С.Бямбацогт: Энэ байдлаараа бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй нь
2013 оны 3 сарын 11 [Уншсан тоо: 82740]
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-УИХ-ын чуулган зав­сарлаад гишүүд той­рог руугаа явах нь явж, хуулийн төслүүд дээ­рээ нягтарч суух нь сууц­гааж байх шиг бай­на. Та энэ хугацаанд юу хийж байна вэ?

-Чуулган завсар­ла­хаар гишүүдийг ажил ба­гатай болж, амарчихдаг гэж ойлгох гээд байдаг юм. Үнэндээ энэ хуга­цаанд хуулийн хэрэг­жил­тэд хяналт тавьж, тойрог руугаа очиж хуулиа та­нил­цуулж, тайлбар­ла­хаас эхлээд гишүүдэд ажил мундахгүй их бай­даг. Миний хувьд “Монгол сүү” хөтөлбөрийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа хүний хувьд үүн дээр нэлээд анхаарч ажил­лаж байна. Мон­голчууд 40 сая малтай, 400 сая литр сүү уух бо­ломжтой мөртлөө им­пор­тын хуурай сүү уугаад л сууж байна. Нийт сүүний хэрэглээний 80 хувь нь импортын сүү байна шүү дээ. Мөн Нэмэгдсэн өрт­гийн албан татварын ту­хай хуулийн нэмэлт өөрч­лөлт дээр ажиллаж бай­гаа. 1997 онд батлагдсан энэ хуулийг эргэж үзэхээс аргагүй болсон талаар олон хүн ярьж байна. Тухайн үеийн 10 сая төг­рөгийг өнөөдрийнхтэй харьцуулахад тун харь­цан­гуй ойлголт л доо. Одоо аж ахуйн нэгж бай­тугай хувь хүн бараг ийм хэмжээний орлогыг ца­лин­гаараа олчих ч бо­ломж­той болсон. Тэгэ­хээр улсын төсвийн ихээ­хэн хэсгийг бүрдүүлдэг бизнес эрхлэгчдийнхээ татварын ачааллыг буу­руу­лах үүднээс 10 сая төгрөгийн орлогоос дээш орлоготой бол нэмэгдсэн өртгийн татварт хам­рагд­даг байдлыг 200 сая төг­рөгөөс дээш болгож өөрч­лөхөөр ажиллаж бай­гаа. Төр татвар тө­лөгчдийнхөө бизнесийн орчинг сайжруулж байж, татвараар илүү хан­галт­тай мөнгөө цуглуулж чад­на шүү дээ. Нэг үгээр хэлбэл, тахиагаа сайн тэжээж байж, өдөр бүр өндөглүүлдэг байх хэрэг­тэй. Ингэхгүй, тахианыхаа хамаг тэжээлийг хамж авчихаад байвал өдөр бүрийн өндөг байхгүй болохтой л адил.

-Танай нам да­раал­сан сонгуулиудаас ялаг­дал хүлээчихээд амаргүйхэн үеүд үргэл­жилж, бас зарим ги­шүүд тань жигүүр да­лавч ургуулан байр суу­риа илэрхийлж эхэлж байх шиг. Энэ тал дээр ямар бодолтой явна вэ?


-УИХ-ын сонгуулийн үр дүнгийн дараа өмнөх дарга нартаа хариуцлага тооцоод өөрчилж, шинэ удирдлагатай болсон. Шинэ удирдлагуудын орон нутгийн сонгуульд авч ороод үзүүлсэн үр дүнг бид мэдэж байгаа. Үүний дараагаас гишүү­дийн дунд одоо ямар өөрчлөлт хийж, яах бол гэсэн хүлээлт үнэндээ их байлаа. Манай нам нэрээ сольж, намынхаа удирд­лагуудаа сольсноос нь харвал өөрчлөлтийг хий­гээд ч байгаа юм шиг. Гэхдээ бодлого, үйл ажил­ла­гаа нь өөрчлөгдөж ши­нэчлэгдэж байна уу гэвэл үгүй. Хоёр ч удаагийн сонгуульд үзүүлсэн үр дүнгийн нокаутаасаа ма­най нам гарч чадахгүй байна. Намын гишүүдийн хувьд удирдлагуудаа юу хийх бол, яаж өөрчлөх бол гэж их хүлээлттэй байсан. Харамсалтай нь тэр итгэл, тэр хүлээлт цөхрөл болж, манай на­мын гишүүдийн тэвчээр алдагдаж эхэлж байна. Нэг талаас нь харахад намаа ялагдсан үед нь дайрч шахаж, удирд­ла­гуу­даа шахамдуулах нь буруу мэт боловч нөгөө талаас манай залуучууд намын удирдлагаасаа өөрчлөлт шинэчлэл, дор­витой алхмыг нэхэж шаар­даж байгаа нь зүй ёсных гэж би бодож бай­на. Одоо бид нар намын удирдлагуудаа яах нь вэ гээд дуугүй суугаад байж болохгүй байна. Дарга нар маань намаа сэргээх талаар юу бодож, хийж байгааг иргэд, намын жирийн гишүүд байтугай Удирдах зөвлөлийн ги­шүүн би ч ямар ч ойл­голтгүй байна. Иргэд на­мын гишүүдтэй уулзаж, тэднийг сонсч байхад на­мынхаа төлөө сэтгэл зов­нисон гишүүдийн хү­лээлт, тэвчээрийн тэлээ нь тасарч байгаа нь ан­заарагдаж байна. Гишүү­дээ манлайлж урагш зүт­гэх биш ухарч цахлаад байхаар гишүүд нь шүүм­жилж эхлэхээс ч яах билээ дээ.

-Танай удирдлагууд чинь нарийн төлөвлөгөө тактик боловсруулаад цагийн байдлыг хараад байгаа юм биш үү?

-Би хувьдаа саяхныг болтол тэгж харж, бас хүлээж байлаа. Юм бо­доод яваад байгаа гэж найдаж, дуугүй байгаа нь тактикийн асуудал байх итгэж байв.

Харин сүүлийн үед бодож санасан юм ч байх­гүй байгаа юм биш байгаа даа гэж айх бол­сон. Би энэ намын УИХ дахь намын бүлгийн дэд дарга, Удирдах зөв­лө­лийн гишүүний хувьд өөрий­гөө үүрэг хариуц­лага хүлээх ёстой гэж үзэж тодорхой тодорхой аж­луу­дыг, акцуудыг хийж, санал бодлоо хэлж ярьж ирсэн. Манай нам УИХ-д бүлэг ч үгүй байх өдрүү­дэд бүлэгтэй болгохоос эхлээд бид хичээж ажил­лаж ирснийг хүмүүс мэ­дэж байгаа. Бас намын­хаа гишүүдийн хүсч хү­лээж байгаа тэр алх­муу­дыг хийх ёстой гэж үзэж санал санаачилга гаргаж, Удирдах зөвлөлийнхөө хурал, бүлгийн хурал дээр ч удирдлагууддаа хатуухан үг хэлж үзлээ. Бидний ажлын арга ба­рил биш байна аа, олон түмнийхээ дунд оръё, ажлаа сайжруулъя өөр­чилье гэж. Гэвч сүүлдээ ад болдог юм билээ.

Дарга хүн бол удир­дан чиглүүлэгч байхаас эрх мэдлээрээ лаахай­дагч байж болохгүй. Орон нутгийн сонгуульд ялагд­сан хариуцлагыг тооцох ёстой гээд манайхан шүүм­жилж байхад нь аж­лаа аваад удаагүй сон­гуульд орсон удирдла­гууд­даа боломж олгох ёстой гэж үзэж дэмжиж хамгаалж байсан. Бид атгасан гар шиг нэг цул байж, ажиллах ёстой гэж би бодсон. Зангидсан гар, ганц хурууны чадал нө­лөө өөр шүү дээ. Тэгвэл биднийг хэн зангидах ёстой юм. Зангидах ёстой хүн нь яагаад занги­дах­гүй байна, хэзээ зангидах ёстой юм, эсвэл зангидах чадвар алга уу гээд асуул­тууд ар араасаа гарч ирсээр л байна. Тэвчээрт хязгаар байдаг юм байна. Уг нь ч хамтдаа нэгдээд зүтгэвэл манай намын хүч чадал их шүү дээ. Ардын намын төлөө зүрх сэт­гэлээ өгсөн тэр олон сайхан хүмүүсийн хүчийг хэн ч зогсоож чадахгүй. Тэд­нийг зөв удирдаж, ман­лайлж чиглүүлмээр байна.

-Танай намын дарга гишүүд, дэмжигчдэдээ хандан үлэмж хэмжээ­ний захидал хэвлэлээр дамжуулан илгээсэн. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Манай намын дарга чухам юу нь болсон, юу нь болоогүй тал дээр бодож санаж байгаагаа дүгнэн хэвлэлээр дамжуулан ги­шүүд бидэндээ хүргэсэн байна лээ. Ихэнхтэй нь санал нийлсэн, бас ний­лэх­гүй ч байгаа зүйлүүд надад байгаа. Чухам юун дээр санал нийлэхгүй байгаа вэ гэвэл, манай дарга ярих гэж байгаа бол бүгдийг илэн далангүй ярих ёстой. Түүнээс бус­дын алдаануудыг ярьдаг, өөрийнхөө алдааг нуу­даг байж болохгүй. Илэн далангүй ярих гэж байгаа бол өөрийнхийгөө ч ярьж, дахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ ч хэлдэг баймаар байна.

-Чухам юун дээрээс та тэгж үзэж байгаа хэ­рэг вэ?

-Өнгөрсөн УИХ-ын сон­гуульд Улаанбаатар, Ховд, Дорнодод зөв хүнээ дэвшүүлж чадаагүй гэж үзэж байгаагаа хэлсэн байна лээ. Хэрэв тэгж үзэж байгаа бол Архан­гай, Баянхонгор, Сэлэн­гэд зөв байсан уу гээд яриад эхэлбэл ярих зүйл олон. Бас Хөвсгөл аймагт Ц.Даваасүрэнг нэр дэв­шүү­лэхгүй байсан юм бол яагаад Ө.Энхтүвшин дарга өөрөө нэр дэв­шээ­гүй юм бэ. Өөрөө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байхдаа яагаад бүлгийнхээ Ц.Даваа­сү­рэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарыг явуулав, тэд МАН-аас нэр дэвшсэн бол бид ялах байсан юм биш үү гээд асуултууд ар араа­саа гарч ирнэ. Ө.Энх­түв­шин дарга тухайн үед ч намын удирдлагад байж, бүлгийн даргын албыг хашиж явсан хүн шүү дээ. Гэхдээ би өнгөрснийг ял­лах биш харин урагшаа харж, одоо бид чухам юуг хийх вэ гэдэг тухайд ярьж хэлэлцэх ёстой гэж бодож байна. Одоо бидэнд тийм амин чухал цаг үе ирээд байна. Захидал биччи­хээд суугаад байх биш захидалд дурдагдсан аж­луу­даа хийж хэрэгжүүлэх, олон түмнийхээ дунд орж нүүр тулж ажиллах, намын даргаа тойрсон олон дарга, Удирдах зөв­лөлийн гишүүдээ ажил­луу­лах гэх мэт маш олон аж­лууд биднийг шил шилээ даран хүлээж байна.

-Та бол намынхаа удирд­лагуудын нэг. Гэ­тэл ийм цөхрөнги бай­гааг бодвол танай на­мын дарга гишүүдийн­хээ үгийг сонсохгүй бай­гаа юм уу даа. Удир­дах зөвлөлийн гишүү­ний үгийг авахгүй бай­гаа бол жирийн гишүү­дийн үг бүр хол  юм байна, тийм үү?

-Ер нь тэгж ойлгож болно. Би бүх шатны ху­рал дээр байнга хэлж ирсэн. Нэр, удирдлага сольсноор биш бод­ло­гоор, гарч байгаа шийд­вэ­рээр өөрчлөлт хараг­дах ёстой гэж. Хийх гэж байна гэсээр орон нут­гийн сонгууль өнгөрсөн, одоо хийж байна гэсээр Ерөнхийлөгчийн сонгуу­лийг өнгөрөөх нь. “Ерөн­хий­лөгчийн сонгуульд ялахгүй байж магадгүй нь, бид муу ажиллаж байна” гэж өнөөдөр ярихгүй бол хэзээ ярих вэ.

Намын гишүүд дарга руугаа яс горьдсон нохой шиг юу гэх бол гээд хү­лээж байх ёстой хүмүүс биш. Тонгойчихоод бай­гаа онгоцны хошууг өн­дийлгө, намаа удирдсан шиг удирдаж, манлайл­сан шиг манлайл гэж тэд хөлгийн ахмадаасаа шаар­дах эрхтэй. Учир нь тэд нэг онгоцонд сууж яваа хүмүүс. Ер нь алийн болгон бурууг бусдаас хайж, өөрт нь тал зассан хүмүүсийн хутгуурын үгээр ажлаа хийхэв дээ. Манай намын удирдла­гуу­дын гол алдаа энд л байдаг. Алтан гургалдайн дуугаар магтсанд нь итгээд ажлын төлөө, ам­жилтын төлөө гэж санаа зовнисон, ажил хэрэгч шүүмжлэл хэлсэн гишүү­дийнхээ үгэнд итгэдэггүй том гэмтэй дээ.

-Сүүлийн үед яриг­даад байгаа МАН, МАХН нийлэх тухайд таны бодол?

-Хоёр нам нийлж нэг­дэх гэдэг асуудлаас өмнө бидний ярих нэг зүйл бий. МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл мөн гээд бид дүрэмдээ заа­чих­сан. МАХН гэсэн брэнд нэр бол яах аргагүй МАН-ын өмч юм. Бидний брэнд болсон, өмч болсон энэ нэрийг яагаад алдчихав. Эхний ээлжинд энэ хууль ёсны өмч болсон нэрээ эргүүлж авах талаар бид ярих ёстой. Үүний дараа­гаас МАХН нэрийг ашиг­лаж яваа хэсэг бүлэг хү­мүүс­тэй нийлж нэгдэх талаар ярих нь зүйтэй болов уу. Ер нь цөөхөн монголчууд бид алийн болгон талцаж муудал­цаж явахав гэж би боддог юм. Хоорондоо үл ойл­голц­дог, үл ойлголцол нь зөрчил болж, зөрчил нь үзэн ядалт, үзэн ядалт нь өш хонзон болж хувирдаг энэ байдлаасаа бид сал­маар байна. Зөвшилц­лийн ардчиллыг бид хөг­жүүлмээр байна. Намууд эвлэлдэж нэгдэж, ойл­гол­цож явдаг болмоор байна.

-МАХН гэдэг нэрээ МАН авах боломж бай­гаа юм уу?

-Би боломжтой гэж үзэж байгаа. Дүрэмд нь нэгэнт заагаад өгчихсөн байна. Анх МАН гэж бай­гуулагдаад дараа нь нэ­рээ МАХН болгож өөрч­лөөд 2010 онд дахин өөрчил­сөн байгаа. МАХН гэсэн нэрийн дор үйл ажил­лагаа явуулж байх үеийн бүхий л алдаа эндэгдэл, алдар гавьяа МАН-д ха­маа­рагдаж явж байгаа шүү дээ. Тиймээс бид нэрээ авах асуудлыг хөн­дөж тавих ёстой гэж боддог.

-Удахгүй болох Ерөн­хийлөгчийн сон­гуульд МАН, МАХН эв­сэх үү гэсэн яриа гарах болсон. Бас МАН-д нэр дэвшигч ч олдохгүй бай­гаа гэх яриа байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Хүмүүсийн дунд энэ мэтийн яриа гарах болсон нь яах аргагүй удирдла­гууд бидний үйл ажилла­гаатай холбогдох байх. Үнэндээ МАН-д Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэвшиж, улмаар Ерөн­хий­лөгч болоод төрийн тэргүүний албыг хашаад явчих туршлага чадвар­тай хүмүүс гарын арван хуруунаас олон байгаа гэдгийг хэлмээр байна. Сонгуульд МАХН-тай л нэгдэхгүй бол ялахгүй гэсэн яриа байна л даа. Гэхдээ нэгдэхээс наана эвсэх, хамтарч ажиллах гээд олон хувилбар бий. Тэрнийг ашиглаж яагаад болохгүй гэж. Энэ хоёр намын нийгэмд эзлэх байр, нэр нөлөө ямар билээ. Нийлж нэгдэх нь нэлээд ярьж байж ший­дэх асуудал болов уу. Өнөөдөр үүнийг ярих цаг нь биш.

-Танай намыг нэ­лээд хүчтэй сөрөг хүчин болно гэж хүмүүс харж найдаж байсан байх. Санаанд хүртэл сайн ажиллаж чадахгүй бай­гаа гэвэл та санал ний­лэх үү. Сул сөрөг хүчин­тэй байх мэдээж эрх баригчдад ашигтай байх?

-Нэг талаасаа эрх ба­ригч­дад ашигтай гэж хэлж болох ч нөгөө талдаа дураараа дургидаг байх тусмаа эрх баригчдад хортой юм шүү дээ. Хяналт бага байх тусам эрх баригчид өөрсдийгөө хянах хяналтаа алдаж, алдаа их гаргана. Сөрөг хүчнийхээ гар хөлийг боо­милж, амыг нь боох тусам өөрсдөд нь аюултай. Өнөө­дөр эрх баригчид хэт их хөөсөрч, хийрхэж байна. Бага алдъя гэж бодож байвал үүнийгээ засч залруулмаар байгаа юм. Бид алга ташаад л байвал тэд улам их алда­на л даа. Гэхдээ муу бол сайн гэдэг байдлаар бид хандахгүй байгаа. Тэдний алдаа бүрийн цаана Мон­гол Улсын эрх ашиг байгаа учраас бид ул­сынхаа эрх ашгийг нэг­дүгээрт тавина. Эрх ба­ригчдын гаргаж байгаа алдаа бүрийг бид хатуу шүүмжилж засч зал­руу­лахын төлөө ажиллана. Хэдийгээр сөрөг хүчнээ аль болох боомилохыг оролдож байгаа ч бид шүүмжилж хяналт тавь­саар байх болно.  

-Р.Амаржаргал гишүүн УИХ-аас гарч буй бичиг баримтын дутуу дулимаг байдал нь байн­гын хороодын тэгш бус хуваа­рилттай холбоотой гэж шүүм­жилсэн байсан. Танай намын гишүүд ганцаас илүү байнгын хороодод орж чадахгүй байгаа асуудал юу болсон бэ?

-Үүн дээр хууль цоорхойтой байгаа гэж би үзэхгүй байгаа. Харин хуулиа зөрчдөг, үүндээ тохируулж хуулиа засдаг гаж бай­дал бий болсон гэж би хэлнэ. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Төрийн албан хаагчдын тухай хууль гэж бүгд зөрчигдөж байгаа. Бүлэг байгуулах талаар Үндсэн хуулийн заалт тодорхой байхад зарлахгүй хагас жил болсон. Энэ бол цэвэр хүч түрж хууль зөрчиж байгаа асуудал. Байнгын хороо­дод улс төрийн намууд УИХ-д суудал авсан тэр хувиараа тэгш хуваагдах ёстой байтал эрх баригч намын гишүүд гурван байнгын хороодод хуваарилагдаж, цөөнх нь ганц байнгын хороонд байгаа нь бас л хууль зөрчсөн хэрэг. Улс төрийн аль ч намын харьяалалгүй  Төрийн албан хаагчдыг намын угшлаар нь хоморголон халлаа. УИХ-ын гишүүд асуулга тавихад хариу өгөхгүй өнгөрүүлж байгаа нь бас л хууль зөрчсөн хэрэг. Төрийн албыг намын хараат байдлаас гаргана гэсэн хууль гарч, тухайн үед намын харьяалалд байсан хүмүүс сонголтоо хийгээд намаа­саа гарсан байтал угшлаар нь халж байгаа нь хууль зөрчиж л байгаа хэрэг.
 
Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь мөн хууль зөрчсөн хэрэг, үүний­гээ засч сонгон шалгаруулалт зарласан болоод жинхэлж байна, Ерөнхий сайдын зарим  аймгийн дарга нарыг томилсон захирамж Үндсэн хууль зөрчсөн нь тодорхой болж, өөрөө захирамжаа цуцал­лаа. Сөрөг хүчний оруулсан санал санаачилгыг хэчнээн улс оронд хэрэгтэй, Монгол Улсын эрх ашгийн төлөө байлаа ч унагах ёстой гэсэн зарчмаар явж ирсэн нь нийт том эрх ашигтаа маш хал­гаа­тай байгааг бүгд харж байна. Э.Бат-Үүл баатар ч гэсэн алдаагаа хүлээгээд эхэллээ. Гэр хорооллын суурин дээр нийтийн орон сууц барих бодлогыг буруу хувийн орон сууц барина гээд эхэлсэн. Одоо хагас жилийн дараагаас нийтийн орон сууц барина гээд яриад эхэлж байна. Өмнөх удирдлагуудын зөв зүйтэй бодлогыг залгамжлаад явуулахын оронд зөвхөн үгүйсгэх гэж хичээж байсан нь ил болж, одоо үнэнд гүйцэгдэж зөв байсан шийдвэрээ дагахаас аргагүй болоод байгааг нь бид харж байна. Гэхдээ хэт хүч түрэмгийлж, хууль зөрчиж, сөрөг хүчнээ үгүйсгэж ажиллах нь Монголын ард түмний амьдралд халгаатай шүү л гэдгийг хэлмээр байна.

-Гэхдээ эрх баригчдын асууд­лаас илүү танай нам до­торхи ойлгомжгүй байдал, яахаа мэдэхээ байсан энэ үл ойлгол­цол чинь илүү өвтгөж байгаа өвчтэй шүд чинь гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Ер нь сөрөг хүчин хүчтэй байж гэмээнэ эрх баригчид нь алдаа эндэгдэлгүй ажиллана гэдэг утгаар нь тэгж ойлгож болно. Сөрөг хүчин сул байвал эрх баригчид алдаж улмаар Монголд Улсад маань ашиггүй. Тэр утгаараа манай намын гишүүдийн дарга удирд­лагууддаа тавьж байгаа шаард­лага хүсэлт яах аргагүй зөв. Би эхэндээ тулгамдаж байгаа байх, боломж бололцоог нь гаргаж өгөх ёстой гэж хүлээцтэй харж байлаа. Одоо намынхаа бусад гишүүдийн адилаар үнэхээр тэвчээр алдарч байна. Тэвчээрт хязгаар байдаг юм байна.  Бид хоёр сонгууль дараалж ялагдал хүлээсэн. Одоо Ерөн­хий­лөгчийн сонгууль дөхөөд ирчих­лээ. Энэ байдлаараа байвал бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй нь.

-Танай намд жигүүр байгуу­лаг­даж, Онц их хурлын төлөө гэсэн хөдөлгөөн ч гарч байсан. Гэхдээ үе, үеийн удирдагчид нь албан тушаалаар дөрлөгдөөд дуугүй болдог байсныг хүмүүс мэдэж байгаа. Намынхаа удирд­лагуудыг ингэж шүүмжлээд эхлэхээр ийм хардлага өөрийн эрхгүй төрдөг л дөө?

-Асуудлыг ингэж өрөөсгөлөөр харж болохгүй л дээ. Өнөөдөр шүүмжилж байгаа хүмүүсийнхээ амыг таглах гэж манай нам хүмүүст юу өгч чадах юм. Тэр үеийнх шиг эрх барьж байгаа нам биш. Дий­лэнх нь намынхаа төлөө, энэ нам сайн байх нь улс орны хөгжилд тустай гэж бодож байгаа гэж би ойлгож байна.

Би өнөөдөр УИХ-ын гишүүн хүн. Бүлгийнхээ дэд даргын албан тушаалтай, Удирдах зөвлөлийн гишүүн. Над илүү дутуу харж бай­гаа зүйл алга. Би энэ намын гишүү­ний хувьд хариуцлага хүлээж яваа, хариуцлагыг хамтдаа л хүлээх хүн учраас ганцаараа хэлээд юу ч хийхгүй байгаа удирдлагууддаа намынхаа жирийн гишүүдийнхээ хамтаар хэлж, шаардъя гэсэн хүсэл л байна.

-Танай намд үе, үедээ эрх мэд­лээ шилжүүлдэг уламжлал тогт­чихоод байсан гэж болно. Тавиад оныхноос жараад оны­хон руу гэх мэтээр. Одоо далаад оныхонд намын удирдлага ирэх ёстой гэсэн яриа ч дотроо бай­даг. Цаг нь ирсэн нь үү, болоогүй юу?

-МАН бол ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээс дээр тогтож ирсэн. Ахмад нь сургаж, залуус нь сонсдог тогтсон дэг жаяг бий. Цаа­шид ч үүгээрээ явна. Үе хоорондын зөрчил хэзээ ч байх ёсгүй. Хэрэв ахмадууд маань далаад оныхон та нар ачааны хүндийг аваад явах цаг болсон гэж үзэх юм бол бид зүтгээд үзэхээс аргагүй, түүнээс бус болоо­гүй байхад нь бидний үе ирсэн гэж амбицлаад байх зүйл байхгүй ээ.

-АН-ын хувьд фракцийн тог­тол­цоотой нам. Танайх тийм биш гэдэг ч лидер дагасан бүлэг­лэл­тэй байгаа чинь тодорхой байдаг. Нэгмөсөн АН шиг ил зарла­чих­вал дээр бус уу?


-Уг нь нэгдүгээрт улс орны эрх ашиг, хоёрдугаарт намын, гурав­дугаарт хэсэг бүлгийн, тэгээд хувийн эрх ашиг гэсэн эрэмбэ байх ёстой гэж би боддог. АН-ын хувьд фракцийн буюу хэсэг бүлгийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг нaм. Манай намын хувьд албан ёсоор бүлэг фракц байхгүй ч таны хэлс­нээр лидер дагасан бүлэглэл байгаа нь үнэн. Өөрт нь буюу лидерт ашигтай байвал тухайн хүн Монгол Улсын эрх ашгийг нэгдү­гээрт тавьж ажил­лах хүн үү, үгүй гэдэг нь хамаагүй байдаг. Гэхдээ энэ нь бидний алдаа байж гэдгийг манайхан ойлгож байгаа байх аа. Ингээд л яваад байвал цаашдын олон олон сонгуулийг алдах уч­раас бид өөрс­дөө дүгнэлт хийж, асуудлыг хайр­цаг­ласан хэлбэрээр шийддэг бугш­сан энэ буглаагаа задалж цэвэрлэх хэрэгтэй гэж би боддог шүү. Хайр­цаглаж асуудлыг оруулж ирээд эрүүл шударгаар шийдэх болом­жийг хаадаг байсан маань бидэнд юу авчирсныг манай­хан харж байгаа байх аа.

-Намын шалгуураар төрийн албанаас халагдсан хүмүүс эргээд та нарт хандаж байна уу?

-Уг нь намын гишүүн байсан ч гэсэн Төрийн албаны хуулиар төрийн албаа сонгоод, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан олон хүмүүс өнөөдөр на­мын шалгуураар халагдаж байна. Хууль зөрчиж энэ хүмүүсийг халж байгаад манай нам ямар ч алхам хийж чадахгүй байгаа нь харам­сал­тай. Олон хүн дотор алдаа эндэг­дэл гаргаж, идэж уусан цөөн тооны хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бүгдийг нь энэ мэтээр харлуулж, буруутгаж байгаа нь буруу. Төрийн албанд зүтгэж явсан энэ хүмүүсийн ар гэр амьдрал гээд бүх зүйл хаягдаж байна. Намын харьяалалд байсан гээд ажилгүй болсон энэ хүмүүс эргээд намдаа хандахад даанч юу ч хийхгүй байна шүү дээ. Төрийн албаны хуулийн хэрэгжил­тийн талаар Ерөнхий сайдад ми­ний бие асуулга тавьсан ч харам­салтай нь хууль зөрчөөд хариулт өгөөгүй.

-Та түрүүнд зөвшилцлийн ард­чилал бидэнд хэрэгтэй байна гэж дурдсан. Түүнийгээ тодруу­лахгүй юу?

-Зөвшилцлийн ардчиллыг хөг­жүү­лэх нь үнэхээр хэрэгтэй гэдэг нь сүүлийн үед илүү харагдах боллоо. Нийгэмд үзэн ядсан, айж эмээсэн байдал анзаарагдаж байна. 2008-2012 онд Хамтарсан Засгийн газ­рыг байгуулаад ажилласныг хүмүүс мэдэж байгаа. Шүүмжлэх явдал байсан ч гэлээ муугаасаа сайн нь хамаагүй илүү байсан гэдгийг одоо хүмүүс бүгд хэлж байна. Эдийн засгийн өсөлтүүд, ард түмний амьжиргааны дээш­лэлт, төрийн тогтвортой байдал, нийгэмд байгаа айдас, нэгнээ үзэн ядсан байдал огт байхгүй байсан. Энэ бол мөн үеийн УИХ, Засгийн газрын удирдлагуудын арга барил, зөвшилцлийн, ойлголцлын ард­чил­лын үр дүн байсан юм. Бид нэгэнт бий болгосон ийм түвшнээ алдахгүй, үүнээс илүү дээш гаргаж ажиллах хэрэгтэй. Үүнийг эрх ба­риг­чид маань мэдэрч, мэдэж ажил­лаасай гэж хүсэх байна даа. Ийм л учраас зөвшилцлийн ардчилал гэж хэлээд байгаа юм. Шаардлагатай бол Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, олонхийн суудал авсан нь Засаг байгуулдаг биш, авсан сууд­лынхаа тоогоор Засгийн газрын бүрэлдэхүүний хувиа тооцож ажил­ладаг болоход ч болохгүй зүйлгүй гэж боддог.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив