Жон Белл: Mонгол харилцагчид шинэ технологиор амьсгалж, шинэ үйлчилгээг хүлээж байдаг хүмүүс юм
2016 оны 5 сарын 16 [Уншсан тоо: 16037]



ХААН банкны Гүйцэтгэх захирал Жон Беллтэй ярилцлаа. Банк санхүүгийн салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлагатай тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ албанд томилогдсон юм.

-Юуны өмнө Монголын үндэсний хэмжээний томоохон банк болох ХААН банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон танд баяр хүргэе. Ярилцлагаа энэ албанд томилогдсон сэтгэгдлийг тань хуваалцсанаар эхэлбэл ямар вэ?


-Би өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн ХААН банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, бизнес хариуцсан захирлаар ажиллаж байгаад энэ оны дөрөвдүгээр сараас Гүйцэтгэх захирлын албаа хүлээж аваад байна. Монголд ирээд ХААН банкинд ажиллах болсон маань надад үнэхээр сонирхолтой бас сайхан байна. Миний хувьд бас нэгэн шинэ туршлага болж байна. Монголын банкны салбарын нөхцөл байдал ч миний сонирхлыг ихээр татаж байгааг хэлэх хэрэгтэй. ХААН банкны хувьд бүх орц найрлага, хөрс суурь нь бүрдсэн байгууллага. Маш том салбар нэгжийн сүлжээ, хүчирхэг дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлын болон бусад олон улсын стандартууд, шинэ дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэгэнт нэвтрүүлжээ. Бас банкаа цаашид улам бүр өсч хөгжихөд нь дэмжлэг үзүүлж, банкныхаа үйл ажиллагаанд ихээр анхаардаг чадварлаг боловсон хүчин, итгэл үзүүлэн хамтран ажилладаг харилцагчид, Төлөөлөн Удирдах зөвлөл байна. Нэгэнт ийм сайхан орц найрлага нь байхад зөв тохируулж, тааруулах л хэрэгтэй. Зөв тааруулж, амталж чадвал банк маань хөгжлийн өндөр түвшинд хүрэх бүрэн боломжтой гэж харж байна. ХААН банк маань өөрөө иргэдийн банк. Миний хувьд 25 жилийн турш банкны салбарт тэр дундаа иргэдийн банкинд ажиллаж байсан туршлагаа ашиглах сайхан боломж гарч байна гэж бодож байна даа.

-Та Монголд ирэхээсээ өмнө манай орны банк санхүүгийн салбарын талаар ямар төсөөлөлтэй байв, ирээд харахад төсөөлж байснаас тань хэр өөр санагдаж байна?

- Үнэнийг хэлэхэд ХААН банкнаас надтай холбогдож, ажиллах санал тавихаас өмнө Монгол улс, Монголын банкны салбарын талаар төдийлөн сайн мэдэхгүй байлаа. Жил гаруйн өмнөөс л Монголын талаар судалж эхэлсэн гэхэд болно. Миний хувьд Төв Европын орнуудад ажиллаж байсан болохоор тэндэхийн банк санхүүгийн салбарыг мэддэг, харин Ази тив тэр дундаа Монголын талаар мэдэхгүй байсан. Би Монголд ирээд арав орчим сар болох гэж байна. Тэгэхээр ирснээсээ хойш төрсөн сэтгэгдлээ тантай хуваалцах нь зөв болов уу.

Монголд ажиллах нь Зүүн Европын орнуудад ажиллаж байснаас маань юугаараа ялгаатай байна вэ гээд асуувал юуны түрүүнд ижил төстэй зүйлс байна аа. Тэс ондоо нь ч байна. Төстэй зүйл гэвэл Банкны тухай хууль тэр дундаа арилжааны банкны хууль эрх зүйн орчин, зохицуулалтууд нь нэлээд ойролцоо. Магадгүй хуучин ЗХУ-ынхтай ижил төстэй зохицуулалт аль алинд нь ажиглагдаж байна. Энэ нь эргээд надад ажиллахад дөхөм болж байна. Ялгаатай нь гэвэл үндсэн хоёр ялгаа ажиглагдлаа. Нэгдүгээрт банкны бизнесийн загвар нь өөр байна. Монголын банкуудын хувьд бүхий л харилцагчийн түвшинд хүрч үйлчилдэг. Маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байна. Ер нь маш өргөн хүрээнд, олон талбарт үйл ажиллагаа явуулдаг харагдсан. Зөвхөн томоохон хот суурин төдийгүй хөдөө орон нутгийн бүх харилцагч нартаа хүрч үйлчилдэг. Миний ажиллаж байсан газарт хотын төв хэсэг, төв сууриндаа голчлон анхаарахаас орон нутаг руу нэг их анхаараад байдаггүй. Гэтэл манай ХААН банкны хувьд орон нутгийн бизнес үндсэн бизнесийнх нь тодорхой хувийг эзэлж байх жишээтэй. Тэгэхээр ХААН банкны бизнесийн үйл ажиллагааны загвар нь маш сонирхолтой юм. Монгол орны өнцөг булан бүрт амьдарч ажиллаж байгаа малчин ард иргэдэд хүрч үйлчилж, тэдний амьдралын эд эс, нэгээхэн хэсэг болж чадсан нь надад үнэхээр бахархам санагдаж байна. Шинэ Гүйцэтгэх захирлын хувьд тэр чиглэлд анхаарч ажиллаж, ажил өрнөх тусмаа сонирхол эрхгүй татаж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Хоёр дахь том ялгаа нь бол манай харилцагчид. Манай харилцагчид банкны шинэлэг үйлчилгээг соргогоор хүлээн авч өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншихдаа маш хурдан байгаа нь анзаарагдаж байна. Харин Зүүн Европын орны хүмүүс нэлээд хуучинсаг. АТМ-ны функцүүдийг яаж ашигладаг талаар тэр бүр сонирхохгүй, интернэт банк ухаалаг банкийг ашиглахдаа удаан хойрго ханддаг. Болж өгвөл хуучин тооцооны төвүүдээрээ очихыг эрмэлздэг. Төв Европын банкууд иргэдээ энэ талд татан оролцуулахын тулд маш их хүчин чармайлт гаргадаг бол Монголд хэрэглэгчид нь банкуудаасаа шинэ технологийг сайн хүлээн байдаг нь тод анзаарагдлаа. Жинхэнэ шинэ технологиор амьсгалж байдаг гэхэд болно. Шинэ үйлчилгээ нэвтрүүллээ гэхэд дорхноо эзэмшчихдэг хүмүүс юм байна.

-ХААН банкны хөдөө орон нутагт банкны үйлчилгээг хүргэдэг нь таны анхаарлыг татаж байна гэлээ. Таны өмнө ажиллаж байсан орнуудад орон нутгийн харилцагчид руу чиглэсэн үйлчилгээ бага байсан нь юутай холбоотой юм бол?

-Би Польш, Чех, Румынд ажиллаж байлаа. Миний ажиллаж байсан “Citibank”, “ABN AMRO” банкууд дээрх Төв Европын орнуудад салбараа нээн ажиллуулж байсан. Мэдээж, тэр орнуудад хөдөө аж ахуйн салбар, малчин тариаланчид байлгүй яахав. Ерөнхийдөө миний ажиллаж байсан банкууд маань төвлөрсөн газартаа илүү анхаарал өгдөг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн улсуудын үндэсний банкууд нь хөдөө орон нутгийн хүмүүстээ түлхүү үйлчлээд явдаг байсан. Одоо эргээд бодоход, ХААН банкны үйлчилгээтэй харьцуулахад үндэстэн дамнасан банкуудын үйлчилгээ нь ч гэсэн дутмаг юм байна шүү гэж бодогдож байна. ХААН банк орон нутгийн харилцагчдадаа тулж хүрч чаддаг яах аргагүй Монгол даяар тархсан хамгийн том сүлжээ юм даа.

-Та манайхтай адил хуучин социалист гэгдэх орнуудад яг шилжилтийн үед нь ажиллаж байжээ. Тэс өөр системээс нөгөө рүү шилжихэд банкны салбарт ямар асуудал гардаг вэ. Таныхаар Монгол улс тэр үеийг яаж давж чадсан шиг танд санагдсан бэ?

-Миний хувьд Монголын талаар нарийн судалгаа шинжилгээнд үндэслэсэн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан бүрдүүлж чадаагүй учраас яг ийм, тийм учиртай гэж шууд харьцуулан хэлэхэд хүндрэлтэй байгаа ч өөрийн судалж мэдсэн мэдээллээс л харахад шилжилтийн үеэ амжилттай давжээ гэж бодож байна. Банкны салбарт социалист системийн үеэс үлдсэн бул хар чулуу хүнд суртал энэ салбарт алга байна. Өмнө нь миний ажиллаж байсан Европын орнуудын хувьд төрийн өмчит банк, төрийн өмчит байгууллагыг хувьчлагдах үед олон улсын байгууллагууд, олон улсын банкуудтай өрсөлдөх үед бэрхшээл учирч байгаа нь харагддаг байсан. Тухайн үед олон улсын банкууд аль хэдийнээ зах зээлд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн өрсөлдөөн их, өндөр түвшинд хүрчихсэн учраас дөнгөж хувьчлагдсан банкуудад хэцүү байсан байх. Дөнгөж хувьчлагдсан банкууд хөл дээрээ зогссон газруудтай өрсөлдөж, тэдний хэмжээнд хүрэхийн тулд амаргүй байсан л даа. Харин Монгол улсад өнөөдрийн байдлаар олон тооны төрийн өмчит банк алга. Гэхдээ олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд ихээхэн нөлөө үзүүлж ирсэн нь харагдаж байна. Тэр ч утгаараа олон улсын стандарт, банкны системийн стандарт нэлээд өндөр түвшинд тогтож чаджээ гэж харж сууна. Жишээлбэл, манай банкны хувьд илүү сайжруулах зүйлс байхад аль хэдийнэ олон улсын түвшинд хүрчихсэн зүйлүүд ч бас байна.. Манай тооцооны төвүүд, эсвэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нээсэн манай Экспресс банкны төвүүдээр нэг ороод үзээрэй. Дэлхийн ямар ч оронд байхуйц тооцооны төвүүд, экспресс банкны төв ажиллаж байна. Тэгэхээр Монголчууд технологийн хувьд ч, дотоод дизайн заслын хувьд ч олон улсын түвшинд хүрч чаджээ.

-Тэгэхээр Монголын банкууд олон улсын банкуудын хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болох уу? Эсвэл хийх зүйлс их байна уу?

- Яг үнэнийг хэлэхэд миний хувьд өмнө нь олон улсын банк орж ирээгүй байгаа зах зээл дээр ажиллаж үзээгүй л дээ. Чөлөөт зах зээлийн тогтолцоонд өрсөлдөөн байх ёстой. Харин ХААН банк нь өнөөдөр Монголд байгаагаасаа илүү нөлөө бүхий зах зээлийн тоглогч байх боломжийг олж харсан учраас ирсэн юм. Миний зорилго бол ХААН банкийг БНХАУ, АНУ ер нь дэлхийн аль ч банктай өрсөлдөхүйц, тэдний том өрсөлдөгч банк болгохын төлөө эрмэлзэж ажиллаж болно. Би өрсөлдөөнөөс айхгүй байна.

-Таны ажиллаж байсан орнуудаас шилжилтийн үедээ банк санхүүгийн салбартаа зоримог шинэчлэл, зөв алхам хийж байсан орон гэвэл аль вэ?

-Монгол Улсад ирэхээс өмнө ажиллаж байсан орнуудын жишээнээс авч үзвэл хамгийн сонирхолтой нь Польш улс юм даа. Польш эдийн засгийн хувьчлалыг маш эрчимтэй хийж чадсан орон. 1990-ээд онд Сангийн сайд нь аль болох төрийн өмчийг яаралтай хувьчлах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд энэ нь эргээд хувийн хэвшлийн өрсөлдөөнийг бий болгоно гэж үзсэн. Өрсөлдөөн нь эдийн засгаа дэмжээд ирнэ гэсэн үндэслэлээр хувьчлалыг эрчимтэй хийсэн нь үр дүнгээ өгсөн. Манай банкны хувьд, ер нь банк санхүүгийн салбарт хувьчлал бол тэгтэл нөлөөлөөгүй ч тус улсын хувьд эдийн засаг нь маш эрчимтэй тэлж байсан. Гадны хөрөнгө оруулалтууд маш ихээр нэмэгдэж, гадны хөрөнгө оруулагчдыг татахад тэд их анхаарсан. Польш АНУ-тай гэхэд худалдааны маш сайн харилцаатай, тэгээд Польшийн Засгийн газар шинэ хөрөнгө оруулагчдыг татаж, шинэ хөрөнгө оруулалтыг авчрахад маш эерэг ханддаг дэмждэг байсан. ЗХУ-ын системийн орнуудаас Польш хувьчлалыг хамгийн түрүүнд хийсэн нь бас 40 гаруй сая хүн амтай, хэрэглэгчдийн тоо өндөр нь тэдэнд их боломж авчирсан.

-Танай ХААН банк гадны захирлуудтай эртнээс хамтарч ажилласан. Өмнө нь америк хүн дараа нь таны өмнө япон захирал байлаа. Дорнын арга барил зөрөлдөх үе гарч байна уу. Олон үндэстний ажиллах хэв маяг өөр, өөр байна уу гэж асууж байна л даа...

-Би өмнөх захиралтай удаан ажиллаж чадсангүй, хэдхэн сар л ажиллалаа. Като захирал өмнө нь Европ, Ойрхи Дорнодод ажиллаж байсан туршлагатай банкир учраас олон улсын удирдлагын зарчимтай гэж хэлж болно. Миний хувьд Өрнө, Дорнын ялгаа гэлтгүй ХААН банкны чадварлаг хамт олонтой ажиллахад амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Манай банкны ажилтнууд маш нээлттэй, хөдөлмөрч, ажилдаа хичээл зүтгэлтэй хүмүүс юм.

- Танай банк бол Монголд хамгийн олон салбартай, хамгийн ихээр тархсан банк. Өргөн уудам нутаг дэвсгэрт хүрч үйлчилдэг банкны олон салбартай байхад ажиллагаа ихтэй юу?. Ер нь манай нөхцөлд банк ямар чиглэлд ажиллавал зүгээр гэж бодож байна вэ?

-Би ирсэн цагаасаа хойш ажигласан, цаашдын хэдэн жилдээ ХААН банкны хувьд юун дээр анхаарч, юуг илүү сайжруулах талаар бодож төлөвлөж байгаагаа хуваалцая. Мэдээж нэн тэргүүнд харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй байгаа. Ингэснээр эргээд манай банкинд маш том боломж гарч ирнэ гэдэгт бид итгэлтэй байна. Шинэ загвар хэрэгжүүлэхэд ирэх нэг жилийг онцгой ач холбогдол өгч ажиллана. Дараагийн зорилт маань эдийн засаг хүндрэлтэй байгаа үед бизнесээ үр дүнтэйгээр нэмэгдүүлж хөгжүүлэхийг хичээх явдал. Эдийн засаг хэдийгээр хүнд байгаа боловч бизнесийн өсөлтөө гаргах зорилтоо тавиад явж таарна. Гэхдээ бизнест өсөлт гаргана гэдэг нь бүх талбарт биш. Заримд нь болгоомжтой хандаж, нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт хийнэ зарим зүйл дээр нь нэлээд идэвхтэй ажиллана гэсэн үг л дээ. Бас нэг анхаарах зүйл бол боловсон хүчнээ хөгжүүлж, боловсон хүчний бааз сууриа бэхжүүлэх явдал. Банкныхаа олон мянган чадварлаг ажилтнууд дотроос ирээдүйд энэ банкийг удирдаад явах, ирээдүйн хөгжлийг дагуулах боловсон хүчнүүдийг олж илрүүлж, тэднийгээ улам чадваржуулах ажлыг хийх болно. Үүнд зориулсан тусгай хөтөлбөр бодлого ч байгаа. Энд яригдаж байгаа бүхэн бидэнд чухал. Бүгдэд нь эн тэнцүү ач холбогдол өгч, хөгжүүлэх ёстой.

-ХААН банкны харилцагчид ямар ч банкныхаас олон байдаг. Магадгүй энэ бүхэн нэг талаасаа амжилтын баталгаа ч нөгөө талдаа үйлчлүүлэгчид бухимддаг байсан. Харин Экспресс банк үйлчилгээ нэвтэрснээр тэр бухимдал алга болсон. Үүнд танай хамт олонд талархал илэрхийлэхээс аргагүй. Энэ хэзээнээс эхэлсэн төсөл вэ? Таныг ирсний дараа эхэлсэн төсөл үү?

-Намайг ирэхээс өмнө дэвшилтэд технологид суурилсан банкны үйлчилгээг харилцагчдад хялбар, шуурхай хүргэх Экспресс банкны төсөл хэдийнэ хэрэгжээд эхэлсэн байсныг хэлэх хэрэгтэй. ХААН банкны салбар нэгжүүд их дараалалтай, ачаалалтай байдаг асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн асуудал. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд миний өмнөх удирдлагын багийнхан ярьцгааж, ямар арга шийдэл байж болохыг судлаад Экспресс банкийг нэвтрүүлэх болсон юм билээ. Энэ бол маш сайн стратеги байсан гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Бид үүнийг улам бэхжүүлж, улам сайжруулахад ажиллах болно. Одоо банкинд хийгдэж байгаа гүйлгээний 95 хувийг АТМ болон цахим банкаар хийх боломжтой талаар судалгаа бий. Тэгэхээр хамгийн гол нь харилцагчдадаа тэр сувгуудыг хэрхэн яаж таниулж, хэрэглүүлж сургах нь бидний нэн тэргүүний зорилт болоод байгаа юм. Бид нэгэнт бүх боломжийг нь зах зээлд нэвтрүүлчихлээ, одоо харилцагчид маань үүнийг хэрэглэж сурах нь чухал байна. Гуравхан минутын гүйлгээ хийлгэх гэж банкинд 30 минут хүлээгээд суугаад байж болохгүй учраас бид харилцагчдаа өөрөө өөртөө үйлчлэх Экспресс банкийг ашиглаж хэвшихэд ихээхэн анхаарч байна.

-Тэгэхээр тэр зорилтын чинь нэг хэсэг болж, “Амьдралдаа их, банкинд бага хугацаа зарцуулъя” гэж уриалж, цахим банкаа тогтмол ашигласан хэрэглэгчдээс азтан шалгаруулж байгаа байх нь ээ?

-Яг тийм. Цахим аяныхаа хүрээнд цахим банкны үйлчилгээ ямар давуу талтай болохыг таниулж, энэ аянаа зохион байгуулж байна. Тооцооны төвд очихоор ажиллаж байгаа газрыг нь хайна, авто зогсоол хайна. Арайхийн нэг зогсоол олоод тавьдаг тэгээд хүлээх болдог. Харин цахим банкаар үйлчлүүлбэл энэ цаг хугацаагаа гэр бүлтэйгээ өнгөрөөх боломжтой гэдгийг бид хэлээд байгаа юм. Одоогоос 10-15 жилийн өмнөх банкны үйлчилгээг харилцагчдад хүргэж байсан хэлбэр өнөөдөр тэс өөр болсон. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхий даяар банкны салбар хувьсан өөрчлөгдөж байна. Шинээр нэвтрүүлж буй дэвшилтэд техник технологитой бид ч, харилцагч нар маань ч хөл нийлүүлж алхах ёстой.

-Манайхан эдийн засгийн үед маш амжилттай, их хэмжээний хөрөнгө оруулалт орж байсан үеийн талаар та дуулсан л байх. Гэхдээ тэр үед бид ямар ч хуримтлал үүсгэж чадаагүй. Төр улс нь ч, ард иргэд нь ч . Иргэд гэхэд л маш олон тэрбумыг смарт утас, лед телевиз, үнэтэй машинд үрсэн байх жишээтэй. Ер нь мөнгө орж ирсэн үед яах ёстой байдаг юм бэ. Мөнгөгүй үед бас ямар сахилга батыг анхаарах хэрэгтэй вэ. Би таныг банк санхүүгийн салбарын хүн учраас сонирхон асууж байна л даа...

-Үүнд нэг талаасаа банкны байгууллагуудын үүрэг, оролцоо байх ёстой л доо. Банкууд зөвхөн шинэ үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулаад зогсохгүй өрхийн санхүүгээ хэрхэн зөв удирдаж явах тал дээр зөвлөгөө өгдөг байх ёстой юм. Европын болон, АНУ-ын банкуудын хувьд зүгээр нэг бүтээгдэхүүн борлуулдаг биш. Харин харилцагч нартаа зөвлөгөө өгдөг, зааж зөвлөдөг болж өөрчлөгдөж байгаа. Жишээлбэл, RBS банкинд харилцагч нарт зориулсан нэг тусгай хөтөлбөр байдаг байлаа. Энэ нь харилцагчид өрхийн санхүүгээ хэрхэн зөв удирдах талаар зөвлөгөө өгдөг тусгайлсан үйлчилгээ л дээ. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн хаана ч гэсэн эдийн засаг нь эрчимтэй хөгжиж ирэх үед хүмүүс илүү их мөнгө орж ирэх юм шиг санаад хэтэрхий үрэлгэн хандаж эхэлдэг. Илүү зүйлд мөнгө зарцуулж, худалдан авалт хийдэг. Яг тэр үед банкууд нь харилцагч нартайгаа уулзаад их орлого олж байгаагийнхаа хажуугаар хадгалах талаар зөвлөх ёстой юм. Ирээдүйн санхүүгээ хэрхэн хангах тал дээр нь харилцан ярилцах мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч байх хэрэгтэй. ХААН Банкны хувьд харилцагчдаа хадгаламжтай болохыг нилээд хэдэн жилийн өмнөөс уриалж иржээ. Жишээлбэл сар бүрийн орлогоосоо тодорхой дүнгээр орлогоо хуримтлуулдаг “Хуримтлалын үйлчилгээ” гэх мэт олон бүтээгдэхүүн үйлчилгээ иргэдэд хуримтлалтай болоход нь үр дүнгээ өгсөөр байна. Мөн бид зээлийн эдийн засагч болон Бизнес Инкубатор төвөөрөө дамжуулан санхүүгийн зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй сургалт явуулсаар ирсэн. Цаашид зээлийн эдийн засагч маань илүү зөвлөгч талаасаа ажиллаж, ирээдүйн хэрэгцээг тань хангахын тулд ингэмээр байна, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг одооноос ингэж зохицуулах хэрэгтэй гэж нарийн хэлдэг болно. Энэ бол яах аргагүй банкны хийх ажил.

- Сүүлийн үед иргэд нилээдгүй орлогоосоо хуримтлал үүсгэдэг болж банкууд ч бас хуримтлалын ашиг тусыг нилээдгүй сурталчилах болжээ. Олон улсын банкууд анх хуримтлалын үйлчилгээг хэзээнээс санал болгож эхэлсэн юм бэ? Манай банкууд үүнтэй хэр хурдан мөр зэрэгцэж байна гэж та боддог вэ?

-Түрүүнд жишээ авсан RBS банкны түүх л дээ. Энэ бол Их Британийн банк. 2008 оны эдийн засгийн хямралын дарааагаас дээрх үйлчилгээг гаргаж ирсэн юм. 2008-2009 онд яг энэ хөтөлбөрийг гаргаж байхад би Их Британид очиж, энэ үйлчилгээний талаар сонирхон анзаарч байлаа. Хямралаас өмнө бас л хуримтлалын үйлчилгээг санаагүй л байсан. Олон улсын банкны хувьд ингэж байсан гэхээр Монголын банкууд харин ч олон улсын түвшинтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж хэлнэ.

-Таны хувь хүний онцлог, ажлын арга барил нь сонирхол татаж байна. Тухайлбал таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

- Би ажлаа эрт эхлүүлэх дуртай эртэч нэгэн. Миний ажлын өдөр өглөө 07:30 эхэлдэг. Би имэйл харилцаанаас илүүтэйгээр хүмүүстэйгээ нүүр тулан үулзаж, ажлыг их бага гэлтгүй ярилцаж, алдаа оноогоо дүгнэж, хэмжих дуртай хүн. Мөн ажилтнууддаа шинэ санаа, санаачлага байгаа бол дуртай үедээ надад хандаж нээлттэй хэлээрэй, мөн санаачлагатай ажиллаж, ажлаа үргэлж яавал илүү сайн хийх вэ гэдгийг бодож тунгааж байгаарай гэж зөвлөдөг. Харин ажлаас гадуур чөлөөт цагаараа би ууланд авирах дуртай. Урин дулаан цагт бол гольф тоглох дуртай. Эдгээр спортоос би маш их эрч хүчийг авдаг даа.

-Та Монголд ирээд хэр дасч байна даа. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Мэдээж, миний Монголд ирэх шалтгаан бол ХААН банк байсан. Үнэндээ өмнө нь Монгол орны талаар сайн мэддэггүй байлаа. Манай гэр бүл ах дүүс маань АНУ болон дэлхий даяар тархан амьдарч байна. Аав, ээж маань намайг Монголд ирснээс хойш Монгол орны талаар сонирхон судалж байгаа. Нэг өдөр энд ирж үзэж таарах байхаа. Ээж маань Монгол орны ахуй соёл, зан заншил тэр дундаа анч бүргэдийг илүүтэй сонирхож байгаа, харин аав маань загасчлах дуртай. Надад Монгол орны хүн ард, үзэсгэлэнт байгаль, ёс заншил таалагдаж байгаа шиг гэр бүлийнхэнд маань ч гэсэн Монгол орон таалагдана гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив