Харвардын хаялга
2012 оны 10 сарын 12 [Уншсан тоо: 103558]


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцохоор өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-ыг зорьсон билээ. НҮБ-ын хуралд оролцохынхоо өмнө Харвардын их сургуульд лекц уншихаар Бостон хотод хүрэлцэн ирсэн юм. Массачусэттс мужийн Кэмбриж болон Бостонд байр­ладаг Харвардын их сургуулийн нэрийг өнөө цагт дуулаагүй хүн үгүй гэхэд болно.

Харвардын их сургууль нь АНУ-ын  хамгийн эртний сургууль гэдгээ­рээ бас хамгийн нэр хүндтэй төг­сөгч­дийг дэлхийн хэмжээнд бэлт­гэдгээрээ орон зайгаа тодор­хойлчихсон газар. Харвард төгссөн хүмүүсийн ажиллах өндөр албан тушаал, компаниудын жагсаалт тодорхой байдаг гэлцдэг. Ерөөсөө энгийн компаниудад эндхийн төг­сөгч анкетаа өгдөггүй, өгсөн байлаа гэхэд нөгөө тал нь "Уучлаарай тан шиг ийм нэр хүндтэй сургууль төгс­сөн хүнд таарах ажлын байр бидэнд байхгүй" гэсэн хариулт сонсдог гэсэн яриа байдаг билээ. Авахгүй гээд буцаадаг нь юу л бол. Гэхдээ л Харвард гэдэг нэр нь тэр чигээрээ мэдлэг чадвар, итгэл үнэмшлийн тод нэрийн хуудас болдог нь үнэн. Харвардын эртний улаан тоосгон байшингуудтай модот гудмаар нь ороод ирэхэд тэс өөр сэтгэгдэл төрнө. Ерөөсөө тэнд сурах ёстой гэсэн бодол л төрдөг байх гэмээр. Харвардад АНУ-ын найман Ерөнхийлөгч, Нобелийн 75 шагналтан суралцаж төгссөн, бас одоо амьдарч буй 62 тэрбумтан эдний бүтээгдэхүүн. За тэгээд АНУ-аас гадна хэчнээн улсын Ерөн­хийлөгч ч байдаг юм, нэмэгдэж таарна. Ямартай ч Харвардаас бас нэг Ерөнхийлөгч төрсөн нь манай улсын Ерөнхийлөгч. Харвардын их сургууль нь дотроо 12 сургуультай бөгөөд 21 мянган оюутны 14500 орчим нь магистр түүнээс дээш зэрэг горилон суралцдаг гэж бай­гаа. Дээрх 12 сургууль дотроо хамгийн нэр хүндтэй нь Жон Кен­недийн нэрэмжит сургууль гэгддэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2001 онд тус сургуулийн оюутан болж ирж байсан бол дахин ирэхдээ сургуулийнхаа оюутнуудад лекц тавихаар очсон нь энэ. Мэргэжлийн онцлогоосоо шалтгаалж сургууль сургуулийн оюутнууд янз бүрийн эрдэмтэн мэргэд, нээлтийн эзэдтэй уулздаг бол хууль, улс төрийн сургуулийг багтаасан Жон Кенне­дийн сургуульд дэлхийн томоохон удирдагч, улстөрчдийг урих нь элбэг. Есдүгээр сард хамгийн их лекцтэй байдаг гэх бөгөөд манай Ерөнхийлөгчийн лекцийн дараа Мьянмарын ардчиллын тэмцэгч  Аун Сун Су Чи, Аргентиний Ерөн­хийлөгч Кристина Фернандес нар есдүгээр сарын 27-ны өдөр 17.30 ба 20 цагаас дараалаад форумд оролцохоор зар гарсан нь хараг­дана. Ер нь Харвардын оюутнууд нэг талдаа туйлын их зантай. Хэр баргийн хүний лекцийг тоож ирдэг­гүй гэгддэг. Үнэхээр сонирхсон хүнийхээ лекцэнд сандалгүй ч гэсэн зогсч байгаад л суудаг бол зарим дээр нь гол гороймоор ирдэггүй гэж байгаа. Ямартай Монгол Улсын Ерөнхийлөгчийн уулзалт их зантай Харвардын оюутнуудын анхаарлыг татжээ. Энэ нь Монгол гэдэг улс сонин байгаа­гийнх биз нөгөө талаас өөрсөдтэй нь адилхан Харвард гэсэн бичигтэй цамц өмсөөд явж байсан нөхөр нэг улсын Ерөнхийлөгч хэмээн уриг­даад лекц уншиж буй нь сонирхлыг өдөөсөн байх. Ямартай ч Жон Кеннедийн сургуулийн лекц болох танхим хөл тавих зайгүй болжээ. Сүүлд тэндхийн оюутнуудаас сон­со­ход энэ удаад лекцийн тасалбар урьд өмнөхтэйгээ харьцуулахад туйлын эрэлттэй байсан аж. Тасал­бар авах эрхийн төлөө хоорондоо сугалаа татсан гэнэ. Манай Ерөн­хийлөгчөөс Ираны цөмийн зэвс­гийн талаар тун нухацтай асуугаад байсан оюутан залуу "Танай орныг үнэхээр сонирхож байгаа. Монгол дэлхийд анхаарал татаж байгаа орон. Тэр утгаараа бас ардчиллын удирдагч Ерөнхийлөгчийн яриаг сонсохыг үнэхээр хүслээ. Аз боло­ход тасалбар нь олдсон шүү. Ма­най найзууд бүгдээрээ сугалаа­гаар тасалбар авч, энэ лекцэнд сууж чадсандаа сэтгэл хангалуун байна" гэж байсан билээ. Бас тэнд суралцдаг монгол оюутнууд ч баяр хөөртэйгөөр цугларчээ.



Уг уулзалт форумыг Кеннедийн сургуулийн декан Дэвид Эллвуд нээхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийг оюутнуудад дэлгэрэнгүй танил­­цуулсан юм. Чингэхдээ сур­гуулийнхаа шилдэг төгсөгч гэдгээр нь бахархаж буйгаа үгийнхээ эхэнд дурдаад "Тэр энэ сургуулиас олж авсан мэдлэг, ур чадвараа бодит амьдрал дээр үйл хэрэг болгож, улс орноо амжилттай удирдаж хүний эрх, эрх чөлөө шударга ёсны төлөө тууштай тэмцэж яваа" хэмээн тодот­госон юм.

Ерөнхийлөгч Харвардын оюут­нуудад хандан "Миний гартаа зүүсэн Харвардын төгсөгчийн бөгж бол надад хамгийн үнэ цэнэтэй эд. Гэрлэлтийн баталгаа болсон бөг­жөө эхнэрийнхээ зөвшөөрөлтэй тайлж Харвардын бөгжөө салгал­гүй зүүж ирлээ" гэхэд танхим дүү­рэн хөгжилдөн инээж, жигтэйхэн өөриймсүү болох нь ажиглагдсан. Тэрбээр сургууль төгсөөд юу хийх вэ гэж бодсон талаараа, энд сур­сан номоо зах зухаас нь хүмүүст хүргэхийн тулд "Нүүх үү, үлдэх үү" лекц уншсан талаараа, авлига гэдэг ардчилсан төрийн асуудал болох тухай, ажил аваад авлигын эсрэг тэмцэж ирснээ, хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллахдаа авлигын эсрэг эхлүүлсэн ажил нь түүнийг хоёр ч удаа хугацаанаас нь өмнө унагасан талаар, парла­мент дэмжихгүй ч ард түмэн дэм­жиж байсан талаар ярьсан. Мөн байгаль орчны салбарт хийж ирсэн ажлуудаасаа сонирхуулсан. Тэр­бээр Монголын газар нутгийн 46 хувь буюу Альяска мужийн газар нутагтай дүйхээр газар нутаг нь уул уурхайн лицензүүдэд хэрэгдсэн байсан нь одоо 15 хувь болтлоо багассан гэж харьцуулан ярих нь сонсч буй оюутнуудад ойр бууж байгаа бололтой. Хэдийгээр Ерөн­хийлөгч манайхны хувьд мэддэг зүйлсийг яриад байгаа мэт ч нөгөө талд ардчиллыг тайван замаар хийж одоо хөрсөндөө бат бэх суулгах гэж байгаа Монгол Улс, байгалийн асар их нөөцтэй Монгол Улс, хөдөө малчин айлын найм дахь хүүхэд коммунист ЗХУ-д сургууль төгсчихөөд нутагтаа ирж ардчилсан хувьсгал эхлүүлсэн нь, Харвардад төгсөөд нутагтаа очоод дахин Ерөнхий сайд дараа нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажил­лаж байгаа тэр түүх нь тэдэнд бүхэлдээ сонин байгаа нь харагдаж байсан юм. Тэр сонин нөхрийн лекцийг сонсохоор азын сугалаа­гаар орж ирсэн нөхөд ч хоосонгүй гэдэг нь асуултуудаар нь харагдав. Манай Ерөнхийлөгчийн өнгөрсөн наймдугаар сард Иранд хийсэн айлчлал нь барууныхны анхаар­лыг ихэд татсан гэдэг нь Харвар­дын оюутны асуултаас мэдрэгдэж байлаа. Гэхдээ Монгол Улс бүр хорь гаруй жилийн цөмийн зэвсэг­гүй бүс нутаг болохоо зарлаж, түүнийг нь хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн орнууд бүгдээрээ баталсан тэр баримт нь тэдний эргэлзээнд нэг талаасаа хариулт өгч байгаа юм. Ерөнхийдөө Монгол Улс дэлхийн том орнууд ч харилцах гээд бардаг­гүй Иран, Хойд Солонгостой эрт­ний найрсаг харилцаатай улс тэг­сэн атлаа барууны улс орнуудтай ч ойлгомжтой ойрхон харилцаатай онцлог гүрэн гэдгийг ирээдүйн дэлхийн томчууд болох харвард­чууд ойлгосон байх аа. Бас Өмнөд Суданаас ирсэн гэх нэгэн оюутан Ерөнхийлөгчийн тодотгосон авлигын тухай сэдвийг хөндөж асуулт тавьж байгаа нь содон байв. Харин дараахан нь өөр асуултын хариуг өгөхдөө Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж "Манай улс энхийг сахиулах үйлсэд гар бие оролцож байгаа. Түрүүнд өмнөд Суданы оюутан асуулт тавьж байсан. Өмнөд Суданд гэхэд манай найман зуу гаруй энхийг сахиулагч алба хааж байгаа" гээд яриан дунд хавчуулаад авсан нь тэдэнд бага­гүй сэтгэгдэл төрүүлсэн байх. Ерөн­хийдөө Монголын Ерөн­хий­лөгчөөс Монголын асуудлыг бус дэлхийн хэмжээний, бүс нутгийн асуудлуудыг сонирхож байсныг онцлох хэрэгтэй болов уу.

Ерөнхийлөгчид асуулт тави­хаар дугаарласан оюутнуудын цөөнх нь л асуултаа тавьж амжсан. Учир нь тэд асуулт тавихаар жаг­саад зогсчихдог юм байна лээ. Декан нь асуулт тавих оюутнуудын дугаарыг таслахад үлдсэн хэд нь урамгүйхэн сууж харагдсан. Ийм төрлийн форум дээр зөвхөн оюут­нууд бус эрдэмтэн багш нар нь олноороо суудаг юм билээ. Хар­вардын их сургуулийн маршал гэж хуучны ланжгар албыг Жеки О Нил хэмээх хатагтай хашдаг аж. Ерөн­хийлөгч Клинтоны арын албанд ажиллаж байсан гэх мундаг эмэгтэй Ерөнхийлөгчтэй уулзах үедээ тэтгэлгээ зөв хүндээ өгч гэж юуны өмнө онцолсон билээ. Тэдний хувьд итгэж тэтгэлэг өгсөн оюутан нь амжилтад хүрээд, улс орныхоо тэргүүн болоод явж байна гэдэг хамгийн том бахархал хүндэтгэл нь байж таарна. Кеннедийн сургуу­лийн сургалтын албаны захирал эмэгтэй гэхэд л "Танай Ерөнхий­лөгчийг сурч байхад би энд байлаа" гээд байн байн бахархан яриад байсан билээ.


Маршал Жеки О"Нил "Монгол Улс бол ардчиллын үлгэр дуурайл болсон, өөр нийгмээс шилжих шилжилтийн хугацаандаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэх тал дээр хамгийн өндөр амжилтад хүрсэн орны нэг. Харвардын судлаач оюутнуудыг Монголд ажиллуулан, харилцан оюутан солилцож турш­лага судлах чиглэлд хамтран ажиллах сонирхол байна. Бас монголчуудын арвин их түүхийг судлан, монгол судлалыг хөгжүү­лэх сонирхолтой байна" гэж байлаа. Харвард газар газрынхаа судлалыг зарим их сургуулиудад алдчихаад байгаа болохоор сүүлийн үед тухайлсан орон суд­лал дээрээ анхаарч ажиллах нь гэж дуулдсан нь үнэн бололтой. Харвар­дын хувьд монголчуудад илүү нээлттэй байх бодлого барим­талж ажиллах нь тэдний ярианаас мэдрэгдэж байлаа. Тэнд суралцдаг монгол оюутнууд хэлэхдээ "Бид бүгдээрээ тэтгэлгээр суралцдаг. Жилийн орлого нь жаран мянган ам.доллараас бага улс орнуудын оюутны хувьд тэтгэлгээр суралц­даг. Тэгэхээр өөрийгөө сурч чадна гэдгээ харуулж чадсан хэнд ч энэ сургууль нээлттэй. Харвард гэхээр манайхан халгаад байдаг. Хэн юу хийж чадахаа харуулбал хэцүү биш ээ, энэ сургууль" гэж байсан билээ. Ерөнхийлөгчид ч тус сургуулийн удирдлагууд тан шиг ийм төгсөгчид ирэх юм бол Харвард илүү нээлттэй байх болно гэсэн хандлагыг илэр­хийлж байсан билээ. Харвардын хувьд жилийн төлбөр нь өндөр гэдэг ч сурч чадах, эрмэлзэл нь их. Төгсөөд юу хийж чадахаа харуулах бол харин ч тэтгэлэг гэдгийг өгөөд байдаг газар шиг билээ. Энэ сур­гуу­лийн хувьд сайн төгсөгчдөөрөө бий болгосон нэр хүндээр их мөнгө төлж Харвардын оюутан болох хүсэлтэй баячуудын хүүхдүүдийг татаж байдаг юм шиг санагдсан. Саяхан л гэхэд хар арьст загвар өмсөгч Тайра Бэнк­сийг хэдэн долоо хоногийн бизнесийн сур­галтад сууж, диплом хүртсэн гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр жигтэйхэн шүүмжилж байсан билээ. Нээрээ ч супер загвар өмсөг­чийн хэдэн долоо хоногийн хуга­цаанд сурч гийгүүл­сэн нь юу л бол. Гэхдээ түүний өгсөн 100 мянган ам.доллар нь өөр нэг ирээдүйн лидерийн сур­галт байрны тэтгэлэг болж очино гэхээр бас буруутгаад ч байх зүйлгүй мэт. Алдар нь дөрвөн зууны турш энэ сургуулийн, энд­хийн төгсөгчдийн нэрийн хуудас болж яваа Жон Харвард тус сургуулийн энгийн нэгэн төгсөгч байсан. Гэхдээ тэр гэрээслэлдээ өөрийнхөө хөрөнгийн тэн хагас болох 780 фунт стерлинг, 320 боть номыг өгөх болсноор энэ сургуу­лийн хамгийн том хандивлагч болсон байдаг. Ийм сэтгэлийг шингээж чадсанаараа ч Харвар­дын номын сан АНУ-ын хамгийн том бас дэлхийд томд тооцогдох номын сан болж чадсан биз ээ. Тэгэхээр их ирээдүйг ямар нэгэн байдлаар өглөг хаялга дагалдаж явдаг л хойно арга ч үгүй юм уу. Харвардын хаялга бидэнд ардчил­сан Ерөнхийлөгчтэй болох боломж бас олон арван ирээдүйн залуу чадвартнуудыг өгч байгаа. Тэр хаялгыг хүртэхийн тулд залуучууд маань том зорилго, том мөрөө­дөлтэй баймаар юм байна. Энэ мэт бодлууд Харвардын эрхэмсгээр  дүнсийх улаан тоосгон байшингууд дунд алхаж байхад төрж байсан билээ.

Манхэтэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд...

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж НҮБ-ын чуулга уул­залтад орол­цо­хынхоо өмнөхөн Бостонд очиж, магистр хийж хоёр жил суралцсан Харварддаа лекц уншсан талаар өм­нөх тэмдэглэлдээ өгүүл­сэн би­лээ. Ангийнх нь хүүхдүүд Ерөн­хийлөгч ангийн анддаа хүндэтгэл үзүүлэн тал талаас Хар­вард сургуульдаа цуглан ирж, нэ­гэн оройг хамтдаа өнгө­рүү­лэхээр шийдсэн нь сайхан санагдаж байс­­­ныг хэлэх хэрэгтэй байх. Суралцаж төгссөн сур­гууль­даа очиж, түүнд өг­сөн тэтгэлэг ер нь мон­гол­чуудад тэтгэлэг өгвөл хоо­сонгүй гэдгийг нэг тал­даа ба­талж өгчихөөд Ерөн­­­хий­лөгч НҮБ-ын хуралд үг хэлэхээр Нью-Йор­кийг зорьсон билээ. НҮБ-ын Ерөн­хий ассамб­лей жил бүрийн есдү­гээр сараас арванхоёрдугаар сар хүр­тэл хуралддаг бө­гөөд бусад үед нь зарлан ху­ралддаг онцлог­той ажээ. Есдүгээр сард бо­лох нээл­тийн үеэр нь ги­шүүн 193 орны төр зас­гийн тэргүүнүүд ирж оролц­­­дог уламжлалтай.

Өнөө жилийнх нь нээлт есдүгээр сарын 18-нд эхэлжээ. Харин манай Ерөнхий­лөгч 25-нд НҮБ-ын индрээс үгээ хэлсэн. НҮБ-ын танхимд суух дарааллыг улс орнууд жил бүр сугалаа татан тохирдог бөгөөд энэ жил Mьянмар улс нэг гэсэн оноол­тыг авсан учир суудлын дарааллыг эхлүүлж, манайх эхний эгнээний зүүн талаад суудал таарсан аж. Бас Ерөнхийлөгч үг хэлэх 26 дахь төрийн тэргүүн болжээ. Нью-Йор­кийн Манхэтэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд байрлах НҮБ-ын төв байр орчим жилийн энэ л улиралд онцгой харуул хамгаа­лалттай болж, хотынхоо бүх цаг­дааг энэ ажилд дайчилдаг гэдэг. Зарим гудамжийг нь хааж, автоза­мын ганц хоёр урсгалыг хорьж, энд тэндгүй америк биерхүү цагдаа нар зогссон харагдана. НҮБ-ын чуулганд оролцохоор очсон, сур­валжлахаар ирсэн бүхий л хүмүүс нарийн чанд шалгуурыг давах ёстой болно. Хэрэв цүнхэндээ уух усаа аваад орж байгаа бол заавал өөрөө ууж шалгуулж байх жишээ­тэй. Гэхдээ арга ч үгүй юм даа. Дэлхийн хамгийн лут хам­гаа­лалт­тай хүмүүс болох төрийн тэр­гүү­нүүд бүгд нэг дор тэнд цугларсан байна шүү дээ. НҮБ-ын байр руу орж байгаа бол ямар ч мундаг даргын хамгаалагч нь байсан буу зэвсэггүй ордог. Угаасаа тэнд зэвсэггүй бүс, нөгөө талаас НҮБ-ын хамгаалалтад орчихож байгаа гэж үздэг юм уу даа.

Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган "Хямралыг даван туулах, зохицуулах нь" сэд­вийн хүрээнд болж өнгөрсөн бө­гөөд ардчилсан засаглалыг унага­даг, хямралынх нь гол урхагт сур­валж болсон "Хуулийн засаглал" сэдвийн дор төр засгийн тэргүү­нүүд үгээ хэлсэн билээ. Ерөн­хий­лөгч хорин жилийн өмнө салаа замын уулзвар дээр зогсч байсан Монгол Улс өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдаж байгаад бахархаж буйгаа хэлж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн нь нийт ард түмэндээ хүрч мэдрэгдэх ёстойг, дэд бүтэцдээ анхаарах хэрэгтэй, төрийн нэрийн өмнөөс ялын дээд хэмжээ өгдөг тэр жишгийг халах гэж оролдож байгаа  тухай, боловсрол бол эрх чөлөөт ардчилсан орны хамгийн эхний хэмжүүр гэж боддог тухайгаа дэлгэ­рэнгүй ярьсан. Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтэд хандаж залуу охид, хөвгүүд сурах мөрөөд­лөө биелүүлэх ёстойг, энэ нь хүний эрхийн эхний хэмжээс болж бай­даг. Боловсролтой улс орны иргэд хариуцлагатай, хүний эрхийг дээ­дэлж чаддаг талаар мэдэгдсэн юм. Есдүгээр сарын эхээр манай Ерөн­хийлөгчийн Иранд очсон явдал нь дэлхийн цөөнгүй орны удир­дагч­дад, олон улсын ажиглагч нарт эргэлзээ төрүүлсэн байж болох юм. Дэлхий нийтэд хаалттай байдаг Натанз хотхон дахь цөмийн байгуу­ламждаа Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дор­жийг оруулж сонирхуулсан нь багагүй гайхшралыг дагуулсан байх. Гадны төр засгийн тэргүү­нүүдээс анх удаа хөл тавьсан хүн нь Монгол төрийн тэргүүн. Тэгэхээр ямар ч учраас Ц.Элбэгдорж Иранд очив, яагаад түүнийг оруулав гээд асуултууд дагасан байж болох юм. Олон улсын нөхцөл байдлыг ихээ­хэн сонирхдог бололтой нэгэн эр биднийг Монголын сэтгүүлчид гэж мэдмэгцээ ихэд шохоорхон олон зүйлийг асуусан бөгөөд үнэн­дээ өөрөө ч Монголын нөхцөл байд­лыг хөдөө амьдарч байгаа манай малчнаас дээр мэддэг юм билээ. Тэрбээр "Танай Ерөнхий­лөгч яа­гаад Иранд айлчлав" гээд байн байн асуугаад байсан юм. Түүн шиг асуулттай хүмүүс олон байсан байх. Зарим нь Монголыг төдийлөн сайн мэдэхгүйдээ Азид цөмийн зэвсгээр хөөцөлддөг нэг улс гарч ирэх нь гэж хардана бодож байсныг ч үгүйсгэмгүй. НҮБ-ын танхимд ч Монголын Ерөнхийлөг­чийг Ираны цөмийн байгууламжид орж чадсан гадаадын анхны тө­рийн тэргүүн болж чадсанд нь гайхаж, асуулттай ирсэн хүмүүс ч олон байсан биз. Харин тэр олон хүмүүст Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг мөр хариу өгч санааг нь амраасан. Монгол Улс хорь гаруй жилийн өмнө цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарласныг Ерөнхий­лөгчийг үг хэлэхээс хэдхэн өдрийн өмнө НҮБ-ын Байнгын зөвлөлийн таван орон албан ёсоор баталсан билээ. АНУ, Англи тэгээд цөмийн хэрэглээний тал дээр байр суурь нь тодорхой Хятад, Орос, Франц гээд бодохоор. Ямартай ч өнгөрсөн жилийн НҮБ-ын индэр дээрээс Монголын хөр­сөн дээр цөмийн хог хаягдал булах тухай асуудал байх­гүй гэж харин энэ удаад монгол­чуу­дын хорь гаруй жилийн өмнө харж чадсан өнцгийг батал­гаа­жуулс­ныг зарласнаараа онцлог болов.

Манай Ерөнхийлөгчийн "Авлига бол харанхуйд өсөн үржих халдварт өвчний нян мэт олон нийтийн итгэлийг үгүй хийж, хө­рөнгө оруулагчдыг үргээн айлгаж, иргэдийн боломж бололцоог дээ­рэмдэн тонож, улс үндэстний маань амин чухал дархлаанд халдаж байна. Бид харанхуйг гэрэлтүүлж, энэ өвчний эсрэг эрчимтэй дов­толж, таслан зогсоох ёстой" гэснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ардчилсан орнуу­дын хамтын нийгэмлэгийн хурлыг даргалах үедээ ишлээд байснаас харахад ихээхэн сэтгэгдэл төрүүл­сэн бололтой.

 АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама улс орондоо ирсэн төрийн тэр­гүү­нүүдийг урьж хүлээн авалт хийж, бас НҮБ-ын Ерөнхий нарийн бич­гийн даргын хувьд Бан Ги Мун бас нэгэнтээ зоог барьдаг юм билээ.

Өнөө жилийн хувьд Ерөнхий­лөгч Барак Обамгийн үг дэлхий нийтэд хандахаасаа илүүтэй до­тоодын иргэд сонгогчдодоо ханд­сан байлаа хэмээн олон улсын ажиглагчид дүгнэсэн нь үнэний ортой. Бараг ярианых нь 30 орчим хувь нь олон улс руу чиглэж, үлдсэн 70 орчим хувь нь өөрийн­хөө сон­гогчдод хандсан. Тэрбээр биднийг очих үед өрсөлдөгч Митт Ром­ни­гоосоо хувиар өндөр гарчихаад байсан үе нь билээ. Митт Ром­ни­гийн хувьд ард иргэдийн 47 хувьд засгаас тэжээлгэж, гар хардаг хүмүүс бай­гаа гэж ярьсан бичлэгийг нь ил болгосноор нэр хүнд нь жаахан уначихаад байсан. Харин эхний мэтгэлцээнээр хоёр хувиар эрхэм Ерөнхийлөгчөөсөө давж байх шиг байна. Гэхдээ л мэт­гэл­цээн дахиад хоёр ч байгаа шүү дээ. Ерөнхийдөө АНУ-д Ерөнхийлөгч дахин сонгог­дох магадлал юу юу­наас илүү. Ихэнх Ерөнхийлөгч найман жилээ гүйцээсэн байдаг нь дахин сон­гуульд өрсөлдөх шаард­лагагүй Ерөнхийлөгчөөс хамгийн шал­гар­сан шийдлүүд гардаг гэж үздэгтэй холбоотой билээ. Хэн нэгэн хүнд таалагдах гэж хичээ­гээгүй шийд­вэрүүд нь ард олондоо хамгийн хэрэгтэй байдаг гэж тайл­бар­ла­маар ч юм уу. Мэдээж, дэл­хийн хэмжээний том уулзалтууд төр засгийн тэргүүнүүд нэг нэгэн­тэйгээ уулзах том боломж байдаг. Гэхдээ тэр бүрт нь сэтгүүлчид очиж сур­валжлаад байх боломж тун муу юм. Зай талбай, хамгаалалт энэ тэрээс эхлээд асуудал их бий. Гэхдээ НҮБ-ын байранд нөгөө дэлхийн томчууд чинь бараг хам­гаалалт ч байхгүй алхаж байна шүү дээ. АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон гэхэд л энгийнээр хүмүүстэй ярилцаж, хүссэнтэй нь зургаа авахуулаад явж байна лээ. Ер нь ийм төрлийн хурал цуглаан маш том дипломат арга хэмжээ болдог. Манай Ерөн­хий­лөгчийн хувьд ч уулзалтууд нэлээд байсан. Чехийн Ерөн­хий­лөгч Вацлав Клаус, Швейцарийн  Ерөнхийлөгч хатагтай Эвелин Видмер, Шлумпф, Мьянмарын Ерөн­хийлөгч Тейн Сейн, Японы Ерөнхий сайд Нода гээд.



Японы Ерөнхий сайд манай Ерөнхийлөгчид бараалхах хүсэлт тавьж уулзсан нь Японы тал анх удаа Монголын талд хүсэлтээ тавьж уулзсан тохиолдол болж байгаа юм билээ. Хоёр талууд уулзах өрөөнд эхлээд манай Ерөнхийлөгч орж ирсэн. Тэгэхээр нь сэтгүүлч бидний нөхөд "Хоёр талаас орж ирээд уулздаггүй юм байх даа. Манайх түрүүлж ороод ирэх чинь, эсвэл манай тал хү­сэлтээ тавьсан болохоор хүлээгээд сууж байдаг юм байна л даа" гээд баахан таавар дэвшүүлээд байсан нь эсрэгээрээ байж. Харин манай тал хүлээж авч байгаа болохоороо нэг утгаараа гэртээ хүлээгээд сууж байгаа нь тэр аж. Энэ жижиг жишээ мэт боловч Монголын тал уулзах хүсэлт тавиад гүйгээд бай­даг цаг ард хоцорч л гэж хэлэх гээд байгаа юм.



НҮБ-ын чуулганы нээлтийн үеэр нэг хүн жигтэйхэн "од" болсон нь Мьянмарын Аун Сан Су Чи байлаа. Нобе­лийн Энх тайвны шагналт, ард­чилал хүний эрхийн тэмцэгч, Мьян­марын Үндэсний ардчилсан ли­гийн тэргүүн Аун Сан Су Чиг АНУ-д ирмэгц нь Сенат дээд шагналаа өгөөд, НҮБ-ын чуулганы хамгийн чухал хүн тэр болсон. Нийтдээ 15 жилийн турш гэрийн хорионд байсан тэрбээр нэг талаас бүр юу ч хийгээгүй мэт. Гэхдээ амьдралаа­раа, хань ижлээсээ хол төрсөн нутагтаа хоригдож ирсэн түүний гунигт амьдрал нөгөө тал­даа бирм­чүүдэд эрх чөлөө, хүний эрхийн үнэ цэнийг мэдрүүлж, дэл­хий дахинд ч үүнийг баталж чад­са­наар өнөөдөр дэлхий нийтийн талархлыг хүлээж байгаа мэт. Түүнийг гэрийн хорионд нь байхад сул­луулах талаар Мон­голын Ерөн­хийлөгчийн санаачил­гаар дэлхийн 60 гаруй орны төрийн тэргүүнүүд гарын үсэг зурж ил­гээсэн талаар хэвлэлээр бичигдэж байсан бөгөөд Аун Сан Су Чи ч суллагдангуутаа хамгийн түрүүнд Ерөнхийлөгч Ц.Эл­­бэгдорж руу утасдан та­ларх­лаа илэрхийлж байсан юм билээ. Тэд НҮБ-ын 67 дахь ассамблейн үеэр нүүр тулж уулзсан. Хатагтай Аун Сан Су Чи "Таны НҮБ-ын индрээс дөнгөж саяхан хэлсэн үгийг миний бие сэтгэл догдлон хүлээн авлаа.  Монгол Улс Ард­чиллын салбарт амжилт олж туул­сан туршлагаа бусадтай ху­ваал­цаж байгаад бид баяртай байна. Мөн Монгол Улс АОХН-ийг дар­галж олон сайн санаачилга гарган хүн төрөлхтний өөдрөг ирээдүйд хувь нэмрээ оруулж байгаад баяр­тай байна" гэсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардад лекц унш­чихаад НҮБ-д ирсэн бол ха­тагтай Аун Сан Сун Чи НҮБ-ын хурлаасаа Харвард руу илтгэл тави­хаар явах гэж байсан билээ. Ард­чилсан орнуудын хамтын ний­гэм­лэгийг даргалж буй орны хувьд хурлыг манай Гадаад хэргийн сайд Л.Болд даргалж явуулсан бөгөөд дарга орны Төрийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг ху­ралдаан дээр орж ирж үг хэлсэн. Манай улс тус нийгэмлэгийн дар­гын хувьд Мьянмарын ардчилсан өөрчлөлтөд дэм болгох зорилгоор Ардчилсан орнуудын хамтын ний­гэмлэгийн Ажлын түр хэсэг бай­гуулах санаачилгыг өнгөрсөн дол­ду­гаар сард гаргасан ажээ. Харин энэ удаагийн хурлаар уг санаачилгыг дэмжиж, ажлын хэс­гийн анхны хуралдааныг хийсэн. Ингэхдээ даргаар нь Монголын талыг сонгосон билээ. Ер нь манай улсыг даргалж байх хуга­цаандаа маш идэвхтэй, өндөр үүрэг оролцоотой оролцсон гэж үнэлж байгаа гэсэн. Манай зүгээс ч энэ нийгэмлэгийг олон улсын байгууллага болгох са­наачилга гаргах гэж байгаа аж. Ирэх хавар дараагийн улсад хүлээлгэж өгөхдөө бас хийсэн юмтай байж чадвал монголчуудын нэр хүндэд хэрэгтэй юм даа.

НҮБ-ын хаш ногоон индэр бүхий том танхимд үйл явдал өрнөж байхад гадаа гудамд ч амьдрал буцалж байлаа. Ардчилал, эрх чөлөөний өлгий гэгддэг АНУ-д төр засгийн тэргүүнүүд ирсэн дээр гэсэн шиг үгээ ч үзэл бодлоо ч илэрхийлэх шиг болдог юм билээ. НҮБ-ын байнгын төлөө­лөгчийн газрын цэргийн зөвлөх С.Амарсайхан ах хурлын үеэр хүмүүс жагс­даг газар хэмээн урт гэгчийн гудамжийг зааж  байсан билээ. Үнэхээр ч эзгүй тэр гудамж хурлын үеэр жинхэнэ амь орох шиг болсон шүү. Энд тэндгүй уриа лоозон барьсан ул­сууд. Эхний өдөр "Free Tibet" гэсэн уриа лоозон барьсан хүмүүс "Ич ич, Хятад улс, Сэр сэр НҮБ" гээд л үг толгой холбож ирээд цуглаан хийж байх нь жигтэйхэн содон харагдсан билээ. Дэргэд нь бас хэдэн өндөр хар нөхөд зогсоод дэмжиж байх нь содон байв. Гэтэл тэд Түвдийн асуудал биш өөрс­дийнхөө зовлонг ярьж байгаа кон­гочууд байсан аж. Түвдүүд эрх чөлөөт Түвдийн төлөө амьдаараа зулын гол болж байгаа залуус, лам нарын зургийг нэр устай нь хэвлээд зогсжээ. Зари­мынх нь зураг ч олддоггүй бо­лолтой. Тэр хүмүү­сийн насыг нь харахад 17-18 тэгээд 19 настай нь гэх жишээтэй. Залуу нас л хүнийг юунаас ч айдаггүй, юуг ч бодуул­даггүй гэнэн тэнэг, эрмэг зоримог байлгадаг даа гэж бод­моор. Харин конгочууд одоогийн Ерөнхийлөгч Жозеф Кабилаг олон зуун хүний аминд хүрч байна гэж буруутгаж цугларчээ. Дараагийн өдөр нь бүр олон хүн цугларсан харагдана лээ. Тэнд Хятадын удир­дагчдыг буруут­гадаг Фалунго хө­дөлгөөнийхөн, Сирийн удир­дагч­дыг буруутгаж буй хүмүүс, Ираны Ахмадинежадын багийг бүр хэд хэдэн төрлийн дүр царайтай хий­гээд хип хоп аяанд бүжиглэгсэд гээд. Нэг хятад залуу "Шанхай хотын захиргаа манай газрыг булааж авах гээд ээжийг маань үхэлд хүргэсэн" гэсэн бичиг бүхий пайз барьчихаад ганцаараа зогсч байх жишээтэй. Тэд олон газрын өөр өөрийн асуудалтай боловч урт нарийн гудмаасаа гарна гэж байх­гүй, тэндээ л өөрс­дийн­хөөрөө дуу хоолойгоор өргөж байгаа харагд­сан. Тэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна, бас гудмаар явах хүмүүсийн замд саад болохгүй хашиж тавьсан хашаандаа л орилж байна. Аме­рикт ингэж жагс­даг ажээ. Манхэтэн дүүргийн нэгдү­гээр өргөн чөлөөнд...

НҮБ-ын төв байр Нью-Йорк хотын Манхэтэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөний 44-46 дугаар гудамжинд байрладаг. Яг ард талаар нь үзэсгэлэнт Зүүн гол урсдаг энэхүү Яст мэлхийн булан нэр­тэй газарт НҮБ-ын төв байрыг барих ажиллагаа 1949 онд эхэлсэн гэдэг юм билээ. Нийт 69 мянган га газрыг нь тухайн үед 8.5 сая ам.доллараар авч байсан гэдэг. Тэр үед газар хямд байсан, одоо Манхэтэнд ч газрын үнэ тэнгэрт хад­сан гэлцэнэ. Газар юу байхав. Сөөм ч сул газар байхгүй юм чинь. Монгол Улс НҮБ-д 1961 онд эл­сээд 1964 онд одоогийн Суурин төлөө­лөг­­чийн газ­рынхаа бай­рыг авсан ажээ. Зургаан дав­хар өн­дөр хуучны энэ ба­рилга одоо бас л "ха­данд гар­сан" үнэтэй бол­сон гэсэн. Суурин төлөө­лөгчийн газрын зөвлөх Э.Ганболд ах бидэнд тө­лөө­лөгчийн газрынхаа талаар дэлгэрэнгүй мэ­дээ­лэл өгсөн билээ.

Ер нь манайхан эртнээс дип­ломат албандаа алсын хараатай байж ирсэн нь олон зүйлээс анзаа­раг­даад байдаг. Түрээсэлж байс­наас худалдаад авах нь зөв гэдгийг дандаа мэддэг байсан бололтой. Парисын Булоньд байгаа ЭСЯ-ны байраа бас л олон жилийн өмнө нэг эмчээс худалдан авсан байдаг нь одоо бас л их үнэд хүрсэн дуулддаг.

Байрны хувьд нэг иймэрхүү. Харин НҮБ-ын суурин төлөө­лөг­чийн газар маань цомхон. Экс Ерөнхий сайдын зөвлөхөөр ажил­лаж байсан О.Оч сайдаар томилог­дож очоод удаагүй аж. Энд сайдаа­саа гадна дөрвөн дипломат, нэг нарийн бичгийн даргатай. Ерөн­хийдөө хүн хүч цөөнтэй. НҮБ намартаа хуралд­даг мэт боловч НҮБ-ын шугамаар хийгдэх ажлууд чөлөө завгүй. Манай УИХ шиг НҮБ-ын зургаан байнгын хорооны ажил байнга явагдана. Гадны улсууд нэг байн­гын хороон дээрээ гурваас тав түү­нээс олон хүнтэй байдаг бол ма­найх хоёр байнгын хороог нэг хүн хариуцаж байх жишээтэй аж. Ерөнхийдөө НҮБ-ын суурин тө­лөө­лөг­чийн газрын хүн хүчийг бод­ло­гоор нэмэгдүүлэхээр болсон шиг.

Суурин төлөөлөгчийн газраас гадна НҮБ-д ажиллаж байгаа мон­голчууд нэмэгдсээр байгаа юм билээ. Хэлтэй устай, чадалтай чадварлаг монголчууд НҮБ-ын төв оффист нь ажиллах болоод бас уджээ. Тэнд хорь орчим монгол­чууд хариуцдаг салбар, бүс нутаг нь өөр, өөр ч НҮБ дэх монгол­чуу­дын гэсэн баг хэдийнэ үүсгэж амж­жээ. Хамгийн удсан нь НҮБ-д хориод жил ажиллаж байгаа С.Эр­дэнэ­билэг. Тэрбээр монгол хүний хувьд НҮБ-д хамгийн өндөр карьерыг хийчихээд байгаа билээ. С.Эрдэнэбилэг гуай НҮБ-ын Да­лайд гарцгүй, буурай хөгжилтэй орнуудын бодлого хөгжүүлэх, зо­хи­цуулалтын газрын даргаар ажил­ладаг. Ерөнхийдөө үүнээс цааш дэвшинэ гэвэл НҮБ-ын ерөн­хий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гээд улс төрийн албан тушаалууд байдаг учраас үнэндээ улс нь, тив нь дэмжиж байж тэр албануудад зүтгүүлэхээс ар­гагүй. Тэгэхээр одоогийн байдлаар монгол хүний НҮБ-д хашсан хам­гийн өндөр албан тушаал энэ бо­лоод байна. Ийм хүмүүсээ эх нутаг­таа авчирч, хүч чадал, туршлагыг нь хуваалцаж ашигламаар санаг­даж байсан шүү.

НҮБ-ын хуралд оролцохоор ирсэн дэлхийн төр засгийн удир­дагч нараас хамгийн сонирхол татам хүмүүсээс дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агент­ла­гууд ярилцлага авдаг. Ма­най хэвлэлийнхэн ч гэсэн хамгийн анхаарал татаж байгаа, бас олны сонирхож буй хүмүүсийг эрж хайж, сонгож авдаг шиг. Түүнээс бус тэдний эфирийн цаг хязгаартай, НҮБ-ын хуралд ирсэн 200 орчим орны дарга даамал бүгд л яриа өгөхийг хүснэ шүү дээ.



Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью-Йоркт очих үеэрээ СNN-ийн  сэтгүүлч Кристина Аманпаурын ярилцлагад уригдсан. Иран гарал­тай тэр эмэгтэй дэлхийн хэмжээний бодлого тодорхойлогчдыг ярилц­лагадаа урьдаг онцлогтой. Өөрөө ч асуулт нь цэгцтэй, цөөн хэдэн минутад ярилцагчаа нээж гаргахын тулд бүгдийг хийдэг юм билээ. Тэр сэтгүүлч эмэгтэйн ард гэхэд бүхэл бүтэн баг ажиллаж байдаг боло­хоор арга ч үгүй юм гэмээр. Аман­паур эхлээд Катарын Ерөнхий сайдтай ярилцлага хийсэн бөгөөд үүнийхээ дараа "Жижигхэн орон ч гэсэн дэлхийд амжилтаараа үлгэр­лэж буй Катарын тухай та бүхэн мэднэ. Харин одоо Катараас илүү анхаарал татаж байгаа нэгэн орны тухай танилцуулах гэж байна. Та бүхэн дэлхийн хамгийн хурдацтай эдийн засгийн хөгжилтэй орны тухай мэдэх үү. Хэрэв та Хятад гэж хэлэх гэж байгаа бол алдаж байна. Энэ бол Монгол. Хятад, Орос хоёр гүрний дунд орших Мон­гол Улс эдийн засгийн хөгжлөөрөө Хятадаас хоёр дахин хурдан хөг­жиж байна. Энэ улсын Ерөн­хий­лөг­ч­ийг нэвтрүүлэгтээ урьж байна" гээд ярилцлагаа эхэлж байна лээ. Ерөн­хийдөө энэ удаагийн АНУ-д хийсэн айлчлалаар Ерөнхийлөгч "Тime" сэтгүүлийн томоохон тоймч нартай уулзаж, "Wall street journal"-д ярилц­ла­га өгсөн гээд манай сал­барынхантай ихэд "түншилсэн" шүү. "Time" сэтгүүл гэхэд 2012 оны онцлох гурван хүний нэгээр Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг нэрлээд байгаа юм гэсэн.


Ерөнхийдөө Ерөнхийлөгчөөс яриа, ярилцлага аваад байгаа мэт боловч том утгаараа Монголын сурталчилгаа болж байгаа хэрэг. Бас Монголыг сурталчлах чиг­лэ­лээр Вашингтон хотноо ажлууд өрнөсний нэг нь "National Geographic"-т зочилсон явдал. Улс орнуудын хувьд улс төр, биз­несийн ямар нэгэн ашиг сэжмээр бус харин "National Geographic" шиг хүмүүсийн сэтгэлд нь, тархинд нь хүрдэг арга замаар улс орноо сурталчлах нь чухал билээ. "National Geographic"-ийн хувьд монголчуудтай эртний танил. Энэ сэтгүүлийн хуудаснаа анх нь хэвлэгдэж байжээ. Мөн энэ сэтгүүлийн архивт 1920-1930-аад оны үеийн монгол­чуудын амьдралыг харуулсан зураг цөөнгүй хадгалагдан үлдсэ­нийг Ерөнхийлөгчид сонирхуулж байлаа. Бас Вашингтон хотноо "Smithsonian Institution" байгуул­лага дээр зочилсон. Өв залгам­жилсан баян англи эрдэмтэн Жэймс Смитсон насан эцэс­лэ­хээ­сээ гурван жилийн өмнө тун сонин гэрээслэл бичсэн байдаг бөгөөд 1835 оноос хойш төрөх ач хүүдээ хөрөнгөө өгнө, үүнээс өмнө өөрөө нас барвал бүх өмч нь АНУ-д очно хэмээсэн байдаг. Ингээд хэзээ ч очиж үзэж байгаагүй АНУ-д энэ хүн  бүх хөрөнгөө үлдээсэн нь тус улсын Сенатынхны шийдэх нэгэн том ажил болжээ. Түүний нас барснаас зургаан жилийн дараа АНУ-ын тал түүний их өвийг сайн санааны төлөө зарцуулахаа мэдэгдсэн бөгөөд энэ институтыг байгуулсан юм билээ. Уг байгууллагын өмнөх том талбайд улс орон бүр өөрс­дий­гөө сурталчилдаг үйл ажиллагааг уламжлал болгон хийдэг болсон бөгөөд ирэх хавар манайхан энэ боломжийг ашиглах ажээ. Олон төрлийн музей, галерей, олон сая үзмэртэй энэ  байгууллага өв болгож үлдээсэн тэр эрхмийнхээ нэрээр нэршжээ. Хэн нэгэн хүн баян байж болох ч алсдаа үлдэх, нэрээ үлдээх зүйлст зориулах ухаан гаргана гэдэг мундаг ажээ. Алсын Америкт төрийн тэргүүний хийсэн айлчлалыг товчлон дур­да­хад ийм байна.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив