Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
П.Очирбат: Хоёр намын үл ойлголцлын үнэ цэн Монголын ардчиллаар төлөгдөж болохгүй
2015 оны 7 сарын 23 [Уншсан тоо: 96831]

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Пунсалмаагийн Очирбаттай ярилцлаа.



-Монголчууд таныг анхны Ерөнхийлөгч маань гэж хүндэтгэн нэрийддэг. Ярилцлагынхаа эхэнд одоогийн байдлаар та яг ямар, ямар алба хашиж байгаа талаар албан ёсоор асуумаар байна?

-Би Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр 2004 оноос тасралтгүй 11 дэх жилдээ ажиллаж байна. Үүний зэрэгцээ ШУТИС-ийн Геологи Уул, уурхайн сургуульд зөвлөх профессорын ажилтай. Эд бол миний үндсэн ажил. Мөн ШУА-ийн гишүүн, Академийн тэргүүлэгч гишүүний үүрэг хүлээдэг, дээрээс нь уул уурхайн компани болох “Энержи ресурс”-ийн Удирдах зөвлөлийн гишүүний үүргийг давхар гүйцэтгэдэг. Ийм л ажлууд хийж байна даа.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хувьд давхар хийхийг зөвшөөрдөггүй ажлууд гэж бий юу. Таны давхар хашиж байгаа энэ албуудаас Цэцийн гишүүний ажилтай чинь зөрчилдөж байгаа ажил байгаа юу?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хувьд давхар хашихыг хориглодог албан тушаал гэж бий. Үндсэн хуулийн 62 дугаар зүйлд УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, Дээд шүүхийн шүүгч нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн байж болохгүй гэсэн хязгаарлалт байдаг. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн тавдугаар заалтад Цэцийн гишүүдийг засаг захиргаа, нам, улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа мөн үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй гэсэн хязгаарлалт бий. Дээрх хуулиудад хязгаарласан ажлуудтай миний хашдаг албууд зөрчилдсөн зүйл байхгүй.

-Гэхдээ та Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заасныг зөрччихсөн юм биш үү?

-Өөрийн чинь асуусан хууль 2012 оны нэгдүгээр сарын 19-нд батлагдсан юм. Энэ хуулинд 2014 оны зургадугаар сарын 5-нд өөрчлөлт оруулж, 20 дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд 20.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гээд нэмж оруулсан байдаг.

-Тэгэхээр та “Энержи Ресурс”-ийн Удирдах зөвлөлд байгаа нь хууль зөрчсөн хэрэг юм биш үү?

-Хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн байгааг анхаараарай. Хуульд өөрөөр заагаагүй байсан бол би зөрчсөн болж таарна. Харин Үндсэн хууль болоод Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрөөр заагаад өгчихсөн учраас энэ хуулийн зүйл заалт Цэцийн гишүүнд хамаарахгүй болж байгаа юм. Энэ бол нийтлэг хууль. Цэцийн гишүүний үйл ажиллагааг заасан Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрөөр заасан байдаг тул түүнийг баримтална гэсэн үг, заагаагүй байсан бол энэ хуульд хамаарагдах байжээ гээд ойлгочиход болно. Тиймээс би хууль зөрчөөгүй.

-АТГ-аас таныг хууль зөрчсөн гэж үзсэн юм биш үү?

-АТГ энэ талаар хоёр, гурав салгаж үзсэн байна лээ. Би 2010 оноос “Энержи Ресурс”-ийн Удирдах зөвлөлд багтсан. Энэ хууль 2012 онд батлагдсан, хууль эргэн үйлчлэхгүй учраас өмнөх нь хамаагүй. Харин 2012, 2014 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах гэрээг сунгасан байгаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэс байна гэж тэд үзсэн байна лээ. Ер нь бол энэ заалт 2014 оны зургадугаар сард нэмэгдсэн, тэгэхээр өмнөх нь хамаагүй болж таарна. Хамааралтай гэвэл 2014 оны аравдугаар сард гэрээг сунгасан явдал орж таарах ч дээр хэлснээр хууль эрх зүйн үүднээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хийж болохгүй гэсэн ажлын хязгаарлалтад ороогүй учраас би хууль зөрчөөгүй гэдгийг дахин хэлмээр байна.

-Таныг яг ямар үндэслэлээр шалгаж өгөх хүсэлтийг хаанаас АТГ-т тавьсан юм бэ. Одоо АТГ-аас танд хариуцлага тооцох хүсэлтийг Цэцийн даргад өгөх үү?

-Цэц рүү өгөхгүй. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд, дарга О.Баасанхүүд хариуг илгээсэн гэсэн. Ер нь бол намайг хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн, “Энержи Ресурс”-ийн Удирдах зөвлөлд ажилладаг нь хууль зөрчсөн гэж УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, “Хос дэнс” ТББ-аас шалгаж өгөх хүсэлт гаргасан. Харин шалгаад Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлээгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Нөгөө хууль зөрчсөн эсэх дээр ирүүлсэн хариуг нь би дээр нэлээд дэлгэрэнгүй тайлбарлалаа шүү дээ.

-Таныг “Энержи Ресурс”-ийн удирдах зөвлөлийн гишүүний албыг хашдагийн хувьд 24 мянган ам.долларын цалин авдаг гэж хэвлэлээр нэлээд шуугисан. Та энэ талаараа ХОМ-тээ тусгасан байсан уу?

-Энэ бол цалин биш, урамшуулал юм. Жилд нэг удаа компани тайлан тооцоогоо хийж үзээд Удирдах зөвлөлийн гишүүддээ урамшуулал болгож 20 мянган ам.доллар шилжүүлдэг юм. 24 мянга гэж байгаа ч татвар энэ тэрээ аваад 20 мянган ам.доллар ирдэг. Би бүх орлогоо өөрийн Капитрон банкин дахь хадгаламжийн дансанд байгаа мэдээллийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүгдийг мэдүүлсэн. Үүнийгээ ч би АТГ-т тайлбарласан. Тэд ч бүгдийг мэдүүлэгтээ дурдсаныг хүлээн зөвшөөрөөд дэлгэрэнгүй салгаад биччихвэл илүү амар байжээ гэж байсан. Миний хувьд ингэж нууж, хаагаад буяндаа бузар оруулаад байх шаардлага байхгүй. Харин зорилготой, зорилгогүй нь тодорхойгүйгээр буруу зөрүү яриад байхад нь би түргэн шалгаад олон түмэнд мэдээллийг нь өгөөсэй гэж хүсч байлаа.

-Та хөрөнгө орлогын мэдээллийг маань буруу мэдээлж, нэр хүндэд халдлаа гээд УИХ-ын дарга руу айхтар ширүүн үгтэй албан бичиг илгээсэн байгаа харагдсан. Бас уучлал гуйхгүй бол шүүхэд хандах болно гэсэн байсан. УИХ-ын дарга ч хариуг нь шуурхай өгч, твиттерээр уучлалт гуйсан харагдсан...

-Тийм ээ. Намайг хөрөнгө орлогоо нуудаг, дардаг хүн гэсэн ойлголтыг санаатайгаар нийгэмд бий болгох гээд байна уу гэж ойлгох болсон. Төрийн хариуцлагатай алба хашдаг хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлдэг нь албан ёсоор хэвлэгдэж, олны хүртээл болчихоод байхад миний мэдүүлснээс өөрийг сайтуудаар цацаж, цаашаа телевизүүд цацаж байх жишээтэй. Нэг сайтын худал мэдээлснийг УИХ-ын дарга З.Энхболд цааш дамжуулан жиргэж, олон мянган дагагчдадаа түгээсэн тул уучлал гуйхыг шаардсан юм. Харин албан шаардлага хүргүүлсэн даруйд орой нь жиргээгээр уучлалт гуйж, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга нь орой 22 цагийн үед над руу хариу болгосон албан бичиг хүргэж өгөх гэсэн юм гээд ярьж байна лээ. Тэгээд дараа өдөр нь би хүлээж авсан.

-Таны хэр хөрөнгийг хэд гээд мэдээлсэн байсан юм бэ. Их хөрөнгөтэй гэж бичээгүй багасгаад мэдээлсэнд та бухимдаад байгаа юм уу?

-Би унаж байгаа автомашинаа зах зээлийн үнэлгээгээр нь 90 сая төгрөг гээд бичсэнийг 40 мянга гэчихэж байгаа юм. Хадгаламжинд байгаа хөрөнгийг маань хоёр сая төгрөг гээд бичсэн байх жишээтэй. Гэтэл өнөөдөр 40 мянган төгрөгийн үнэтэй ямар автомашин байх вэ дээ. Төрд насаараа ажилласан өдий насны хүн хоёр сая төгрөгийн хадгаламжтай гэж бичвэл хэн надад үнэмших вэ дээ.

-Хэд байсныг хоёр сая төгрөг болгосон гэж?

-Хоёр миллиард. Хөрөнгийг ихэсгэж, багасгахдаа биш үнэн юм үнэнээрээ байх ёстой. Өөрчилж тарааж байгааг би зорилготой гэж ойлгоод байгаа юм. Тэгээд л тэрийг нь С1, NBC1 телевизүүд нь мэдээгээрээ уншаад явчихдаг. Бас мал хуй байхгүй гэснийг 90 мянгаар үнэлэгдэх мал аж ахуйтай гэж байгаа юм. Шөлний ганц хонь зуун хэдэн мянгатай байхад намайг ингэж бичсэн гэхээр хүмүүст итгэл төрөх үү.

-Таныг төрд насаараа ажиллаад ийм хэмжээний хөрөнгө мэдүүлэхэд хүн худал хэлж байна гээд итгэхгүй гэдэг шиг хоёр бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ганц ч өнчин ишиггүй байна гэхээр харин итгэмээргүй юм. Хөдөөнийхөн чинь төрийн тэргүүндээ сүргийн дээдээсээ бариад байдаггүй бил үү?

-Юмгүй гэхээр ингээд хүмүүс итгэхгүй байгаа биз дээ. Тэгэхээр мэдүүлгийг маань багасгасныг би зорилготой гэж үзэхэд хүрээд байгаа юм л даа. Төрд 50 гаруй жил ажилласан П.Очирбат худлаа хэлж гэж хүмүүс ойлгоно оо доо. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол орныхоо 21 аймаг, хот мөн 300 гаруй сумаар нэг бус удаа очиж байсан. Төрийн тэргүүнээ яваад очихоор хүмүүс маань ч хонь, малнаасаа бэлэглэнэ. Баян-Өлгийд ч морь мал, Говийнхон хүртэл цагаан тэмээ өгч л байлаа. Тэгэхэд эзэнд нь архи, чихэр бариад морь малд нь хадаг зүүгээд ижил сүрэгт нь тавина шүү дээ. Түүнээс ямар өгсөн юм чинь гээд аваад явна гэх юм биш. Хүндэтгэл ёслолын чанартай л зүйл. Хэдийгээр надад нэрлэж өгсөн ч би аваад ирэхгүйгээс хойш надад ямар ч мал сүрэг байдаггүй юм.

-Та яаж яваад “Энержи Ресурс”-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах болсон юм бэ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

-Би 2010 онд энэ компанийн ТУЗ-д орсон юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албыг хашиж байсан хүн хаана ямар юманд орох гэж байна гэдгээ мэдэж байж л орно шүү дээ. Хуульд харшлах зүйл байгаагүй учраас энэ албанд орсон. Нэгэнт надаас дэлгэрэнгүй ярьж өгөөч гэж байгаа юм чинь би нэлээд дээрээс эхлээд ярьчихъя. Яагаад заавал “Энержи Ресурс” юм, яагаад заавал Таван толгой юм гэж. Би Таван толгойн орд газартай 1966 оноос хойш хөөцөлдөж яваа хүн. Өөрөөр хэлбэл, зарим нэг хүмүүсийг энэ хорвоод мэндлэхээс нь ч өмнө Таван толгойн асуудлыг яриад явж байсан толгой болж таарч байна аа даа. Таван толгой бол миний мэргэжлийн ажил, мэргэжлийн обьект байсан. Сургуулиа төгсөөд Таван толгойд очиж ажиллана гэж боддог байлаа шүү дээ. Ш.Цэвэлмаатайгаа гэрлэх гэж хөөцөлдөж явахдаа “Би сургуулиа төгсөөд уурхайчин болно. Увсын Хар Тарвагатай юм уу, Таван толгойн уурхайд очиж ажиллах байх. Тохилог байр сууц байхгүй цаанаас нь нэг бор гэр л өгөх байх даа” гэхэд “Хувь тавилан тиймээс хойш чадахгүй гээд яах билээ” гэж хүртэл хариулж байсан юм. Тэр үед Таван толгойн орд Үйлдвэр хоршооллын мэдэлд буюу одоогийнхоор хувийн шахуу мэдэлд байх үед бид Аж үйлдвэрийн яамны мэдэлд авахаар хөөцөлдөж байлаа. Тэрэг нүүрсийг тэмээ, малаар солих зэргээр ажил нь явдаг байхад Таван толгойг үйлдвэрлэлийн аргаар олборлоно гээд зөвшөөрөл авахаар Үйлдвэр хоршооллын газрын дарга Дэмчиг гэдэг хүн дээр ороод “Чи ямар сонин залуу вэ. Уурхай байгуулах гэж байгаа бол өөрөө байгуулна биз, хүмүүсийн барьсныг авах гэж байдаг” гээд зад загнуулаад гарч л мэдэлд авахуулахаар буруу л юм хийж явж, би. Тэгээд 1966 оны дөрөвдүгээр сарын 18-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 124 дүгээр тогтоол гарч, үйлдвэрлэлийн аргаар ашиглахаар яамны мэдэлд шилжүүлсэн юм. Тухайн үед намын том бодлогоор аж үйлдвэрийг хөгжүүлэхээр хоршооллын өмчийг бага, багаар төрийн мэдэлд шилжүүлж байсны нэг нь Таван толгой л доо. Хэзээнээс би Таван толгойг Монголын эдийн засагт том байр суурь эзлэх том орд байгаасай гэж хүссээр ирсэн. Миний судалж, үзэж харсан ч их. Үүний төлөө ч ажиллаж ирлээ. 1973 оны арваннэгдүгээр сард ЗХУ-ын Нүүрсний үйлдвэрийн яамны сайд Б.Ф.Братченко манай яамны сайд М.Пэлжээ гуайтай Таван толгойн уурхайд ирэхэд би ордынхоо талаар танилцуулж, давхаргын зузаан энэ тэр гээд нарийн ширийнийг ч тайлбарлаж явсан юм. Бас Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн (ЭЗХТЗ) орнуудад Таван толгойн коксжих нүүрсний ордыг эзэмших боломжийн талаар санал тавьж байлаа.

Одоогийнхоор бол дэлхийд гаргах гээд явж байгаа нь тэр шүү дээ. 1987 онд Улаанбаатарт ЭЗХТЗ-ийн орнуудын гүйцэтгэх хорооны хурал болоход ордынхоо талаар Ю.Цэдэнбал даргаар үг хэлүүлж байлаа. 1988 онд БНАСАУ-ын дарга Ким Ир Сен ирж, Таван толгойн коксжих нүүрсийг хамтран ашиглахаар Монгол, Орос, Солонгосын талууд тохирч байсан юм. Хойд Солонгост металлургийн үйлдвэр сайн, Орост БАМ гээд бужигнаж байсан үе. Орост төмөр замын рейс хэрэгтэй, бид Солонгос руу коксжих нүүрс гаргана. Харин оросууд бидэнд мөнгийг нь өгнө. Ийм гурвалсан гэрээний талаар хүртэл ярьж байлаа. Ким Ир Сений дараа Эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд нь Таван толгойн асуудлыг ярихаар тусгай онгоцоороо хүртэл ирж байв.

-Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнууд ямар хариу өгч байсан юм бэ?

-Бид Болгар, Унгар, Польш, Румын, Чехословак, Герман гээд бүгдэд нь хандахад Румынаас бусад нь оролцох боломжгүй гэж байсан юм. Тэд Монголоос нүүрс авахад дэндүү хол байна. Бараг алтны үнэтэй нүүрс ирэх нь гэж байлаа. Тухайн үедээ дэлхийд гаргах гээд бүтээгүй. Гэхдээ би үүнийг заавал юм болгох ёстой гэж үргэлж оролдож байсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа Ерөнхий сайдаар Н.Энхбаярыг ажиллаж байхад “Монгол алт” гээд үндэсний хөтөлбөр шиг нүүрсээр үндэсний хөтөлбөр гаргах санал Засгийн газарт оруулсан ч шийдэж өгөөгүй юм.

-Таван толгойн лицензийг “BHP” эзэмшиж байгаад буцаагаад өгчихсөн байх аа?

-“BHP” лицензээ буцаагаад өгчихсөн, яах нь тодорхойгүй болсон үе байлаа. Тэр үед Монголын “Майн Инфо” лицензийг нь авсан юм. Тэгэхэд би “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэгчээр үндэсний компаниуд нийлээд үүнийг юм болгоё гээд өдөөж явсан хүн. Өөрөөр хэлбэл, Таван толгойг юм болгох гээд дэлхийгээр эрээд барсангүй, Засагт хандаад хөдөлсөнгүй. Хувийн хэвшлийнхэнтэйгээ нийлээд консорциум байгуулж байлаа. Санаачлагчдад заримдаа ажлаа үүрч гарах үүрэг ногддог. Чанарын судалгаа, нөөц тогтоох урьдчилсан тооцоо энэ тэр гээд ажил аюулын урагшилж байтал 2008 онд улс мэдэлдээ авна гэсэн шүү дээ.

-Тэгээд Ухаа худагийг хувийн хэвшлийнхэнд үлдээсэн...

-Хувийн компаниуд хийнэ гээд явж байхад улс хийнэ гээд 96 хувийг нь төр мэдэлдээ авч, дөрвөн хувийг нь буюу 480 сая тоннын нөөцтэй Ухаа худагийн тасархай хэсгийг нь үлдээсэн. Харин улсад зургаан миллиард хэрийн нөөцтэй үлдсэн.

-Хувь эзэмшиж байсан зарим компаниуд улсад өгөөд, заримыг нь “MCS” нэгтгэж авч байсан санагдаж байна. Танд энэ орд дээр хувьцаа байдаг уу?

-Хувьцаа байсаан. Анхнаас нь үүн дээр явж байсан хүн яаж хоосон явах вэ гээд 100-гаад мянган ам.доллараар хувьцаа худалдаж авсан байсан. Харин сүүлд нь хувийнхан дөрвөн хувь дээр нь үлдэхэд “Тэнгэрийн цаг” компанитайгаа хамт хувьцаануудаа “MCS”-т худалдчихсан юм. Хоёрын хооронд цөөхөн хувьцаагаар яахав гээд худалдчихсан хэрэг. Хадгаламжинд байгаа мөнгө бол энэ хувьцаагаа зараад олсон мөнгө юм шүү дээ. Их мундаг тоо сонстоод байгаа нь хувьцаагаа зарсан доллараа монгол төгрөгөөр шилжүүлээд тэр.

-Нээрээ танд “Тэнгэрийн цаг” гээд компани байсан шүү дээ. Бас ийм нэртэй ном гаргаж байсан. Одоо танд хувийн компани байгаа юу?

-Би “Тэнгэрийн цаг” гээд компанитай, “Тэнгэрийн цаг” гээд номтой нэг хэсэг сүрхий л явлаа. Анх Жаргалантын САА-н тэнд өвс хадаж, Япон руу адууны мах гаргадаг япон бизнесменд өвсөө нийлүүлдэг байв. Сүүлдээ нөгөө япон ч компаниа хаагаад явсан, манай ажил ч тэгээд зогссон доо. “Тэнгэрийн цаг” компаниа би хувьцаатайгаа хамт зарчихсан. Одоо надад ямар ч компани байхгүй.

-Яаж яваад “Энержи Ресурс”-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдов оо гэдэг дээр...

-Надаас илүү Таван толгойн талаар мэдэх хүн үнэндээ байхгүй. Тиймээс энэ залуучууд надад зөвлөж тусалж яваач гэсэн санал тавьсан юм. Олон улсын зах зээлд анх удаа IPO хийж гарсан шүү дээ. Ингэснээр олон улсын компани болчихож байгаа юм. Олон улсын биржийн дүрэм журмын дагуу ТУЗ-д байх есөн хүний гурав нь хараат бус, хөндлөнгийн, гүйцэтгэх эрх мэдэлгүй, хувьцаагүй хүн байх ёстой гэгддэг. Энэ хүмүүс нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахад анхаарч ажилладаг, ашиг сонирхлын зөрчилгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцдоггүй байх ёстой. Тэр хүмүүсийг эндээс ч биш харин гаднаас өндөр шалгуураар шалгаж тодруулдаг. Тэгээд Монголоос манай нэртэй банкир Ж.Үнэнбат бид хоёр, Хонконгийн банкир, эдийн засагч Чан гэдэг хүн шалгарсан. Чухам нарийн шалгуураар, олон улсын шалгуурыг давж гарч ирсэн учраас бас миний хийж буй ажилтай зөрчилдөхгүй учраас би энэ албыг хаших болсон юм. Гэтэл 24 мянган ам.долларын цалин авдаг гээд л шуугиж өглөө.

-Энэ мөнгө чинь жилд нэг удаа л орж ирдэг гэсэн байх аа?

-Тийм ээ. Урамшууллын мөнгө жилдээ нэг орж ирдгийг би ХОМ-тээ дурддаг. Өнгөрсөн 2014 оны урамшууллын мөнгө одоо болтол орж ирээгүй л байгаа. Ер нь хаа, хаанаа эдийн засгийн хувьд амаргүй л байх шиг байгаа юм.

-Каймений аралд бүртгэлтэй гэгддэг нь ямар учиртай юм?

-Олон улсын компаниуд дэлхийд аль хөнгөлөлттэй нөхцөлтэй газруудад бүртгүүлэх боломжийг хайж байдгийг бид мэднэ. Татвар арай бага, нөхцөл нь хөнгөлөлттэй учраас тэгж бүртгүүлсэн болов уу. Гэхдээ “MMC” компани бол Монголын хуулийн этгээд. Монголд татвараа төлдөг компани.

-Таван толгой дээр хувь нь хувийнхаараа, улс нь улсынхаа ажлыг хийгээд явж болохгүй байсан юм уу. Одоо харахад бөөн л талцал, хуваагдал болж харагдах юм...

-Засгийн газраас тендер зарлахад Монгол, Япон, Хятадын хамтарсан консорциум орсон гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Олон улсын дүрэмд харилцан ашигтай байх нөхцөлийг давын өмнө хангасан байх ёстой. Тэр зарчмаар энэ гурван компанийн нэгдэл нэг нэгийгээ нөхөөд тун догь бүрдэл боллоо гэж харагдаж байсан. Таван толгойг овоо том маштабаар 30 сая тонн нүүрс гаргаж борлуулах нь гэхээр би үнэхээр баярлаж байлаа. Япон өөрөө коксжих нүүрс байхгүй, асар том зах зээл. Борлогдох болов уу гэж айх аюулгүй болно. Хятадууд ч дэлхийд том хөрөнгө оруулагч болсон. Энэ уурхайд япон, хятад хүн ажиллахгүй. Монголчууд ажиллана. Зах зээл, хөрөнгө, арилжаа наймаагаа хариуцаад нэг нэгийгээ сайн нөхөх нь гэж бодож байлаа. Баахан яриа хэлцэл болж, арайхийж тохироод нөгөө талаас ч хүмүүс гарын үсгээ зурахаар ирсэн байхад дундаас нь УИХ саад болоод ороод ирсэн шүү дээ.

-УИХ-ын ажлын хэсгийнхэн ашиггүй гэрээ гэж үзээд байгаа юм биш үү?

-Ер нь энэ бол УИХ-д хамаагүй ажил, Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд хийгээд явчих ажил юм шүү дээ. Засгийн газрын шийдэх асуудлыг УИХ татаж аваад батлах эсэх асуудлыг шийднэ гэсэн. Сар гаруйн хугацаа өнгөрлөө. Одоо хаврын чуулганаар амжих юм уу мэдэхгүй юм даа. Ажлын хэсгийг нь харахад бүтэлтэй зүйл болохгүй л харагдаж байна. УИХ ч гэж, УИХ-д байгаа хэдэн гишүүн л энэ ажлыг явуулахгүй байгаа юм. Зүүн хойшоо гарах төмөр замаа Таван толгойн бүрэлдэхүүн хэсэгтээ оруул ингээд шийдвэл эрхийг Засгийн газарт өгье гэж байсан чинь одоо болохоор хойшоо чиглэсэн 1300 км замыг энэ компаниар хийлгэнэ, гуравдагч орны төлөөллийг оруулж ирнэ гэж байгаа дуулдсан. Уг нь Засгийн газар эхлээд оруулсан гэрээнийхээ хэмжээнд ажиллаад дараа дараадаа нөхцөлүүдээ хүлээж авъя гэмээр харагдах юм. Гэвч УИХ-ынхаа амыг дагаад л байх юм. Гөжөөд байлгүй харилцан дундын хувилбараа авч үзмээр байх юм даа. Үнэндээ гадны компаниудтай гэрээ хэлцэл хийхээсээ дотроо бөөн тэмцэл, бөөн наймаа. Их бүдүүлэг яривал бүдүүлэг юм зөндөө байх юм даа. Алаагүй баавгайн арьсыг хувааж авах гээд бөөн юм болж байна. Зарим нэг нь год таарчих гээд сандралдаад л. Үнэндээ тэдний нарийн ухаанд миний молхи ухаан хүрэхгүй юм даа.

-Үнэндээ таны хэлдгээр аль нь ашигтай, аль нь ашиггүй. Хэн үнэн, хэн худал хэлээд байгааг ард түмэн ялгаж байгаа юм алга. Гэхдээ олон нийт энэ дарга нар хоорондоо ойлголцохгүй байна гэдгийг мэдээд байна. Та ч бас төрийн өндөр дээд албыг хашиж байсан хүн. Таны ажиллаж байсан үеэс арга барил өөр болж уу?

-Газар тэнгэр шиг ялгаатай. Намайг Ерөнхийлөгчөөр Д.Бямбасүрэн, П.Жасрайг Ерөнхий сайдаар, Н.Багабандийг УИХ-ын даргаар ажиллаж байсан үеийнхээс тэс өөр байна. Тэр үед аль нэгээс хувь хүртэх хувийн ашиг сонирхол байгаагүй. Сүүлийн үед гарч ирээд байгаа хамгийн бузар зүйл энэ. Асар их хэмжээний мөнгө зарж, албан тушаалыг арилждаг ийм бузар үе байгаагүй юм. Одоо хувийн сонирхолгүй гишүүд гэж алга болж дээ. Шударга үнэний төлөө яваа гишүүд цөөхөн л байна. Дээдэс юу хийгээд байгаа юм бол бас л сонирхлын зөрчил байна уу, ямар нөлөөнд автаад ингээд байдаг юм, би мэдэхгүй байна.

Ямартай ч Монголын ардчиллын нэр хүндэд, эдийн засгийн ардчилалд аюул болох зүйлийг одоогийн төр засаг, намууд хийж байна. Энэ маягаараа бол Монгол Улс хөгжихгүй.УИХ эдийн засгийн ардчиллыг саатуулж байна, сааруулж байна. Таван толгой, Оюутолгойг цаг алдалгүй эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монголд нэн чухал шаардлагатай байна. Үүнийг батлалгүй хурд хүчийг нь сааруулбал алдсан цаг бүр нь дандаа мөнгө. Энэ бол нэмэгдэж байгаа биш хорогдож байгаа мөнгө. Үүнийг хэн ингээд байна вэ. Ард түмэн биш. Шийдвэр гаргагчид тэгж байна. Шийдвэр гаргагчид гэж УИХ шүү дээ.

-Та өөрөө энэ компанийн ТУЗ-д байдаг болохоороо тэр талаас нь хараад байгаа юм биш үү. Таныг тэгж хардах үндэс байна л даа?

-Монголчууд эх орондоо хайртай.Эх орондоо хайртай гэж баатар болох гэсэн хүмүүс олон байна. Харин би ийм маягаар баатар болохгүй. Би бол ардчиллыг эхлэхэд төр тэргүүлж байсан хүн. Дайн дажин, аллага хядлагагүй ардчилсан тогтолцоо руу шилжих үед төрийн тэргүүн байсан гэдгээрээ үлдэнэ. Би тийм үед төр тэргүүлж байсан хүнийхээ хувьд Монголын эдийн засгийн ардчилал улс төрийн ардчилалтайгаа зэрэгцэж яваасай гэж хүсдэг. Монголчууд бид УИХ-аа, Ерөнхийлөгчөө зургаа, зургаан удаа ардчилсан сонгуулиар тодруулчихлаа. Зохих түвшинд амжилттай явж байна. Үүнтэйгээ адил эдийн засгийн ардчилал хөгжөөсэй гэж боддог хүн. Зах зээлийн зонхилох үүргийг хувийн хэвшил нь үүрээд явдаг. Манайд ч ДНБ-ий 80 хувь нь хувийн хэвшлийнхээс бүрддэг байлаа. Харин сүүлийн үед төрийн өмчийг түлхүү хөгжүүлж, хувийнхнаасаа булааж авах гэдэг болов. Эдийн засагт төрийг хүчтэй болгож, төрийн байгууллагыг хувийнхтай өрсөлдүүлдэг болгож байгаа нь буруу юм шүү. Эрх мэдэл нь байгаа төрийнхтэй яаж өрсөлдөж босч ирэх вэ дээ. Би эдийн засгийн ардчиллыг улс төрийн ардчилалтайгаа эн тэнцүү яваасай гэдэг хүний хувьд энэ хоёр толгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал гэж үздэг. Тэр ч үүднээсээ асуудалд хандаж байна. Насаараа Таван толгойн төлөө зүтгэж ирсэн хүнд бухимдах юм гарах юм аа. Би УИХ-ын даргыг зэмлэж шүүмжилсэн. Гэвч хүмүүст таалагдаагүй. Тавин жил үүний төлөө зүтгэсэн хүнийг бухимдаж байна гэж харахын оронд надаас өө эрж, шалтаг хайх болсон. Миний ТУЗ-ийн гишүүний ажил ч дуусна, Цэцийн гишүүний ажил ч дуусна. Надад ажлаасаа салж чадахгүй байгаа юм байхгүй. Харин Монгол оронд хэрэг болох том төслүүдийн төлөө бол би үгээ хэлнэ ээ. Намайг өөрийнхөө төлөө явж байна уу, улс орныхоо төлөө явж байна уу гэдгийг хүмүүс салгаж ялгах байх аа.

-Танаас нэг зүйл заавал асуумаар байна. Монголчуудын анхны Ерөнхийлөгчдөө бариад өгсөн байшинг хувийн компанид зарж, тэр хөөрхөн байшинг үгүй хийсэн гээд хүмүүс танд дурамжхан байгаа. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ард түмний хөрөнгөөс 50 сая төгрөг өгч, хувийн орон сууцтай бол гэсэн. Тэгэхэд тэр хөөрхөн хоёр давхар байшингаа бариулсан юм. Үнэндээ мөнгө маань байшингийн 30 орчим хувь болсон. Өөрсдөө, үр хүүхэд маань нэмэрлээд тэр байшингаа бариад бид амьдрах болсон. Үнэндээ, өнчин байшин сантехник, халаалт, дулаалгаас эхлээд амаргүй гэдгийг хүмүүс ойлгох байх аа. Хөдөө гадаа яваад ирэхээр хагарчихсан байхаас эхлээд хоёр хөгшинд ажиллагаа ихтэй. Гэхдээ бид ард түмнийхээ буян хишиг болж ирсэн байшиндаа 13 жил амьдарсан. Ингээд байж байтал “MCS” надад санал тавьсан юм. Сайхан өндөр байшин барья, та тэгээд тэр байшинд орвол яаж байна гэсэн. Би хашаа байшингаа, газартай нь өгнө, тэд надад хариуд нь байр өгнө гээд нэг ёсондоо бартер хийхээр тохирсон. Ийм л юм болсон. Манай газар Шангрилагийн нэг зах нь болж, сайхан байшин босох юм байна. Хотод маань тийм том цогцолбор, бүтээн байгуулалт босох гэж байхад үгүй гэж хэлж болохгүй биз дээ.

-Яг хэр том байр авахаар тохирсон юм бэ. Хотын төвийн газар үнэтэй байж таарна...

-Надад нуугаад байх зүйл алга аа. Би хамт өтөлж яваа гурван дүү, хоёр охин буюу хүргэддээ, тэгээд хоёр охины маань хоёр, хоёр нийт дөрвөн зээдээ тэгээд хөгшин бид хоёр гээд арван айлын байр, арван машины гарааж, мөн өөртөө оффислоод суух үйлчилгээний багахан талбай авна гэж гэрээ хийсэн. Тэгээд хашаа байшингаа 760-770 сая төгрөгөөр үнэлсэн юм. Нас дал гараад ирэхээр юм юм л бодогддог юм байна. Төрийн ажил гээд хүүхдүүдээ өглөө унтаж байхад нь гараад унтсан хойно л ирдэг байлаа. Үр хүүхдэдээ төрийн буян хишгээс хүртээе, ард түмний буянг тэд маань ч эдэлж, талархаж яваг гэж бодсон юм. Өтлөхийн цагт үр хүүхэд, зээ, дүү нартайгаа ойрхон байхыг хэн хүнгүй л боддог юм билээ. Түүнээс төрийнхөө буянг зарж үрсэн юм биш, харин ард түмнийхээ хайрласан хишгийг илүү түгээж, эвтэй тохитой болгож ашиглаж байна гэж бодоход болно. Үнэн нь гэвэл ийм. Нөгөө талаас хууль эрх зүйн үүднээс бол энэ миний хувийн өмч. Зарна уу, байна уу миний хэрэг болж таарна аа даа.

-Таны охиныг Оюутолгойд ажилладаг гээд бичсэн байсан. Одоо тэндээ юу?

-Миний хоёр охин нэг нь Москвад инженер эдийн засагч, нөгөө нь Бээжинд Ардын их сургуулийг бизнесийн эрх зүйгээр төгссөн. Том охин Гадаад харилцааны яаманд Оросын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Москва дахь ЭСЯ-нд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад одоо ирж байгаа. Бага охин маань англи, хятад, орос хэлтэй. Хувийн компаниудад эдийн засаг, санхүү эрхэлсэн орлогч захирал энэ тэр гээд ажил эрхлээд явж байна. Оюутолгойд ажиллаж байсан, одоо ажилладаггүй. Уг нь миний хүүхдүүд хаана, ямар ажил эрхлэх нь хэнд хамаатай билээ. Гэвч ааваас нь болоод бас хэл аманд оруулах л юм даа.

-Бас таныг хуульч мэргэжилгүй, уул уурхайн хүн байж Үндсэн хуулийн Цэцэд ажилладаг гэлцдэг. Цэцийн гишүүн заавал хуульч байх ёстой байдаг уу?

-Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн хоёрдугаарт Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно гэсэн байдаг. Би хуульч биш ч улс төрийн мэргэшилтэй гэдэг утгаараа Цэцийн гишүүн болсон хүн. Би Үндсэн хуулийг боловсруулах комиссын дарга байсан. Нэг утгаараа 1990 оноос хуулиа батлуулаад 2004 оноос сахиулахаар суусан хүн юм. Надтай холбоотой хэвлэл дээр бичсэн зүйлүүдийг асууж байх шиг байна. Тэр зөв өө. Хуулийнхаа учрыг мэдэхгүй хүмүүсийг яах ч билээ дээ. Гэхдээ хүмүүст зөв мэдээлэл өгөхөд хэрэгтэй. Бас нэг нь Таван толгойг бичээгүй байж, Оюутолгойн номыг бичсэн гэж буруутгасан байна лээ. Үнэ төлбөргүй ном бичээгүй байлгүй гээд. Би “Оюу толгой: Эрт, эдүгээ, ирээдүй” гэдэг номоо 2010 онд бичсэн. Үүнийгээ бас гадуур борлуулж байсан. “Таван толгой: Өчигдөр, өнөөдөр, маргааш” номоо бүр 2006 онд гаргаж байсан. Бүгдийг эхнээс нь мэдэх хүний хувьд би бичихгүй, хэн бичих юм. Тэгээд ч энэ том төслүүдээ явуулж байж, эдийн засгийн ардчиллыг хөгжүүлнэ гэж үздэг хүн шүү дээ.

-Сүүлийн үед өрнөж буй үйл явдлын талаар танаас асуухгүй өнгөрч боломгүй байна. АН, МАН хамтарч Засгийн газрыг байгуулж байсан нь саяхан. АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ыг засгаас гаргах шийдвэр гаргачихлаа. Одоо “Шийдлийн Засгийн газар” тарахаар болж байх шиг байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Маш буруу. Хоёр намын хоорондын зөрчил явж, явж Монголын ардчиллыг аюулд хүргэж байгаа юм. Тэдний энэхүү үл ойлголцлын үнэ цэн Монголын ардчиллаар төлөгдөж болохгүй. Үүнийгээ ойлгож, улс эх орон, Монголын ард түмний эрх ашгийг бодож энэ хоёр нам цадиггүй үйлдлээ зогсоох хэрэгтэй байна. Сайн ч, муу ч энэ хоёр том нам алдаан дээрээ суралцаад явж болох байтал ингэж зөрчилдвөл ард түмэн итгэхээ байж, өөр хүчинд найдах болно. Гэвч Монголд байгаа гуравдагч хүчин нь популизм ярьсан, ардчиллын эсрэг, гадны хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн зүйлс яриад сууж байдаг. Хэрэв тийм байдал даамжирвал дэлхий биднийг тоохоо байж, бид дэлхийн хөдөлмөрийн хуваарийн гадна үлдсэн зожиг орон болж хувирна шүү дээ.

2015.07.08


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив