Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ө.Энхтүвшин: Хариуцлага гэдэг үг монгол хэлний үсгийн сангаас алга болчих гээд байна
2016 оны 6 сарын 10 [Уншсан тоо: 21763]

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-2012-2016 оны парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн хоног үлдээд байна. Сөрөг хүчний байр сууринаас ажилласан таны хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ парламент хэрхэн ажилласан гэж дүгнэж байна вэ. Үе үеийн парламентад хууль тогтоохоосоо илүү сандал суудлын асуудал хэлэлцдэг гэх шүүмжлэл энэ удаад ч гэсэн их яригдах шиг боллоо?

-УИХ-аас гаргасан хууль шийдвэрүүдийн тоог авч үзвэл их олон тооны хууль гарсан байна лээ. Гэхдээ чанар ямар байсан бэ гэдэг хамгийн чухал асуудал.  Гайгүй сайн хуулиуд гарсан. Бүгдийг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, намууд хамтраад Монгол улсын хөгжлийн бодлогоо тодорхойлж баримт бичиг гаргасан. Энэ бол зөв зүйтэй ажил болсон. Хамгийн сүүлд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гарлаа. Энэ хуулийг их боломжийн хууль болсон гэж бодож байна. Олон жилийн турш гэр бүлийн асуудлыг айл гэрийн хувийн асуудал гэж үздэг байсан. Гэвч гэр бүл доторх хүчирхийллийн асуудал улам хүнд асуудал болсон учраас төрөөс зориуд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гаргасан нь тун зөв ажил болсон. Гэхдээ батлагдсан хуулиуд маань нийгмийн ямар, ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ гэхээр бас л хэцүү байгаа юм. Ядуурал нэмэгдчихлээ, гадаадын хөрөнгө оруулалт эрс багаслаа, гадаадад тавьсан өр зээлийн хэмжээ огцом нэмэгдэж, шударга ёс байхгүй боллоо гэж зарим хүн ярьж байна. Ингээд бодохоор энэ парламентын үйл ажиллагаанд тааруухан үнэлгээ л өгөх гээд байна. Баталсан хуулийн тоо чухал биш, нийгмийн байдал, ард түмний аж амьдралаас харахад л ийм үнэлгээ өгч таараад байгаа юм.

-Эрх баригч нам сандал суудал, албан тушаалын талаарх асуудлыг шийдвэрлэхэд хамаг цагаа зарцууллаа гэх шүүмжлэл их байгаа. Танайхан ч тэгж бас шүүмжилдэг байсан?

-Огцруулах асуудал дээр нэлээн цаг зарцуулсан нь үнэн л дээ. Үүнийг МАН-ын бүлгээс байнга шүүмжилж ирсэн. Энэ цаг хугацаагаа бодит ажил руугаа парламентын үйл ажиллагааг чиглүүлэхэд зарцуулж, гаргах гэж байгаа хуулийн талаар ард түмнээсээ санал аваачээ гэдгийг байнга сануулж байсан. Ард түмний саналыг сонсохгүй болохоор түүхий хууль гарах магадлал их байдаг. Наадам, цагаан сар дөхсөн үед, чуулган завсарлахыг далимдуулж хуулиудыг олноор нь баталж гаргадгаас болж маш муу хуулиуд яг энэ үед л батлагддагийг бид шүүмжилдэг байсан. Ганцхан сайдын томилгоог хэлэлцэхийн тулд 14 хоног зарцуулах үе гарч л байсан.

-МАН сөрөг хүчин болж ажиллалаа. Хэсэг хугацаанд хамтарч засаг барьж ч үзлээ. Сөрөг хүчин байх хугацаандаа бүх асуудалд шүүмжлэлтэй хандаж ирсэн гэж ч шүүмжлүүлдэг. Нөгөө талдаа сөрөг хүчин байж сураагүй болохоор хийж чадахгүй байна ч гэсэн яриа байсан. Ингэхэд танай нам хэр сөрөг хүчин байсан бэ?

-Сөрөг хүчин гэдэг ойлголтыг хүмүүс өөр өөрөөр ойлгодог юм шиг байгаа юм. Намайг намын дарга байх үед манай намыг хэр хүчтэй сөрөг хүчин байсан бэ гэх асуулт ч ирдэг байсан. Энэ ойлголтыг нийгмийн нэг хэсэг нь эрх баригч намаа шийдвэр гаргуулахгүй, хурал хаяж гараад, гадаа жагсаал хийж, өлсгөлөн зарлаж, суулт хийх зэрэг хурц үйлдлүүдийг л ойр ойрхон хийгээд байвал хүчтэй сөрөг хүчин гэж ойлгох гээд байдаг. МАН ийм байдлаар ажилласан уу гэвэл үгүй. Бидний хувьд тэмцлийн хурц хэлбэрүүдийг сонгож ажиллахыг илүүд үзээгүй. Бид ойлголцолд хүрч явахыг л илүүд үзсэн. Яг энэ талаасаа магадгүй сулхан сөрөг хүчин гэж харагдсан байж болох юм. Сөрөг хүчин гэдэг бол асуудлыг гаргаж тавьдаг, мэтгэлцдэг, шахаж шаарддаг байх ёстой  гэдэг байр суурийг л бид баримталсан. Бид зөв зүйтэй хууль оруулж ирвэл дэмжиж, харин засч залруулах шаардлагатай хуулийг шүүмжилж засуулахын төлөө ажилладаг байсан. Тийм ч учраас бид хэсэг хугацаанд засагт хамтарч ажилласан ч харамсалтай нь тийм сайн үр дүн гараагүй л дээ. Уригдаж ороод хөөгдөж л гарсан  даа.

-Та үүнтэй хэр санал нийлэх вэ?

-Хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд гарсан. Жишээлбэл бид анх удаа төсөв гэдэг зүйлийг маш олон байсныг нэг төсөв болгож чадсан. Монгол улс яг ямар хэмжээний өртэй байсныг бид бодитоор гаргаж тавьсан. Манай намаас өрийн хэмжээ ямар байгаа талаар асуудал тавихад яг л хуулийн дагуу тавьсан босгон дээрээ л байгаа гэдэг хариултыг өгдөг байсан. Харин Сангийн сайд МАН-аас томилогдоод өрийн хэмжээг тооцоолоод үзэхэд аль хэдийн 40 хувиас давчихсан байсан. Нэгэнт давсан босгыг бид цааш дахиж давуулахгүйн тулд өрийн босгыг шинэчлэн тогтоосон. Мөн төрийн албаны томилгоог зарчимтай байлгах гэсэн байр суурь маань нэлээн өөрчлөлт авчирсан.

-Нэгэнт өрийн асуудлыг ярьсан учраас энэ талаар дахиад асуумаар байна. Өрийн тааз нэгэнт өндөр болсон хойно өнгөрсөн асуудлын хойноосхууль баталлаа гэж нэлээн шүүмжлэлд өртөж байсан. Эдийн засагчид ч өрийн таазыг нэлээн өндөр түвшинд тогтоолоо гэж байсан. Энэ байдал цаашид үргэлжилснээр Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Миний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа асуудал бол өрийн асуудал. Ялангуяа гадаад өр. Гадаад өр 21 тэрбум ам.доллар болчихоод байна. Урьд нь манай улс гадаадад өр тавьж байсан. ЗХУ-д тавьсан тэр өрийг 2003 онд тэглэсэн. Харин одоо тавиад байгаа энэ өр Оросын их өртэй харьцуулшгүй тийм их хэмжээний өр болоод байна. Орос улсын хувьд манай улсаас 250 сая ам.доллар аваад үлдсэнийг нь цайруулж байсан бол одоогийн энэ их өрийг цайруулах ямар ч боломж байхгүй. Одоо бол нөхцөлийн хувьд маш хатуу, авсан бол заавал хүүтэй нь өгөх ёстой, хэрэв өгч чадахгүй бол танай гадаад дахь дансыг хаана гэх зэрэг маш хатуу нөхцөлтэй. Авсан бол төлөх л ёстой. Маш тодорхой жишээ бий. Социалист системийн нэг гэр бүл байсан 16 орны нэг болох Тажикстан улс байна. Олон улсын байгууллагаас анхааруулсаар л байсан. Өрийн хэмжээ чинь босгоо давлаа шүү, өрийн нөхцөл их хатуу шүү гэдгийг сөрөг хүчин нь ч анхааруулж байсан. Одоо Тажикстан улс газар нутгийнхаа талыг Хятад улсад алдсан. Асар их баялагтай уулын район гэх 1500 км кв газар нутгаа Хятадад өрөө төлж чадаагүй учраас алдсан. Яг ийм л хатуу зарчим бидэнд ч үйлчилнэ. Бидний өрийн босгыг битгий давуулаач, нэмж бүү зээл аваач гэдэг шаардлага чинь ийм л учиртай юм. Асуудал даамжирсаар газар нутаг, тусгаар тогтнолоо алдах хэмжээнд очиж  магадгүй шүү дээ. МАН өрийн асуудал дээр их ч тэмцсэн дээ. Хамгийн гол нь авсан зээлээрээ юу хийсэн бэ гэдгийг бид бас л ярьдаг. Тэр мөнгөөрөө үйлдвэрлэл явуулаад, мөнгө босгоод, эргээд өрөө төлөх тийм салбарт оруулсан бол үүнийг зөвшөөрч болно. Гэтэл хичнээн жилийн дараа үр ашгаа өгөх нь үл мэдэгдэх замын салбарт маш их мөнгө зарцуулсан. Төмөр зам, цахилгаан станц, Оюутолгой, Тавантолгой руу хөрөнгө оруулсан бол гээд л их ярьсан. Харамсалтай нь  энэ дөрвөн жилд бид учрыг нь олж чадсангүй. Ардчилсан нам мэдээллээ нуусаар байгаад л өнгөрч байна. Бид 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр АТГ-т Хөгжлийн банкийг шалгуулахаар хандсан ч одоо хүртэл хариу ирээгүй л байна. Өрийн асуудал бол их том асуудал л даа. Энэ их өрийг төлөх нь ирэх дөрвөн жилийн хугацаанд л бууж байна .

-Гадаадын өрийн асуудлаас гадна дотоодын өр тодорхой хэмжээнд яригдахаар түвшинд оччихлоо. Өнөөдөр Монголын ард түмний ихэнх нь ямар нэгэн байдлаар зээлтэй байна. Эндээс харахаар манай дотоод өрийн асуудал хүнд байдалд ороод байна уу гэж харагдахаар байна?

-Ирэх жилийн төсвийн бараг тавин хувь нь гадаад дотоодын өрийн үйлчилгээний зардал руу явахаар болчихоод байна.  Ерөнхийдөө Монгол Улс маань их өртэй улс болчихлоо. Гадна талдаа ч, дотооддоо ч тэр. Төр өөрөө хувийн хэвшлийнхнээр ажил гүйцэтгүүлчихээд мөнгөө өгдөггүй, нөгөө хувийн хэвшил банкинд тавьсан өрөө төлж чаддаггүй, хүү нь өсөөд байдаг, ингээд үйлдвэрлэл байхгүй болчихож байгаа юм. Яг ийм байдалд Монгол улс орчихоод байна. Үүнээс болж хувийн хэвшил цаашаа хөдөлж чадахгүй болж, банкууд мөнгөө авч чадахгүй, тойрсон өрийн сүлжээ л Монголд бий болоод байна.

-Таны хэлж байгаа энэ амаргүй олон зүйл яах аргагүй дараагийн Засгийн газрын нуруун дээр ачаа болж очно. Бас дараагийн парламент ч хариуцлага үүрнэ. Ер нь хэр их ачаалал шилжих бол?

-Ирэх дөрвөн жил амаргүй жилүүд байх болно. Дэлхийн эдийн засгийн байдал ч тиймэрхүү төлөвтэй байх гээд байна. Манайхаас гаргадаг түүхий эдийн үнэ өсөхөөргүй хандлагатай байна. Тиймээс гарцыг хайх хэрэгтэй. Юуны түрүүнд бодлоготой, тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй засаглалыг бий болгох хэрэгтэй юм. Энэ засаглалд ажиллаж байгаа хүмүүс нь ямар хүмүүс байх вэ гэдэг их чухал. Нам дагасан чадваргүй залуусаар засаглал дүүрчихвэл хэцүү л болоод явчихна. Хамгийн гол нь шударга хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй. Хариуцлага тооцож чаддаг, төр нь ард түмэндээ үйлчилж чаддаг байх ёстой. Мөнгө гаднаас зээлсэн ч бай, ямар нэг хэлбэрээр босгосон ч бай тэр мөнгийг хуваагаад идчих л юм бол ямар ч хэрэггүй. Тиймээсзасаглалын асуудал маш чухал. Хоёрдугаарт, гаднаас л мөнгө зээлнэ гэсэн бодлоо өөрчлөх ёстой. Өр тавихгүйгээр өөрт байгаа боломжоо харах хэрэгтэй. Тухайлбал Монгол улсын баялгийн 80 хувийг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэндээ чөлөөтэй амьсгалах зайг өнгөрсөн жилүүдэд бид олгосонгүй. Одоо бол хувийн хэвшлүүд банкуудад өртэй, авлигатай, хамгийн аюултай нь айдастай, олон янзын дарамт шахалттай байна. Тэдэнд боломжийг олгоогүй учраас л гаднаас зээл авах шаардлага бий болж байгаа юм. Монголын төр тус болж чаддаггүй юмаа гэхэд гай болохгүй байхаар бизнесийн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Гадна талаасаа мөнгө босгоё гэвэл гаднаас мөнгө зээлэх биш, гадныхны итгэлийг сэргээж байж л мөнгө босгож чадна. Одоо итгэл байхгүй учраас Монголоос гадны хөрөнгө оруулалт гарсаар байгаа юм. Тэр итгэлийг сэргээхгүйгээр доллар олно гэж хэзээ ч байхгүй.

-Ингэхэд бид дандаа яагаад болохгүй бүтэхгүйгээ яаж засах вэ гэж толгой гашилгаж байх ёстой гэж. Тийм байдалд хүргэсэн хүмүүст хариуцлага тооцох талаар ердөө ярихгүй үлдээдэг...

-Хариуцлага гэдэг үг бараг байхгүй болж монгол үгсийн сангаас алга болчих гээд байна. Сүүлийн дөрвөн жил энэ тухай ер нь ярьсангүй шүү. Нэг хүнийг албан тушаалд томилоод тэгээд л болоо. Тэр хүн ажлаа сайн хийж байна уу, муу хийж байна уу, ард иргэдийг хохироож байна уу, авлига авч байна уу тэр талаар ямар ч хяналт байхгүй. Яагаад хяналт тавьж чадахаа больсон гэхээр олон фракцуудаасаа арай хийж тохироо хийгээд албан тушаалд томилчихсон учраас хариуцлага яръя гэхээр засаг бужигнуулна гэж айлгаж, шантаажилчихдаг учраас хариуцлага ярихаа больсон. Хамгийн гол нь хүний төлөө, ард түмний төлөө гэдэг бодлого алдагдчихсан учраас төрд гарах боломжийг өөрийн амьдралаа сайжруулахад ашиглах ёстой гэсэн бодол нэлээн хавтгай болсон байна шүү. Энэ бодлыг өөрчлөхгүйгээр сайн засаглалыг бий болгох, эдийн засгаа хөгжүүлэх, ард түмний аж байдлыг сайжруулах тухай ямар ч яриа хоосон зүйл болно. Тиймээс засаглалд сайн хүнийг гаргаж, тэр хүнийхээ ажилд нь хяналт тавьж ажилладаг байх ёстой. Сайн ажиллавал дэвшүүлж сайшаадаг, муу байвал өөрчилдөг ийм л тогтолцоо хэрэгтэй. 

-Хариуцлага тооцох хууль эрх зүй өнөөдөр ямар түвшинд байна вэ?

-Хариуцлагыг яаж тооцох бэ гэхээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар бол  дээрээс нь эхлэх нь зөв юм билээ. УИХ, Засгийн газраасаа эхлээд үнэхээр л ажиллаж чадахгүй байгаа бол эргүүлэн татдаг механизм байх хэрэгтэй. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан тэр хууль хэлэлцэгдэхээсээ өмнө буцаагдчихлаа.

-Өнгөрсөн хугацаанд та парламентад хэд хэдэн удаа орж ажиллалаа. Өнөөдөр иргэдийн амьдралд юу тулгамдаж байна. Иргэдтэй уулзалт хийж явахад иргэд яг юу хүсч байна вэ?

-Сайн засгийг хүсч байна. Баг, хорооны даргаас эхлээд УИХ, Засгиййн газар хүртлээ аль ч шатандаа чих зөөлөн, зөв шударга хүмүүс байгаасай гэж хүсч байна. Хууль нь бүгдэд эрх тэгш үйлчилдэг, жинхэнэ шударга ёсыг л ард иргэд хүсч байгаа. Иргэдийн амьдрал бол үнэхээр хүнд байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би Чингэлтэй дүүргийг хариуцаж ажилласан. Дүүргээрээ үе үе явахдаа хороод дундах дэлгүүрүүдийн худалдан авалт ямар байгаатай танилцаж байхад тэнд байдал үнэхээр хэцүү байна. Өдөртөө 50, 60 талх борлуулдаг байсан дэлгүүрт 10 талх ч гүйхээ больсон байх жишээтэй. Ургамлын тосыг граммаар, байцааг дөрөв хувааж авч байхтай би өөрөө таарсан.Тэгээд энэ бүх худалдан авалтын ихэнх нь зээл. Яг ийм байдал Улаанбаатар хотын гэр хороолол, аймгийн төвүүдэд их байна. Монголын ард түмэн их тэвчээртэй учраас болох байлгүй дээ гэж тэвчсээр өнөөг хүргэсэн. Гэтэл яг үнэндээ амьдрал бол тун хүнд байгаа.

 -Сонгуулийн уур амьсгал орчихсон энэ үед нэг тал  нь хийсэн бүтээснээ ярьж, нөгөө тал нь шүүмжлэлтэй хандаж байна. Сонгууль дууссаны дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Энэ бүхний эцэст ямар өөрчлөлт гараасай гэж та бодож байна?

-Үе үеийн сонгууль ер нь л амаргүй болдог л доо. Энэ жилийнх бол бүр их амаргүй болох шинжтэй байна. Сурталчилгааны  хугацаа их богино, их олон нам, олон нэр дэвшигчид оролцсон ийм сонгууль болох гэж байна. Таны хэлдгээр сонгууль болдгоороо болж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ гэдгийг намууд ч нэр дэвшигчид ч маш сайн бодох хэрэгтэй. Дөрвөн жил чимээгүй байж байснаа гэнэт сонгуулийн өмнөхөн ард түмэнд тооцоо байхгүй их юм амлаад байна шүү дээ. Япон руу хэдэн мянган хүн явуулна л гэнэ, тэтгэвэр нэмэх мөнгө байхгүй гэчихээд сонгуулийн өмнө тэтгэврийн доод хэмжээг гэнэтхэн нэмэгдүүлнэ л гэнэ. Энэ мэт тооцоо судалгаагүй ард түмэнд таалагдах гэсэн энэ амлалтууд буруу л байхгүй юу. Намууд зөвхөн үнэн юмыг ярьж л сонгуульд оролцох ёстой. Ард түмэнд үнэнээ хэлэхгүйгээр энэ улсыг авч явна гэж байхгүй. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ.





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив