Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Удам дагасан улстөрч Шинзо Абэгийн айлчлалын эргэн тойронд
2013 оны 3 сарын 31 [Уншсан тоо: 72233]
-ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА-

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Монгол Ул­сын Ерөнхий сайд Н.Ал­тан­хуягийн урилгаар ирж буй тэрбээр Ерөнхий сайд­тай ал­бан ёсны хэ­лэл­цээр хийхээс гадна УИХ-ын дарга З.Энх­болдтой уулзаж, Ерөн­хий­лөгч Ц.Эл­бэгдоржид ба­раал­хах юм.

Удам дагасан малчин гэдэг шиг удмын улстөрч хүн бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ. Түүний өвөө Кан Абэ, аав Шин­таро Абэ нар бүгд улс­төрчид байжээ. Түүний аав Шинтаро Абэ гадаад худалдааны сайдаас гад­на дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы га­даад хэр­гийн асуудлыг хамгийн удаан хуга­цаанд хариуцан ажиллаж ирсэн сайд гэдгээрээ түүхэнд үлд­жээ.

Бас түүний ээж Ёко Киши бол 1957-1960 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нобосүкэ Кишигийн охин юм. Ерөнхий сай­дын охин бас ирээдүйн Ерөнхий сайдын ээж Киши Дэлхийн хоёр­дугаар дайны үед Ерөнхий сайд байсан Хидеки То­жо­гийн кабине­тийн гишүүн байсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон Улс ялаг­даж, Холбоотны цэргийн хүчин мэдлийг авах үед эртнээс улс төрийн хоригдлуудыг хорьдог бай­сан Сугамо шоронд хүргэгдсэн гэсэн баримт байна. Харин сүүлд энэ шоронгоос гарс­ныхаа дараа Киши Японы Ардчил­сан намыг байгуулсан бөгөөд 1950 онд Ёши­дагийн Либерал нам, Кишигийн Ардчилсан нам нэгдэж өнөөдрийн Шинзо Абэгийн удирд­даг Либерал Ардчилсан намын эхлэлийг тавьсан байна. Эцэг, эхийнх нь улс төрд орсон замнал нь өнөөдрийн Ерөнхий сайд Шин­зо Абэг ийм л хувь заяаны сонгол­тоор явах зам мөрийг зассан биз ээ. Тэрбээр 2006 онд 52 настай­даа анх Ерөн­хий сайдын албыг хүлээн авч байсан юм. Ингэснээрээ Дэл­хийн хоёрдугаар дайнаас хойших Японы түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд гэгдэж байлаа. Хэ­дий­гээр жил орчим энэ албыг хаш­сан ч түүний нам парла­мен­тад үнэмлэхүй ялалт бай­гуулс­наар өнгөрсөн арван­хоёрдугаар сард дахин Ерөнхий сайдын ал­банд томилогдсон. Сэйкэйгийн их сур­гуу­лийн Хуулийн сургуулийг улс төрийн шинжлэх ухаанаар төгсч бас АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд номын дуу сонссон тэрбээр ажлын гараагаа Кобэгийн Гангийн үйлдвэрээс эхэлсэн юм билээ. Хоёр жилийн дараа тэндээ­сээ гарч, Гадаад хэргийн сайдын буюу аавынхаа туслахаар ажилд орж, бас намдаа албан тушаал хаших болсон ажээ. Энэ бол 1982 он байлаа. Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан аав нь 1991 онд таалал төгсчээ. 1993 онд Японы Пар­ламен­тын Төлөөлөгчдийн танхимд Ямагучи мужаас сонгогдсоноор Шинзогийн улс төрийн карьер нь эхэлсэн гэж болно. Тэрбээр Төлөө­лөгч­­дийн танхимын гишүүнээр өнөөг хүртэл долоон удаа сон­гог­доод байгаа юм билээ.  Ямагучи мужийг төлөөлөн парламентад суух боломж түүний өвөө Кан, аав Шинтаро нараас уламжлагдан ирсэн гэхэд болно. Үнэхээр түүний гэр бүлийн улс төртэй холбогдсон үүх түүхийг үргэлжлүүлээд байвал сонир­хол­той баримт маш олноор гарч ирэх бо­лол­той юм. Хоёр өвөөгийн нэг нь гишүүн, нэг нь Ерөнхий сайд бай­сан гээд л хөвөр­нө. Тэрбээр Ш.Мори, Ж.Койзуми нарын Зас­гийн газрын хэрэг эрхлэх газарт орлогч дарга, даргын албыг хашиж бас намынхаа генсек, ген­се­кийн орлогч гээд бүхий л шатанд нь ажиллаж байгаад дарга нь болсон юм. Тэрбээр 2006 онд Японы Ерөн­хий сайд Жуничиро Койзу­ми­гаас халааг нь авч, Японы 90 дэх Ерөнхий сайдаар то­милогд­сон билээ. Койзуми Ерөн­хий сай­даар ажиллаж байхдаа харийн нутагт амь үрэгдсэн япон цэр­гүү­дийнхээ дурсгалд зориулсан Ясү­күни сүмд очиж, энэ нь Өмнөд Солонгос, Хятадуудын эсэр­гүү­цэл­тэй байнга тулгардаг байсныг хүмүүс санаж байгаа байх. Япон цэргүүд биднийг түрэмгийлж бай­сан байхад ийнхүү очих нь хохи­рогч­дыг үл хүндэтгэсэн хэрэг гэж гомдогсод хэлдэг байсан юм. Байн­­га хэл ам татлахаас эмээлгүй очдог байсан Койзумигийн уламж­лал Шинзо Абэгийн үед тасарсан билээ. Шинзо Абэ сүүлд нь Ерөнхий сайдаар ажиллаж байх­даа очоо­гүй­дээ харамссан гэж мэдэгдсэн удаатай.

Шинзо Абэ Ерөнхий сайдаар томилогдоод жил дөнгөж өнгөрөв үү үгүй юу ажлаа өгч байсан юм. Түүнийг Ерөнхий сайдын алба­наасаа буух тэр үед буюу 2007 оны намар Японы томоохон хэвлэлийн агентлаг "Kyodo news" дээр дадла­га хийж байсан болохоор уг үйл явдлыг япончууд яаж хүлээж авч байсныг сайтар санаж байна. Ер нь Ерөнхий сайд ажлаа өгч магад­гүй гэгдэж байгаа, түүний үед эдийн засгийн үзүүлэлт унасан учраас олон нийт шахалт үзүүлж байгаа гэж хэд хоногийн өмнөөс нь ярьж байсан бөгөөд тухайн өдөр манай "Kyodo news"-ийнхэн бүрэн бүрэл­дэ­хүүнээрээ онцгойлсон байдалд ажиллаж байсан. Тэгээд пар­ламен­тын танхимтай шууд холбогдож байгаа гэсэн телевизор руу хамраа шигтгэх шахам суусан ахлах редак­торыг удаан ч хүлээлгэлгүй асуу­дал шуурхай өрнөж, Абэ сууд­лаа­саа бууж байсан юм даг. Гэхдээ япончууд түүнд ам сайтай байсан санагддаг. Бас эхнэрийг нь нэлээд өвөрмөц эмэгтэй гэсэн дүгнэлтийг мэргэжил нэгтнүүд маань өгч бай­сан. Маш нээлттэй эмэгтэй, хүмүүс­тэй илэн далангүй байдаг гэж түүнийг онцолж байсан. Уламж­лалт дэг жаяг хатуу япончуудын хувьд үнэхээр тэгж хэлэхээс ч  аргагүй байх. Сэтгүүлчдийг ши­рээн­дээ урьж суулгаад, шар айр­гаар дайлж өөрөө ууж, илэн далан­гүй ярьж суудаг гэж тэд ярьж бай­сан. Бас "Хааяадаа Марс руу ниссэн энэ тэр гээд сонин түүх ч ярьдаг" гээд инээж байсан билээ. Хүмүүст нээлттэй энэ эмэгтэй 1962 онд төрсөн бөгөөд нөхрөөсөө най­ман насаар дүү ажээ. Англи хэлээр мэргэшиж, Риккёо их сургуульд "21 дүгээр зууны нийгмийн загвар судлал" сэдвээр магистрын зэрэг хам­гаал­сан юм байна. Бас радиод хөгж­мийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан гэдэг. 1987 онд гэрлэсэн энэ гэр бүл хүүхэдгүй юм. Гэхдээ хатагтай Акиэ Абэг хүүхдэд их хайртай, эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхэд ан­хаа­рал тавин ажилладаг гэх юм билээ. Мөн монгол гэрийн эзэгтэй нартай адил, солонгос сериал үзэх дуртай гэж байгаа. Нөхрийнхөө Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд хатагтай Акиэ япон хэв шинжийн сургууль гэгддэг "Шинэ Монгол" бүрэн дунд сургуульд зочлохоор болж байгаа гэсэн. Сургуулийн үйл ажиллагаатай танилцахаас гадна ахлах ангийн "шинэ монголчууд"-тай яриа дэлгэх ажээ. Өнөөдөр 14.20 цагт  Улаан­баа­тарт хүрэлцэн ирж, маргааш өглөө 10.20 цаг явах Японы Ерөн­хий сайдын айлчлалын хөтөлбөр тун товч. Дээр дурдсанаар Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, хэв­лэ­лийнхэнд мэдээлэл хийж, сөрөг хүчний төлөөлөл болгож МАН-ын даргатай уулзаж, бас Дамба­дар­жаа дахь Япон цэргүүдийн дурс­галын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэсэн товчхон хөтөлбөртэй юм билээ.

Гэхдээ томоохон орны төрийн тэргүүнүүд Азийн хэд хэдэн орноор айлчлах хөтөлбөрийнхөө хүрээнд Монголыг багтаадаг байсан үе ард хоцорсныг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал нотолж байгаа. Тэрбээр зөвхөн Монгол Улсад айлчлал хийхээр тусгай үүргийн онгоцоор ирж байгаа юм. 2006 онд Ерөнхий сайд Ж.Койзуми манайд албан ёсны айлчлал хийс­нээс хойш Наран Улсаас Ерөнхий сайд айлчлаагүй байсан билээ. Ж.Койзумигийн өмнө 1999 онд К.Обучи, 1991 онд Т.Кайфу нар албан ёсны айлчлал хийсэн бай­даг.

Гэхдээ энэ удаагийн айлчлал нь урьд өмнөхөөсөө ялгаатай байгаа нь япончууд өөрсдөө санаачилга гарган даруу бусаар хэлбэл "гуйж" ирж байгаа юм. Сүү­лийн жилүүдэд санаанд оромгүй улсуудын төрийн дээд албан ту­шаалт­нууд  Монголыг зорих болс­ныг хэвлэлүүд онцлох болсон. Энэ нь мэдээж уул уурхайн сал­бартай холбоотой. Энэ удаа­гийн айлч­лалын нэг шалтгаан мөн л энэ гэдэг нь Японы хэвлэлүүдэд бичсэ­нээс харагдаж байгаа юм. Япон энэ салбарт манайхтай хамт­рахыг чин сэтгэлээсээ хүссэн. Оросуудтай бас хятадуудтай хам­тарч консерциум байгуулж хүртэл Таван толгойн тендерт орж байсан билээ. Харин манайхан яах гээд байгаа нь мэдэг­дэх­гүй өдий хүртэл явчихаад бай­гаа. Сүүлдээ Японы Элчин сайдын яамнаас гомдлын үг чулуу­даж байсан нь цөхөрснийх биз ээ. Үнэндээ ч Улаанбаатар хот хөлдөх гэж байсан хэцүү цаг үед бидэнд япончууд л гараа сунгасан. Картны барааны хомсхон бараан дунд япон, монгол төрийн дал­баа­тай лаазтай хуурай сүү сэтгэл баясгаж байсныг одоо ч ярих хү­мүүс олон. Бас гадаадын бусад тусламж шиг их тоо сонсгоод ямар нэгэн байд­лаар буцаагаад ямар нэг байдлаар  авчихдаггүйгээ­рээ Японы тусламж өөр гэж манайхан онцолдог. Тэд судалж судалж яг л энэ хэрэгтэй гэж үзсэн төсөлдөө хөрөнгөө оруулдаг хашир улсууд. Нарны зам, Нарны гүүр бас өчнөөн олон дунд сургуулиуд барьж өгсөн. Монголчууд хэн хамгийн ойрын хандивлагч байсныг мартаагүй л дээ, мартах ч үгүй. Тэгээд ч одоо монголчууд олон улсын тавцан дээр гуйдаг улс орны ангиллаас хэдийнэ хасагдчихаад байгаагаа ч мэднэ. Тэгэхээр бид хариу барих цаг болсон гэж үү.

"Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэсэн сургааль үгтэй монголчууд япончуудад хариуг нь барьж чадах болов уу. Тэд биднээс юу хүсч байгаа бол. Дээр дурдсан уул уурхайн салбарт хамтрах со­нирх­лоо бататгаж таарах байх. Бас Японы хэвлэлүүдэд дурдсан хийгээд бүс нутагт болж байгаа үйл явдлын өрнөлөөс харвал тэд "Би­дэнд Монгол гэдэг найз байгаа" гэд­гийг зарим улсуудад батлан харуу­лахыг хүсч байж магадгүй юм. Сүүлийн үед Япон-Хятад хийгээд Япон-БНСУ-ын харилцаа тийм ч аятай биш байгаа. Ялангуяа Хятад­тай харилцаа таатай биш. Тэд зах зээлээсээ Японы бараа бүтээг­дэ­хүүнийг шахах бодлого баримталж, ингэх нь ашигтай уч­раас БНСУ ч дөгөөсөөр ирсэн. Бүс нутагтаа шахагдах байр суурьтай байгаа Япон эдийн засгийн өсөлт нь хурдасч, Ардчилсан орнуудын лидерийн түвшинд яригдах болсон Монгол Улс бидэнтэй байгаа шүү гэдгийг батлахыг хүсэх нь лавтай. Тийм ч учраас Шинзо Абэ сакура цэцэглэх цагаар Монголд ирэхийг хүссэнээ мэдэгдсэн болов уу. Япон Улс Хятадтай ч, Өмнөд Солон­гос­той ч газар нутгийн маргаантай байгаа. Өнгөрсөн зунаас хойш ширүүссэн Сэнкаку арлын маргаан дээр Шинзо Абэ бүр ч хатуу байр суурьтай байгаа хүн. Хот айлын хүмүүс хоорондоо муудахдаа саа­хал­тын­хаа айлынд ирж юу болс­ныг ярьж дэмжлэг авахыг хүсдэг шиг нөхцөл байдал үүсээд байгааг үгүйсгэх аргагүй. Айлчлалын хөтөл­бөрт тодорхой заагаагүй ч уг айлч­ла­лын нэг зорилго нь Хойд Солон­гос­той холбоотой асуудал байхыг ч худлаа гэх газаргүй. Хойд Солон­гос болон Японы харилцаа бас л эмзэг. Хойд Солонгостой ойрын харилцаатай гэх Хятадаар гол асуудал дамжсаар ирсэн. Гэтэл Япон, Хятадын асуудал ийм болчи­хоод байгаа нөхцөлд тэр орон зайн дээр нөхөж тоглож болох улс хаа­нах вэ гэвэл Монгол. Тэгээд ч өнгөрсөн хоёр жил дараалан Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн дэмж­лэг­тэйгээр Япон, Хойд Солон­госын төлөөлөгчдийн уулзалт болсон нь хэвлэлээр бичигдэж л байсан. Ер нь умард Солонгостой ч, Японтой ч сайхан харилцаатай Монгол Улс асуудлыг шийдэхэд гол тоглогч болж чадна шүү дээ. Энэ мэт уг айлчлалын хүрээнд яригдах асуудлууд цөөнгүй болов уу. Сар орчмын өмнө Ерөнхий сайд Шинзо Абэгийн бие төлөөлөгч Ерөнхий­лөгч­тэй уулзаад явсан сураг бай­сан. Тэгэхээр энэ айлчлалаар юу хэлэлцэхээ ярилцсан байж таарна.

Японы тал ийм зорилготой айлчилж байгаа юм бол бид уг айлчлалаас юу хүлээж болох вэ. 2010 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчлах үеэр манай хоёр орон харилцааны шинэ түвшинд гарч байгаагаа зарлаж, стратегийн иж бүрэн түншлэлийн орон боллоо гэдгээ зарласан. Яг эдийн засгийн хувьд дорвитой өөрчлөлт бол гарч амжаагүй л байгаа. Энэ удаагийн айлчлалаар ч эдийн засгийн том, том гэрээнд гарын үсэг зурах нь юу л бол. Гэхдээ бид Нисэх онгоцны буудлын асуудлыг хөндөхөд бо­лох­гүй гэх зүйлгүй. Япончуудын дэмжлэгээр нисэх онгоцны шинэ буудалтай болох тухай яриад удаж л байгаа. Мөн хоорондоо зөр­чил­тэй байгаа ч Чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж буй Япон, Өмнөд Солонгос, Хятад дээр ма­найх нэмэгдэх тухайд дэмжлэг хүсэхэд ч болохгүй гэх зүйлгүй болов уу. Хэрэв тэрэнд нь нэгдчих­вэл Зүүн хойд Ази руу бүтээг­дэ­хүүнээ гаалийн татваргүй гаргаж болох боломж нээгдэх юм. Мэдээж, хоёр улсын харилцааг улам бүр батжуулах шат нь болдог дээд хэмжээний айлчлалуудын талаар ч ярьж таарах байх. Энэ удаад Японы талаас Ерөнхий сайд нь ирж байгаа юм чинь дараагийн удаа манайхаас Ерөнхий сайд очих зэргээр асуудал яригдах нь зүй тогтол.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын талаар дүгнэлт хийн тоймлон өгүүлэхэд ийм байна. Бүс нутагтаа гол тоглогч болж, лидер болох нь ямар ч улсын зорилго байдаг. Монголчуудын хувьд бүгдэдтэй нь найрсаг сайхан харилцаатай БНХАУ, БНСУ, Япо­ны аль, аль нь энэ өрсөлдөөнд үзэж байгаа, бас бүгдийнх нь удирд­лагууд шинэ тутам солигд­сон. Тэгэхээр найрсаг хөршүүдээс маань ирэх айлчлал ганц үүгээр дуусахгүй биз ээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn