Архи, авгай, ан эргүүлээд явагсдыг аврах ангийнхан хайсаар байх уу?
2015 оны 10 сарын 30 [Уншсан тоо: 32151]

“Энэ сарын 10-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан Халдун, Ононгийн халуун рашааны чиглэлд таван иргэн Ланд-80, Ланд-200 загварын хоёр машинтай гараад арав хоног сураггүй байна. Энэ сарын 15-нд эргэж ирнэ гээд сураггүй болсон иргэдийн талаарх дуудлагыг 18-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Олон хоног сураггүй байгаа хүмүүсийн араас онгоцтой биш машинтай аврагчид явуулсанд ар гэрийнхэн нь сэтгэл дундуур байна” гэсэн утгатай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсныг манайхан санаж байгаа байх. Удалгүй энэ мэдээлэл маань Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг алга болоход нисдэг тэргээр хайж байсан мөртлөө энгийн таван залууг явган нүцгэн онцгойгийнхон хайж эхэллээ гээд улстөржөөд явчихсан л даа. Ерөнхий сайдыг эрж хайсан асуудлын хувьд хуульчлаад өгчихсөн асуудал. Гэхдээ энэ бол хөндөх гэсэн сэдэв маань биш.

Өөр асуудлыг та бүгдийн анхааралд хандуулах гэж байна. Залуус алга болсон мэдээллийг сонссон хүмүүс өөр хоорондоо “Өдий цагт хоёр жип машинтай гарсан гэхээр тэд ан хийхээр л гараа биз дээ. Тэгж гарсан улсууд бэлтгэл гайгүй байж таарна. Удахгүй олдсон дуулдана даа” хэмээн ярьж байлаа. Нээрээ ч уг мэдээллээс нэн удалгүй ар гэрийнхэн нь нисдэг тэргээр очоод авчээ хэмээн сонстсон. Үнэндээ энэ хүмүүс ямар учир шалтгаантай эндээс гарсан, тэдэнтэй юу тохиолдсоныг хэн ч сөхсөнгүй. Бодвол албаны хүмүүсээс урьтан очих шалтгаан байгаад ар гэрийнхэн нь өндөр үнээр нисдэг тэрэг хөлсөлсөн биз гэсэн хар таамаг, таавар хөврөөд үлдсэн. Гэхдээ болж өнгөрсөн энэ явдал бидэнд ярилцах, хэлэлцэх шалтаг болж өглөө. Үнэндээ манайхан тун хариуцлагагүй, хэнэггүй анхаарал муутай хүмүүс. Тэгээд л асуудал болбол нөгөө онцгойгийнхон хаана байна, төр засаг анхаарахгүй байна болоод явчихдаг. Тийм атлаа өөрсдөөсөө хамаарах зүйлсээ, хүлээх үүргээ биелүүлдэггүй. Хөдөө орон нутагт гэрээсээ гараад хэдэн хоногоор архи дарс эргүүлээд явчихсан нөхрийг алга боллоо гэж, айлын бүсгүйнд очоод хэвтчихсэн залуу хархүүг хэл авалцахгүй болчихсонд сандарна. Эсвэл найз залуугаа дагаж хонуутаар явчихаад айсандаа дахиад хэд хоног нэмээд чимээ алдарсан охиноо олохоор хөл хөдөлгөөн болж, шинэ цаснаар ганзага мялаачих санаатай гарсан нөхдийг хэл сураггүй хэсэг болбол ар гэрийнхэн нь эрэл сурал болно. Үүнийг дагаад онцгойгийнхон ч үүрэг биелүүлэхээр гарч одно. Ийм нэг хэв маяг манайд тогтоод удлаа. Сүсэг бишрэлээ дагаж, байгалийн өвөрмөц тогтоцтой газруудыг манайхан их зорьдог. Нэг удаа ийм зорилгоор явчихаад төөрч, бензин тосгүй таг суусан хүмүүсийг онцгойгийнхон хайсаар яваад очтол, “Ганцхан шатахуун авчирлаа. Хоол хүнс авчирсангүй” гээд барьж авч зодчих гээд байсан эмгэнэлт түүх ч бий. Татварын мөнгөөр цалинждаг байж хоол хүнс авчирсангүй гээд омогдоод байдаг гэдэг. Бас цасанд боогдчихоороо айлд очоод даалуудаад суучихсан харин энд ар гэрийнхэн нь сандраад Онцгойг хөдөлгөж байсан удаатай. Ер нь юм, юм бий дээ.

Гэрээсээ халамцуу согтуугаар өвлийн хүйтэнд гараад мориндоо мордоод явчихдаг гарууд хөдөө талаар маань дүүрэн. Тэгээд араас нь ах дүүс нь дуудлага өгч, эрэл сурал болж байсан олон тохиолдол бий. Үнэндээ нөгөөх маань эхний айлдаа орж, шимийн юм нэхэж уугаад тас уначихсан л хэрэг шүү дээ.

Бас дээрээс нь цас бороо орж, байгалийн гамшиг болох үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаад замуудаа хаадаг. Гэтэл мэдсээр байж хотоос гараад давхичихдаг нөхөд их. Нэгийгээ цаснаас татаж гаргана гээд нэмж өөрсдөө суучихаад түвэг болж байгаа юм л даа. Бас зам хаачихаар хулгайн замаар гарч давхиад бүр том асуудал үүсгэдэг. Цаашлаад буухыг хориглосон газар сонсож мэдсэн атлаа гэрээ барьчихаад үер бууж, цахилгаан хүчдэлийн асуудал босохоор өнөөх л онцгой хаана байна гэсээр суудаг. Бид ийм л маягаар дэндүү хэнэггүй, хариуцлагагүй болохоор нэг нэгэндээ ихээхэн түвэг удаж, төсвийн мөнгийг үрэлгэн зарахад хүргэж байна. Алга болсон гээд бөөн дуулиан болоод байсан нөхөр зэргэлдээх сумын айлд хэвтэж байгаад ирсэн нь мэдэгдмэгц ар гэрийнхэн нь ичсэндээ олдсон гэдгийг нь ч хэлдэггүй. Гэтэл нөгөө талд эрлийн нөхөд яваад л байдаг, баахан хүмүүс дайчлаад үзээд л байдаг. Цаг зав, бензин тос, төсөв хөрөнгө гарын салаагаар урсана. Зарим тохиолдолд эрэлд гарсан хүмүүст мэдэгдэж зогсоочихсон хэрнээ тойргийнхоо УИХ-ын гишүүнд гомдол мэдүүлж матсан явдал ч байдаг гэдэг. Энэ бүхэн хэн ч гайхдаггүй бидний араншин л даа. Баримт сөхье л дөө. Зүгээр нэг аймагт богинохон хугацаанд гарсан үйл явдлууд гэхэд л ийм байгаа юм.

...Сүхбаатар аймгийн Онгон сум II багийн Олон худаг гэдэг (сумаас хойш 40км-т) газар М хонио хотлуулаад гэр лүүгээ орох хооронд алга болсон. Хоттой хонь гэр хоёрын хооронд 500 м, уг иргэн нүд муутай гэсэн мэдээллийг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 21:15 цагт хүлээн авчээ. Тус сумын Тамгын газрын даргаар ахлуулсан зургаан хүн, нэг автомашинтай эрэн хайж байх явцад өөрөө 22:10 цагт гэртээ ирсэн тул эрлийг зогсоосон байна...

...Сүхбаатар аймгийн Наран сумын II багийн нутаг “Гэзгий Гуу” гэдэг (сумын төвөөс урагшаа 20 км-т) газар Г (27 настай, эрэгтэй) энэ сарын 21-ний өдрийн 11:00 цагийн үед хониндоо гараад одоо болтол алга гэсэн мэдээг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан аж. Тус сумын орлогч И-ээр ахлуулсан дөрвөн хүн, нэг автомашинтай эрэн хайх явцад өөрөө уржигдар шөнийн 01:40 цагт гэртээ ирсэн тул эрлийг зогсоожээ...

...Сүхбаатар аймгийн Асгат сумын II баг, сумын төвөөс урагшаа 60 км газар М (41 настай эрэгтэй) дан цамцтай, халамцуугаар 2015 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагийн орчим алга болсон. Эл мэдээг энэ сарын 21-ний өдрийн 12:40 цагт хүлээн авч, тус сумын хэсгийн төлөөлөгч ахмад Д-ээр ахлуулсан зургаан хүн, нэг автомашинтай эрэн хайж байгаа аж...

...Улаанбаатар хотоос Шарын гол сум руу шинийн 2-ны орой явсан машинтай хүмүүс замаасаа төөрч, Шийрийн бригад орчим уулын аманд цасан хунгарт суужээ. Энэ сарын 21-ний өдөр 13:50 цагт мэдээ хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22 дугаар ангиас зургаан албан хаагч, нэг автомашинтай очсон аж. УНЦ 82-07 улсын дугаартай портер загварын автомашинтай жолооч Л, эхнэр хүүхдийн хамт цасан хунгарт суусан байсныг татаж гаргажээ...

...Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон IV баг Цулхар хорооны гудамжны хашаа гэр лүү Цулхарын голоос усны халиа урсаж ороод байна гэсэн дуудлага 2015.02.21-ний өдрийн 10:55 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 50 дугаар ангийн 15 алба хаагч, нэг автомашинтай очиж, ус хальж гарсан газрын мөсийг нь хөрөөдөж далан босгож шуудуу татаж урсгасан байна...

...Булган аймгийн Бугат сум руу явж байгаад замын хажуугийн цасан хунгарт суучихлаа гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах 105-ын бүлгийн зургаан алба хаагч, нэг автомашинтай очиж цасан хунгараас татаж гаргасан...

...Сүхбаатар аймгаас урагш 60 км-т “Жарийн овоо” гэдэг газар арваад машин суусан, 60-70-аад хүн байна гэж иргэн У мэдэгджээ. Энэ мэдээг 21-ний өдрийн 23:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс зургаан албан хаагч, нэг автомашинтай очиж эхний ээлжинд гурван машин, есөн хүнийг цаснаас гаргаж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэт иймэрхүү мэдээлэл хэдэн арваараа хөвөрнө.

Мэдээж, төр засаг нь иргэнийхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалахаар ажиллаж, иргэд ч аварч, хамгаалж, хайж араас нь явах хүчин байгааг мэдрэх нь сайхан л байх. Гэхдээ хүмүүсийн хариуцлагагүй байдал, дор дороо өөрийнхөө төлөө, гэр бүл үр хүүхдийнхээ төлөө тавих анхаарал халамж нь суларснаас үүдэн гарч буй энэ хэргийн төлөө жинхэнэ татвар төлөгчдийн мөнгийг сул зармааргүй байгаа юм. Харин энэ мэт утга учиргүй дуулиан тарьж, бөөн мөнгө төгрөгийн зардал гаргасных нь төлөө хариуцлага хүлээлгэж, торгууль оногдуулдаг байхад ч болохгүй зүйл үгүй. Эрэн хайх ажиллагаанд явж байгаа нэг хүнд хоолны мөнгө гэж 18 мянган төгрөг, өдрийн гурав гэж бодохоор 54 мянган төгрөг гарна. Тэгээд ганц нэгээрээ хайх биш дээ. Арван хүн гээд бодохоор өдрийн 540 мянган төгрөг дээрээс нь нэмээд унаа тэрэг, тос бензин гээд явж өгнө. Дунджаар нэг удаагийн энгийн үйл ажиллагаанд таван сая гарах жишээтэй. Олны олонд энэ бага гэлтгүй явж өгнө. Гэтэл төсөв ямархан байгаа билээ. Хэзээнээс мөчиг тачигхан Онцгой албанд төсөвлөгдөж ирсэн цөөхөн бор юм нь архи, авгай хүүхэн, ан гөрөө эргүүлээд явчихсан нөхдөд зарцуулагдана гэхээс гомдмоор байгаа биз дээ. Уг нь Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны чиглэл нь гамшгаас хамгаалах эрх зүй, бодлогын баримт бичгийг боловсронгүй болгох, гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах замаар гамшгаас урьдчилан сэргийлэх, улсын нөөцийн асуудлыг хариуцаж, хүмүүнлэгийн тусламжид анхаарах, бүс нутаг, дэлхийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах явдал юм. Гэтэл манайд байдал ямар байна даа. Худаг руу уначихсан ишиг аваад өг, бараг л гэрээсээ өрөөсөн гутлаа олохгүй байна, хаана байна гэх юм байна шүү дээ. Тиймээс ийм хэнэггүй, хайхрамжгүй тэнэг монголчуудад арай өөрөөр ойлгуулахгүй бол болохгүй нь ээ.

Үүний тулд ерөөсөө хариуцлагын асуудал яригдаж таарна. Эдийн засгийн торгууль шийтгэл бүр ч ойр тусах болов уу. АНУ-д байтугай дэлхийд 911 гэсэн дуудлагын утсыг мэднэ. 911 дуудахад эмнэлэг, цагдаа гээд мэргэжлийн байгууллагууд нь бүгд ирнэ. Гэхдээ 911 дуудлаа гэхэд чамгүй төлбөр төлдөг учраас хүмүүс хэзээ юун дээр дуудлага өгөхөө байнга бодож байдаг. Манайд 103, 105, 102 гэсэн дуудлагын нэлээд хувь нь хуурамч дуудлага байдаг зовлон бий. Харин АНУ-д хуурамч дуудлага өгсөн тохиолдолд маш өндөр торгууль төлөх учраас эцэг, эхчүүд ч хүүхдүүддээ анхааруулж хариуцлага хүлээхээс урьдчилан сэргийлдэг гэдэг билээ.

Манай аврах ангийнхныг багагүй чилээдэг нэг асуудал бол хуурамч дуудлага байдаг гэдгийг бүгд хэлдэг. Тэгвэл хуурамч дуудлага өгсөн болон дээр дурдсан хувь хүний хариуцлагагүйгээс эрэн хайх ажиллагааг эхлүүлж, зардал мөнгө гаргахад хүрсэн бол хариуцлага хүлээлгэж, торгууль тогтоодог болмоор байна. Үнэхээр нөгөө хэн нэгнийх рүү гараад туучихсаныг нь алга болсон гэж боддог жишээг даатгалын хөшүүргээр зохицуулж болох биз. Тэд даатгалаа төлж, ийм тохиолдол гарвал даатгалын ажилтнууд явдаг байхаар яаж ч зохицуулж болно. Аврах ангийнхныг явуулж, асуудал үүсгээд байж болохгүй. Ингэж эдийн засгийн хөшүүргээр энэ хүмүүсийг хариуцлагажуулахгүй бол өмнөх шигээ хэнэггүй нөхдийн эрэлд хатсаар хаа хаанаа хэцүүдсээр байх болно шүү.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив