Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Х.Бат-Учрал: Монголд олсон орлого Монголдоо л шингэж байж бид хөгжиж урагшилна
2013 оны 7 сарын 24 [Уншсан тоо: 121611]
Нэг үеэ бодвол мон­гол­чууд олон зүйлээ өөрсдөө хийж чаддаг болжээ. Үндэс­ний үйлд­вэрлэлээ дэмжинэ гэж ярьдгийг бодит амьд­рал дээр нэг үндэсний ком­пани үндэснийхээ нөгөө компанийн бараа бүтээгдэ­хүүнийг ху­дал­­дан авах за­маар хэрэгжүүлдэг болж. Бас гадныхан хэдийнэ эзэлж авсан зах зээ­лийг бага, багаар өөрс­дийнх бол­гох арга за­мыг эрэлхийл­дэг бол­жээ. Ийм нэгэн бо­дол санаатай залуу захир­лыг “Шинэ цагийн Мон­гол” булан­гийн­хаа зочноор ури­лаа. Залуу сео Х.Бат-Учрал бол бетон зуурмаг, бетон эд­лэлийн үйлдвэр­лэлийн сал­барт хүч сорьж яваа үндэс­ний хөрөнгө оруу­лалттай компаниудын нэг “Про­со­лид Стандарт” ХХК-ийн гүйцэтгэх захир­лаар ажилладаг юм.

-Барилга байшин­гийн тулгуур болдог бе­тон зуур­магаа монгол­чууд өөрсдөө хийхгүй байна, гадныхан энэ салбарт хүч түрэн орж ирсэн нь Үндэсний аюул­гүй байдалд ч сөр­гөөр нөлөө­лөх талтай гэж саяхан бол­тол яригддаг байсан. Танай салбарт хаана­хын хө­рөнгө оруулалт­тай ком­па­ниуд давам­гайлдаг юм бэ?
-Ер нь ямар ч улс орны хувьд барилгын салбар тэр дундаа бетон зуурмаг, барил­гын бат бэх, даац, чанар, аюулгүй байдалд их ан­хаар­даг.

Манай улсын хувьд ба­рилгын салбарт тэр дун­даа бетон зуурмагийн үйлд­вэрүү­дийн дийлэнхийг нь Солон­гос, Хятадын хөрөнгө оруу­лалттай компаниуд үйлдвэр­лэж байна. Харин сүүлийн үед Монголын ком­па­­ниуд энэ салбарт хүч түрэн орж ирж байгаа. Иргэдийнхээ аюулгүй амар тайван аж тө­рөх батал­гаа болох энэ чухал салбарт монголчууд бид өөрс­дөө зүтгэл гарган орол­цож, тө­рөөс ч бодлогоороо дотоо­дынхоо компаниудыг дэмжин ажиллаж байна. 

Өмнө нь бетон зуурмаг үйлдвэрлэдэг гол компаниуд нь дандаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд байс­наа бодвол дотоодын хөрөн­гө оруулалттай компаниуд бас ч гэж нэмэгдэж байна. Гэхдээ зах зээлд хөлөө ол­чих­сон тэдгээр компаниудтай харьцуулахад бид бага багаар ахисаар л явна.

-Танай компани байгуу­лагдаад удаагүй байх аа. Гадны хөрөнгө оруулалт­тай том компаниудтай өр­сөлдөхөд амаргүй л байдаг байх?
-Манай “Просолид стан­дарт” ХХК байгуулагдаад удаагүй л дээ. Үйлдвэр маань ашиглалтад ороод жил л болох гэж байна. Гэхдээ мон­голчууд өөрсдөө үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч үзэхээс аргагүй энэ чухал салбартаа гар бие орол­цох нь зөв гэдэг үүднээс дотоодын хөрөнгө оруулаг­чид хамтарч байгуулсан ком­пани юм. Манайх бетон зуур­маг, бетон эдлэлийн үйлдвэр­лэл, барилга угсралт, барил­гын материалын үйлдвэрлэ­лийн чиглэлээр үйл ажилла­гаа явуулахаар байгуулагд­сан компани. Мэдээж, ихээ­хэн хөрөнгө оруулалт хийг­дэж бас зах зээлд хөлөө ол­чих­сон тэдгээр компаниудтай өрсөлдөхөд амаргүй. Гэхдээ монголчууд бид өөрсдөө бетон зуурмагаа үйлдвэрлэж цутгадаг байх ёстой, монгол­чууд бид нэгнийхээ бизнесийг дэмжиж, хамтран ажиллаж байж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэдэг том зорилго­той байгуулагдсан учраас зам зуурын бэрхшээлийг тоохгүй л зүтгэж явна даа.

Бидний уриа бол “Эх орон­доо ихийг бүтээе” гэж байгаа. Энэ уриа маань ол­ныг нуршилгүй гол зорилго, утга санааг маань илэрхийлнэ гэж бодож байна. Бид зорил­гоо “Хөгжигч хүний нөөцийг эрхэм болгон хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн, үйл­чилгээг найдвартай хүргэж салбартаа үндэсний тэргүү­лэгч компани болох” гэж тавьсан юм.

Ер нь болж өгвөл бүхий л салбарт үндэсний компаниуд л тэргүүлэгч нь болох ёстой. Тэгж байж л бид хөгжинө. Ялангуяа гадны хөрөнгө оруу­лалт харьцангуй багасч байгаа өнөө үед Монголд олсон орлого Монголдоо л шингэж байж бид хөгжиж урагшилна гэж би бодож явдаг.

-Өөрөө чухам ямар мэргэжлийн хүн бэ. Аль сургуулийг төгссөн бэ?

-Би МУИС-ийн газрын эдийн засаг, кадастрын ан­гийг төгсч, бас МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистраа хамгаалсан. Хэ­дий­гээр барилгын салбарын хүн биш ч магадгүй энэ цаг үед маш чухалд тооцогдох энэ салбарт өөрийн хүсэл сонирхлоор хүч сориод явж байна даа. Миний хувьд үн­дэсний үйлдвэрлэлээ хөг­жүүлж монголчууд өөрсдөө зах зээлдээ эзэн нь болж явах ёстой гэж бодож явдаг. Харин энэ бодол санаа маань яг энэ салбарт, удирдаж байгаа компанийн маань үйл хэргээр ил болох учраас өөрийнхөө тухай гэхээс компанийн үйл хэргээ яривал тодорхой бол­но. Энэ бүхнийг гүйцэлдүү­лэхэд манай компанийн гар сэтгэл нийлсэн мэргэжлийн ажилтнуудгүйгээр төсөөлө­хөд бэрх л дээ.

-Ажилтнууд гэснээс хамт олныхоо талаар дурд­вал?
-Манай компани байгуу­лагдаж үйл ажиллагаа явуулж эхэлснээр 30 гаруй хүнийг ажлын байраар хангасан. Эдгээр ажлын байранд ганц ч гадаад ажилтан ажил­луулаагүй. Бид багаа монгол ажилчид тэр дундаа тодор­хой ажлын туршлагатай ин­женер, техникийн ажилтнуу­даас бүрдүүлсэн. Манай ком­панид барилгын материал үйлдвэрлэлийн техникийн ухааны магистр, мэргэшсэн инженер зэрэгтэй хүмүүс, лаборант-технологич инже­нер, механик инженер, ца­хилгааны инженер, хөдөлмө­рийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер гээд инженер техникийн ажилчдаас бүрд­сэн чадварлаг хамт олон ажилладаг. Мөн гүйцэтгэх захирлын дэргэд удирдлага болон инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн хө­дөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл ажиллаж компанийн үйлдвэрлэл, үйл­чилгээний ажилд хөдөлмө­рийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг цогц байд­лаар шийдвэрлэн ажилладаг юм.

-Барилгын салбар хам­гийн түргэн хөгжиж байгаа салбар гэх боловч сайн, муу нь хамтдаа л явж байх шиг санагддаг. Гэхдээ дэвшил­тэт технологиуд бага ба­гаар нэмэгдсээр байгаа нь ажиглагдаж байна. Манай­хан нэг хэсэг каркасаа цутгаад тоосго, блокоор голдуу завсар хоорондын өрлөг, дүүргэлт хийдэг байсан бол одоо аль болох бүрэн цутгамалаар хийхийг эрмэлздэг болоо юу даа?
-Тийм ээ. Нэг хэсэг хагас цутгамал буюу хөнгөн блокон өрлөгтэй барилга ихээр баригдаж байсан бол одоо цутгамал төмөр бетон каркас бүхий барилгын дэвшилтэт технологи өргөн нэвтэрч бай­на. Тийм учраас барилгын даацын бетон, төмөр бетон бүтээцийг чанартай нийлүү­лэх манайх шиг бетон зуур­магийн үйлдвэрийн үүрэг хариуцлага ч илүү өндөрсөж байгаа хэрэг. Мэдээж, энэ нь барилгын чанарт шууд нө­лөөлнө. Хэдийгээр хуучнаа­саа зардлын хувьд өсч бай­гаа ч манай барилгын сал­барт технологийн дэвшлийг авчирч байгаа гэж болно л доо. Энэ нь эргээд барилгын чанар, насжилтад шууд нө­лөөлдөг, хүний эрүүл, аюул­гүй орчинд амьдрах нөхцө­лийг бүрдүүлж өгдгөөрөө давуу талтай юм.



-Та сая барилгын бат бэх чанар бетон зуурмагтай шууд холбоотой байдаг гэж ярилаа. Түүхий эдийн хувьд бетон зуурмагт ямар, ямар материал ордог вэ. Олдоц хэр байх вэ?
-Элс, хайрга, цемент бас нэмэлт бодисууд зэрэг байдаг л даа. Бетон зуурмагийн гол түүхий эд нь цемент гэдгийг хүмүүс мэднэ. Үндэсний ком­паниуд бетон зуурмагаа үйлдвэрлэдэг болж байгаа нь нэг дэвшил ч одоо аль болох үндэсний бүтээгдэхүүнээрээ хийдэг болоосой гэж би бод­дог юм. Үнэндээ манай дотоо­дын хэрэгцээг үндэсний цементийн компаниуд ний­лүүлж амжихгүй байгаа учраас бид урд хөршөөсөө авахаас аргагүйд хүрч байна л даа. Бидний яриад байгаа үндэсний аюулгүй байдал талаасаа харвал уг нь гад­наас авмааргүй байгаа юм. Гэхдээ нэг үеэ бодвол гэрэл гэгээтэй олон сайхан мэдээ дуулдах болсон. Үндэсний томоохон компаниуд цемен­тийн үйлдвэр байгуулах ажил­даа орчихоод байгаад бид баяртай суугаа. Одоо “Монполимет”, “МАК” гээд манай үндэсний том компа­ниудын үйлдвэрлэх цемент ямар үнэ өртөгтэй гарч ирэх бол гэж хүлээж байна. Гэхдээ дотоодын томоохон үйлдвэр­лэгчдийнх шиг үнэтэй бай­гаад байвал хэдийгээр үндэс­ний компаниа дэмжмээр бай­гаа ч бас бэрхшээл үүсэхийг нуух аргагүй. Уг нь бидний бетон зуурмагийн үйлдвэ­рүүд мөнгөө Хятад руу биш нутагтаа үлдээх хүсэл их бай­даг юм. Гэвч эндэхийн цемент нь урдаас худалдаж аваад тээвэрлэж авчрах өртгөөс өндөр байгаад байвал алийг авах вэ гэдгээ бид бодож л таарна аа даа. Гэхдээ ши­нээр нээгдэх үйлдвэрүүдэд бид асар их найдвар тавьж байгаа. Бидний гаднаас ав­даг үнийн багцаанд цементээ нийлүүлэх болов уу гэсэн хүлээлт байна.

-Таны хэлж байгаа нэ­гийгээ дэмжиж байж хамт­даа урагшилна гэдэг их сайхан санагдаж байна л даа. Ийм компаниуд, ийм залуус олон байгаасай гэж бодож байна шүү?
-Манайхан нэг үеэ бодвол өөр болсон шүү дээ. Гадаа­дын хөрөнгө оруулалттай компани, дотоодын хөрөнгө оруулалттай компани байвал үндэснийхийгээ дэмжих жи­шээтэй. Барилгын салбарт энэ байдал илүү мэдрэгдэж байгаа. Бүр хэд хэдэн барил­гын компаниуд нэгдэж барил­гын корпораци болж хамтран ажиллах болсон. Бидний хувьд албан ёсоор нэгдэж ороогүй ч үйл хэргээрээ тэд­нийгээ дэмжээд л явж байгаа.

-Барилгын материалыг монголчууд өөрсдөө үйлд­вэрлэхийг дэмжих нь зүй­тэй гэж Засгийн газраас тусгайлан хөтөлбөр гарга­сан байх аа?

-Тийм ээ. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын хөгжлийн үзэл баримт­лал”, “Барилгын материалын үйлдвэрлэлийг 2007-2015 онд хөгжүүлэх мастер төлөв­лөгөө” болон “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бод­логын баримт бичигт тулгуур­лан хөтөлбөр боловсруулсан байдаг. Монгол Улсын хэм­жээнд хийгдэх бүтээн байгуу­лалт, барилгажилтын ажлыг олон улсын стандартын шаардлагад нийцсэн эх орны үйлдвэрийн, гол нэр төрлийн барилгын материалаар хан­гах, ийм төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, барил­гын материалын үйлдвэрлэ­лийг хөгжүүлэх зорилготой хөтөлбөр л дөө. Нэгэнт төр засгаас бодлогоо гаргачих­сан, бизнес эрхлэгч бидний хувьд өөрсдөө хийх шаард­лага зорилгоо ойлгочихсон болохоор энэ салбар дорх­ноо хөгжинө гэж итгэж явдаг шүү.

-Бетон зуурмагийн чанар бол барилгын чанарт шууд нөлөөлж таарна. Хэр бат бөх болсныг яаж шал­гаж мэддэг юм бэ. Нарийн лабораториор тодорхойлно биз?
-Бетон зуурмаг нарийн технологиор хийгддэг. Эн­гийн ойлголтоор шороо уч­раас шороо тоос хамаагүй гэж үзэж болдоггүй. Бетон зуур­магийн чанарт тоос шороо нөлөөлж байдаг учраас агуу­лахын цэвэрлэгээнээс эхлээд анхаарах зүйлүүд бий. Хүнс­ний үйлдвэртэй адилтгахгүй ч чанартай бүтээгдэхүүн хийе гэвэл стандартыг өндөр түв­шинд барихаас аргагүй. Тиймээс бид түүхий эдийн агуулахаа бетон хучилттай болгож, машин техникийн угаалгын хэсэг зэргээ тус­гайлан засч тохижуулсан. Сайн чанарын түүхий эдийг сонгож авахаас л ажил эхэл­нэ шүү дээ. Манай компани хяналтын иж бүрэн төхөө­рөмж бүхий лабораторитой л доо. Гол түүхий эд болох цемент, элс, хайрганы чана­рыг тогтмол шалгаж, бүтээг­дэхүүн болоод гарахаар нь бас байнгын туршилт сорилт явагдаж байдаг. Элсний чийг­лэг, ширхэглэлийн бүрэлдэ­хүүн, элсэн дэх хайргын хэм­жээ, хайрганы нимгэн үзүүр­лэг хэсэг, элэгдэх чанар, це­ментийн барьцалдаж эхлэх, дуусах хугацаа, шахалт гулзайлтын бат бэх гээд өч төчнөөн нарийн шалгуур бий. Бетон зуурмаг дээр гэхэд л конусын суулт, агаарын агуу­ламж, бетоны температур гээд хянах зүйл их бий. Зөвхөн бид өөрсдийн лабораториор чана­рын баталгаагаа гаргаад байдаггүй бусад итгэмжлэгд­сэн лабориторид тогтмол ху­га­цаанд шалгуулж, чанараа баталгаажуулж байдаг юм.

Бетон зуурмаг гурав хо­ног­тойдоо 30-50, долоо хо­ног­тойдоо 50-80, 28 хоног­тойдоо 80-100 хувийн бат бэхийг авсан байх ёстой байдаг. Бид бүхий л нийлүүлж буй бетон зуурмагтаа албан ёсны гэрчилгээ дагалдуулж, бетоноо цутгахдаа анхаарах мэдээлэл, хэрхэн арчлах, шаардлагатай тохиолдолд хэв хашмалаа хэдэн цагийн дараа задлах, халуун хуурай нөхцөлд хэрхэн цутгах гээд дагалдах зөвлөгөөг нь хэрэг­лэгч, захиалагчдадаа өгч байдаг.

-Танай компанийн “бүтээл” хаана ямар бүтээн байгуулалт болж байна вэ?

-Одоо ид хийгдэж байгааг нь жишээлэхэд СХД-т бариг­даж байгаа 240 айлын орон сууцны барилгын ажлыг нэр­лэж болно. СХД-ийн ЗДТГ-ын захиалгаар “Номтын ам” компанийн гүйцэтгэж байгаа бүрэн цутгамал барилга л даа. Төрийн албан хаагчдыг хямд өртгөөр орон сууцтай болгох уг төсөлд бид хамтран оролцож байна. Өнөөдөр бүрэн цутгамал байрны нэг м/кв-ын үнэ 1.8 саяас л эхэлж байгаа шүү дээ. Харин уг барилгын хувьд арай хямд өртөгтэй. Өмнө нь ярьсан дээр тодруулж хэлэхэд бид хэрэг­лэгчийн захиалгын да­гуу стан­дартын шаардлага хан­га­сан БМ100-500 мар­кийн бетон зуурмагийг орц нор­мын дагуу, тухайн захиа­лаг­чийн хүсэлтийг харгалзан цаг уурын байдалд тохируу­лан үйлдвэрлэж хэрэглэгчдэд 24 цаг тасралтгүй, түргэн шуурхай нийлүүлдэг.

Түүнчлэн барилгын тал­байд хяналт тавьж ажиллах боломжийг бүрдүүлэн хэрэг­лэгч, захиалагчийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хан­ган ажиллахыг хичээдэг. Ер нь ойрын үед цахилгааны саатал их гар­даг болсон уч­раас бид өөрс­дийн нөөц болом­жийг ашиг­лан нэмэгдэл эх үүсвэрийн асуудлыг шийд­вэрлэж ди­зель генератор суурилуулж холболт хийсэн нь энэхүү эрсдлээс бүрэн хамгаалж чадсан.

Энэ мэт бидний хийж байгаа, хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа. Манайх салбартаа шинэ компани ч үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарагдах энэ салбарт дотоодын хөрөнгө оруулалттай компани гэгдэж, том зорилго тавиад ажиллаж байгаа маань бидний бахар­хал гэж хэлмээр байна даа.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив