Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Зарим намууд тойргоо хувааж, зарим нь “мөлхөө”-гөө эхэлжээ
2015 оны 4 сарын 27 [Уншсан тоо: 39067]

Нэг сонгуулийн мөчлөг дуусаад “Дараагийн наадам хол байна даа, хол байна” гэж байдаг ч дараагийн дөрвөн жил нь нэг мэдэхэд ирчихдэг. Тэр л зарчмаар эдийн засгийн хямрал, тэр нам, энэ нам гэж ярьсаар байтал сонгууль хаяанд ирлээ. Улс төрийн намууд ч сонгуулийн ажлаа хэдийнэ эхэлчихжээ. Зарим нь бүр тойргуудаа эхний байдлаар хуваарилж аваад ажилдаа орсон гэх. Нөгөөдүүл нь ч мөлхөө аргаараа мөлхөөд эхэлнэ ээ гэсээр хөдөө орон нутагт хэдийнэ ажилдаа оржээ. Харин эрх баригч намын хувьд яах нь тодорхойгүй бүрхэг байгаа талаар дуулдах. Сонгуулийн буухиагаа эхлүүлж байгаа намуудын талаар, хэн аль тойрогт санаатай бэлдэж байгаа талаар эхний хувилбаруудыг хүргэж байна. Мэдээж сонгуулийн тухай хуулинд хэрхэн өөрчлөлт оруулах, тойргуудыг жижигсгэх эсэхээс шалтгаалаад өөрчлөлт орох ч УИХ-д нэр дэвшигчид тодрохоос жилийн өмнөх байдлаар дараахь нэрс сонстож байна.

МАХН

МАХН-ын удирдах албан тушаалтнууд хөдөө орон нутгаар сонгуулийн ажлаа хэдийнэ эхэлжээ. Тэдний хувьд харьд байгаа даргынхаа нэрээр суудлынхаа тоог өсгөж чадна гэдэгтээ нэлээд итгэлтэй байгаа сурагтай. Болж өгвөл сонгуулийн өмнө аваад ирвэл “тас шүү дээ” хэмээн өөр хоорондоо ярьж байна. Тэдний төлөвлөгөөгөөр намын дарга Н.Энхбаярыг ирвэл хөдөө орон нутгаар нэг тойроход рейтинг суга өсөх аж. Монголчуудын өрөвдөх сэтгэлгээн дээр тэдний тактик амжилттай болох магадлалтай. Гэхдээ МАХН-ын хувьд боловсон хүчин цөөн, танигдсан хүмүүс багатай учир тухайлсан газруудад хүмүүсээ нэр дэвшүүлээд намынхаа нэрээр суудал авах дээр ихээхэн хүч тавих талтай. Тойргийг жижиг болгоно гэж үзэж байгаа тул О.Баасанхүү, Г.Баянсэлэнгэ нар Чингэлтэй дүүрэгт өрсөлдөхөөр бэлдэж байгаа гэсэн. Г.Баянсэлэнгийн хувьд хороонуудаараа ороод ажилдаа хэдийнэ оржээ. Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдож ирсэн Д.Тэрбишдагвын хувьд төрсөн нутаг Архангайдаа үзээд алдах сурагтай. Харин ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Өвөрхангайдаа өрсөлдөх ажээ. Тэрбээр 2008 онд одоогийн МАН-аас тус тойрогт өрсөлдөж байсан билээ. МАН, МАХН эвссэн тохиолдолд МҮАН нөгөө талд нэгдэх магадлалтай тул хамтарсан хувилбараар төдийлөн сонстохгүй байгаа ажээ.

МАН

МАН-ынхан нэлээд дээхнээс тойргоо хувааж, зарим нь ажлаа хэдийнэ эхэлжээ. Дуучдаа аваад орон нутагт очсон хүн ч байна. Ирэх 2016 оны сонгуульд МАН-ын баримталж байгаа бодлого нь Монголын төрд байх ёстой хал үзэж, хашир суусан улстөрчдөө жагсаалтаар оруулахаас гадна аль болох танигдсан залуучуудыг оруулж ирье гэсэн бодлоготой болжээ. Намын удирдлагуудаас хүмүүстэйгээ уулзаж, тойргуудыг нь хуваарилсан гэх бөгөөд ажилдаа ороод явж байгаа хүмүүс ч байгаа гэнэ. Тэдний хувьд сая сайд болсон тэр дундаа дэд сайд нараар томилогдож ажиллаж байгаа хүмүүсийг дэвшүүлэх хэтийн бодлоготой томилгоог хийсэн аж. Тухайлбал, ХАА-ийн дэд сайд Б.Батзориг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, ГХ-ийн дэд сайд Н.Оюундарь нар дэвших нь тодорхой байгаа гэнэ. Б.Мөнхбаатар, Б.Батзориг нарын хувьд даргаар нь ажиллаж байсан БЗД-тээ нэр дэвших аж. Тэдний хувьд 2012 онд тус дүүрэгт нэр дэвшиж байсан улсууд. Н.Оюундарийн хувьд Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай Сэлэнгэ аймагт ажиллаад эхэлжээ. Мөн дэд сайд нараас Б.Ганзоригийн хүү Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн Архангай аймагт өрсөлдөх нь тодорхой байгаа. Баянгол дүүрэгт дүүргийн засаг дарга асан Л.Амгалангаас өөр танигдсан хүн байхгүй хэмээн тооцоолж байгаа бол тус дүүргээс ИТХ-д олон жил суусан “Оргил” худалдааны төвийн эзэн Ж.Ганбаатар ирэх жил зэрэг дэвшиж УИХ-д өрсөлдөх бололтой. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг дүүрэгт нь, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарыг Сүхбаатарт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Хөвсгөлд, Н.Номтойбаярыг Дорнодод гээд 2012 оны сонгуульд өрсөлдөж байсан газруудад нь ч хүмүүсээ хуваарилжээ. Харвард төгсөөд удахгүй ирэх Л.Оюун-Эрдэнийг Хэнтийд өрсөлдүүлнэ гэдэг дээр хэдийнэ тохирсон аж. СХД-ийн хувьд хэл ам болсны эцэст Л.Эрхэмбаяр нэрээ татсанаар УИХ-ын гишүүн болох эрх нь нээгдэж байсан Д.Сумьяабазар нэр дэвших нь тодорхой бөгөөд мань хүн ч сүүлийн үед газрыг үнэд хүргэх талаар сонгогчдодоо таалагдах ажлаа эхэлж, ҮХЦ-д хүртэл өргөдөл гаргачихсан яваа. МАН-ын хувьд залуучуудаа дэмжинэ гэдэг дээр бодлогын түвшинд тохирчихсон ажээ.

АН

Эрх баригч энэ намын хувьд сонгуульд хэрхэн яаж оролцох нь одоог болтол тодорхойгүй л байна. Бусад намууд хэн хаана өрсөлдөхөө тодорхой болгочихоод бүр ажлаа эхэлчихээд явж байхад АН-ынхан бүх зүйл бүрхэг байгаад гишүүд нь ихээхэн бухимдалтай байгаа юм. Гэхдээ эрх барьж байгаа энэ намынхан төр засгийн өдөр тутмын ажлаасаа давахгүй, эдийн засгийн хямралдаа дарагдаад юун сонгууль манатай болчихоод байж магад. АН-ын дарга З.Энхболд сар гаруйн өмнөөс сонгуульд нэр дэвших магадлалтай, санал бодолтой байгаа хүмүүсийг нэгбүрчлэн хүлээн авч байгаа талаар хэвлэлээр бичигдэж байсан. Тэр үедээ боломжгүйд нь боломжгүй гэж, бас фракц харгалзахгүй дэмжинэ гэдгээ суудал зулгаагаад ирэх магадлалтай хүмүүстээ илэрхийлсэн гэх. Түүний фракцгүй нам болох талаарх санаачилгыг олон нийт талархалтай хүлээж аваад байгаа. Фракцийн тогтолцоогоор аливаа асуудлыг шийдэж ирсэн, энэ хэлбэр нь намыг, төрийн тогтолцоог хямралд хүргэчихээд байгааг нь харж байгаа хүмүүс үүнд нь талархахаас аргагүй. Гэхдээ намын гишүүд нь одоогоор хэрхэн фракциас ангид байхыг төсөөлж чадахгүй байгаа гэсэн. Харин сэхээрэлтэй зарим нэг нь фракцид ноёлуулсан АН-ын хувьд аврал хэмээж байгаа юм билээ. АН-ын дарга З.Энхболд эхний шатанд УИХ-ын гишүүдээ болон өмнө нь гишүүн байсан, хариуцлагатай алба хашиж ирсэн туршлагатай хүмүүсээ нэр дэвшүүлэх бодлого баримтална гэдгээ юуны өмнө тодорхойлсон. Гэхдээ АН-ын хувьд нэр дэвшигчид анхан шатны байгууллагаасаа олонхийн дэмжлэг авч гарч ирэх ёстой байдаг. 2008 оны сонгуульд УИХ-ын гишүүдээс К.Сайраан Баян-Өлгий, Р.Эрдэнэбүрэн Дундговийн анхан шатны намын байгууллагаас нэр нь гарч чадалгүй дэвшихгүй үлдэж байсан удаатай. Гэхдээ сүүл толгойгоо дагахгүй яахав гэгчээр намын бодлого байж л таарна. З.Энхболд дарга нэр дэвшигчдийг тодруулахдаа фракц харгалзахгүй, чадалтай чансаатай хүмүүсээ дэмжинэ гэсэн нь сайн хэрэг. Тэгэхгүй бол АН-ын хувьд ирэх сонгууль хатуу самар болох нь тодорхой байгаа. Өмнөх сонгуулиар жагсаалтад орсон хүмүүс бүгд тойрогт нэр дэвших бөгөөд нэр цэвэр, төрийн алба хашиж байсан туршлагатай залуучуудыг олноор оруулж ирэх байр суурьтай байгаа гэнэ. Энэ дунд Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулган, БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсан Б.Ургамалцэцэг нар яригдаж байгаа ажээ. Үнэндээ суудал авч чадах хэн бэ гэдгийг бодохоос аргагүй. Энэ хувилбараар яригдвал Булганд олимпийн аварга Н.Түвшинбаяр ч дэвших хувилбар байж болох гэнэ. Гэхдээ нэг аюул байгаа нь АН-ын хуучцуул өрсөлдөөнөө өөрсдөөрөө дуусгахгүй хуучин тойрогтоо нэг, нэг залуугийн нэрийг санал болгож, тэднийгээ хооронд нь алалцуулж юу ч биш болгох зовлон байгаа юм. Ямартай ч бусад намууд нь хэдийнэ тойргоо хувааж, мөлхөө ажиллагаагаа эхэлсэн байхад АН дөнгөж яриа хэлэлцээний түвшинд л явна.

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив