Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг төв газрын эмнэлгүүдээс дутахгүй
2015 оны 2 сарын 9 [Уншсан тоо: 31710]

-“АРЕВА МОНГОЛ”-ЫНХОН АРИУТГАЛЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА-

“Арева Монгол” компани, “Кожеговь” компанийн ерөнхий захирал Тьерри Плэзант болон төв “Арева” компанийн төлөөлөл, Цөмийн Энергийн газар, “Мон-Атом”-ын төлөөллүүд Сайншанд хотноо болсон Малын эрүүл мэндийг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнд оролцсон талаар өмнө дурдсан билээ. Тэгвэл тус компанийн удирдлагууд хамтран ажиллах гэрээ үзэглэсний дараа Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийг зорьсон нь учиртай байлаа. Орон нутгийнхантай хамтран ажиллаж ирсэн уламжлалынхаа хүрээнд тэд нэгэн шинэ тоног төхөөрөмжийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөхөөр болжээ. Одоогоос жил гаруйн “Арева Монгол” компани хэвлийн хөндийн дурангийн мэс засал хийх тоног төхөөрөмжийг хандивласан юм байна. Ингэснээр дурангийн мэс заслыг аймгийн хэмжээнд хийдэг болж, асуудал гарах бүрийд хот руу өвчтөнөө илгээдэг байсан явдал алга болжээ. Хөдөө орон нутгийн иргэд ч нийслэлийн иргэдтэй адил уламжлалт нээлттэй бус дурангийн хагалгааг хийлгэх боломжтой болсон юм байна. Үнэндээ дурангийн хагалгааг нийслэлийн иргэд, Дархан, Эрдэнэт, Өмнөговь гэсэн томоохон суурин газрын иргэд л хийлгэдэг байсан бол Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Арева Монгол”-ынхон тоног төхөөрөмж бэлэглэснээр тэдэнд томоохон боломжийг нээж өгсөн ажээ.



Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 60 гаруй дурангийн мэс заслыг тус эмнэлэг дээр хийсэн аж. Мэдээж, өвчтөн тэдний ар гэрийнхэнд хот хүрээ явж их хэмжээний зардал мөнгө үрэхгүйгээс эхлээд олон боломж нээгдсэн нь тодорхой. Бас дагаад эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадвар ч өсчээ. “Арева Монгол” тоног төхөөрөмжийг нь хангаж, Францын “Аксион Монголиа” ТББ эмч, сувилагч нарыг нь сургаж дадлагажуулсан юм байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Францын эмнэлэгт очиж дадлагажаад ирсэн тус эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Л.Баярсайхан “Өөрийн нүдээр өндөр хөгжилтэй орны эмнэлэг дээр очиж мэс заслын дараах дадлага хийгээд ирсэн нь бидэнд маш том боломжийг өглөө. Эмнэлгийн үйл ажиллагаанд орноос нь эхлээд өвчтөнийхөө тав тухыг хангасан жижиг гэлтгүй олон зүйлс байх юм. Ер нь хөдөө орон нутгийн эмч нарын хувьд газар дээр нь очиж сурч мэдэж байгаа нь тун чухал байсан. Одоо франц хэлний мэдлэгээ сайжруулж, улам ихийг сурах ёстойг ойлгож байна” гээд Дорноговь аймгийн хүн амын эрүүл мэндийг сайжруулахад бодит тус хүргэж байгаа тэдэнд талархсанаа илэрхийлж байлаа.

Энэ удаад “АРЕВА Монгол” компаниас Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт бэлэглэж байгаа дурангийн хагалгааны тоног төхөөрөмжийг ариутгах хэрэгсэл нь тэдэнд урган гарсан хэрэгцээ байсан ажээ. Дурангийн хагалгааг аймагтаа хийх болсноор олон хүн энэ төрлийн хагалгаанд орохыг хүсэх болжээ. Гэвч ариутгалын зориулалтын хэрэгсэл үгүй байсан тул элэгний В, С вирустай хүмүүсийн хувьд дурангийн хагалгаанд орох боломж байхгүй байсан аж. Тиймээс нэгдсэн эмнэлгийнхэн тус компанийнханд ариутгалын багажтай болох хүсэлт тавьснаар өнөөдөр ийнхүү биелэлээ олж байгаа нь энэ юм. Томоохон хөргөгчний чинээний, хамгийн сайнд нь тооцогдох уг төхөөрөмжөөр дурангийн хагалгааны тоног төхөөрөмжөө стандартын дагуу 100 хувь ариутгах боломжтой болсондоо эмнэлгийнхэн тун сэтгэл хангалуун байсан.

Ер нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд бусад орон нутгийн эмнэлгүүдийн дэргэд тоног төхөөрөмж сайтай, өөрсдөө бүхий л гарц боломжийг эрэлхийлж чаддаг газар гэдэг нь харагдаж байсан. Бас орон нутгийнхныг дэмжин ажиллахад нээлттэй байдаг “Арева Монгол”-оос ч чамгүй олон жил тусламж дэмжлэг авч ирсэн нь ярианаас нь анзаарагдаж байв.

Мэс засалч эмч Л.Баярсайхан “Бид дандаа тусламж дэмжлэг авч ирдэг энэ сэтгэлгээгээ хамтарч суралцаж хөгждөг болгож өөрчилмөөр байгаа юм” гэсэн нь үнэн үг санагдсаныг нуух юун. Тэрбээр “Манайд техник технологи нь бас ч нэг үеэ бодвол нэвтэрч байна. Гэхдээ мэргэжлийн хүмүүс нь байхгүй бид техникийн боол байна. Тэгэхээр хамтарч ажиллах хөтөлбөр гаргаж, энэ хүрээндээ хамтарч ажилладаг болмоор байна” гэж байсан. Тэдний санал санаачилгад үргэлж нээлттэй байдаг гэдгээ “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзант илэрхийлээд “Дорноговийн иргэд эрүүл мэндийн чанартай, шуурхай үйлчилгээг авдаг байх нь тун чухал. Цаашдаа уурхайн маань ажилтнууд ч танайхаар үйлчлүүлж байх учраас бид олон талд хамтран ажиллана” хэмээн нэмж хэлсэн билээ.

Ер нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаагаа эхэлж, жигдрүүлэхийн тулд орон нутгийнхны хэлсэн бүгдийг биелүүлж, шаардлага бүрт нь нааштай хариу өгөхөөс аргагүй байдалд манайхан оруулаад байх шиг харагддаг. Нэг талаасаа хамтарч, дэвжих нь зөв ч нөгөө талаас зарчим, ёс зүйг баримталдаг байх нь бидний нэр хүндийн асуудал байх ёстой юм. Орон нутгийн хувьд хууль ёсны хамтын ажиллагаанууд байх нь зүй хэрэг. Харин байгаль дэлхийгээ хамгаалж байна нэрийн дор шантааж хийдэг хөдөлгөөнүүд хаа сайгүй олширч, хүчин төгөлдөр хуулиас давсан шаардлага тавьдаг нь манайд хаа сайгүй гараад байдаг нь харамсалтай санагддагаа энэ дашрамд хуваалцмаар байна. Ер нь байгаль дэлхий, эх оронч үзэл яриад байгаа хүмүүсийг буруутгах аргагүй байдаг. Гэвч наанаа ийм зүйл яриад, цаанаа өөрийг хийж явдаг бүлэглэлүүд Монгол орон даяар бий болчихоод байгааг анхаарч харах л хэрэгтэй. Хэдийгээр явсан газрын сурвалжлага, үйл явдалтай хамаагүй ч өгөх ёстой, авах ёстой гэсэн үзэл хаа сайгүй байгаа нь үнэн билээ.

Сайншандад ажилласан үйл явдлын хүрээнд бас нэгэн арга хэмжээ болсон нь “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийнхан Дорноговийн Улаанбадрах  сумын иргэдэд жижиг дунд бизнесийг нь дэмжиж, хүүгүй зээл олгох гэрээнд гарын үсэг зурах явдал байв. Улаанбадрах сумын хоёрдугаар багийн иргэн Ц.Чулуунцацрал, гуравдугаар багийн иргэн Л.Батчимэг нарын жижиг дунд бизнесийг дэмжин тус бүр зургаан сая төгрөгийн хүүгүй зээл олгохоор болжээ. Тэгээд тэдний сүү цагаан идээгээр хийсэн бүтээгдэхүүнийг “Кожеговь”-ийн хээрийн баазын ажилтнуудынхаа хэрэгцээнд худалдан авч, бас цэцэрлэгийн хүүхдүүдийг сүү, цагаан идээгээр хангадаг төслийн хэрэгцээнд авахаар болж байгаа дуулдсан. Шоколадны наборын хайрцаг шиг савлагаатай ааруул нь гэхэд л 15 мянган төгрөг юм билээ. Тэгэхээр тэдний хувьд зээлж авсан хүүгүй зургаан сая төгрөгөө богино хугацаанд төлчих байх гэж сэтгүүлч бидний нөхөд өөр хоорондоо тооцоолж байсан билээ. Сүү цагаан идээгээрээ байгалийн гаралтай бүтээгдэхүүн хийж, сумын төдийгүй аймгийнхаа хэмжээнд борлуулалт хийж, үзэсгэлэн яармагийн олон удаагийн шагнал хүртэж байсан тэр бүсгүйчүүдийн хувьд бизнесээ өргөжүүлж бага оврын техник хэрэгсэл авахад энэ мөнгөө зарцуулна гэж байв. “Кожеговь”-ийнхон Улаанбадрах сумын иргэдээс мах, сүүгээ авч хэрэглэдэг юм билээ. Энэ нь хүмүүсийн дунд мал мах нь уранд хордсон гэсэн айдас байдгийг нэг талаас үгүйсгэж байгаагийн баталгаа болох биз. Нөгөө талаас энэ нутаг орны хүмүүс ч мал, мах хордсон, хортой махтай гэсэн ярианд тун дургүй нь анзаарагдсан. Харин малын өвчлөл байгаа бол тэр нь юутай холбоотой болох элдэв халдварт өвчний улмаас мал үхдэг бол хоёр жилийн хугацаанд хэрэгжих мал эрүүлжүүлэх төслийн хүрээнд асуудал тодорхой болчих байх гэсэн итгэл өвөрлөж байгаа нь анзаарагдаж байлаа.

“Арева Монгол” ХХК, “Кожеговь” компанийн санхүүжүүлж байгаа 1.3 тэрбум төгрөг хол давсан Малыг эрүүлжүүлэх энэ хөтөлбөр сайн үр дүн дагуулах биз ээ. Хараат бус мэргэжлийн монгол, франц байгууллагууд тухайн нутаг дээр нь байрлаж, 24 сарын турш 24 цагаар малын эмч нараа ажиллуулах уг хөтөлбөрөөр тэд мал эмнэлгийн шууд тусламжийг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 баг, Зүүнбаян багийн малчдад үнэгүй үзүүлэхдээ 150 мянган толгой малыг хамарч ажиллах юм байна. Тэд малын өвчнийг оношилж, шинжилнэ. Мөн малын эрүүл мэнд, мал аж ахуйн талаархи сургалт малчдын бүлгүүдэд явуулж, орон нутгийн мал эмнэлгүүдийн мэдлэг, чадавхийг сайжруулах зорилгоор тэдэнд дэмжлэг үзүүлэх юм.

120 хувийн мал эмнэлэг гишүүнээр нь элссэн “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” нь “АРЕВА Монгол” компаний дээрхи төслийг хэрэгжүүлэх юм байна. Төслийг хэрэгжүүлэхдээ түншээрээ мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа Францын олон улсын эв нэгдлийн байгууллага “Хил хязгааргүй агрономич, малын эмч нар” нийгэмлэгийг тус хоршоо сонгожээ. Тэд хяналтын ажлын үр дүнгээ улирал тутам орон нутгийн сонирхогч талуудад танилцуулах юм. Энэ ажлын үр дүнд малын элдэв өвчин, уг урхаг нь засагдаж, өөр шалтгаан гарвалтай бол нарийн мэргэжлийн шинжилгээгээр батлагдаж үүнийг дагаад малчид маань өөрсдөө мал хуйгаа эмчилж чадах анхан шатны мэдэгдэхүүнтэй болж, малын ашиг шимийн гарц, орц нь нэмэгдэх байх гэсэн итгэл Дорнын говиос өвөрлөж ирснээ хуваалцлаа.

Сайншанд-Улаанбаатар 2014.11.26




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив