Хахир цагийн морин уралдааныг хэн ч тоож үзмээргүй байна
2016 оны 3 сарын 21 [Уншсан тоо: 27769]



Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүүхэд болон боолын хөдөлмөрөөр бүтсэн бараа бүтээгдэхүүнийг импортлохгүй байх хуулийн шинэ төсөлд гарын үсэг зурсан юм. Энэ талаар гадны томоохон хэвлэл мэдээллээр “АНУ 85 жилийн туршид үргэлжилсэн хуулийн цоорхойгоо бөглөж чадлаа” хэмээн онцолж байх юм. Урьд нь энэ талаар ярьдаг байсан хэдий ч дотоодын эрэлт хэрэгцээт бараа гэсэн шалтгаанаар хил гаалиар нэвтрүүлэх боломжтой байжээ. Харин одоо АНУ-ын Ерөнхийлөгч “Хэн нэгэн хүний хөдөлмөрийг мөлжин, хүнд хэцүү нөхцөлд багахан өртгөөр боолчлон бүтээсэн бараа бүтээгдэхүүнийг авч тэднийг дэмжихгүй ээ. Бас хүүхдийг хөдөлмөр эрхлүүлж, тэдний амь нас, эрүүл саруул өсөн бойжих боломжийг сүйтгэн байж бий болгосон юуг ч болов авахгүй шүү” гэж хатуу анхааруулж байна. Ингэснээр Зүүн Өмнөд Ази тэр дундаа Тайландаас авдаг далайн бүтээгдэхүүнүүд, Африкаас хүүхдээр олборлуулдаг алт алмаз, бангладеш, энэтхэг эмэгтэйчүүдийн хөлс цустай хамт нэхэгддэг даавуун эдлэл, хивс, Туркийн газрын самар гээд олон бүтээгдэхүүн хориотой бүтээгдэхүүн болж таарч байгаа юм. Мэдээж, зах зээлийн эрүүл тогтолцоот хөдөлмөрийн хуваариар үнэлж, хүүхдүүдээр хийлгэхээ байчихвал тэр бараа бүтээгдэхүүн урьдын адил зарагдаж ашиг олох боломжтой л доо.

Обамагийн гарын үсэг зурж баталгаажуулсан энэ шийдвэр, энэ чиг хандлага сүүлийн жилүүдэд дэлхийд маш хүчтэй яригдаж байна. Одоогоос хоёр жил гаруйн өмнө дөө, Австралийн Аделейдийн их сургууль дээр болсон нэгэн лекцэн дээр суусан юм. Тэр лекцийг хэд хэдэн мундаг багш нар нийлж хийнэ гэсэн зар тавьсан байсныг харснаас үнэндээ юуны тухай ярихыг нь ч мэдээгүй очлоо. Гэтэл тэд хүмүүсийн хөдөлмөрийг мөлжиж маш хямд үнээр их ажил хийлгэдэг явдал дэлхийд газар авч байгаа талаар онцолсон юм. Олон жилийн өмнө Хятадад ийм байсан бол одоо эдийн засаг нь хөгжөөд ажиллах хүчний хөлс өндөр болж, Бангладеш, Вьетнам руу энэ мөлжлөг шилжсэн. Цаашлаад Камбож энэхүү хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болох хандлагатай гээд ярьж өгч байна аа. Тэгээд 2013 оны дөрөвдүгээр сард Бангладеш улсад болсон оёдлын үйлдвэрийн ослын талаар ярьж, эзэн нь байшинг нурахыг мэдэж байсан боловч хүмүүстээ хэлээгүй. Тэр хүмүүс сарын хэдхэн ам.долларын төлөө ажиллаж, эцэст нь амиа алдсан. Хохирогчид нь дандаа эмэгтэйчүүд байсан гэхчилэн лекц маань үргэлжилсэн. Хамгийн сүүлд нь Австралийн ийм, ийм компани хямд хүчээр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж нааш авчирдаг. Тиймээс та бүхэн тэнд боолын хөдөлмөр эрхэлж, мөлжүүлж байгаа ази эмэгтэйчүүдийн төлөө энд байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх ёстой. Хэрэв та нар энд худалдан авалт дээрээ бойкот хийж чадвал тэнд байгаа хүмүүст тусалж чадна хэмээн төгсгөсөн юм. Ерөнхийдөө эхэндээ жаахан хол санагдаж байсныг нуух юун. Гэхдээ бид өнөөдрийн мах сүүгээ ярьж, аль болох бараа бүтээгдэхүүн хямд байхыг шаардаж байдаг бол хөгжсөн орны хүмүүс эндэх амьдрал биш тэнд байгаа хүний төлөө сэтгэлээ чилээж дараагийн юманд санаа зовж эхэлдэг юм байна. Хэзээ бид ингэж өөрийнхөө биш өөр хүний төлөө санаа зовдог болох юм бол доо гэж бодож байж билээ.

Өнөөдөр дэлхий ийм л болж. Нохойн оромжоос дор нөхцөлд зөвхөн бор хоногийнхоо хоолны төлөө цаг наргүй ажиллаж байгаа хүн тэр дөнгөнөөсөө гарч чадахгүй учраас дэлхийн нөгөө бөөрөнд байгаа арай чадалтайхан нэг нь “Ийм барааг авахгүй ээ. Хүний хөдөлмөрийг үнэлсэн шиг үнэлсэн байвал танай барааг авъя ” гэж хэлж тусалж байна л даа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар дэлхийд 20.9 сая хүн хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болж энэ хууль бус зах зээлээс жилд 150 тэрбум ам.долларын ашгийг зарим нөхөд олдог гэсэн тооцоо бий. Энэ олон сая хохирогчийн чамгүй олон нь хүүхдүүд байдаг. Сүүлийн жилүүдэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрөөр бүтсэн байтугай хүүхдийн хөдөлмөр орсон бүгдийг эргэн харахыг ярих болсон нь ч учиртай.

Монголчууд Зааны ясан эргийнхэн шиг какаоны үйлдвэрлэлээ хүүхдэд даатгаж, Гана шиг алт олборлуулдаг аймшигтай улс биш. Гэхдээ манайхны уламжлал болгон ирсэн хурдан морины уралдаан бага насны хүүхдийн амь насыг эрсдэлд оруулдаг гэдгээрээ яах аргагүй анхаарал татах боллоо. Мэдээж, төрт ёсны уламжлал болсон наадмаараа хүлэг сайхан морьдоо уралдуулалгүй яахав. Гэхдээ хаврын хахир цагаар хөр цас, хөлдүү мөсөн дээгүүр морьдоо уралдуулж, тэр нь алгын чинээ хүүхдүүдийн амь насанд аюул дагуулж байна гэхээр аймшигтай. Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвийн судалгаагаар өнгөрсөн гурван жилд гэхэд зургаан хүүхэд ийм шалтгаанаар нас баржээ. Гэтэл энэ нь мориноос унасан гэж Гэмтлийн эмнэлэгт ирээд амь насаа алдсан хүүхдийн тоо шүү дээ. Түүнээс хөдөө орон нутагт багийн уралдаан, ургийн баяр гээд хамгийн их осол гэмтэл гардаг уралдааны үеэр хэд ч гэмтэж, хэд ч үрэгдсэн байдаг юм, бодохоос аймаар. Манайд Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжоор 7-гоос дээш насны хүүхдээр морь унуулна гэж заасан байдаг. Монголчууд морины нуруун дээр гурав, дөрвөн настайгаасаа гардаг гэж үзэхэд 7-гоос дээшээ гэж заасан нь их харж үзсэн юм шиг санагдаж болох юм. Гэвч олон улсын байгууллага, гадныхны нүдээр бол энэ бол аймшигтай л хэрэгт тооцогдоно.

Бид морио уралдуулдаг шиг арабууд тэмээгээ бас уралдуулна. Тэдний ганц бөхтэй тэмээний уралдаан бас сүртэй болдог гэдэг. Арабын баячууд тэмээн уралдааны үеэрээ манайхны морь мал гэдэг нөхдөөс илүүдэнэ үү гэдгээс дутдаггүй байж таарна. Гэхдээ Арабын орнууд тэмээгээ хүүхдүүдээр унуулдаг нь хэл ам дагуулж, олон улсын эсэргүүцэлтэй тулгарснаар 15-аас доош насны хүүхдээр унуулахыг хориглож эхэлжээ. Ямартай ч Катар, Арабын Эмиратад хориглосон байгаа юм билээ.

Манай сонин олон жилийн турш хүүхдээр уралдааны морь унуулахыг тэр дундаа хавар цагийн морин уралдааныг эсэргүүцэж, цөөнгүй олон нийтлэл, сонины зай талбайгаа зориулж ирсэн. Тэгвэл дэлхий нийтээр аливааг эсэргүүцэн зогсоохдоо өөр, өөрийн чадахаар арга хэмжээ авч байгаа шиг хаврын хахир цагт хүүхдээр морь унуулахыг эсэргүүцэхийн тулд ерөөсөө тэрхүү уралдааныг очиж үзэж, түүнийг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилж сурталчлахыг байчихъя л даа. Өнгөрсөн ням гаригт болсон Дүнжингарав наадмын үеэр хүн малаасаа илүү машин тэрэг цугларч, наадмаас дутуугүй л хөл хөдөлгөөн боллоо гэж дуулдсан. Харамсалтай нь бас л арав гаруй хүүхэд мориноос унаж гэмтжээ. Бүр хоёр ч хүүхдийн шилбэний яс хугарсан гэнэ. Уг нь бүс, улсын чанартай уралдаанууд аюулгүй байдалд гойд анхаарч хичээдэг гэдэг. Гэхдээ л хүүхэд бол хүүхэд, давхиж яваа адгуусан дээр тэгээд цас мөстэй замд давхиж байгаа тохиолдолд ямар ч эрсдэл гарч мэднэ. Харин бид хаврын морин уралдааныг явуулж байгаа тэр газарт нь очихгүй, тэрнийг нь олон нийтэд мэдээлэхгүй гээд үл хайхарч эсэргүүцлээ илэрхийлээд эхлэх хэрэгтэй юм байна. Түүгээр үл барам тэнд очсон улсуудыг хүүхдийн эрхийг хүндэтгээгүй, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, хүүхдийг зугаа цэнгэлийн хэрэгсэл болгохыг зөвшөөрч байна гэж үзвэл таарах юм. НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад байгууллагуудын хамтран хийсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” гэсэн судалгаанаас анхаарал татсан олон баримтыг харж болно. Монголд хурдан морины уяач хүүхдүүдийн 64 хувь нь 13-аас доош насныхан байна. Бас тэдний сурч боловсрох эрх ямагт зөрчигдөж, толгой болон мөчдийн гэмтэл, ясны хугарал, хөлдөлт осголт, амьсгалын замын өвчин, дотор эрхтний доргилт, өвчлөл, нүдний эвэрлэг бүрхүүлийн гэмтэл авдаг нь тодорхой болжээ. Энэ бүхэн нь олон улсын ойлголтоор хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлт гэж шууд тооцогдож байна. Түүнчлэн амь нас, боловсролд нь сөргөөр нөлөөлөхөөс гадна уралдаан тэмцээн нь бооцоот болоод ирэхээрээ тэвчишгүй хөдөлмөр болж байгааг дурджээ. Хүүхдүүд сонирхлоороо унадаг гэж хэлдэг ч цаанаа ар гэрээ авч явдаг, эдийн засгийн ашиг сонирхлоор эцэг эх нь хүүхдээ морь унуулж байгаа нь байдлыг ноцтой болгодог. Тэгэхээр бид хүүхдээ хаврын цагт хурдан морь унуулж байгаа эцэг эхийг, уяач эздийг шүүмжлэн тэдэнд нөлөөлж байж олон жил яриад дийлэхгүй байгаа асуудлаа шийдэж чадах болов уу.

Одоо АНУ-д Тайландын боолын мөлжлөгөөр далайгаас шүүрдэж импортолдог сам хорхой, далайн бүтээгдэхүүнийг борлуулдаг Costko сүлжээ дэлгүүрт их хэмжээний торгууль ногдуулах талаар яригдаад эхэлсэн байна. Бас сүүлийн үед дэлхийн хүнсний том гигант “Nestle” компанийг Зааны ясан эргээс какаогоо авч хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гээд шүүмжилж эхэлсэн нь ч учиртай. 2015 оны байдлаар Зааны ясан эрэгт 2.12 сая хүүхэд какаоны үйлдвэрлэлд ажиллаж байгаа бөгөөд өдөрт 40 центийн хөлстэйгөөр ажилладаг нь мөлжлөг гэгдэж буй. Тэгэхээр хүмүүс өөр орны хүүхдийн нулимсаар бүтсэн шоколадыг амтат гэж хүүхдэдээ авч өгөх нь буруу гээд эхлэхээр л тэр компанийн ч борлуулалт буурна, эргээд нөгөө компаниуд ч хариуцлагатай байж, өөр эх сурвалжийг хайж эхэлдэг. Тэгэхээр бид олон жилийн турш яриад дийлэхгүй байгаа асуудлаа шийдэхийн тулд энэ л аргыг хэрэглэе. Ерөөсөө хүүхдийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж өөрсдийгөө зугаацуулан, нэр алдар олж бас бооцоо, бай хожиж байгаа тэр хүмүүстэй нь ярьж, тэднийг үл тоож, бас тэдний үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг нь авахгүй, бизнесийг нь дэмжихгүй болцгооё. Тэрний тэр морь түрүүллээ гэдэг цол гуншинг нь дуудахыг үл тоож, хэний ямар морь түрүүлснийг хэвлэлээр зарлалгүй, хэн ч тоохгүй бол тэд ч бас тэгж шунан дурлаж, хөөрч тэмүүлдгээ больж таарна.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив