Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сайханбилэгийн Засаг сайхан харагдах уу
2014 оны 11 сарын 27 [Уншсан тоо: 44716]

Засгийн газар огцрох, эс огцрох тухай яриа хэдийнэ мартагдаж, хэн Ерөнхий сайд болох тухай марафон ч дуусч, эдүгээ Засгийн газраа хэрхэн бүрэлдүүлэхэв гэдэг сэдэв өнөөдрийн дэлгэцэнд байна.

Засгийн газрын бүтэц ямар байх, сайдын алба хэн хэнд ноогдох, бас сүүлийн жилүүдийн ужиг маргаан болсон дан хийгээд давхар дээлтэйн асуудал гээд агуулга, хэлбэр, чанарын олон асуулт нэхэгдэж эхлэв. Ямартай ч 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд УИХ-д байгаа бүх намууддаа хамтрах саналыг хүргүүлсэн нь түүний эхний шийдэл байлаа. Нэгэнт 2012 оны сонгуулийн үр дүнд Монголын аль ч улс төрийн хүчин өөрсдөө дангаар Засгийн газраа байгуулах боломжгүйгээр УИХ бүрэлдсэн. Олон суудал авсан АН-ын хувьд МАН-аас бусад бүх намуудад хамтрах санал тавьж, өмнөх Засгийн газрыг байгуулж байсан бол энэ удаа аль нэгийг нь орхисонгүй. Одоо УИХ-д суудалтай МАН, ИЗН болоод МАХН, МҮАН-ын Шударга Ёс бүлгийнхэн асуудалд хэрхэн хандахаас бүх зүйл шалтгаалах болоод байна.

Шударга Ёс бүлгийн даргын мэдэгдсэнээр бол шинэ Засгийн газарт МАН орох бол одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гэрээ дуусгавар болж дахин гэрээг ямар зарчмаар байгуулахаа ярилцана гэх. Тэдний хувьд МАН-тай эвсвэл бид эвсэхгүй гэж хатуу байр суурь одоогоор илэрхийлээгүй. Цөөхөн суудалтай ч АН-тай хамтран Засаг барьж ирсэн тэд эцсийн шийдвэрээ өнөөдөр болох МАХН, МҮАН-ын Удирдах Зөвлөлийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр тогтож. Засгийн газарт багагүй эрх мэдэлтэй байсан тэд эрх мэдэл хуваалцах хүчин олшрох, бас томрох тусам таатай байхгүй нь мэдээж. ИЗНН-ын хувьд ямар ч үед АН-ын хамтрах хүчин байсаар ирсэн. Ер нь ганц АН биш, өөр намынхан Засгийн газрыг хамтран байгуулах үед уригдаж багтаж ирсэн хувьтай нам. Үүнийгээ ч дагах биз, тэгэхээ ч илэрхийлчихээд байгаа. Өмнөх Засгийн газарт уригдаагүйдээ гомдолтой явдаг МАН-ын хувьд хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь Засгийн газарт орно, нөгөө хэсэг нь орохгүй гэж. Хэсэг бүлгээрээ хуваагдчихаад энэ тухай л ярилцаж байгаа аж. Гэхдээ МАН-ын хувьд шийдвэрээ Бага хурлаараа эцэслэн нэгтгэхээр төлөвтэй. Бүлгийн дарга С.Бямбацогт ингэж мэдэгдэв. Зөвших ажлын хэсэг байгуулснаа ч зарлаж. Намууд Засгийн газарт багтах эсэх нь цаашдын төлөвд шууд нөлөөлөх үнэн ч, зэрэгцээд бас аль нэг намаас хамаарахгүйгээр шинэ Засгийн газрыг урт удаан настай байлгахад анхаарах зүйлс гэж бий. Үүнийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувьд сайхан харагдах гэхээсээ илүүтэй засаглалын хямралыг дагуулахгүй байх талаасаа бодолцох нь тун чухал юм. Юуны өмнө бүтцээ тун цомхон бас чадварлаг байлгах тал дээр анхаарах нь чухал. Элгээрээ хэвтсэн эдийн засагт илүү зардал, илүү орон тоо гарз хийгээд гамшиг. Хэдийгээр саяхан батлагдсан Засгийн газарт хөдөлгөөн оруулбал 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төсөвт тодотгол хийх шаардлага гарах учраас Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад хуучин бүтцээрээ явахаас өөр аргагүй нөхцөл тулгарч буй. Гэхдээ цомхон, чадварлаг баг энэ цаг үед түүнийг зөв харагдуулах нэг нөхцөл болно.

Нийгмийн захиалга-дан дээлтэй Засгийн газрыг байгуулах явдал. Угаасаа Засгийн газраа хянаж чадахгүй УИХ-тай болсон гэдэг шүүмжлэл хэдэн парламент дамжин яригдсаар ирсэн. Харин сүүлийн үед давхар дээлгүй, мэргэжлийн Засгийн газрыг байгуулах хэрэгтэй тухай хүчтэй яригдаж, нийгэмд ч энэ чигийн хүлээлт үүссэнийг харгалзахаас аргагүй. Дээрээс нь Ерөнхийлөгчийн зүгээс үүн дээр хатуу байр суурьтай байгаа нь Д.Зоригт, Н.Батцэрэг нарт үзүүлсэн хандлагаас харагддаг. Тэгээд ч УИХ дотроосоо сайдууд болчихвол нэгнээ хянаж чадахаа байж, тэр хэрээр төрийг сульдаадаг гэдгийг нэгэнт мэддэг болсон тул энэ удаад өөрөөр хандах биз ээ. Бас олон удаа сайдын албыг хашиж ирсэн хүнд эрх мэдэл өгөхөөсөө илүү шинэ чадварлаг хүмүүст ачааг нь үүрүүлбэл зөв болов уу. Тэгээд шахаж ажиллуулж, хяналтаа чангатгаж бас итгэлийг нь өгөөд ажиллуулах хэрэгтэй. Харин ажлаа хийж чадахгүй бол өгүүлдэг жишиг тогтоох хэрэгтэй. Үүн дээр дан дээлийг тайлахад амар талтай. Манайханд ажлаа хийж чадахгүй байгаа хүнд хариуцлага тооцож чадахгүй муу зуршил байдаг. Энэ нь нэг талаасаа фракцын зөвшилцлийн зарчмаар Засгийн газрыг байгуулдагтай холбогддог. Фракцын эрх ашгийг дээдэлдэг АН-ын хувьд шинэ Засгийн газраа байгуулахдаа тун бодолтой байгаасай билээ. Мэдээж энэ намын уламжлалт зарчим хадгалагдах ч аль болох фракцыг түшихээс зайлсхиймээр байгаа юм. Том зорилгын төлөө ажил хийнэ гэсэн ганцхан зарчимд тулгуурлаж танхимаа бүрдүүлэх нь улс оронд, АН-ын нэр хүнд, цаашдын хувь заяанд ч хэрэгтэй юм даа. Гэхдээ фракцид тулгуурладаг байдал тийм амархан засагдана гэвэл худлаа. Тиймээс Засгийн газрыг бүрдүүлэхдээ эхний дэвшилт гаргаж фракц, фракцын дан дээлтнүүдийг оруулах хувилбар байж болно. Тухайлбал, МҮДН-аас Сангийн яамны дэд сайд С.Пүрэв, "Алтангадас"-аас Эрчим хүчний яамны дэд сайд Д.Доржпүрэв, "Нэг Ардчилал"-аас нийслэлийн хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга С.Очирбат гээд фракц, фракцын төлөөлөл, бас төрийн алба шат дараатай хашиж туршлагажсан, мэргэшсэн, ажлаа мэддэг, нэр цэвэр, сайн гүйцэтгэгчдийг оруулах хувилбар байж болох шүү дээ. Түүнчлэн, салбар салбарын эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн санал санаачилгыг төрийн бодлого болгоход нөлөөлөх хэмжээнд ажиллаж чадах улс төр болон менежментийн туршлага бүхий хүмүүсийг голлох нь зүйтэй. Үгүйдээ л УИХ-д нэг удаа суучихсан хүн. Бүр цаашлаад 2016 онд нэр дэвшихгүй байлгах явдлыг ч тодорхой болгоод томилж болох юм. Энд нэгэнт дэвшил гаргах боломжгүй ахмадууд хамаарахгүй. Хэрэв АН өөрөө дан дээлтэй байлгах ажилд үлгэр үзүүлж чадвал бусад намууд ч дагана. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч дэмжих нь ойлгомжтой. Түүний зөвлөхүүдээс А.Ганбаатар, Л.Пүрэвсүрэн, Ц.Дашдорж, ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэр сайдад дуулдаж байгаа нь үүнийг батална.

Ч.Сайханбилэг Засгийн газартаа өөртэйгөө баг болж ажиллах, үгэндээ орох хүмүүсийг тавих нь зөв юм. Томчуудын бүлэглэлийн шахаагаар тавигдсан хүмүүс баг болж ажиллаж чаддаггүй нь өмнөх Засгийн газрын бас нэг алдаа байсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Н.Алтанхуягийн Засгийн газрын тухай ярихдаа түүний түшиж байсан хүмүүс, зөвлөхүүд нь чадваргүй байсан нь түүнд унахад нь нөлөөлсөн гэж хэлнэ лээ. Шинэ Ерөнхий сайд шинэ, цөөхөн, дэм болох зөвлөхүүд авах хэрэгтэй болж таарна. Тэрбээр Ерөнхий сайд болоод хэлсэн хамгийн эхний үгэндээ "Бидний гарах шийдвэрийг хэзээ ч 100 хувь алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд ч хүлээж байна" гэв. Өнөөдрийн хувьд төгс бус харагдах ч маргааш ашиг тус, үр дүн дагуулах шийдвэрийг гаргана л гэж хэлэх гэсэн байх. Популистууд, ард иргэд, хамтрагчдынхаа эв эеийг олж эдийн засгийн зүрхээ сэлбэх эрс шийдвэрийн тухай энд хэлсэн биз ээ. Гэхдээ утгагүй шийдвэр ч гэж юу байх билээ. Бас түүний хэлсэн үгэнд Н.Алтанхуяг Ерөнхий сайдын урьд нь хэлсэн үгэнд байсан үг, өгүүлбэр тэр чигээрээ явж байсан эхний шүүмжлэлүүд гараад эхэлсэн байсан. Тэгэхээр үг бэлдэж өгөхөөс эхлээд дэм болох хүмүүс олох хэрэгтэй болж таарна.

Шинэ Ерөнхий сайдын нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэж онцолсон үг шинэ Засгийн газрын үндсэн чиг шугамыг харуулж байгаа гэж ойлгогдож байгаа юм. Тэгэхээр хувийн хэвшлээ дэмжиж байж хөгжлийг авчирна гэдгээ мэддэг хүмүүс энэ Засагт багтах нь юунаас ч чухал. Түүнээс хувийн хэвшил, компаниуд, шинэ санаагаар биежсэн төслүүд, түүнээс дамжиж үүсэх үйлдвэрүүд хөгжил авчирдаг гэдгийг мэдэхгүй, эрх мэдэлтнүүдийг дагаж, улс төрд орж, эрх мэдэл, хөрөнгө зоорь цуглуулна гэсэн бодолтой хүмүүсээр дүүргэчихвэл байж боломгүй явдал болно. Өмнөх Засгийн газрыг сул харагдуулж байсан нэг зүйл бол популизм хийдэг нөхдийг эгнээндээ багтаасан явдал байсан юм. Тэдний өмнө нь хашгирч байсан үгс, Засагт ороод ажиллахад нь тун гай болсон доо. Ямар ч тэнэг гадаадын хөрөнгө оруулагч Монголын Засгийн газарт итгэхгүй байх нь мэдээж. Харин гадаадын хөрөнгө оруулалт амин чухал хэрэгцээ, энэ нь зөвхөн Монголд ч бус олон улсад энэ хууль үйлчилдэг гэдгийг ойлгодог гишүүдээр кабинетээ бүрдүүлэх нь чухал. Энэ мэт шинэ Засгийн газрыг зөв зүйтэй, бас урт удаан тогтвортой ажиллуулах олон үндэслэл шалтгаан байна. Харин үүнийг шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэрхэн үлгэрлэн залж ажиллахыг одоогоор мэдэхгүй байна. Ямартай ч үндэсний эрх ашгаа харж, том зургаа дэглэж Засгийн газарт бүх намуудыг урьж чадлаа. Нөгөө хэд нь асуудалд яаж хандахаас олон зүйл шалтгаална. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ыг улс эх орны ашгийн үүднээс асуудалд хандана биз ээ хэмээн илэрхийлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН-ынхныг гуйлгаж байгаад орно гэсэн хүслийг нь тэд гүйцэлдүүлж байна. Бие даагч гурван нөхөр МАНАН үүссэн тохиолдолд төрийн хяналтын чиг үүргийг гүйцэтгэж сөрөг хүчин болж ажиллана гэж мэдэгдээд байгаа. Гурван хүний сөрөг хүчин байна ч гэж юу л бол, тэр тусмаа бие даагчдын шүү. Гэхдээ албан тушаалаар наймаалцаж Засгийн газрыг дэмждэг гэсэн муу нэртэй болсон тэдний хувьд ингэж хэлж байгаа нь сайшаалтай юм. Одоо улс орны өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж үзээд намууд цаг алдахгүй шийдвэрээ гаргаж, шинэ Засгийн газрыг байгуулах боломжийг танхимд багтсан ч, эс багтсан ч маш түргэн гаргах нь л чухал байна. Хамгийн гол нь нэн яаралтай эдийн засгаа аврах явдал байна. Ч.Сайханбилэгийн засаг сайхан харагдах эсэх нь Засгийн газраа хэрхэн эмхлэхээс эхэлнэ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив