Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар: Төр ой санамжгүй болсон нь хямралын эх үүсвэр...
2016 оны 5 сарын 9 [Уншсан тоо: 31696]



“Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатартай ярилцлаа.


АНХНААСАА ХЯМД ҮНИЙН БОДЛОГЫГ БАРЬЖ АЖИЛЛАХ ЁСТОЙГ ОЙЛГОСОН

-Эцэг, эхээс авсан нэрээ­сээ гадна хийж бүтээсэн зүй­лээрээ овоглогдоно гэдэг гайхалтай хувь заяа санагд­даг. Таныг “Оргил”-ын Ганбаа­тар гэдгээр хүмүүс сайн мэддэг. Тэгэхээр энэ бизнесийг эхлүүлж байсан тэр үеийн тань түүхээр ярилц­лагаа эхлэхийг хүсч байна?

-Би бол нэгэн үеийнхний адил ганзагын бизнесээс эхэлсэн хүн шүү дээ. 1992 оноос л бусдын жишгээр хойшоо урагшаа наймаанд явж, олс­ноороо бусдаас арай өөр зүйл хийж эхлүүлье гэж зорьсон юм. 2003 онд хороол­лын эцэст Жигүүр Грандын барьж байсан барилгыг дундаас нь худалдаж авч, засч өргөтгөөд “Оргил” худал­дааны төвөө нээж байлаа. Тухайн үед “Номин”, “Миний дэлгүүр”, “Боса” гээд сүлжээ дэлгүүрүүдтэй, тэр дэлгүүрүүд болоод захын үнийн зөрүү чамгүй их байлаа. Ерөнхийдөө хүмүүс хүнсний бараагаа цуглуулахаар зах руу явдаг тийм л үе байсан. Тэр үед би хэрэглэгчдэд бараагаа захын үнээр соёлтой, тав тухтай орчинд зардаг тийм нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм байна гэж ойлгоод зорилгоо болгож ажилласан даа. Үүнийгээ ч өнгөрсөн он жилүүдэд мөрдөж, хямд үнийн бодлогыг барьж ажилласан. Гэхдээ үүнийг би нэг их мундагтаа мэдээд хийчихсэн хэрэг биш л дээ. Гадны зах зээлд ийм дэлгүүр олон. Ажил, бизнесийн шугамаар энд тэнд явж байхдаа үүнийг анзаарч, “Costco”, “Edeka”, “Metro” шиг хямд үнээр хэрэглэгчдэд бараагаа түгээдэг сүлжээ дэлгүүр нээж болох юм байна гэж бодож байлаа. Энэ дэлгүүрүүд бол үнээ хямдхан барьж, жижиг бизнес эрхлэлтийг дэмждэг. Өөрийн тусдаа гишүүнчлэлийн карт гаргаж, хямд үнийг санал болгодог. Сав баглаа боодол нь том, хэд хэдээр нь багцалж зардаг онцлогтой. Манай “Оргил”-ынхны хувьд жижиг бизнес эрхэлж байгаа дэл­гүүр, зочид буудал, ТҮЦ ажил­луулж байгаа тэр хүмүүст манайхаас хүнсний бараагаа бөөнөөр, хямд үнээр аваад буцаагаад зарахдаа ашиг олох тэр нөхцөлийг нь бүрдүүлж ажилладаг.

Ингэж ажилласаар бид бас чамгүй хугацааг өнгөрөөжээ. Одоо 12 салбар дэлгүүртэй болж өргөжөөд байна.

-Та жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд хямд үнийг санал бол­го­дог гэлээ. Сайхан санаг­даж байна л даа. Гэхдээ та бас бизнес эрхэлж байгаа хүн биз дээ. Нэгэнт өөрөө салбар дэлгүүрүүдтэй байж, ханасан үнээ тавиад сууж байхгүй бусдад дахин үнэ нэмж зарах боломж гаргана гэхээр. Нэг сайн ойлгохгүй байх юм?

-Булан болгонд дэлгүүр нээгээд, салбар байгуулаад бүх ачааг өөртөө аваад, бүх ашгийг нь аваад сууж байх миний зорилго биш. Бид хамтдаа хөгжих ёстой. Хамтдаа ажиллаж, хамтдаа ашиг олж, хамтдаа хөгжих ёстой. Энэ бол бидний зорилго. Жижиг дунд, бизнес эрхлэгчдээ чирч хөгжих ёстой юм байна гэдгийг би эрт ойлгосон. Тэр бол үйлчилгээний хувьд их зөв зарчим л даа. АНУ-д гэхэд жижиг хотод “Wallmart” салбараа нээхээр маш олон хүн дургүйцлээ илэрхийлдэг гэдэг. Яагаад гэвэл бүх ажлын байрыг нь булаагаад авчихдаг. Харин “Costсo” нээгдэхээр баярладаг байгаа юм. Учир нь үйлчилгээ хажууд нь ирчихэж байна шүү дээ. Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд ийм байдаг. Мэдээж эцсийн худалдан авагчдын хувьд ойрхон дэлгүүрээрээ л үйлчлүүлдэг. Бидний хувьд жижиг бизнес эрхлэгчид маань манай томоохон харилцагч, түнш нар маань учраас тэдэндээ боломж олгож, тэднийгээ дэмжиж, тэдэнтэйгээ хамт урагшилж ирсэн. Тэгж ч цаашид явах болно.

-Бизнесээ эхэлсэн түүхийн талаар манай томоохон бизнес эрхлэгчид бүгд л ярьдаг. Таных яаж эхэлж байв. Таныг дөнгөж амьдралын захад хүрч байсан тэр үед нийгэм солигдож, яахаа мэдэхгүй болж байсан нь олон. Тэр үеийнхнийг гээгдсэн үеийнхэн ч гэж нэрлэдэг дээ?

-Би ч бас энэ түүхээ нэлээд их ярьж байсан л даа. Би Налайхын хүүхэд. Тухайн үед дараалсан осол аваарын дараа, бас ашиггүй өндөр зардал ч нөлөөлсөн үү 1988, 1989 онд Налайхын уурхай маань хаагдсан.

Тэгэхэд бараг 1000 гаруй уурхайчин, түүнийг дагасан Налайх хотын амьдрал тэр чигээрээ баргар болж эхэлсэн. Хөдөлгөх хүч нь зогссон байлаа. Энэ үед манай налайхчууд тэр чигээрээ наймаа, арилжаа руу орсон доо. Тэр үед би дөнгөж аравдугаар ангиа л төгсч байж. Миний ойр орчмын бүх хүмүүс урагшаа, хойшоо наймаанд явж, би ч тэдний адил ганзагын наймаа руу орж байсан юм. Бусад аймаг, улаанбаатарынхантай харьцуулахад ганзагын наймаа руу манай налайхынхан өргөн фронтоор орсон гэж боддог. Налайхын 30 мянган хүний арав хүрэхгүй мянга нь үлдэж, бусад нь наймаа руу орсон гэхэд болно. Манжуур, Чита хаа очно манай налайхынхан байдаг сан. Түүнээс биш энэ миний зам юм байна гэж гэнэт ухаарч ойлгоод наймаа хийж эхэлсэн гэвэл үгүй. Хүн гэдэг тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн байдаг учраас тэр л нөлөөллөөр, тэр орчноороо бизнес рүү яваад орчихсон доо.


ХОТЫН ТАТВАР ЦАГАА ОЛООГҮЙ ШИЙДВЭР БОЛСОН

-Таны бизнес рүү орсон нь ийм байжээ. Харин та улс төрийн сонголтоо хэдийд хийв. Та дүүргээс нь эхлээд нийслэлд иргэдээ төлөөлж сууж байсан хүн. Нийслэлийнхний амьдралыг нэлээд сайн мэднэ биз?

-Би 2004-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд ажиллах болсон. 2004 онд л улс төрийн сонголтоо хийсэн гэж болно. 2008-2012 онд би Баянгол дүүргийг төлөөлөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажилласан. ИТХ-ын Тэргүүлэгчээр дөрвөн жил ажиллалаа. Би нийслэлийн амьдралыг нэлээд сайн гадарлана. Яагаад сайн гадарладаг вэ гэхээр Тэргүүлэгчид бараг өдөр бүр хуралддаг байлаа. Тэр үед Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол жилдээ гурав дөрөв л хуралддаг. Байнгын үйл ажиллагаатай биш. Гол ачааллыг нь Тэргүүлэгчид авч явдаг байсан үе. Өдөр болгон шахуу хуралдаж, асуудал шийддэг байсан. Өнөөдөр хийгдэж байгаа ажлуудын эхлэлийг 2008-2012 онуудад үе тавьж байсан юм шүү. Уулзвар, зам, гэр хорооллын барилгажилт гээд олон асуудлын эхлэл нь тэр үед тавигдаж, хэрэгжээд явж байлаа. Шийдвэр гаргах явц нь удаан, хөрөнгө санхүүгийн асуудал сайнгүйгээс удаан явж байсныг үгүйсгэхгүй. 2011, 2012 оны хөрөнгө оруулалтын үсрэнгүй үе арай ирээгүй байсан хэрэг шүү дээ. Гэхдээ хотын төсөв 570 тэрбум, 700 тэрбум гээд жилээс жилд өсч л байсан. Урсгал зардал маш их шүү дээ. Хөрөнгө оруулалтад анхны жил 20 тэрбум байдаг ч юм уу, 80 тэрбум байдаг ч юм уу ийм маягаар л хөрөнгө оруулалт хийдэг байсан. Одоо бараг хэдэн миллиардаар нь хөрөнгө оруулалт хийж байх шиг байна. Та бидний цалингаасаа төлж байгаа Хүн амын орлогын албан татвараас Улаанбаатар хотын гол орлого бүрддэг. Мөн үл хөдлөх хөрөнгийн татвар байна. Газрын татвар байна. Энэ зүйлүүд л орлогыг гол бүрдүүлдэг. Тэр үед ихэнх хотын төлөөлөгчид дүүрэгтээ нэг ийм юм хийчихмээр байна гэж зарлага талдаа ярьдаг байсан л даа. Би бол орлого талд нь их анхаардаг байлаа. Ард иргэдээс татвар болгон авч байгаа хөрөнгийг тун ухаантай зарцуулах ёстой. Бас тухайн үед миний шүүмжлэлтэй ханддаг байсан зүйл бол торгуулиар орлогоо төсөвлөдөг явдал байсан. Тухайн үед хүү торгуулиас нэг тэрбум төгрөг оруулж ирнэ гэж төсөвлөдөг байсныг би хувьдаа буруушаадаг л байлаа. Гэтэл одоо торгуулиас орж ирнэ гээд хорин хэдэн тэрбумыг төсөвлөж байна шүү дээ.

-Иргэдийн алдаа зөрчил дээр ийм хэмжээний хөрөнгийг торгуулиар татаж орлого болгож цуглуулна гэдгээ урьдаас төлөвлөөд байна гэхээр...

-Ер нь ийм зүйлийг алдаа болгож торгоно, тэгээд ийм хэмжээний орлого болж орж ирнэ гэж төсөвлөх зохимжгүй. Бизнест бол энэ муухай зүйл. Яахав, орлого болоод орж ирэхэд орлогын давалт гэж үзээд тодотголоор зохицуулаад явдаг эсвэл Засаг даргын нөөц хөрөнгөд шууд суулгаад явж болно. Гэтэл түүнийгээ төлөвлөөд хүмүүсийн алдааг анаж, төсвөө бүрдүүлэх гээд явна гэдэг зохистой зүйл биш ээ.

-Одоо хуучин татварууд дээрээ нэмэгдээд хотын татварыг бид төлдөг болсон. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хотын татварын хувьд байх ёстой юу гэвэл байх ёстой. Дэлхийд ийм татвар бий. Гэхдээ дэлхийн бүх улсын хотууд ийм татвартай юу гэвэл үгүй. Нью-Йорк ч юм уу, Берлин ч юм уу том хотуудад ийм татвар төлдөг болохоос бүх хот ингэж татвар аваад байдаггүй. Тухайлахад, Бээжинд гэхэд ийм татвар байдаг талаар сонсч байгаагүй юм байна. Тэгэхээр бид өнөөдөр ямар нөхцөлд ямар амьдралтай байгаа, иргэд маань ямар орлоготой байна гэдгийг бодолцох ёстой. Жижиг бизнес, аж ахуй эрхэлж байгаа хүмүүс үнэхээр хэцүү байна уу, эсвэл их мөнгө олоод байна уу. Эсвэл бид бизнесийн орчноо тийм гоё боломжтой болгоод өгчихсөн юм уу гэвэл бодох л асуудал. Өнөөдөр дөнгөж 200-300 мянга, 2-3 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа хүмүүсээс татвар нэхээд байвал тэд яаж хөл дээрээ босч ирэх вэ. НӨАТ-ын 10 хувь, хотын татварын нэг хувь. Хэдийгээр арав, нэг хувь гэж сонстож байгаа ч цаад утгаараа 20, 30 хувь болж тэдэнд очдог юм. Энгийнээр хэлэхэд таван сая төгрөг олж байгаа хүнээс сая төгрөгийг нь авах, таван триллионы ашгаас нэг триллионыг авна гэдэг өөр ойлголт. Жижиг бизнес эрхэлж байгаа хүн тэр нэг сая төгрөгөөрөө түрээсээ төлнө, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлнө. Их мөнгө олж байгаа тохиолдолд татварт өгөөд ч их мөнгө үлдэнэ шүү дээ. Тиймээс би хотын татварыг цаг үеэ олоогүй шийдвэр гэж хэлнэ. Бидний хүүхэд байхад уншдаг үлгэрт заримд нь хүн ард нь сайхан амьдардаг, ургац арвин, сайхан сэтгэлтэй хаантай улсын тухай гардаг. Заримд нь шуналтай муу хаантай, ард түмнээ алба гувчууруур дардаг, ард олон нь зовж зүдэрч байгаа тухай өгүүлдэг шүү дээ. Ургац сайн, хоол хүнс арвин бол ард олон хаандаа татвар гувчуураа асуудалгүй өгчихдөг. Үнэхээр хэцүү бол тэр хүмүүст өгөх зүйл байхгүй. Заримдаа манайхан үлгэрт гардаг хаад шиг болчих юм.

ХЯМРАЛЫГ СӨРЖ ДАВНА

-Сүүлийн үед хаа сайгүй л эдийн засгийн хямралын тухай ярьж байна. Гэхдээ хямрал бол боломж гэх бизнесийнхэн байдаг. Та хувьдаа үүнийг юу гэж харж байна вэ. Нөгөө талдаа хямралд зохицуулж байна гээд зардлуудаа танах газрууд олон. Та ямар зарчим баримталдаг вэ?

-Хямралыг боломж гэж харах нь чухам аль өнцгөөсөө харж байгаа вэ гэдгээс шалтгаалах байх л даа. Хөрөнгө санхүүгийн боломж сайтай, хадгаламждаа багагүй хөрөнгөтэй тохиолдолд боломж болж таарах байх. Үл хөдлөх хөрөнгөөс эхлээд бүх зүйл хямдарч, өрсөлдөгчид нь дампуураад эхлэхээр боломж гэж харж болох юм. Гэхдээ хүн бүрт санхүүгийн тийм боломж энэ хямралын үед байна гэхэд хэцүү. Хямралыг сөрөх ёстой гэж би ойлгодог. Сөрнө гэдэг нь юуны өмнө таны хэлснээр зардлуудаа танахгүй байснаар эхэлнэ. Хэрэв бүгд зардлаа танаад эхлэх юм бол эдийн засаг улам агшаад, эдийн засаг маань боомилогдож жинхэнэ утгаараа хямрал гэдэг маань ёроол руугаа ирнэ гэсэн үг шүү дээ. Тийм болохоор аж ахуйн нэгжүүд бүсээ чангалж байгаад ч хамаагүй ажилчдынхаа тоог багасгахгүй байх ёстой. Би бүр нэгдүгээрт, хоёрдугаарт гэж байгаад хэлэхийг хүсч байна. Эхлээд ажилтнуудаа цомхотгохгүй байх ёстой. Хоёрдугаарт, цалинг нэмэхгүй юмаа гэхэд багасгахгүй байх ёстой. Орлого өсөхгүй байгаа үед цалин өсгөхөд амаргүй. Гэхдээ цалингаа багасгахгүй байх ёстой.

Мөн орон тоогоо бүр нэмэхийг бодох хэрэгтэй. Болж өгвөл шинэ салбаруудыг нээх ч юм уу шинэ орон тоог бий болгох ёстой юм. Хямралыг сөрж байгаа нэг алхам шүү дээ.

-Ажилтнуудаа цомхотгохгүй харин бүр нэмж ажлын байр гаргах хэрэгтэй гэдэг хүнд сорил санагдаж байна. Харин та өөрөө хямралыг сөрөх энэ аргаа хэрхэн биелүүлж байгаа вэ?

-Манайх хямралтай холбоотой ажилтнуудаа цомхотгоогүй. Харин ч шинээр ажлын байр бий болгох зорилго тавьж ажиллаж байгаа. “Оргил” худалдааны төвийнхөө шинэ салбарыг зургаан буудалд барьж байна. Мөн Яармаг хороололд “Encanto Orange” хотхоноо барьж байна. Үнэнийг хэлэхэд манай орлого 30-40 хувь буурсан. Манай барьсан барилгуудын ихэнх нь шахуу хоосон л байна. Гэхдээ л бид сөрөх ёстой гэж ойлгож байгаа. Манайх ч ганцаараа биш сөрөөд явж байгаа олон компани байна. Өмнөх хуримтлалаараа энэ хүнд үеийг давах ёстой гээд зүтгэж байна. Эргээд бодоход 1991 оноос хойш 2013-2014 хүртэлх цаг үеүдэд хүмүүсийн амьдрал ямар нэгэн байдлаар өсч дэвжээд ирсэн байгаа. Хоёр хүүхэдтэй, хоёулаа ажил хийдэг энгийн гэр бүл түрээсийн байранд байдаг байсан бол лизингээр ч болов байртай болсон байгаа, жижиг машинтай байсан бол том болгосон байгаа. За тэгээд, Хөвсгөлд очоод амарсан байж таарна. Цаашлаад Хайнаньд амарсан байх ч талтай. Тэгэхээр амьдрал өм цөм биш юмаа гэхэд бага багаар дэвжээд л ирсэн байна аа даа. Харин сүүлийн 2-3 жилд миний эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдрал амаргүй байна. Цалингаас цалин, өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Товчхондоо монголчууд мөрөөдөлгүй, тэмүүлэлгүй болж байна шүү дээ.

-Энэ хямрал юутай холбоотой бий болсон гэж та бодож байна даа?

-Мэдээж олон хүчин зүйл байгаа. Гэхдээ энэ хямралын ихэнх нь улс төрөөс үүдсэн хямрал гэж шууд хэлнэ. Улстөрчид эдийн засагт дэндүү оролцоотой, дэндүү хамааралтай явж ирснээс ийм хямрал нүүрлэсэн гэж ойлгодог. Дэлхийд ашигт малтмалаасаа хамааралтай улс орнууд зөндөө л байна. ОХУ, Канад, Австрали гээд том гүрнүүд бүгд л ашигт малтмал түүхий эдийн хамааралтай улсууд. Гэхдээ тэгтлээ хямарч, тартагтаа тулж, хүмүүс нь өр зээлэнд орсон байгаа нь хаана байна. Энэ бүхэн манай хямрал юунаас үүдэлтэй вэ гэдгийг харуулж байгаа болов уу.

-Улс төр орсон гэдгийг та дэлгэрүүлэхгүй юу?

-Улс төрийн хэт оролцооноос болсон. Улс төрийн буруу шийдвэрүүд их гарснаас энэ хямрал гүн гүнзгий, өөрийгөө хурдан эдгээх боломж бага байна. Уг нь зөв хөгжилтэй улсад бол эдийн засаг өөрөө өөрийгөө засаад, эдгээгээд явах боломжтой. Гэтэл улс төрийн хэт их оролцоотой учраас эдийн засгийн салбар өөрийгөө засахад хэцүү байна шүү дээ. Гэхдээ бид энэ хямралыг ойрын гурав цаашлаад таван жилийн дотор бүрэн даваад сайхан ирээдүйтэй учирна гэдэгт итгэлтэй байна.

-Улс төрөөс хэт хамааралтай эдийн засаг юм чинь улс төрийн оролцоо нь бас эрүүл болж байж тэр өөдрөг он жилүүд харагдахаар юм биш үү. Улс төрийн оролцоотой эрүүл бус байдал байсаар байвал сайхан ирээдүй ч худлаа байх...

-Тийм. Тэгэхдээ улс орны хөгжил ч ялгаа байхгүй, хүний хөгжил ч ялгаа байхгүй жамаараа явбал бид бас өөрөө өөрийгөө засдаг хорвоод амьдарч байна шүү дээ.  Жамын юм жамаараа хөгжихөд бидэнд ирээдүй бий. Өөрийн чинь хэлж байгаагаар улс төрийн оролцоо ирээдүйд ямар байхыг би таашгүй. Тэгэхдээ хүн болгон алдаануудаа дахин давтахгүй байх гэж би өөдрөгөөр харж байна. Өмнө нь манайхан бизнесийнхнээ олигархиуд, луйварчин гэдэг байсан бол одоо баялаг бүтээгчид гэж үзэх болж. Энэ бүхнээс харахад бас ч гэж юмыг ойлгодог болсон гэж бодох болоод байгаа шүү. Нийгмийн уур амьсгал баялаг бүтээгчдээ дэмжих ёстой, баялаг бүтээж байгаа хүмүүсийн оролцоогоор бидний амьдрал сайн болдог юм байна гэдгийг мэдэх болсон. Тэгэхээр би худлаа энэ тэр гэж бараанаар бодохыг хүсэхгүй байна.



БИ ИРЭЭДҮЙГ ГЭГЭЭЛГЭЭР ХАРДАГ

-Та ер нь их өөдрөг хүн байх нь ээ?

-Би ер нь ирээдүйг гэгээлгээр хардаг хүн л дээ. Түүнээс амьдралыг америк кино шиг хардаггүй. Биднийг хүүхэд байхад 2000 оныг юу гэж төсөөлж байна вэ гэсэн зохион бичлэг их хийлгэдэг байлаа. Энэрэл ээ, чи тийм зохион бичлэг бичиж байсан уу. Бид нар бороог автоматаар оруулдаг болно, цаг агаарыг хүн удирддаг болно гэж ирээд төсөөлж бичдэг байлаа шүү дээ. Би л гэхэд Улаанбаатар, Налайх хоёр нийлнэ, гоё гоё хорооллууд бий болно гэж бичиж байлаа. Би тэгэхэд роботууд бидний амьдралд тусална гэж бичиж байснаас биш бидний амьдралыг сүйтгэнэ гэж бичиж байгаагүй, бодож ч байгаагүй юм байна. Ер нь хүний үйл нь зөв, бодол нь ч зөв байх ёстой юм шүү. Хүний бодол өөрийгөө удирдаж явдаг.

-Улстөрчдийн хувьд сонгогчид нь мэдлэг боловсрол муу, ядуу зүдүүхэн амьдарч байвал саналыг нь татахад амар гэж боддог байх...

-Дан улс төрөөр явж байгаа зарим нэг нь хүмүүсийг ядуу амьдруулаад түүн дээр нь тоглоод өөрөө сонгогдож, баяжиж хөлжихийг боддог байж болох юм. Яг баялаг бүтээж байгаа бизнесмэнүүд бүх хүмүүсийг боломжтой чадалтай болоосой гэж бодож байдаг.

Улс орны амьдрал, жижиг бизнес эрхлэгчдийн амьдрал, яг одоо хөдөлмөр хийж байгаа улсуудын цалин мөнгө сайн байх тусам л миний бизнес цэцэглэнэ. Би энэ тойргийг зөв тойрог гэж ойлгодог. Энэ тойргоор хүмүүс нэгийгээ дэмжиж, хамтдаа хөгжөөсэй гэж боддог. Жижиг бизнес эрхлэгчид нь олон болж, хүмүүс нь мөнгөтэй чадалтай болж байж тэр бизнесийн хүмүүсийн бараа бүтээгдэхүүн борлогдоно. Түүнээс биш миний хийж байгаа бүтээж байгаа барилгыг хэн худалдаж авах вэ. Манай “Оргил”-оор хэн үйлчлүүлэх вэ. Энэ үзэл бодол яг л улс орныг бүтээдэг үзэл бодол шүү дээ. Хүний амьдрал сайхан байгаасай, цалин пүнлүү өндөр байгаасай. Ингэж байж миний бизнес сайн болно гэсэн бодлыг шунал гэж харах аргагүй. Барууны нийгмийг бий болгосон гол хөшүүрэг нь өөрөө энэ.

БИ ХУВЬЧЛАЛД ОРОЛЦОЖ, ТЕНДЕР АВЧ БАЙСАНГҮЙ

-Манай бизнесийнхний түүх эрээнтэй бараантай байдаг л даа. Тендер булхайтай авсан гэдэг яриа дагалдах энүүхэнд. Та энэ асуултад юу гэж хариулах вэ?

-Тендер авч ажил хийх бол буруу эсвэл хууль бус зүйл биш л дээ. Харин тэр нь шударгаар шалгарсан уу гэдэгт асуудал байгаа. Манай бизнесийнхэн дунд тендер булхайтай авсан эсвэл өмч хувьчлалыг буруу аргаар хувьчилж авсан зүйлс дуулддаг. Өөрөө надаас ямар нэгэн ийм асуудал байгаа юу гэж асуух гээд тойруулж асуугаад байх шиг байна. Би шууд хариулъя. Би ямар нэгэн тендерт хэзээ ч оролцож байгаагүй. Манай хоёр гурван охин компаниуд ч оролцож байгаагүй. Харин бидэнд санал бол ирдэг байсаан. “Оргил” худалдааны төв энэ тендерт оролцооч ээ гээд. Гэхдээ бид оролцож байсангүй. Хийх ажлууд ч их байсан байх, нөгөө талаасаа худлаа төсөв гаргаж чадахгүй, худлаа ярьж чадахгүй маань нөлөөлдөг байсныг үгүйсгэхгүй.

Нэгэнт энэ талаар дурдсаных би ямар нэгэн байдлаар ямар нэгэн хүний хийж бүтээсэн бизнесийг хэзээ ч булааж авч байгаагүй. Хэн нэгэнтэй нийлж, ямар нэг аргаар хуйвалдаж, шүүхийн шийдвэр гаргуулж хүний босгож бүтээснийг өөрийн болгож явсангүй. Ямар нэгэн хувьчлалд оролцож явсангүй. Бүхнийг өөрийн гараар бий болгож, бүтээж ирсэн гэдгээ хэлчихье. Энэ мэт ярианууд манай бизнесийнхнийг чамгүй их дагалддаг л даа. Тиймээс онцолж байгаа юм. Тоног төхөөрөмжүүд байтугай гадаах төмрийн хогнуудыг нь зарахад л хувьчлалд зарцуулсан мөнгөө олоод авчихдаг байсан гэлцдэг дээ. Дээр хэлсэнчлэн тендер бол буруу зүйл биш. Шударгаар шалгарч Монголд хэрэгтэй олон сайхан бүтээн байгуулалт хийсэн, улсын үйлдвэрийг хувьчилж аваад илүү сайхан болгосон олон газрууд байгааг үгүйсгэх аргагүй. Сайны дотор саар сонстоод байдаг учраас хэлж байгаагаас бус бүгд тийм гээгүй юм шүү.

-Таны бизнесийн нэг онцлог гэвэл худалдааны төв болгон тань өнгө аясаа илтгэсэн ижил барилгуудтай. Ерөнхийдөө барилгаа өөрөө бариад үйл ажиллагаагаа явуулдаг. Таны талаар “Айхтар хүн юм аа. Түрээсэнд мөнгө өгөхгүй дандаа барилгаа бариад орж суудаг” гэсэн яриаг ч сонсч байлаа...

-Би хамгийн хямд өртгийг л барихыг хичээж ирсэн. Хамгийн хямд өртгөөр ажиллаж байж бусадтай өрсөлдөж чадна. Үүнийг би дээр дурдаж байсан гадны компаниудын туршлагаас олж мэдсэн. Бусдын байшинг түрээсэлбэл өртөг өснө шүү дээ. Нөгөө талаас бусдаас хамааралтай болж эхэлнэ. Тийм учраас бүсээ чангалаад ч хамаагүй эхлээд өөрийнхөө байшин босгохыг би зорьдог. Тэгээд ч анхнаасаа өөр зориулалтаар барьсан байшинд хүнсний дэлгүүр ажиллуулна гэдэг  хүндрэлтэй. Хүнсний бизнест хадгалалт, агуулах сав гэдэг хамгийн чухал асуудал. Агааржуулалт ямар байна, зохион байгуулалтын асуудал ямар байх вэ гээд нарийн ширийн зүйлс зөндөө байдаг. Тиймээс анхнаасаа барилга байшингуудаа бид өөрсдөө барьж ирсэн. Цаашид ч энэ бодлогоо барьж ажиллана.

-Танай компанийн босгосон “Encanto” спорт комплекс манайдаа хамгийн өндөр бас хамгийн том спорт төв болох байх. Та яагаад үүнийг барихаар шийдсэн юм бэ. Үнэндээ ийм бизнес ашиг олдог юм уу?

-Зөв асуулт л даа. Үнэндээ ашиг олж чадах уу гэвэл хэцүү. Ороод харахад бассейнд нь өдөртөө арав хорин хүн сэлж, саунд нь 50-60 хүн л орно. Гэхдээ бизнесийг зөвхөн ашиг харж хийдэггүй. Зүгээр нэг үргэлжилсэн орон сууц барихыг би хүсээгүй. Баахан машинууд шавчихсан, гарсан ч орсон ч түүн дундаа амьдрах нь бидний ирээдүй мөн гэж үү. Бид энэхүү хотхондоо анхнаас нь спорт төв, давхар гараж барина гэж төлөвлөсөн байсан. Манай спорт комплекс бол бидний зүгээс ард түмнийхээ эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Гадны орнуудад ийм төрлийн байгууламжийг төрийн татаасаар хийдэг. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Зарим газар ийм төрлийн бизнесийг татварын бодлогоор дэмжиж өгдөг. Хөгжингүй орнууд нь үгүй юм гэхэд манай хойд хөршөөсөө жишээлэхэд ОХУ-д бүх сургуулиуд бассейнтай байна. Үүнийг төрийн дэмжлэгээр хийж байна. Хотын хүмүүс стрессээ тайлна гэхээр хаана очих вэ. Ийм архигүй бүсүүдийг олон болгох ёстой. Нэг үеэ бодвол манайхан стрессээ баар караокед биш эрүүл агаарт гарч, спортоор хичээллэж тайлахыг илүүд үздэг болжээ.
 
ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МИНИЙ БИЗНЕСИЙН ТУЛГУУР

-Түрүүнд та бид хоёр татварын тухай хөндөж байсан. Сүүлийн үед НӨАТ-ын сугалаа нэвтэрч, худалдан авалт бүрээ баталгаажуулан бүртгүүлэх болсон. Үүнийг нэг талаасаа бизнесийн байгууллагууд, хувь хүмүүсийн орлогыг хянах үйл ажиллагаа боллоо гээд байгаа л даа. Та үүн дээр ямар бодолтой байгаа вэ?

-Буцаан авалт гэдэг бол нэг ёсны төрийн хяналтын систем юм. НӨАТ бол хуучин байсан л зүйл. Харин үүнийгээ улам төгөлдөржүүлээд явах гэж байна гэж харж байгаа. Гэхдээ хэлэх зүйл бас байна аа. Том, жижиг гэлтгүй бүгдээс нь ийм зүйл шаардаж хавтгайруулж байгааг би цагаа олоогүй гэж хэлнэ. Том дэлгүүрүүд нь үлгэрлээд явах ёстой. Харин тэр Баянгол дүүргийн хойд хороонуудаар байгаа гэр хорооллын жижиг дэлгүүрт ийм дарамт ирэх нь утгагүй юм. Тэр дэлгүүрээс нэг удаагийнхаа татварыг л аваг. Түүнээс тайлан баланс, кассын машин, интернэттэй байх дагаад нягтлантай байх зэрэг бол ахадсан ачаа. Бага орлоготой иргэдэд хүнд ачаа гэж хэлмээр байна.

-Гэхдээ та их сонин хүн юм аа. Жижиг бизнесийнхэн гээд л байх юм. Хүмүүс тэр жижиг дэлгүүрийн оронд танай руу орж байвал орлого чинь өсөх ёстой бус уу?

-Би байнга хэлдэг. Жижиг бизнес эрхлэгчид миний хамгийн гол бизнесийн тулгуур. “Оргил” худалдааны төвийн хамгийн гол тулгуур нь жижиг бизнес эрхлэгчид. Нэг талаасаа би тэднийг бодоод байгаа юм шиг боловч нөгөө талдаа тэд миний бизнесийг дэмждэг. Тэгэхээр би тэднийг дэмжинэ гэдэг өөрийнхөө бизнесийг л дэмжиж байгаа хэрэг шүү дээ. Нөгөө зөв гурвалжин гэдэг чинь л энэ.

-Та түрүүнд сүүлийн жилүүдэд хүмүүсийн цалин орлого нэмэгдэхгүй, зээлээс зээлийн хооронд байна гэж байсан. Яг энэ үед бид юуг хийх хэрэгтэй вэ, таныхаар?

-Би энэ асуултад хариулахын өмнө нэг жишээ хэлэхэд Форд өөрийнхөө машинуудыг борлуулахын тулд ажилчдынхаа цалинг нэмдэг байжээ. “Миний ажилчид манай үйлдвэрлэж байгаа машиныг авах ёстой” гэж тэр хэлдэг байж. Тэгэхээр бид тодорхой салбаруудад хямралтай байсан ч анхаарлаа маш сайн хандуулах ёстой. Жишээлбэл, шинээр ажилд орж байгаа багш 530500 төгрөгийн цалин авч байна. Татвараа төлөөд өөрийнх нь гар дээр 470 мянган төгрөг ирж байгаа. Энэ 470 мянган төгрөгөөр тэр багш юу хийх вэ. Ядаж байхад дэвтэр зассаны мөнгө гээд авдаг байсан цөөхөн хэдэн цаасыг нь амьдрал мэдэхгүй дарга нар хэмнэлт хийж байна гээд хасаадахсан. Тэр цалингаараа үр хүүхдийнхээ, өрхийнхөө амьдралыг аваад явах боломж байна уу. Зөвхөн ардын хүүхдийг сургаж, ирээдүйгээ сайн бэлтгэх ёстой гэсэн сэтгэлээрээ л тэд ажиллаж байна. Намайг хүүхэд байхад онц сурлагатан хүүхдүүд багш болно гэдэг байлаа. Харин одоо дуулах нь ээ тэгэх хүүхдүүд алга болсон гэнэ. Хүүхдүүдийн дунд багш болно гэсэн сэтгэлгээ хуучнаас өөрчлөгдсөн нь цалин хөлс, үнэлэмжтэй холбоотой байх.

Багш нарын цалинг ойрын хугацаанд хоёр дахин нэмэх ёстой гэж би боддог. Нэмэхгүй байдаг шалтгааныг нь бас судалж үзсэн л дээ. Багш нарын тоо олон, цалинг нь нэмэхээр төсөв хүндрэх гээд байдаг учраас бага багаар нэмж аргацааж ирсэн юм билээ. Өчнөөн олон жил ажиллаж байгаа багш гэхэд л нэг жил ажиллаад 2000-5000 төгрөг нэмүүлдэг. Арван жил ажилласан багш 600 гаруй мянган төгрөгийн цалин авдаг байх жишээтэй. Ингэж явж болохгүй ээ.  Бидний ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт маань ийм байна гэдэг үнэхээр харамсалтай. Ганцхан төсөв харалгүй олон эх үүсвэрээс энэ салбарт онцгойлон анхаарах хэрэгтэй гэж би бодож байна. Эмч нар ч бас ялгаагүй. Эмч нар ойрын үед шинээр яригдаж байгаа хуультай холбоотой байр сууриа илэрхийлж байна. Нэг эмчийн хэлсэн яриа надад одоо ч санагдаж байна. Тэр эмч болохын тулд арван жил сурсан гэсэн. Эхлээд зургаан жил сурч, дараа нь магистр тэгээд нарийн мэргэжлийн сургалтад сууж төгсөөд эмч болоод арван жил ажиллаж байгаа. Гэтэл түүний цалин 600 мянган төгрөг гэж ярьж байсан. Тэгээд тэр “Намайг хийсэн алдааныхаа төлөө 80 сая төгрөг өг гэж байна. Эсвэл шорондоо яв гэж байна. Энэ хууль надад хэт хатуурхаж байна” гэж байсан. Би бол зөв юм ярьж байна гэж ойлгосон. Тэр хүнд ядаж амьдралын баталгаатай цалинг өгчихөөд дараа нь хариуцлагаа ярих ёстой болов уу. Мэдээж эмч нарын хариуцлагыг дээшлүүлэх ёстой юу гэвэл дээшлүүлэх ёстой. Гэхдээ тийм орлоготой хүн магадгүй ажлаа дуусгаад дараагийн ажлаа хийдэг байж болох юм. Тэгж ажиллаж ирчихээд тухтай амарч чадахгүй маргааш өглөө нь хүнд хагалгаанд орно гэхээр эрсдэлтэй шүү дээ. Түүнээс 600 мянган төгрөг өгчихөөд хариуцлагыг нь нэмээд байж болохгүй. Энэ хууль дээр ажиллаж байгаа хуульч, багш нарын хувьд эрүүгийн хуулиа мундаг мэддэг байх л даа. Түүнийг нь үгүйсгэхгүй. Өөрийнхөө өнцгөөс мундаг л зүйл хийсэн гэж бодож байгаа байх даа. Гэхдээ тэд энэ салбарыг мэдэхгүй байна.

ТӨР ОЙ САНАМЖГҮЙ БОЛЧИХЖЭЭ

-Та төрийн байгууллагуудын тогтворгүй байдал, төрийн ой санамж алдагдсан талаар нэг ярилцлагадаа хөндсөн байсныг харж байсан юм. Энэ талаар танаас онцолж асуумаар санагдлаа?

-Энэ бол хөндөхгүй үлдээхийн аргагүй том асуудал. Төр өөрөө олон зүйлийг мартдаг болжээ. Сая ярьсан багш, эмч нарын асуудлыг ч мартсан байна. Олон сайхан бизнесийн санаанууд, олон хөрөнгө оруулалтыг, иргэдээ хүртэл мартсан байна. Ой санамжгүй болчихжээ. Энэ бол хямралын эх үүсвэр юм. Төр яагаад ингээд мартаад байна вэ, яагаад ой санамжаа алдчихав аа. Төрийн алба тасралтгүй байх ёстой. Гэтэл аль ч байгууллагад нэг дарга ирээд л цэвэрлэгчээс нь эхлээд бүх хүнийг сольдог. Өмнөх даргын хүнээ бүгд үзэн яддаг, үл итгэдэг. Ингээд л өөрийн хамаатан садан, ах дүүс таньдаг хүнээ аваад ирнэ. Тэд нь ч зүтгээд л байна. Өмнөхөө мэддэггүй, бүх ажлаа үгүйсгэдэг. Энэ байдал хавтгайрсан учраас төрийн ой санамж алдагдчихлаа. Гэхдээ үүнийг би ганцаараа яриад байгаа юм биш. Олон жил ярьж ирлээ. Гэвч бахь байдгаараа. Яриад байгаа мөртлөө яагаад хийдэггүй юм бэ.  Үүнийг би онцолж яриад байгаа юм. Авьяас чадвартай олон хүн дарга дагаж солигдсоор байгаад өрсөлдөх чадваргүй боллоо. Энгийн жишээ хэлэхэд МИАТ-ийг авч үзэж болно. Тийзний үнэ өндөр учраас Монголд ирж байгаа жуулчид цөөн байна. Тийзний үнэ өндөр байгаа нь энэ компани бизнес утгаараа ажиллахгүй, мэргэжлийн боловсон хүчнүүд нь халаа сэлгээнд өртөж байгаатай холбоотой. Хэрвээ олон жуулчин ирвэл олон юм хөдөлнө. Уул уурхайгаас дутахгүй бизнес бол аялал жуулчлал мөн. Тэгвэл энэ салбарыг өөд нь татахын тулд эхлээд тийзний үнээ буулгах шаардлагатай болж байна шүү дээ.

-Та бид хоёр олон асуудлын талаар ярилцлаа. Энэ бүх асуудлуудад ямар шийдэл байна вэ. Та өөрийнхөө харж байгаагаар хамтдаа шийдлийг эрэлхийлбэл ямар вэ?

-Улс төрийн шийдлүүдийн талаар олон хүн өөр өөрийнхөөрөө хэлж байдаг учраас би нийгмийн амьдралын шийдлүүд, эдийн засгийн шийдлүүдийн талаар өөрийнхөө харж байгааг хуваалцъя л даа. Манайд хэвлэл мэдээллээсээ эхлээд дарга шүтсэн хандлага байдаг учраас хүүхдүүд хүртэл том болоод дарга болно гэж ярих болжээ. Тэдний дунд бизнес эрхэлж, баялаг бүтээгч болох тухай сэтгэхүй багаас нь сууж өгөхгүй байгаад би шүүмжлэлтэй ханддаг. Мэргэжлийн хяналтаас  аль нэг газрыг хаасан тухай, эсвэл аль нэг хүнийг баривчилсан мэдээлэл хамгийн их цацдагийг би дарамтлаад байгаа юм уу, айлгах гээд байгаа юм уу гэж гайхдаг. Би юуны өмнө улстөрчдийг магтсан, тэдний алхам бүрийг гаргадаг тэр хэлбэрийг зогсоох ёстой гэж боддог. Харин хүүхдүүдэд хүн бүр хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ гэдгийг багаас нь ойлгуулах нь нэг шийдэл гэж хардаг. Хүн бүрт өөр, өөрийн зам бий. Тэрийгээ ол, тэрийгээ эрэлхийл. Тэгээд хөдөл. Түүнээс хүний хийснийг дуурайгаад юманд хүрэхгүй. Хүн бүртээ таарсан орчинг нь бүрдүүлж өгч, тэднийг ажил хийх, бизнес хийх тал дээр уриалах нь хэвлэл мэдээллийн ч, төр засгийн ч үүрэг болов уу. Бас хүний бизнес хийх урам зориг, сэтгэлгээг дарамтлахгүй байх нь нэг шийдэл гэж ойлгож байна.

Мөн бид боловсролынхоо салбарт гойд анхаарах ёстой. Ирээдүйг маань улстөрчид өөрсдийнхөө амьдралаар хараад байна. Багш нар түмний хүүхдийг сургахын төлөө яаж зүтгэж байгааг тэд мэдэхгүй байна. Тэд нэг бол хүүхдүүдээ гадаадад сургадаг, нэг бол сонгуульд ялагдахаараа хэсэгтээ гэр бүлээрээ гадагшаа гараад явчихдаг. Тэгснээр гэнэт амьдралаас тасарсан зүйлс ярьж, шийдвэр гаргадаг. Энэ бидэнд том гай болж байна. Ийм хүмүүс олон жил биднийг удирдлаа. Монголын боловсролд хөрөнгө хаях цаг ирсэн. Сургууль цэцэрлэгээ нэм, үүнд хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгжүүдэд тусалж, зарим зүйлээс нь чөлөөлөх ёстой. Хувийн сургуулиудаа үзэн ядаад их мөнгө аваад байна гээд байх хэрэг байхгүй. Улс тэгээд хийж байгаа юм уу, үгүй шүү дээ. Монголд ярьдаг хүн нь ихэсээд хийдэг хүмүүс нь хомсоджээ. Бас ярьсан ажил нь хэр биелэгдэж байгааг араас нь шалгахгүй байна. Тэгэхээр хүнд таалагдахын төлөө л яриад байна гэсэн үг.

Бас нэг шийдэл хэрэгтэй зүйл гэвэл бид бүх ажлыг сонгууль гэж хардаг болчихжээ. Дүүрэгт, хороонд ч ялгаагүй. Дараагийн сонгууль яах вэ гэж харж байна. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль яах вэ гэж хүлээж байна. Энэ нь бүх зүйлийг боомилж байна. Үнэндээ бид хийж байгаа ажлаа ирээдүйн хөгжил гэж харж, шийдлээ гаргаж ажиллах ёстой. Бидэнд хөгжил хэрэгтэй байна. Бидэнд сонгууль харсан биш урагшаа харж ажилладаг удирдагч хэрэгтэй байна. Тийм нэгэн үе гарч ирэх ёстой. Ирээсэй гэж би хүсч байна. Тэгж байж л энэ улс орны амьдрал засагдана, засарна. Шинэ залуу үедээ шүүмжлэлтэй ханддаг ч үнэндээ хойч үе нь өмнөхөөсөө дандаа илүү байдаг.

-Та бид хоёр албан зүйлс нэлээд ярилаа.Та гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүүхэд маань 15 настай, бага нь хоёр настай. Гурван охин, нэг хүүтэй дээ. Гэргий маань миний баруун гар, компанийнхаа бүх дотоод хяналтыг хариуцаж ажилладаг даа.

-Тэгэхээр таны гэргий одонгоо авчихжээ. Том хүүхэд 15-тай гэхээр жаахан хожуу аав болж байжээ...

-Тухайн үедээ бизнес хийж завгүй гүйж байсаар 27 настайдаа буюу хожуухан аав болж байлаа. Одоо ч залуус орой гэрлэх болж дээ. Намайг тухайн үедээ оройхон л аав болсон гэж байлаа. Эхнэр маань Алдарт эхийн одонгоо авсаан. Би бас аавд ч хамаатай одон гэж бодож явдаг шүү (инээв).




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив