Үйлдвэртэй л болъё
2013 оны 4 сарын 15 [Уншсан тоо: 64043]
-ОЛСНОО ХЯТАД РУУ ГАРГАХАА, ОРОСООС НЕФТИЭ АВАХАА БОЛИОД ҮЙЛДВЭРТЭЙ БОЛМООР БАЙНА-

Үндэсний аюулгүй байд­лын нэг чухаг тулгуур бол эдийн засгийн аюулгүй бай­дал. Үүнийг энгийнээр ойлго­вол хөрш орнууд хилээ хаа­лаа гэхэд тэднээс хамаарал­гүйгээр улс үндэстнээ хоол­лож, өдөр тутмын амьдрал доголдолгүйгээр үргэлжлээд явчих боломжтой байх явдал юм. Монгол Улс ингэж чадах бо­лов уу. Үндэсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай стратегийн бүтээгдэхүүн болох хоол хүнс, нефть, нефтийн бүтээг­дэхүүн маань ямар нэг байд­лаар урд, хойд хөршөөсөө хамааралтай байсаар байна. Нефть 100 хувь бусдын эрх­шээлд байсаар ирлээ. Энэ нь манай бүрэн эрхт байдал ямар нэг байдлаар хязгаар­лагдмал байна гэсэн үг. Мэ­дээж, том гүрнүүд хажуу хавиргын ул­суу­даа аль болох аяараа, болж өгвөл хараат байлгахыг хичээж бодлогоо явуулж таар­на. Үүнд нь тэднийг бу­руутгах арга үгүй. Бид ч бас тэгж л тооцоолно. Харин тэр бод­логын эсрэг өөрийн арга ухаа­наар тэм­цэж, бодлогоо тодор­хойлж ирээгүй үе, үеийн төрийн эрх мэдэлтнүүдийн талаар гайхш­ран ярьж болох юм. Өнгөрсөн он жилүүдэд монголчууд бид нефть бо­ловсруулах үйлдвэр яагаад ганцыг болов барьчихсангүй вэ. Бид өөрсдийн хэрэгцээг бүрэн хангах үгүй юм гэхэд тодорхой хувийг нь даачих үйлдвэртэй болчих боломж хангалттай байсан. Хэний эрх ашиг үйлчилж, хэний ашиг сонирхолд харшлаад байсан учраас ийм боломж бидэнд тохиосонгүй вэ.

1960-аад оны үед Зүүн­баянд нефть боловсруулах үйлдвэр барихаар болж, 66 чанарын бензин гаргаж авч байсан гэдэг. Тэгсхийж бай­гаад өнөө үйлдвэрт нь дэлбэ­рэлт гарснаар аюулгүй байд­лыг хангана гээд хаачихсан юм билээ. Тухайн үедээ тех­ник технологийн хувьд хоц­рогдсон зүйлс байсан л биз, бас ийм нэг үйлдвэрийг хөл дээр нь босгож Монголыг өөрсдөө нефтиэ гаргадаг болгочих хүсэл ах нарт байгаагүй ч биз. Тэгсгээд зогссон байдаг. Бодвол оро­сууд “Бид дэргэд чинь байхад та нар ингэж зовж яах вэ” гэсэн байж болох юм. Одоо цөмийн пуужин харвана гэж дэлхийг чичиргээд байгаа Хойд Со­лонгост Хятадын тал “Бид байхад та нар цөмийн пуужин гээд яах вэ” гэдэг байсан хэмээдэг. Харин өнөөх умард солонгосчууд ард иргэдийн­хээ өмсч зүүх, идэж уухаас хумслан байж тэрийгээ хийж чадсанаар илэрхий хэн нэ­гэнд дээрэлхүү­лэхгүй л байна шүү дээ. Ёстой айхгүй ч гэсэн аягүй гэгчээр л байна. Умард хангүгчүүд ийм хэмжээний ухаан гаргасан байхад бид тухайн цагт Зүүн баянгийн газрын тосны үйлд­вэрээ хааж хаячихаад л хойд хөршөөсөө нефтиэ авсаар иржээ. Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж үзээд тэр бүг­дийг орхилоо гэхэд өнгөрсөн хорин жилийн хугацаанд бид яагаад өөрсдөө үүнийг үйлд­вэрлэх үйлдвэртэй болоогүй юм бэ гэсэн асуулт шууд гарч байна.

1990-ээд оны эхнээс бид газрын тос олборлох болж, 1993 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тос олбор­лоод экспортолж эхэлсэн шүү дээ. Өөрсдөө олборлож бай­гаагаа ашиглаад үйлдвэр байгуулаад нефтиэ нэрж болох л байлаа. Гэтэл бас л тэгсэнгүй. Олсноо Хятад руу гаргаад, Оросоос нефтиэ авсаар ирлээ. Монголчууд жилд 470 мянган тонн газрын тос олборлож байгаа. 2016 онд бүр 1.2 сая тонн газрын тос олборлох төлөвтэй бай­на. Энэ хэмжээ бол Монгол Улс газрын тос олборлож, экспортолдог орнуудын хэм­жээнд ороод ирж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ОПЕК-т элсэх хэмжээний болж байгаа хэрэг. Олборлогч, экспорт­логч, үйлдвэрлэгч орон болж ОПЕК-ийн гишүүн болбол бүтээгдэхүүнээ ижил үнээр нийлүүлж, үйлдвэрлэлээ зог­соохгүйн тулд дундын нөөц­тэй болж, асуудал гарвал нэгнээсээ авч, харилцан туслалцдаг том байгууллагын гишүүн болох боломжтой болно. Ерөнхийдөө энэ тал дээр хоёр хөршийнхөө адил хэмжээнд ирэх хэрэг л дээ. Энэ том байгууллагад элсэн орох боломж бидэнд ойртож, ОПЕК гэхээр бидэнд хэзээ ч хамааралтай болохгүй юм шиг санагддаг үе өнгөрч бай­на. Гэвч шат шатаар том бо­ломж руу дөхсөөр байгаа атлаа бид өөрсдөөсөө шалт­гаалах зүйлээ хийхгүй дэндүү удлаа.

Ардчилал, чөлөөт зах зээ­лийг дуулсаар ирсэн өнгөр­сөн 20 жилд бид ядахад ганц ч нефтийн үйлдвэр барьсан­гүй. Үүн дээр гадны нөлөө гэхээсээ өөрсдийн маань арчаагүйнх байв. Эрх мэдэл барьж байгаа хүмүүс, энэ салбарыг хариуцсан сайд нарын ашиг сонирхолд дөн­гөлүүлсэн байдлаас, сэтгэл дутсанаас, бас нефть импорт­лон оруулж ирдэг бизне­сийнх­ний ашгийн сонирх­лоос болж Монголд нэг ч нефтийн үйлдвэр баригд­сангүй. Нефть боловсруулдаг үйлдвэртэй болоход страте­гийн бүтээгдэхүүн болсон түлш, шатахуунаас гадна өөр олон бүтээгдэхүүнээ үйлд­вэрлэх боломжтой болно. Арай сайн мэддэг, амин чух­лаар нь бензинээ яриад бай­гаагаас биш цахилгааны хэ­рэгсэл, плёнк, бичгийн хэрэг­сэл, нэхмэлийн утасны түүхий эд, цамц, майхан, хөнжил гээд юм юмыг гаргаж чадах плас­тикийг гаргаж авна. Бас дугуй, ремен, бэх будаг, гутал гээд олныг хийдэг резин гарч ир­нэ. Дээрээс нь эм, бордоо, цавуу, саван шам­пунь, угаал­гын бодис бас л энэ үйлдвэ­рийг дагал­дуу­лан бид үйлд­вэрлэж чадах юм шүү дээ. Монголд неф­тийн үйлдвэр байгуулагд­санаар бид анхны химийн үйлдвэртэй болж байна гэсэн үг. Ингэснээр нэг биш нэлээд олон бүтээгдэ­хүүнийг өөрс­дөө үйлдвэрлэж чаддаг бол­но. Том зүйл жи­жигхэн эрх ашгаас болж гацаж байдаг гэлцдэг. Уг нь манай нефть импортолдог компа­ниуд өн­гөр­сөн 20 жилийн аравт нь ашиг олж хөл дээрээ боссон бол үлдсэн арван жилдээ ийм нэг үйлдвэр бай­гуулъя гээд явж байх ёстой байсан юм. Гэвч тэдний хэнд нь ч ийм сэтгэл байсангүй. Харин тө­рийн өндөр албан тушаалд очиж, нам дагаж, намын Удир­дах зөвлөлд баг­таж аль болох үйлдвэр бай­гуулуу­лахгүйн төлөө ажил­лаж ир­сэн бололтой юм би­лээ. Ерөөсөө бизнес нь зогс­чихно гэж айсных. Тэгээд болоогүй үе, үе үнээ нэмж, Засгийн газрыг ч, энгийн иргэ­дийг ч айлгана. Эмзэг сэдэв нь бо­ло­хоор эрх мэдэлтнүүд аманд нь багтаж, хямд зээ­лээс эх­лээд юу байгаагаа барина. МИАТ-ийн Боингийг Улаан­баа­тарт цэнэглэхэд нэг тонн шатахуун 1750-1800 ам.дол­ларын үнэтэй гэдэг. Тэгвэл энэ үнэ Бээжинд 1250, Сөүлд 1200, Москвад 1300 ам.дол­лар байх жишээтэй. Ийн л явж ирсэн байна ш дээ. Иймэр­хүү олон ашиг сонирх­лоор Мон­голд барьж байгуу­лагдах олон бүтээн байгуу­лалт Ган­дирсын орд мэт зэ­рэглээнд замхарсаар иржээ.

Монголд газрын тос гар­лаа гэсэн мэдээ түгж эхэлсэн 20 жилийн хугацаанд зургаан аж ахуйн нэгжид нефтийн үйлдвэр барих зөвшөөрөл өгсөн байдаг аж. Ганц нь ч баригдсангүй. Ядаж нэг ийм үйлдвэртэй болох мөрөөдөл монголчуудын сэтгэлд гал мэт дүрэлзсээр зул мэт мөхөхдөө тулав.

Үе, үеийн УИХ-д нефтийн үйлдвэртэй болгоно гэсэн амлалт өгч, ялалт байгуулж байсан хүмүүс ч бий. Бас ийм төрлийн үйлдвэр байгуулна гэсэн итгэл зорилго өвөртөлж яваа хүмүүс ч цөөнгүй байдаг. Гэхдээ ажил хэрэг болох нь яг ямар байдаг юм гэхээс. Д.Бямбасүрэн гуайн хүү бага оврын үйлдвэр байгуулах талаар ярьж, гишүүн асан Б.Мөнхтуяа бас нефтийн үйлдвэр ярьж, Т.Намжим гуай япончуудтай хамтран Дар­хан-Уулд нефтийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ээ бариад явж байдаг байлаа. Өнгөрсөн дөрвөн жил Д.Зоригт сайдын үүдийг тэд багагүй сахисан байх. Манай сонин хүртэл энэ талаар байнга дуугарч, энэ бүх хүмүүсийг цуглуулан хэ­лэлцүүлэг хүртэл хийж бай­сан. Төрөөс шаардлага хан­гахгүй байгаа гэж, харин өнөө хүмүүс нь хийх боломжтой ч  төрд ийм хүсэл алга гэж ярьж байсан юм даг. Ха­рин он гараад Засгийн газ­раас нэг нааштай шийдвэр гарсан нь япончуудтай хамт­рах “Монгол Сэкью” компанид үйлдвэр байгуулах шийдвэ­рийг нь өгсөн явдал байв. Японы “Тоёо инжеринг” ком­па­нитай хамтрах энэ төслийн зээлийн гэрээний асуудлыг шийдэх үүргийг Эдийн Зас­гийн хөгжлийн яам, Сангийн яаманд, үйлдвэр барьж ашиг­лалтад оруулах үүргийг Уул уурхайн яам, ТӨХ-нд өгсөн байна лээ. Мэдээж, зээлээр барих эсэх асуудал дээр манайхан нарийн нягт хандах байлгүй. Саяын айлчлалаа­раа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ зээлийн тал дээр асуудалгүй гэсэн. Харин бид зээл авч өрөнд орох уу эсвэл илүү хараат бус байх арга зам байгаа эсэхээ тунгааж бодох байлгүй дээ. Үйлдвэр бариг­дах 700 орчим сая ам.доллар бага мөнгө биш. Мэдээж, шинэ зүйл барьж байгуу­лахад бодож тунгаах асуудал олон гарч таарна. Хамгийн гол нь урьд өмнө нь салба­рын сайдын ширээн дээр цаасан дунд хэвтдэг байсан төсөл ажил болж, тэр дундаа нефтийн үйлдвэр болох эхлэл нь тавиг­даад байгаад нь олзуурхаад байгаа юм. Эдний төслөөр бол 2015 оны сүүл гэхэд Мон­голд нефтийн үйлдвэр ашиг­лалтад орно. Уг нь энэ төсөл анх яригдаж байснаараа бол 2012 оноос Казахстанаас түүхий эдээ оруулж ирээд үйлдвэрлэлээ эхэлнэ гэж бай­сан санагдаж байна. Гэхдээ хоцорсон ч гэсэн үйлдвэр байгуулаг­да­хаар ажилдаа орсон нь болж дээ. Жилд хоёр сая тонныг үйлдвэрлэж, яваандаа таван саяд хүргэнэ гэсэн тооцоотой юм билээ. Бас дизель, бензинээс гадна долоон нэр төрлийн бүтээг­дэхүүн гаргах бөгөөд одоо 100 хувь айлаас авдаг замын асфальт буюу битумыг гар­гана гээд олон сайхан  мэдээ сонстож л байна. Гэхдээ сон­согдох нэг хэрэг, үр дүн яг ямар байхыг урьдчилан хэлж ча­дахгүй. Нөгөө нуруу­гаа ава­хуулсан морь гэгчээр ярьсаар сонссоор байгаад бүр ха­шир­­чихаж, бид. Хэний ямар төслөөр үйлдвэр байгуулах нь хамаа­гүй эцсийн бүлэгт монголчууд өөрсдөө нефтиэ үйлдвэрлэ­дэг болчих юм бол энэ Шинэч­лэлийн Засгийн газрыг хү­мүүс ядаж энэ үйлдвэрээр нь сайнаар дурсч байх болно. Мэдээж үүнтэй зэрэг­цүүлээд бидэнд хамгийн их байгаа нүүрсээ ашиглаж, ийм төрлийн үйлдвэртэй бо­лох асуудлыг орхиж болом­гүй байгаа юм. Баригдахаар бол­сон нефтийн үйлдвэр бас л гаднаас түүхий тос оруулж ирж, бүтээгдэхүүн гаргах уч­раас ямар нэг байдлаар хараат байна л гэсэн үг. Тэгэ­хээр нүүрснээс түлш гаргаж авах үйлдвэрийг зэрэгцээд судалж, бас нэгийг байгуу­лаад авахад гэмгүй. Монгол­чуу­дын бензин тосны жилийн хэрэгцээг ердөө дөрвөн сая тонн хүрэн нүүрс хангачих юм би­лээ л дээ. 1.5 тэрбум ам.дол­ларын бондыг ядах юмгүй босгож байгаа бидэнд үйлд­вэр бай­гуулах хоёр тэр­бум ам.дол­лар тийм ч холын санаа биш. Хамгийн гол нь улс худалдан авах баталгааг нь гаргаад өгчихвөл хувийн секторууд өөр, өөрсдийн эх сурвалжаар хөрөнгө татаж чадна шүү дээ. Ямар ч бай­сан хүнээс хараат бишээр, өөрөө өөрсдийнхөө хэрэгцээг хангадаг болох боломж юу байна түүн рүү л бид хо­шуурмаар байна. Энэ чинь л үндэсний аюулгүй байдал шүү дээ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив