Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дөш шиг нягтарсан дөчин гишүүнтэй болцгооё
2012 оны 12 сарын 7 [Уншсан тоо: 77735]
Улс төрд ээлжит бужиг­наан нь эхэллээ. МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдан, Засгаас гарах шийдвэр гар­гав. Засгийн газарт багтдаг "Шударга ёс" эвслийн нэг нам нь ингээд мэдэгдчихээр эвс­сэн МҮАН байдалд орж цааш­лаад Засгийн газрыг бүрдүүлсэн намууд ч хэрхэх талаар толгойгоо ажиллуулж эхэлж байх шиг байна. Ер нь энэ мэтийн бужигнаан Мон­голын улс төрд ёс мэт байнга өрнөсөөр ирлээ. Энд тэндгүй улс төржиж, гэдсэндээ хөлөө жийлцэж, нэгийнхээ араас хутга шаан харин энэ бүх­нийгээ улс төр хэмээн нэр­лэнэ. Үүнийгээ улс төр өрнөж байна гэх бөгөөд улс­төрж­сөнөөр баялаг бүтээгдэж, улстөржсөнөөр монгол хүн сэтгэл, гэдэс цатгалан явдаг бол ёстой цадахаар нэг бол­лоо доо. Гэвч тэгсэнгүй. Өнөөх л хэрэлдэж уралддаг хэдэн хүний хэсэг нь нэг зууртаа дарга болж бусад нь шүүм­жилж, өөр нэг цагт өнөөдүүл нь мандаж үлдсэн нь гундав хэмээн дээр дороо орсоор ирэв. Нэмэгдэхүүний байр­лал солигдсон ч нийлбэрийн чанар нь бахь байрандаа явсаар ирлээ.

Одоо ингэмээргүй байна. Энэ мэт яваад л байвал бу­жигнаж дуусалгүй хорин жил өнгөрсөн шиг дахиад жаран, зуун өнгөрөх гээд байна. Харин одоо Монголын улс төрд, Монголын  төрд, Монгол Улсад, монголчуудад дөш шиг нягтарсан дөчин гишүүн л хэрэгтэй байна. Мянга, мянган мундаг сэтгэлтнүүдтэй болъё гэж мөрөөдөөд юүхэв. Монголын төрийг, парла­ментат засаглалыг бужиг­наан­гүй тогтвортой явуулах дөчин гишүүн л юуны өмнө хэрэгтэй байна. Дөшийг яаж ч балбасан задарсан гэж дуулсангүй. Яг үүн шиг ямар ч ашиг сонирхол, ямар ч улс төрөөс ангид байж Монголын гэсэн эрх ашгийг харж ажил­лаж чадах дөчин хүн л би­дэнд хэрэгтэй. Тэд АН-ынх байна уу, МАН-ынх байна уу. ИЗН, МҮАН бүр засгаас гарна гээд байгаа МАХН байсан ч хамаагүй. Дөш шиг нэг цул байж, энэ улсын хөгжлийн төлөө зогсч чадах л хүмүүс байх ёстой. Одоо УИХ-д АН-ын  31, МАН-ын 25, МАХН-ын зургаа, МҮАН-ын дөрөв, бие даагч гурав, ИЗН-ын хоёр гишүүн байгаа бөгөөд МАН-аас Д.Арвин тангараг өргөх нь тодорхой мөн Өвөрхан­гайгаас АН-ын хоёр, СХД-ээс АН, МАН-ын аль нэг бас МАХН-аас нэг хүн орж ирэх нь үлдчихээд байгаа. Гэхдээ аль нэг намын тоо нь олон­хийн тоонд хүрэх эсэх нь хамаагүй харин Монголд одоо тарж бутарч биш нэгдэж нийлэх цаг хугацааны онь дээр ирээд байна гэдгийг ойлгодог намч бус номч сэт­гэлгээтэй хүн хэрэгтэй байна. Энэ бол нийгмийн, түүхийн захиалга болчихоод байгаа нь үнэн билээ. Тиймээс тэр энэ нам гэлгүйгээр нэг цул болж ажиллаж чадах дөчин хүн л бидэнд хэрэгтэй гээд давтан, давтан хэлээд байгаа юм. Тэр нь МҮАН-тай нийлээд 40 болно уу, МАН-тай ний­лээд 40 болно уу үнэндээ хамаагүй юм. Ямартай ч намынх нь үнэт зүйл нь аль нэг дарга, толгойлогчийнхоо төлөө биш монголчуудын нийт эрх ашгийн төлөө гэж тодорхойлогддог нам байж таарна.

Ер нь улс төрийн намуудын үнэт зүйл нь юу байдаг талаар илүү ойлгомж­той тодорхойлолт бидэнд хэрэгтэй болсон шиг. Сүү­лийн үеийн намууд ерөөсөө хэн нэгэн хүн, дарга даамлаа л намынхаа үнэт зүйл гэж ойлгоод байх юм. Мөхөс ма­ниусын бодоход улс төрийн намуудын үнэт зүйл, зорьж буй зорилго нь арай өөр бай­маар. Гэтэл сүүлийн үед өөр болсон дог оо. Мэдэхгүй юм даа. Намууд тус бүртээ жиг­тэйхэн гоё сайхан уриа лоо­зонг зохиож олдог. Төрөө хямралаас түмнээ ядуур­лаас, Монголдоо сайхан амь­даръя, Шударга ёсыг тог­тоож... юу, юу ч билээ дээ. Мянган гоё үг бодож оллоо ч эцсийн зорилго нь ард түмэн нь сайн сайхан амьдрах л явдал шүү дээ.

Ямартай ч Монгол Улс хэзээ хэзээнээсээ илүү тогт­вортой байх чухал цаг үе ирсэн гэдгийг олон хүн мэ­дэрч, ухамсарлаж байна. Улстөрчдийн хоосон үг хоол болдоггүй гэдгийг хорин жил харлаа. Алийн бүр хоосон цэцэрхэж, хоорондоо улстөр­жихөд нь уруу татагдаж ядуу дорой явахав, ард түмэн. Улстөржиж ханалаа, урал­цаж муудалцаж ч боллоо ш дээ. Улс төрийн тэмцэл хий­гээд байх нь угаасаа утгагүй болчихсон. Ер нь улс төрийн тэмцлийг хийдэг шалтгаан нь ердөө нийгмийн баялгаас түлхүү хүртэх, захиран зар­цуулах эрхийн төлөөх л тэм­цэл байдаг. Тэгвэл монгол­чуу­дад баялгаас ахиу хүртэх гэж хоорондоо уралцаад байх шаардлага байхгүй бол­чихлоо шүү дээ. Монголын хөрсөн дор хоёр сая байту­гай, хорин сая хүнийг хагартал нь баяжуулж, тансаг сайхан амьдруулах баялаг байна. Харин энэ баялгаа жинхэнэ утгаар нь баялаг болгож, эрх тэгш хуваарилахын тулд тогт­вортой төр засаг байхад л болно. Энэ утгаараа бидэнд хэзээ хэзээнээс илүү тогтвор­той засаг хэрэгтэй байна. Тэр байдлыг авчрах дөш шиг цул дөчин гишүүн хэрэгтэй байгаа юм. Тулхтай, зөв бодолтой, өчүүхэн эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүр тавьдаг­гүй, эрх мэдлээ ашиглан хө­рөнгө мөнгөтэй болъё гэхээ­сээ төрийн хүн байж чадсан гэдгээрээ бахархаж чадах тийм хүмүүсийг л нийгэм маань нэхэж шаардаж байна.

Тэр дөчин гишүүн Оюу тол­гойн бүтээн босголтыг гүйцээж, Таван толгойг ашиг­лалтад оруулж, төмөр замыг бариулах ёстой. Мөн Монго­лыг нефть нэрдэг үйлдвэртэй болгож, зэс хайлах үйлдвэр бас гангийн үйлдвэртэй ч болгомоор байна. Дараа нь ямар ч нам нь засаг барилаа гэсэн Монголын төлөө хийсэн энэ бүхэн нь нугарч хөдлө­хөөргүйгээр болтол нь хөл дээр нь босгомоор байна. Тэгээд ирсэн цагт улс төрийн тэмцэл ч хийх шаардлагагүй болчих учраас тэр, энэ намыг засаг барих үед гэдэг ч тийм сонин биш болох биз ээ. Мэдээж, босгоод өндийлгөөд үр шимийг нь үзээд иртэл хугацаа шаардаж таарна. Тэр болтол дандаа тэмцэл хийдэг улстөрчид маань ч багагүй жүжиг ший тавьж таарах вий. Нөгөө нягтарч нийлэх гэсэн 40 гишүүнд маань ч дарамт их ирж таар­на. Магадгүй тэр түүхэн үүрэг гүйцэтгэх хүмүүст Монголын төлөө шийдсэн шийдвэр бүрт нь хувь хишиг тооцсон ч бо­лохгүй юу байхав дээ. Яагаад гэвэл тэд хувь хүнийхээ хувьд дарамт шахалтыг бусдаас илүү мэдэрч таарна. Байхгүй болтол нь зүхэх ч энүүхэнд биз. Гэхдээ жижигхэн эрх ашгийг биш том эрх ашгийг харж, том цараагаа мэдэрч чадсаных нь төлөө тэдэнд хэдэн үеэрээ талархах болно. Шинэчлэлийн бүлэг гэдэг ч юм уу, сүүлийн үед моодонд ороод байгаа нэрийг өгсөн ч яахав. Зөвхөн зөв сэтгэлтэй бүлэг монголчуудад хэрэгтэй байгаа юм. Одоо тэр нам засгаас гарлаа, энэ эвсэл саллаа хэмээн ярьсаар цаг хугацааг өмнөх шигээ алдах гээд байна. Засагт орох бо­ломжийг ард түмнийхээ төлөө зүтгэж, шударга нийгмийг цогцлоох боломж гэж харж чадахгүй, намын даргынхаа даамлын эрх ашгийг хамгаа­лах чадамж гэж харж байгаа хүмүүстэй удаан ч хамт байж чадахгүй биз ээ. АН-ынхан ч ард олны өмнө биш даргын өмнө хариуцлага хүлээдэг ийм намтай хол явахгүй байх. МАНАН ч гэгдэнэ үү, АНМАН ч гэнэ үү арай хариуцлага хүлээж чадах улс төрийн хүчинтэй эвсч, Монголын эрх ашгийн төлөө зүтгэх цаг бол­жээ. Хорин хоёр жил хоолоо хоорондоо булаалдлаа. Хүрч чадсан нь бага, авч чадсан нь ч бага. Газраар нэг цацчих­лаа. Одоо миний, чиний гэлт­гүй цугтаа урагшилмаар байна. Өнгөрсөн дөрвөн жил манан будан татууллаа гэж шүүмжлүүлсэн ч бодлогын чанартай олон зүйл дээр нэгдэж чадсан. Тэгсэндээ ч олон зүйлийн суурийг тавь­сан билээ. Одоо үүнийгээ цааш нь үргэлжлүүлэх цаг үеийн шаардлага бидэнд иржээ. Тогтвортой төр засаг л цаашид хэрэгтэй болохоос аль нам нь, алинтайгаа бялуу хүртэж байгаа нь хэнд ч сонин биш. Хийх ёстой ажлаа хийж чадаж байвал хэн нь хэнтэйгээ удаан нийлж байгаа нь бүр ч сонин биш ээ. Үнэндээ арай хариуцлагатай, арай боловсролтой, арай дээд хэсгийнхэн нь л нийлж нийгмээ урагшлуулж явдаг болохоор тэр, энэнтэй удаан нэгдсэн гэсэн нэр зүүхээс айгаад байх шаардлага ч байхгүй юм. Сонгогчид тэрэнд тооцоо бодоод байх ч үгүй. Харин үр дүнд нь юу үлд­сэнийг л харна. Тэр ч байтугай сонгуулийн жил буюу 2016 он болтол хамтарч ажиллачи­хаад өмнөхөн нь Засгаас гарахыг ч ойлгоно. Зөвхөн ажиллах гурван жилдээ л амжиж ажил хийсэн байхыг шаардана.

Ер нь цаашлаад намын гишүүнчлэлийг халах талаар ярьж, үүнийг хуульчлах хэрэг­тэй. Намын гишүүнчлэлгүй болчихвол цөөхөн хэдэн монголчууд гадаа гэртгүй улстөржих нь багасч, намууд ч эрүүл солиотой нь мэдэг­дэхгүй хүмүүсийг жагсаал­таар оруулж ирэх боломжгүй болно. Харин хамгийн зөв бодолтой, элдэв муу асуу­далд нэр нь сэвтээгүй хүмүү­сийн нэрсийг жагсааж байж өөрсдөө оршин тогтнох учраас улс төржилтийн хөлд хорь гаруй жилд үрэгдсэн бидний хэдэн монголчуудад хэрэгтэй юм даа.

Ард түмэн саналаа өгч төлөөллөө болгосон тэр хү­мүүсээс тогтвортой байдлыг л хүсч, нэхэж хүлээсээр. Өөрийн тогтсон үзэл бодол, үнэт зүйлгүй, захын хүний хатгаасаар л төрийн тулгаа хөмөрчих гээд байдаг хүмүү­сээс холдож, эхний ээлжинд дөш шиг нягтарсан дөчин гишүүнтэй л болчихвол их учир байна даа. Тэгвэл дотны ямар ч хүчин, гадны ямар ч эрх ашиг Монголыг хөдөлгөж чадахгүй.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив