Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Д.Амарбаясгалан: Монголынхоо хөгжлийн төлөө монголчууд нэг баг болж ажиллах ёстой
2015 оны 3 сарын 12 [Уншсан тоо: 73864]



“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замыг барих “Чингис Лэнд Девелопмент Групп”-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалантай уулзаж ярилцлаа.


-“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замын төсөл нэлээд хэдэн жилийн турш яригдаж байна. Одоо ер нь ямар шатандаа явж байгаа вэ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Том төсөл, түүнийг дагасан их хэмжээний санхүүжилт, их бүтээн байгуулалтын ажил тодорхой хэмжээнд хугацаа шаарддаг юм байна. Манай улс Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг хэдэн жил ярьж байж эхлүүлсэн билээ дээ, гэтэл өнөөдөр зорьж байсан төвшиндөө хараахан хүрээгүй л байгаа. Амар зүйл биш шүү дээ. Анх 2004 онд НҮБ-ын Ази Номхон Далайн Нийгэм, Эдийн Засгийн Зөвлөлийн 23 орон нэгдэж, Азийн хурдны авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг гаргасан байдаг. Тиймдээ ч энэ хурдны зам бол Азийн хурдны замын сүлжээний АН-3 гэдэг замын Монголоор дайрсан нэг хэсэг. Харин Монголдоо хурдны зам барьж байгуулахын хувьд бол манай групп таван жилийн өмнөөс энэ төслийг санаачлан, судалгааны ажлаа эхлүүлсэн. Харин Засгийн газраас энэ хурдны замын төслийг хэрэгжүүлэх нь зөв гэж шийдээд 2011 онд концессийн төслүүдийн жагсаалтад оруулж, тендер зарласан юм. Манай групп өмнө хийж байсан тооцоо судалгаан дээрээ үндэслэн консерциум үүсгэн тендерт орсон. Олон улсын нэр хүндтэй олон зөвлөх компанийн оролцоотойгоор тендерийн баримт бичгээ боловсруулсан. Ингээд 2012 онд тендерт ялж, энэ төслийг хэрэгжүүлэх урилгаа хүлээн авсан. Үүнээс хойш олон ажлыг амжуулаад байгаа.

-Тэгвэл энэ зам Азийн хурдны замын сүлжээний нэг хэсэг юм байна. Хөрш орнууд маань хэр дэмжиж байгаа вэ?

-Дэлхий улам бүр даярчлагдаж байна шүү дээ. Манай улс нэг талаас харахад далайд гарцгүй гэдгээрээ эдийн засгийн хөгжлийн хувьд харилцаа хумигдмал мэт ярьдаг, гэхдээ нөгөө талаас нь аваад үзвэл манай хөрш хоёр орон бол “далай шиг” том зах зээлүүд. Тиймээс хөрш орнуудын эдийн засгийн өсөлт, түүнийгээ дагасан гадаад худалдаа улам бүр өсөн тэлж байна. Улс орнуудын гадаад худалдаанд транзит тээвэр маш чухал. БНХАУ-ын хувьд гадагшаа харилцах олон сувгийг нээж байгаа, “Торгоны зам”-ыг сэргээх гэх мэт... Оросын талын хувьд Хятад улстай гадаад худалдаагаа хөгжүүлэх үүднээс ихээхэн анхаарч байна. 2020 он гэхэд ОХУ болон БНХАУ-ын хооронд хийгдэж буй гадаад худалдаа өсч 100 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг Хятадын тал хийсэн байна. Энэ бүх сонирхлуудыг шийдэх хамгийн дөт транзит зам бол Монголоор дайрах зам байх нь тодорхой. Тиймээс ч манай төрийн тэргүүн хөрш орнуудын төрийн тэргүүн нарт “Талын зам” төслийг хамтран хөгжүүлэхийг санал болгосон. Энэ хурдны авто зам маань “Талын зам”-ын таван төслийн нэг нь шүү дээ.

-Одоо энэ төсөл маань ямар шатандаа яваа вэ?

-2012 онд тендерт ялсны дараа 2013 онд Монгол улсын Засгийн газрын 99 дүгээр тогтоол, улмаар 399 дүгээр тогтоол гарч “Чингис Лэнд Девелопмент Групп”-тэй концессийн гэрээ байгуулах эрхийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайдад олгосон. Ингээд өнгөрсөн жил буюу 2014 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрыг төлөөлж эрх бүхий этгээдээр Эдийн засгийн хөгжлийн яам, нөгөө талаас манай “Чингис Лэнд Девелопмент групп”-тэй “Алтанбулаг-Улаанбаатар- Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих төсөл”-ийн концессийн гэрээг байгуулсан юм. Одоо замын ажлын зургаа хийх шатандаа явж байна даа.

-Та концессийн гэрээнийхээ талаар жаахан тодруулна уу. Миний мэдэхээр концессийн олон хэлбэр байдаг шиг санагдах юм.

-Тиймээ Концессийн хувьд олон хэлбэр байдаг. Манайхны хувьд BT буюу “Бариад-Шилжүүлэх” хэлбэрийг их ашигладаг юм билээ. Харин энэ хурдны замын төслийн хувьд BOT буюу “Бариад-Ашиглаад-Шилжүүлэх” нөхцөлтэй. Манай групп өөрөө хөрөнгө оруулалтаа босгож замаа бариад, 30 жилийн хугацаанд ашиглаж хөрөнгө оруулалтаа нөхөөд тэгээд улсад шилжүүлэх юм.

-Тэгэхээр Засгийн газраас ямар нэг дэмжлэг байх уу?

-Засгийн газраас хөрөнгө оруулалтын хувьд нэг ч төгрөгийн санхүүжилт авахгүй. Мөн Засгийн газраас нэг ч төгрөгийн баталгаа гаргаж өгөөгүй. Концессийн гэрээгээрээ ч ийм зохицуулалттай. Концессын гэрээ гэдэг бол төрийн зүгээс шууд хөрөнгө оруулах боломжгүй төслүүд дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг оруулж ирдэг зохицуулалт шүү дээ. Энэ утгаараа бол концессын гэрээний хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч компаниуд нь эрсдлээ өөрсдөө үүрээд, 100 хувь хариуцаад явдаг. Төрдөө ямар нэгэн дарамт бий болгоогүй гэсэн үг. Харин төрийн зүгээс бол концессийн гэрээний нөгөө тал гэдэг утгаараа бодлогын болоод төрийн зохицуулах байгууллагуудын дэмжлэг их чухал. Манай төсөл дээр гэхэд л Засгийн газрын эрх бүхий байгууллагуудын хүлээсэн гэрээний үүргүүд бий. Одоогоор эрх бүхий байгууллагуудын үүрэг хараахан хэрэгжээгүй л байна.

-Тэгэхээр манай Засаг төрөөс огт дэмжлэг байхгүй гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй л дээ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж буй төсөл. Засгийн газраас бодлогын хувьд гэрээгээр хүлээсэн үүрэг, дэмжлэг бол бий. Тэгээд ч энэ том төсөл, дээр нь нийгэм эдийн засгийн хувьд ач холбогдолтой учраас ер нь манай Засаг төр, яам тамгын газраас бүгд л дэмжиж байгаа. Ийм том мега төслүүдэд хөрөнгө оруулалт татна гэдэг тун хэцүү. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголын талаарх ойлголт ямар байгаа билээ. Хөрөнгө оруулалтын таатай бус орчинтой л гэж тэд ярьдаг шүү дээ. Монгол руу хөрөнгө оруулалтыг татахын тулд төр ч хувийн хэвшлийн байгууллагууд ч, мөн манай гурван сая иргэн ч тэр, бид бүгд нэг л баг болж ажиллах ёстой. Гадныхны өмнө бидний олсон амжилт ч, алдаа ч Монгол гэж нэг л харагддаг. Түүнээс бус төр хувийн хэвшлийн түншлэл гэж сайхан ярьж гэрээ байгуулчихаад тал тал руугаа харж суугаад, нэг хэсэг нь санаачлаад түүчээлээд явахад нөгөө хэсэг нь татаж унагах, гацаах, үгүйсгэх оролдлого хийгээд байвал нэг байрнаасаа урагшаа хэзээ ч хөдлөхгүй шүү дээ. Монголчуудыгаа монголчууд нь татаж унагаадаг байж болохгүй. Тиймээс л хөрөнгө оруулагчидтай харьцахад Монголынхөө хөгжлийн төлөө монголчууд нэг баг болж ажиллах ёстой.

-Тийм шүү. Өнөөдөр бид томоохон төслүүдээ хөдөлгөж чадахгүй ер нь их л удаад байх шиг.

-Сүүлийн жилүүдэд Монгол руу чиглэх хөрөнгө оруулалт эрс буурсан. Бид дотроо нэг баг болж чадахгүй байгаагаас л хөрөнгө оруулалтаа татаж чадахгүй байгаа. Олон хүчин зүйлээс хамаарах нь чухал ч бид Монгол дотроо асуудлаа нэг болгож шийдвэрлээд тэгээд гадагшаа хөрөнгө оруулагчдад хандах нь чухал. Тухайн төслүүдээ төрд эрсдэлгүйгээр нэг мөр тооцоод, тэгээд нэг шийдсэн асуудлаа эргэж нураахгүй байх нь чухал. Улс төрийн тогтвортой байдал, залгамж холбоо ч хөрөнгө оруулалтад чухал. Энэ хурдны замаар тооцоод үзэхэд төрөөс хөрөнгө гаргахгүй, дээр нь уул уурхайн ямар нэг нөөц биш учраас гадны хөрөнгө оруулагчид концессын гэрээний 30 жилийн хугацаанд зам барихад хөрөнгө оруулаад буцаагаад оруулсан хөрөнгөө нөхөж авахад эрсдэлгүй гарах тооцоонд хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байхыг л харж байгаа. Үр дүнд нь монголчууд бид нэг баг болсноороо босоо тэнхлэгтээ хурдны замтай болж үлдэнэ шүү дээ.

-Уучлаарай, нэг зүйл анхаарлыг минь татаад байна. Энэ төсөл хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардах төсөл вэ. Танай групп тэгээд хөрөнгө оруулалтаа яаж босгож байна даа?

-Алтанбулаг-Улаанбаа­тар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто зам барина. Энэ замыг дагаад худалдаа үйлчилгээний олон цэг мөн, амралт, аялал жуулчлал бизнесийн цогцолборууд, улмаар хэд хэдэн газарт шинэ суурьшлийн бүс, орчин үеийн эко хотууд байгуулагдана. Хамгийн гол нь Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийд худалдаа ложистикийн том төвүүд байгуулагдах болно. Энэ бүх цогц төсөлд нийтдээ 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах урьдчилсан тооцоо хийгдсэн байгаа. Хөрөнгө оруулалтын 60-70 хувь нь замын барилгын ажилд, үлдсэн хэсэг нь зам дагуух бүтээн байгуулалтад зориулагдана. Мэдээж бид хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байууллагуудтай урт хугацаанд ажилласны үр дүнд босгож байгаа. Одоо төслийн хөрөнгө оруулалтын эхний ээлжийн санхүүжилтыг оруулж ирж байршуулахад бэлэн болчихоод хүлээж байна.

-Хүлээж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Аан, ер нь аливаа төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулна гэдэг тийм ч амар зүйл биш гэж сая ярьсан шүү дээ, ялангуяа ийм том хэмжээний төслүүдэд. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ч тэр олон нөхцлийг харгалзан үздэг. Жишээ нь улс төрийн тогтвортой байдлыг онцлон үздэг. Гэтэл өнгөрсөн оны хавраас хойш манай улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байсаар, тэгээд өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар огцорсон. Шинээр байгуулагдах гэж хэдэн сар болсон, тэр ч бүү хэл Засгийн газрыг төлөөлж манайхтай гэрээ байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яам маань татан буугдчихсан. Ингээд л ТЭЗҮ тооцоо судалгаан дээрээ эцэслэн ярьж тохироод байсан өнөөх хөрөнгө оруулалтын сангууд хүлээлтийн байдалд шилжчихдэг. Одоо л Засгийн үйл ажиллагаа буцаж жигдрээд, Аж үйлдвэрийн яам байгуулагдаж, түүний дараа Засгийн газар концессийн төслүүдээ хариуцах яамтай болгож ирж байна шүү дээ.

-Тэгвэл удахгүй танай төслийн хөрөнгө оруулалт орж ирж ажил эхлэх нь. Зөв үү?

-Зөв өө, бид энэ хавар тавдугаар сар гэхэд зам барилгын ажлаа эхлүүлсэн байхаар тооцож байна. Ер нь бид өнгөрсөн хугацаанд өөрсдөөс хамаарах бэлтгэлээ сайн хангасан. Олон улсын нэр хүнд бүхий Итали, Франц, БНХАУ, ОХУ-ын зөвлөх компаниудын оролцоотойгоор замын трассаа тогтоож, ЗТЯ-ны дэргэдэх авто замын салбарын Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр дэмжүүлсэн, бас нарийвчилсан ТЭЗҮ-ээ ч батлуулаад авсан. Ер нь бол ийм мега төслийн ТЭЗҮ-г боловсруулахад хамгийн багаар бодоход есөн сарын хугацаа ордог юм байна. Замын дагуу геотехник, геодезийн суурь судалгаагаа хийгээд явж байна. Ерөнхийдөө бол 2018 оны эхээр замаа барьж ашиглалтад оруулахаар тооцож байгаа.

-Ажил ч ундрах нь дээ, энэ төсөл дээр ер нь хэчнээн хүн ажиллах вэ, хэр олон ажлын байр гарах бол?

-Түүхэнд байгаагүй том бүтээн байгуулалт шүү дээ. Хурдны зам барих хугацаанд 30000-40000 ажлын байр бий болно. Олон зуун компани, бизнес дагалдан хөгжинө. Энэ зам олон улсын стандартаар баригдах зам. Тийм ч учраас монголчууд энэ төсөл дээр дэлхийн хэмжээний цалин авна. Ер нь хангалттай цалин өгвөл манайхан чинь гадныхнаас ч илүү сайн хийх байх шүү. Манайхан юм сурахдаа амархан, аливаа юмны арга эвийг олохдоо сайн шүү дээ.

-Манай улс эдийн засгийн хямралтай нүүр тулаад байгаа энэ үед танай төсөл эдийн засагт чухал үүрэгтэй төсөл болох нь ээ.

-Бид бол эдийн засгийн хямрал болж байна гэж харахгүй байгаа. Уул уурхайгаас хэт хамааралтай байсан нэг хэсэг үед тансаглаж, төсвийг хэт данхайлгаж, халамжийг хавтгайруулж, үрэлгэн загнаж байсан. Одоо бол хөөс хагарч бид бодит амьдралтай л нүүр тулж байна шүү дээ. Олон улсын зах зээл дээр өссөн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт, бууралт манайханд нэгийг ойлгуулсан байх. Одоо Шийдлийн Засгийн газар төсвийн хэмнэлт хийж, илүү зардлаа хасаж, илүү ачаагаа хөнгөлж байна. Зөв шүү дээ. Бизнест бол хоёр зүйлээс ашгаа нэмэгдүүлдэг. Нэгдүгээрт, борлуулалтыг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт, зардлыг боломжит төвшинд бууруулдаг. Манай төр ч гэсэн энэ зарчмаар эхлээд томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтдаа анхаарч, нөгөө талаар зардал хэмнэж байгаа нь зөв.

-Хурдны зам баригдснаар манай эдийн засагт бий болох үр өгөөжийг та юу гэж харж байна.

-Манай групп хэд хэдэн мега төсөл хэрэгжүүлэхээр тооцоо судалгаа хийж байгаа. Хурдны замын энэ төсөл бол хамгийн жижиг төсөл нь. Ганц зам гэж харж болохгүй. Энэ зам бол манай улсад хэрэгжих олон том бизнес төслийн суурь дэд бүтэц гэж ойлгож болно. Цаашлаад чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх, худалдаа тээвэр, ложистикийн сүлжээ үүсэх гээд эдийн засгийн ач холбогдол бүхий зам болно. Урьдчилсан байдлаар энэ төсөлд 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай хийгдэхээр тооцсон гэж хэлсэн. Энэ хэмжээний мөнгө манай 10 тэрбум ам.долларын эдийн засагт нэмэгдэж орж ирээд, эргэлтэнд орно. Төсөөлөөд үз дээ, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэх хэмжээний хөрөнгийн урсгал орж ирнэ гээд. 2018 онд замаа барьж ашиглалтад оруулснаар одоо байгаа нэг хүнд ноогдох ДНБ хэд дахин нэмэгдэх тооцоог бид хийсэн. Гэхдээ удахгүй ажлын зураг хийгдээд дуусахаар замын төсөв бодитой гарчихна. Нөгөө талаар энэ зам бол эдийн засгийн төсөл гэхээсээ илүү нийгмийн төсөл. Зам бариад, эргээд оруулсан хөрөнгөө нөхнө гэдэг бол урт хугацааны ажил. Гэхдээ Монгол улсад маш чухал зам учраас бид зоригтой эхлүүлсэн. Монголынхоо л төлөө шүү дээ. Энэ зам бол Монголын мянга мянган бизнесийг хурдасгах дэд бүтэц байх болно гэдэгт итгэлтэй байгаа шүү.

-Үнэхээр дэд бүтэц гэдэг бол хөгжлийн гол суурь гэдэг. Ийм чухал бүтээн байгуулалтыг зориглон хэрэгжүүлж буй танай группынхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив