Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
З.Нарантуяа: Төр хөрөнгөө үнэд хүргэхийн тулд хувьцаагаа хөрөнгийн биржээр ил тод арилжаалах нь зөв хувилбар
2015 оны 1 сарын 28 [Уншсан тоо: 49399]

Санхүүгийн Зохицуулах хорооны дарга З.Нарантуяатай ярилцлаа.

-Та энэ албанд томилогдож ирээд хорь гаруй хонож байна. Тэгэхээр хийвэл зохистой гэж үзсэн ажлуудаа эхний байдлаар төлөвлөсөн гэж ойлгож байна. Бас буруу гэж үзсэн шийдвэрийг ч өөрчлөөд эхэлсэн байх. Таны ажлаа аваад гаргасан анхны шийдвэр чинь юу байсан бэ?

-Ажлаа авсан цагаасаа эхлээд энэ байгууллагад юуг нэн түрүүнд хийж, ямар бодлого шийдвэр гаргах нь чухал байгааг судалж шийдвэрүүдээ гаргаад явж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс манай байгууллагыг хөрөнгийн биржийн арилжааны тоог нэмэхэд анхаарах хэрэгтэй гэж байсныг хүмүүс санаж байгаа байх. Ажлаа аваад гаргасан анхны шийдвэр маань 2012 онд Санхүүгийн Зохицуулах хорооноос гаргаж байсан 118 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэр. Хөрөнгийн биржийн гүйлгээг нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү шийдвэрийг гаргасан гэж ойлгож болно.

-Өмнө нь яг ямар байсан нь ямархуу сөрөг талуудыг авчраад байсан хэрэг вэ. Манай хөрөнгийн бирж Лондонгийн биржийн системээр ажиллах боллоо гээд дуулиан болоод байсан санагдах юм?

-Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр МIT системийг нэвтрүүлж байсныг хүмүүс мэднэ. Энэ бол өндөр зэрэглэлийн сайн технологи гэвэл үнэн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээлд оролцуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн системийг нэвтрүүлж,  урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр гурав хоногийн дотор төлбөр тооцоог гүйцэтгэх  боломжтой T+3 горимын дагуу ажилладаг технологи. Гэхдээ үүнийг Монголын нөхцөлд, одоогийн хөрөнгө оруулагчдад болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд тохируулах асуудлыг  тухайн үед нь хамт шийдээгүй орхисноос хүндрэл үүсч эхэлсэн. Хэт өндөр түвшний программын ашиглалт бага, ашиглах ёстой бусад байгууллагуудын үйл ажиллагаа жигдрэх гэсээр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа зогсох хүртэл нөлөөлсөн байна. Ийм учраас уг тогтоолыг хүчингүй болгож, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны энэхүү горимыг өөрчилсөн.

-Яг ямар дарамт үзүүлж байсан хэрэг вэ?

-Арилжаанд орохын тулд брокерийн пүүсүүд худалдан авах үнэт цаасны  үнийг урьдчилан 100 хувь байршуулах шаардлага тавьсан мөртлөө  нэмээд Төлбөр тооцоо, Төвлөрсөн хадгаламжийн төвд (ТТТХТ) үнэт цаасны  үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх мөнгийг баталгааны санд байршуулахыг шаарддаг байсан. Бас банкууд гүйлгээний гүйцэтгэлийг баталгаажуулахын тулд үнийн дүнгээс нь шалтгаалаад доод тал нь 10 сая төгрөгийг барьцаа болгон банкинд төвлөрүүлэхийг шаарддаг. Тэгэхээр брокер, дилерийн компаниуд 100 сая төгрөгийн хувьцаа авахаар боллоо гэхэд нэмэлт 30-40 сая төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр банк болон ТТТХТ-д байршуулах шаардлагатай болж байсан гэсэн үг. Эдийн засгийн ийм дарамтыг даах чадваргүй брокер дилерийн компаниуд харилцагчдаасаа сүүлдээ зугтаах байдалд орсон байсан.

-Өөр танай салбарт зайлшгүй шийдэх ямар асуудлууд харагдаж байна даа?

-Хийх шаардлагатай, хийхээр төлөвлөсөн асуудлууд олон байна. Хөрөнгийн зах зээлээ зөв бүтэцтэй ажиллуулахын тулд эхлээд дэд бүтцээ зөв гольдрилд оруулах хэрэгтэй байна.  Хамгийн түрүүнд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийг үнэт цаасны бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийдэг сонгодог утгаар нь ажиллуулж, тооцооны буюу клирингийн төвийг нь салгаж, бие даасан байдлаар ажиллуулах шаардлагатай. Клирингийн төв арилжаа хийгдсtний дараа мөнгө, үнэт цаасны гүйлгээ зөв хийгдэж байгаа эсэхийг хариуцсанаар арилжааны найдвартай байдалд хөрөнгө оруулагчид итгэж эхэлнэ. Гэтэл манайд одоо хоорондоо салангид байх ёстой энэ хоёр үйл ажиллагаа нэг газарт, холилдсон байгаа нь дэд бүтэц буруу байгаагийнх. Үүнтэй холбоотой Засгийн газраас 2014 онд гаргасан 292 дугаар тогтоолыг ойрын үед өөрчлүүлэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж байна.

-Кастодинг банкны тухай дэлгэрэнгүй ойлголт өгөхгүй юу. Ийм банкны үйлчилгээ эрхлэх эрхийг зарим банкууд авсан тухай яригдаад байдаг. Үйл ажиллагаа нь жигдэрсэн үү?

-Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагчдын хувьд Кастодинг банк хамгийн чухал дэд бүтцийн нэг. Кастодинг банкны тухай ойлголт бидний хувьд цоо шинэ. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудаар  Кастодиан банкны үйлчилгээний эрх зүйн үндсийг тавьсан.  Голомт, Худалдаа Хөгжлийн банкууд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлдэж байна. Эхний банк  дөрөвдүгээр сарын 1 гэхэд ажиллаад эхлээд болов уу. Хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн, хувийн бусад сангууд өөрийн сонгосон  Кастодинг банкинд худалдан авсан үнэт цаас, мөнгөө найдвартайгаар хадгалуулдаг, мэдээллийн нууцлал нь хамгаалагдаж байдаг.

-Кастодиан банкны харилцагчдын мэдээллийн нууцлал өндөр байх ёстой гэлээ. Үнэндээ банкнаас зээл авахаар төслөө бариад очсон хүмүүс материалыг нь хувилаад тараадаг, харилцагчийн нууцлал огт үгүй гэдэг. Хувьцаа эзэмшигчийн нууцлал дээр ч анхаарч байхгүй бол болохгүй биз?

-Аль ч  хэлбэрийн банкны хувьд харилцагчийнх нь мэдээллийн нууцлал анхаарах хамгийн гол асуудал нь. Таны хэлсэн гомдлууд иргэдийн зүгээс олон гардаг.  Үүнээс хамгаалахын тулд Харилцагчийн мэдээллийн нууцын  тухай хууль гарах цаг нь болсон. Банкууд дотооддоо мөрдөх ёс зүйн дүрэм журмаа чанд сахиулахад анхаарах хэрэгтэй.

-Санхүүгийн зах зээл хөрөнгө оруулалт татах, өгөөж олох хамгийн боломжтой, өргөн цар хүрээтэй зах зээл гэдэг ч Монголын дийлэнх олонхи иргэд, байгууллагууд  байгаа хуримтлалаа банкинд хадгалуулж хүүгийн ашиг олохоос хэтрэхгүй байна. Иргэдэд ер нь ямар боломжтой зах зээл юм бэ?

-Ажилладаг схемийг нь энгийн хэлбэрээр иргэддээ ойлгуулчих юм бол банкинд мөнгөө хадгалуулж, хүүгийн орлого олохтой яг ижил санхүүгийн үйлчилгээний төрөл. Иргэд нэг талаас Төв банк арилжааны банкуудын үйл ажиллагаанд тогтсон стандартын дагуу хяналтаа сайн тавьж хэрэгжүүлдэг учраас найдвартай гэж итгэж, нөгөө талаас банкны уламжлал хэрэглээд сурсан үйлчилгээндээ зассан учраас мөнгөө банкинд хадгалуулж, харилцах дансаа байршуулдаг. Хэрэгтэй санхүүжилтээ өндөр хүүтэй, богино хугацаатай ч гэсэн банкнаас авдаг. Гэтэл яг үүнтэй адилаар хөрөнгийн бирж дээр үндэсний компаниуд хадгаламжийн хүүгээс өндөр өгөөжтэй хувьцаа гаргаж, арилжаалж байхад иргэд банк руу ирдэг шигээ хөрөнгийн биржийн арилжаанд оролцохоор, компаниуд хэрэгтэй санхүүжилтээ үнэт цаас гаргах замаар энэ захаас босгох гэж ирэхгүй байна гэдэг нь нэг талаас энэ үйлчилгээг ашиглаж, хэрэглэж дадаагүйтэй, нөгөө талаас арилжаа хийгддэг, хөрөнгө босгодог  процедурыг нь сайн ойлгохгүй байдагтай холбоотой. Уг нь иргэд энэ бүх ажиллагааг банкинд итгэдэг шигээ санхүүгийн мэргэжлийн байгууллагуудад, тухайлбал  брокер, дилерийн компаниудад итгэж даатгахад л болдог зүйл.

Харамсалтай нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд эдгээр байгууллагууд нь мэргэжлийн байгууллагын түвшинд хүрч хөгжиж чадсангүй. Үүнд хууль эрх зүйн орчин, гадаад, дотоод бусад олон хүчин зүйлс үүнд нөлөөлсөн. Хувьцаа эзэмшиж, арилжаанд оруулснаар хүмүүс ашиг олж болдог гэдэгт итгэх хүмүүсийн итгэлийг өмнөх үеийн цэнхэр, ягаан тасалбарын түүх ч ихээхэн эргэлзээнд оруулсан гэж болно.  Өнөөдрийн банк, санхүүгийн байгууллагууд технологийн хөгжилд суу­рилан тэр үеийн нөхцөл бай­далтай харьцуулшгүй өндөр түвшинд хүрч хөгжиж байна. Мэргэжлийн байгууллагууд цаашдаа улам хөгжих таатай нөхцөлүүдийг хангасан хууль эрх зүйн орчин ч бүр­дүүлсэн. Бизнесийн утгаараа ч сонирхол татахуйц болж байна. Хадгаламжийн жи­лийн дундаж хүүгээс өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаас арилжаалагдаж эхэллээ. Цаашид иймэрхүү өндөр өгөөжтэй хөрөнгөөр баталгаажсан  үүсмэл сан­­хүү­­­гийн хэрэгслүүд арилжаа­лагдах боломж бий болж байна.

-Цэнхэр, ягаан тасалба­рын ногдол ашиг болох хоёр тэрбум гаруй төгрөг эзэнгүй байгаа гэсэн байх аа?

-130 орчим мянган иргэний 2.7 тэрбум төгрөгийн хувьцаа, хувьцааны ногдол ашгийн хуваарилагдсан мөнгө ТТТХТ-д хадгалагдаж байгаа. Санхүүгийн зохицуулах хороо, төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв, орон нутаг дахь брокерийн компаниуд орон нутгуудаар явж маш их цаг зав, зардал гаргаж тараасан. Эзэн нь нас барсан, хувьцаагаа  мэддэггүй, гадаад руу удаан хугацаагаар явсан хүмүүсийн ногдол ерөнхийдөө үлдсэн. Нийт дүнгээрээ их мэт боловч хүн бүрээр авч үзвэл ногдох хэмжээ нь маш бага. Зарим хүн 100 төгрөг авахын тулд 500 төгрөгөөр данс нээлгэмээргүй байна ч гэх тохиолдол байгаа. Ийм учраас хүн бүрт нь үүнийг тараах гэж хөрөнгө мөнгө, цаг үрэхийн орон иргэдийн энэ хуримтлалыг тэдний үүсгэн байгуулсан Хамтын сан болгож, мэргэжлийн менежментийн компаниар нь удирдуулж, ажиллуулах нь зөв юм. Тодорхой хугацааны дараа иргэд өөрсдөө ирж, хөрөнгийнхөө өгөөжийг авах, өмчлөлөө баталгаажуулах шийдвэрийг төрөөс гаргаж, шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар шийдэх гарц байна.

-Таван толгойгоос иргэн бүр хувьцаатай болсон гээд хөөрөөд байсан. Одоо бүр таг боллоо. Энэ асуудал ямар шатандаа байгаа вэ. Ер нь энэ хувьцаа ашигтай байж чадах болов уу?

-Анх 2011 онд Таван толгойн 1072 хувьцааг 2 сая 858 мянга 465 иргэнд өгсөн. Нэрлэсэн үнийг төрөөс 933 төгрөг байхаар тогтоосон. Хувьцаагаа төрд буцааж өгөөд мөнгөө авах хүсэлт гаргасан 1.2 сая иргэн  байгаа. Ойролцоогоор тооцоолбол, 1.2 тэрбум ширхэг хувьцааны үнэд иргэддээ төрөөс 1.1 их наяд төгрөг өгөхөөр болчихоод байгаа. Өнөөдрийн байдлаар төрд ийм боломж байхгүй. Иргэдээс авсан хувьцаанаасаа төр 553 аж ахуйн нэгжид 8.5 сая ширхэг хувьцааг худалдсан. Одоо юуны өмнө мөнгөө аваагүй иргэдийн хувьцааг тэдгээрийн нэр дээр буцааж бүртгэх ажлыг яаралтай хийх хэрэгтэй байгаа. Цаашдаа энэ хувьцаа ашигтай байх эсэх нь Эрдэнэс Таван толгой компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийх нь зах зээлийн үнэ, бусад олон зүйлээс шалтгаална. Засгийн газрын зүгээс энэ компанийг амжилттай ажиллуулахтай холбоотой гэрээ хэлэлцээрүүдийг хийж байна. Тодорхой цаг хугацааны дараа үр дүн нь сайнаар гарна гэж итгэж байна.

-Төрийн мэдлийн компа­ниудыг хувьчлах ёстой, Төрийн өмчийн хороо татан буугдах ёстой талаар яригддаг. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцааны 30 орчим хувийг төрийн мэдлийн компаниудын хувьцаа эзэлдэг. Эдгээр хувьцаанууд арилжаалагддаггүй, хөрвөх чадваргүй, зах зээлийн үнэлгээ байхгүй үхмэл санхүүгийн хэрэгсэл болчихоод байгаа. Хувьчлах арга хэлбэрийг Засгийн газар өөрөө тогтоож байгаа. Хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах чиглэлийг УИХ-ын тогтоолоор өгсөн байдаг. Ер нь хөрөнгийн биржээр нээлттэй, ил тод байдлаар томоохон хөрөнгө оруулагчдын дунд өрсөлдөөнтэй байдлаар хувьцааг нь нээлттэй худалдаж чадвал төр хөрөнгөө хамгийн өндөр үнэ хүргэх боломжтой  болохоос гадна мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдын менежементээр үнэ цэнэтэй томоохон паблик компаниуд болох боломжтой. Одоогоор  эдгээр компаниуд ихэнх нь алдагдалтай байгаа. Гэхдээ бизнесийн хүчин зүйлээс гэхээсээ илүү зохистой удирдлагагүй, менежментийн арга барилаас шалтгаалсан алдагдлууд нийтлэг байгаа.

-Хувьцаат компани болж иргэдэд хувьцаагаа зарсан Анод, Зоос банк дампуурсан. Тэрхүү жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлын асуудал хэрхэж байгаа вэ?

-Анод банкны хувьд асуу­дал нь бүх шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Нийт 1248 хувьцаа эзэмшигчийг хохирогчоор тогтоож, хо­хир­лыг тухайн үеийн банк­­­ны удирдлагууд төлж барагдуулахаар 2013 онд шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх ажил­лагаа хийгдэж байгаа боловч бодитойгоор барагд­сан хохирол байхгүй бай­на. Зоос банкны тухайд Мон­голбанкнаас Эрх хүлээн авагч томилогдож, татан буулгах ажиллагаа хийгдэж байна. Банк дампуурсан,  татан буугдсан тохиолдолд төлбөрийг барагдуулах дарааллыг Иргэний хууль болон Банкны тухай хууль тогтоомжоор хатуу  тогтоосон байдаг. Хуулийн энэ зохицуулалт хувь нийлүүлэгчдийг том, жижиг гэж ялгахгүйгээр адилхан санхүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Дарааллын хувьд бүх өр төлбөрийг барагдуулсны дараа хөрөнгө үлдвэл хувь тэнцүүлэн хувааж өгөх байдаг.  Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироохгүй байх бүхий л боломжит арга хэлбэрийг хайж, Монголбанк болон эрх хүлээн авагчидтай ажиллаж байна.

-Гадны банкууд орж ир­вэл гадны хөрөнгө оруу­лаг­чид уг банкаар дамжуулж хөрөнгийн зах зээлд оролцож энэ салбар хөгжинө гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Хөрөнгийн зах зээлд ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл бол мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид, түүн дотор хөрөнгө орууулалтын банк болон сангууд байна. Гадаад дотоод гэж ялгахгүйгээр энэ салбарт үйл ажиллагаа явуулах боломжийг нь аль болох нээлттэй байлгах, уян хатан бодлого хэрэжүүлнэ ээ. Зохицуулалтын арга хэлбэрээрээ дамжуулж, зах зээлийн тогтвортой байдлыг хангах, эрсдлийг хянах эрх бидэнд байгаа. Ялангуяа гадаадын томоохон хөрөнгө оруулалтын банк, сангууд дотоодын санхүүгийн байгууллагуудтай хамтарсан хэлбэрээр ажиллахыг ихээхэн дэмжинэ.

-Таны өмнөх удирдла­гууд бүр бөөнөөрөө өргөд­лөө өгч ажлаасаа татгалзсан. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс нэлээд улстөржүүлж, УИХ-ын даргыг хүчээр өргөдөл өгүүлчихлээ гэж хардаж байсан. Уучлаарай, нөгөө талаас та УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан болохоор таныг энд ирүүлэх гэсэн арга хэмжээ гэсэн хардлага ч явж байсан. Та үүнд хариулт өгнө үү?

-Мэргэжлийн хүний хувь намайг энд ажиллуулахаар томилсон. Энэ салбарт олон жил ажилласан туршлагыг маань харгалзсан байх. Өмнөх удирдлагуудыг ажлаас нь чөлөөлсөн асуудлыг бол би сайн мэдэхгүй.

 -Та УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх, бас Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, орон нутгийн намын байгууллагын даргын алба хашдаг улс төрийн албан тушаалтан байсан. Төрийн албанд ирэхээр улс төрийн бүх карьер хаагдана биз. Танд харамсалтай биш үү?

-Улстөрч байхын зорилго бол төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах процесст оролцох. Энэ өнцгөөс харвал өнөөдөр ч гэсэн би Монголын санхүүгийн салбарын бодлогын шийдвэр гаргадаг гурван том байгууллагын нэгийг төлөөлж, шийдвэр гаргахад оролцож, бодлого барилцаж байна. Тиймээс харамсах юм алга аа. Иргэн хүний хувьд Үндсэн хуулинд заасан сонгох, сонгогдох эрх маань хэзээ ч нээлттэй байгаа.

-Аймгийн намын хорооны даргаар эмэгтэй хүмүүс ажиллаж байсан тохиолдол тун цөөхөн байх шүү?

-Хөдөө орон нутагт дунд шатны намын байгууллагын даргаар эмэгтэй хүн ажил­ласан хоёр тохиолдол бай­даг. Дорнодын АН-ын дарга Цэрэнчимэг, бид хоёр. Улс төрийн карьерээ зогсоох харамсалтай биш үү гэж та асууж байна. Ер нь улс төрийн намын гишүүн төрийн бодлогыг тодорхойлох түвшинд хүрч ажиллахын тулд намын үйл ажиллагаанд оролцдог. Намд бол улс төрийн дүрмээр тоглодог. Одоо бол харин Төрийн албаны хуулийн дагуу намаасаа түдгэлзэж, төрийн албаны хэм хэмжээнд захирагдаж ажиллана.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.


 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив