Н.Алтанхуяг: Илүү олон зүйлийг даацтай, далайцтай хийх болно
2014 оны 1 сарын 22 [Уншсан тоо: 100856]

Ерөнхий сайд Но­ровын Алтанхуягтай уул­заж ярилцлаа.

Нэг. ЭХНИЙ ШАТАНД ГЭР ХОРООЛЛЫН УТААГ БАГАСГАНА

-Сайхан өвөлжиж бай­на уу, та. Ярилц­ла­гаа ямар асуултаас эхэл­бэл дээр вэ гэж бодож суулаа. Харин та утааны хэлэлцүүлэг хийгээд дуусч байхтай таарлаа. Улаанбаа­тарын утаа цаашдаа яах вэ?
-Утаатай тэмцэнэ гэж олон жил ярьж, олон тэр­бум төгрөг зарцуулсан ч яг юу хийхээ ойлгоогүй явж иржээ гэвэл хатуу­дахгүй болов уу. Хууль журамд нь өөрчлөлт орж, Ерөнхий сайдын хариу­цах ажил болж ирснээс хойш би байнга утааны асуудлаар мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж, ярилцаж байна. Өмнө нь утааг багасгахаар хийж байв. Утаа гэж юу юм бэ. Голомт нь чухам хаана байна, Улаанбаатарт хич­нээн яндан байна, тэр нь хэр хэмжээний утаа гаргаад байна гэдгийг сүүлийн сар орчмын хуга­цаанд нарийн судалж  үзэж байна. Харамсалтай нь судалгаа дутмаг, дээрээс нь авч ирсэн арга хэмжээ нь эрээвэр хураа­вар явж ирж. Ерөөсөө энд тэнд л тэмцэж байна гээд байснаас судалгаандаа тулгуурлаж гаргаж ирсэн нэгдсэн бодлого гэж байх­гүй, баахан  мөнгө л ца­цаад байсан байна. Харин сүүлийн нэг сарын хугацаанд утаа гарах шалт­гаан нөхцөл байд­лыг судлаад үзэхэд утаа­ны талаар нэг дүр зураг гарлаа. Өмнө нь Улаан­баатар хотод хэчнээн тонн нүүрс түлж байна вэ гэхэд хариулах хүн байх­гүй байлаа шүү дээ.

Одоо  станцууд, нам даралтын зуух, уурын зуух, айл өрхүүдийн хэрэглээг тус бүр дээр нь нарийвчлан гаргаж байна. Бид утаатай тэмцэх гэж байгаа бол дайснаа эхлээд судлах ёстой. Үүнийгээ дагаад стратеги тактикаа гаргаж таарна аа даа. Утаатай тэмцэнэ гээд тал, талд байж байсан хүмүүс маань одоо нэг нэгдмэл ойлголттой болж байна. Тэгэхээр бид хамгийн их утаа гаргаж байгаа зүйлээ олж, шалтгааныг нотолж, ойрын үед  яаж багасгах вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргана. Одоо бол эцсийн төлөвлөгөө гараагүй, ерөнхий дүр зургаа гаргаад явж байна.

-Утааны зовлонг арав гаруй жилийн турш л иргэд ярьж ирсэн. Ха­рин төр засгийн хэм­жээн­дээ утаа бидний асуудал байна гээд тэм­цэж эхэлсэн нь яг хэзээнээс юм бэ. Энэ хугацаанд хэдий хэм­жээний хөрөнгийг утаа­ны эсрэг зарцуулсан байдаг вэ?
-Албан ёсоор утааны гамшгийг багасгахаар үн­дэсний хороо байгуулаад ажиллаж эхэлсэн нь гур­ван жилийн өмнөөс. Энэ хугацаанд 250 орчим тэр­бум төгрөг зарцуул­сан. Тодорхой үр дүнд хүрсэн ажил байгаа юу гэвэл бий. Манайхны сайн мэддэг зуух байна. Утааг багас­гахад бодитой нөлөөтэй. Гэтэл утаа дорвитой ба­гассангүй. Зарим иргэд зуухаа зараад оронд нь үхэр авчихсан байх жи­шээтэй. Гурван зуу гаруй мянган төгрөгийн өртөг­тэй зуухыг гуч гаруй мян­ган төгрөгөөр айл өрхүү­дэд өгч байгаа. Зөрүүг нь Мянганы сорилын сан зэрэг Улаанбаатарын утааг арилгахаар ажил­лаж байгаа газруудаас өгөөд байдаг ч үр дүн нь байдаггүй. Энэ мэт бэрх­шээлүүд бас байна аа.

-Гурван жилийн дараа гэхэд утаа алга болох уу?
-Утаагүй болно. Олон улсын жишигт утааг тэдэн хувиар бууруулна гэж хэлдэг. Бид дорвитой буу­руу­лах болно. Судалгаа­ны багийн хэлж байгаа­гаар нийслэлийн утааны 70 гаруй хувь нь гэр хо­рооллын утаанаас, 20 орчим хувь нь машин техникээс, үлдсэн нь ду­лааны цахилгаан станц, зам харгуйн шороо тоос­ноос гарч байгаа юм бай­на. Тэгэхээр бид эхний шатанд гэр хорооллын утааг багасгана.


Хоёр. ЗАМ МӨНГӨ ӨГДӨГ ЮМ

-АН-ын засаг барих үед эдийн засгийн хям­рал гарч таардаг. Дан­даа хэцүү он цагуудад засаг барьдаг азгүй гэх нь ч бий. 2013 ямар он болж өнгөрөв өө?
-2013 он хэцүүхэн л жил байлаа. Зөвхөн Мон­гол бус дэлхий даяар. Гол гол бараа бүтээгдэ­хүү­ний үнэ уначихсан. Ма­найд алт, зэсээсээ ч илүү орлого авчирдаг нүүрс­ний үнэ 30 гаруй хувиар уначихлаа. 2012 онд 20 орчим сая тонн нүүрс олборлож байсан бол 2013 онд 18 орчим сая тонн нүүрс экспортолсон. Зөрүүг нь харахад хоёр сая орчмын ялгаатай ч үнэ нь хамаагүй уначи­хаар олох орлого маань багадсан. Ханш 30 ху­виар буурна гэдэг нь олж байсан орлогын маань гуравны нэг байхгүй бол­чихож байгаа хэрэг. Гэх­дээ олдог орлого маань багассан ч бай, багасаа­гүй ч бай бид зарлагаа хасахгүй бол болохгүй гэдэг нь харагдсан. Бид­ний хэрэглээ орлогоосоо хамаагүй давчихсан бай­лаа. Тиймээс манай Зас­гийн газар үүнийг багасгах гэж нэлээд ажиллалаа. Эхнээсээ мэдрэгдсэн байх. 2013 онд өмнөх шигээ цалан палан бус нэлээд хамжааргатай байж сурлаа. Хэрэгтэй хэрэггүй зүйлст мөнгө зарахаа байгаад ирэхээр зардлаа ч хэмнэж эхэлж байгаа юм.

-Өмнөх Засгийн газ­руудын үед дэлхийн эдийн засгийн байдал тааламжтай, манайх ч боломжийн, мөнгөө хаашаа хийх вэ гэдэг үе ч байлаа. Харин халаас нимгэн үеийн Засгийн газарт ороогдох асууд­лууд нь ч их байдаг. Та нэг талаасаа азгүй Ерөн­хий сайд мэт, гэх­дээ давах л ёстой даалгавар биз ээ?
-Давах л ёстой. Дэл­хийн эдийн засаг хямарч, нүүрсний үнэ унаад өн­гөр­сөн бол ч яахав. “Муу дээрээ муухай” гэгчээр өмнө нь зээлээд, хавт­гайрсан халамж болгоод тараачихсан өр бидэнд их нэрмээс боллоо. 2011, 2012 онд өсч хөгжсөн гээд л байдаг тэр үед дараа өгнө гээд их өр тавьсан. Тэр нь бидэнд их хүнд цохилт боллоо. Нэг жишээ хэлэхэд “Чалко”-гийн өр байна. Нүүрс өгнө гээд авчихсан өрийг нь бид одоо хүртэл төлж дуусаагүй. Одоо хоёр тонн нүүрс гаргана. Тэр­нийхээ төлөө нэг төгрөг ч авахгүй. Өмнөх өрөндөө өгнө. Зургаан сая тонн зэсийн баяжмал ч бас л өрөнд явлаа. Оюу тол­гойгоос бага сага орлого орж ирэх гээд л байна. Ашгүй гэхээр бас л өрөн­дөө суутгагдах жишээтэй.

Эдийн засгийн хямра­лаас гадна хүний үйл ажиллагааны улмаас хийгд­сэн ажиллагаанууд өнгөрсөн оныг улам хүнд­рүүллээ. Ард иргэдийн хувьд эдийн засгийн гэрээ хэлэлцээг сайн мэдэхгүй. Харин бодит байдал дээр  өмнөх өр ширээ дара­хаас  эхлээд шийдэх асууд­лууд их байлаа, бидэнд.

-Өмнөх Засгийн газар, эдүгээгийн сөрөг хүчнийг эрх барьж байх үед хийгдсэн өр шир­нүүд нэрмээс болсон талаар та ярилаа. Тэг­вэл танай Засгийн газ­рын тавьж байгаа “Чин­гэс”, “Самурай” бонд дараа дараадаа дарамт болох юм биш биз?
-Энэ бол хоёр өөр юм. Нэг нь болохоор эндээ байгаа баахан нүүрс, зэсээ өгнө гэж мөнгө аваад халамж болгоод тараачихсан. Ард иргэ­дэд таалагдахын тулд тараасан 21 мянган төг­рөг тэр үедээ тэгээд л алга болсон. Харин бон­дыг гадаад зах зээлээс босгож байгаа юм. Төлөх үү гэвэл төлнө. Гэхдээ бондын мөнгийг бид ха­ламж болгон хавтгай­руулж тараагаагүй.

Харин зайлшгүй шаард­лагатай авто зам, төмөр зам, үйлдвэржил­тэд зарцуулж байна. Өм­нө зээл тавиад тараа­чих­сан мөнгө үржихгүй бол “Чингэс” бонд нэг төгрө­гийг хоёр төгрөг болгоно, хоёр төгрөгийг гурав бол­гоно. Үйлдвэрт өгч байгаа мөнгө бол хэнд ч ойл­гомжтой. Нэг тонн ноо­луур боловсруулдаг байсан үйлдвэр таван тонныг боловсруулаад ирэхээр олдог нэг төгрөг нь таван төгрөг болоод явна шүү дээ.

-Үйлдвэрийн хувьд тийм байж. Зам руу ихээ­хэн хэмжээний хө­рөнгө оруулсан байгаа. Зам мөнгө өгдөггүй гэ­сэн шүүмжлэлийг сөрөг хүчнийхнээс хүчтэй хэлж байгаа шүү дээ?

-Зам мөнгө өгдөг юм. Үүнийг би биш амьдрал дээрээ үр ашгийг нь гар­гаж байгаа иргэн хэлж байна. Замын-Үүдээс Эрдэнэт хүртэл нэг тонн ачааг 350 мянган төгрө­гөөр хүргэдэг байсан бол хатуу хучилттай зам ашиглалтад орсноор 150 мянган төгрөгөөр аваа­чиж байна. Эндээс хара­хад зөвхөн нэг тонноос 200 мянган төгрөг хэмнэж байна. Үүний цаана цаг зав, тав тух, бензин шата­хуун, машины эд ангийн элэгдэл хорогдолд зар­цуулах мөнгө гээд хэчнээн олон хэмнэлт гарч болох билээ. “Чингэс” бондын мөнгө бол дандаа буцаж эдийн засгийг өсгөдөг, хүмүүсийн амьжиргаанд нэмэр болдог, өртөг зард­лыг бууруулдаг, эсвэл бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлдэг тийм л зүйлст зарцуулагдана. Үүгээрээ өмнөхөөс тэнгэр газар шиг ялгаатай.


Гурав. ГАДАГШАА ГАРГАЖ МӨНГӨ ОЛДОГ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙ. ТЭГВЭЛ ТӨРӨӨС ДЭМЖИНЭ

-Уулзваруудын нэвт­рэх чадвар дээ­шил­сэн, гацаа багассан, шинээр тавьсан замууд олон хэцүүг багасгаж өгсөн гээд хүмүүс ам сайтай байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. 2013 онд мянга гаруй км зам тавьсан гэгдэж буй. Харин нөгөө талд өмнөх Засгийн газрын хийс­нийг үргэлжлүүлсэн бо­лохоос яг тавьсан зам нь 300 км гэж мэтгэж байна. Та үүн дээр юу гэж хариулах вэ?
-Тэр хүмүүс яг эсрэ­гээр нь хэлж байна. Энэ шүүмжлэл гараад эхлэ­хээр бид бас дахиж няг­талж үзсэн. Тэгэхээр 400 гаруй км зам өмнө нь баригдаад явж байсан. Шинээр 1400 гаруй км зам барьсан. Замын-Үүд хүр­тэл 100 гаруй км-т далан энэ тэр юу ч байгаагүй, цагаан газар л байсан. Өмнө нь байсныг үргэлж­лүүлсэн нь гэвэл 300-400 км, шинээр барьсан нь 1400-1500 км.

-Та энэ онд хийх аж­лаа танилцуулахдаа үйлд­вэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулна гэсэн нь олон хүнд таа­тай мэдээ болж очсон. Гэхдээ энэ мөнгийг яг ямар чиглэлийн үйлд­вэрүүдэд зарцуулах юм бэ. Өөрсдийн уламж­лалт мал, хөдөө аж ахуйн бүтээгдэ­хүү­нээ боловсруулах чиг­лэлд хэр анхаарах вэ?
-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хамгийн их ажиглагдсан зүйл бол бид өөрсдөө юмаа хийх­гүй байгаагаас хамаг хөрөнгө гадагшаа гарч байна. Орон сууцны хө­төлбөр хэрэгжүүллээ гэхэд өөрсдөө хийдэг юм нь бага учраас бүх мөнгө гадагшаа гарч байна. Бид найман хувийн хүүтэй зээл гаргая, барилгын компаниудаа дэмжинэ гээд шийдвэр гаргахад хөрөнгийн ихэнх нь це­мент, төмөрт зарцуулаг­даад гадагшаа гараад явчихаар дэндүү харам­салтай.

Тиймээс үйлдвэр­жил­тэд зарцуулах хөрөнгө маань нэгдүгээрт гаднаас авдаг зүйлсээ дотооддоо хийвэл, хоёрдугаарт Мон­гол­доо хийсэн юмаа гадагшаа гаргаж бор­луул­бал дэмжье гэж бай­гаа. Импортыг орлуулах бүтээгдэхүүнээ эндээ хийе, эсвэл гадагшаа гар­гаж мөнгө олдог бүтээг­дэхүүн хий. Тэгвэл төрөөс дэмжинэ.

-Тэрхүү их наяд төг­рөг эздэдээ очиж чадах болов уу. Бор зүрхээ­рээ зүтгэж байгаа хү­мүүстээ биш танил тал дагаж алга болчих гээд байдаг аюул бий. Яам­даас зарласан тен­дерүүд гэхэд л хэл ам дагуулаад байгаа шүү дээ?
-Энэ асуудал дээр би өөрөө хянаж, ил тодоор шалгаруулъя гэж бодож байгаа.  Асуудлыг шийддэг нэг танхимтай болж, нээлттэй, ил тод байлгая. Хүссэн хүмүүс нь орж ирээд танилцаж, асуул­таа асууна биз. Энэ үйлдвэрийн хийх бүтээг­дэхүүн нь Монголд ямар хэрэгтэй юм, эдний бү­тээгдэхүүнийг гадагшаа гаргавал тав, арван дол­лар олж ирж чадах уу гээд олон шалгуураар шалга­руулаад эхэлбэл хүмүүст хар сэр төрөхгүй байх аа.


Дөрөв.ЮМ ХИЙХЭЭР ШҮҮМЖЛЭЛ ИРДЭГ. ЗҮЙ ТОГТОЛ НЬ ТЭР

-Сүүлийн үед яриг­даж байгаа нэг зүйл бол дан хийгээд давхар дээл­ний асуудал. УИХ-ын гишүүн сайдын ажлыг хавсарч хийдэг энэ байдлыг болих ту­хай яриад ч нэлээд уд­лаа. Үр дүн хийгээд өөрч­лөлт үгүй л байна. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Бид энэ асуудлыг шийдэх гэж янз янзаар л үзэж байсан шүү дээ. 1996 онд М.Энхсайханы Засгийн газар бүгд УИХ-ын гаднаас бүрэлдэж байлаа. Ерөнхий сайд нь хүртэл. Дараа нь бараг бүгдийг нь шахуу дотроо­соо бүрэлдүүлж ч бай­сан. Эцсийн эцэст асуу­дал нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байгаадаа ч биш юм. Ажлаа хийж чадаж байна уу гэдэг л чухал. Давхар дээл өмсөөд халууцаад, дан дээл өмсөөд жин­дээд байх юм байхгүй. Ер нь монголчууд баахан хоосон улс төр ярихаараа балардаг шүү. Ийм юмаа их яриад эхлэхээр шата­хуун, талх тарианаасаа холддог шүү. Энд тэндгүй баахан онол ярьж, мар­гацгаасан хүмүүс. Гэтэл эцсийн дүнд нь ард түмэн л хохирдог.

-Гэхдээ УИХ хянал­таа тавьж чадахгүй бо­лохоос эхлээд гишүү­ний их ажлын хажуу­гаар сайдын албыг хаш­на гээд ажил цалгар­дуулах зовлон байна бус уу?
-Би үнэндээ прагма­тик хүн. Өнөө­дөр хүмүүст бензин шатахуун, талх тариа, бүтээн байгуулал­тын асуу­дал л чухал байгаа болохоос биш тэр давхар байна уу, дан байна уу ард иргэдийн амьжир­гаанд ерөөсөө нөлөөлөх юм биш шүү дээ. Өнөөдөр Засгийн газрын гишүү­дийн олонхи нь УИХ-ын гишүүд байна л гэж бай­на. Гэтэл бид Засгийн газрын хурлаа хагас сайн өдөр хийж байгаа. Хуучин лхагва гаригт хуралддаг нь байнгын хорооны ху­рал­тай давхцдаг байсан бол одоо тийм юм байхгүй.

Би сайд нарыгаа л бүтэн өдөр илүү ажил­луулчихаж байгаа юм. Ажил хийхэд сэтгэл зүрх байвал болдог юм.

-АН боловсон хүчин муутай. Ажилд тавих гэхээр хүн байхгүй байна, сайд нарыг нь УИХ-ын гаднаас гэвэл асуудал үүснэ гэсэн яриа байдаг. Та үүн дээр юу гэж хариулах вэ?

-Манайд боловсон хүч­ний ямар ч асуудал байхгүй. Би заримдаа эргүүлээд асуумаар санагддаг юм. Улс төрийн намууд сонгуульд ялах гэж ордог биз дээ. Сон­гуульд сонгогчдын итгэ­лийг дааж гарч ирэх хүнээ дэвшүүлдэг. Ингэхдээ илэр­хий ялалт байгуулах чадалтай хүнээ дараа нь чамайг сайд болгоно, сайд хийж чадах хүн уч­раас нэр дэвшиж болох­гүй гэж хэлэх юм уу. Сай­дын ажлыг нугалж чадах чадвартай хүн өрсөлдөж байж ялалт байгуулдаг. Ийм хүмүүс л нэгдэж сон­гуульд ороод, бид ялбал ийм, ийм бодлогоо  хэрэгжүүлж байж хөгжилд хөтөлнө гэдгээ харуулдаг л зүй тогтол шүү дээ.

-Танай Засгийн газар бямба гаригт хуралд­дагийг хүмүүсийн хянал­таас хол болдог гэх нь бий, нөгөө талд таныг бүтээн байгуу­лалтын цаг, Ерөнхий сайдын 30 минут гээд хэтэрхий их ярьж байна ч гэдэг...
-Нөгөө дуугүй бай­хаар донгио гэнэ, дуутай байхаар юу гэдэг билээ. Засгийн газрын хурал­даан дуусангуут бүх мэдээллийг zasag.mn-ээр олон нийтэд тарааж, манай хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхтөр албан ёсны мэдээлэл хийдэг шүү дээ. Манай Засгийн газрын нэг онцлог бол нээлттэй байдал. Би бол үүнд илүүтэй хүчин чар­майлт гаргадаг. Би нээлт­тэй байхыг хүсдэг. Бас албаны, даргар­хаж бус харин иргэддээ энгийн ойлгомжтой ярьж ойлгуу­лахыг хичээдэг. Долоон буудлын Должин эмээд ойлгомжтой байхаар л ярьж байх ёстой. Ингэ­хээр хамаагүй задгай ярьж байна гэх нь ч бий. Төр засаг нь нээлттэй, иргэддээ ойл­гомжтой л байх нь чухал. Юм хийхээр шүүмжлэл ирдэг. Зүй тог­тол нь тэр юм. Юм хийхгүй бол шүүмжлэл байхгүй. Яг үнэндээ бүг­дийг хууч­наар нь байл­гахыг хүсдэг хүмүүс бай­на. Өөрчлөгдөх дургүй нэг хэсэг бүлэг нийгэмд байдаг юм байна. Өглөө есөн цаг хүртэл  сайхан унтах байсан чинь наймд ажил эхлүүлээд хөөгөөд босголоо гээд л эхэлнэ. Эрх ашиг нь хөн­дөгдсөн улсууд бол ямагт шүүм­жилсээр л байх юм билээ. Урьд нь хуйвал­даанаар  хэдэн төгрөг нэмж зараад ашиг олдог байсан чинь Шинэч­лэлийн Засгийн газар гараад тэгж ч бо­лохгүй, ингэж ч болохгүй гэж хууль сахиулсанд бухимдаж бай­гаа хэсэг бий. Гэхдээ бид олонхийн эрх ашгаа л дээ­дэлнэ. Харин зо­рил­готойгоор, нэг нь мөнгө өгөөд, нөгөө нь мөнгө аваад муулж байгааг яах ч юм билээ. Тийм юмнуудыг бид тоох ч үгүй.

-Саяхан танай кабинетийн хоёр сайдын асуудал орж ирэ­хэд олонхиороо аваад үлдлээ. Үнэндээ хэнийг нь ч сугалуу­лахгүй гэсэн шиг хамгаалж үлдэ­хийн оронд явуулчих нь энэ Засгийн газар өөрөө бат бөх байхад нэмэр болох байсан гэлцэх юм. Та энэ багаасаа хэнийг ч гаргахгүй гэсэн хатуу бодолтой байгаад байна уу?
-Үгүй. Муу ажиллаж байгаа бол сэлгэх л хэрэгтэй. Гэтэл энэ удаа манай овоо гайгүй ажиллаж байгаа хоёр сайдыг огцруулах асуудлыг оруулж ирсэн. Эдийн засаг хямраад дээрээс нь өмнөх өр зээлийн асуудал гээд хэцүү байхад олон улсын зах зээлээс мөнгө босгож, хэрээрээ зүтгэж байгаа хоёр сайдыг маань огцруулна гэсэн. Би бол үгүй л гэсэн. Олонхио­роо ч огцруулах шаардлагагүй гэж үзсэн.


Тав.ХУВЬЧИЛНА ГЭХЭЭСЭЭ ЭЗЭНЖҮҮЛНЭ ГЭЖ ЯРИХ НЬ ЗӨВ

-Валютын ханш өдрөөс өдөрт чангарч, дийлдэхгүй байна. Үүн дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид хичээж байгаа ч хийж чадахгүй ажлууд байгаа юу гэвэл бий. Үүний нэг нь валютын ханш. Валютын ханшийг мөнгөний бод­лого явуулдаг ганц газар болох Монголбанктайгаа хамтраад зохи­цуулах ёстой. Үүн дээр бид ахиц дэвшил гаргаж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрнө. Валютын ханш савласаар байна. Гэхдээ энэ са­вал­гааг экспортыг дэмжиж, гадагшаа гардаг валютаа багасгаж байж хийнэ. Манайд бараг хиймэл хомсдол үүсээд байна. Дотооддоо хэдэн төгрөг олонгуутаа гадагшаа авч гараад л хэрэгтэй, хэрэггүй хог авчраад байна шүү дээ. Үүнийг багасгахаас л эхлэх хэрэгтэй.

-Болиулах нь Засгийн газрын хийх ажил мөн биз дээ?
-Тийм.

-Тэгвэл Засгийн газар энэ чиглэлд ажлаа хийж чадахгүй байна гэвэл та хүлээн зөвшөө­рөх үү?
-Энэ ч нэг өдөр хийдэг ажил биш л дээ. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжээд, гадагшаа гаргадаг экспортоо олон жилийн өмнөөс дэмжээд явсан бол болох л байсан. Нэлээд олон жилийн бодлоготой үйл ажиллагаа явуулж байж тогтоно. Тэр дотоодын үйлдвэрээ дэмжээгүй, экспорт нэмэгдээгүй  байх үед яагаад болоод байсан юм гэж та асуух байх. 2011, 2012 онд Оюутолгой асар их ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, гадны хөрөнгө оруулалт оргилдоо байсан үе шүү дээ. Ямартай ч бид гадаадын хөрөнгө оруулалтыг үргээчихсэн алдаа дутагдлаа засч, хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчиллээ.

-Шинэчлэлийн Засгийн га­зарт гадаадаас хөрөнгө оруу­лалт татах байтугай хөөдөг хүмүүс багтсан гэсэн шүүмжлэл бий. Бас энэ хуулийг баталсан ч өөхөнд боосон чулуу гэгчээр тэдэнд таагүй эргэчих гох дэгээ бий учраас хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа гэлцэж байна?
-Худал үнэнээр тэгж цоллодог юм. Гэхдээ манай Засгийн газрын үед л хөрөнгө оруулалтын хууль батлагдлаа шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө “Инвест Монголиа” гэсэн арга хэмжээгээрээ бид хууль эрх зүйн орчноо шинэчилсэн, Монголд хөрөнгө оруулалт хийвэл хуулийн орчин нь ойлгомжтой, түвэг чирэгдэл, хүнд сурталгүй болсон гэдгээ зарласан. Иймэрхүү арга хэмжээ нэлээд олныг зохион байгуулж хөрөнгө оруулагчдаа татах болно. Хөрөнгө оруулалтын хуулийн тухайд гадныхан ахиц дэвшил гарлаа гэж баярлаж бай­гаа­гаа илэрхийлж байна. Гадны компаниудын хувьд болгоомжлох зүйл байгааг үгүйсгэхгүй. Хуулийг хийхдээ элдэв далд санаа агуулсан зүйл байхгүй.

-Төрийн зүгээс бизнесийн­хэнд үзүүлэх дарамт байхгүй гэдгийг батлан харуулах нь ухаа­лаг төрийн бодлого гэх боллоо. Үүний тулд таны тэр­гүүл­дэг Засгийн газар юу хийх вэ?
-Төрийн хүнд суртлыг арилгая, хээл хахууль авлигыг устгая,тэмцье. Бизнес эрхлэх нөхцөлийг сайж­руулъя, түвэг чирэгдлийг алга болгоё гээд хийж байгаа ажлууд байна. Мэргэжлийн хяналтын тог­тол­цоог их чирэгдэлтэй гэдэг бай­лаа. Тиймээс бид үүнийг өөрчлөх хуулиа өргөн барьсан. Энэ хууль батлагдвал 34 төрлийн мэргэж­лийн хяналтаас 14-ийг нь алга болгож, үлдсэн хориос 11-ийг нь чиг үүр­гийнх нь яамдад өгнө. Үлдсэн хэсэг нь зөвхөн хүний аюулгүй бай­далтай холбоотой асуудлыг хяна­даг болох юм. Төр бизнесийн сал­барт дарамт биш дэм болдог байхын төлөө ажиллана. Олон улсын үнэлгээний байгууллагуу­дын судалгаагаар Монголд бизнес эрхлэх орчин сайжирч байгаа, тэр дундаа барилгын бизнес эрхлэх боломж өмнөхөөсөө нэлээд хэдэн байр урагшилсан мэдээ байгаа. Бизнес эхлүүлэхэд шаардагдах хоног цөөрсөн. Гэхдээ цахилгаан, дулааны зөвшөөрөл авахаас эхлээд асуудал бий. Бид энэ онд хангалтгүй үзүүлэлтүүдээ сайжруу­лахын төлөө ажиллана.

-Авсан идсэнтэй холбоотой асуудлууд байнга л яригдаад байдаг. Энэ болгоныг шалгаж улс төр, тогтворгүйтэл, талцал тэмцэл болохын оронд зөвхөн урагш хараад явах нь манайх шиг цөөхөн хүн амтай орны хувьд чухал гэсэн яриа бий. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
-Далд эдийн засгийг ил бол­гохын тулд авч хэрэгжүүлдэг арга замууд бий. Эдийн засгийн бүрт­гэлд ороогүй өч төчнөөн хөрөнгүүд байдаг. Ил гаргахаар яаж олсон  юм бэ, хууль зөрчиж олсон эсэхийг тогтооно гээд асуудлууд үүсдэг. Ялангуяа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээл рүү ороход анхны хөрөнгийн хуримт­лал янз бүрийн арга замаар үүссэн байдаг. Далд эдийн засгаа ил болгох арга хэмжээ авсан дэлхийн зарим улсууд байдаг. Хэрэв ил болговол хэрэгт татахгүй эсвэл урамшуулал өгнө гэдэг ч юм уу янз бүрийн арга зам байдаг. Энэ бүхнийг бодолцох л хэрэгтэй.

-Сүүлийн үед төрд өмч бай­гаад хэрэггүй. Хүмүүст хувьч­лаад харин зохицуулах үүргийг гүйцэтгээд явах нь зөв гэж байгаа. Энэ зөв үү?
-Төрийн өмчийг хувьчилна гэхээр манайхны дунд цөөхөн хэдэн хүний өмч болоод үлдчихнэ гэх ойлголт бий. Тэгэхээр хувь­чилна гэхээсээ эзэнжүүлнэ гэж ярих нь зөв юм. Төрийн өмчийг эзэнжүүлэх нь зөв. Хоёр, гурван хүн хувьчлаад авах биш хувьцаа гаргаад олон нийтийн өмч болгодог дэлхийн жишиг ч байна. Төрийн үйлчилгээний газар байлаа гэхэд обьект нь төрийнхөө нэр дээр байдаг, үйлчилгээг нь хувьд өгчихдөг. Олон янзын арга зам, хөшүүрэг бий.

-Одоо танай намын хувьд түүхэн, хариуцлагатай он цаг үргэлжилж байна. Засгийн эрхэнд гарсан жилүүд байсан ч дараа нь түүнээсээ олон жил сөрөг хүчин явсан. Одоо хи­чээхгүй бол дахиад сөрөг хүч­нээр үлдэх зовлон бий. Танайхыг дахиад сон­го­хоос өөр аргагүй нөхцөлд хүр­гэхийн тулд та нар юу хийх вэ?

-2012-2016 он манай намын хувьд хариуцлагатай дөрвөн жил гэдэг нь үнэн. Гэхдээ дахиж сон­гогдохын тулд гэхээсээ илүү бидэнд, ардчилалд итгэж саналаа өгсөн тэр хүмүүст, бусдад нь юу чаддагаа харуулах ёстой. Үүний төлөө бид борви бохисхийлгүй ажиллах ёстой гэдгээ ойлгож байгаа.


Зургаа.БИДЭНД АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ

-Танай намынхныг дарга даамал гэж эмээлгүй хэлэх үгээ хэлдэг, байгуулсан Засгийн газ­раа хэд хэдэн ч удаа унагачихаж магадгүй хүмүүс гэсэн ойлголт байдаг. Тэр ойлголтыг арилга­хын тулд намын даргын хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд ухаан зарж ажиллах хэрэгтэй болдог уу?
-Би нэг юманд найддаг юм. Манай намынхан, УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс сөрөг хүчин байхын зовлонг биеэ­рээ туулсан. Дандаа цөөнх байлаа шүү дээ. Гэхдээ бид үүнээсээ том сургамж авсан. Бид дотроо зөр­чилд­дөг байсан нь үнэн. Эв нэг­дэлгүй байдал, дотоодын мөчөөр­хөл биднийг урагшлуулаагүй гэд­гийг ч бид ойлгосон. Яс махаараа мэдэрсэн. Нөгөө талаас бас турш­лагажсан. Олон жилийг алдсан даа. Дээр нь өрсөлдөгчийнхөө мэхэнд унахгүй байх хэрэгтэйгээ ч мэдсэн. Бид залуудаа өрсөлдөгч намынхаа мэхэнд уначихаад л хоорондоо үзэлцдэг байлаа. Одоо  мэддэг, хариуцлагатай болсон. Бидэнд алдах эрх байхгүй. Ард түмнийхээ итгэлийг дааж, илүү олон зүйлийг даацтай, далайцтай хийх болно.

-МАН-ынхан таныг удаа дараа Үндсэн хуулийг зөрчсөн гэж мэдэгдээд байгаа...

-Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг МАН-ын бүлэг ч юм уу, хэн нэгэн хүн харж байгаад хэлчихдэг зүйл биш л дээ. Тэд юу ч гэж хэлж болно. Үндсэн хуулийн Цэц л эцсийн шийдвэрийг гаргадаг.

-Сүүлийн үед МАХН-ыг хам­тарсан Засгийн газраас гаргаад МАН-тай нэгдэж магадгүй гэсэн яриа байна. Энэ яриа хамтрах итгэл өвөртөлсөн МАН-ын зарим нэгнээс ч гарч байх шиг. Танай намынханд тэдэнтэй хамтрах төлөвлөгөө байгаа юу?
-Би энэ Засгийн газрыг байгуулж байхад л анх хэлсэн дээ. МАН-тай хамтармааргүй байна. Шударга ёс эвслийнхэнтэй хамтрах болно оо гэж.

-Нөхцөл байдал өөрчлөгдвөл эсвэл сонгуулийн өмнө өөрчлөг­дөх зүйл байхгүй юу?
-Байхгүй. Ер нь энэ төр засаг тогтвортой ажиллаж, тогтвортой байх нь хэнд хэрэгтэй гээч. Хэдэн хүн дарга байх нь чухал биш бодлогоо тасралтгүй далайцтай  явуулах нь чухал.  Шинэчлэлийн Засгийн газрын хийж амжуулах ажил ард иргэдэд маань л хэрэгтэй. Бодож төлөвлөснөө амжуулахад дөрвөн жил ч багадаж байна. Гэхдээ цаг хугацаатай уралдаж бид энэ дөрвөн жилийн хугацаанд нэлээд ажлуудыг хийж чадна.

-Гэхдээ улс төрийн нөхцөл байдал яаж ч эргэж болно шүү дээ. Таны Ерөнхий сайд байх эсэх дээр тулаад ирвэл энэ бодлоо өөрчлөх үү?
-Үгүй.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш ард түмнийхээ амьдралд дэм болох ийм, ийм ажлуудыг хийлээ гэдгийг тэргүүнийх нь хувьд таны амнаас сонсмоор байна. Уучлаарай, гэхдээ “11 11” утас ч юм уу, Төрийн ордон нээлттэй болсон гэсэн зүйлсийг оруулахгүйгээр шүү. Яг шийдэлд хүргэсэн асуудлуудаас?
-Ямар ч байсан бид бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Бодитой зүйл болгож байна. Өнгөрсөн хугацаанд иргэд маань зам тавьж болдог юм байна, гудамжны уулз­варыг янзалж болдог юм байна гэдгийг харлаа, итгэлээ. Энэ ханд­лага нь өөрөө их чухал юм. Хүнд суртлыг багасгах тал дээр бид бодитой ажлуудыг эхлүүлсэн. Төрийн түшмэдийн царайг харахгүйгээр төрийн үйлчилгээг авч болох олон боломжуудыг нээлээ. Цаашид ч олныг нэвтрүүлнэ. Зарим иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүллээ. Найман хувийн зээлэнд хамрагдсан иргэд их хэмжээний мөнгийг өөртөө үлдээж чадлаа. “Нүүрс” хөтөлбөр багагүй хэмжээний мөнгийг ард иргэдэд  үлдээсэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Бензин шатахууны үнийг жилийн турш тогтвортой байлгас­наас гадна литр нь 50 төгрөгөөр хямдарсан нь иргэдийн ахуй амьд­ралд бодит нэмэр болсон гэдэгт итгэлтэй байгаа. Үнийн өсөлт 14,5 хувьтай байсныг 2013 онд нэг оронтой тоонд шилжүүлнэ гээд чадсангүй. Гэхдээ 10.5 хувьд хүргэ­лээ. Үнэ тогтворжуулах хөтөлбө­рийг бүтэн дөрвөн пунктээр буул­гасныг муугүй гэж үзэж байгаа. 2014 онд нэг оронтой тоонд оруулахаар зорьж ажиллана.

-Үнэ тогтворжуулах хөтөлбө­рийн үр дүнг би нэг л сайн ойл­гохгүй байна. Үнийн өсөлтийг буулгасан гээд байдаг гэтэл гадуур бүхий л бараа таваарын үнэ өсчихөөд байгаа шүү дээ?
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг ярьж байгаа юм. Түлш шатахуун, гурил, мах, нүүрс, барилгын материал гээд үндсэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөл­тийг бид тогтворжуулсан. Өсөөд байгаа үнэ бол ихэвчлэн гадаадаас авдаг бараа бүтээгдэхүүнийх. Гад­наас авдаг шатахуун дээрээ бод­лого явуулснаар өсөлтийг барьж чадсан. Бусад бүтээгдэхүүний үнэ ханштай Засгийн газраас ноцол­доод байх боломж байхгүй. Үүнийг мушгиад юмны үнэ өсгөхгүй гэсэн яалаа гэх нь бий. Хоёр өөр төрлийн үнэ ярьж байгааг салгаж ойлгох хэрэгтэй.

-Тантай уулзсаных Г.Дэнзэн­гийн талаар асуухгүй өнгөрч боломгүй байна. Ерөнхий сай­дын хүргэн Г.Дэнзэн гээд багагүй шуугисан. Тэр дуулианаар чадал­тай залууг цаашид өсөх боломжгүй болгосон гэж та боддог уу, эсвэл тэр нөхрөөс болж өөртөө баахан түвэг удлаа гэж санадаг уу. Тэр одоо хаана ажиллаж байгаа вэ?

-Надад түвэг энэ тэр болсон гэж бодогддоггүй. Г.Дэнзэн бол чадал­тай залуу. Одоогоос арван жилийн өмнө түүнийг МУИС-ийн мате­ма­тикийн багш байхад нь дэргэдээ ажиллуулахаар авсан юм. Тэр үед манай нам УИХ-д зөвлөл болж ажиллаж байсан. Нарийн тооцоо гаргаж чадах мэргэжлийн хүн хэрэг­тэй байсан учраас би судалж байгаад чадалтай мэргэжилтэн гэж тэр залууг олж авсан. Улсын мате­ма­тикийн олимпиадад гуравдугаар байранд шалгарчихсан сүрхий хүүхэд байсан. Миний дэргэд олон жил ажиллаж, миний шалгуур болгодог ачааллыг даагаад сурчих­сан. Манай дүүгийн охинтой танил­цаж хамтдаа амьдрах болсныг нь баахан шуугисан. Одоо Тони Блэйрийн багт ажиллаж байгаа.

-Та өөрөө физикийн багш мэр­гэжилтэй. Байгалийн шинж­лэх ухааны хүн болоод ч тэр үү, тооцоо судалгаа гэж их ярих юм аа?
-Тооцоо судалгаагүйгээр юу ч явахгүй. Заавал судалж, тооцоолж байж ажил явах ёстой. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ажил хийж болдог­гүй. Үүнийг надад физик гэдэг шинжлэх ухаан сургасан юм. Яс маханд маань шингэсэн үзэл бодол энэ юм. Манайхан тооцоо судалгаагүйгээр л асуудлыг шийд­чих гээд байдаг. Утаатай тэмцэнэ л гээд байдаг ямар ч тооцоогүй л явж ирсэн байх жишээтэй. Тэгэхээр утаа яаж алга болох вэ дээ.


Долоо.БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЦОО ШИНЭ АРГААР АЖИЛЛАЖ БАЙНА

-Таныг заримдаа жижиг зүйлд их оролцдог гэж шүүмжлэх нь бий. Ерөнхий сайд байж гудамжинд нүүрс тараалаа гэж яригдсан. Жижиг зүйлд ордог гэсэн шүүмжлэлийг та хүлээж авах уу?
-Би багаасаа олон хүүхэдтэй гэр хорооллын айлд өссөн. Гэр хорооллынхны зовлон жаргалыг сайн мэднэ. Манай иргэдийн дий­лэнх нь гэр хороололд амьдар­саар л байна. Тэнд амьдардаг хүмүү­сийн хувьд өвлийн цагт нүүрс ямар чухал билээ. Өвлийн улиралд таван тонн нүүрс авахад нэг тонн нь 200 мянга гэвэл сая төгрөг болчихож байгаа юм. Үүнийг буул­гах боломж байна уу гэж судлаад үзэхэд гараас гарт дамжуулахад үнэ нь хоёр дахин нэмэгдэж хү­мүүст очдог байсан. Үүнийг зохион байгуулалт хийгээд гар дээр нь шууд хүргэхэд 200 мянга биш 80 мянган төгрөг болгосон. Тэгэхээр өвөлдөө сая төгрөг зарцуулдаг байсан айл 600 мянган төгрөгөө хэмнэж эхэлсэн. Ард иргэд нь бодит орлогоо нэмэгдүүлж байгаа нь Ерөнхий сайд хүний хувьд жижиг ажил юм уу. Даргад том, жижиг асуудал гэж байх ёсгүй. Би үүнийг жижиг асуудал гэж ерөөсөө боддоггүй. Айл өрхийн асуудал бол том юм байхгүй юу. Хэн нэгэн  иргэн маань мөнгөө хэмнэж байгаа нь манай Засгийн газрын нэг амжилт. Тэгээд ч манайд үе, үеийн сайд дарга нар асуудлын гүнд ордоггүй, доод хүмүүсийнхээ бэлдсэн мэдээл­лээр ажилладаг, амьгүй албат шиг болсон байдал ажиг­лагд­даг. Би тэгж ажиллаж чадахгүй. Асуудал бүрээ мэдэж, мэдэрч ажил­лахыг хичээдэг. Үүнд дургүйцэж байгаа хүмүүс ч бас  байх шиг л байгаа юм.

-“Гудамж” төсөл шиг хүмүү­сийн хэрэгцээг хангасан, сэтгэлд хүрсэн ямар ажлыг танай Зас­гийн газар ойрын үед хийж амжуулах вэ?
-Уг ажил үргэлжилнэ. “Гудамж” төслийн хүрээнд хурдны замуудын ажил энэ онд эхэлнэ. Бас нэлээд олон жил ярьсан ч ажил болж амжаагүй төмөр замын асуудал бий. Тавантолгойгоос урагшаа явсан төмөр зам энэ оноос босч эхэлнэ. Дуусах үгүй нь тодорхойгүй байгаа. Таван толгойн цахилгаан станцын ажил эхэлж байна. Айл өрх бүрт мэдрэгдэх ажлууд гэвэл III цахилгаан станцын хүчин чадлыг нэмсэн. IV цахилгаан станцын хүчин чадлыг аравдугаар сард нэмж дуусгана. Өмнө нь жилд арван мянга гаруй айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол өнгөрсөн жил 21 мянга болсон. Энэ жил 30 мянгад хүргэх зорилт бий. Бас аймаг бүрт 1000 айлын орон сууцыг барих ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн жил дөрвөн аймгийг нийслэлтэй авто замаар холбосон бол энэ жил Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Завхан, Говь-Алтайн замыг дуусгана. Ингэхээр цаана нь баруун гурван аймаг үлдэж байгаа юм. Гэхдээ бид энэ ажлаа нарийн тооцоолж, тө­лөв­лөж хийдэг учраас ашиглалтад оруулна гэсэн бол оруулах л болно. Бид төлөвлөчихөөд зүтгэж ажил­лаж байна. Хоцорч байгаа ажлаа хурдасгах гээд түмэн янзаар л ажиллаж байна даа. Бид бүтээн байгуулалтын цоо шинэ аргаар ажиллаж байгаа. Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг хараад суухгүй. Төсвийн хөрөнгө оруулалт, бонд, бас хувийн хөрөнгө оруулалт гэсэн гурван эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулна.

Бид хувийн хөрөнгөөр өөрсдөө барьж ашиглалтад оруулж, ашгаа олчихоод төрд шилжүүлдэг, эхлээд хөрөнгө гаргаж гүйцэтгээд төрөөс мөнгөө авдаг маш олон төрлийн ажлыг дэмжиж байгаа. 2014 онд ямар ажлуудыг Концессийн гэрээ­гээр гүйцэтгүүлэх жагсаалтын эхний­хийг нь танилцуулсан, удах­гүй үргэлжлэлийг нь зарлана. Ингэ­хээр хувийн хэвшлийнхэн маань томоохон бүтээн байгуулалтанд оролцох боломжтой.

-Дулааны V цахилгаан станцын асуудал хэрхэх бол. Мөн ч удаан яригдаж байна даа?
-Их түвэгтэй явж байгаа. Газрын асуудалтай байсныг нь бид газар­тай болгосон. Хоёр компанийн маргаан байсныг нь бас шийдсэн. Тэгтэл үлдсэн ганц компани нь зарим тооцоогоо буруу хийсэн, нүүрснийхээ үнийг оруулаагүй байсан гэх жишээтэй өртөг өсгөх юм яриад жаахан бүтэл муутай ч хэлэлцээрийн түвшинд л явж байна даа.


Найм.УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БОЛ ЧИНЭЭЛЭГ
МОНГОЛ ИРГЭН ГЭЖ БИ ХАРДАГ

-Улаанбуудайн нөөцгүй болж импортоор авах болсон нь анхаа­рал татаж байгаа. Буудайгаа гаднаас авахаар болно гэдэг танай кабинетийн энэ салба­рынхан ажлаа хийж чадахгүй байгаа гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Үгүй л дээ. Өмнө нь ч гэсэн улаанбуудайн нөөцийг импортоор авдаг байсан. Дөрвөөс таван жилдээ гаднаас  авч үр сэлбэдэг тэр жишгээрээ л явж байгаа хэрэг.

-Одоо рапс гээд ургамал тариалаад газрын хөрс гэж юу ч үгүй боллоо гэх боллоо?
-Энэ асуудал яригдаад эхлэ­хээр би энэ чиглэлийн эрдэмтдийг авчраад сонссон л доо. Гэтэл тийм зүйл байхгүй ээ, улаанбуудайтай ээлжлээд тариалдаг ургамал гэж байна. Харин ямар сортыг нь тариалах вэ гэдгээрээ ялгаатай юм байна лээ. Ургамлын тос гаргаж авч байна, дизель түлш гаргаж авч байна.

-Цагаан будаа үнэд орлоо гэхэд та тэгвэл гурил идчихгүй юу гэж хэлээд шүүмжлүүлсэн. Бас өндөг үнэтэй боллоо гэхэд тансаг хэрэглээ гэж хэлсэн гээд бас л хэл аманд орсон. Та ингэж гоочлуулах үгээ өөрөө хэлээд байх шиг?
-Би өндгийг тансаг хэрэглээ гэж хэлээгүй юм аа. Үнэтэй болсон гэхэд нь идэхээ байчихгүй юу гэсэн юм. Манай гэр бүлийн хүмүүжил байдаг. Энэ болохгүй, тэр болохгүй гээд хэзээ ч урваганаж сууж байгаа­гүй. Хэрэв энэ байхгүй бол тэрийг идчихнэ, энэ болохгүй бол тэрийг гээд боломжиндоо л байж өссөн. Байхгүй болохгүйг нь харахаасаа өмнө байгаагаа эхэлж харж хү­мүүж­сэн. Тэр зангаараа л хэлчи­хээр буруудаад байгаа нь тэр. Ер нь Монгол нутгийн маань хөрсөнд ургасан ногоо, гурил, манай малын мах шиг эрүүл хүнс хаана ч байхгүй гэж би боддог. Харин гаднаас орж ирж байгаа импортын хүнс, эмийн хэрэглээн дээр бид анхаарахаас аргагүй болсон. Энэ онд бид энэ тал дээр анхаарч ажиллана. Нилээд юм хийх болно.

-Та Ерөнхий сайд болоод Япон руу  бас урд хөрш рүүгээ айлчилсан. Бас хойд хөршдөө ч айлчлах талаар яригдаж байсан. Ер нь манай улсын хувьд хоёр том хөрш бас гуравдагч хөршийн бодлого гэж аль алийг нь чу­халчлан авч явах ёстой байдаг...
-Манай улсын гадаад бодлогын чиг баримтлал нь хоёр хөрштэйгөө ойр дотно бас гуравдагч хөршүүд­тэйгээ ойр байж сайхан харилцах явдал. Манай урд хөрш Хятад бол асар том зах зээл. Энэ том зах зээлийг дагаад бид хөгжих боломж­той. Айлчлалын үеэр Хятадад нүүрс гаргахаа албан ёсны болго­сон нь олон улсын зах зээлд манай улсыг баталгаатай орлоготой байх нь гэдгийг нэг талдаа батлан харуулж байгаа юм. Бид бас хамт­ран нүүрснээс хий гаргахаар тохир­сон. Мөн асар өргөн уудам нутгаар хиллэдэг, түүхэн харилцаа­тай, хойд хөрштэйгээ хамтран ажиллах боломжууд ч их бий. Өнөөдрийн хавтгай дэлхий дээр бид нэг нэгийгээ дэмжиж, харилцан ашигтай хөгжих ёстой. Монгол Улсын тусгаар тогтнол бол чинээ­лэг монгол иргэн гэж би хардаг. Аль болох эдийн засгийн хувьд хөгжиж, иргэдийнхээ ахуй амьдралаа сайж­руулах нь бидний тусгаар тогтнолын баталгаа юм.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив