Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Цагаан халатны эрэлд
2014 оны 11 сарын 7 [Уншсан тоо: 51793]

АН-ын хууч сэдрэв. Өөрсдийнхөө өвчнийг мэдсээр, ярьсаар, “сэргийлсээр” байсан атлаа аргагүй сурснаараа хатгалгаа авав. Хорин жил гудамжинд “ноцолдсоны үрээр” арайхийн Төрийн ордонд орж ирээд байгуулсан Засгийн газраа аанай л өөрсдөө шороотой хутгав. 1996-2000 онд төрийн эрхийг барьж байхдаа яг л ингэж байсан. Хоёр жил тэсээд л 1998 оноос эхлэн толгойгоо үгтээн  гурван Засгийн газраа нугасалж, дөрвөн Ерөнхий сайд “тодруулсан”. Тэгээд л нэгийгээ унагачихаад дараагийнхад нь орох гэж зах замбараагүй өрсөлдөөн тэмцэлдээн болж байсныг мартсан хүн үгүй ээ. Ерөнхий сайдаа МАХН-ынхантай нийлж унагасан “Элсний 13”-ынхан дундаасаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ ярьж тохироод МАХН-тай зөвшилцөхөөр элч илгээсэн байдаг. Хамгийн шог нь нэр хүргэхээр явсан нөхөр 13-уулаа ярьж шийдсэн “Ерөнхий сайдынхаа” нэрийг замдаа дараад өөрийгөө “батламжлуулахаар”  бичээд очсон байдаг. Ийм л эмгэнэлт хошин шог тэр үед өрнөж байлаа. Одоо тэр байдал дахиад өрнөхөөр болж байна. Ардчиллынхан 1998 оны тавдугаар сард М.Энхсайханы Засгийн газраа унагаж, дараа нь байгуулсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг гурван сар ч болголгүй огцруулж байлаа. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан хугацаа жинхэнэ сайдаар ажиллаж байсан үеэс давж гарсан байдаг нь Засгаа байгуулж чадалгүй хэрхэн бужигнаж байсны үзүүлэлт. Тэд Засгийн газраа амь бөхтэй байлгах гэж  УИХ дотроосоо ч байгуулж, дан гаднаас ч байгуулж, бас холимог байдлаар ч байгуулж үзэж байлаа. Гэвч асуудлын гол нь хэлбэртээ байгаагүй юм. Харин нэг нэгнийхээ дээр гарахын төлөө уралцан тэмцэлддэг АН-ын мөн чанар, ухвар мөчдийн арсалдаанд байв. Ж.Наранцацралтын Засгийн газрыг унагахдаа хуурамч захидал гээчийг гарган ирж, түүнтэй нэг кабинетад ажиллаж байсан сайд нар огцрох өргөдөлд гарын үсэг зурсан нь эмгэнэлт жүжгийн “бадрангуй” хэсэг байсан. Ардчиллынхны засаглах үедээ гаргадаг ааш араншинг харахаар галзуугийн эмнэлгийн тухай явган шог санаанд буух. Галзуугийн эмнэлгийн галзуучуудаас өглөөд хэн түрүүлж босоод цагаан халат олж өмссөн нь тэр өдрийнхөө эмч болно. Нөгөө хэд нь цагаан халат өмссөн нөхрийнхөө хэлсэн үгээр хэлээ гаргаж, зүрхээ чагнуулж, аашилж аяглаж байгаад маргааш нь өөрөө цагаан халат олж, эмч болохоор бусадтайгаа ана мана үзэлцэнэ.



АН-ынхан яг ийм төрх рүү ороод явчихлаа. Одоо хэн цагаан халат түрүүлж олж авсан нь Ерөнхий сайд болох уралдаан эхэлж байна. Хөл толгойгүй уралдаж, зах замбараагүй нанчилдах нь тодорхой боллоо. Монголд ардчилал тогтож, ардчилсан нийгмийг цогцлооход АН-ын байгуулсан гавьяа их ээ. Нэг намын засаглалаас олон намын тогтолцоонд шилжиж, ургальч үзэл, бодол санаагаа илэрхийлэх эрх чөлөөг авчрахад гайхалтай хүчин болж байсан. Энэ нь үнээн. Гэвч энэ намынхны эрх мэдэл, албан тушаалын төлөө хийрхэл, нэр төр хөөцөлдсөн байдал, загалмайлсан эцгүүд нь шуналаа барьж дийлээгүйгээс эрх мэдлийн төлөөх тэмцэлд эргэн живэхэд хүрлээ. Одоо АН-д Ерөнхий сайд болж, цагаан нөмрөг өмсөх их хүслийн дайн эхэлж байна. УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-д манай намын 35 гишүүн бий. Тэдний хэнд нь ч Ерөнхий сайд болох эрх нь бий” гээд өөрөө энэ марафонд орохгүй гэдгээ хэвлэлийнхэнд хэлсэн байсан. Тэгэхээр УИХ-д суудалтай АН-ын харьяалалтай бүх гишүүн, гадна нь байгаа түүнээс ч олон хүнд цагаан халатны төлөөх их аянд мордоно гэсэн үг. Одоо Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн тоо гарын таван хуруунаас даваад явчихаж байгаа харагдах. Гэтэл нөгөө нэг том хүчин МАН-ын жишгээс харж байхад Ерөнхий сайдад үнэндээ хоёр, үсрээд гурван хүний нэр дуулддаг байсан даа. Дээрээс нь дараагийн Ерөнхий сайд хэн болох нь тодорхой болж, тэр хүний удирдлагаар Засгийг унагах процесс явагддаг бол АН-ынхныг харж байхад зүгээр л өнөөдрийн Ерөнхий сайдаа яаж ийгээд унагаж байвал маргааш надад боломж гарч магадгүй хэмээх мөрөөдөл нүүрэндээ тодотгон кноп дарж байгаагаар ялгагдана. Яг л өнөөх цагаан халат олж авахын төлөөх уралдаан  шиг. Ийм нэг байдал өнөөдөр нүүрлээд байна. Засгаа байгуулж, төсвөө батлах цаашлаад элгээрээ мөлхөж байгаа эдийн засгаа босгох гээд их ажил бидэнд байна. Гэвч сонгогчдын саналыг авч, үгийг нь цааш дамжуулах үүрэг хүлээсэн тэр хүмүүсийн толгойд цагаан халатаас өөр зүйл алга. Эх орныхоо төлөө биш (уг тэдний ганц цээжилсэн үг нь л дээ) юм гэхэд, санал өгсөн сонгогчдоосоо ичихгүй юм гэхэд, зүгээр л хэвийн хүн байх мөн чанарын төлөө ичдэг хүн байхгүй л юм байх даа. Одоо энэ намын хүн бүр цагаан халатны эрэлд гарлаа.

Өрнөөд байгаа үйл явдлуудыг харахад, АН-ын өнөөдрийн бодит аюул бол зам зуураас орж ирсэн хүмүүс юм байна. Тэдний хувьд Засаг огцрох бүрт нь ханцуйдаа сэм инээдэг сөрөг хүчин аюултай биш. Угаасаа ил байгаа өрсөлдөгч дайсан болохгүй. Харин АН-ын өвчүүн доторх нүүрээ нуусан хүмүүс дунд л дайсан нь байж. Нэг удаа урвасан хүн дахин урвахад хэзээд бэлэн нь батлагдаж байна. Нийгмээрээ үйл явдлыг нүдээрээ хараад нэгэн дуугаар ийн нотолж байна. Өчигдөр нэгнээс урвасан хүнд маргааш нөгөөгийн араас хутга дүрэх зүй тогтол  юм байна. Энэ  мэт олон зүйлийг тэдний дүр зургаас уншиж болно.

Ямартай ч нэлээд хэдэн хүний нэр Ерөнхий сайдад дуулдаад эхэлжээ. Тэдгээр нь Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр, С.Баярцогт нарын залуучууд бас амбиц нь дарагддаггүй Р.Амаржаргал, Да. До Ганболдууд, цаашлаад Д.Дорлигжав, С.Эрдэнэ, Г.Батхүү, бүр Женко Х.Баттулгын нэр гээд ар араасаа сонстож байх шиг. Л.Гантөмөрийн хувьд Увс фракцийн зүгээс зүтгүүлж байгаа сурагтай, бас энэ чиглэлээс болон тал талын дэмжлэгийг Д.Дорлигжав авах магадлалтай ч гэнэ. Гэхдээ хамгийн бодитой байх нь Ч.Сайханбилэг гэсэн яриа дуулдана. Түүнийг нэр дэвшүүлбэл аль аль талаас дэмжлэг авч, хагараад байгаа асуудлыг хурцатгахгүй дэвэргэхгүй намжаах хүн гэж яригдаж байна. Одоо АН-ын дотоод байдал, цаашлаад улс төрд өрнөх үйл явдлууд Ерөнхий сайд болохоор нэр нь яригдаж байгаа тэр олон хүнээс биш, энэ засгаа унагахад оролцсон фракциудаас биш харин унасан Н.Алтанхуяг гэдэг хүнээс шалтгаална гэж яригдах юм. АН-д юу өрнөхийг урьдчилан хэлэх боломжгүй, учир нь хүн бүр цагаан халатын төлөө өрсөлдөх учраас байдал яаж ч эргэж магадгүй.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив