Тогтвортой байдал том харагдуулна
2013 оны 4 сарын 17 [Уншсан тоо: 55713]
 “Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг үнэн үг юм даа. Эрх бариг­чаас сөрөг хүчин рүү шилж­сэн МАН-ынхан Зас­гийн газрыг унагахын тулд Ерөнхий сайдыг огц­руулах өргөдлийг өргөн бариад байна. Өөрсдөө голдуу эрх барьж, өнөөх хэд нь ердөө ганц бүрэн эрхийн хугацаанд төр барьж байсныг бид санахтайгаа. Тэгээд тэр хугацаанд АН-ын гурван ч Засгийн газрыг нь уна­гаж, дөрөв дэхийг нь уна­гаж амжилгүй сонгууль­тай залгасан. Харин одоо дахиад сөрөг хүчин боло­хоороо “Над байхгүй бол чамд ч бас байхгүй байг” гэдэг шиг ажлыг нь хийл­гэхгүй өнөөх сурсан ажлаа хийгээд эхлэх шиг боллоо.

Гэхдээ тэд нэг зүйлийг тооцоолохгүй юм. Ард түмэн арван тав, зургаан жилийн өмнөхөөсөө өөр бодолтой болсон гэж. Цочоо нь хэдийнэ гар­чих­сан гэдгийг. Тухайн үед нэг засаглалын буулганд удсан хүмүүс өөр нэгэнд эрхийг шилжүүлсэндээ эргэлзэж байсан тал бий л байх. Бас улс төрийн тогтворгүй байдал улс оронд ямар их гай ав­чирдгийг биеэрээ мэдэрч амжаагүй байсан нь үнэн. Одоо бол хүмүүс амжиж ажил хийх ёстой, Засаг төр өөрчлөгдвөл төвх­нөт­лөө хамаг цагаа алд­да­гийг, бас Ерөнхий сайдыг огцруулж Засгийн газрыг унагаснаар ажил ураг­шил­даггүй улам саард­гийг мэддэг болчихсон. Гэвч МАН хэмээх энэ намын­хан өөрсдөө эрх мэдэлд хүрээгүй л бол огцруулна, унагана гэхээс өөр ажил хийхгүй юм даа. Өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ганц нэг сайдын асуудал яриг­даж байснаас бус Ерөн­хий сайдыг огцруулах асуудал, Засгийн газрыг унагах сэдэл нэг ч гараа­гүй. Тэр ч байтугай Ерөн­хий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхөд нь Засгийн газрыг огцруулахын оронд С.Батболдын Ерөн­хий сайд болох болом­жийг хангасан нь төр засгийг тогтвортой ажиллуулах гэснийх байв.

Хэдийвээр МАН сөрөг хүчин ч гэсэн урьд нь асуудалд яаж хандаж бай­сан нь мартагдах бо­лоогүй, бүдгэрэхээргүй тод байгаа учраас хэлж байгаа үг, гаргаж байгаа шаардлага нь үнэмшил муутай буух юм аа. Ерөн­хий сайд Н.Алтанхуягийг удаа дараа Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж, үүнийгээ шударга шүүхээр шийдвэрлүү­лэ­хээс айж, дандаа Цэцийн дунд суудлын хуралдаан болохоос нэг өдрийн өмнө захирамжуудаа цу­цал­сан нь хууль зөрч­сөнөө зөвшөөрсөн үйл­дэл юм хэмээн МАН-ын­хан буруутгаж байгаа. Үүнийг жишээ болгон тайл­барлахдаа “Хөрш айлынхаа адуу малыг хулгайлчихаад эзэнд нь баригдангуутаа эсхүл шүүх хурал болохын өмнө­хөн “Тоглосон юм аа, уучлаарай буцаагаад өгвөл асуудалгүй биз дээ” хэмээн гэмээ цайруулах гэж байгаатай агаар нэ­гэн зүйл” гэж тэд дүр­сэл­жээ. Гэтэл МАН-ыг эрх барьж байхад Үндсэн хуулийн Цэц дунд сууд­лын хуралдаанаараа олон, олон шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн баталчихаад байхад хүлээж авахгүй дандаа Их суудлын хуралдааныг хуралдахад хүргэдэг байс­ныг шарлаж ч ам­жаа­гүй сонины хуудсууд илтгэнэ. Тэр үед буруу­тайг нь нотолсон  шийд­вэрийг хүлээж авахгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг байсан. Хэв­лэлүүд арга ядахдаа “Үнд­сэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байх ёстой байтал МАН байх юм даа” хэмээн халаглан бичдэг байлаа. Цэцийн шийдвэрийг ёстой нохой хуцахын чинээ сонс­дог­гүй байсан улсууд өнөө­дөр ийм зүйлийг шүүмж­лээд байхаар үнэмшил муутай харагдах. Буруу­гаа мэдсээр байж гүрий­гээд байхын оронд буруу­гаа мэдээд засч байгаа нь яав чиг сайн хэрэг биз. Хөршийнхөө малыг хул­гайл­чихаад “Хохь нь, на­дад буруутах юм байхгүй. Авбал миний хоёр чихийг огтлоод ав” гэдэг тийм улсуудаас өөр байх нь л дамжиггүй.

Ер нь МАН, АН-ынхны хооронд ойлголтын асар том зөрүү байдаг.  Дэлхий нийтийн чиг хандлага бол аливаа хөгжлийг түргэс­гэж, томоохон бүтээн бос­голт хийхийн тулд хөрөнгө татаж, түүнийгээ ашигтай зүйлд оруулаад эргээд зээлээ төлөөд хэн хэндээ дэмээ өгч урагшилж явах зарчим. Харин энэ үндсэн зарчмыг МАН-ынхан ер ойлгохгүй юм. Тэд хө­рөнгө босгож байгааг өрийн бичиг хэмээн ойл­го­дог. Өрийн асуудлыг хоёр чихийг огтолж авч байж л шийддэг гэж үздэг. Коммунистуудын өртэй хүний чихийг огтлох тэр ойлголт ийм угшилтай намаас тийм ч амархан салахгүй байх л даа. Бонд босголоо гээд л боож үхэх шидэмс хай­гаад явах юм. Таван тол­гойн нэрээр мөнгө зээ­лээд тараагаад өгчихсөн МАН-аас ялгаатай нь бон­доор мөнгө босго­чих­лоо. Одоо удаан хүлээг­дэж байгаа тэр асууд­лууд­даа хөрөнгөө оруул­на шүү дээ. Маш их юм ярьж байгаа ч бүтсэн ажил алга байна гэж МАН-ынхан шүүмжлэх юм билээ. Тэгвэл МАН-ынхны жишээ болгож бай­гаа V цахилгаан станц, Таван толгой, тө­мөр зам, аж үйлдвэрийн паркийн асуудал АН Зас­гийн эрхийг аваад яриг­даж эхэлсэн асуудал уу. Үгүй. Харин өмнөх дөр­вөн жилд, түүнээс ч өмнө яригдаж л байсан сэдэв шүү дээ. V цахилгаан станцын асуудлыг ший­дэх­гүй бол байдал хүн­дэрнэ гэж хэдэн жилийн өмнөөс л ярьж байсан. Гэвч өнгөрсөн он жилүү­дэд эрх барьж байсан МАН юу ч хийгээгүй. Тэр ч байтугай энэ цахилгаан станцыг барих газрыг хувийн компанид өгчих­сөн байсан шүү дээ. Н.Алтанхуягаас нэхээд байгаа энэ асуудлуудыг шийдэх боломж 2000 оноос хойш тасралтгүй эрх барьсан МАН-д бүрэн дүүрэн байсан. Бүр мон­гол тооллын нэг үе гэгдэх 12 жилийн хугацаанд бай­лаа. Өөрсдөө хийгээ­гүй байж Засгийн газраа байгуулаад найман сар болж байгаа дараа­гийн­хаа Засгийн газраас ийн нэхэх инээдтэй байна. Үүнийг ард түмэн ярьж, өөр эвсэл хүчин шаард­сан бол хамаагүй. МАН нэхэхээрээ л худлаа бо­лоод явчихаж байгаа юм. Харин ч ад үзэгдээд бай­гаа Н.Алтанхуягийн Зас­гийн газрын үед өнөөх V цахил­гаан станц барих газрын асуудал шийдэгд­сэн дуулдсан. Мөн Улаан­баатарын утааг арил­гах, Оюутолгойн гэ­рээг боловсронгуй болгох асуудал яригдаад бай­гаа­гаас хийгдэхгүй байна гэж ах намынхан шүүм­жилж байх юм. Хэзээ хэний үед Утаанбаатар боллоо доо. Оюутолгойн гэрээг аль намыг засаг­лаж байх үед баталсан билээ. Боловсронгуй бол­гох шаардлагагүйгээр хийчихгүй яасан юм бэ. Анхнаасаа эсэргүүцсэн эдийн засагч Авирмэд гуай нь үүнийг шаардаад байж байвал хамаагүй. Гэтэл өнөө МАН нь энэ талаар яриад явахаар “хулгайч” хулгайчийг бариарай гэж хашхирдаг нь санагдана.

МАН-ынхан төрийн албанд халаа, сэлгээ хууль бус томилгоонууд хавтгайрсан тухайд ихээ­хэн дургүйцэж байгаа. Тус намын дарга асан нэгэн ярилцлагадаа “АН Засгийн эрхийг аваад халаа сэлгээ хийсэн. Дараа нь манайх аваад бүр давуулан халсан” гэж ярьсан байсан. Тэгэхээр бас л эртний улбаатай асуудал ажээ, энэ. Шүүм­жилж засч залруулах зүйл байлгүй яахав. Гэх­дээ бүгдийг үгүйсгэх нь харамсалтай юм. МАН-ыг засаг барьж байхад Төрийн ордныг төмөр хашаагаар хүрээлж, эрх баригчид ард түмнээсээ улам холдож байсан. Ха­рин одоо Төрийн ордон иргэддээ нээлттэй бол­сонд талархаж байгаа хүмүүс олон байна. Бас 111 хэмээх хорьж цагддаг айхтар газрын тухай ойл­голт 11:11 болж иргэд төрийн болохгүй байгаа бүгдийг уг дугаар руу ярьж нээлттэй шүүмжлэх бол­сон. Мөн бүхэл бүтэн сумаараа хот суурин ба­раа­даж эзгүйрч байсан төрийн харалган бод­логыг засч залруулах “Шинэ сум” бодлого ч гараад ирлээ. Болохгүй байгааг нь хэлж, болж байгааг нь дэмжиж явж л хөгжиж урагшилна. Түүнээс хэн нэгэн Ерөн­хий сайдыг огцруулж, да­гаад Засгийн газар нь солигдож явдаг тог­лоо­мын үеэс монголчууд залх­сан. Улс төр тогт­вор­гүй болж, Засаг солиг­доод эхлэхээр ард түмэн л чирэгдэж, нэрмээсэнд нь зовдог болохоор үнэндээ халширч байна.

МАН-ын зүгээс асуудлыг ингэж оруулж ирсэн тухайд УИХ-ын ха­шир туршлагатай гишүүн Р.Гончигдорж “Бид МАН-аар дахин тоглуулахгүй. Угаасаа өнөөдөр ингэж улс төр хийх цаг биш. Монгол орон хөгжлийн ямар шатанд яваа билээ. Монгол орны хөгжилд хэрэгтэй цаг хугацаанд ажил хийлгэхгүй иймэр­хүү байдлаар улс төр хийх нь өөрсдийнх нь хариуцлагагүй асуудал юм даа” гэж хариулсан байна лээ. Өч төчнөөн Засгийн газраараа туг тахиулсан АН-ын тулхтай улстөрч цөөн үгэнд бодит байдлыг багцлаад хэл­чих­жээ.

Хэрэв МАН өөрсдийн­хөө хэлдгээр улс төрийн хариуцлагатай хүчин юм бол ийм асуудлыг ингэж тавилгүй, харин ажил хий­хийг шахамдуулж, шах­­маар юм даа. Тэгээд ч тогтвортой байдлыг эрхэмлэх нь гадаад орчинд ч, дотооддоо ч том харагдуулах юм шүү дээ. Хэн нь том эрэмбэ, том эрх ашгийн төлөө дуугарч байгааг ард түмэн ч ялгаж салгана.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив