энэ бол төрийн боловсон хүчний бодлого дээр завхрал гарч байгаагийнх. Анхнаасаа зарчим алдагдчихаар бүгд ингэж дайрдаг юм. Зарчим нь тодорхой, шаардлага хатуу, босго нь өндөр байсан бол бүгд ингэж улайрахгүй.

-Таныг “Нам бодлоготойгоор бэлдсэн боловсон хүчин” гэж дуулж байсан юм байна. Үнэн үү?

-Би намын ажлыг 1980 оноос түүхийг нь судлах ажлаас эхэлсэн. 10 шахам жил эрдэм шинжилгээний дэд ажилтан хийсэн. Дараа нь Төв хороо намайг жинхэнэ намын ажилтан болгох гэж Москвад Нийгмийн ухааны академид явуулсан. Төгсч ирмэгц, эрдэм шинжилгээний ахлах ажилтан болгож, намын түүхийг үргэлжлүүлэн судлуулсан. Тэгж байж, 1996 оноос Намын удирдах албан тушаалд дэвшүүлсэн. “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, хотын намын хорооны дарга, намын нарийн бичгийн дарга, тэгээд 2012 онд МАН-ын дарга гэсэн шат дарааллаар явжээ. Ийм л намтар, түүхтэй. Уг нь ингээд бодохоор, нам надад их анхаарал тавьжээ. Гэсэн ч хүн хойно алдаж, оносоор явна даа.

-Та өнгөрсөн жилүүдэд зарчим алдагдсан байсан, одоо ч анзаарагдаж байна гэлээ. Төрийн албанд мөнгө төлөөд очдог тийм байдал газар авсан юм биш үү?

-Би мөнгө өгч, авалцаж байхыг нүдээрээ харсангүй. Гэхдээ мөнгөөр албан тушаалд томилогдоод байна гэсэн яриаг сонсч байсан. Сонгуулийн өмнө тарсан бичлэгтэй холбоотой зүйлс хэвлэлүүдээр ч их бичигдэж байна. Ийм яриа газар авах нь тун хортой. Үүн дээр манай нам яаралтай хариу өгөх цаг болсон. Төрийн албыг мөнгөөр худалдсан зүйл байхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэх ёстой. Чимээгүй байна гэдэг зөвшөөрч байгаагийн илрэл гэж хүмүүс ойлгоно. Томилгоо хийсэн хүмүүс үүн дээрээ тайлбар өгөх цаг болсон.

-Танай нам эв нэгдэлтэй, зангидсан гар шиг гэж онцлох дуртай. Бодлогоор оруулж ирсэн зүйлсийг өөрчлөх, шүүмжлэх дургүй. Харин та шүүмжилж байгаа нь тод харагддаг. Намын бодлогын эсрэг яриад байх нь хааяа гал дууддаг уу?

-Би намынхаа бодлогын эсрэг хэзээ ч явж байсангүй. Цаашдаа ч үгүй. Харин намдаа, намынхаа нөхдөд тус болох үүднээс хааяа хааяа шүүмжлэл тавьдаг нь үнэн. Цаашдаа ч тэгнэ. Алдаа дутагдал гарвал хэлж байх ёстой шүү дээ. Ажил хийж байгаа хэн ч алддаг. Юу ч хийхгүй байгаа бол ямар алдаа гарах вэ дээ. Тийм учраас алдахаас айх хэрэггүй. Харин алдаагаа ухаарч, засч чадаж байна уу үгүй юу гэдгээс л цэцэн эсхүл тэнэгийн алин болох нь харагддаг. Шүүмжлэлийг хүлээж аваад, алдаа дутагдлаа дор нь засч чадаж байгаа бол тэр нам хүчирхэг, тийм хүн ухаантай. Зарим хүн хэлэх ёстой үед нь хэлээгүй байж өнгөрсөн хойно “Тээр, ингэх гээд байсан юм аа. Би мэдээд байсан юм” гэж ухаалаг, шударга дүр эсгэдэг. Тэр бол шал дэмий хэрэг. Би ийм бодолтой явдаг учраас хааяа шүүмжилчих гээд байдаг юм. Эргээд бодох нь ээ, би дээд дарга нартайгаа үе үе “шөргөөцөлдсөөр” иржээ. Н.Энхбаяр даргатай сайхан ажиллаж байснаа сүүлдээ “дарангуйлал тогтоолоо” гээд жигүүр хүртэл байгуулж явсан. С.Баяр даргыгаа бас шүүмжлээд авсан. С.Батболд маань намын даргаар 100 хувийн саналаар сонгогдох гэж байхад “ардчилал алга болох нь” гээд л бас заалнаас нэр дэвшиж өрсөлдсөн. Одоо бас тэсэлгүй М.Энхболдыгоо үе үе гөвөх юм, золиг чинь. Гэхдээ хар буруу санасандаа биш, туслах л гээд байгаа ухаантай. Ер нь нүднээс далд, араар нь биш нүүрэн дээр нь хэлэх нь чухал. Хүн нэг үгтэй, нэг нүүртэй байгаасай гэж боддог.

-Таныг шүүмжлэл хэлсний дараагаас албан тушаал авах гэж тэгж байна, өмнө нь жигүүр байгуулж байгаад албан тушаал авсан гэсэн яриа гарч, сониноор шүүмжилдэг. Ингээд ирэхэд нь больё доо гэж халширдаггүй юу?

-Үгүй ээ. Хэлж л байна биз, бичиж л байна биз. Муу хэлүүлэхээс халширч байгаа бол улс төрд орохын хэрэг юу байна. Хэнээр ч муулуулахгүй гэвэл гэртээ суугаад эсвэл зах дээр бараа зараад зогсч болно шүү дээ. 

-Удахгүй аравдугаар сарын 2 болно. Улс төрийн аллага гэгддэг С.Зоригийн хэрэг сонгуулийн өмнө бас засаг солигдсоны дараагаас ёс юм шиг яригддаг болоод удаж. Хотын дарга асан Э.Бат-Үүл хэвлэлийн хурал хийлгэж, түүнийг холбогдуулж байгааг мэдэгдлээ. Та энэ талаар юу гэж бодож явдаг вэ?

-Юу гэмээр юм бэ дээ. Ардын нам олонхи болсон үед Э.Бат-Үүлийг барьж хорих гэж оролддог хэмээн шуугиад байх юм. 2000 онд бас нэг ийм явдал болж байсан. Санамсаргүй юм уу, санаатай юм уу. Би энэ хэргийг шалгаж мөрдөж байгаа улсуудтай ямар нэгэн холбоо байхгүй, мэдээлэлгүй учраас шууд дүгнэж чадахгүй. Миний хувийн бодол гэвэл энэ улсад чинь төр гэж байгаа юм бол, цагдаагийн байгууллага, тагнуул гэж байгаа юм бол энэ хэргийн учрыг даруй олж, нэг мухарлаасай гэж хүсч байна. Байж байгаад л үе, үе босч ирдэг нэг ийм хэрэг сүүлийн хорь шахам жил явж байна. Ямар учиртай болохоор энэ хэрэг илэрдэггүй юм бол. Уг нь илрүүлэх гээд янз янзаар оролдоод байдаг. Намайг ЗГХЭГ-ын дарга байхад ХЗДХЯ-наас энэ хэргийн талаар үнэтэй мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөгөөр шагнана гэж зарлаж байлаа. Тэр үед илэрчих юм болов уу гэж байтал тэгсгээд чимээгүй болоод бүдгэрсэн. С.Зориг алагдсан нь эмгэнэл, үүнийг илрүүлж чадахгүй байгаа нь бүр ч том эмгэнэл шүү.

-Өнгөрсөн сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэх тухай яригдаж ажлын хэсэг хүртэл байгуулагдсан ч шийдэлд хүрсэнгүй. Та энэ нэгдлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би энэ талаар дөрвөн жил ярьсан даа. Нам ч бай, гэр бүл ч бай хуваагдана гэдэг хүсэх зүйл биш. Нэгдэнэ гэдэг гайхамшиг. Би энэ логикоор ханддаг. Муудалцаад салсан гэр бүл эргээд эвлээд нэгдэх сайхан шүү дээ. Ам зөрөөд дуугарахаа байсан хоёр нөхөр ойлголцоод буцаад нөхөрлөөд явах сайхан. Тийм л асуудал юм. Сонгуулийн өмнө нэг тийм боломж бүрдсэн, бодит зүйл болж чадсангүй.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-д элсэх гэж байгаа тухай мэдээлэл зарим хэвлэлээр явах болсон. Үнэн болов уу?

-Ёстой мэдээгүй юм байна. Арай үгүй байлгүй дээ.

-Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай л гэдэг. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүний бүрэн эрхийн хугацаа дуусч, Төрийн ордонг орхиод явахад ганцхан та цэцгийн баглаа бариад үдэж гаргасныг одоо ч мартдаггүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд тэгэх үүрэг хүлээв үү, хүнийхээ хувьд тэгэх ёстой гэж бодсон уу?

-Төр талаасаа ч, хамт зүтгэж явсан нөхрийн хувьд ч тэгэх л ёстой байсан. Бидний хувьд харилцааны урт түүх бий. Гар нийлж, сайхан ажиллаж байсан жилүүд, бас жигүүр, энээ тэрээ гэх мэт сонирхолтой хуудсууд ч бий. Хамгийн гол зүйл бол хүн чанар гэж нэг юм байх ёстой.  Төрийн ажлын журам, дүрэм, ёс зүй гэж бий. Тэр талаасаа л цэцэг барьж очсон. Намд ч, төрд ч хийсэн юмтай хүн шүү дээ. Бас алдаа ч бий. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч  гэсэн гурван том албыг хашсан гэдэг нь нэгийг хэлээд байгаа хэрэг.

-Та Н.Энхбаяр даргатай үнэхээр олон жил хамт ажилласан. Тэр хүний байгуулсан гавьяа, хийсэн нүглийг дэнсэлбэл аль нь илүү жин дарах бол?

-Хүний хувь заяа гэж сонин юм даа. Хэдэн жилийн өмнө Н.Энхбаяр гэдэг хүнийг эзэн хаан, оройн дээд Очирдарь гэх нь холгүй байлаа. Бөхөлзөж тонголзсон, шагшин магтсан тойрон хүрээлэгчид ч мөн олон байлаа. Өнөөдөр болсон чинь зарим нь нэрийг нь хэлэхээс ч цэрвэдэг болжээ. Энэ цагийн араншин юм байлгүй. Бусдыг нь ч ийм л хувь заяа хүлээж байгаа байх. Н.Энхбаярт хийсэн юм их бий шүү дээ. Яг өнөөдрийнх шиг хүнд үед буюу 2000-2004 онд намаа ялуулж, засгаа толгойлон хямарсан орныг босгоод ирж чадаж байсныг түүх гэрчилнэ. Мянганы зам, иргэдэд газар хувьчлах гэх мэт томоохон ажлууд түүний нэртэй холбоотой. Орост төлөх их өрийг тэглэсэн гээд тоочоод байвал бага биш жагсаалт гарна. Н.Энхбаяр дэргэдэх хүмүүсээ маш сайн шахаж ажиллуулдаг. Өөрөө ч амрахгүй, бусдыг ч амраахгүй шүү дээ. Бас алдаа ч нэлээд гаргасан. Сүүлдээ амжилтандаа толгой нь эргэж эхэлсэн. Шүүмжлэлд дургүй болсон. Реклам шоуг шохоорхох нь нэмэгдсэн. Хүн танихдаа улам муу болсон гэх мэт дутагдлаа өөрөө тэр бүр мэдээгүй л дээ. Гэхдээ л яалт ч үгүй энэ цаг үеийн том лидер мөн.

-Удирдагч хүнийг эвддэг тойрон хүрээлэгчид гэж үнэхээр байдаг уу?

-Байлгүй яахав. Аль ч цаг үед байдаг үзэгдэл шүү дээ. Удирдагч хүн тэднийг тэр бүр анзаардаггүй. Анзаарсан ч нэг л мэдэхэд тэдний нөлөөлөлд автчихдаг бололтой юм билээ. Аль ч удирдагч дээшээ явах тусам улам хартай болж хэрэгтэй хэрэггүй мэдээлэлд их дуртай болдог. Үүнийг нь түүнд наалдах гэсэн нөгөө эвгүй нөхөд тун соргогоор мэдэрч, овжноор ашигладаг. Худал үнэн мэдээлэл хов жив зөөж долигоносоор байгаад тэд даргын хамгийн итгэлтэй хүмүүс буюу тойрон хүрээлэгчид болдог. Ингээд нэг л мэдэхэд удирдагч маань самрын яс шиг бүрхүүлд орж бодит орчноос тусгаарлагдсан нэг талын мэдээллээр ажлаа явуулдаг өрөвдмөөр амьтан болж хувирдаг. Олон түмнээс хөндийрсөн ийм дарга яаж удаан тэсэх вэ дээ. Удалгүй унадаг жамтай. Унасных нь дараа харин нөгөө тойрон хүрээлэгчдийнх нь  зарим нь бусдаас түрүүнд дуугарч шударга дүр эсгэн удирдагчаа дэвсэлж гардаг. Ийм л нийтлэг дүр зураг харагддаг юм билээ. Эвгүй байгаа биз.

-Нэг хэсэг  Ерөнхий сайдыг огцруулахаар намын гишүүд нь гарын үсэг цуглуулж байна гэсэн яриа сонстсон. Тэр дунд таны нэр явж байсан. Энэ үнэн үү?

-Юу гэж тийм юм байхав дээ. Ямар, гарын үсэг цуглуулах, огцруулах дон туссан биш. Ажлаа дөнгөж эхэлж байгаа, тэр тусмаа, маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа Засгийн газрыг оролдох биш, дэмжих талаас нь хандах ёстой шүү дээ. Цаашдаа гагцхүү ажлын үр дүнг нь харж ярьцгаая. Хариуцлага тооцох хугацаа хангалттай бий.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив