Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Д.Баясгалан: Сүүлийн арван жилд ОУОХ их өөрчлөгдөж, шинэчлэгдсэн
2012 оны 12 сарын 18 [Уншсан тоо: 55216]
-БИД Ч ДҮРЭМДЭЭ ЭНЭ ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛИЙГ ТУСГАХ ЁСТОЙ-

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мон­голын Оюут­ны спор­тын холбооны ерөн­хийлөгч, Олон улсын оюутны спортын хол­бооны ерөнхий санхүүч, хяналтын зөвлөлийн гишүүн Д.Баяс­галан­тай ярилцлаа. Түүнийг хүмүүс “Голомт”-ын Баясгалан гэдгээр нь анддаггүй.

-Эрт цагт улс гүр­нүүд хүчир­хэгээ бат­лахын тулд дайтаж байлд­даг байсан бол одоо спор­тоор өрсөлд­дөг гэгдэх болсон. Харин орчин цагийн энэ өрсөл­дөөнд Монгол Улс хэр бэлт­гэлтэй байгаа бол?
-Улс гүрнүүд олон ул­сын тав­цанд өөрсдийгөө гаргаж харуулах олон арга зам байна л даа.
Харин монгол­чуудын хувьд өнгөрсөн цаг хуга­цаанд төр зас­гийн зүгээс ч, мэргэж­лийн байгуул­лагын зүгээс ч ямар ч бодлогогүй явж ирсэн. Спортын байгууллагууд нь хувьчлагдаад бараг алга бол­чих­сон, хүмүүсийн ойлголт ч тэр, төр засаг, мэргэж­лийн байгуул­лагын хувьд ч нэгдсэн цогц ойлголт байхгүй болчихсон. Нэг хэсэг ма­най­хан юун спортоо анхаарах манатай л байлаа шүү дээ.
Спорт бол эрүүл мэнд, сахилга бат, эрүүл амьдрах үндэс суурь. Хүн эхээс төрөхдөө спортлог байх албагүй. Гэхдээ эрүүл чийрэг байх хэрэгтэй. Тэр эрүүл чийрэг байхад нь хөдөлгөөн хийж, спор­тоор хи­чээл­лэх шаард­лага бий. Харин тэр боломжийг төр засаг нь бодло­гоороо гаргаж өгөх ёстой. Энэ бол нийтийн биеийн тамирыг хөг­жүүлэх явдал юм даа.

-Нийтийн биеийн тамирыг хөг­жүүл­дэг гадны жишиг ямар бай­даг юм бол?

-Дэлхийн орнуудад хөлбөмбөг, сагсан бөмбөг гээд спортын тан­хим, талбайг төр засаг нь бодлого гар­гаад энд тэндгүй барьж байгуу­лаад өгчих­дөг. Хүүхэд ахуй цагаас нь гүйж тоглож, спортоор хичээллэх бо­ломж нь нээлттэй байхад ямар ч хүн өөр байж таарна аа даа. Их спор­тоор хичээллэх нь хичээллэж, мэр­гэж­лийн тамирчин болохгүй байлаа гэхэд энэ дадал зуршил насан туршид нь үлдчихдэг. Гэтэл юунд чадвартайгаа ч мэдэж чадах­гүй, насан туршдаа бөмбөг ч өшиг­лөж үзэхгүй байвал харамсалтай. Ний­тийн биеийн тамир хөгжсөн орон, хөгжөөгүй орнуудын спортын ам­жил­тыг харьцуулаад үзэхэд арав дахин зөрүүтэй байдаг гэдэг. Ма­найд байгалиасаа заяасан спортоор явах ганц хоёр хүнээ дасгалжуулагч нар нь хоорондоо булаацалдаад л, тэдний гаргасан амжилтаар спорт хөгжиж байна гэж үзээд байдаг. Гэтэл үүний цаад талд нийтийн биеийн тамир үнэ­хээр хоцрогдчихоод байгаа нь үнэн.

-Тэгэхээр үүнийг хөгжүү­лэ­хийн тулд хэн ажиллах ёстой юм бэ. Олимпийн хороо юу, эсвэл Засгийн газар Биеийн тамир, спортын хороогоороо дамжуулж хийх ёстой юм уу?

-Дэлхий дээр 200 гаруй спор­тын холбоод байгаа, тус бүртээ өөрийнхөөрөө хөгжөөд явж байгаа. Тэдний нэг нь болох FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн хол­боог хүмүүс андахгүй. Олимп өөрийн спорт гэж байхгүй дандаа бусад спортын холбоодыг өөрийн тог­лолт­доо оруулан арга хэмжээ зо­хион байгуулж ирсэн. Тэр нь өнөөдөр дэлхий нийтийн анхаар­лыг татсан, тэр хэмжээгээрээ бага­гүй ашигтай ийм арга хэмжээ болж хувирчихаад байгаа юм. Үнэндээ олимпийн төрөлд 28 спортын тө­рөл багтдаг. Гэхдээ үндэсний спор­тын төрлүүд бусад спортуудыг оруулаад 1000-аад спортын төрөл байдаг гэдэг. Энэ бүх спортыг хөгжүүлэх нь тухайн улс орны засаг төрийн ажил. ОУОХ бол олимпизмийн хөдөлгөөний үзэл санааны дор олимпийн наад­муудад дэлхийн улс орны тамирч­дыг аль болох олноор нь оруулж, өрсөлдөх үүд хаалгыг нь нээж өгдөг байгууллага юм. Дээрээс нь олон улсын спортын хороодтой, төр засагтай хамтран ажилладаг тийм л байгууллага юм шүү дээ. Хүмүү­сийн дунд Олим­пийн хороо бол Биеийн тамир, спортын улсын хороо гэсэн буруу ойлголт яваад байдаг. Тийм биш.

-Бодлого алдагдсанаар спор­тын салбар уналтад орсон та­лаар та хэлсэн. Үнэхээр ч Сид­нейн олимпоос медальгүй ирэх үе ч гарч байсан. Тэр үед л илэрч гарч байжээ дээ?

-Ер нь ийм нөлөөлөл 10-15 жилийн дараа илэрдэг гэдэг. Ерээд оноос хаягдаж хоцорсон бодлогын үр дагавар 2000-гаад онд мэдрэг­дэж байсан байж болох юм. Ямар ч байсан манай спортынхон зүт­гээд, үр үндсээ таслахгүй шиг авч яваад өнөөдрийг хүргэлээ. Энэ бол төр засгийн биш, харин спортод элэгтэй, спортод хайртай хүмүү­сийн л гавьяа юм шүү дээ. Тухайн цагт юун спорт гэх үе байсан л байх. Нэг үеэ бодвол манайх эдийн засгийн хувьд чадалтай болоод ирлээ, хүмүүс ч эрүүл зөв амьд­рахын тулд спортоор хичээллэх нь тустайг мэдэрч бас ч өөрсдөө сонирхоод ирлээ. Төрөөс ч  ийм шаардлага бий болчихоод байгааг мэдэрч байх шиг байна. Тэгэхээр суурь нь бий болж байна. Одоо нийтийн биеийн тамирыг хөгжүү­лэхдээ яаж, юуг түшиглэж, хэнтэй хамтарч хөгжүүлэх вэ гэдэг дээр жинхэнэ бодлогоо тодорхой бол­гож ажиллах хэрэгтэй байна.

-Дэлхийн бусад орнуудад нийтийн биеийн тамирыг хөгжүү­лэх тал дээр ямар бодлого барьж ажилладаг юм бэ?

Бээжингийн олимпод зориул­сан барилга бай­гуу­ламжийн тэн хагасыг нь их сургуулиудынхаа мэдэлд өгсөн. Мөн улс орнууд нийтийн биеийн тамирыг хөгжүү­лэхийн тулд олон нийтэд нээлттэй спортын цэцэрлэгт хүрээлэн ол­ноор барьж байгуул­даг. Сайхан алхчихдаг, дуртай нь зундаа роли­коор, өвөлдөө тэшүү­рээр гулга­чихдаг ийм газар бай­гуул­чихаар аандаа хүмүүс тийшээ зориод эхэлдэг. Уг нь нийтийн биеийн тамир гэдэг чинь нөхцөлийг нь зөв тавиад өгвөл аяндаа хөгж­чих­дөг л дөө. Түүнээс зээл туслам­жаар, хувийн байгууллагуудын дэмж­лэгээр үүнийг бий болгоно гэж төөрөлдөөд байх хэрэггүй.  Цэвэр төрийн бодлого л хэрэгтэй. Манай­хан шиг хандиваар үүнийг хөгжүүл­нэ гэвэл энэ нь явах ч үгүй, бүтэх ч үгүй. Спорт нь хөг­жөөд ирэхээр клубүүд олноор бий болж, улмаар өрсөлдөөн чанга­раад ирдэг. Үүний дараа тэртэй тэргүй олон хүн со­нир­хоод эхлэ­хээр арилжааны өнгө аяс оруулаад улам бүр хөгжөөд явдаг. Нийтийн биеийн тамир хөгжиж байж, мэр­гэж­лийн спорт нь хөгжөөд явна. Энэ бүхнийг тодор­хой үе шат, дараа­лалтай хийдэг. Мөн нэмж хэлэхэд барилга байгуу­ламж барих нь нэг хэрэг, спортын байгууллагын удирд­лага зохион байгуулалт, менежментийг нь ан­хаа­рахгүй бол  hardware-ээ хий­чихдэг software нь байхгүй бол болохгүй шүү дээ. Багш дасгал­жуулагч, спортын бай­гуул­лагын удирдан зохион бай­гуулах мэргэ­жилтнүүдээ анхаарч бэлдэхгүй бол бас болохгүй. 

-Манайд спортын аль нэг хо­роо дотроо хагарал ихтэй, нэг нь ажил хийх гэхээр нөгөөх нь дэм­жих­гүй гэсэн маргаан их ажиг­лагдах юм аа. Энэ бүхнийг зохи­цуулсан хууль эрх зүйн орчин бидэнд бий юу?
-Бусад орнуудад Спортын бай­гуул­лагуудын хууль гэж бий. Харин манайд олон нийтийн байгуул­лагуудын хуулиар л зохицуу­лагд­даг. Гэтэл спортын байгууллага бол марк цуглуулагчдын, мод таригч­дын холбоо зэрэг олон нийтийн байгууллагаас ялгаатай шүү дээ. Хэдийгээр тухайн спортод дуртай хүмүүсийн төлөөлөл бо­ловч цааш­лаад Монгол Улсаа олон улсад төлөөлдөг онцлогтой. Тийм учраас төрийн оролцоо байх хэрэг­тэй, тэр бүхнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин зайлшгүй байх хэрэгтэй болж байгаа юм.

Барууны орнуудад спортын өрсөлдөөн, спортын байгуул­лагуу­дын зөрчлийн асуудлыг дээд зэр­гээр ялгаж тодорхой болгож өгдөг. Сайн засаглалын тогтолцоогоор бүх зүйл нь нээлттэй ойлгомжтой байхыг дүрэм журам дээрээ заа­чих­сан учраас яаж ч оролдож чадахгүй. Гэтэл манайд залуу зандан цагтаа өрсөлдөж байсан улсууд нэг нь аль нэг холбооны удирдлагад очихоор нөгөөхөө унагах гээд л эхэлчихдэг.  Энэ бол спортын өрсөлдөөнөөс тэс ондоо. Манайд энэ асуудлыг хөндөж, баримт бичиг дээр тусгаж асуудлыг шийдэх цаг болсон. Ха­рам­салтай нь хэн ч ярьдаггүй.

-Спортын төрлүүдийн дүрэм журам байнга өөрчлөгдөх юм. Байнга тэгж өөрчлөх хэрэгцээ байдаг юм байх даа?
-Спортын өрсөлдөөнийг аль болох хамгийн шударга, ижил тэгш, допинггүй, нэг гараан дээр байлгах ёстой гэдэг үүднээс дүрмийн өөрч­лөлт шинэчлэл байнга хийгдэх болсон. Спортын төрлүүдээс гадна ОУОХ, олон улсын спортын хороо­дын дүрэм ч ихээр өөрчлөгдөж байгаа. Сүүлийн арван жилд гэхэд ОУОХ маш их шинэчлэгдэж өөрч­лөг­дөж байгаа. Эв нэгдлийн бэлгэ­дэл болсон олимп маань арил­жааных болж байна гэсэн шүүмж­лэл гарах болсон. Тиймээс аль болох сайн засаглалыг тог­тоож, шударга өрсөлдөх болом­жийг нээж, нээлттэй, ёс зүйтэй байхыг шаардах болсон. Энэ чиглэлээр ч дүрэм журамдаа өөрч­лөлт оруул­саар байгаа. Өнгөрсөн оны найм­дугаар сард хийсэн өөрч­лөлтөөр санхүүгийн асуудал нээлт­тэй, ил тод байх ёстой гэдгийг тун тодор­хой оруулсан байдаг. Бас ерөнхий­лөгч нь хоёр удаа л сонгог­доно, ОУОХ-ны гишүүд насаараа сон­гогд­дог байдлыг хална, улс төрийн ямар ч нөлөөлөл байхгүй гэдгийг тун тодорхой заасан. Бас сонгуу­лиа шударга явуулж, нээлт­тэй нэр дэвшүүлдэг байх, хажуу­гийн ажиг­лагч нар байх ёстой гэсэн олон өөрчлөлтүүд орж ирсэн. Мөн олимп зохиох эрхийг дагалдаад хээл хахуулийн асуудал яригдаад бай­даг учраас ёсзүйн байдлыг хатуу суулгаж, арьс өнгөөр ялгаварлах тухайд чанд бодлого барьж байгаа. Бас олимпийн эзэн хотод байгаль орчны тал дээр өндөр шаардлага тавьдаг болсон. Бас олимп тухайн улс орондоо хөгжил авчирч байх ёстой гэсэн шаардлагыг тавих болсон. 2004 оны Афины олимп үнэндээ Грект дампуурал авчирсан шүү дээ. 12 тэрбум еврогийн алдаг­дал авчир­сан. Тэгэхээр ийм асууд­лыг үүсгэх­гүй байх шаардлага ч хөндөгдсөн.

-Спортын тэмцээний дүрэм журмыг дор дор нь дагаад ява­хаас аргагүй байх. Харин ОУОХ-ны сайн засаглалтай, нээлттэй болох өөрчлөлтийг манай МҮОХ хэр тусгаж байгаа бол. Удахгүй болох чуулганаараа дүрмийн өөрчлөлтийг хийх болов уу?
-Дөрвөн жилд нэг удаа болдог манай чуулган болох гэж байна. Хэлэлцэх асуудлын дараалалд дүрмийн өөрчлөлтийг тусгах асуу­дал багтаагүй байсан. Гэхдээ ОУОХ-ны гаргасан дүрмийн өөрч­лөл­тийг бид аль болох түргэн хуга­цаанд  дү­рэм­дээ тусгаад л явах хэрэгтэй байгаа юм.

-МҮОХ-г цаанаасаа буюу ОУОХ-ноос их мөнгө авдаг гэж хардах хүмүүс ч байдаг. Яг үнэн­дээ авдаг юм уу, үгүй юм уу бид мэдэхгүй. Нээрээ санхүүгийн байдлаа ил тод болгочихвол ийм хардлага явахгүй юм байна даа?
-ОУОХ, Азийн олимпийн зөвлө­лөөс манай МҮОХ-нд санхүүгийн зардал өгдөг л дөө. Үүнийг нь гишүүддээ тайлан гаргаад танил­цуулаад явдаг. Гэхдээ авах санхүү­жилтээ нэмэгдүүлж, аль болох спортын байгууллагууддаа ихийг өгч дэмжээд явах хэрэгтэй.  МҮОХ-ын зарим зүтгэлтнүүд хэлдэг юм. “Бид засгаас юу ч авдаггүй юм чинь бид тайлагнаж танил­цуулах алба­гүй. Манайх бие даасан байгуул­лага гэдэг.” Үүгээрээ ам хаах гээд байдаг. Гэтэл олимпийн наадамд оролцож байгаа бүх та­мир­чин, шигшээ багийн зардлыг засаг гаргадаг. Дэлхийн улс орнуу­дад төр засаг нь, үндэсний олим­пийн бай­гуул­лага нь хоорондоо нягт хамт­ран ажилладаг. Харин манайд бол хамтын ажиллагааг дарамт шахалт гэж үзэх гээд байдаг тал бий. Ер нь улстөрчид, хууль хяналтынхныг янз бүрийн байдлаар олимпизмийг улс төрийн сонир­холдоо ашиг­лахыг хорьдог. Харин төр засагтай хамтран ажиллахыг дэмждэг. Үүний ялгааг нь салгаж, ялгаж ойлгомоор байгаа юм. Али­ваа нэгэн улсад олимпийн наадам боллоо гэхэд тэр улсын төрөөс л мөнгө, хөрөнгийг нь гаргадаг. 

-1996 оны Атлантагийн олим­поос ганцаараа медальтай ирсэн Д.Нармандахад төр засгаас ам­ла­сан байраа өгч чадахгүй бай­саар дараагийн олимптойгоо зол­гож байсан. Тэр үетэй харь­цуу­ла­хад одоо мөнгө их амладаг болжээ. Тэр их мөнгөний амлалт амжилтад шууд нөлөө үзүүлдэг болов уу?
-Мэдээж үзүүлнэ. Гэхдээ та­мирч­ны цаана дасгалжуулагч, бэлтгэл хангагч, бүхэл бүтэн баг байдаг гэдгийг мартаж болохгүй. Тамирчдад хэтэрхий их мөнгө амлах буруу гэж би боддог. АНУ-д олимпийн медальтнууддаа 25 мянган ам.доллар, Европын орнуу­дад 25-30 мянган евро өгдөг. Гэтэл манайх тав, зургаа дахин их мөнгө амладаг.

Бусад орнуудад нийтийн биеийн тамираа хөгжүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, спортод дуртай болгож үүнийг нь дагаад спортын нэр хүнд өсөөд ирэхээр мэргэжлийн тамирчдадаа бусад арилжааны нөхцөлтэйгөөр орлогоо нэмэгдүүлэх боломжийг нь гаргаж тамирчдаа дэмждэг. Түү­нээс манайхан шиг өм цөм мөнгө ам­ладаг­гүй. Нэг удаа мөнгө өгөөд тэгээд орхидог нь зөв биш. Харин сар бүр мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гарсан нь зөв зүйл болсон шүү.

-Олимпизм, спортын зүтгэлт­нүүд өөрсдөө спортын хүмүүс эсвэл спортын хорхойтнууд байдаг. Та яаж яваад санхүүгээс спортын салбар руу ороод ирчи­хэв?
-Бидний үеийнхэн спортод элэг­­тэй, спортоор хичээллэдэг байсны нэг адил би ч спортод дуртай. Гэхдээ цаашид үүгээр явах уу үгүй юу гэдэг сонголтыг бол өөрөөр хийсэн л дээ. Спортод сонирхолтой болоод ч тэр үү би 1995 онд Оюут­ны спортын холбооны ерөнхийлөгч болсон. Тэр үед “Голомт” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж бай­сан. Да­раа нь 2003 онд Олон улсын спор­тын холбооны гүйцэтгэх зөв­лө­лийн гишүүн болсон. 2007 онд онд Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч бол­сон. Энэ шу­га­маараа олон улсын бүх спортын байгууллага, спорттой холбоотой олон нийтийн байгуул­лагуудын маш олон семинар, хурал зөвлө­гөөнд оролцож, цөөн­гүй танилтай болсон. Олон ч зүйл сонсч мэдлээ. Өөр газар оронд өөр юм яригдаад хэрэгжээд байдаг тэрийг нь Мон­голд мэдэхгүй бай­хаар хийх ёстой юм байна л гэж бодож зүтгэж явна даа.

-Та волейболоор хичээл­лэ­дэг байсан гэдэг. Өөр ямар спор­тоор хичээллэж байна вэ?

-Волейбол ч сүүлийн үед тогло­хоо байгаад байна даа. Болгоомж­той байхгүй бол бэртэж гэмтчих гээд байх юм. Монголд багийн спорт хөгжих магадлал муу юм. Миний бодлоор манайхан ган­цаар­чилсан төрөлд илүү ам­жилт үзүүлнэ дээ. Волейбол гэхэд наад зах нь арван хүн, хөлбөмбөг гэхэд хорь гаруй хүн хэрэгтэй болно. Гэтэл баг нь бүрэлдэж өгдөггүй нэг явдал бий. Олон жи­лийн дараа юу юм гэхээс хэсэгтээ багийн спорт манайд тиймхэн болов уу. Би сүүлийн үед ууланд л авирч байна даа, уулын спортын мастер цолтой.

-Яаж яваад энэ спортод татаг­дав. Үзэгчгүй спорт, өөрийгөө ялдаг спорт гээд янз янзаар хэлдэг…
-Хэдэн нөхдөө дагаж явсаар байгаад л ууланд авирдаг болчих­сон доо.

-Өөр ямар спортоор хичээл­лэж байна?

-Би сүүлийн үед керлингийн спортыг хөгжүүлэх тал дээр ан­хаарч байна. Багийн спорт манай­ханд жаахан тийм гэж дээр хэлсэн дээ. Гэхдээ хамгийн ойрын үед олон улсын хэмжээний тэм­цээнд багийн спортоор өрсөлдөх төрөл керлинг байж магадгүй шүү. Сая­хан манай эмэгтэй баг тамир­чид Харбинд анх удаа олон улсын хэмжээний бэлтгэл хийхээр явсан байгаа. Болж өгвөл өвлийн олим­под энэ төрлөөр анхны баг тамирч­даа илгээх хүсэл байна. Дөнгөж хөгжиж байгаа спорт.

-Керлинг мөсөн дээр өрнөдөг нь мөсөн харваа зэрэг уламж­лалт спорттой манайханд ойр байх тал бий юу. Шал арчиж байгаа юм шиг мөс зүлгээд их сонин харагддаг.
-За даа, их өөр дөө. Мөс нь их барзгар. Маш сайн зүлгэж байж, явах чигийг нь тодорхой болгодог. Бүх насныхан тоглодог спорт.

-Та Олон улсын Оюутны хол­боо­ны ерөнхий санхүүч гэсэн албан тушаалтай. Спортын бай­гуул­лагын ерөнхий санхүүч гэ­хээр ямар алба юм бол гэсэн бодол төрж байна?
-Олон улсын спортын ихэнх байгууллагад ерөнхийлөгчөөс гадна санхүүгийн даргыг сонгодог. Энэ бол олон улсын тогтсон жишиг. Ерөнхийлөгчөөс хараат бус байл­гах гэж байна аа даа. Санхүүг зөв удирдах, тайлагнах, арвижуулах үүрэг санхүүгийн даргад ирдэг. Энэ албыг би 2007 оноос хойш хашиж байна. Хоёр жил тутам санхүүгийн тайлангаа тавьдаг.

-Манайх хэдэн онд олимпийн наадмыг зохиох бол. Та багцаа хэлэх үү?
-Үүнийг багцаалж хэлэхэд хэ­цүү. Олимп бол 18 хоногийн хуга­цаанд 200-гаад орны 12 мянган тамирчин нэгэн дор цуглаж өрсөлд­дөг наадам. Бид үүнд эхлээд өөрс­дөө бэлэн болох ёстой. Үүний өмнө маш олон удаа олон улсын тэмцээнийг Монголдоо зохион байгуулах хэрэгтэй. Барилга бай­гуу­лам­жаас гадна олон улсын зэрэглэлтэй шүүгчид, өндөр зэрэг­лэ­лийн техник хэрэгсэл, эрүүл мэндийн ажилтнууд, олон улсын зэрэгт хүрсэн телевизийн дам­жуулалт, хэвлэлийнхэнд зориул­сан байр сав, нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн байдал, сайн дурынхан гээд цаашлаад ард иргэд нь хүртэл үүнд сэтгэл санаа­ны бэлэн байдалтай байх хэрэгтэй. Үүнийг зохион байгуулна гэдэг тоглоом биш. Зүүн хойд Азийн тоглолтыг эхлээд нутагтаа зохион байгуулж, туршлага суух хэрэгтэй. Бид үнэндээ одоо олимп зохион байгуулахад юу хэрэгтэй болдог тухай төсөөлөл ч алга байна шүү дээ.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив