Малтай байсан бол Сибирийг цатгах байлаа
2015 оны 4 сарын 2 [Уншсан тоо: 36855]



Нээрээ, малтай байсан бол Оросыг үгүй юм гэхэд Сибирийг цатгах байсан юм. Өмнөх жил нь 45 сая, өнгөрсөн арванхоёрдугаар сард 52 сая толгой мал тоолуулсан монгол хүн байж ийм утгагүй зүйл яриад гэх хүмүүс гарч магад юм. Үнэндээ, бид 52 сая толгой малаасаа жилд 8-9 сая толгой малыг нь хүнсэндээ хэрэглэж, 250 орчим мянган тн мах үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангачихдаг. Гэхдээ мал аж ахуйн орон гэж өөрсдөөрөө сайрхдаг малч монгол үндэстэн бид махаараа хоёр хөрштэйгөө үгүй юм гэхэд, мах гаргаж байсан уламжлалтай Орос руу, энэ гүрний нэгээхэн хэсэгт нь мах гаргаж, наймаа хийж чадахгүй бол ямар хэрэг байхсан билээ. Сүүлийн үед Оросын Сибирийн иргэд махны бараа харахгүй уджээ гэгдэх болов. “Орост махны үнэ тэнгэрт хадаж, шатахууны үнэ навс уналаа” гэсэн яриа бидэнд нэгийг бодогдуулахгүй байна гэж үү. Мэдээж, энэ бүс нутагт хөдөө аж ахуйн тусгай бодлоготой, өөрсдийн хэрэгцээний мах махан бүтээгдэхүүн хийдэг томоохон үйлдвэрүүдтэй. Гэхдээ л махны хэрэгцээ ямагт байсаар. Алс Дорнодынхон Москва орчмын баячууд шиг үнэтэй мах хэрэглэж чадахгүй ч, боломжийн үнээр мах авч идэхийг ямагт хүсч байдаг. Ямартай л, Улаан-Үдийнхэн визгүй зорчоод ирж байгаа монголчуудыг “Яаж ийгээд хэдэн кг мах оруулаад ирэхгүй. Танай махны амт сайхан, авахын тулд бид байгаагаа гүвнэ ш дээ” гээд ярьж байхав. Оросууд өөрсдөө үхэр ихтэй ч гаднаас ихээхэн хэмжээний үхрийн мах импортолж авдаг. Гэхдээ түүнийгээ бүр тив алгасан, Өмнөд Америкаас голдуу авч байна. Бразил, Аргентин, Уругвай тэгээд Австралиас худалдан авч байна. Импортын 90 хувь нь Латин Америк, 3,5 хувь нь Австралиас авдаг гэсэн тоо бий.

Дэргэд нь дутахгүй сайхан амт чанартай, үнэ хямд Монголын зах зээл байхад тэр холоос идэх хоолоо зөөсөөр. Москвагийн дэлгүүрүүдэд кг үхрийн мах бараг 50 ам.доллар хүрсэн гэж дуулдах юм. Өнгөрсөн хавар Австралиас авах үхрийн мах дээр хориг тавьснаас болж кг нь 23 ам.доллар байснаа 45 ам.долларт хүрсэн мэдээлэл явж байсан. Тэгэхээр кг мах бараг 100 мянган төгрөг гэсэн үг шүү дээ. Бидний хувьд махтай, малтай гээд л байдаг. Гадагшаа гаргаж мөнгө олох мах нь ч, мал нь ч үгүй юм даа.

Бидний 50 гаруй сая малын дийлэнх нь бог мал. Бараг 46 сая орчим нь хонь, ямаа. Тэгэхээр бидэнд махны экспортод гаргах мал бараг алга. Тэмээ, адууны мах идэх, идэхгүй улс орнууд их учраас хамгийн таваарлаг мал бол яах аргагүй гагц үхэр болдог. Харин манай үхрийн тоо толгой 3.4 сая. 2013 онд 2.9 сая байснаа бодвол овоо өсчээ. Энэтхэг 200 сая хол давсан үхрээрээ дэлхийд тэргүүлдэг бол, Бразилд 180 сая, Хятадад 100 гаруй сая орчим үхэр бий. Үхрийн махны эскпортоороо АНУ, Бразил, Европын холбоо, Хятад, Аргентин улсууд тэргүүлнэ. Үхрийн махны үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт ордог АНУ-ын Калифорнид хар тарлан үнээнүүд нь хар шоргоолж шиг бэлчиж явдгийг тэнд очсон хүмүүс мэднэ дээ. Улс орон бүр өөр, өөрийн онцлог, арга барилаар энэ бизнесээ тэлж өргөжүүлж ирсэн байдаг. Тэр дундаа Аргентины махны худалдаа, мах боловсруулах уламжлал алдартай. Аргентин үхрийн махаараа орлого олж, үүнийг өөрийн брэнд болгох тал дээр үнэхээр ажиллаж чадсан гүрэн гэгдэж байна. Үнэндээ үхэр бол Латин Америкийн уугуул амьтан ч биш. 1536 онд Испанийн колоничлогчид анх аваачиж, өсгөж үржүүлсэн мал юм билээ. Гэтэл энэ улс үхрийг үржүүлж, махны чиглэлд ажил болгожтавь гаруй сая үхэртэй болж чадсанаар дэлхийн улс гүрнүүдэд энэхүү үхрийн махаа борлуулж мөнгө олж чадаж байна. Харин бид хэдэн зуунаар мал дагаж амьдарсан, мал аж ахуйн орон гээд байдаг мөртлөө хөрш хавийнхандаа зарж борлуулаад мөнгө болгочих үнхэлцэгт чихсэн үхрийн чинээний мах ч байхгүй сууж байх жишээтэй. Нөгөө хүн амын тоондоо харьцуулаад бодохоор хөөр төрүүлээд байдаг тоо томшгүй олон сая малын маань 89 хувь нь хонь, ямаа юм байна. Таваарлаг бус, тоо толгой их учраас хүн хүч, хөдөлмөр хөлс их зарцуулдаг амьтад. Монголд мах, махан бүтээгдэхүүний нөөц их боловч сүргийн бүтцэд маань экспортын чиглэлийн үхэр, адууны тоо бага. Хонь, ямаан дээр дотоодын нөөц их ч үүнийгээ худалдаалах гадаад зах зээлээ олж чадаагүй, гарц нь бусад орны малын махнаас бага. Угаасаа махны чиглэлээр төрөлжсөн үүлдэр угсаа байхгүй гэхэд хилсдэхгүй. Дэлхийн хонь, ямааны тоо 1.7 тэрбум, үхрийн тоо 1.3 тэрбум гэсэн харьцаатай байна. Харин манайд бараг 90 хувь нь бог мал.

Энэ байгаа малаараа бид Алс Дорнодын хязгаарын нэг хотын хүмүүсийн хэрэглээг хангаж чадах уу гэдэг асуудал ч яригдана. Харин үхэртэй бол өөр хэрэг. Махны гарц ихтэй энэ амьтан бэлчээрлэх тал нутаг байвал үржээд байдаг гэлцдэг. Гэтэл манайд чинь сая шатаад сүйд болоод байсан Мэнэнгийн тал, наашлаад Төв аймгийн урдах тал, тэгээд Баянхонгорын тал гээд энд тэндгүй л тал байна. Аргентинчууд гэхэд л мөнгө олж өгөөд байгаа энэ их үхрээ Пампас талдаа өсгөөд авсан байдаг юм шүү дээ. Сибирийн ой тайгад мал бэлчээрлүүлээд, таван хошуу мал үржүүлээд байх боломж муу. Дээрээс нь хүйтэн уур амьсгалд амьдардаг хүмүүс мах идэж, байгалийн шалгарлаараа үлдэх ёстой болж таарна. Тэгэхээр нэгэнт бидэнд зах зээл нь байна. Юун уул уурхай, гадны хөрөнгө оруулалтыг хүлээж суух. Харин ч бид зах зээлээ мэдэрч, энэ чиглэлд ажиллаж эхэлбэл боломж их байна. Хөрш зэргэлдээ улс орнууд, айл өрхүүд хажуу хавийнхаа нөхрийн юу байхгүй, юунд дуртайг мэдэж түүнийг нь хийж зарж мөнгө олдог энгийн наймааны зарчим байдаг. Маниас бусад үүнийг мэдчихээд хэдэн зуун жилээр толгойгоо гашилгаж, хөлсөө урсгаж одоо түүгээрээ мөнгө олж байхад монголчууд бид л үүнийг бодолцохгүй толгой дээгүүр хийсээд байвал дэндүү харамсалтай. Гэхдээ хоцорно гэдэг ор байхгүйгээс дээр гэдэг. Дахиад хэдэн зуун жил энэ хэв маягаараа яваад байлтай биш. Мэдээж, бэлчээр талхлах, бэлчээрийн хомсдол гээд үүснэ. Олон улсын жишгээр нь фермерийн аж ахуйн чиглэлд, хашаад, тэжээлийг нь өгөөд махны чиглэлийн хэдэн үхэр өсгөөдөхвөл манайх шиг газар дорхноо бөндийгөөд ирэх вий. Хамгийн гол нь манайханд зовлон болж байдаг халдваргүйжүүлэлт, ариун цэврийн асуудлаа эхнээс нь тун цэгцтэй зохицуулах хэрэгтэй болж таарна. Үүн дээрээ л анхаарч чадвал дэлхийд монгол малын мах шиг амттай, органик нь ховорт тооцогдох болов уу. Оросын Алс Дорнодынхон хэзээнээс монгол махны амтанд дуртай. Харин манайхаас хүлээн зөвшөөрүүлж чаддаггүй, цаад талын бодлого лобби ч байдаг биз албан ёсных болохгүй байгаагаас биш ард иргэдийн дунд дээрээс мах, бараа таваарын солилцоо байсаар ирсэн. Ямартай л “Буриад самгадын салтааны мах амттай” гэсэн үг хойдынхонд байв гэж дээ. Жаахан бүдүүлэг сонстож байгаа ч Хөвсгөлийн Ханх зэрэг хойд хилийн боомтуудаар орж гарч байгаа буриад эмэгчүүд том дээл өмсөөд хөлийнхөө завсар хонины гуя хийгээд гардаг юм байна л даа. Бага гэлтгүй манайхаас хямд бас амт сайтай махыг хойд хөршийнхөн авах сонирхол байдаг гэдэг инээдтэй ч энгийн үнэн энэ юм. Тэгэхээр бид заавал энд тэндээ зүүлгээд байлгүйгээр борлуулалт хийж, мөнгө олох боломжоо ашиглах хэрэгтэй. Манай малчид амьдрал болж байна гэхээрээ хотод хүүхдийнхээ сургалтын мөнгийг төлж, ганц өрөө байшин авч тэднийгээ суулгахаа бодоод байх юм. Хөдөө гэртээ ДДЭШ-ийн антенн, хөргөгч бас жип машин авчихвал сэтгэл ханачихна. Гэтэл дүн өвлөөр халуун оронд очиж амарч, хөдөө аж ахуйн томоохон үзэсгэлэнгүүдэд өөрсдийнхөө мөнгөөр очиж оролцоод, шинэ бараа бүтээгдэхүүн, технологи патентийг худалдан авч мал маллагаандаа хэрэгжүүлдэг тийм чинээлэг малч монголчууд хэрэгтэй байна шүү дээ. Үүд хоймрын балчир сэтгэлгээнээсээ хальсан холч ухаан малчдад хэрэгтэй байна. Малчид ч гэлтгүй бид бүгдээрээ уул уурхайгаас өөр салбараас мөнгө олж чадна гэдэгтээ итгэх сэтгэлийн, сэтгэлгээний хувьсгал хэрэгтэй болжээ. Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж, махны чиглэлд ямар боломж байгааг тал бүрээсээ судалмаар байгаа юм. Энэ чиглэлд ажилладаг, ажиллахаар төсөл төлөвлөгөөгөө баталсан газруудаа дэмжиж, бусдыг ч үүнд татан оролцуулах нь чухал. Хэрэв тэгж чадвал Сибирийнхэн гэж тэр чигтээ махассан улс байна. Араб руу ч хонины махаа зөв боловсруулж, халал мах буюу лалын шашинтнуудын шаарддаг тэр технологиор бэлтгээд гаргахад ч том зах зээл байна. Хамгийн гол нь зөв харж, зөв тооцоолж бас цаг алдалгүй энэ ажлаа эхлэх хэрэгтэй байна. Түүнээс өнөөдөр байгаа тавин сая мал маань зүгээр л нэг хийрхсэн тоо болчихоод байна шүү.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив