Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
С.Буджав: Давж туулсан бүхэн илүү ихийг давах хат тэвчээрийг суулгадаг юм байна
2016 оны 5 сарын 24 [Уншсан тоо: 43540]

Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Сандагийн Буджавтай ярилцлаа.


 
-Монголчууд бид урт удаан өвлийг давж, хавсарга жавартай хаврыг туулж зуны эхэн сартай золгож байна. Сайхан зусч байна уу. Өнгөрсөн өвөл, хаврыг Дундговийнхон маань хэрхэн давсан бэ?

-Урин дулаан цаг ирээд байна. Мал төллөлт бараг дууслаа. Өнгөрсөн  жилийн хувьд багагүй хүндрэлтэй өвөл хаврыг туулсан ч бүр хүнд жилүүдийг бодвол гайгүй жил байлаа. 1999, 2000 оны зуд бидэнд маш том сургамж болж байв. Тэр зудны дараа манай аймагт үхэр бараг байхгүй болж байлаа. Сая хүрэхгүйтэй үгүйтэй мал үлдэж байлаа. Үүний дараа 2009, 2010 онд бас айхтар зуд болж байсан удаатай. Ер нь хахир хатуу өвөл, хүнд хэцүү хавар, аагим халуун  бүгд дэлхийн дулаарал, Монголын өмнөд, Хятадын хойд хэсэгт нүүрлээд байгаа цөлжилт зэргээс шалтгаалж байна л даа. Өмнөговийн уул уурхай ч дам дамаа манай малчдын бэлчээр, унд усанд ихээр нөлөөлж байгаа. Энэ бүх өөрчлөлт, цаг уурын дулаарал нь нэг талаас нүүдлийн мал аж ахуйн арга барилыг өөрчилж, малчдаас жил бүр ган, зудад бэлэн байхыг шаардаж байгаа гэж болно. Малчид маань ч жил ирэх тусам байгалийн бэрхшээлийг давж гарах бэлтгэлээ сайн базаадаг болжээ. Нөгөө талаас энэ бүхэн биднээс бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжүүлэх, малын чанар чансааг сайжруулж ажиллахыг шаардаж байгаа гэж ч болно.

-Аймгийн хурлын даргад нутаг орон, малчдын амьдрал ахуй гээд олон асуултыг тавьж болох байх. Гэхдээ тантай хувь хүний тань талаар илүүтэй ярилцмаар байна. Залуучууд хот руу амьдрал хайж ирдэг байхад та сургуулиа төгсч нутгаадаа буцаж, нутаг орондоо олон жил ажиллаж амьдарчээ...

-Би төрсөн цагаасаа л нутагтаа амьдарч байна. Дунд нь их сургуульд суралцсан дөрвөн жил, сүүлд Сингапур, Америкт гурван жил сурснаас бусад үед нь төрж өссөн нутагтаа 29 дэх жилдээ л ажиллаж, амьдарч ирлээ. Үнэнийг хэлэхэд намайг сургуулиа төгсч байх үед хотод амьдарна гэх нь олон байснаас нутаг руугаа буцна гэх залуучууд ховор байсаан. Хөдөөнөөс хот руу шилжилт хөдөлгөөн маш их байсан үе л дээ. Тэр үед буюу 2000 оны зун Ж.Наранцацралт гишүүн маань үүний эсрэг сөрж бодлого гаргаж чадсан. Тэр нутгийнхаа 100 гаруй оюутан залуусыг Бүрдийн Уянга зусланд цуглуулж уулзаад хөдөөгийн аймгийн анхны оюутны  холбоо байгуулахыг зөвлөсөн юм. Нутгийнхаа оюутан, залуучуудыг нэг зорилго дор  нэгтгэж байсан нь төрж өссөн нутаг руугаа залуусаа хандуулахыг бас нутаг усандаа залуус эзэн нь байгаасай гэж тэрээр бодож байсан юм билээ. Тэр уулзалтаас сар гарангийн өмнө аав маань Адаацаг сумын төв дээр бурхан болоод би гундуухан байсан үе. Адаацагийн төв зуслан хоёр 30 км-ийн зайтай л даа. Тэр үйл ажиллагаанд би очоогүй, үнэндээ мэдээ ч үгүй байлаа. Гэтэл 10 жилийн ангийн найзууд маань намайгаа сэтгэлээр дэмнэх гээд зуслан руу дуудсанаар би хэрэг гарган замын машинд дайгдан очсон юм. Зусланд цугласан оюутнууд ярилцаж байгаад Дундговийн оюутны холбоогоо анх байгуулж, ярьсаар байгаад сүүлдээ намайг тэнд цугласан оюутнууд дэмжиж, итгэл хүлээлгэн анхны даргаараа сонгож байсан. Ингэж санамсаргүй гэхэд биш, хувь заяаны эрхээр гэмээр юм уу нутгийнхаа оюутнуудыг нэгтгэн зангидах үүрэг надад ногдсон. Одоо бодоход аав маань тэнгэрээс хүүгээ чиглүүлжээ гэж боддог. Тэгээд л дараа жил нь сургуулиа төгсөхдөө хотод үлдэж биш нутагтаа ирж ажиллахаар шийдсэн. Ганцаараа ч биш нутгийн залуусаа уриалаад олуулаа ирж байлаа.

-Та нар хэдүүлээ ирж байв даа. Уг нь хотод үлдэж ажиллах төлөвлөгөө байсан л биз дээ?

-Намайг хотод оюутан болж очиход манай аав, ээж гэрийнхэн дагаад нүүгээд очсон байлаа. Хотын айл болох гэж байсан хэрэг шүү дээ. Харин сургуулиа төгсөөд би нутаг буцахаар шийдсэн. Би ХААИС-ийн Эдийн засгийн факультетийн эдийн засаг, математикийн ангийг онц төгссөж байлаа. Төгсөхөд маань сургуульдаа Эдийн засгийн факультетэд эдийн засгийн онолын багшаар үлдэж ажиллахыг манай сургуулийн удирдлагууд надад зөвшөөрсөн байлаа. Гэвч найз нөхдийнхөө өмнө, нутгийн оюутан залуучуудын өмнө, аймгийнхаа удирдлагын өмнө үүрэг хүлээчихсэн санагдаад хотод үлдэж чадаагүй. Тэгээд л найз нөхдөө уриалж, нутагтаа ирсэн дээ. Тэр жил бараг зуугаад төгсөгч миний хамт нутагтаа ирсэн байдаг.

-Зуу гэхээр армиар нь уриалаад аваад очжээ. Хотод их сургуульд багшаар үлдэх гэж байсан хүн аймагт очоод ямар ажил дээр буув даа?

-Тэр үед аймгийн Засаг дарга Ж.Адъяа гэж мундаг хүн байлаа. “Хүү минь чи залуучуудаа өөрөө ингээд уриалаад нутагтаа хүрээд ирж байгаа нь сайн байна. Чи миний туслахаар ажилла” гэж надад хэлсэн. Ингээд би 2001 оны есдүгээр сарын 9-нд ажил, хөдөлмөрийнхөө гарааг аймгийн Засаг даргын туслахаар эхэлж, ажилд орж байлаа. Нутагтаа очсон цагаасаа хойш өнгөрсөн 16 жил аймгийн Засаг даргын туслахаас эхлээд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, Засаг даргын орлогч гээд бүх шат дамжлагуудыг алгасалгүй дамжсаар 2012 оноос аймгийнхаа хурлын даргаар ажиллаж байна. Ямар нэгэн татаас, түлхээсгүй шат шатаар нь дамжиж ажиллаж ирсэн болохоор ажил ч гарт орж, аймаг нутаг орноо ч мэдэхтэйгээ л болж байна.

-Ер нь орон нутагт ажиллах, хот суурин газарт ажиллахын ялгаа таныхаар юу юм бэ?

-Аймаг, орон нутагт ажиллаж амьдарна гэдэг бол үе удмаараа бие биеэ мэддэг хүмүүсийн дунд ажиллаж амьдарна гэсэн үг. Улаанбаатарын нэг дүүргийн дарга оршин суугчдынхаа хэдэн хувийг нь таньдаг бол. Тодорхой хувийг нь л таньдаг байх. Харин хөдөөгийн бидний хувьд өөр. Намайг танихгүй хүн гэж бараг байхгүй. Бидэнд таньдаггүй хүн гэж бас байхгүй. Бид чинь бүх л айл өрхөө, бүх л хүмүүсээ мэднэ шүү дээ. Энэ нь л хот хөдөөгийн “нутаг”-ийн ялгаа, онцлог юм уу даа гэж бодож явдаг. Тэгээд ч  хөдөөгийнхөн ялангуяа малчид маань нүүдэлчний соёл иргэншлээ өөрсдөө тээж, улсын маань тусгаар тогтнолын баталгаа бэлчээрийн мал аж ахуйгаа нуруундаа үүрч яваа бахархам хүмүүс. Мэдээж, нийслэлийг аймгуудтай харьцуулбал хөгжил, дэд бүтцийн хувьд ялгаатай байх талтай. Гэхдээ одоо цагт аймгуудын хувьд нийслэлээс дутахгүй бүх үндсэн үйлчилгээнүүд бий болж байна. Нөгөө талаас ямар ч аймгийн удирдлага хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгаж, иргэд нутагтаа сэтгэл ханамжтай, таатай орчинд амьдруулахын төлөө хичээн ажиллаж  байгаа нь дамжиггүй шүү дээ.

-Уучлаарай, гэхдээ танай аймгийн дарга нарыг дандаа гаднаас томилогддог гэсэн яриа байдаг.  Нутаг орноосоо биш, хотоос томилолтоор дарга очдог Дундговь аймаг гэсэн яриа ч гарсан байдаг даа...

-Таны хэлж байгаа харамсалтай ч гэсэн үнэн л дээ. Болж л өгвөл нам засгийн дарга нарын дэмжлэгтэй томилолт өвөртөлсөн дарга нар хотоос ирж буудаллах нь элбэг. Тухайн аймагтаа амьдарч үзээгүй, нутаг орныхоо онцлог, хүмүүсийнхээ сэтгэл зүйг мэдэхгүй хүнийг төвийн бодлого нэрээр шахаад явуулчихаар ирээд ганцаарддаг, хүмүүс ч хүлээж авахгүй эсэргүүцэл үзүүлэх нь бий. Яг л гал, ус шиг. Бүх талаараа гологддог. Гэнэт гаднаас өөр хүн ирээд аймгийн Засаг дарга, даргын орлогч, намын дарга болоод эхлэхээр насаараа нутгийнхаа төлөө зүтгэсэн хүмүүсийг үл тоосон хэрэг болчихож байгаа юм. Бас аймагт нэг ч өдөр амьдарч үзээгүй мөртлөө сонгууль дөхөхөөр манай өвөг дээдэс тийм ноён байсан, өвөө маань эндхийнх гээд гараад ирчих хүмүүс ч бий, бий. Магадгүй тэр хүмүүст, нийслэлд ойр нь, эсвэл хүн амын тоо цөөхөн нь санаанд багтаад байдаг байж болох юм. Гэлээ гээд нутгийн зон олны төлөө, аймгийн маань хөгжил дэвшлийн төлөө нутгийнх нь хүүхдүүд шиг сэтгэлээ чилээж ажиллаж чадах болов уу гэдэг асуулт болж үлддэг. Тухайлбал УИХ-ын 2012 оны сонгуулиар нутаг ус, олон түмэнд танигдсан Р.Раш, Т.Цэрэнпүрэв зэрэг бэлэн хүмүүс намд байсаар байхад хажуугаар гэнэт нэг танихгүй хүн гарч ирж байх жишээтэй. Нөгөө хүний төлөө бид сонгуульд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа юм. Би ч тэр үед АНУ-аас дөнгөж ирсэн үе байлаа. Намын даалгавар гэж бодоод тэр хүний сонгуулийн ерөнхий менежерээр хүртэл ажиллаж байлаа. Тэгэхэд одоогийн УИХ-ын гишүүн Б.Наранхүү АН-аас дэвшиж сонгуульд ялалт байгуулсан. Манай намаас дэвшсэн нөхөр сонгуульд ялагдсан болоод ч тэр үү, бидэнтэй огт уулзалгүй алга болсонд гайхаж л байлаа. Ард иргэдийн маань мөрөн дээр гишгэж эрх мэдэлд хүрэх гэсэн тийм хүмүүст боломж олгох хэрэггүй юм билээ.

-Их сургуулиа төгсөөд нутагтаа ирсэн шалтгааныг нь ойлголоо. Харин та Сингапурт англи хэл, АНУ-д олон улсын бизнесийн удирдлагаар магистр хамгаалж, сургууль төгссөн юм билээ. Баруунд боловсрол эзэмшсэн хүн буцаад л өнөө хөдөөгөө гээд байдгийн учир юу байсан бол?

-Гадаадад суралцаж, мэдлэг боловсрол тэллээ ч гэсэн би энэ нутгийн унаган хүү шүү дээ. Эх нутагтаа би бусдын адил их хайртай. Одоо би илүү боллоо, хот газар суурьшиж амьдрал хөөнө гэж надад хэзээ ч бодогдож байгаагүй ээ. Мэдээж тийм боломж бол үргэлж байсан. Гэхдээ нутаг орондоо илүү ихийг хийе гэсэн хүсэл сургуулиа төгссөний дараа бүр ч их оргилдог байсан. Арав гаруйхан мянган хүн амтай аймгийн төвд амьдардаг байж АНУ, Сингапур гэсэн өндөр хөгжилтэй улсуудад яаж сураад байна гэж асуух хүн ч таарч байлаа. Бие дааж хэл үзэж байгаад Сингапур руу нэг жил хэлний сургуульд явсан. Ирмэгцээ үзсэн харснаа, энэ улсын хөгжлийн нууц, хэл сурах боломжийн талаар иргэддээ ярьж, хөгжилд уриалж өгсөн. Залуучуудыг уриалж, англи хэл сурах хэрэгтэй гэдэг байлаа. Одоо надад Англи, Австрали, Япон гээд дэлхийн өнцөг булан бүрт суралцаж байгаа нутгийн залуус “Та биднийг ирлэж, уриалж өгсөн шүү, талархлаа” гэхэд нь сайхан санагддаг. АНУ-д магистрын зэрэг хамгаалсныхаа дараа ч би нутагтаа яаран ирж, сурч мэдсэнээ нутгийнхаа залуустай хуваалцах ёстой гэж байлаа. Нэг талаас би тэвчээртэй хүн шиг байгаа юм. Нөгөө талаасаа цаг хугацаа намайг төлөвшүүлж амьдралын минь үнэ цэн, өөрийн философийг өөрт минь бий болгож байна. Энэ бол миний амьдралын үнэт капитал юм. Ингээд хэлбэл өөрийгөө магтсан болчих байх. Би эхэлснээ дуусгахыг үргэлж хүсдэг. Бүр бага байхаасаа л нэг тийм итгэл үнэмшил, эрмэлзэлтэй болсон. Аав маань мужаан хүн байлаа. Аймгийн модны үйлдвэрт ажиллаж байхдаа буюу 1982 онд Чойроос мод авахаар явж, вагон дохио өгөхгүй хөдөлснөөс осолд орсон юм. Тэр үед би бүүр жаахан гурван настай байсан л даа. Аав маань жил тойрон Чойрын орос эмнэлгээр явж, ямар ч байсан эсэн мэнд үлдсэн ч хоёр хөлгүй болсон. Аав маань хөлгүй болсон гэхээр үнэхээр харамсдаг ч аймгийнхаа төлөө, ажлын төлөө  явж байгаад ингэсэн гэхээр өөрийн эрхгүй ааваараа бахархдаг байв. Миний жижигхэн зүрх юугаар ч юм нэг дүүрч огшоод ирэхийг би мэдэрдэг байсан. Хүмүүсийн төлөө амь насаа хайрлаагүй баатар шиг аав маань надад санагддаг байсан. Багад суусан тэр сэтгэл маань бусдын төлөө, хүмүүсийн төлөө ажиллах ёстой юм байна. Тийм нэг баатар байх ёстой юм байна, хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна гэсэн бодол миний тархинд бат нот суулгачихсан байж ч болох юм. Тэр ч бодлоороо, тийм нэг хувь заяаны төөргөөр би нутаг руугаа зүтгээд байдаг байх аа. Тэгэхээр энэ бүхэн надад өссөн төрсөн нутагтаа эзэн байх бурханаас өгсөн хувь заяаны өгөгдөл, тавилан байж гэж санадаг.

-Та бага залуугаасаа олон жил аймаг орон нутагтаа удирдах алба хашжээ. Заримдаа шүүмжлүүлж элдэв яриа гарах үед халширмаар санагддаг уу?

-Ажил хийж явахад янз бүрийн л яриа гардаг. Би энэ жил 36 настай. 24 настайгаасаа нутгийн иргэдийнхээ итгэл, дэмжлэгээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурван  удаа нийт 12 жил аймгийн ИТХ-д сонгогдож ажиллажээ. Олон ч албан дээр ажиллаж байж. Гэхдээ төрийн албанд ажилласан 16 жилээ эргэн харахад хүмүүсээс шүүмжлэл их дагуулж, хар сэр авчирдаг мөнгөн дээр гарын үсэг зурдаг, тендер шийддэг, хүн томилдог, газрын тусгай зөвшөөрөл олгодог албан тушаал дээр ажиллаж байсангүй.

-Хэрэв аймагтаа ирж, төрийн алба хашаагүй байсан бол ямар салбарт ажиллах байсан бол?

-Бизнесийн салбарт л ажиллах байсан даа. Оюутан байхдаа Төрийн ордны баруун талын Үндэсний түүхийн музейн талбайд жижигхэн буланд даргаас нь зөвшөөрөл авч саравч босгон ундаа, түргэн хоолыг музей үзэхээр ирдэг гадаадынханд зардаг байлаа. Цөөхөн хэдэн төгрөгөөр авснаа овоо хэдэн доллараар зарчихна. Гэхдээ эргэлдэх мөнгө нь бага болохоор дуусах тоолонд нь Бөмбөгөр гүйж, хамаг хөлсөө цувуулсаар бараагаа үүрч ирдэг байж билээ.

-Танай аймагт улс төрийн асуудал нэлээд гаарсан гэж сонстож байсан учраас би энэ асуултыг тавьж байна л даа. Танайхныг нам болж талцаад хурлаа ч хуралдуулж чадахгүй удсан талаар хэвлэлээр хүртэл яригдаж байсан даа?

-Өнгөрсөн он жилүүд улс төрийн хувьд түвэгтэй байлаа. Би энэ бүгдийг амьдралын болон улс төрийн өгсүүр шатаар явж байгаа залуу хүнд тохиолдох түр зуурын сорилт хэмээн тэвчээртэй туулж гарахыг хичээлээ. 2012 оны аймгийн сонгуулийн үр дүн тун адармаатай гарсан. Сонгогчид МАН, АН-д тун ойрхон санал өгсөн. Гэвч сонгуулийн дараа тухайн үеийн аймгийн МАН-ын удирдлагыг хүлээн зөвшөөрөөгүйгээс хоёр хүн намаас гарч, нэг нь АН-д орж, өөр нэг нь бие даагчийн байр суурьтай болчихлоо. Ингэснээр хүчний харьцаа 17:17 болж тэнцэж, нэг бие даагчтай болсон гэсэн үг. Яагаад намаасаа гарах болсноо хувь төлөөлөгчид өөрсдөө, яагаад намаасаа хоёр хүнээ алдсанаа тухайн үеийн намын удирдлагууд тайлбарлах нь ёс зүйд нийцнэ. Нам болж талцаад аймаг орон нутгийн асуудал хүртэл урагшлахад бэрх болж эхэлсэн. Би аль болохоор тулгарсан асуудлыг эв эеэр, хүмүүстэй ойлголцож зохицохыг хичээж байсан. Нутаг орны эрх ашгийн төлөө ажиллахыг хичээж ирсэн маань одоо бодоход их оносон байна лээ. Харин ингэж эвийг эрхэмлэж, аймгийнхаа эрх ашгийг бодсоныхоо төлөө элдэв гүтгэлэг дайралтад өртөж, улмаар өөрийнхөө намын даргаар, бас төрсөн ахаар нь  АТГ-т хоёр ч удаа дуудуулж, шалгуулсан. Өөр намын хүн ийм үйлдэл хийвэл би улс төр талаасаа байх гэж ойлгоно. Гэтэл нэг намын хүмүүс ингэхээр толгойд ерөөсөө бууж өгөхгүй байсан л даа. Гэхдээ нэг сайн шалгуулаад авсандаа гомддоггүй. Би аливаа асуудалд эмзэглээд, өс санаад дотроо бугшаад явдаггүй ээ. Хүлээцтэй хандаад, зөв санаж явахад болох юм  болно гээд тэгсгээд мартчихдаг юм. Гэхдээ энэ хугацаанд чамгүй зүйл үзлээ. Намаасаа хүртэл хөөгдөж үзлээ шүү дээ.

-Намаасаа хөөгдсөн гэнэ ээ?

-Ер нь манай аймгийн намд олон жилийн бугшсан хуйвалдааны бүлэг байсаар байгаа юм. Тооно нь хазайсан гэрийг засч болохгүйтэй адил тийм ах дүүсийн, эрх ашгийн жижиг бүлэг амаргүй юм билээ. Тэдний л хийж байгаа ажил л даа. Аймгийн намын хорооны тэргүүлэгчдийн намаас намайг хассан шийдвэрийг МАН-ын Хяналтын хороо авч үзээд хүчингүй болгосон. Би МАН-д 2003 онд элсч байлаа. Намаасаа нэр дэвшиж, гурван ч удаа ИТХ-д ялалт авчирсан. Намын Залуучуудын байгууллагыг  бараг зургаан жил аймагтаа толгойлж ирсэн үнэн түүх надад бий.

Нутгийн хүмүүстэйгээ гэмгүй явж, эв нэгдлийг хангаж, аймгийнхаа эрх ашгийн төлөө явсан маань намайг буруутгах, намын тамга барьсан 10 хүрэхгүй хуйвалдааны жижиг бүлгийн хүмүүст гадуурхагдаж, сүүлдээ намынхаа хариуцлагатай хүмүүст зодуулж нүдэндээ хүнд гэмтэл авах шалтгаан болно гэж санасангүй. Хамгийн сүүлд гэхэд миний сонгогдох эрхэд халдаж аймгийн хуралд дэвшүүлэх боломжгүй болгож байх жишээний. Гэхдээ “Идсэн толгой хувхайрч, идүүлсэн бут цэцэглэнэ” гэсэн үг бий дээ. Болж өнгөрсөн бүхэн намайг илүү хатуужуулж, илүү сорил, давааг туулах хатыг суулгаж өглөө гэж би харж байна. Ер нь давж туулсан бүхэн нь илүү ихийг давах хат тэвчээрийг суулгадаг юм байна. Амьдрал дээр хүчтэй биш мөртлөө дээрэлхүү хүмүүст олон түмэн дургүй байдагтай адил би бас дургүй. Би аль болох нэг нутгийн хүмүүс эв найртай байх ёстой гэж боддог. Манай нутгаас төрж гарсан улс төрийн зүтгэлтэн Ж.Наранцацралт, Хөдөлмөрийн баатар Р.Раш, Н.Тогтох, Х.Наранхүү нар хэн нэгэнтэй нам гэж алагчлалгүй нутгийнхаа төлөө гэж явдаг байсан. Энэ л зарчмаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй ч гэмгүй сайхан харьцаатай байж, өссөн төрсөн аймгийнхаа хөгжлийн төлөө дэм дэмэндээ нэг үед аймгаа, улсаа төлөөлж буй залуу төрийн хүмүүсийн хувиар хамтарч ажилладаг. Нутгийн хүмүүс бид эвтэй байж нутаг орны хөгжил ярих болохоос нам болж хуваагдаж талцаад хэн ч хожихгүй. Манай нутгаас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтэн, урлаг спортын алдартнууд олон бий. Тэр бүх хүмүүс манай нутгийн үнэт капитал. Бид намаар талцаж биш, хамтдаа нутаг орноо хөгжүүлэх учиртай. Бусад нь унаж  байвал би ч унасан яахав гэсэн сэтгэлээр зарим нөхөд сүүлийн хэдэн жил ажиллаж ирлээ. Одоо нутаг орноо авч яваа бидний залуус хоёр нийгмийг аль алийг нь үзсэн хүмүүс. Социалист тогтолцооны зах зухыг мэдэрч, картын бараатай шилжилтийн үеийг туулж, ардчилсан нийгэмд амьдарч яваа улсууд. Ардчиллын буян гэж олон хүн ярьдаг. Ардчиллын буянаар хүмүүс чөлөөт сонгуульд саналаа чөлөөтэй өгч, сонгогдож бас эрхээ эдэлж яваа. Энгийн нэг дархан, мужаан хийдэг байсан хүний хүү би нутаг орныхоо хөгжлийн төлөө хүн ардтайгаа хамт зүтгээд явж байна. Тиймээс хүмүүсийг намчирхаж талцалгүй илүү өргөн том хараасай гэж хүсдэг дээ.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Уг нь би төрсөн нутаг Адаацагтаа аймгийн ИТХ-д дөрөв дэх удаагаа өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаад явж байсан. Ийм боломжийг маань хаасан учир УИХ-д нэр дэвших бодолтой байгаа.

-Танай аймгийг өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ сүүл мушгидаг аймгуудын нэг гэсэн шүүмжлэлийн тухайд та юу хэлэх вэ?

-Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа гэж нэг ТББ-аас гаргадаг судалгааны талаар та асууж байх шиг байна. Засгийн газраас санаачилгатай ажиллаж буй эхний гурван аймгийг жил бүр зарладаг, бусдыг нь бол эрэмбэлж зарладаггүй. Тэгэхээр тэр бол Засгийн газраас гаргаж байгаа мэдээлэл биш юм. Өрсөлдөх чадварын судалгааны тухайд би арай өөр бодолтой явдаг. Хүн амын хувьд 45920 хүн амтай Дундговь аймгийг 100 гаруй мянган хүн амтай Хөвсгөл, Сэлэнгэ аймагтай харьцуулна гэвэл түвэгтэй. Тухайлбал аймгуудыг Сэлэнгэтэй газар тариалангаар нь харьцуулж гаргана гэвэл утгагүй.  Өмнөговьтой уул уурхайгаар нь харьцуулна гэвэл боломжгүй. Хүн ам, эдийн засаг, газар нутгийн хэмжээ, газрын доорх баялаг өөр аймгуудыг эдийн засгийн хувьд мөнгөний эргэлтээр нь харьцуулах боломжгүй юм. Миний хувьд манай аймагт эерэг өөрчлөлт, өсөлт дэвшил байнга гарч байгаа гэж хэлнэ. Тухайлбал 2012 -2016 онд Дундговь аймагт 308 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Үүнийг 2008-2012 онд тус аймагт хийгдсэн 18.1 тэрбумтай харьцуулахад 15 дахин  илүү хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жил манай аймагт орж иржээ гэж ойлгож болно. Энэ хэний гавьяа вэ гэвэл сайн муу хэлүүлээд байгаа УИХ-ын гишүүн, аймгийн удирдлага бидний ч хувь нэмэр оролцоо, хөөцөлдлөгөө, зүтгэл байдаг. Түүнчлэн манай аймгийн хүн ам маань 2005 оноос хойш анх удаа өссөн үзүүлэлттэй гарлаа. Хэдийгээр 700 хүнээр нэмэгдсэн ч гэсэн энэ бол хөгжлийн эерэг дохио. Энэ нь хүн амьдран суухад таатай нөхцөл бүрдэж байна гэсэн давхар ойлголт явж байгаа. Хүн амын дундаж наслалтаар манай аймаг 72,9 гэсэн үзүүлэлтээр улсдаа нэгдүгээрт явж байна. Сүүлийн 75 жилийн түүхэнд анх удаа аймгийн маань мал сүргийн тоо 2,7 сая давлаа. Үүн дээр энэ хаврын төллөлт 600-гаад мянгыг нэмбэл гурван сая хол давсан. Нэг хүнд ногдох малынхаа тоогоор улсад тэргүүлж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа төгсөгчдийн чансаагаараа улсад гуравдугаарт орж байна. Боловсролын чанар өндөр байна гэдэг маш чухал үзүүлэлт юм. 2012 онд 18 тэрбум байсан иргэдийн маань хадгаламж сүүлийн дөрвөн жил 29 тэрбум төгрөг болж өсчээ. Мөн Улсын нийслэлтэйгээ, уул уурхайн үүц Өмнөговь аймагтай хатуу хучилттай замаар холбогдсон нь Дундговь аймгийн 75 жилийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт байлаа. Энэ зам манай аймгийг нийслэлтэй айлсуулж, хөгжлийг ойртуулснаас гадна ард иргэдийн маань олон жил хүлээсэн хүсэл мөрөөдлийг биелүүлсэн түүхэн бүтээн байгуулалт боллоо. Зам дагаж хөгжил, тав тух ирэхээс гадна зах зээлийн чөлөөт өрсөлдөөн манай нутагт бий болох эерэг өөрчлөлтийг авчирлаа. Мөн гэмт хэрэг сүүлийн дөрвөн жил тасралтгүй буурч, аймгийн төв бүрэн камержсан учраас ахуйн хулгай огцом буурсан байх жишээтэй. Гурвансайхан сумын иргэд өөрсдийн оролцоогоороо бүтээн байгуулалт хийж, улсын жишиг сум боллоо. Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хамгийн бодитой байдаг юм байна гэдгийг баталж харуулж чадсан. Олон сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт цогцолбор, ахуй үйлчилгээний төвүүд сумдад баригдлаа. Гэх мэтчилэн ихээхэн хөгжлийн эерэг өөрчлөлтүүд манай аймагт гарч байна. Үүнд аймгаа энэ цаг дор удирдаж байгаа хүний хувьд их сэтгэл өндөр байдаг. Нээрээ мартсанаас мал мэнд үү гэдэг шиг сүүлийн дөрвөн жил байгаль цаг агаар дундговьчуудыг үнэхээр сайхан ивээлээ.

-Та нутаг орноо мэдэх хүний хувьд хөгжлийг авчрах ямар боломжууд байна гэж хардаг вэ?

-Манай аймаг сайхан хөгжих бүрэн боломжтой газар. Манай аймгийг ирээдүйд гурван чиглэлээр аваад явах боломжтой. Америкчууд судлаад Дундговь аймгийн тодорхой бүс нутагт нар, салхины эрчим хүчийг ашиглан сэргээгдэх эрчим хүчийг бий болгох асар их нөөц байна гэдгийг гаргаад ирсэн. Энэ бол манай аймгийн шавхагдашгүй нөөц хөгжлийн нэг гол гарц. Бас манай Тэвшийн говьд газар дор хүрэн нүүрсний том нөөц байдаг. Дэлхийн зах зээлд хүрэн нүүрс байтугай коксжсон нүүрсний үнэ буурчихлаа. Гэхдээ тэнд 650 мвт-ын цахилгаан станц байгуулах нэг тэрбум ам.долларын төсөл зурагдаад явж байгаа. Энэ хэрэгжээд явбал том боломж, олон хүн ажилтай болох үүд нээгдэнэ. Мөн биднийг өрсөлдөх чадварын хувьд нэлээд доош чангаадаг зүйл бол хүн амын тоо. Ядаж хүн амынхаа тоог 50 мянга руу дөхүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд төрийн бодлогын дэмжлэгтэйгээр томоохон төрийн их дээд сургуулийн хотхоныг манай аймагт байгуулах, эсвэл томоохон цэргийн анги нээх зэргээр хүн амыг механикаар өсгөх бодлого барих хэрэгтэй байгаа юм. Бас дээр үед манай аймгийн нэг сум ч байж үзсэн Говьсүмбэр аймгийг засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд зоримог нийлүүлэх боломжийг судалж болох юм. Тэгвэл хүн ам нь 60 мянга руу дөхөхөөс гадна дээр нь эдийн засгийн хувьд төмөр замын гарцтай болох зэргээр асуудал өөр нааштай болж эхэлнэ. Ер нь хүн амын тоо бол онолын хувьд эдийн засгийг далд гараар авч явдаг гол хөшүүрэг байдаг. Эцэст таван хошуу мал бол Монгол орны төдийгүй манай аймгийн эдийн засгийн болоод оршин тогтнохын гол баталгаа юм. Тиймээс мал, малчин хоёроо үргэлж бодлогынхоо төвд байлгаж дэмжих учиртай.

-Ингэхэд С.Буджав дарга маань аль сумын хүн билээ. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Миний аав, ээж Дундговь аймгийн Адаацаг сумын хүмүүс л дээ. Адаацаг сум бол Төв аймагтай хил залгаа. Хуучнаар Дайчин Бээсийн хошуу юм даа. Өвөг дээдэст маань Зуутын хийд гэж алдартай хийдэд шавилан сууж байсан гэлэн сахилтай хүн ч байсан, бас Физикийн шинжлэх ухааны эрдэмтэн ч байсан. Гэхдээ ихэнх нь малчин гаралтай хөдөлмөрч хүмүүс байсан юм билээ. Аавын маань ээж бидний эмээ ээж одоо ч тус сумын Сүм Хөхбүрдээс гуравхан километрт Эхэн хулгар хэмээх газар эрүүл саруул амьдран сууж байгаа 97 настай буурай бий. Манай сумын хамгийн өндөр настай хүн. Ижий маань одоо манай бүлд багтаад хамтдаа амьдардаг. Харин ээжийн маань ээж Хөвсгөл аймгийн Уйлган гол, Гурван аваргын хүн байсан гэсэн. Гэр бүлийн хүнийг маань Тогтохжаргал гэдэг. Боловсролтой, даруухан сайхан бүсгүй бий. Бид нэг нутгийн хүмүүс. Эхнэр маань Австралийн Засгийн газрын тэтгэлгэд шалгарч Мельбурны их сургуульд боловсролын чиглэлээр магистрт суралцаж байгаа, энэ зундаа төгсч ирнэ дээ. Гэр бүлийнхэн, эхнэр хүүхдүүд маань гадаадад амьдарч, сурч байгаа болохоор би сүүлийн жилүүдэд ёстой хээрээр гэр хийж, хөдөөгөөр л ажлаа хийж малчдаараа хавар, намар, өвлийн туршдаа цаг нар гэлгүй жилдээ 2-3 удаа 15 сумаараа тойроод ихээхэн явсан даа. Тэгж ч ажилласны хүч гарч байгаа гэж боддог шүү.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив