Дорнын сувдын айлчлалыг зураглахуйд...
2015 оны 5 сарын 22 [Уншсан тоо: 61117]



Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монголд ирж, хоёр өдрийн айлчлал хийгээд буцлаа. Ирж л байдаг, явж л байдаг албан ёсны айлчлал мэт боловч арай л өөр сэтгэгдэл төрүүлээд буцлаа, эрхэм Моди. Учир нь энэ айлчлалаас сэтгэл үнэртэж, хүндэтгэл мэдрэгдэж бас багагүй бэлдэж, базаасан нь харагдаж байгаа юм. УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцохдоо хэлсэн үг, айлчлалын хүрээнд хийгдсэн ажлууд, хандлага сэлтийг нь хамтдаа ажиглан зураглал гаргах гээд үзье. Тэрбээр Монголд ирэхээсээ өмнө монголчуудад хандан бидний хэлээр мэндчилгээний сайхан үгсийг олон нийтийн сүлжээн дэх өөрийнхөө хаягаас бичиж эхэлсэн. Тэрбээр монголоор жиргэж, өөрийн фэйсбүүк дээрээ “Ардчилал, буддизм маань оюун санааны хамтрагч Монголтой биднийг холбоно” хэмээн бичсэн нь учиртай байлаа.

Эрхэм Ерөнхий сайд Нарендра Моди Монголд ирээд УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс бидэнд хандаж, тэр дундаа дэлхийд хандаж хэлсэн үгс нь анхаарал татахаас аргагүй байгаа юм. Тэрбээр “Аугаа үндэстний эх орон үзэсгэлэн төгөлдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байна” гээд “Нэг үед эрэлхэг зоригоор тэргүүлж байсан үндэстэн бол Монгол Улс” гэдгийг сануулж өгсөн юм. Сүүлийн үед дэлхийн хүчирхэг удирдагчдын нэгийн тоонд зүй ёсоор орж буй энэ эрхэм барууныханд хандаж Ази тив ямар хүчтэй, ямар дийлдэшгүй болж байгааг хэлэхийг хүсчээ. Гэхдээ энэ үгээ аугаа үндэстний өлгий Монголын газар шороон дээрээс хэлэхээр төлөвлөсөн байна. Эртний мэргэн ухаан, залуулаг эрч хүчний өлгий нутаг болсон Ази тив олон жилийн турш дэлхийд их зүйл өгсөөр ирсэн гэж анхааруулсан ньсанамсаргүй хэлсэн үг биш байж таарна. Ирж буй он цагууд Ази тивийнх болж байгааг тунхагласан дорнын нэгэн улстөрчийн үг Монголоос даян дэлхийд цуурайтсанаараа манай улсыг ч анхаарлын төвд аваачлаа. Магадгүй түүний энэ алхам нь айлчлалынхаа үеэр амласан нэг тэрбум ам.долларын зээлийн эрхээс ч үнэ цэнтэй юм.

Ерөнхий сайд Моди мөнхүү айлчлалаараа манай хоёр улс оюун санааны хөршүүд гэдгийг улам бүр батлав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болчихоод хамгийн анхны айлчлалаа урд хойд хөршүүд биш, АНУ, Япон ч биш харин Энэтхэгээс эхэлж байв. Үүнийгээ эртний уламжлалт, оюун санааны хөршөөсөө анхны айлчлалаа эхэллээ хэмээн тайлбарлаж байсан билээ. Н.Моди ч хэлсэн үгэндээ “Миний бие оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхдийн тань халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ. Оюун санааны хөрш байхаас илүү хүний харилцааны эрхэм дээд хэлбэр гэж үгүй ээ, мөн үүнээс илүү ариун хэлхээ холбоо ч үгүй билээ. Биднийг оюун бодолдоо тийнхүү тээж явдагт тань энэтхэгчүүд бид та бүхэнд нэн хүндэтгэлтэй байдаг” гэж оюун санааны хөрш гэдгээ албан ёсоор тайлбарласан. Тэгэхээр оюун санааны хөрш гэдэг ойлголт нь улс орнуудын хамгийн дээд харилцааны хэлбэр ажээ. Бид энэтхэгчүүдийг азарчууд хэмээцгээж, соёл уламжлал нь шашин гэлтгүй олон салбарт тархан нэвтэрцгээсэн хүмүүс. Монгол, Энэтхэг хоёр улс уламжлалт харилцаа, сэтгэлд ойр, өег бодролтой явж ирцгээсэн нь эртний оюун санаа, сэтгэл зүрхээрээ холбоотой байсных гэдгийг энэ удаагийн айлчлал ямар нэг байдлаар баталж өглөө.

Тэгээд ч оюун санааны хөрш гэдэг нь зөвхөн бурхан шашны бус эрдэм мэдлэг, гүн ухаан, олон веда нь тархан нэвтэрсэн түүхийг хэлэх буй за. Мөн Энэтхэгтээ байхгүй болсон олон ном судар Монголд байдаг гээд эртний харилцан шүтэлцсэн тэрхүү харилцааг хэлээд байгаа хэрэг л дээ.

Энэтхэгээс өндөр дээд албаны хүмүүс айлчилдаг байсан ч анх удаа Ерөнхий сайдын түвшинд айлчлал хийлээ. Англи маягийн тогтолцоотой Энэтхэгийн хувьд Ерөнхий сайд хамгийн эрх мэдэлтэй нь. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч байлаа ч Ерөнхий сайдын хүсэлтийг батламжлахаас буцаах эрхгүй, парламент нь нэг удаа буцаахаас хоёр дахь удаад хүлээн авахаас аргагүй тогтолцоотой. Энэ бүгдийг ямар анзааны айлчлал болсныг сануулах гэсэндээ нуршлаа.

Ерөнхий сайд Нарендра Моди айлчлалынхаа хүрээнд Монголд хавдар эмчлэхэд туслах бхабхатрон хэмээх багажийг гардуулж өгсөн. Энэ тухайгаа “Энэ бол бидний иргэний чиглэл дэх цөмийн хамтын ажиллагааны анхных нь болно” гэсэн нь яах аргагүй учиртай үг. Эмнэлэгт тусламж өгөх гэж байгаа бол элчин сайдаараа ч өгүүлчихэж болох л байсан. Харин өөрөө ийн хэлж, гардуулж байгаа нь бидний амласан хэлэлцээрийг сануулж байгаа хэрэг юм. Энэтхэг улсад ураны хэрэгцээ их байгаа. Цөмийн туршилт, үйлдвэрлэлд ч ашигладаг. Бид энэ чиглэлд хамтран ажиллахаар ярилцсан ч гэсэн урагшлуулсан зүйл байхгүй, бахь байдгаараа байгаа учраас тэд түргэвчлүүлэхийг хүсчээ. Гэхдээ маш боловсон, дипломат аргаар. Бид хэлэлцээгээ санаад биелүүлээд байгаа шүү, харин та нар маань яаж байна гэж байгаа хэрэг л дээ. Тийм ч учраас цөмийн энергиэр ажиллах багаж хэрэгсэл өгч байгаа нь энэ. Хоёр улс энэ чиглэлд яриа хэлэлцээр хийсний дараа Энэтхэгийн ураны нэг компани орж ирсэн ч удалгүй буцсан дуулдсан. Бодвол манайхан залхааснаас буцаа биз дээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Моди аутсорсингийн төвийн шав тавих арга хэмжээнд оролцсон. Дэлхийд мэдээллийн технологиор Энэтхэг тасарчихсан орнуудын нэг болсон. Софтоор мөнгө хийж чадсан шиг нь араас нь зүтгэе гэсэн бодол бидэнд бий. Тэр ч утгаараа 2001 оны нэгдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч Н.Багабанди Энэтхэгт айлчлахдаа мэдээллийн технологийн гол төв болсон Банглорт газардаж байсан гэдэг билээ. Гэртээ сууж байгаад гадны зах зээлээс мөнгө олж авчрах томоохон салбар бол энэ яах аргагүй мөн. Тиймээс бид энэ тал дээр тэднээс суралцахаас аргагүй. Мөн уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний салбарт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэтхэг маш сайн эм болон эмчилгээ хийж байгаа. Тэр нь үнийн хувьд зах зээлийн ханшаас хямд гэдгээрээ ялгардаг улс. Төрөлх англи хэлтэй, толгой сайтай залуус энэ салбарыг ингэж хөгжүүлж чаджээ. Дээрээс нь уламжлалт аюурвед гээд янз бүрийн ведийн ухаан нь гайхалтай. Энэтхэгийн анагаах ухааны амжилт сүүлийн үед гойд яригдаж байгаа. Боломжийн үнэтэй, дээд зэргийн үйлчилгээ үзүүлдэг энэ айлтай тус чиглэлд ойртох нь манайханд ямар чухлыг нурших хэрэггүй биз ээ.

Энэ айлчлалын үеэр иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэлд шилжиж байгааг зарласныгхэлэх хэрэгтэй. Манай улсын хувьд хоёр хөрш, Япон зэрэг ойрхны орнуудтай стратегийн түншлэлд хүрч байснаас өөр улсуудтай үгүй. Мөн энэ айлчлалын үеэр дурдагдаж байсан олон улсын тавцанд харилцан нэгнээ дэмжиж ирсэн түүхийг бид мартах учиргүй юм. Монголчууд НҮБ-ын гишүүн улс болох гээд хэрдээ л зүтгэж байсан цаг. ЗХУ болон бусад социалист орон дэмжих ч Хятад, Чан Кайшийн Тайвань үүний эсрэг. Хятадын нөлөөллөөр АНУ, Англи зэрэг том гүрнүүд ч дэмжихгүй. Энэ үед Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неру НҮБ-ын индрээс “Монгол Улсыг яагаад гишүүнээр элсүүлдэггүй юм бэ. Энэ орон НҮБ-ын ямар дүрэм журмыг зөрчсөн юм бэ. Улс орноо хөгжүүлнэ гэсэн жирийн ард түмэн л энэ оронд байгаа шүү дээ. Яагаад татгалзаад байгааг ойлгохгүй юм. Энэ шударга орныг НҮБ-ын гишүүнээр элсүүлэн авахыг би хүсч байна” хэмээн хэлсэн гэдэг. Социалист бус орны удирдагч ингэж хэлэх нь гишүүнээр элсч, тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж ядаж байсан Монголд хичнээн том тулх болж байсныг хэлүүлэлтгүй болов уу. Аяганы хариу өдөртөө гэж ярьдаг монголчууд бид ч байнгын бус гишүүнээр өрсөлдөх эрхээсээ татгалзаад Энэтхэгт найр тавьж байсан удаа бий. Бас Аюулгүй зөвлөлийн таван улсын тоог нэмэх талаар яригдаж буй энэ үед асуудал шийдэгдвэл Энэтхэгийг дэмжихээ илэрхийлчихээд байгаа улс.

Мөн эрхэм Нарендра Моди Монголд хийж буй айлчлалаа хоёр баярыг тохиолдуулан ирсэн хэмээсэн нь учиртай. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулахаас гадна Монголд ардчилал үүсч хөгжсөний 25 жилийн ойг тэрбээр онцолж байна. Учир нь энэтхэгчүүд олон шашин, олон үндэстэн, улс төрийн олон намтай, ардчилсан нийгэмд хамгийн олон хүн амьдарч байгаа дэлхийн цорын ганц улс хэмээн онцлох дуртай. Тэр ч утгаараа Азийн элгэнд ардчилал ардчиллаа эрж, айлчилсан нь энэ буюу. “Оюун санаа нэгтэй танай орноос би маш өндөр сэтгэгдэлтэй буцаж байна. Өөрийн гүн талархлыг Монголын ард түмэнд хүргэе” хэмээн тэр жиргээд хүлгийн жолоо залсан байна лээ. Моди гэдэг нь сувд гэсэн утгатай гэдэг. Дорнын сувд, дэлхийн сувд болсон эрхэм Моди гуай, та ч бидэнд гүн сэтгэгдэл төрүүллээ. Энэтхэгийн ард түмэнд монголчууд бидний мэндийг хүргээрэй.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив