Цахиагийн Арсландорж: Энгийн даруу амьдарч ирлээ
2013 оны 5 сарын 7 [Уншсан тоо: 98091]
-Дүүгээсээ болоод ажилгүй болж байснаас биш ажилтай болж байсан минь үгүй-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзах үедээ ах дүүсээсээ төрийн албанд ажилладаг хүн үгүй, төрийн ажлыг шударга хийж, ачаа хөнгөн явах үүднээс анхнаасаа ч тэдэндээ энэ тухай хэлж байснаа тодотгоод сүүлд ажилд томилогдсон ахыгаа ч энэ шалтгаанаар ажлаас нь татгалзуулснаа олонд дэлгэсэн билээ. Энэ уулзалтын дараа тус танхимд сууж байсан түүний ах Ц.Арсландоржоос ярилцлага авахыг хүсэхэд “Би ч юугаа ярихав” гэж эхэндээ цааргалсан ч зөвшөөрсөн юм. Төрийн тэргүүний төрсөн ах Цахиагийн Арсландоржтой ярилцсанаа хүргэж байна.

-Таныг нэг хэсэг Нийслэлийн шинэ удирдлагын бүрэлдэхүүнд орлоо гэж хэвлэлээр бичиж байсан ч удалгүй ажлаа өгсөн дуулдсан. Та яг ямар албан тушаал дээр томилогдсон байсан юм бэ?
-Би өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шийдвэрээр Улаанбаатар хотын Зам засвар, ашиглалтын компанийн даргаар томилогдож очоод нэг сар орчим ажиллаад ажлаа өгсөн дөө.

-Таныг Ерөнхийлөгчийн ах болохоор ажилд авсан гэж ойлгох хүмүүс байсан байх. Танд энэ албан дээр ажиллах саналыг хэн тавьсан бэ?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл надад энэ ажлыг хийгээч, хамтарч ажиллаач гэсэн санал тавихад дүүгийн минь нэрээр ажил өгч байна гэж би бодоогүй ээ. Харин миний энэ салбарт мэдэх туршлага, мэдлэгийг маань хэрэглэхээр санал тавьж байна гэж бодсон. Надад ч тэгж хэлсэн. Миний ажил амьдралын ихэнх нь нийслэлийн хот тохижилттой холбоотой өрнөж, үргэлжилж ирсэн хүн. БЗД-ийн тохижилт үйлчилгээний газарт гэхэд хорь гаруй жил ажилласан. Байцаагчаас нь эхлүүлээд дүүрэгтээ газрынхаа даргын албыг хашиж ирсэн.  Амьдралынхаа олон жилийг хотыг цэвэр цэмцгэр байлгахад зориулж ирсэн гэж болно. Миний туршлага мэдлэг энэ салбарт хэрэгтэй юм байна, тэрийгээ ч хоёргүй сэтгэлээр гаргаж ажиллана гэж бодож байсан. Харамсалтай нь удаан ажиллаж чадсангүй. Гэхдээ би ажилласан нэг сарын хугацаандаа 1.5 тэрбумын өртэй компанийнхаа нэг тэрбумын өрийг дарж, сарын 250 мянган төгрөгийн цалинтай ажилчдынхаа цалинг хоёр дахин нэмүүлж чадсандаа сэтгэл дүүрэн явдаг юм. Бас Шархаднаас Улаанхуаран руу явдаг нэг км замыг нэг сарын дотор тавьж чадсан шүү. Манай хамт олон шөнө оройгүй зогсч байж тэр замаа тавьж байлаа. Миний хувьд дүүргээс нь эхлээд ажиллаж ирсэн хүний хувьд нийслэл хотоо өнгөтэй өөдтэй болгох их ажилд гар бие оролцох л хүсэлтэй байсан. Гэвч болсонгүй.

-Ерөнхийлөгч хэлэхдээ надад ажилд оруулъя гэвэл долоон ах байна гэж хэлсэн. Та Ерөнхийлөгчийн хэд дэх ах вэ?
-Тийм ээ. Бид ах дүү наймуулаа. Би тав дахь нь. Манай Элбэгээ бид хоёрын дунд хоёр ч дүү бий. Би бага дүүгээсээ олон ах. Одоо жар хүрч яваа хүн шүү дээ. Дүүгээсээ аль эрт ажил амьдралдаа хүрчихсэн явсан хүн. Би дүүгээ хойно сургууль төгсч ирчихээд жагсаал цуглаан гээд яваад байхад нь санаа зовсондоо хамт явдаг байлаа. Хувьсгал хийх гэж яваад баригдахвий, өлсгөлөн зарлаж яваад өвдөх вий гэж, гэр бүл, үр хүүхдүүдэд нь дэм болъё гэж явж ирсэн. Сайд нарын зөвлөлийн Содном даргатай уулзах болоод төрийн ордонд өмсч орох костюм алга гээд ирэхэд нь хадгаламжийн дэвтрээ шавхаж байгаад шинэ костюм авч өгөөд л сууж байсан. Ардчилсан хөдөлгөөний эхний өдрөөс л жагсаал цуглаанд нь дүүгээ дагаж явж, АН-ын гишүүн болж байлаа.

Ах нар маань хөдөө голдуу мал маллаж байсан хүмүүс. Одоо бүгд өндөр насны тэтгэвэртээ гарчихсан байгаа. Хамгийн том ах маань 72 настай хөгшин бий. Нэг ах маань бурхан болсон. Дараагийн ах маань Шар хаданд хоёр үнээтэй, үнээгээ эргүүлээд  л гэр зуур байдаг. Түүний дараагийн ах маань Балдорж гээд Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэгээд би. Миний доод талын хоёр дүү маань Эрдэнэтэд хувиараа ажил хийдэг. Нэг нь гэхэд Улаантолгойд төмөр зам руу орсон малыг тууж, тор татдаг ажил хийж байх жишээтэй. Бид ингэж л ажиллаж амьдарч ирсэн. Надад уул уурхайн лиценз байхгүй, тендер авч байсангүй. Энгийн дундаж амьдралтай хүн.

-Нэг хэсэг ахыгаа ГОК-т ажилд орууллаа гэж яригдаад байсан нь Балдорж ах тань байх нь ээ?

-Ах маань Эрдэнэтийн Уулын үйлдвэр анх ашиглалтад ороход нь ажилласан. 30 гаруй жил болж байгаа. Хөдөөнөөс аав, ээж, дүүг шилжүүлэн авчирсан юм шүү дээ. Тэгэхэд Элбэгээ маань наймдугаар анги төгсөөд ирж байсан санагдаж байна. Тэгэхээр ахыг тэнд ажилд оруулсан юм хаана байхав дээ. Манайхны хэн нь ч бага дүүгээсээ аль өмнө ажил амьдралаа залгуулаад явж байсан улсууд шүү дээ.

-Та ингэхэд ямар мэргэжлийн хүн бэ, яг хаана, хаана ажиллаж явсан бэ?
-Би автын мэргэжилтэй хүн. Дээр үед дээ. Марксизм, Ленинизмийн сургуулийг төгсч дараа нь Төрийн удирдлагын академийг төгссөн. Бас Германд төрийн удирдлагын академид эрх зүйчээр сурч төгсч байсан. Надад бол айхтар өндөр боловсрол гэх зүйл байхгүй.

Ер нь би сүүн завод, төмөр зам, дүүрэг нийслэлийн хот тохижилт гэсэн хэдэн газрыг л тойрч ажиллаж ирсэн байдаг юм. Дүүрэгт хорь гаруй жил ажилласан. Тэгээд төмөр замын автобаазын даргаар ажиллаж, тэндээсээ Баянбуурал амралтын газрын орлогч даргаар ажиллаж, байгаад Бээжинд төлөөлөгчөөр суусан.

-Тэр үед бас багагүй шуугисан санагдаж байна?
-Уг нь шуугиад байхаар ажил биш л дээ. Байгууллагаас л тэнд томилсон. Тэнд төмөр замтай холбоотой гарсан асуудлуудыг шийдэж, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж, байгууллагаа төлөөлж суудаг хариуцлага  ихтэй алба байсан. Тэнд би дарга даамал хийж байгаагүй. Мөнгө санхүү захирдаггүй, хангамж цалин ч өндөргүй алба. Ер нь би эрхэлсэн ажлаа чин шударгаар сайн хийх ёстой л гэсэн шугам баримталж ирсэн. Тиймдээ ч хүмүүс надад итгэж, ажил алба хариуцуулсаар ирсэн болов уу. Үнэндээ би дүүгийнхээ нөлөөгөөр ажилд орж байсан удаагүй, Харин дүүгээсээ болоод ажилгүй болж, намаасаа арга хэмжээ л авахуулж явсан гэвэл үнэн байх.

-Өөрийнхөө амьдралаар ажиллаад явмаар байдаг гэтэл дүү нь өндөр албан тушаалтай хүн болохоор хар дагуулаад байдаг. Танд гомдолтой байдаг уу?
-Гомдох юу байхав. Ах нь үнэндээ дүүгээсээ болоод ажилгүй болж байснаас ажилтай болж байсан маань үгүй юм. Би ч яахав. Дүү маань ард түмнийхээ сонголтоор итгэлийг нь даагаад ажиллаж байгаа хүн. Ямар ч холбоогүй байхад хүмүүс буруу зөрүү ойлгоод байх нь хэцүү байдаг юм.

-Дүү тань Бага хурлын гишүүн болоод л ачаа хөнгөн явна шүү гэж хэлж байсан гэсэн…

-Үнэндээ бид нарт ч нэгнийхээ нэрээр юманд хүрье гэсэн бодол, тийм хүмүүжил ч байхгүй. Намайг Ерөнхийлөгчийн ах юм чинь сайд, дарга болно биз гэж хүмүүс тоглоом шоглоомын хооронд хэлж л байдаг юм. Надад, манайханд тийм бодол байсангүй. Бүгд л энгийн даруу амьдарч ирлээ. Ах дүүсээсээ төр нийгмийн ажилд арай ойр намайг гэхэд мөрөөрөө явахад ажил хийлгэхгүй юм байна шүү дээ.

-Таны томилогдсон ажлыг их унацтай замын ажил гээд байсан шүү дээ. Тэр нь бас их хар дагуулсан байх?

-Замын газар нь тусдаа юм ш дээ. Нийслэлийн авто замын газар нь олон хүнтэй, их төсөв мөнгөтэй л байх. Харин миний очсон алба зам засвар буюу замын эвдэрсэн цоорхойг нөхдөг ажил байгаа юм. Хар ажил гэх үү дээ. Уг нь хүний сонирхол ч татаад байх ажил биш л дээ. Энэ бол албан тушаалд дурладаг хүний хийх ажил биш, харин ч ажиллагаа ихтэй нажидтай ажил. Намайг Ерөнхийлөгчийн ах гэдгээр нь л хараад байгаа болохоос энэ хүн өөрөө юу хийж ирсэн, юу хийж чадах хүн гэдгийг нь харахгүй байгаад асуудал нь байгаа.

-Тэгэхээр танд гомдолтой л байгаа биз дээ?

-Гомдолтой гээд ч яах билээ. Үе, үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын ар гэр, ах дүүс нар нь ажил хийхгүй байна гэхээр бас л сонин. Уг нь шударгаар хөдөлмөрлөж байвал хэн ч, хаана ч ажил хийж хийж л байх ёстой. Үгүй бол огт ажиллахгүй гээд хуульчлаад өгөх ёстой ч юм уу. Төрийн ажлыг аваад шударгаар ажиллаж байхдаа хууль зөрчиж, алдаа эндэгдэл гаргаагүй харин ч сайн ажилласан байж ажилгүй болох сонин л байдаг юм билээ. Гэхдээ ганц миний ажилтай байх хамаагүй ээ. Харин улс оронд минь ардчилал хөгжиж, ард түмэн амар амгалан байх нь чухал юм даа. Би ахын хувьд дүүгийнхээ нэрийг, иргэн хүний хувьд төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийнхөө нэрийг хамгаалж, хайрлаж явахаас өөр гарцгүй шүү дээ.

-Та одоо ямар ажил хийж байна вэ?
-Одоо гэр зуур л байна даа. Нийслэл хотод зайлшгүй байх ёстой гэж боддог Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж байгаад ах нь их баярлаж суугаа. Ажилгүй хүн харьцангуй завтай ч байх юм. Би Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үед нь очиж тарилцдаг юм. Модноос нь тарилцаж, услалцдаг болохоор бараг тэндэхийн орон тооны ажилтан шиг л байх болсон. Одоо арван мод хариуцаж аваад өглөө бүр зургаан цагт очиж модоо усалж байгаа. Хоёр ч хагас бүтэн сайнаар зүлэг тарихад нь хамт ажилласан л даа. Манайд хөрөнгө цаас нь ч болдоггүй юм уу үрээ цацаад дээрээс нь бүтээх юм байхгүй юм аа. Хятадууд зүлгээ тарих үедээ барилгын гадуур өлгөдөг ногоон торыг зүлгээ соёолоод гараад иртэл нь битүү тавьдаг. Би хот тохижуулахад олон жил ажилласан болоод ч тэр үү, Бээжинд байхдаа хотыг яаж тохижуулж, өнгөтэй зүстэй байлгаж байгааг их л ажигладаг байлаа. Хотоо хоггүй цэвэрхэн байлгахын тулд шөнө дөлөөр гарч хүмүүс нь ажилладаг. Тэр хүмүүст шөнийн нэмэгдэл, тусгай унаа, хамгийн өндөр цалинг өгдөг. Гэтэл намайг БЗД-т ажилладаг байхад шар хантаазтанууд хамгийн бага цалин авдаг, бараг л мэдрэл муутай хүмүүсийн хийдэг ажил гэж үздэг байлаа шүү дээ. Ах нь тэнд олон жил ажиллахдаа дүүргээ нийслэлийн шилдэг дүүрэг болгож, хүмүүсийнхээ цалин хангамжийг нэмүүлж байлаа. Харин сүүлд менежментийн хувьчлал нэрээр хөрөнгийг үнэгүйдүүлж хувьчилсан байсан. Бүхэл бүтэн компанийг 43 сая төгрөгөөр хувьчилчихсан байсан шүү дээ. Тэнд байсан ганц гараажийг гэхэд сүүлд 520 сая төгрөгөөр зарсан байсан. Одоо буцааж авах асуудлыг хотын шинэ удирдлагууд ярьж байгаа юм билээ. Зөв л дөө.

-Та ямар ажил хийе гэж бодож байна даа. Ер нь төрийн албанд ажиллах уу?
-Төрийн албанд худлаа биз дээ. Хаана ч очсон энэ хар дуусахгүй байх. Ерөнхийлөгчийг нийслэлийн иргэдтэй уулзаж үг хэлсний дараа манай найз нөхөд утасдаад “Ерөнхийлөгч хүмүүсийнхээ төлөө олон сайн зүйл ярьж байна. Ганцхан хүний эрх зөрчигдсөн нь чинийх. Төрийн албанд ажиллуулахгүй гэдгийг чинь төрийн тэргүүн зарлачихлаа” гээд ярьж байсан. Ерөнхийлөгчийн зарлигийг дагахаас яах билээ. Тэгэхээр хийж сурсан туршлагадаа түшиглээд хот тохижилтын салбартаа хувийн ажил эрхэлдэг юм уу л гэж бодож сууна даа. Чаддаг ажлаа хувиараа хийсэн нь дээр юм байна. Удахгүй болох сонгуулийн ажилд явж таарах байх. Тэгээд чаддаг ажлаа хувиараа болов хийнэ дээ. Хотынхоо хогийг цэвэрлэж, өнгө зүсийг торддог хүмүүстээ сайн цалин хангамж өгч ажиллуулж байж хот сайхан болно. Ер нь хотын гудамж бүрийг эзэнтэй болгож өгмөөр санагддаг юм. Тэгэхгүй бол хэн дуртай нь газар ухаж, тарьсан модыг шөнөөр нь хулгайлж, дуртай газраа хог овоолж байна. Би хэзээнээс хотын гудамд байгаа хогийг харж гутарч, шинэ тарьсан модыг харж баярлаж явдаг. Хотоо л хоггүй, өнгөтэй зүстэй болгочихмоор байгаа юм. Саяны хурлын үеэр хот маань жигтэйхэн цэвэрхэн болсонд тун их баярласан. Одоо дандаа ийм байлгах хэрэгтэй байна. Бас дугуйн замыг хотод бий болгох хэрэгтэй. Тэгвэл над шиг машин тэрэггүй хүмүүст дугуй шиг хэрэгтэй зүйл байхгүй. Бас эрүүл мэндэд ч тустай юм даа. Төрд ажиллахгүй гэж байгаа нь төрдөө гомдсон хэрэг биш шүү. Яг хийж чаддаг ажлаар маань бригад болов ахлаад хотоо сайхан болго гэвэл зүтгэхдээ дуртай л байж таарна.

Э.ЭНЭРЭЛ

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив