Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголын төр мал сүргийг маамуугаас илүү энхрийлнэ!
2014 оны 2 сарын 25 [Уншсан тоо: 57099]
Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө манай нэг биз­несмэн Лас-Вегаст казинод тоглож байгаад хачин юм үзсэнээ сонирхуулж ярьж байж билээ. Хүмүүс ид дун­даа тоглож байтал  тэр дун­дуур живхтэй хүүхэд харайл­гаж, харин харуул хамгаа­лал­тынхан тэр нөхрийн эцэг, эхийг олж тогтоох гэж улмаар хүүхэд хамгааллын байгуул­ла­гынхан хүүхдээ хараа хяналтгүй орхисон эцэг эхэд нь хариуцлага тооцох гээд хууль ёсны бөөн ажил болс­ныг “өнгөтөөр” ярьж өгсөн­сөн. Хүүхдээ өрөөндөө унтуул­чихаад зочид буудлын доод танхимд тоглох гээд ороод ирсэн хойно жаал хүү сэрж буугаад ирж л дээ. Тухайн үед, энэ явдлын гэрч бологч  хүн  хүүхдийн эцэг, эхэд хариуцлага тооцсонд гайхах маягтай, сонсч суусан бид ч бас чухалчлан ухаж анхаараагүй санагдана. Үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа өлсгөхгүй, өм­сөх хувцастай байлгах төдийх­нээр  явцуурах бодол­той хүмүүс манай хэнэггүй нь дэндсэн монголчууд аа. Гэвч хүн төрөлхтний эрх үүрэг, хариуцлагын хамгийн чухал нь хүүхдэд л чиглэгддэг.

Сар шинийн өмнөхөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт гарсан эмгэнэлт хэрэг хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлэн урсаар байгаа. Багийн төвдөө өвөлжиж байгаа Ц.Сансар­баярынх саахалтындаа бууз банш хийхээр явж, гэртээ 5, 7 настай охидоо үлдээжээ. Гэрээсээ гарч болохгүй шүү гээд гал өрдөж өгөөд явсны араар нь хоёр охин зуны цагт гүйгээд очиж байсан саахалт айлынх руугаа аав, ээжийн­хээ араас явсан байдаг. Тэгээд л хөхөө өвлийн хүйтэнд хоёр жаалхан охин осгож, нэг нь дүүдээ дулаан хувцсаа тайлж өмсүүлээд өөрөө хорвоог орхиж, амьд хоцорсон дүү нь өнөөдөр эмнэлэгт байна. Энэ гунигт явдлын цаана эцэг, эх болсон томчуудын хариуцлагын асуудал эн тэргүүнд яригдах учиртай. Үр хүүхдээ алдчи­хаад байгаа ээж, аавын сэтгэлд нэрмээс болж хатуу үг хаяж байгаа мэт боловч томчуудын хэнэггүй зангаас болж олон арван хүүхэд хорвоогоос цагаас эрт хальж байгаа нь бусдад алдах эрх­гүй сургамж болох хэрэгтэй. Өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх дүүргийн арван­хоёр­дугаар хороонд дөрвөн ханатай гэр шатаж, дотор нь байсан гурван настай охин амиа алдсан хэрэг гарсан. Гараад гүйе гэхнээ ээж, аав нь цоожлоод явсан байсан тул яах ч билээ. Бас Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд нэг айлд гал гарахад таван настай эгч нь гурван настай дүүгээ дээрээс нь дарж хамгаалсаар шатаж үхсэн байсан. Мөн л үр хүүх­дээ цоожлоод ажил албаа амжуулах гээд явсан хойно болсон хэрэг.

Хамгийн сүүлд гэхэд л хоёр сартай хүүхдээ машинд цоожлоод эцэг, эх нь явчихсан хойгуур ачилтын компанийн­хан нэгдүгээр эгнээнд тавь­сан машин гээд хүүхэдтэй хээтэй нь ачаад явчихсан хэрэг гарлаа. Хүүхдийн амь насанд эрсдэл учруулах шахсан гэж ачилтын компа­нийн­хан буруутгагдаж байгаа боловч үр хүүхдээ орхиод явсан ээж, аавын хариуц­ла­гын асуудал яригдах л учиртай. Энэ хэргээс улбаа­лаад сонин хэвлэлүүд сур­валж­лахад хүүхдээ машинд орхиж яваад тэрийг нь ачилтын компанийнхан ачиж явдаг тохиолдлууд олон ажээ. Тэгээд журмын хашаанаас машинаа хүүхэдтэйгээ очиж авахдаа гомдоллодог нь мөнгө төлөхгүйн аз болдог жишээний тохиолдлууд гар­даг байна. Юу гэсэн үг вэ. Хүүхдийнхээ аюулгүй байд­лыг бодохгүй байгаа хүмүүст автомашинаа байрлуулах дээр хууль дүрэм зөрчих  энүүхэнд байх  л даа. Цонхыг нь битүүлсэн машинд хүүхдээ орхивол ганцаар хоцорсон хүүхэд уйлдаг учраас маш богино хугацаанд бүтэж үхэх аюултай байдаг гэлцдэг.

Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт эмхэтгэлийн судал­гаа­гаар нэг сард дунджаар 15 хүүхэд хараа хяналтын гадна үлдсэнээс амь насаа алддаг гэсэн дүн гарчээ. Бас гэнэтийн осол гэмтлийн шалтгаанаар эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 70 шахам хувь нь 0-4 насныхан байдаг юм билээ. Энэ юуг хэлж байна гэхээр нөгөө л хараа хяналт дутагдсанаас болж байгаа хэрэг.  Хүнээр хүн хийж авна гэдэг амаргүй. Гэхдээ энэ хорвоогийн учир начрыг тунгааж амжаагүй байгаа үрстээ хэлж хянах үүргийг сайн дурын ажил мэт хүлээж авагч нийгэм-хүмүүст хариуц­лагыг мөрдөн сахихаас арга­гүй болжээ. Дэлхийн олон улс оронд хэрэгждэг эцэг, эх байх хариуцлагын ойлголт Мон­голд нэн учир дутагдалтай.

Хэн нэгний өмнө хариуц­лага хүлээдэггүй учраас яавал ч яахав гэсэн маягаар хандах явдал манайд элбэг байдаг.

Дээрээс нь Монгол Улсад хэрэгжиж буй хууль дүрэмд хүүхдийнхээ эрхэнд халдаж, эцэг эх байх үүргээ биелүү­лээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэж үгүй. Гэр бүлийн салалттай холбоотой хойд, урд нэр зүүсэн олон хүүхэд нулимстай амьдарч байна. Тэд гэр бүлийн хүчир­хийллийн гол золиос болдог. 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль батлагдаж, 2003 онд нэмэлт өөрчлөлт оруулсан ч хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд эцэг эхэд нь үүрүүлэх хариуц­ла­гын ойлголт огт байхгүй. Тиймдээ ч хүүхдүүд хүчир­хийлэлд өртөж, гэмт хэргийн золиос болж бас нэмээд хэнэггүй, хайхрамжгүйн галд бяцхан үрс хуйхлагдсаар байгааг үгүйсгэх боломжгүй.

Манайд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй. Зөвхөн гэр бүлийн дотоод асуудал гэж үздэгээс олон арван эмэгтэй­чүүд, хүүхдүүд хохирч үлд­сээр. Өнгөрсөн хавар аавдаа заазуурдуулсан гэх таван настай хүүхдийн хэрэг ч үүнийг гэрчилдэг. Гурван хүүхэд­тэй хүүхэн доромж­луу­лаад дээрэлхүүлээд тэсэхээ байгаад цагдаа дууддаг. Аз болж архи үнэртүүлсэн бол цагдаа аваад явдаг, уугаагүй бол зохицоорой гээд орхиод явдаг. Нэг удаад баригдаад саатуулагдаж байгаад гарч ирсэн аав хэдхэн сартай охиноо ширмэн тогоо руу хага шидэж, нүдийг нь гэм­тээсэн байсан. Тэгээд таван настай хүүгээ хэд хэдэн удаа заазуураар исгэж гэмтээхэд нь эмнэлгийн тусламж үзүү­лэх үеэр энэ хэрэг олон ний­тийн анхаарлын төвд очиж байгаа юм л даа. Гэлээ гээд 72 цаг суучихаад л өнөөх балмад аав гараад ирнэ. Хууль нь тийм. Үргэлжлээд зүхэлт, цөхрөлт дүүрэн амьд­рал үргэлжлэх жишээтэй. Хүүхдийн эрхийг хамгаалах хуулинд “Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуу­лах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх” гэж заасан байдаг ч, үүнийг эс мөрдсөнийг яах юм гэсэн хариуцлагын тогтолцоо байхгүй. Ерөөсөө хүн болгож төрүүлсэн юм чинь өмч хөрөн­гө нь юм шиг л тооцогд­дог феодалын үеийн ёс бидэнд байсаар байна.

Жилийн жилд хурдан морь унадаг хүүхэд багачууд амь насаа алдаж, насан туршдаа тахир дутуу болох нь цөөнгүй. Эцэг, эх нь хүүхдүү­дээ 500 мянгаас нэг сая төгрө­гөөр үнэлээд айл-”амьт­ны” морь унуулдаг учраас адаг сүүлд нь гомдолгүй гэдэг. Тэгээд л хэрэг хаагддаг. Хэрэв­зээ эцэг эхэд нь хариуцлага тооцдог тогтолцоо байсан бол асуудалд арай өөрөөр хан­дах нь мэдээж. Манайд үр хүүхдээ алсан ч дур, аварсан ч дур гэсэн шиг байдал үнэхээр гамшиглажээ. Уучлаа­рай, тэгвэл одоо төр нь хүнээ мэддэг тогтолцоонд шилжмээр байна.

Төр нь Монгол Улсад төрж иргэн нь болсон хүнийхээ өмнөөс эцэг, эх, асран хамгаа­лагч нарыг нь үүрэг­жүүлж, үүнийгээ биелүүлж чадахгүй  байгаа бол хариуц­лага тооцдог болмоор байна. АНУ-д очсон манайхан монгол маягаараа “хүмүү­жүүлж”,  асуудалд орцгоож байгаа дуулдаж л байдаг. Бүр гадных шиг хатуу биш юм аа гэхэд дорны орны өнгө аясаа хадгалсан бас хүүхдийн аюулгүй эсэн мэнд өсөн торних боломжийг хангах заалтыг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулинд тусгаж өгмөөр байна. Австралид гэхэд хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хатуу шийтгэл оногдуулахаас гадна хүүхдийг хайхрахгүй орхисон гэдэг зүйл заалтаар хүртэл хариуцлага хүлээл­гэ­дэг юм билээ. Бүүр цаашлаад үр хүүхдээ дарамталж зодож хүчирхийлж байгааг мэдсээр байж мэдэгдээгүй гэдэг заалтаар хөрш нь хүртэл ял сонсох заалттай. Ер нь хөршийн холбоо, хөршийн үүрэг чухал. Хэдхэн хоногийн өмнө АНУ-д нэг залуу бай­шин­гийнхаа гадна хүүхдээ сэгсчээд байгааг харсан иргэн дуудлага өгчээ. Цагдаа­гийнхан ирээд шалгаад үзтэл хамт байсан ээжээс нь тариа­ны зүү хатгуур илэрч. Эцэг, эх байх эрхийг түдгэлзүүлээд шүүхээр асуудлыг нь шийдэх гэж байгаа юм билээ. Африкийн Кенид гэхэд хоёр гэрийн аав, ээжийг үр хүүхдээ хайхраагүй хэргээр шүүхэд дуудаад байгаа  гэсэн мэдээлэл байна. Хүүхдээ цагт нь сургуулиас нь авахгүй байсан юм байх.  Манайд эцэг, эх нь хүүхдээ сургаж байхад нь хошуу дүрнэ гэсэн ойлголт байхгүй. Цаана нь эргээд хүүхдийн эрх яригдаж л байдаг. Монголчууд малаа төрийн хамгаалалтад байна гээд Үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн улс. Харин Монголд хүн нь тэр дундаа хүүхэд малаас дор хамгаа­лал­тад байна. Хүүхдээ хүчир­хийлдэг, хүүхдийн эрхэнд халддаг, цаашлаад хайхрамж болгоомжгүйгээсээ үр хүүхдэ­дээ эрсдэл дагуулдаг байдлыг зогсоох хамгаалалт бидэнд алга. Хүүхэд эцэг, эхийнхээ өмч төдийгүй эх орныхоо үнэт баялаг, төгс өмч. Тэд бие даасан хувь хүмүүс. Тэд малчны хотны хуц ухнын дайтай үнэлэгдэх ёсгүй. Хүүхдийн эрх зөрчиг­дөж, тэдний эрүүл энх өсөн бойжиход тусалж чадаагүй, санаатай санамсаргүй эрсд­лийн үүдийг нээж байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага хүлээл­гэдэг хууль ёс бидэнд хэрэгтэй байна. Монголын төр мал сүргийг маамуугаас илүү энхрийлнэ. Соёлт ертөнц ингэж харна.                                               



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив