Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Австралид сонгуулийн өдөр сурталчилгаа илүү хүчтэй явагддаг
2013 оны 9 сарын 9 [Уншсан тоо: 50351]
Сүүлийн хэдэн өдөр сонгуулиар нэвт амьсгалсан ногоон тив-Австралид бүх нийтийн сонгуулийн санал хураалт бямба гаригт буюу энэ сарын 7-ны өдөр болж дууслаа. Сонгуулиар сүүлийн зургаан жилийн турш эрх барьж байсан Хөдөлмөрийн нам байраа тавьж, хүчтэй сөрөг хүчин байж ирсэн либеральчуудын эвсэл ялалт байгуулаад байна. Ерөнхий сайд Кевин Раддын тэргүүлсэн хөдөлмөрийн намын хувьд сүүлийн 100 жилийн түүхэнд байгаагүйгээрээ ялагдал хүлээсэн нь энэ. Ерөнхийдөө Хөдөлмөрийн намынхныг иймэрхүү ялагдал хүлээх магадлалтай талаар Кевин Раддын өмнөх Ерөнхий сайд хатагтай Жулия Гиллардын үед ч яригдаж байсан. Австралийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болох түүнээс албыг нь авахаар Кевин Радд тэргүүтэй хүмүүс нэлээд эртнээс хөөцөлдсөн билээ. Хатагтай Жулиягийн өмнө Ерөнхий сайдын албыг хашиж байсан Кевин өнгөрсөн зургадугаар сард нам дотроо чухам хэнд нь илүү итгэл үзүүлэх талаар санал асуулга явуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд томоохон сонгуулийн өмнө энэ нь ихээхэн эрсдэлтэй хэрэг байсан юм. Гэвч нам доторх энэ мэт тэмцэл ялангуяа эрх баригч намынханд гардгийг манайхан юу эс андах билээ. Гэхдээ тэр нь дандаа ашиггүй байдгийг бид бас л гадарлахтайгаа улсууд хойно. 2010 оноос эхлэн Ерөнхий сайдаар ажиллаж ирсэн Жулия хэн ялагдсан нь улс төрөөс явъя гэсэн шазруун мэдэгдэл хийж, үр дүн түүний эсрэг гарснаар Кевин Радд дахин Ерөнхий сайд болсон байдаг. Гэвч  тун удсангүйгээр албаа өгөх болж байна. Тэрбээр ялагдлаа хүлээж, Австралийн 28 дахь  Ерөнхий сайдаар Тони Аббот болох нь тодорхой болмогц сонгуулийн орой буюу өнгөрсөн бямба гаригт баяр хүргэсэн. Эрх баригч нам болж, Ерөнхий сайдын суудлыг авахад 76 суудал хангалттай бөгөөд Либерал намын дарга Тони Абботын удирдсан эвсэл Төлөөлөгчдийн танхимын 150 суудлын 89-ийг аваад байна. Ялагдал хүлээсэн Хөдөлмөрийн нам 56 суудалтай үлджээ.

Австралийн сонгуулийн дүн цаг хугацааны хувьд тун амархан гарч байгаа нь анзаарагдаж байна. Ердөө санал хураалт дуусаад цагийн дараагаас Тони Абботын нам ялсан талаар улс төрийн тоймчид телевизээр яриад эхэлсэн билээ. Санал авах хугацаа 8-18 цагийн хооронд бөгөөд заавал саналаа өгөх ёстой сонгогчдын хувьд амралтын өдөр гэлтгүй эртлэн босоод саналаа өгчихдөг бололтой юм. Сүүлийн хэдэн өдрүүдэд зэврүүхэн байсан Австралид сонгуулийн өглөө тэнгэр цэлмэж, дулаарч эхэлсэн. Манай сонгуулийн үйл явцтай харьцуулан харахад энд ялгаатай зүйл цөөнгүй. Манайд сонгуулийн өдрөөс нэг өдрийн өмнө хэвлэл мэдээллийн сурталчилгаа, гудамжны зурагт самбар, тараах материалыг хорьчихдог бол энд үгүй. Гудамжинд нэр дэвшигчдийн хамгийн сайхнаараа инээж авахуулсан зурагнууд өлгөөтэй хэвээр байх. Заримыг нь манайд ч санаатай санамсаргүй нь мэдэгдэхгүй үйлддэгийн адил шүдийг нь харлуулж будаж, Гитлер сахал тавьсан шиг шоглосон нь санал хураалт дууссаны дараа ч харагдаж байна лээ. Тэр ч байтугай зурагт хуудсыг  энэ өдөр л жинхэнэ тараах юм. Сонгуулийн байрны үүдэн дээр нэр дэвшигчдийн кампанит ажилд оролцож буй оюутан голдуу нөхөд нэг нэгнээсээ өрсөн тараах материалаа хүмүүст өгч уралдана. Австралийн сонгуулийн үйл явцыг дунд нь орж ажиглах гэсэн хүсэл маань сайн дурын ажилтнаар нэг өдөр ажиллахад хүргэсэн нь энэ. Ингэсний хүчинд ч уншигчдадаа өөрийн ажиглаж харснаа хүргэх боломжийг эдлэж байна. Гэхдээ том намаас нэр дэвшиж байгаа биш харин бие даагчдын кампанит ажилд тусалсан. Нэг багш маань найздаа тусалж, кампанит ажилд нь оролцож байгаа учраас Австралийн сонгогчдод тараах материал түгээх ажил олдсон гэх үү дээ. 

Манайд санал болох өдөр тараах материал бариад зогсч байвал өөрөө төдийгүй нэр дэвшигчээ баллаад хаячихна. Харин австраличууд хэнд саналаа өгөхөө шийдэхэд нь дөхөм болно гэж үздэг бололтой юм. Манайд санал өгөх өгөхгүй нь мэдэгдэхгүй айл бүрт тараах материалаа оруулж өгдөг бол энд ирж байгаа хүмүүст атгуулах гээд шамдчих юм билээ. Ер нь сонгуулийн сүүлийн өдөр л  сурталчилгаагаа илүү хүчтэй хийдэг гэмээр юм уу даа.

Хаа газрын сонгогчид ялгаагүй л юм даа. Ерөнхийдөө манай АН, МАН шиг эндхийн Хөдөлмөрийн хийгээд Либерал гэсэн хоёр том намын дэмжигчид бол андашгүй. Ногоон нам, бие даагч энэ тэрийн материалыг тоож авахгүй. “Манай Хөдөлмөрийн намынх хаана байна” гэвэл энэ үед тухайн намын материалыг тарааж байгаа нөхрийн нүүрэнд мишээл тодрон бахархалтайгаар өгөх бол бусад нь жаахан атаархангуй хоцрох жишээтэй. Австрали ч түмэн газрын холимог улс болохоороо ёстой зүсэн бүрийн хүмүүс санал өгөх байрны гадаа ирээд дугаарлан зогсоно. Дугаарлаж байгаад л ороод явчих юм билээ. Цагаанууд ч тараах материал авахгүй, эвсэл сонголтоо хийчихсэн гээд тун сүрхий. Азиуд хаа очиж даруухан улсууд юм. Хэн тараах цаас өгнө бүгдийг нь аваад л харж эргүүлж тойрно. Залуучуудын хувьд бараг хэн дэвшиж байгаа, хэнд саналаа өгөх вэ гэдгийг тэнд дугаарлан зогсч байхдаа шийдэж байх шиг. Тэгэхээр тэрхүү манайд хууль бус гэж тооцогдох тараах материалаа сонгуулийн өдөр ч өгч байдаг арга зүгээр мэт санагдсан шүү. Сайн дурын ажилтан хийж байхдаа анзаарсан нэг зүйл бол харууд их үндсэрхэг юм. Угаасаа ч арьс өнгөний зөрүүнд хавчигдаж ирсээр цусанд  нь ч байдаг юм уу. Сонгуульд заавал оролцож саналаа өгөх үүргийнхээ дагуу ирж буй хип поп хар залуучууд хар нэр дэвшигч байвал заавал түүнд өгье гээд л асуудлаа шийдчихэж байх жишээтэй. Би Рибнга Грин, Зита Адут Нгор гэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигчийн материалыг тарааж байлаа л даа. Тэдний гарал үүсэл тавьсан зургаас нь илт. Харин хар залуучууд тэдний материалыг авангуутаа дараагийн нөхдийнхийг тоож авахаа болих бөгөөд энэ байдал нэлээд хэд хэдэн удаа давтагдсан билээ. Зарим сонгогчид Хөдөлмөрийн болоод Либерал болон Үндэсний намын эвслийн тараах материалыг аваад хэрхэн саналаа бөглөх талаар анхааралтай ажиглаж байсан шиг  юм уу даа. Тараах материал ерөнхийдөө энгийн. Нэр дэвшигчийн зураг, саналын хуудсыг хэрхэн бөглөх талаар гарын авлага, мэдээж өөрсдийгөө сонгохыг сануулна. Бас тухайн намын гол уриа, амлалт байна. Энэ үеэр бизнесийн байгуулагууд ч зүгээр суухгүй. “Өлсгөлөнг бүү сонгоорой” гэсэн яриа бүхий цамц өмссөн охид сагстай шоколадыг тэнд зогссон хүмүүст тарааж амталгаа хийлгэж яваа харагдсан. Ийнхүү  “Сникерс” брэнд сонгуулийн үеэр сэргэлэнтэж байх жишээтэй.

Хэвлэл мэдээллийн хувьд өмнөх өдрөөс нь сурталчилгаа таг болох ч сонгуулийн өдрөө мэдээллийг харамгүй цацаж байх юм билээ. Хэний кампанит ажил ямар болсон хэн юу гэж амалсан гээд сануулсан тойм бичлэгүүд их гарч байсан. Мөн  саналын эхний дүн гараад эхлэхээр жагсаалтын эхэнд бичигдсэн Кевин Радд эсвэл Тони Аббот сенатад үлдэх нь тодорхой болж байна гээд явж өгнө. Манайхан шиг ялагдсаны талд нь өгч, тэнцвэржүүлэх гээд байдаг сэтгэлгээгээр бол сонгуулийн үр дүн эхнээсээ тодорхой болоод явах нь буруу ч юм шиг. Сонгуулийн үйл явцыг гаднаас нь ажиглахад иймэрхүү зүйлс бодогдож байснаа хуваалцлаа. Энэ удаагийн сонгуулийн хувьд аль, аль нам нь сошиал буюу интернэт дэх нийгмийн сүлжээнд ихээхэн анхаарсан гэх юм билээ. Албан мэдээлэл хийж байхад нь нүүр амаа хачин болгон, нүдээ томруулж ирээд зэрэгцэн зургаа авахуулах залуу сонгогчдод дарга нар туйлын эелдэг байгаад байсан нь үүнтэй холбоотой л байх.  Харахад энгийн бага залуу ч твиттерт хэчнээн дагагчтай ч юм, фэйсбуукийн хэдэн ч найзтай юм хэн мэдлээ дээ гэж боддог биз. Хормогч зүүж хоол хийж байгаа, бөмбөг өшиглөж байгаа хоёр том намын дарга нарын дүр зураг үргэлжилсэн сонгуулийн кампанит ажил нь ийн сөрөг хүчин нь ялагч болсноор дууслаа. Сонгуулийн үеэр охидоороо гоёж, нэг нэгээр нь албан ёсны мэдэгдэл уулзалт бүр дээрээ дагуулан явж байсан Тони Абботт ийнхүү Ерөнхий сайд болж байна. Тэрбээр дүн зарлагдсанаас долоо хоногийн дотор тангараг өргөх бөгөөд ялалтаа зарлаж хэлсэн үгэндээ “Өнөөдрөөс эхлэн Австрали улс шинэ менежментээр явах болсныг зарлаж байна” гэсэн билээ. “Илүү хүчирхэг Засгийн газар, илүү хүчирхэг Австрали улс” гэсэн уриатай оролцсон эвслийнхэн хоёр сая ажлын байр бий болгож, шинэ замууд барьж, агаарын бохирдлын эсрэг бодлогыг татвараар зохицуулж, үргүй зардлыг багасган, хөлөг онгоцоор олноороо бууж байгаа цагаачдын асуудлыг зохицуулна хэмээсэн. Ийм зорилго бодолтой эвслийнхэн сонгуульд яллаа. Бид бизнесийг нээлттэй болгоно гэж тэд онцолж буй. Сонгуулийн шөнө баяраа тэмдэглэсэн ч ням гаригийн өглөө 6.30 цагт дугуйгаа унангаа ажлаа хийж, уулзалтуудаа хийсэн талаар Австралийн шинэ Ерөнхий сайдын талаар өглөөний сонингуудад нь мэдээлээд эхэлжээ. Тэгэхээр түүнийг хэр ажил хэрэгч байхыг цаг хугацаа л харуулах нь бололтой.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив