А.Гантулга: Бодлогоор дэмжээд өгвөл чадна гэдгийг барилгын салбарынхан баталсан
2015 оны 9 сарын 4 [Уншсан тоо: 37954]
Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулгатай ярилцлаа.

-Барилгын салбар байгуулагдсаны 89 жилийн ойн баяр болж байна. Үнэндээ нэг үе манайд барилгыг төр л барьдаг байсан. Харин сүүлдээ энэ байдал мартагдсан байсан бол эргээд өөр болж эхэллээ. Өөр байхдаа маш далайцтай орж ирж байна. Төрийн орон сууцны корпорацийг толгойлон ажиллаж байгаа хүний хувьд тантай энэ талаар яриагаа эхэлмээр байна?

-Юуны өмнө барилгын салбар байгуулагдсаны түүхэн ойн баярын мэндийг үе, үеийн барилгачид, энэ салбарт ажиллаж байгаа, ажиллаж ирсэн, Монголын бүтээн байгуулалт, барилгажилтад гар бие, сэтгэл зүрхээ зориулсан бүхий л хүмүүстээ хүргэе. Монгол Улсад барилгын салбар хэдий үеэс хөгжиж ирсэн юм бэ гэдгийг бид хамтдаа эргэн санахад тун амар. Тийм холын түүх байхгүй. Их Монгол Улсын үед Хархорин хотыг байгуулж байсан ч 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалын үед ямар байсныг эргэн харахад бид нүүдэлчдийн амьдралаасаа суурин амьдрал руу шилжиж ирсэн нь тун саяхных юм. Ердөө сүүлийн 100 жилийн түүхээ харахад Улаанбаатар хотод маань 1960-аад оны сүүлчээс бүтээн байгуулалт хийгдэж ирсэн байдаг. Хятадуудын барьж өгсөн Энхтайваны гүүр, 120 мянгат, дөч, тавин мянгат тэгээд Гандан хийд, Соёлын төв өргөө, Баянгол зочид буудал гээд цөөхөн барилга байшин нийслэлд маань байлаа шүү дээ. Наяад онд буюу Брежневийн үед III, IV хорооллыг оросууд барьж өгч байлаа. Үнэндээ нийслэлд байсан цөөхөн барилга байшингууд маань хоёр хөршийн оролцоотой, бэлэг тусламжаар бүтэж байжээ.

1990 оны ардчиллын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгмээс чөлөөт зах зээлтэй, ардчилсан нийгэмд шилжих үед хүн бүр барьц алдаж, бас хөлөө олох гэж хичээж байсан. Хүмүүс гадаад руу гарах нь гарч, ганзагын наймаанд явах нь явж байсан тэр цагт барилгын салбар үнэндээ зогссон. 2004 оноос Хятадад эдийн засгийн эрчимтэй хөгжил эхэлж, эдийн засгийн чадавхи чадал нь өөрчлөгдөж эхэлсэн. Үүнийг дагаад ч манай эдийн засгийн байдал өөрчлөгдөж, 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд ч хүрч байлаа шүү дээ. Тухайн үед олсон хамаг мөнгөө сонгуулийн шоу болгоод, халамжийн мөнгө тараасан нь буруу гэдгийг олон хүн хэлдэг. Юутай ч эдийн засгийн энэ таатай байдал нь барилгын салбарт шууд тусгалаа олсон байдаг юм. Барилгын салбарт хувийн хэвшлүүд өргөжиж, хөгжиж тэр хэрээр барилгажилт ихээр явагдсан он жилүүд байсан.

-Барилгын компаниуд ч хөл дээрээ зогсч, зээл ч нэмэгдэж хүмүүс байр олноор аваад үүнийгээ дагаад үл хөдлөхийн үнэ нь явж өгсөн талаар ярьдаг шүү дээ?

-Үнэндээ тэр үед м/кв-ын үнэ дэндүү өссөн. Мэдээж, бизнесийн байгууллагууд бизнесээ бодох нь тодорхой. Нөгөө талд нь энгийн иргэд байртай болох боломжууд хумигдсаар байсан. Том, тоотой орон сууцны хөтөлбөрүүд хэрэгжүүлээд явж байсан ч яг бодит амьдрал дээр ТОСК байгуулагдсанаар барилгын бодит үнийг тогтоосон гэж би хэлнэ.

-Хямрал болсноор барилгын үнийн хөөсийг буулгаж байна гэж яриад байгаа нь хэр ортой вэ?


-Ер нь хямралаас шалтгаалж бодит үнэ дээрээ ирнэ гэж байдаггүй юм. Харин ТОСК байгуулагдаж, төр барилгын салбарт орж ирснээр хэдэн төгрөгөөр м/кв-ыг нь үнэлэхэд компаниуд ашигтай, бас хүмүүс байртай болж болох вэ гэдэг бодит үнэлгээ нь гарч ирж байгаа юм. Сүүлийн хоёр жилийн статистикийг харахад барилгын үнэ 10.7 хувиар буурсан.

-Үнэндээ “Буянт-Ухаа 1” дэх танай байр м/кв нь 1.280.000 төгрөг гэж байхад тийм үнэлгээтэй байр хаана ч байхгүй байсан. Харин одоо байрнуудын үнэ өөрчлөгдсөнийг хүмүүс бэлхнээ мэдэж байгаа. Гэхдээ төр орж ирснээр хувийн хэвшлээ шахаж байна гэсэн шүүмжлэлд та юу гэж хэлэх вэ?

-Төр орж ирээд байрны үнийг унагалаа гэж ярьж байна. Үнэндээ манайд баригдаж буй барилгуудын хоёр хувь нь л төрийн оролцооны байр юм шүү дээ. Ямар ч улс оронд төрөөс барилгын салбарт ард түмэн рүүгээ хандсан орон сууцны бодлого байдаг. Солонгост ч тэр, Сингапур, Туркт ч тэр. Одоо БНХАУ энэ чиглэл рүү орж байна. Тэгэхгүй бол бизнесийн байгууллагын үнэлж байгаа м/кв нь 2-7 сая төгрөгийн үнэтэй байранд хүссэн хүн бүр орж чадахгүй шүү дээ. Тиймээс зорилтот бүлэг рүүгээ хандсан орон сууцны бодлогыг төр барихаас аргагүй.

Мэдээж, хувийн хэвшлийнхэн тансаг зэрэглэлийн байшингаа бариад явж бололгүй яахав. Хүмүүс хэрэглээ, хэрэглээгээ дагаад боломжоо хараад сонголтоо хийх эрх нь нээлттэй. Ер нь бизнесийн байгууллагууд голдуу оффис, үйлчилгээний байгууллагаа бариад төр нь ард иргэддээ зориулсан барилга бариад явдаг олон улсын жишиг бий. Төр засаг бол ард түмэндээ үйлчлэх ёстой үйлчилгээний байгууллага. Тэгэхээр бизнесийг шахлаа гэж шүүмжлэхээсээ урьтаад ажлаа хийж байна гэж ойлгох хэрэгтэй болов уу.

-Танайхаас захиалан бариулж буй “Буянт-Ухаа” хорооллыг харахад манайхан том, том хорооллыг дорхноо барьдаг болжээ?

-Хуучин Барилга трестийн дарга байсан хүн надад “Бид нар хоёр орцтой есөн давхар байрыг хоёр жил барьж байлаа” гэж ярьж байв. Гэтэл одоо III, IV хороолол шиг түүнээс том хорооллыг жилийн дотор барьж байна шүү дээ. Манайхан 1780 айлын хорооллыг нэг жилийн дотор барьж байна. Энэ бол монгол барилгачдын чадвар чансаа, ур авьяас өсч байгааг батлан харуулж байгаа юм. Ер нь зөв бодлогоор дэмжээд өгвөл монгол хүн юуг ч чадна гэдгийг барилгын салбарын энэ жишээ л баталж байна гэж хэлмээр байна. Барилгын салбарт гэлтгүй бүхий л салбарт зөв бодлого чухал юм.

-Үндэсний аюулгүй байдлын чухал шалгуурт барилгын цемент, бетон, арматур ордог гэлцдэг. Аюулгүй байдлын чухал зүйл болсон барилгын материал хэрэгсэл, түүхий эддээ бид хэрхэн анхаардаг гэж та боддог вэ?

-Би барилгын салбартай холбогдож ажилласан цагаасаа хойш барилгын салбарын хөгжил дэвшлийн хамгийн чухал нь үндсэн түүхий эд, барилгын материал байдаг тэгээд үүнийгээ дотооддоо үйлдвэрлэх нь чухал гэдгийг ойлгосон. Манайд барилга барихад хэрэгтэй бүхий л түүхий эд нь байна. Гэтэл бид гаднаас авсаар ирсэн. Харин нэг үеэ бодвол Монгол Улс түүхэндээ 800 жилийн дараа гангийн үйлдвэртэй болж, Хөтөлд хуурай аргаар цемент гаргаж, саяхан “Монполимет” компани цементийн томоохон үйлдвэрээ нээлээ. Ийм барилгын материалын үндсэн түүхий эд боловсруулж гаргах үндэсний компаниуддаа зээлийг нь өгөөд ч хамаагүй сайн дэмжих ёстой юм. Би энэ салбарынхны зовлон, жаргалыг нь гадарлах болсон хүний хувьд барилгын материал үйлдвэрлэгч хүмүүс ч хоорондоо мэдээлэлтэй, ойлголцож бас зөв бодлогоор зангидагдаж нэгийгээ дэмжиж ажиллах нь чухал гэдэг үүднээс Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжигчдийн холбоог байгуулаад ажиллаж байна. Манайд нэг нь цонхны үйлдвэр нээхэд бусад нь дагачихдаг. Гэтэл зах зээл нь хэр юм, бүгдээрээ бөөнөөрөө ороод ямар байх уу гээд судалгаа бодлого ер байхгүй. Бүгд л гаднаас бэлэн түүхий эд авчраад эндээ угсраад үйлдвэр гэдэг. Гэтэл бидэнд хийх юм зөндөө байна шүү дээ. Ер нь хэн нь дотоодын түүхий эдээрээ хаалга хийж байна, хэн нь бэлэн юм авчраад хийж байна гэдгийг ялгаж салгаж бодлогоор дэмжих ёстой. Тэгж байж үндэсний үйлдвэрлэл хөгжинө. Манайд бол аль нэг даргын дүүгийн компаниас л бүтээгдэхүүн аваад байдаг, хэн нэгэн Дорж, Дулмаагийн компани бол бор зүрхээрээ зүтгээд байдаг муу жишиг тогтчихсон гэдгийг хүмүүс мэднэ. Үүнийг өөрчилж, эрүүл бодлогоор чиглүүлэхэд бид туслах юм.

-Ер нь ямар, ямар түүхий эдээр ямар материалуудыг бид хийж болох вэ?


-Манайд чулуун хийц хөгжих бүрэн боломжтой. Монголд дэлхийд ховор сайн чанарын элс байна. Элсээ шигшээд сайн плита хийж болж байна. Шилээ хиймээр байна. Гол нь сайн технологи оруулж ирэх хэрэгтэй байгаа юм. Монгол залуучууд маань өөрсдөө ванн хийсэн байгаа юм. Тухайлбал, монголчуудынхаа хийсэн ванныг бид эхлээд худалдаж аваад байшиндаа тавьдаг болчихмоор байна.
 
Мэдээж, бидэнд химийн үйлдвэр хөгжөөгүй учраас нарийн химийн үйлдвэрлэл хөгжсөн орнуудтай харьцуула­хад ур чадвар дутах, боломж дутах асуудал байна. Бас хүн ам цөөтэй учраас нэгж бараа бүтээгдэхүүний үнэ өндөр гарах ч тал бий. Эрээний ТҮЦ-ийн урдуур 1000 хүн өнгөрдөг, манай өмнүүр 100 хүн өнгөрдөг байлаа гэхэд мянган хүнээс 100 нь худалдаа хийнэ харин манайд 10 хүн л юм авах жишээтэй. Тэгээд үзэхээр бүх зүйл харьцангуй өөр ч гэлээ бид судалгаа тооцоогоо сайн хийж, Монголдоо хийж чадах зүйлээ бодлогоор дэмжиж бас бүгдээрээ нэг зүйл рүү биш зах зээлээ хувааж аваад ажиллах бүрэн боломж бий.

Манайхан өөрсдөө хийх биш гаднаас оруулж ирсээр байгаад бүр сурчихсан, тэр бизнесээ алга болгохгүйн тулд дотоодын үйлдвэрлэлийг ч дэмжихгүй байх хандлага ажиглагддаг. Гэхдээ бид өөрсдөө цементээ сайн чанартай үйлдвэрлэж байхад гаднаас авахгүйг хичээж болох л байгаа юм.

-Таны хэлсэн бодлого гэдэг олон зүйл дээр алдагдаж ирснийг бид мэднэ. Тухайн хороололд хэдэн хүүхэд цэцэрлэг, сургуульд сурах талаар ямар ч тооцоо байгаагүйгээс асуудал үүсээд байна гэдэг. Харин танай хорооллууд цэцэрлэг, сургуулиа шийдээд явсан нь талархалтай юм...

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад ажиллаж эхлэхдээ “Зам дагаж хөгжил байдаг”, зам бодит бус ч дам ашиг, үр дүнг өгч байдаг гэхэд хүмүүс сайн ойлгохгүй байсан. Гэтэл одоо баригдсан энэ замууд ямар ач холбогдолтойг биеэрээ мэдэж байх шиг. Түүн шиг шууд нүдэнд баригдахгүй ч дам ашигтай зүйлс бий. Жилд маш олон тооны хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаж байдаг. Ердөө сургууль, цэцэрлэгтээ явах замдаа. Тэгвэл хотхонд нь сургууль, цэцэрлэгийг нь шийдээд өгөхөөр хүүхдүүдэд ирэх ийм эрсдэл алга болно. Хүүхдээ зөөх, ажлаа цалгардуулах гээд олон асуудлуудыг эчнээгээр шийдээд өгч байгаа юм. Манай хорооллуудад улсын цэцэрлэг, сургуулийг байгуулж байгаа нь иргэдэд олон таатай боломжийг дагуулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Манайх “Буянт-Ухаа 2” хорооллын нэгдүгээр ээлжийг барих төлөвлөгөөгөө гаргахдаа л 2592 айлын есөн давхар 48 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 409 машины долоон давхар нэгдсэн автограж, зургаан ширхэг таван давхар худалдаа үйлчилгээний төв байна гээд ажлаа эхлүүлж байлаа. Харин хоёрдугаар ээлжийн төслийн хүрээнд 3780 айлын 60 ширхэг 12 давхар орон сууцны барилга, нэг ээлжиндээ 1250 хүүхэд сургах хүчин чадалтай хоёр сургууль, 240 хүүхдийн гурван цэцэрлэг, спорт цогцолбор, зургаан ширхэг таван давхар худалдаа үйлчилгээний төвийн барилга тус тус баригдана гэж байсан. Ингэж л цэцэрлэг сургуультай нь, худалдаа үйлчилгээний төвтэй нь асуудлыг шийдэж байж иргэд маань тав тухтай амьдрах юм.

-ТОСК-иас зөвхөн нийслэл гэхгүй хөдөө орон нутагт ихээхэн анхаарч ажиллаж байгаа байх аа. Энэ талаар та сонирхуулахгүй юу?

-Хөдөө орон нутагт ч иргэд тавлаг орон сууцанд тухтай амьдрах ёстой. Манай төсөл хэрэгжиж байгаа эхний найман аймгаас 4-5 нь барилгуудаа ашиглалтад өгөөд явж байна. Бид анхнаасаа энэ төсөлд хөдөө орон нутгийн компаниудаа дэмжиж ажилласан. Энэ бол төрөөс бодлого болгож орон нутгийн компаниудаа дэмжиж байгаа хэрэг л дээ. Орон нутгийн иргэдэд тохилог орон сууцанд амьдрах боломж нээгдсэнээр эргээд хотын хэт төвлөрөлтийг багасгах, сургууль соёлоо төгсөөд залуучууд хотод үлдэхгүй нутагтаа буцаж, боловсон хүчний бодлого алдагдахгүй гээд дам ашгууд нь гарч ирдэг. Хэрэв төрөөс бодлогоор дэмжээд өгвөл хүмүүс заавал төв сууринд амьдарна гэж зүтгэхгүй шүү дээ. Сүүлд гэхэд Бор-Өндөрт манай төслийн орон сууц ашиглалтад ороход залуучууд олноороо байр худалдан авч орж байсан. Тэнд томоохон зэсийн баяжуулах үйлдвэр байгуулагдаж, нийслэл хотоос хүртэл залуучууд тэнд амьдрахаар очиж байна. Тэгэхдээ шинэ байрнаас аваад амьдарч байна.

-“Буянт-Ухаа 2” хороол­лын талаар хүмүүс ихээхэн сонирхож байгаа л даа. Захиалга нь хэзээнээс эхлэх бол, өмнө нь зорилтот бүлэг гээд энгийн иргэдэд олдохгүй байсан. Одоо хэрхэх бол гээд?

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 28 га газарт энэ хороолол маань сүндэрлэж байгаа. 2014 оны зургадугаар сард эхэлсэн. Одоо жар гаруй хувьтай явж байгаа. Бид захиалгаа энэ сарын 7-ны өдрөөс эхэлнэ гэдгээ албан ёсоор зарласан. Өмнө нь зорилтот бүлэгт өгнө гээд сугалаагаар эрхийг нь өгч байсныг хүмүүс санаж байгаа байх. Энэ удаад аль болох олон хүрээнд хүмүүсээ хамруулахыг зорьж байгаа. Үнэндээ ард түмнээ зорилтот болон үгүй гэж хуваах нь шударга биш юм. Мэдээж, эмч багш гээд зорилтот бүлгийн хүмүүсээ аваад явалгүй л яахав. Гэхдээ аль болох жигд, бүхий л хүрээний хүмүүсээ хамруулахаар зорьж ажиллаж байгаа. Өмнөх журамд 35 хүр­тэлх насны иргэдийг бүртгэнэ гэсэн заалт байсныг өрөөсгөл гэж үзээд бид “Буянт-Ухаа 2” хорооллын журамд хувийн хэвшилд ажиллаж байгаа бо­лон хувиараа бизнес эрхэлж байгаа 35 дээш насны иргэ­дэд нээлттэй байхаар нэмж тусгасан. Иргэдийн хувьд орон сууцны найман хувийн зээлд хамрагдах боломжтой эсэхээ зээл авах банкнаасаа судалж, байр хүссэн өргөдлөө гаргаж, байрны урьдчилгаа 10 хувийг байгууллагын дансанд байршуулах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг манай байгууллагын вэб сайтаас авч болно.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив