Элчин сайдуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэе
2012 оны 6 сарын 15 [Уншсан тоо: 40341]
Ямар хэргээр гэж үү. Энэ удаад элдэв тамхины хэрэг биш. Харин Монгол төрийн том ажил сонгуу­лийг зохистой явуулж, иргэдийн сонгох эрхийг хангаж чадаагүйнх нь төлөө ийм ял хүлээлгэхээр болжээ. Сонгууль будлиантуула­хыг төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн үздэг. Сонгууль шударга явагдах ёстой. Сонгуулийг шударга бол­гохын төлөө санал өгч байгаа нь ч, зохион байгуулж байгаа нь ч мэрийх ёстой билээ. Манай сонин хэд хэдэн цуврал нийтлэлээрээ энэ тухай хөндөж, санаатай бо­лоод бас бусаар сонгууль будлиан­туулахад оролцож, эрүүгийн хариуцлагад татагдав аа хэмээн анхааруулж бичсээр байгаа. Харин хилийн чинадад Монгол Улсаа төлөөлөн сууж буй, төрийн ажлыг яаж хийд­гийг хамгийн их үлгэр дуурай­лалтай харуулах ёстой улсууд хамгийн том будлианыг тарьж орхилоо.

Гадаадад байгаа монголчуу­дын тоо 150 мянга гэсэн албан тоо гараад тодорхой болчихсон. Хаа яваа нь мэдэгддэггүй, хэнэггүй гүдэсхэн монголчуудын гадаадад байгсдын тоо бүр 300 мянгад ч хүрнэ гэсэн яриа байдаг. За тэр бүгдийг орхилоо гэхэд 2010 онд хийсэн Хүн ам, орон сууцны шинэ­чилсэн бүртгэлээр 100 мянга гаруй монгол хүн хилийн чанадад ажил­лаж, амьдарч байгаа гэдэг нь тодор­­хой болсон билээ. Гэтэл тэр хүмүүс анх удаа хилийн чанадаас сонгогдох эрхээ эдлэхэд нь ердөө 2779 хүн саналаа өгсөн гэхээр үнэхээр гомдмоор, харамсмаар байгаа юм. Гэхдээ үүнд хүний газар гүний нутагт байгаа хүмүүсээ эхэлж буруутгамааргүй байна. Нэрээ бүртгүүлэхээр заавал биеэрээ ирэх ёстой гэж хүнд суртал эхэндээ гаргасан. Бүртгүүлэх гэж очиж, өгөх гэж очих цаг зав гаргах амаргүй. Тэгээд ч хэдэн зуун км-ийн цаанаас ЭСЯ, консулын газартаа хүрнэ гээд асуудал их байсан биз.

Сонгуулийн тухай хууль орой­хон батлагдсан ч санал өгөгчдийн тоо хангалтгүй байсанд иргэддээ хангалттай мэдээлэл өгч, суртал­чилгаа хийж чадаагүй ЭСЯ-д, элчин сайдууд буруутай. Монгол Улсаа төлөөлөн харьд сууж байгаа хариуцлагатай ажил хийдэг гэх хүмүүс Монгол төрөө эмхлэн зо­хион байгуулах чухал ажилд хариуц­­лагатай хандаж, үүргээ биелүүлж чадсангүй. Сэтгэл, зүтгэл дутав. Үнэндээ ч дарга нарын цүнх зөөж, эхнэрүүдийг нь дэлгүүр да­гуулж явахаа Монголоо төлөөлж, харьд сууж байна гэж андуурдаг хүмүүс сонгуулийг яагаад төрийн ажил гэж хэлж байгааг ч ойлгохгүй биз ээ. Шинэчилсэн бүртгэлд бичигд­­­сэн 100 мянган хүнээс 4321 хүн бүртгүүлж, тэгээд тэднээсээ 2779 нь саналаа өгсөн гэдэг дэндүү бага тоо. Дахиж бүртгэл гээчийг хийж гадаадад ердөө 30 мянга гаруй монгол хүн байна хэмээн ГХЯ-ны Төрийн захиргаа, Удирдлагын газрын дарга Б.Баярсайхан мэдэг­дэж байсан нь үнэхээр хэтийд­сэн мэдэгдэл байлаа. Хам­гийн ойрын Солонгост л төдий тооны хүн бай­даг гэдэг дээ. Энэ хэлсэн тоогоор нь байлаа гэхэд тэднээс ердөө 3000 хүрэхгүй хүн саналаа өгч байгаа нь тэд ажлаа хийж чадаагүй гэсэн үг. Хүн амын бүртгэлд хам­рагдсан 100 мянган хүний ердөө дөрөвхөн хувь нь бүрт­гүүлж, хоёрхон хувь нь сана­лаа өгчээ. Ерөөсөө ЭСЯ-дад ажил­ладаг хүмүүс, тэднийг дагаж очсон ар гэрийнхэн нь голдуу тэгээд эх оронч, идэвхтэй цөөхөн иргэд л өгч. Яамд хүмүүстээ мэдээлэл өгөх тал дээр хангалтгүй ажиллажээ. Сон­гууль өгөх тухай журам өөрч­лөг­дөж, биеэр ирж бүртгүүлэх­гүйгээр онлайн, факс, мэйлээр бүртгэл хийхээр болж өөрчлөгд­сөнийг тэд бараг зарлаа­гүй.



Үнэндээ монгол иргэдийг саналаа өгөхийг уриалж мэдэгдэл, мэдээлэл хийж байсан хүмүүс нь ЭСЯ-д биш харин "Бид сонгох эрхтэй" клубийн залуучууд байсан гэвэл та итгэх үү. Аль нэг намыг дэмжиж биш зүгээр л гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол хүнийг Монгол Улсын төрийг бай­гуулах сонгуульд оролцохыг уриалж тэд үйл ажиллагаа явуулж байсан. Facebook, Twitter, YouTube болон монгол иргэдийн сурч, ажил­лаж, амьдарч буй 10 гаруй улсын 30 орчим сүлжээгээр тэд бусдыгаа уриалсан байсан. Тэгснийх ердөө 1000 хүн бүртгүүлсэн байсныг арав хоногийн дотор 4200 гаруйд хүргэ­сэн. Хэрэв ЭСЯ-д эртнээс тэднийх шиг аргаар ажилласан бол асуудал өөр байх байлаа. Хийх ёстой үүрэгт ажлаа хийгээгүй учраас тэдэнд хариуцлага хүлээлгэх ёстой гээд байгаа юм. Төрөө төлөөлж харьд сууж байгаа хүмүүс төрийн хамгийн чухал ажилд ханцуй шам­лан орох байв. Гэвч тэгсэнгүй. Яагаад тэр вэ.

Энгийн логик байгаа. Одоо ЭСЯ-дад ажиллаж байгаа хүмүүс бүгд МАН нэрээр, энэ намын нөлөө­­­гөөр тэнд ажиллах эрхээ авсан хүмүүс, цаашлаад энэ намын зүтгэлтнүүдийн танил тал, үр хүүхэд. Элчин сайдууд нь голдуу энэ намын визээр томилогдсон гарууд. Угшил нь тэр чигээрээ МАН.  Гадаадад байгаа монголчууд ард­чил­лын төлөө саналаа өгөх нь дийлэнх гэсэн яриа байдаг. Харин МАН-аас өгсөн чиг бол аль болох гадаадад байгаа монголчуудын саналыг авахуулахгүй байхыг үүрэгдсэн явдал. Ерөөсөө энэ ашиг сонирхлын үүднээс тэд ажлаа хийсэнгүй. Ялангуяа Вашингтон, Лондон, Токиод энэ байдал илүү­тэй мэдрэгдсэн талаар тэнд ажиллаж амьдардаг монголчууд илэрхийлжээ. Одоо чинь хил хязгаар­гүй болсон үе шүү дээ. Амери­кийн монголчуудын санал хураал­тад оролцсон байдал бүр гайхаш төрүүлж байгаа юм.

Вашингтонд 114, Сан Францис­код 65 хүн саналаа өгсөн гэж байгаа. Гэтэл АНУ-д 20 мянган монголчууд амьдардаг гэдэг. Дээрх хоёр хотод л тус бүртээ 3000-5000 монголчууд байгаа гэсэн тооцоо бий. Дээрээс нь Америкийн монгол­чууд ардчиллын мөн чанарыг мэдэрдэг, амьдрал нь боломжийн, өөрсдийн унаатай, үзэл бодлоо хүндэтгэдэг учраас саналаа очоод өгчих анхан шатны ойлголттой, бас цагаачлалын албанаас айж зугтал­гүй ЭСЯ дээрээ явж очоод санал өгчихөөр хүмүүс. Саяхан АНУ-ын элчин сайд хэвлэлийн­хэнтэй уул­зах үедээ тус улсад 3500 орчим оюутан суралцаж байгаа гэсэн. Энэ бол албан ёсны визтэй хүмүү­сийн хамгийн наад захын тоо. Тийм улсад ийм дүн гарсан гэхээр ерөө­сөө л Элчин сайдын ажилтай нь шууд холбоотой гэхээс аргагүй. Үнэндээ ч Вашингтон дахь Мон­голын ЭСЯ тэдэндээ хамгийн хаалттай газар байдаг. Монголын иргэн нь яваад очихоор хүргэн ч юм уу, хаалгач нь юм уу нэг нөхөр ЭСЯ-ныхан бүгдээрээ Канадад хуралд суухаар ч билүү амрахаар ч билүү явсан гээд байж байдаг гэлцдэг. Юун ч дуусдаггүй хурал, яасан ч барагддаггүй амралт юм.

Гадаадад байгаа монголчуу­дын сонгуульд оролцсон энэ үзүү­лэлт харьд суугаа дипломат ажилт­нууд ажлаа хэр хийдгийг бидэнд ил тодоор баталлаа. Тэд ажлаа хэн гэдэг даргад үйлчилж, чемодан барьж гүйснээрээ хэмждэг бол бид төрийн нэрийн өмнөөс хийж бай­гаа ажил­даа яаж хандсанаар нь дүгнэнэ. Одоо тэднийг үүргээ гүйцэт­гэж, ажлаа хийж чадаагүй учраас эх оронд нь татаж хариуц­лага хүлээл­гэвэл ямар вэ.

Гадаадад байгаа монголчууд саналаа өгсөнтэй холбоотойгоор дэгдсэн бас нэг асуудал нь саналаа өгсөн хүмүү­сийн 80 хувь нь МАН-д саналаа өгсөн гэх яриа. Үүнийг хэн ямар зорилготой гаргав. МАН-аар дам­жиж өнөөдрийн амьд­ралд хүрсэн ЭСЯ-д тойрсон иргэдээсээ л санал авч бусдаас нь аваагүйгээ батлан үүнийг ярьсан хэрэг үү. Эсвэл сонгууль луйвар­даж, сана­лын хайрцгийг мотоцикльтой авч зугтдаг шиг аргаа­раа саналын хайрцгийг онгоцтой авч зугтана гэж ингэв үү.

Төр төлөөлсөн яамд нь олигтой ажилалгүй, хүмүүстээ мэдээлэл өгөхгүй болохоор бараг л өмнөөс нь ичсэн­дээ сурталчилгаа хийж, бусдыгаа уриалсан "Бид сонгох эрхтэй" клубийнхэн exit poll-ыг сонгууль болсон зургадугаар сарын 10-ны өдөр хийсэн юм билээ. Гадаадын улс орнуудад саналаа өгөөд гараад ирсэн хүмүүсээс хэнд санал өгснийг нь тодорхойлуулан анкет бөглүүлээд судалгаа гаргадаг ийм ажиллагаа байдаг. Гэхдээ энэ нь манайхны гаршсан хэнд санал өгснийг нь харгалзаж мөнгө атгуул­даг сонгуу­лийн луйвраас өөр гэд­гийг эхлээд хэлчихье. Сонгуулийн өмнө ба хойно нь хийж болдог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судал­гааны хэлбэр гэж байгаа. Үүнийг Вашинг­тон, Сан-Франциско, Лондон, Сөүл, Токио гээд таван хотод саналаа өгсөн 711 иргэний 249 хүний дунд хийжээ. Ингэхэд АН-д 109 сонгогч буюу 44 хувь нь, МАН-д 62 сонгогч буюу 25 хувь нь, МАХН, МҮАН-ын эвсэлд 30 сонгогч буюу 12 хувь нь, бусдад нь 16 буюу 6 хувь нь сана­лаа өгсөн гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр тэр МАН-ыг дэмждэг гэх 80 хувь гэдэг хаанаас гарч ирэв. Тэдний хийсэн ажил саналын хайрцаг задлагдах үед ямар нэг байдлаар баримт болох буй за. Монголчуудын нүүр царай болж, шилэгдэн томилогддог дипломат ажилтнууд төрийнхөө үйл хэрэгт ийм сэтгэлээр хандлаа. Энэ удаа­гийн сонгуулийг намын бус төрийн албан хаагчид зохион байгуулж байгаа. Та нар минь л шударга ажиллаарай. Шинэ хуулиар, эрүү­гийн хариуцлагад татагдан дээлээ нөмрөхөд ойрхон л байгаа шүү.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив