Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Америк сар
2013 оны 3 сарын 7 [Уншсан тоо: 64610]
АНУ-тай дипломат харилцаа тогтоосон 25 жилийн өмнөөс эх­лээд л улаан паспорт өвөртөлсөн монголчууд Америк тивийг зорих болсоор олон оныг үджээ. Одоо АНУ-д байдаг монголчуудын гурав дахь үеийнхэн очиж байна гэхээр үнэхээр л он цаг улиран одсоор. “Холын Америк ойртож байна” хэмээн парик Жагаа хэмээн үзэгч олондоо хүндлэгдсэн сэтгүүлч АНУ-ын тухай нэлээд олон цуврал нэвтрүүлэг хийснийг хүмүүс одоог хүртэл ярьдаг. Магадгүй Аме­ри­кийн тухай анхны сэтгүүл зүйн дорвитой бүтээл тэр байсан байх. Тэр цагаас хойш дэлхийн хүмүү­сийн очиж үзэхийг мөрөөддөг энэ улс руу манайхан ч олноороо очсон доо. Төрийн тэргүүн, Их хурлын дарга, Ерөнхий сайд нарын удаа дараагийн уулзалт айлч­лалаар ч сэтгүүлчид явж олон сайхан нийтлэл сурвалжлага бэл­дэж ирж байсаан. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур АНУ-ын нийслэл Вашингтонд 14 сэтгүүлч очсон нь, очих очихдоо нэг сарын хугацаатай суралцахаар очсон нь урьд өмнө байгаагүй тохиолдол боллоо. Урьд нь сурвалжлах аж­лаар, салхинд хөөгдсөн хамхуул мэт очдог байсан бол энэ удаад цаг тавиухан бас англи хэлний мэдлэ­гээ дээшлүүлж, сэтгүүл зүйн чиглэ­лээр туршлага судлах зорилготой мордсон хэрэг л дээ.

Бид Вашингтоныг зорихдоо жилийн биш ээ, дөрвөн жилд нэг удаа хамгийн их ачаалалтай бай­даг үеэр нь очиж таарсан юм. Шууд Вашингтонд буух онгоцны тасал­бар байхгүй, хэд хэдэн хотоор дамжих л рейс таараад байсан нь аргагүй байжээ. Ерөөсөө л дэлхий нийтээрээ АНУ-ын Ерөн­хий­лөг­чийн тангараг өргөх үйл явдлыг хараачилж, америкчууд үүнийг л сонирхдог учраас арга ч үгүй юм даа. Тэнд очоод анзаарч байхад америкчуудын хувьд олонхийн саналыг аваад гараад ирчихсэн Ерөнхийлөгчөө гойд хүндлэн үздэг юм байна, бас АНУ-ын Ерөнхий­лөгч гэдэг энэ улсын дэлхийд өөрсдийгөө тунхаглах нэрийн хуудас нь болж байдаг учраас өөрсдөө ч өргөж байхаас аргагүй гэж ойлгодог юм байна гэж анзаа­рагдсан билээ. Бид тангараг өргөх ёслолын ажиллагаанаас зургаа хоногийн өмнө Вашингтонд очсон юм. Сургууль, оюутны байр хоё­рын­хоо хооронд зам жимээ ч бүрэн олж амжаагүй явах үед хам­гийн их анзаарагдсан зүйл бол Вашинг­тоны хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн явдал байв. Энд тэндээс автобус автобусаар хүүхдүүдээ дагуулсан багш нар ирж, бас том том уут үүрсэн хар авгайчууд гу­дамж дэл­гүү­рээр хэсэх нь Вашинг­тонд шинэ­хэн “суурьшиж” байгаа миний нүдээр харахад л лав энд­хийнх биш гэдэг нь илт. Капитол Хилл гэж нэрлэгддэг Конгрессийн ордон байрлах толгодоос холгүйхэн Ва­шинг­тоны дэд бүтцийн гол цэгүү­дийн нэг болох Юнион Стейшн буюу манайхаар хуучны Тээврийн товчоо шиг авто болон төмөр замын төв сүлжээ оршдог. Танга­раг өргөх ёслолыг үзчихээд өдөр­төө буцах хэдэн зуун мянган хүн энэ өдрийн ачааллыг зүй ёсоор нэмж байлаа. Америкийн хам­гийн том бахархлын нэг бол тэнд та ёстой хар байна уу, шар байна уу, Ази байна уу, Африк байна уу ялгалгүй ханддаг гэгчээр газрын зураг бариад явж байгаа надаас хүртэл Америкийн иргэн нь зам асуух юм даа. Онцлог нь би арай хэд хоногийн өмнө Вашингтонд ирж, харин АНУ-ын тэдгээр иргэд анх удаа улсынхаа нийслэлд тө­рийн тэргүүнийхээ тангараг өргөх ёслолд оролцохоор  ирж. Тэгэхээр би зам зааж өгөх нь миний үүрэг ч юм болов уу гэж бодохоор. Танга­раг өргөх ёслолын ажиллагаанаас хоёрхон хоногийн өмнө тэндхийн томоохон худалдааны төвийн нэг давхрын хоолны хэсэгт сууж бай­тал гурван сайхан хар авгай ирлээ дээ. Дүүрэн уут сав болчихсон бас энгэрээсээ манайхны мандат гэдэг дөрвөлжин цаасыг унжуулчихсан. Тэд дэлгүүрээр хэсээд нэлээд алжаасан нь илт. Улсынхаа нийс­лэлд ирсэн хүүхнүүд болсон хойно дэлгүүр хоршоо хэсэлгүй яахав, хаана аятайхан юм хямд байгааг ярилгүй яахав. Үнэнийг хэлэхэд тэр гурвын нэгийг нь би сүүл болтол эрэгтэй гэж ойлгоод байсан юм л даа. Дуу нь баргил, үс нь мярнууз­лаад урт ургуулахын аргагүй уч­раас жижиг­лээд тайр­чихсан. Гэхдээ бусад­тайгаа хаана юу хямд байгааг ам булаалдаж яриад байгаа тэр төрх байдлаас нь эмэгтэй гэж ойлгогд­сон л доо. Тэд Тенниси мужаас ирцгээжээ.



АНУ-ын Ерөнхийлөгчөөр яг тэдэнтэй адил хар нөхөр сон­гогдож, тангаргаа хоёронтоо өргөх гэж байгаа баярт үйл явдалд оролцохыг түүхэн үүргээ гэж үзсэн учраас тэд ийн хөл хөөрцөг болж яваа нь ярианаас илт. Тэгээд л “Обамагийн зурагтай футболик тэр дэлгүүрт 12 доллар гэж байна, өөр газарт 15 байсан ш дээ. Бүх Ерөн­хийлөгч нарын зурагтай таваг тэндээс л авбал хямд. Хүүе надад Мишелийн зурагтайг хараарай” гээд ам хуурайгүй ярих нь баахан тэнэж ирээд хөлөө амраах гээд ирсэн яг тэр үеийнх нь яриа л даа. “Нарантуул” зах дээр сүүдэрт зог­сон­гоо тэр лангуунаас энийг хямд авлаа гээд нэг нэгэндээ хэлж өгч байгаа манайх хөдөөний хүүхнүүд мэт харагдана. Би ч тэднээс дутах­гүй амьхандаа яриаг нь сонирхож, бас англи хэлний сонсголын хи­чээ­лээ хийж байгаа нэртэй хэрэгт дурлаж байв.

Багийн маань хоёр бүсгүй “Та­ныг яаж ажлаа хийдгийг харсан шүү” гээд намайг шоолоод байсан нь дээд давхраас цахилгаан ша­таар бууж явахдаа хэрэгт дуртай мэргэжил нэгтэн нь хөдөөний хар хүүхнүүдийн аманд орчих шахаад сууж байсныг харсных бололтой.

Үнэндээ ч би нөгөө гурвын аманд нь орж болдогсон бол ороод, гардагсан бол гарахаар сууж байсан маань үнэн л дээ. Нөгөө хоёрыгоо бодвол хамаагүй гэгээтэй царайтай, гэхдээ эрүү ам нь тэднээсээ хамаагүй урт негр бүсгүй яалт ч үгүй Мишелийн улаан фэн бололтой. Тэр хоёртоо Ми­шель­тэй холбоотой юмыг захиж байснаа энгэртээ байгаа мандатаа барьж аваад л “Би Мишельд хайр­тай” гээд үнсэх нь тэргүүн хатагтайн зурагтайнх аж. Үнэхээр л тэдний хувьд хар арьст Ерөнхийлөгч тан­га­раг өргөхөөр болж, хар арьст эмэгтэй улсын тэргүүн хатагтай гэгдэж, хоёр жаахан хар охин бас л улсынхаа хамгийн чухал хүүхдүүд болж байгаа нь энэ насны нь бахар­хал бололтой. Ер нь Барак Оба­магийн Ерөнхийлөгч болсон он цагуудад харууд нэлээд хамраа сөхсөн талаар америкчууд өөрс­дөө ч хэлдэг. Обама ч цус, яс нэгтэн тэдэндээ ажлын байр гаргах тал дээр ихээхэн санаачилгатай ажил­лаж, гудамж талбайн зохи­цуу­лагчаас эхлээд дундаж ажлын байруудыг олноор гаргасан гэдэг билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн танга­раг өргөх ёсло­лын ажиллагааны талаар Вашинг­тонд байхдаа газар дээрээс нь сурвалжилж хүргэсэн болохоор  олныг нуршилгүй товч­лон дурдъя. Энэ гүрний хамгийн том баяр болсон АНУ-ын 44 дэх Ерөн­хий­лөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнгөрсөн нэг­дү­гээр сарын 19-21-ний өдрүүдэд явагд­сан. Уг нь арваннэгдүгээр сард болсон сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон АНУ-ын Ерөн­хийлөгчийн тангараг өргөх ёсло­лын ажиллагаа нэгдүгээр сарын 20-нд болдог. Гэхдээ ням гаригт таарсан тул нэгдүгээр сарын 21-нд буюу Мартин Лютер Кингийн өд­рөөр хийхээр зарласан байсан юм. Мартин Лютер Кинг бол арьсны үзлийн эсрэг тууштай тэмцэж, хар, шар гэлтгүй адилхан нэг газар сурч, хооллох сайхан цагийн та­лаар “Надад мөрөөдөл байна” (I have a dream) хэмээн тунхаглаж, бас сайн цаг  иртэл бид тэсэх болно хэмээн “Бид даван гарах болно” (We’ll shall overcome) гэсэн алдарт ишлэлүүдээ хэлж байсан. Америкчууд хар арьстнуудаа боол­чилдог байсан тэр зэрлэг үеийг халж Ерөнхийлөгч Авраам Лин­кольн “Эрх чөлөөний тунхаг”-ийг гаргаснаас яг зуун жилийн дараа Мартин Лютер нарын тэмцэгч хар арьстнуудын тэмцлийн үрээр хоёр дахь тунхаглал гарч харууд, цагаа­нуудын хоолны газар гэж тусдаа байхаа больж, нэг ангид суралцаж, автобусанд хар нь цагаандаа суудал тавьж өгдөг байсан үе ард хоцорсон билээ. Гудамж талбай­гаар Обама бас Мартин Лютерийн зургийг барьсан хар арьстан том том залуучууд хөөр болж орилж байгаа нь анхаарал татна. Тэдний байгаа байр байдлаас хар арьстан дахиад Ерөнхийлөгч болчихлоо ш дээ гэсэн бардамнал илт. Уг нь тэртэй тэргүй арьсны өнгө ямар байх нь хамаагүй тэр даяараа Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж сүйд болж байхад тэр нь илүү л санаг­даж байлаа. Өнгөрсөн наадмаар П.Бүрэнтөгсийг түрүүлэхэд наа­дам­чин олон шинэ арслантай бол­лоо гээд баярлаж байхад, Увс нуур бөхийн дэвжээнийхэн “Увс нуур” дуугаа дуулж, нэг тиймхэн сэтгэгдэл төрүүлж байсныг Вашинг­тоны гуд­ман дахь хар залуу сануу­лаад авах шиг. Дөрвөн жилд нэг удаа болох энэ өдрүүдэд АНУ-ын метроны зарим шугамуудыг хааж, тусгай горимоор ажилладаг. Бас харуул хамгаалалт хачин чанга болдог юм билээ. Арга ч үгүй юм даа. Тангараг өргөх ёслол болох хэсэг рүү оро­хын тулд авч яваа цүнхнээсээ эхлээд бүгдийг нь нарийн шалгуулж байж босго дав­сан. Алим жүрж хүртэл оруулдаггүй нь шидчихнэ гэж байгаагийнх юм болов уу гэж таамаглаж байлаа. Шүхэр, шингэн зүйл гээд ерөөсөө цаашаа аваад орчихмоор зүйл бараг байхгүй дээ. Гэхдээ юу, юуг зөвшөөрөхгүйгээ нарийн бичээд урьдчилан тараа­сан байдаг болохоор аваад очсон бол таны хохь, хогийн сав руу л хийнэ гэж мэд. Гарч ирээд авахын зуургүй дүүрсэн хогийн савнуудыг цэвэрлэчихдэг юм бай­на лээ. Өм­нөх удаагийн тангараг өргөх ёслол болох өдөр бороотой байсан, ха­рин энэ удаа бороо, цасгүй гэж олон америк олзуур­хаж байсан нь ч аргагүй байж. Хэрэв бороо орж байсан бол яана. Шүхэртэй орох эрхгүй хойно. Мет­ронд хөнжлөө биеэрээ ороо­сон нөхөд яваад байсан нь хашир гарууд байжээ. Хэдийгээр дулаа­хан байх нь гэгдэж байсан ч тав зургаан цагаар гадаа болох арга хэмжээн дээр зогсоход хөнжилтэй хүмүүст атаархмаар байсан шүү. Яагаад ч юм эхлээд дандаа харууд нь энэ ёслолын ажиллагаанд ач холбогдол өгч ирэх юм биш биз гэсэн бодол төрж байсан нь очсон хойно дорхноо алга боллоо. Ёстой хар, цагаан, шаргүй, хөгшин хөвөө­гүй, нялх хүүхдээ хүртэл дагуулаад яваад очжээ. Бас ухаан алдаад уна­чих­сан байгаа хүн харагдана. Эргэн тойрны ганц хоёр хүн нь, эмнэлэг цагдаагийнхан анхаарал тавьж бусад нь Ерөнхий­лөг­чийн­хөө хэлэх үгийг сонсох “үндсэн ажилд”-аа л анхаарна. Эгнүүлээд тавьсан жор­лон дээр гарч, Обама­гаа харах гээд хуванцар явуулын жорлонг түжигнүүлж өгөхөд дотор нь байгаа хүмүүс ч аргагүй дээ гэсэн шиг тоох ч үгүй юм. Энэ чинь л Аме­рик юм даа гэж бодогдож байлаа. Тэнд байгаа хүмүүс Ерөнхийлөгч нь тангарагаа өргөж байгаа үйл яв­далд ихээхэн ач холбогдол өгч, тэр хүнийгээ жигтэйхэн шүтэн биширч байгаа нь илт анзаарагдаж бай­сан. Манайхан бол ч зэрэгцэж зогсонгоо л өөлчих гээд байдаг улсууд шүү дээ.  Тэнд нэгэнт та саналаа өгч дэмжсэн л бол, та дэмжээгүй ч дийлэнх олонхи дэмж­сэн л бол тэр Ерөн­хийлөгч гэсэн суурь ойлголт сүрхий гэгч нь суусан байдаг бо­лол­той.

АНУ-д дөрвөн жилд нэг удаа болдог Ерөн­хий­лөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Вашингтон хот нэг иймэрхүү өнгө будгаар сүлэгд­дэг ажээ.

Үргэлжлэл бий.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn