Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө
2013 оны 12 сарын 25 [Уншсан тоо: 128387]
Гудамжинд хэн нэгнийг хүчир­хийлж биед нь гэмтэл учруулсан бол, эсвэл заналхийлэн сүрдүүлж, эд хөрөнгөд нь халдаж эвдэлж хэмхэлсэн бол эрүүгийн хэрэг үүсч гэмт хэрэгт тооцогддог. Харин энэ бүх хэрэг гэр бүлийн хүрээнд буюу хаалганы цаана болж байвал хэнд ч хамаагүй мэт сэтгэхүй бидэнд бий. Бид гэр бүлийн хүчирхийллийн талаархи уламжлалт ойлголтоо өөрчлөх болжээ. Хувь хүний асуу­дал, эр эмийн хэрэг гэж боддог энэ сэдэв бол эрүүл нийгмийн хамгийн чухал нь. Хүчирхийллийн үр дага­вар өнөөдөр хэн нэгэн бүсгүй зо­дуу­рын улмаас амь насаа алдса­наар, өөрийгөө хамгаалах гэж, эсвэл арга барагдаж үр хүүхдээ дарамтаас чөлөөлөх гэсэндээ эр нөхрөө хороож шоронгийн хаалга татсанаар дуусч байна. Ингэж төгсгөлгүйгээр өөрчлөх олон арга ухаант хүнд бий сэн. Үүний тулд эхлээд толгойд гүн бат суусан тэр ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байна. Мэдээж үүнтэй зэрэгцээд  хууль эрх зүйн өөрчлөлт, эрх хязгаарлах боломжууд, үүнийг хянаж нягталж байх олон шаардлага бий.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг хэлдэг, энэ нь гэмт хэрэгт тооцогд­дог талаар бидний дийлэнхэд нь тогтсон ойлголт байдаггүй л дээ. Дунд сургуульд байхад доод дав­харт маань байдаг найз охин зарим өглөөд жигтэйхэн гунигтай, ааш муутай гарч ирдэг байлаа. Зарим өдөр жаахан гараа зангидчихаад "алчихмаар санагдаж байна" гэж нулимс цийлэгнүүлдэгсэн.  Тэгэхэд нь урд шөнө аав нь тэднийг зовоож дээ гэдгийг би мэддэг байлаа. Ээж нь гэж даруухан, ажилдаа ч мундаг эмэгтэй. Хүний өөдөөс сөрнө гэж байхгүй. Аав нь ажил хийхээ байж, өдрийн норм мэт архи нэхэж уух атлаа оройд тэднийг зовооно. Сүүлдээ найз маань ээжийгээ хамгаалж аавтайгаа тэмцэхэд шөнө орондоо орсон хойноо ээжийг нь чимхэлж шөнөжин там­лаж, дагавар хүүхэд нь тэрсэлж байгаа талаар баахан гоншигнодог байсан гэдэгсэн. Энэ нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл байж гэдгийг хорь гаруй жилийн дараа л ойлгов. Жендерийн чиглэлээр хилийн чинадад номын дуу сонсч байхдаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал гэсэн тусгайлсан хичээл үзэж байж ойлгож байгаа хэрэг шүү дээ. Ааш муутай аавтай тэдний гэр бүлийн асуудал нь гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг байжээ гэж. Над мэт ийм ойлголт­той хүмүүс өнөөдөр зөндөө. Би бол Монголын нийгмийн нэг нэгж, нэг үзүүлэлт нь. Тиймээс ч гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох талаар бид тогтож ирсэн үзэл бодол, ойлголтоо өөрчилье гээд байгаа хэрэг.

Тун саяхан 21 настай залуухан бүсгүй хамтран амьдрагчдаа зодуу­лан амь насаа алдав. Хохи­рог­чийн найз охин алуурчныг зү­гээр өнгөрөөмөөргүй байна гэж хэвлэлд хандсанаар олон нийтийн анхааралд орсон. Гэвч бэл бэнчин­тэй сэжигтний ар гэрийнхэн шүүх эмнэлэгт нөлөөлснөөр өөрсдөдөө ашигтай дүгнэлт гаргуулаад авчихсан байгаа талаар бичигдэж байгаа билээ. Хэрэв найз охин нь хэвлэлд хандаагүй бол энэ хэрэг тэгсгээд л өнгөрөх байсан биз. Бас өнгөрсөн долдугаар сард Булганы Бугатад нөхөртөө жирэм олмоор зодуулсаар байгаад хорвоог орхи­сон гурван хүүхдийн эх бүсгүйн хэрэг одоо дэлгэгдэж байна. Хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн талаар яриад ирэхээр охиноо алдсан ээж дуугарч эхэлсэн нь энэ. Энэ мэт мэдэгдэхгүй хэчнээн хэрэг гардаг бол.

Өнгөрсөн есдүгээр сард Говь­сүм­бэрийн багш эмэгтэйг нөхөр нь барилгын багажаар зодож бүх ясыг нь хугалж амь насыг нь хөнөөсөн байдаг. Хамт амьдрах 21 жилийн хугацаанд 31 шүдийг нь булга цохисон гэх. Ямар амьдрал вэ. Өвчин намдаах эм хийлгээд ава­хуул­сан ганц шүд яаж шаналгадаг билээ. Бусдын буулганд тэгж там­луул­чихаад, бүх ясаа хэмхчүүлэн амиа алдан алдтал нь түүнийг хэн ч анзаараагүй, түүнд хэн ч тус­лаагүй гэхээр харамсалтай. Төр улс, хууль цааз гэж байдаг юм бол хүнийг амьдаар нь тамлан алж байхад хаана байсан юм бол доо. Энэ бүхэн бидний тогтсон ойлголт бас хууль нь хүнийхээ төлөө хийгдээгүйтэй холбоотой.

2010 оны арванхоёрдугаар сараас 2013 оны есдүгээр сарын хооронд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх 49 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Гэвч энэ бол үй олон хэргийн цөөхөн нь. Хүмүүс ихэвчлэн үүнийг гэр бүлийн хүрээний хэрэг гэж боддог. Ичдэг нуудаг. Нэр төр, гэр бүлээ хам­гаалж байна гэсэн нэрийн дор тэвчсээр байгаад эмгэнэлтэй төгс­дөг. Нийгэм нь тухайн хүнийг гэмт хэргийн золиос боллоо гэж бод­дог­гүй. Бараг хохирогчийг буруутгадаг. Цагдаа ирлээ ч нэмэр болохоосоо нэрмээс болдог. Энэ төрлийн таван хэргийн нэг нь л цагдаад бүртгэгд­дэг гэсэн судалгаа байдаг боло­хоор цагдаагийн мэдээллээр бид чих амар суугаад байж боломгүй. Дээрээс нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нэлээд нь цагдаа болон хүчний байгууллагад ажил­ла­даг хүмүүс байдаг гэсэн цочир­дом баримт байна. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажилла­гаа явуулдаг байгууллагад хандаж байгаа хүүхнүүдийн нэлээдийнх нь нөхрүүд цагдаагийн байгууллагад ажилладаг эсвэл ажиллаж байсан хүмүүс байдаг байна. Тэд ил хараг­дах­гүй газруудыг олж зодохоо мэддэг, голдуу биеийн доод хэсэг рүү нь өшиглөж зоддог аж. Бас хамгаалах байранд нуугдсан бай­хад нь мэдээлэл олж авах давуу эрхээ ашиглаад араас нь нэхээд ирчихдэг гэсэн.

Өмнөговьд нэг бүсгүй нөхрийн­хөө хүчирхийллээс айж хээр нууг­даж байна гэсэн мэдээллийг найз хүүхэн нь өгснөөр Хүчирхийллийн эсрэг төвийнхөн орон нутаг руу нь хандсан байгаа юм. Гэвч өнөөх хүчирхийлэгч нь цагдаагийн газарт ажиллаж байсан нэгэн, бусад нь ч ямрыг нь мэддэг. Тэглээ гээд хөөр­хий бүсгүйд тусалж байгаа нь үгүй, арга ядахдаа намрын сэрүүн хэдийнэ орсон цагт хээр хөдөө амь зулба­сан байхав дээ. Энэ мэт халдлагад өртөгсдийн хажуу хавиргынх нь улсууд ч үүнийг мэдээлэхээ хариуц­лага гэж мэдэрч, хууль шүүх нь ч хэв маягаа өөрчлөх ёстойг анхаа­руулж байгаа юм. Энэ талаар өнгөрсөн баасан гаригт Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэхдээ анхааруулсан билээ. Ямартаа ч улсын тэргүүн нь үүнд анхаарлаа хандуулах ёстой болсныг мэдэгд­лээ, үүнийг шат шатны байгууллага нь, хувь хүмүүс бидний асуудал гэж бодож хүлээж аваасай. Хэрэв хэн нэгэн хүүхэд хүчирхийлүүлж, дарамт­луулж байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг байж, зохих газарт нь мэдэгдээгүй бол гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял оноодог хууль Австралид байдаг. Бас эрх хязгаарлах шийдвэрийг шүүхээс гадна цагдаа гаргадаг болсон байна лээ. Гэтэл манайд цагдаа эрх хязгаарлах эрх байдаг гэдгийг нь танилцуулах л үүрэгтэй. Ийм дуудлагаар ирсэн цагдаагийн­хан гэр бүлийн маргаан бидэнд хамаа­гүй гэж үздэг бөгөөд хоорон­доо зохицохыг заавардаад орхиод явчихдаг. Бүр ихэдлээ гээд 72 цаг урьдчилан хорьдог. Ингэхдээ тэр хүний бодол санаа, хэв маягт нь өөрчлөхийн тулд юу ч хийдэггүй бөгөөд гарч ирэхдээ бүр их өс хонзогнол өвөртлөөд гарч ирдэг.  Хэдэн жилийн өмнө Хан-Уул дүүрэгт арван настай хүү  хойд эцэг нь урьдчилан хорихоос гарч ирдэг өдөр "Надаас болж аав таныг илүү их зовооно. Танд туслахын тулд хүү нь явлаа" гэж бичээд хөшигний төмрөөс өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн байсан билээ. Ер нь Монгол Улс Гэр бүлийн хүчирхийл­лийн эсрэг хуультай болоод есөн жил болж байгаа ч энэхүү хуулин­даа оруулах өөрчлөлтийг хамт батлаагүйгээс энэ мэт өрөөсгөл зохицуулалт нэмэр болох байтугай нэрмээс болж иржээ. Бас урьдчи­лан хорих төвөөс гаргаж авахын тулд өнөөх зодуулж жанчуулсан эмэгтэй талхныхаа мөнгөнөөс илүүч­лэн байж төлбөр төлөөд гаргаж авна гээч. Үүнийг Ерөнхий­лөгч "Эр хүний гараас мултраад төрийн дарамтанд ордог" гэж тодорхойлсон билээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өрт­сөн хүмүүсээс гадна хүчирхий­лэгчтэй нь ажилладаг арга олон улсын жишигт бий. Хэдийгээр тэр хүмүүсийн хэв маягийг өөрчлөхөд багагүй цаг хугацаа ордог ч амжилт дагуулдаг л юм билээ. Австралид цагаан туузтнууд буюу эрчүүдтэй­гээ ажилладаг төрийн бус байгуул­ла­гууд бий. Тэдэнд Засгийн газ­раас нь хөрөнгө мөнгө төсөвлөн өгдөг. Тийм байгууллагын ажилтан нэг эр ярихдаа "Тэдэнд айлын хүүхнийг зовоож болохгүй гэж ярихаасаа чиний охин хүүхдийг хэн нэгэн эр ингэж байна гэж төсөөл дөө" гэж ярихад их нөлөөл­дөг гэж ярьж байсан санагдана. Гэхдээ тэнд гэр бүлийн хүчирхий­лэл аборжинал өрхүүд буюу уугуул иргэдийн дунд их гардаг гэж бай­гаа. Манайд ийм хөтөлбөр байх ёстойг тодорхойлсон ч ажил хэрэг болж байсан нь үгүй. Мэргэжилтэн бэлтгэхээс эхлээд хийх зүйлүүд ч их гэнэ лээ.

Хажуу айлынх нь эхнэр, хүүхэд амь эрж, зодоон нүдээн болж байхыг дуулчихаад туслах гэж ордог хүмүүс бидэн дунд хэр олон байгаа бол. Бараг байхгүй дээ. Гэр бүлийн дотоод хэрэгт оролцож болохгүй гэж өөрсдийгөө зөвтгө­дөг. Гэвч энэ бол гэмт хэрэг. Бүр хүчирхийлэгч нь зорилготой үйлд­дэг гэмт хэрэг гэж байгаа шүү. Манайд энэ асуудалд оролцсон хүмүүсийг хэрэгт дуртай, хүний мууд дуртай гэж ирээд яллах гээд байдаг. Харин одоо иргэний үүргээ биелүүлж байгаа гэж зөвтгөдөг болмоор байна.

Өнгөрсөн тавдугаар сард таван настай хүүгээ заазуурдсан айм­шиг­тай эцгийн талаар мэдээ сонсч байсан л байх. Энэ мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан эмчийг хүмүүс буруутгасан байсан.  Бас энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө бага насны хүүхдээ мөнгө хулгайлсан хэрэгт буруутган өдөр­жин тарчлаасан эцэг, эх хоёрын хэрэг бий. Хаалгыг нь цохиж, хүүхдээ зодохгүй байхыг шаардаж эцэст нь цагдаа дуудсан бүсгүй сэтгүүлч нэгэн байсан болоод ч тэр үү энэ хэрэгт харьцангуй мэдрэмт­гий хандаж чаджээ. Гэвч манайд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг төр хамгаалалтдаа авна гэж хуулинд заасан ч хэн, яаж гэдэг нь тодор­хой­гүй учраас эргээд асуудал үүссэн. Сүүлдээ энэ мэдээллийг өгч, цагдаа дуудсан бүсгүйг  буруут­гаж эхэлсэн билээ. Гэтэл гадны орнуудад эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан тохиолдолд заавал хамаатан ах дүүс гэлтгүй зөв бодол, хэвшилтэй гэр бүлд (child carer) өсгүүлэхээр өгдөг юм билээ. Хүүхдэд хэрэгцээтэй зардал мөн­гийг улсаас тухайн айлд өгч байх жишээтэй.

Хөрсөн дээрээ зохицуулалт нь буугаагүй бас нэг асуудал бол дээр дурдсан эрх хязгаарлах арга хэм­жээ. Манайд үүнийг зөвхөн шүүх гаргах эрхтэй бөгөөд эрх хязгаар­ласан шийдвэр гарлаа гээд тэр нь хэрэгжиж байгаа нь хэнд ч падгүй. 2012 оны дөрөвдүгээр сард 22 настай үсчин бүсгүй нөхөртөө 22 удаа хутгалуулж амь насаа алдсан хэрэг гарсан. Тэрбээр цагдаа, шүүхийн байгууллагад өөрийгөө хамгаалуулахаар удаад дараа хандсан ч Монголын төр түүнийг хамгаалж чадаагүй юм. Шүүхээр эрх хязгаарлуулах шийдвэр гаргуу­лахаар хүсэлт гаргасан ч шүүхээс хороо хорины даргын тодорхой­лол­тыг нэхэж, өнөөх дарга нь амраад явчихсан байсан. Ингээд л хөөрхий бүсгүй амь насаа алдаж, нөхөр нь 22 жилийн ялтай, гурван настай хүүхэд нь өнчирч хоцорсон байх жишээтэй. Үнэндээ шүүхээс эрх хязгаарласан байлаа ч гэсэн дахиж очоод дарамталж хүчирхий­лэ­хээс нь сэргийлэх хяналтын тогтолцоо бидэнд алга. Гэтэл олон улсын жишигт шүүхээс эрхийг нь хязгаарлачихаад байхад очиж зодох дарамтлах байтугай гэр, ажил дээр нь очихыг хориглож, хүүхдийнхээ сургууль дээр үзэгдэх­гүй байх, утсаар ярьж, мессэж бичиж бүр дагаж, алсаас харж дарамт үүсгэхгүй байхыг хориг­лодог. Хэрэв үүнийг зөрчвөл хохи­рог­чийн мэдээлэл хийгээд хянал­тын багажийн тусламжтай мэдэж баривчлан саатуулахаас эхлээд ялыг нэмчихдэг учраас тэнэг хүн ч хэрэгжүүлж таардаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүмүүсийг сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэж эндүүрч боломгүй. Эрүүлээр ба­рах­гүй тэр хүмүүс байнга зорилго­той­гоор энэ хэргээ үйлддэг учраас гэмт хэрэг үйлдэхийг нь зогсоож зохицуулах л хэрэгтэй байгаа юм.

"Эхнэр, илжиг хоёрыг сард нэг удаа гөвж бай" гэсэн араб гаралтай үгийг зарим эрчүүд бахархалтай хэлж байгаа харагддаг. Бас "Эр, эмийн хооронд илжиг бүү жороол" ч гэсэн үг бий. Гэхдээ хэл язгуур хол харийн үг, хэн хэзээ хэлсэн нь тодорхойгүй хэдэн зууны өмнөх үг өнөөдрийн нийгэмд тохирохгүй. Тэр ч байтугай гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгээр нь жигшиж сэрэмж­лэх хэрэгтэй. Эхнэрээ зодож, хүүх­дээ зовоож байгаа хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл гэсэн гэмт хэрэг үйлдэж, эр эмийн хооронд жороолохгүй гэж байгаа хүмүүс эс үйлдэл хийн, иргэний үүргээ бие­лүүлээгүйгээрээ бас л гэм үйлдэж байгаа юм. Гүн ухаантан Пифагор "Эхнэртэйгээ таарамж муутай хүн­тэй хэзээ ч бүү нөхөрлө" хэмээн манай тооллын өмнөх тавдугаар зуунд хэлчихсэн юм билээ. Эхнэрээ хайрлаж чадахгүй, хамт байгаа ханьтайгаа таарч нийлж чадахгүй байгаа хүн хэзээ ч танд найз нөхөр болж чадахгүй л байхгүй юу. Тиймээс ийм сэтгэлгээгээр л тэдэнд хандаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг өөгшиж сагах боломжийг хаах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хаалттай хаалганы цаана болдог гэмт хэргийг хэн нэгэн эмэгтэй амьдралаа цаг бусаар дуусгаснаар л мэддэг болоод удлаа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив