Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Б.Чулуудай: Ёс зүйгүй гэж буруутгах бол намайг буруутга
2015 оны 11 сарын 3 [Уншсан тоо: 62125]

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү, “Гранд лайн” компанийн захирал асан Б.Чулуудайтай ярилцлаа.



-Сүүлийн үед тантай хол­боо­тойгоор аавыг тань ихээр буруутгаж, бүр огцруулах хүртэл асуудлыг сөхөх болсон. Харин энэ бүх “хэргийн эзэн” та дуугүй яваад л байх юм. Энэ бүх явдалд хамгийн бодитой мэдээллийг өгөх хүн бол та шүү дээ...

-Миний нэрийг оролцуул­сан хэл яриа гараад бас нэлээд удлаа. Дуугарч, юу болж байгааг хэлмээр санагддаг байсан ч зорьж төлөвлөсөн ажлынхаа ард гараад, хийж бүтээсэн ажлаа­раа хариуг нь үзүүлье гэж бодож байлаа. Юу юуны духанд хүрэлгүй тайлбар тавиад явснаас ажлаа сайн хийе гэж бодож ирсэн. Нөгөө талаас яг надаас ярилцлага авмаар байна, та хариулт өг гэж сонин хэвлэлийнхэн хандаагүй л дээ. Би өнөөдөр л тантай уулзаж байна. Харин ч нэг ний нуугүй ярьчихъя гэсэн бодолтой таны өмнө сууж байна. Ингэхэд танд эхлээд асуулт тавьчихвал болох уу. Та ингэхэд дахин төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ. Энэ ажил цаашдаа үргэлжлээд яваасай гэж боддог уу?

-Манай нийслэлийнхний асуудал болгож ярьдаг хэт төвлөрөлт, утааны асууд­лыг шийдэж, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх чухал гарц нь дахин төлөвлөлт гэж бай­гаа биз дээ. Миний хувьд энэ асууд­лууд түр­гэн шийдэгдээд цаашлаад хуучны орон сууц­ны байшин­гууд ч дахин төлөвлөлтөд орж, шинэч­лэгдэхийг хүлээж байдаг.

-Тийм ээ. Дахин төлөв­лөлтийн талаар ярьж эхлэхэд хүмүүс тэр бүрийд ойлгодоггүй байлаа. Аав маань анхлан үүнийг ярьж эхлэхэд хүмүүсийн санаанд буухгүй байсан байх. Бага багаар хүмүүс учрыг нь ухаж эхэлсэн. Тэгээд аав болоод түүний багийнханд хүмүүс итгэл хүлээлгэж, аав ч хотын захирагч болсныхоо дараа энэ ажлыг зохион байгуулалттайгаар эхлүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг өрнүүлснийг хүмүүс мэдэж байгаа. Энэ ажлыг эхлүүлсэн нь ч, цаашдын олон арга хэмжээ нь ч бүгд НИТХ-ын баталсан тогтоол журмын дагуу явж ирсэн, явдаг гэж би ойлгодог. Уг тогтоол журмын дагуу иргэдийн өөрсдийнх нь гаргасан санал санаачилгаар эхний ээлжинд найман байрлалд дахин төлөвлөлтийг эхлүүлсэн. Энэ санал санаачилга, дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд манай “Гранд лайн” компанийн оролцсон консерциум Амгалангийн Жанжин клуб орчмын 15,4 га газарт дахин төлөвлөлтийг хийхээр шалгарсан юм.

-Харин энэ шалгаруулалтад хотын даргын хүүгийн компани багтсан концерциум шалгарсан нь буруутаад байгаа юм биш үү?

-Энэ шалгаруулалтыг манай аав ч юм уу, хотын аль нэгэн албан тушаалтан хийдэггүй юм. Үүнийг тэр газар нутагт оршин сууж байгаа иргэд өөрсдөө хийдэг. Үүнийг хүмүүс мэдэж байгаа ч зориуд мэдэн будилж байгаа юм уу, шийдвэрийг иргэд биш эцэг нь гаргасан мэтээр яриад байгаад асуудал байгаа юм. Манай “Гранд лайн” компанитай салбартаа олон жилийн туршлагатай “Зуншин”, “Сайрам булаг” гэсэн компаниуд ажлын төлөвлөгөө, зураг төслөө гарган шалгаруулалтад хамт оролцсон. Тэгэхэд энэ 15.4 га газрын дахин төлөвлөлт дээр 14-15 компани өрсөлдөж, гурав нь шалгарч үлдэж байлаа. Харин энэ гурван компаниас иргэд өөрсдөө сонголтоо хийсэн юм. Санал асуулгаар манайх 90 санал, дараагийнх нь 30, 20 санал авч, өрсөлдсөн компаниуд маань иргэдийн өгсөн энэ саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа батламжилж гарын үсэг зурсан баримт бичиг нь ч энэ байна. Бүх зүйл хууль журмын дагуу явж ирсэн гэдгийг батлах баримт бичгүүд миний өмнө байна. Та аль дуртайгаасаа аваад надаас асууж болно. Иргэд бол биднийг хийж чадна гэдэгт итгэсэн учраас саналаа өгсөн, бид ч тэдний итгэлийг дааж ажиллаад өгнө гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажилдаа орж байлаа. Манай тэнд оршин суудаг 228 өрхийн 215-тай нь бид гэрээ хийж чадсан. Энэ бас мундаг үзүүлэлт шүү. Нийт айл өрхийн 75 хувьтай нь тохиролцож чадвал ажлаа эхлүүлдэг байхад бид 95 хувьтай нь ойлголцож чадсан.

Гэвч 2013 оны сонгуулийн үеэр улстөржих болж Э.Бат-Үүлийн хүүгийн компани үүнд оролцоод явж байгааг буруутгаад эхэлсэн юм. Сүүлдээ хамтрагч хоёр компани маань хэл амнаас түвэгшээж энэ төслөөс гарахаар шийдсэн. Үнэндээ бизнесийн хүмүүс ийм хэл амнаас болгоомжилдог, зүгээр л урд байгаа ажлаа хийхийг эрхэмлэдэг хүмүүс. Гэтэл зүгээр бизнесээ хийгээд явж байгаа тэр хүмүүс надаас болоод асуудалд орохыг хүсээгүй. Одоо үүнийг хэлж байгаа нь зөв ч юм уу, буруу ч юм уу мэдэхгүй байна. Дахиад тэднийг хэл аманд оруулчих вий гэхээс санаа зовж байна. Туршлагатай, сайн компаниуд байсан. Надад үнэхээр харамсалтай байлаа. Бизнес хийж, ажлын ард гаръя гэсэн тэр хүмүүс яах аргагүй байдлаас болж төслөөс гарсан.

-Тэгээд танай “Гранд лайн” ХХК ганцаараа үлдсэн юм уу. Ингэхэд танай энэ компани хэзээ байгуулагдсан, үйл ажиллагааны чиглэл нь ямар компани вэ. Та өөрөө байгуулсан уу, хэн нэгнээс дамжуулж авсан уу?

-Ингээд ганцаараа үлдсэн. Энэ компани маань 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн компани. Би танилаасаа энэ компанийг шилжүүлэн авч, брокер дилерийн үйл ажиллагаагаар гадны компанитай хамтран ажиллаж байсан. Манай “Гранд лайн” компани бол хөрөнгө оруулалт зуучлалын компани. Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын банк гэж байдаг шиг хөрөнгө оруулалт зуучлалын компани. Тухайлбал, энд байгаа Бат гэдэг хүний газар дээр би хөрөнгө оруулалтын зуучлал хийгээдДорж гэдэг хүний хөрөнгийг бас өөрийнхөө хөрөнгөтэй нийлүүлээд бүтээн байгуулалт хийгээд Батдаа, Дорждоо бас өөртөө ч ашигтай ажиллахыг хэлээд байгаа хэрэг л дээ. Ийм төрлийн бизнес дэлхийн хаа ч байдаг. Сөүл, Бээжинд ч газар зохион байгуулалт ийм зарчмаар явагдаж, дахин төлөвлөлт хийж ирсэн. Тэр зарчмаар би энэ ажил руу орсон юм. Үнэндээ би ялаад, шалгараад үлдчихнэ гэж бодоогүй энэ шалгаруулалтанд орсон юм шүү.

-Түрүүлнэ гэж бөх барилд­даг шиг ялна гэж шалгаруулалтад ордоггүй юм уу?

-Чин үнэнийг хэлэхэд би шалгарчихна гэж бодоогүй байсан. Ямар ч байсан залуу хүн байна энэ шалгаруултад төсөл төлөвлөгөөгөө бэлдээд ороод үзье, өөрсдийгөө сориод үзье л гэж орсон юм. Бас нөгөө талаас аавынхаа хүү нь учраас эхлүүлж байгаа, санаачилж байгаа ажлыг нь дэмжээд өрсөлдөж байгаа олон компанийн нэг нь болж хүч нэмье гэж санасан. Гэтэл манай хорооны иргэд бидэнд, манай компанид итгэж байгаагаа илэрхийлж, бусдаасаа тасархай санал аваад гараад ирсэн. Та бүхэн санаж байгаа бол үүний дараа аав очоод тэр иргэдтэй уулзаад, энэ компанийг больчих оо, өөр компанийг сонгочих гэж хэлсэн ч ам руугаа алгадуулаад буцсан.

-Тухайн үед телевизээр гарч байсан санагдаж байна. Хүмүүс бараг хотынхоо даргыг загнаад буцааж байсан даа...

-Тийм ээ. “Таны мэдэх асуудал биш ээ, бид өөрсдөө асуудлаа мэдье” л гэсэн. Аав уг нь манай компанийг биш өөр компанийг сонгочих гэж ятгаж очсон юм шүү дээ. Гэтэл иргэд бидэнд итгэсэн, түүнийгээ аавд, хотын даргад хэлж, түүний хэлснийг хүлээж аваагүй. Тэгэхээр нь би ч урам орж улаан галзуу дайрчихсан. Үнэндээ манай компанийн залуус, би, бид бүгдээрээ энэ ажлын ард гарах гэж хичээн зүтгэсэн дээ. Гэтэл даанч болдоггүй юм байна. Гүжир гүтгэлэг, дайралт үнэндээ хүнийг туйлдуулдаг юм байна (санаа алдав).

-Та нар иргэдэд ямар санал тавьсан бэ. Тэр олон хүний хүсэл таашаалд нийцүүлнэ гэж амаргүй биз дээ?

-Мэдээж, иргэдтэй тохиролцоно гэдэг амаргүй ажил. Хамгийн их цаг хугацаа, хүч хөдөлмөр авдаг ажил нь энэ. Тэнд 0.07 га газартай иргэдэд бид 120 м/кв орон сууцыг санал болгосон. Брокер дилерийн чиглэлд ажиллаж байсан болохоор манай залуус тооцоо судалгаанд гаргуун. Тэгээд бид нарийн тооцоо гаргаж, бас газраа өгч байгаа иргэдээ ч хохироолгүй тав тухтай амьдруулах үүднээс 120 м/кв орон сууцыг өгөхөөр шийдсэн. Үнэндээ 120 м/кв бол бага хэмжээ биш. Аавыг маань дахин төлөвлөлт гээд ярьж эхэлж байхад хашаа байшингийн үнэ тун бага байсан юм шүү дээ. Газраа барьцаалаад зээл аваад сайхан байшин барих боломжийг судлахад газар нь ямар ч үнэгүй болохоор барьцаа болж чаддаггүй байлаа. Биднийг гэрээ хийх үед орон сууцны м/кв-ын ханш одоогийнхоос өндөр, манай санал болгосон байраар бодоод үзэхэд бид нэг айлын хашааг 200 гаруй сая төгрөгөөр үнэлж байсан. Одоо м/кв-ийг 1.5 сая төгрөгөөр бодлоо гэхэд 144 сая төгрөг шүү дээ. Гэтэл тэр үед хашаа таван сая төгрөг, ихдээ 20-30 сая төгрөг байлаа. Харин одоо газрын үнэ тэнгэрт хүрсэн нь дахин төлөвлөлтийн ажлын үр дүн юм аа. Банкинд барьцаанд тавих хөрөнгө болж чаддаггүй байсан айлын газрыг үнэд хүргэх аавын минь бодол биелсэн. Бид гэрээ хэлцэл хийж явахдаа иргэдийнхээ хүсэл бодлыг сайн тусгаж явсан. Тэдэнд анх 60 м/кв байр өгнө гэхэд тэд боломжгүй гэдгээ хэлж байлаа. Тэр хашаанд ганцаараа биш, үр хүүхэд, бэр хүргэнтэйгээ амьдардаг улсууд, бидэнд жижиг метр квадрат байр аваад амьдрахад багтаж шингэхгүй хэцүү гэсэн. Тэгээд бидний зүгээс 40, 40м/кв-аар нь гурван байр авч болох саналыг тавьж, иргэд ч саналыг маань дуртай хүлээж авсан. Дээрээс нь хашаанд байгаа тоосго байна уу, мод, палк байна уу бүх байшинг нь тодорхой хэмжээгээр үнэлж м/кв-ын хэмжээг нь нэмээд өгч байгаа юм.

Тэндхийн иргэд маань зөвхөн байртай болоод дуусмааргүй байна, орлогын эх үүсвэртэй болохыг хүсч байна гэснийг ч бас бодолцсон. Тэндээ худалдааны төв барихаар болж, улмаар өрх бүрт таван м/кв лангуу үнэ төлбөргүй ашиглах эрхийг өгсөн. Бид тэдний үгийг сонсч, тэдэнд бас санал маань таалагдсан учраас учиргүй ажил уях хүн байгаагүй. Тэгээд ч иргэд маань ухаантай учраас дахин төлөвлөлтийг дэмжээд ажлыг түргэн урагшлуулсан. Мэдээж шүү дээ, хэн тохилог орон сууцанд дээрээс нь орлогын эх үүсвэртэй амьдрахыг хүсэхгүй байх вэ дээ. Яахав, заримдаа хэлэлцээ хүндрээд ирэх үед нь би нэмэгдэж ороод тавыг нь тав гэлтгүй кв-ыг нь нэмээд, нэмээд ажлаа явуулж л байсан. Ингээд маш хурднаар энэ ажлынхаа ард гарсан. 30 гаруй тэрбум төгрөгөөр 15 га газрын худалдан авалт хийгдсэн гэсэн үг. Үүнийгээ га-д нь хуваагаад үзвэл хоёр тэрбум төгрөг болж байгаа нь Зайсангийн газрын үнэлгээтэй бараг дөхөж очиж байгаа юм. Цаашлаад бид хөрөнгийн зах зээл дээрээс ч брокерын үйл ажиллагаагаар мөнгө босгох төлөвлөгөө байсан. Газрыг эргэлтэд оруулж, проперти бизнес хийх гэж үүнийг хэлж байгаа юм. Тэр үед залуус маань үнэн эрч хүчтэй, ажиллах, хийж бүтээх гүн эрмэлзэлтэй байсан. Би тэднээрээ одоо ч бахархдаг.

-Танай хажууханд дахин төлөвлөлтийн ажил руу орсон барилгын компанийнхан хүмүүстэйгээ 100 м/кв-аар тохирч байсан ч Б.Чулуудайд чирэгдээд 120 м/кв-ыг өгөхөөр болсон. Аавынхаа ажлыг дэмжээд ханш өсгөөд байсан гэж таныг буруутгангүй ярьж байхыг сонсч л байсан юм байна...

-Бид нарийн тооцоо хийсэн гэдгийг дээр хэлсэн. 120 м/кв бол иргэддээ ч ашигтай, компаниудад ч ашигтай. Хоёр тал аль, аль нь сэтгэл ханамжтай үлдэх ёстой. Манай гэр хорооллынхон цахилгаантай л болохоос аль XIX зуун, бүр түүнээс өмнөх зуунаараа л амьдарч байна шүү дээ. Тэгвэл энэ бүхэн өөрчлөгдөх цаг болсон. Үүний төлөө аав маань бас олон, олон хүн зүтгэсэн. Үүний хүчинд гэр хорооллынхны газрын үнэлэмж өөр болсон. Дахин төлөвлөлтийн ажил маань улам өргөжөөд 30 гаруй компани шалгараад явж байгаа гэж сонссон. Тэр хүмүүс бас яах гэж ингэж зүтгэж байгаа юм. Эцсийн үр дүнд гэр хороололд маш том бүтээн байгуулалт босч, дэд бүтцийн хувьд таатай, эрүүл ахуйн хувьд аюулгүй тийм орчинд амьдрах явдал шүү дээ. Үүнийг ач холбогдлоор нь үзвэл маш том ажил юм.

-Өөрөө яагаад бизнесийн салбар руу орсон юм бэ. Тэгээгүй бол энэ бүх хэл ам үүсэхгүй байсан гэж боддог уу?

-Би хүүхэд байхаасаа улс төрийн амьдрал гэж юу болохыг сайн мэддэг байсан. Бараг манай гэрт анхны нам байгуулагдаж байлаа шүү дээ. Ардчиллын партизанууд чинь манайд цуглаж хурлаа хийдэг байсан. Ээжийн маань ганзаганд яваад олж ирсэн хэдэн төгрөгийг аав хурааж аваад намын байраа тохижуулж байсныг би харж л байсан. Ардчиллын мөн чанар гэж юу болохыг би үеийнхнээсээ хамаагүй эрт ойлгосон байж ч магад. Тэр үеэс л би улс төр хатуу, ар гэрийн амьдрал золиосонд байдаг гэдгийг мэдэрсэн. Тиймдээ ч би бизнесийн салбарт хүчээ үзэж амьдрахыг хүссэн. Одоо ч хүсч байгаа. Жинхэнэ улс төр гэдэг бол элдвийн наймаа, худал хуурмагт оролцож болдоггүйг яс махаараа мэдэрсэн. Би 19 нас хүрээд ээжийнхээ ажилд туслах болсон. “Сонор” дуу бичлэгийн студиэ ажиллуулж, хамтлаг дуучидтай хамтарч дараа нь “Инфо” радиогоо байгуулж, бүр анхны интернэт радиог ч үүсгэж байлаа. “Сонор”-ын таван жил гэж тэр үедээ л үндэсний том баяр болж хамтлаг, дуучид бүгд л стадион дүүрэн уухайлж дуулж байсныг санаж байна. Бас хамтлаг, дуучдыг амьдаар нь дуулуулж, шууд радигоор цацдаг паб маань гурван жил дараалж АПУ компанийн шилдэг харилцагч болж байсан гэхээр сүрхий л байж гэмээр байна. Бид анхны хүүхдийн аудио үлгэрийн номын цоморлигийг хэвлэж гаргаад гурван жил дараалан хамгийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж л байлаа.

-“Татар” хамтлагийг продюсерлэж гаргаж ирсэн дээ. Бараг хамтлагийг бүтээж, гаргаж ирэх анхны оролдлого байх шүү?

-“Татар” хамтлагаараа би их бахархдаг. Дэнжийн 1000-ын хүүхдүүд шүү дээ. Бас л гэр хорооллынх. Бид үзэгчдээр битүү дүүрсэн хэд хэдэн тоглолтуудыг сайхан хийж байлаа. Улаанбаатар паласт 25 мянган хүнтэй тоглолт хийж, Японд очиж тоглолт хийгээд “Sony music”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Мөн бид “Татар” хамтлагийн “Аз жаргал Bad boy” киног хийгээд сар хагасын дотор 360 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, шинэ монгол киноны сэргэлтийг эхлүүлж л явлаа. Тэр үед би 25-26-тай байж дээ. Ингэж явж байсан хүн яаж бизнесээс ангид байх билээ. Нэг хэсэг нэлээд амжилттай явж байсан дуу бичлэг, CD борлуулалтын бизнес маань аяндаа унаж эхэлсэн дээ. Технологийн хөгжилд нэг ёсондоо чирэгдэх болсон. МР3 гарснаар хүмүүс дуугаа бие биенээсээ, компьютероос хуулаад авчихдаг боллоо. Яг энэ үед миний дотнын ах надад хатуу зөвлөсөн юм. “Би аав, ээжийг чинь мэднэ ээ. Энэ гэр бүлдээ чи ирээдүйтэй, зөв нэр төртэй бизнес хийх хэрэгтэй шүү гэж зөвлөсөн юм. Тэгээд би гадагшаа явж сурахаар шийдсэн. Сингапурт хоёр жил бизнесийн удирдлагаар суралцлаа. Энэ үедээ хөрөнгө оруулалтын бизнесийн талаар чамгүй судалсан юм. Хөрөнгө оруулалтын зуучлал хэрэгтэй юм байна, хөрөнгө оруулалтын бизнес ашигтай ажилладаг юм байна гэдгийг ойлгож аваад ирсэн дээ.

-Ирээд ямар ажил хийсэн бэ?

-Тэнд суралцаж байх үеэсээ эхлээд газар, уул уурхайтай холбоотой төсөл, барилга хөдөө аж ахуйн чиглэлд нэлээд судалгаа хийсэн. Хөрөнгө оруулалт салбар бүрт байж болох учраас бүгдийг судалсан. Төгсч ирээд “Samsung”-ийн хөрөнгө оруулалтын банкны Монгол дахь төлөөлөгчөөр ажиллав. Энэ үедээ бас чамгүй сайн ажилласан гэж боддог. Харамсалтай нь толгой компани маань хөрөнгө оруулалтын банкны чиглэлд ажиллахгүй болсон учраас Азийн орнуудад, Монголд байсан салбараа татан буулгасан. Энэ хооронд би 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монголдоо оруулж ирж чадсан. Үүний дараа хувийн компанийн ажилдаа ороод явж байтал 2012 онд дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн дээ.

-Дахин төлөвлөлтийн автор бол яах аргагүй танай аав. Одоо сонгууль дөхөж байгаа болохоор аавтай чинь холбоотой сөрөг таагүй мэдээлэл эсрэг намынханд хамгийн чухал. Ийм байдал үүснэ гэдгийг мэдэж л байсан байх. Яах гэж аавтайгаа хол­боо­той энэ ажил руу орсон юм бэ. Үлдэж болоогүй юм уу?

-Одоо аавыг маань ёс зүйгүй үйлдэл хийсэн гэж сөрөг хүчний намын аппарат тэр чигээрээ, ер нь бүх нам, тэр дундаа өөрийн намаас нь ч нийлчихсэн буруутгаж байна.

Хотын дарга ямар ч ёс зүйгүй үйлдэл хийгээгүй ээ. Миний аав ёс зүйгүй байгаагүй. Ёс зүйгүй гэж буруутгахаар бол намайг буруутга. Ёс зүйгээ алдсан хүн олоод ир гээд байгаа бол би 100 хувь буруугаа хүлээе. Хуулийн хариуцлага хүлээх ёстой бол би хүлээнэ.

Гэхдээ яг юуг ёс зүй гээд байгаа юм бэ. Надад 2012 онд хүмүүс хэлж байсан. “Чи энэ ажилд орохоор бол ард нь нуугдаж ор оо. Хүмүүс хэл ам гаргана" гэж байсан. Яагаад гэвэл урьд нь хэн нэг даргын хүү, аль нэгэн эрх мэдэлтний хүү нь, дүү нь, хамаатан ах дүүс нь ингэж л яваад ирсэн учраас тэд надад тэгж хэлээд байжээ. Харин би ингэж нуугдаж орвол жинхэнэ ёс зүйгүй хэрэг болно гэж бодсон. Надад нуугдаж ажиллах шаардлага байхгүй, би ил тод, бизнесийн зарчмаар шударгаар ажиллах болохоор нэрээ хэлж байгаад, Бат-Үүлийн Чулуудай гэж зарлуулж байгаад энэ ажлыг сайн хийнэ л гэж бодсон. Дээрээс нь надад аавынхаа санаачилсан энэ ажлыг хүүгийн хувьд гар бие оролцоод дэмжчих юмсан гэсэн чин хүсэл байсан. Аав маань гэр хорооллын хүмүүсийг таатай, тохитой орчинд амьдруулмаар байна, газрыг нь үнэтэй болгомоор байна гэж хэдэн жил хоолойгоо сөөтөл ярилаа. Цаад ач холбогдол нь чухал учраас иргэн хүнийхээ хувьд ч би хараад суумааргүй байсан. Харин гар бие оролцож, гэр хорооллыг сайхан бүтээн байгуулалт болгох тэр их ажилд хүчин нэмэр болмоор санагдсан юм.

Тэгээд ч би хэн нэгнээс газар авчихаад хүний араар нуугдаад бизнес хийгээд явахыг хүсдэггүй, хүсэх ч үгүй байна. Ийм нийгмийг миний аав бий болгосон юм. Би бол яах аргагүй энэ нийгмийн, ардчилал, чөлөөт зах зээлт нийгмийн үр шимийг хүртэж яваа, тэр үзлээр хүмүүжиж бий болсон хүн байж бусдаас нуугдаж, хулгайч шиг явахыг хүсэхгүй. Хэрэв тэгсэн бол жинхэнэ ёс зүйгүй хэрэг болох байсан юм. Гэвч болдоггүй л юм байна даа.

-Э.Бат-Үүл дарга ярилцлагадаа “Би хүүгээ энэ төслөөс гаргасан” гэж хэлсэн. Таныг их шахсан уу, та дурамжхан байв уу?

-Би үнэхээр дургүй байсан. Яагаад гэвэл эхлүүлсэн энэ ажлынхаа ард нь гарахыг хүсч байсан. Гүжир гүтгэлгийн эсрэг хийсэн ажлаа харуулъя гэж санаж байсан. Гэвч болсонгүй.

-Газрыг олгох шийдвэр танай аавынх биш, иргэдийнх байсан юм байна. Тэгвэл дэд бүтэц, шугам сүлжээ татах нэрийдлээр танай компанид олгосон таван тэрбум гаруй төгрөгийн асуудлыг та юу гэж тайлбарлах вэ. Хотоос танайх руу өгсөн байх аа?

-Дэд бүтэц, шугам сүлжээ татах нэрийдлээр биш татуулахаар хотоос гаргаж байгаа мөнгө. Амгалангийн Жанжин клуб орчмын тэр хавийн дэд бүтцийг шийдэхээр хот өөрөө гаргаж байгаа хөрөнгө. Манай дансаар орж ирсэн болохоос биш, тэр ажлыг гүйцэтгэж байгаа компаниудад очсон хөрөнгө. Тав ч биш 11 тэрбум юм. Өнөөдрийн байдлаар үүний зургаан тэрбум орчим нь ажилдаа зарцуулагдсан байгаа. Дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн бүх компаниуд руу дэд бүтэц, шугам сүлжээний хөрөнгийг НИТХ-ын гаргасан тогтоол журмын дагуу шилжүүлсэн байдаг. Энэ чиглэлд ажилладаг компаниуд нь өөрсдөө хийгээд, манайх шиг өөрсдөө хийддэггүй нь бусад гүйцэтгэгч компаниар хийлгүүлсэн. Та манай дансны хуулгыг харж байна. Тэр яригдаад байгаа таван тэрбум чинь дандаа зарлага болоод бусад компаниуд руу гарсан байгаа биз дээ. Манайх үүн дээр ажил хийгээгүй учраас нэг ч төгрөг аваагүй, гүйцэтгэгч компаниудад өгсөн.

-Таны нэг бичлэг интернэтээр цацагдаад байсан. Гүйцэтгэгч компанийн хүмүүстэйгээ ойлголцохгүй байгаа бололтой...

-Ажлаас болж хүмүүс маргалдаж л байдаг. Ажлаа сайн хийж, ажлаа урагшлуулахын төлөө хүмүүсбүгд тэгдэг байх. Тэр бичлэгийн хувьд нийслэлээс хөрөнгө оруулалт авахын тулд НИТХ-ын гаргасан тогтоол журмын дагуу бид таван хувийн барьцааг урьдчилан байршуулах ёстой байсан. Үнэндээ шугам сүлжээ тавих ажлыг бид хийхгүй учраас бид мөнгө авахгүй. Тиймээс би гүйцэтгэгч компаниуддаа урьдчилгаа төлбөрийн баталгаагаа өөрсдөө хариуцаад яваарай гэдгийг хэлсэн байсан. Цагаа тулахад мөнгө гаргах газрууд байгаагүй. Би тэдний өмнөөс барьцааны мөнгийг өгч, гэрээ байгуулсан учраас манай компанитай гэрээ байгуулаад явах талаар мэдэгдэл хүргүүлсэн юм. Манайх тэдний өмнөөс барьцаа өгчихсөн байдаг, тэд ажлаа хийхгүй алга болчихвол би хариуцлагад унана. Тиймээс тэднийг барьцаагаа өг гэж хэлсэн. Гэтэл тэрнийг мушгиж тайлбарлаад, зориудаар гүтгэж байна лээ. Манай энэ хорооны дэд бүтэц, шугам сүлжээнд зарцуулагдах 11 тэрбум төгрөг бол нийт дахин төлөвлөлтийн найман байршлаасаа бараг багад нь тооцогдох байх. Зарим компаниуд бүр 50-60 га газарт дахин төлөвлөөд явж байгаа. Энэ компаниудын аль нь ч төслөөс гараад явлаа гэхэд тийшээ яваад очсон дэд бүтэц, шугам хоолойг чинь тэврээд явахгүй шүү дээ. Тэндээ үлдэх юм. Тэр хавийн хүмүүст ач тус, үнэ цэн нь ирж, газрыг нь бүр үнэтэй болгох л юм. Ер нь аль хотын даргын үед гэр хорооллынхны төлөө ингэж хөрөнгө гаргаж, анхаарч байсан юм бэ. Одоо Амгалангийн хүмүүс бэлэн 150 саяыг өгвөл өг гээд сууж байдаг болсон. Энэ чинь жинхэнэ үр дүн, жинхэнэ ёс зүй биш юм уу.

-Та тэр туркуудтэй яаж яваад холбогдсон юм бэ. Тэд луйвардуулсан гээд гомдолтой байгаа шүү дээ?

-Би энэ ажлаа амжилттай явуулахын төлөө олон газраар явсан. Хятад, Япон, Солонгос, Турк гээд олон орны хүмүүстэй хөрөнгө оруулалтын чиглэлээр уулзаж, судалгаа хийж явсан. Япон, солонгосчууд дахин төлөвлөлтөөр маш их туршлагатай хүмүүс. Туркуудыг ч сонирхох шалтгаан байсан. Тэд барилгыг маш хурдан сайн барьдаг, мөн гэрээ хэлцэлдээ мөнгө төгрөгийн тухайд итгэл төрүүлсэн учраас хамтрахаар болсон юм. Энд бид Турк улсын тухай яриагүй юм шүү. 216 Япи Үрэти нэртэй ХХК-ийн тухай л ярьж байна. Үүнийг уншигчид маань ялгаж салгаж ойлгоорой.

Энэ компанитай хийсэн гэрээндээ бид Монголын тал 55 хувь, Туркийн тал 45 хувийн санхүүжилтийг гаргана гэж заасан. Эхний ээлжийн 365 айлын орон сууцын барилгын ажлыг эхлүүлэхэд есөн сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж үзээд үүнийг дээрх хувиараа тооцсон. Гэхдээ хөрөнгө оруулалтаа бэлэн мөнгөөр буюу валютаар хийнэ гэдгийг нарийн заасан байдаг юм. Нэмэлт заалтаар Б тал нь гарын үсэг зурж, гэрээнд заасан ажлаа гүйцэтгэснээр А талын хувьцааны 50 хувийг эзэмшинэ. Ингэхдээ А талын урьд нь гаргасан хөрөнгө оруулалтын 50 хувийг гаргана. Хэрвээ гэрээнд заасан хугацаанд хөрөнгө оруулалтаа хийхгүй гэрээнээс буцвал нөгөө талдаа хувийг нь буцааж олгоно гэж заасан. Энэ гэрээг 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд хийсэн.

-Тэгээд юу болсон бэ?

-За ингээд гэрээгээ байгуулаад Компанийн тухай хуулийн дагуу хувь хувьцаагаа бид шилжүүлсэн байдаг юм. Гэтэл туркууд ажлаа эхлээд явж байх зуур гэрээн дээрх тохиролцоогоо зөрчиж эхэлсэн. Туркт намайг аваачаад цахилгааны ажлыг энэ компани хийнэ, энэ манай найзын компаниас цахилгааны тоног төхөөрөмжөө авна. Бид энэ хүмүүстэй өөрсдөө мэдээд гэрээгээ хийгээд явна. Энэ бүхэн манай талаас оруулж байгаа хөрөнгө оруулалт, чи зөвшөөрөх ёстой гээд яриад эхэлсэн. Нөгөө бэлэн мөнгөөр хөрөнгө оруулах гэрээний заалт зөрчигдөх болсон. Би тэдэнд “Та нараас оруулж ирсэн хөрөнгийг би өөртөө байршуулахгүй, та нар дансандаа байрлуул. Баруун, зүүнээрээ хөрөнгө оруулалтаа хийгээд явъя. Гэхдээ худалдан авалтыг “Гранд лайн” компанитай хийгээд явах ёстой” гэдгийг хэлсэн. Яаж ч бодсон тэдний нөхцөлийг зөвшөөрөх боломжгүй байсан. Энэ үеэс бидний маргаан эхэлсэн юм. Ирээд байж байтал нөгөө хэд аль хэдийнэ баахан газартай гэрээ хийгээд найман контейнер бараа явуулсан, аваарай гэлээ. Түүнийгээ 800 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалтад тооцно гэсэн. Би түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд зааснаараа хөрөнгө оруулахыг шаардаж эхэлсэн юм. Өнгөрсөн бүх хугацаанд миний нэг талд барилга хариуцсан мэргэжилтэн, нөгөө талд нягтлан нь тэгээд орчуулагчтайгаа байдаг байлаа. Би гэж хүн хоногийн 24 цагийн турш байнгын дагуулуудтай. Байнгын хяналт дор байдаг байлаа. Миний алхам бүрийг мөшгинө. Дээрээс нь намайг гарын үсэг зурах эрхээ өг гэж шахах болсон. Би энэ ажлаа явуулахыг хүсч байсан болохоор тэдний аяглалуудыг хүлцэж байлаа. Компанийн удирдах эрхийг авна гээд байхаар нь өгөөд холдож ч үзсэн. Гэтэл бүх хүмүүсийг маань дуудаад зайлах нь зайлаарай гэсэн байгаа юм. Нягтланг маань дуудаад хоёр тайлан хөтлөх даалгавар өгсөн. Нэгийг нь өөрсдөдөө зориулж, нөгөөг нь татварт зориулж. Манай нягтлан над руу утасдаад “Намайг хоёр тайлан хөтөл гэж байна. Би ийм юм хийж ч үзээгүй, хийх ч үгүй. Энэ ажлыг нь өгье дөө. Танд мэдэгдэх ёстой гээд залгалаа гэсэн”. Арай ч дээ. Нутаг дээрээ бид ингэж доромжлуулж байж болохгүй биз дээ. Тэгээд би “Та нар гурван тайлан гаргах юм байна. Нэг нь өөртөө, нэг нь татварт бас дахиад нэгийг Чулуудайд гаргаж өгөх юм байна. Монголд ийм юмыг зөвшөөрдөггүй юм. Хууль бус ажиллагаа, залилан гэдэг юм. Таны нягтлан энэ бүхнийг чинь баримтжуулаад өгөхөд та шоронд суудаг юм” гэхэд “Би мэдээгүй” гэж байгаа юм. Ингээд л мөр мөрөө хөөе гэсэн дээ. Тэгээд гэрээ анхнаасаа хэрэгжээгүй учраас би гаргасан мөнгийг чинь өгье, та нар надаас авсан хувиа шилжүүлж өг гэсэн шаардлага тавьсан. Гэвч тэд нутаг руугаа буцаад хэдэн сар алга болж, ажил гацаасан. Байдал иймд хүрсэн учраас би өнгөрсөн жилийн наймдугаар сард Арбитрийн шүүхэд хандсан юм.

-Танай талаас гомдол гаргасан юм уу?

-Тийм ээ. Уг нь манай тал гаргаж, манай гомдлын мөрөөр 2015 оны дөрөвдүгээр сард Арбитрийн шүүхээс шийдвэр гарсан юм. Гэтэл Туркийн талыг өмгөөлж байгаа өмгөөлөгч Б.Оюунбилэг “Туркууд гомдол гаргасан. Тэдний гомдлын мөрөөр мөнгө гаргуулах болсон чинь хулхидсан” гэж сонин хэвлэлээр ярилцлага өгөөд яваад байгаа.

-Арбитрийн шүүхээс ямар шийдвэр гарсан юм бэ?

-Туркуудын оруулсан гэж байгаа 400-н хэдэн мянган ам.долларыг би буцааж өгөх, харин туркууд авсан 50 хувийн хувьцаагаа буцааж өгөх гэсэн шийдвэр гарсан. Дээрээс нь татварыг нь төлөөд оруулж ирсэн бараагаа дундаа хэрэглэх, эсвэл тохироод аль нэг тал нь авах тухай шийдвэр гарсан. Гэтэл туркууд өөрсдийгөө хохирсон гээд 1,3 сая ам.доллар нэхэмжилж байгаа. Тэд Монголд ирээд амьдарч байсан зардал, бүр хоолонд орсон мөнгөө хүртэл нэмээд надаас нэхэмжилж байгаа. Гурван инженер ажиллуулсныхаа төлөө надаас сар хагасын цалинд 98 000 ам.доллар нэхэмжилсэн. Өндөр үнэтэй бараа материалыг өөрийн компанийн нэр дээр шахсан гэх мэтчилэн, манай компанид Турк талын хувьцаа эзэмшигч нар бүдүүлгээр хандаж улмаар бид шүүхэд хандахад хүрсэн. Энэ чинь өөрөө Монгол Улсын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаа хэлбэр учраас шүүх үүнийг тогтоогоод хувьцааг буцааж Монгол талд бүрэн шилжүүлсэн. Манай энэ хурал чинь Арбитрийн шүүхийг найм хоног хуралдуулсан гээд их алдартай хэрэг ш дээ. Их урт болсон болохоор. Хоорондоо өгсөн авсан гэх төлбөр мөнгөний баримтыг нэг бүрчлэн шалгаж байж дүгнэлтээ гаргадаг. Арбитрийн шүүхийн шийдвэр гарсны дараа тэд нэхэмжлэл хүргүүлсэн. Дараа нь Арбитрийн шүүх хуралдаад хүлээн авах үндэслэлгүй гэж тавдугаар сард шийдвэрээ гаргасан юм. Арбитрийн шүүх шийдвэрээ нэг удаа л гаргасан бол давж заалдах эрх байдаггүй.

-Өмгөөлөгч Б.Оюунбилэг гэдэг хүний ярианаас арай өөр юм ойлгоод байсан л даа. Гэхдээ та Туркийн талд мөнгө өгөх ёстой юм байна, тийм үү?

-Тийм ээ. Надад учруулсан хохирлыг хасаад үлдсэн мөнгийг нь би өгнө. Арбитрийн шүүхийн шийдвэрийн дагуу СХД, БГД, БЗД-ийн шүүхээс ШШБГ-т албан бичиг хүргүүлж, шилжүүлэн авсан 50 хувийг буцааж надад өгөх шийдвэрийг гүйцэтгэхийг даалгасан. Энэ хүрээнд ШШБГ-аас Бүртгэлийн ерөнхий газарт хандаад явсныг нөгөө өмгөөлөгч Б.Оюунбилэг маань нөлөөлөлтэй гэж хардаад АТГ-т өгчихсөн байгаа дуулдсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн төрийн албан хаагчдыг шалгуулахаар өгчихсөн байна лээ. Хуульч хүн байж шүүхийн шийдвэрийг илт гуйвуулан ярьж, шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь харамсалтай. Заримдаа ийм тохиолдолд уур ч биш инээд хүрэх юм. Эмгэнэлт инээдэм гэдэг шиг л. Би өнгөрсөн бүх хугацаанд энэ хүнийг яахыг нь хараад сууж байлаа. Одоо бол тэгэхгүй. Би түүнийг шүүхэд өгөх болно. Би бодит байдлыг яаж гуйвуулж, яаж улстөржүүлжаав руу минь хамаатуулж байгааг өнгөрсөн хугацаанд дуугүй хараад сууж байсан. Одоо тэгэхгүй. Шалгадаг газраар нь шалгуулж үнэн мөнийг нь тогтоолгоно. Надад шүүхээр нэг бүрчлэн шалгуулж үзүүлсэн баримтууд маань энд байна. Шүүхэд шалгуулж байхад баримтаа нэг нэгээр нь тулгуулж, тэр дэд бүтцийн мөнгө төгрөгт холбогдоогүй гэдэг нь гараад л ирсэн. Одоо дахиад шалгуулахад ч бэлэн байна. Худлаа улстөржүүлж, цээжээ дэлдэж байгаа тэр улс цаана нь газраа байраар солино гээд итгэж найдаад хүлээж байгаа хүмүүсийн хувь заяаг огтхон ч бодохгүй юм.

-Нээрээ тэр хүмүүс одоо яах вэ. Та төслөөс гарчихсан. Удахгүй орон сууцанд орно гээд хүлээж байгаа хүмүүсийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ?

-Надад үнэхээр амаргүй байна. Би тэр хүмүүст хэлж ярьж байснаараа сайхан орон сууцанд амьдруулахыг хүсч байсан. Гэтэл үйл явдал ингээд өрнөчихлөө. Гэхдээ би ажлаас гарчихлаа гээд тэднийг орхиогүй ээ. Би өнгөрсөн цаг хугацаанд энэ төслийг маань аваад явчих, миний төлөвлөснийг гүйцэлдүүлэх газруудыг эрж хайж, судалж бас гуйж нэлээд гүйлээ. Үнэндээ том ажлынхаа ард гарчихсан байсан юм шүү дээ. Бидэнд гэнэтийн бэрхшээл ч гарч ирж байсан. Барилгын ажлаа эхлэхээр зургийн дагуу ажлаа эхлээд явж байтал нэг төрлийн бодис тэндхийн хөрснөөс илэрсэн. Шалгуулахаар болтол манайд шалгадаг лаборатори байхгүй байх жишээтэй. Үл мэдэгдэх цагаан бодисыг Чех улсаас шинжилгээний багийнхан ирж шинжлэхээр аваад явсан. Гэтэл энэ нь пестицид байсан. Бүр социализмын үед тэнд устгалд оруулахгүй аваачаад хаясан нь энэ ажлын үеэр мэдэгдэж байгаа юм. Ингээд БОЯ-наас хөрсний цэвэрлэгээ хийтэл барилгын ажлыг явуулахгүй шийдвэр гарчихсан. Хэзээ хүн ирж цэвэрлэхийг хүлээгээд ажлаа явуулахгүй байлтай биш төлөвлөлтөө өөрчлөөд цутгалтаа эхэлж байлаа.

Энэ бүх хэл ам гарч эхлэхэд аав намайг төслөөс гар гэсэн. Би жаахан хүлээж байгаач, хариуцлагатай сайн компани олж өгөөд гаръя гэж гуйсан. Турк талынхан маань бол худлаа сайхан царай гэдгийг ойлгосон. Хятадын компаниуд байсан ч больсон. Харин саналыг маань үндэсний бүтээн байгуулагч “Бэрэн” хүлээж авсанд баяртай байгаа. Тэднээс манай зүгээс айлуудтай хийсэн гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй хэвээр нь авч явахыг хүссэн. Тэгээд л боллоо, надад. Би өөрийн хувь, бас туркуудээс буцааж авсан хувь гээд бүгдийг “Бэрэн”-д шилжүүлсэн. Надад одоо ашиг хамаагүй, өөрийн гаргасан хөрөнгө мөнгө ч яамай. Үнэндээ өнгөрсөн хугацаанд надад яваагүй банк, ломбард гэж байхгүй дээ. Байр, машинаа ч ломбарданд тавьчихаад явж байна. Өөрийн хөрөнгө, хавийн хүмүүсийн хөрөнгийг тавьчихаад айлуудынхаа түрээс, банкны зээл, гүйцэтгэлийн мөнгөө өгөөд явж байлаа. Татварын өр, банкны хүү гээд байгаа ч хорооныхоо хүмүүсээ л хүссэн байранд нь оруулах болсон маань чухал байна.

-Түрээсний мөнгө гэж юуг хэлээд байна вэ?

-Нүүлгэн шилжүүлсэн айлуудынхаа түрээсний мөнгийг сар бүр бид төлнө шүү дээ. Айлууд маань байраа олно, бид төлбөрийг нь төлнө. Дунджаар сард 500-600 мянган төгрөг төлдөг. Эхний ээлжинд 41 айл нүүсний түрээсийг нь бид төлж байсан. “Бэрэн” манай цутгалт дээр 16 давхар байшингаа барихаар зураг төслөө бүрэн гаргаж дууссан байна лээ. Зарим айлуудаа өөрсдийн бэлэн байрууд руугаа оруулахаар тохирсон гэж дуулдсан. Тэгэхээр айлууд маань хохирсон зүйлгүй байгаа.

-Өөрөө багагүй хэрэг явдлын ард гарчээ. Энэ ажил руу хэрэггүй ордог байж гэж харамсдаг уу?

-Бизнес хийж байгаа хүн унадаг, босдог. Тэр утгаараа би энэ удаад шатжээ, хамаагүй. Гэхдээ сэтгэлдээ надад уучлалт гуйхаас аргагүй хэдэн хүн байна.

Юуны өмнө би ааваасаа уучлал гуймаар байна. Бүр танай сониноор дамжуулж байгаад өршөөл эрье. Би чөлөөт иргэн, ардчилсан орны хүн юм байгаа биз дээ гэж байгаад энэ ажил руу орж байсан. Тэгж байхдаа улс төр гэж асуудлыг ийм утгагүй, ийм хошин шог шиг болгочихно гэж ерөөсөө санаагүй. Аав маань залуугаасаа энэ орны төлөө, ардчиллын төлөө зүтгэсэн. Хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн аавынхаа нэр хүндэд, байгаа бүгдэд нь хар толбо суулгасандаа үнэхээр шаналж байна. Очиж, очиж хүү нь болсон би аавыгаа ийм байдалд хүргэсэндээ үнэхээр хэцүү байна. Аав маань над руу загнаад хашгирдаг ч дотроо өмөрч л байгаа. Дээр нь би ээжээсээ, настай болсон эмээгээсээ уучлалт гуймаар байна. Тэд миний төлөө сэтгэлээ хамгийн их зовоож, ширгээж байгаа хүмүүс. Ээж маань энэ яриа гарсан цагаас хойш бүтэн нойртой хонож үзээгүй. Намайг хамгийн их сонсож ойлгодог хүн. Эмээ маань дээр гарсан настай. Телевизээр гарсныг үнэн ч юм уу, худлаа ч юм уу мэдэхгүй, хөөрхий. Санаа зовж л суугаа. Миний хувьд энэ хүний хүү, тэр хүний ач гэдгээрээ нэр төртэй амьдрах ёстой (хоолой нь зангирав).

Гэр бүлийн хүмүүжил, өвөөгийн маань сургаал намайг тийм байх ёстой гэж ойлгуулж сургаж ирсэн. Бас надад итгэж, манай компанид саналаа өгч байсан иргэдээсээ уучлал гуймаар байна. Тэдэндээ хэлж ярьж байснаараа хамтдаа их ажлынхаа ард гарч амжаагүйдээ уучлал гуйя. Тэр хүмүүс намайг гаргах гээд аавыг очиход бид мэдэж байна гээд буцааж байсан хүмүүс шүү дээ. Д.Сумьяабазар иргэдийг хулхидаж байгаа талаар худлаа нэвтрүүлэг цацаж байхад тэр дунд манай хорооны иргэдээс хэн ч байгаагүй. Бодвол намын гишүүдээ авчраад яриулсан юм байлгүй. Харин манайхан надад итгэж байсан.

-Одоо та юу хийх вэ. Бизнесээ хийх үү, эсвэл шантарчихсан уу?

-Яг үнэндээ юу хийхээ мэдэхгүй л сууна. Гэхдээ бизнес хийж баялаг бүтээж байж улс орноо хөгжүүлэх ёстой. Амаа биш гараа хөдөлгөж амьдрах ёстой. Түүнээс биш цүнх барьж, хийж бүтээсэн зүйлгүй мөртлөө худлаа ярьж байгаа залуусыг харахаар би ичдэг юм. Би тэднийг өрөвдөж байна.

Энэ гэр хорооллын дахин төлөвлөлт бол ганц Э.Бат-Үүлийн ажил биш юм шүү. Үүнийг хоосон улстөржүүлж байгаад нураачих вий гэдгээс би айдаг. Гэр хорооллын иргэд өөрсдийнхөө сайхан амьдралын төлөө тэмцээрэй. Тэр компаниудаа дэмжиж ажиллаарай. Мэдээж иргэдийн эрх ашиг нэгдүгээрт байна гэхдээ нөгөөдүүлээ ч бас бодолцож байгаарай. Энэ ажлын ард гарах гэж зүтгэж байгаа олон компани, олон хүн бий. Би өнгөрсөн хугацаанд НИТХ-ын дарга Д.Баттулга ахыг үнэхээр биширсэн. Тэр хүн энэ бүхнийг жинхэнэ ажил болгож, ард нь гарах гэж ямар мундаг зүтгэж байгаа гээч. Мундаг удирдагч юм байна гэдгийг ойлгосон.

-Одоо танд хийхээр төлөвлөж байгаа ажил байхгүй гэж үү?

-Надад өр ширнийхээ асуудлаас эхлээд шийдэх асуудлууд байна. Туркуудэд ямар ч байсан ялагдахгүй. Захын нэг турк ирчихээд монголчуудыг ингээд байдаг, аавын минь нэр хүндийг унагаад байж болохгүй биз дээ. Би аавынхаа ажлыг дэмжих хүсэлтэй байна. Гэхдээ ямар нэг аж ахуйн хэлбэрээр оролцохгүй. Гэр хорооллынхонтой уулзахад нь дагаж яваад ч болов дэм болж, тэр хүмүүст хэлж, тайлбарлаж зөвлөж өгөх юм сан гэж санагддаг. Үнэндээ бас улс төр болоод буруутчихдаг юм болов уу. Одоо нэг ийм айдастай болчихоод л байна шүү. Би хүүхэд байхаасаа л зах дээр хүртэл зогсч, ажиллаж байсан болохоор зүгээр суухаар сонин санагддаг л юм байна. Бүх хүнээ тараачихсан, одоо ганцаараа л байна. Мэдээж, ямар нэг ажил хийж л таарна. Ажил хийвэл бараг хилийн бүсээс гарч байж хиймээр юм уу. Урам үнэхээр хугарч байна. Дугуй түгжигчийг миний бизнес гэж ирээд баахан бичсэн. “Сонор Плаза” ч гэнэ үү энд тэнд баригдаж байгаа байшинг минийх гэж ярьдаг гэсэн. Гэтэл би тэрийг нь харж ч байгаагүй. Үүн шиг миний огт мэдэхгүй, дуулж ч байгаагүй зүйлтэй холбоод л байдаг. Үнэн үнэнээрээ ялгарах өдөр ирнэ ээ. Би ярианыхаа төгсгөлд нэг зүйл хэлмээр байна. Саяхан би такси барьсан юм. Жолооч залуу намайг танимхайраад зөндөө зүйл ярилаа. Тэгсэн их хөөрхөн. “Ах аа, би их азтай ш дээ” гэж байна. Тэгээд “Би саяхан хөдөөнөөс ирсэн юм. Тэгээд таксинд явах болсон, бас нэг хүүхэнтэй танилцаад гэр бүл болсон. Бид хоёр мөнгөө цуглуулаад Ханын материалын тэнд хашаа байшин таван саяар аваад байж байтал ашгүй тэр газар маань дахин төлөвлөлтөд ороод байранд орохоор болж байна. Бүр ганц өрөө ч биш гээд бод доо. Би аймаар азтай байгаа биз” гэж тэр залуу ярьсан. Би тэр машинаас буухдаа сэтгэл жигтэйхэн сайхан болчихсон байсан. Хэдийгээр энд муу хэлүүлээд явж байгаа ч тэнд хүний амьдралд ингэж л нөлөөлж байна шүү дээ. Тэгэхээр энд аавыг минь, бас намайг хүртэл хавчуулаад муулж байгаад гомдоод ч байх юм алга, тийм ээ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив