Засгийн газар оюутнуудын хувьцааг луйвардлаа
2012 оны 6 сарын 11 [Уншсан тоо: 39536]
Газрын хэвлийдээ асар их ашигт малтмалын нөөцтэй, чухам л дэлхийд ховор баян орны иргэд хэмээн хөөрцөглөх бол­сон бидний монголчууд хэдэн хувьцааныхаа сур­гаар чихээн дэлдийлгэн хүлээн суух болов. Мон­гол гэдэг орны иргэн болс­­ны хувьд хүн тус бүртээ хувьцаатай, хувь­цааны орлого нь улам бүр нэмэгдэж байна гэж сонсохоор аяндаа баясал төрмөөр. Газрын баялгийнхаа хувь хиш­гээр сайхан амьдарна гэж олон хүн нуруу тэнэгэр амьдрах болсон. Бас дэлхийн улс орнуудад ядуу монгол биш баян Мон­голын иргэн байна гэж нүүр бардам алхана гэж ярих хүмүүс ч цөөнгүй. Настайчууд нь хүүхдэдээ "Энэ хувьцаа өв залгамж­лахгүй болохоор би сая төгрөгөө авъя, харин та нар залуу хүмүүс хувь­цаа нь хэрэгтэй" гэж ирээд л Монголын өнцөг булан бүрт хувьцааны тухай яриа өрнөөд удаж байна.

Гэвч Монголын иргэн бүрт газ­рын баялгаасаа хувь хувьцаа эзэм­ших боломж байгаа гэж үү. Уг нь байсан. Энэ боломжийг Ардчилсан нам бидэнд олгосон. Эх орныхоо газрын баялагт эзэн болж, баялгаа Хүний хөгжлийн сангаар дамжуу­лан хүртэх  баталгаа нь иргэн бүрийн гарт буй  Хүний хөгжил сангийн дэвтэр юм. Бас иргэн бүрт олгогдсон 1072 ширхэг хувьцаа юм. Гэтэл Засгийн газар юу хийчих вэ.



Уг нь Монгол оронд төрснийх газрын баялгийнхаа хувь хувьцааг хүртэж амьдрах нь зүйн хэрэг гэсэн яриа эртнээс гарч байсан. Бүр өмнөх сонгуулиар АН-ынхан энэ талаар хүчтэй ярьж байсан санаг­даж байна. Сонгуулийн амлалтад намууд халуурах үед иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох МАН-ын амлалт хуурай өвсөнд тавьсан гал мэт тарж, хүмүүс мөнгөний сургаар бүр зээл авч амьдарч эхэлсэн нь нууц биш. Хөдөөгүүр 1.5 сая төгрөгөө авахаараа төлнө гээд баахан зээл тавьчихсан байсан талаар хэвлэ­лээр бичигдэж байлаа. Өгнө өгөх­гүй, хэзээ бол гэсэн хүлээлтийн эцэст 50 мянга, 70 мянга, сар бүрийн 21 мянган төгрөг өгөх болсноор 500 мянган төгрөг нь бэлнээр олгогдож, харин үлдэх нэг сая төгрөгийг бэлэн бусаар олгох болсон. Гэхдээ орон сууцны зээл, сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгал гэх зэрэгт бэлэн бусаар авна хэмээн сурталчилж байснаас хувьцаа өгөх талаар яриа гараагүй байсныг олон хүн санаж байгаа байх. Ту­хайн үедээ хүмүүс өгч байгаа дээр нь авч байя гэсэн сэтгэлгээгээр голдуу хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг Хүнийн хөгжлийн сангийн мөнгө буюу өнөөх амласан мөнгөнөөс нь хийлгэсэн юм. Гэтэл өнөөдөр сур­галтын төлбөртөө түүнийг авч хэрэглэсэн оюутан залууст Монгол Улсын иргэн болж төрснийхөө төлөө авах хувь хувьцаа гэж үгүй болжээ. Тэдэнд тухайн үед хувь­цаа­гаа авах уу, төлбөрөө хийлгэх үү гэсэн ямар ч сонголт байгаагүй. Ийм саналыг хэн ч асуугаагүй.  Ерөөсөө бэлэн бусаар сая төгрө­гийг нь өгнө, оюутнуудад төлбөрөө хийлгэх боломж байгаа гэсэн л мэдээлэл байсан. Гэтэл сүүлээс яригдаж ирсэн хувь хувьцааны сонголттой зэрэгцэж, саяхнаас энэ асуултыг хөндөж байгаад сая төг­рө­гөө төлбөртөө авсан оюутнуудад хувьцааг өгөхгүй гэсэн шийдвэр гаргачихлаа. Ерөөсөө л дээрэм. Шууд дээрэм хийлээ. Монголын Засгийн газар адгийн луйварчин шиг аашилж, иргэнээсээ, ирээдүй үеийнхнээсээ хувьцааг нь булаан авав.

2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гаргасан тогтоолоороо Засгийн газар энэ луйврыг хийжээ. "Эрдэнэс таван толгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" гэх уг тогтоолд хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр гаргах хүсэлт гарга­сан ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сур­галтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцох гэж заажээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. "Үхэх хүний үгийг сонс" гэдэг шиг ямар ч хүнээс аливаа асуудал дээр сонголтыг нь авч, сонголтыг нь хүндэтгэх ёстой биз дээ. Ахмадууд нэг сая төгрөгөө бэлнээр авна гэж сонгож байж болох юм тэгвэл оюутан залууст ийм сонголт бай­сан уу. Тэднээс сонголтыг нь авсан уу. Үгүй. 2010-2011 онд сургалтынхаа төлбөрийг хийж байсан оюутанд МАН-ын амалсан 1.5 сая төгрөгийн бэлэн бус саяасаа 500 мянган төгрөгийг сургалтын төл­бөр­төө шилжүүлж байна гэсэн мэдээлэл байсан болохоос бус хувьцаа авах уу, төлбөрөө хийлгэх үү гэсэн сонголт байгаагүй. Тэгээд ч өнөөдрийн сая төгрөгөөс мар­гаашдаа улам нэмэгдэж тооцогдох 1072 хувьцааг тэд сонгох нь лавтай.

УИХ-ын 39 дүгээр тогтоолд Таван толгойн хувьцааг иргэн бүртээ олгоно гэж заасан байдаг. Тэгвэл Монголын их, дээд сур­гуульд суралцдаг 170 гаруй мянган оюу­тан Монголын иргэн биш үү. Сургалтын төлбөрөө төлүүлсэн оюутнуудад хувьцаатайгаа үлдэх үү, төлбөрөө төлүүлэх үү гэсэн сонголтыг эрх баригчид хийлгэсэн үү. Үгүй билээ. Зөвхөн оюутнууд гэлтгүй ахисан түвшний магистр, докторын сургалтад сурч байгаа олон хүн энэ бурангуй луйврын золиос болчихоод байна. Үүнийг бичигч би хүртэл Монгол Улсын иргэнийхээ хувьд бусадтайгаа адил хувьцаа эзэмших эрхгүй болчихоод байгаа. Докторантурын сургалтын төлбөрийг хүний хөгж­лийн сангийн мөнгөнөөсөө шил­жүүл­сэн, өнөөдөр Засгийн газрын 116 ду­гаар тогтоолоор хувьцаагүй хоцорч байна. Хэрэв надад хувь­цаа­гаа авах уу, сургалтын төлбө­рөө төлүү­лэх үү гэсэн бол би эргэл­зэл­гүй хувьцаагаа авах байлаа.

Гэвч эрх баригчдын сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж хэт улайрч байгаагийн төлөөсөнд Монгол Улсын иргэн мөн эсэхээ мэдэхээ байв. Хэрэв мөн бол энэ газар нутагт төрснийх газрын хэвлийн баялгаасаа хувь хүртэх эрхтэй байх байсан биз. Угаасаа МАН-ынхан бүтэшгүй зүйл амалсан амлалтаа биелүүлэх гэж улайрахдаа иргэдээ гарцаагүй байдалд оруулж, болов­сон дээрэм хийж байна. Нэг бол мөнгөө ав, нөгөө бол хувьцаагаа хүлээ гэж. Хөөрхий, ядарсан ард түмэн минь олдож байгаа дээр нь гэж сая төгрөгөө авагсдын жаг­саал­тад нэрээ нэмж байна. Зүй нь амласан мөнгөө амласнаараа өгч, Монгол хүн болж төрснийх баялгийн хувиа авах боломжийг нь ямар нэгэн шахалт шантаажгүй өгөх ёстой байсан. Тэгээд ч 1.5 сая төгрөг өг гэж хэн ч гуйгаагүй, МАН өөрсдөө л амалсан. Амласандаа бантсандаа хувь хувьцаа руу ороод явчихлаа. Сонголт хийлгээ­гүй байж, хувьцааг маань дээрэм­дээд авчихлаа. Ёстой л "Өнгөт дөлний дүрс хоосон

Үдшийн зүүдний үүл хоосон" гэдэг л болж байна. Гэхдээ

"Үгэндээ эзэн болохгүй бол

Үгийнхээ боол нь болдог"
гэсэн үг байдаг билээ. Сонголтгүйгээр хувьцаагаа луйвардуулсан оюутан залуус та бүхний луйварт ямар дүн тавих бол доо.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив