Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
А.Гансүх: АН-д итгэл үзүүлэх цаг нь болжээ
2012 оны 6 сарын 7 [Уншсан тоо: 37751]
Ардчилсан намын НИТХ-ын сонгуулийн ерөнхий менежер, АН-ын сонгуулийн хорооны гишүүн А.Гансүхтэй ярилцлаа.

-Урьд нь ЗТБХБ-ын дэд сайд гэсэн албан тушаалтай байсан та энэ удаад сонгуулийн янз бүрийн цол гун­шин­тай болоо юу даа?

-Манай нам УИХ-ын 2012 оны сонгуульд орол­цохоор намын сон­гуу­лийн хороог байгуулж, хуульч гэдгээр намайг гишүүнээр нь оруулсан. Би энэ сонгуульд хуульч­дын багтай ажиллаж бай­на. Бас Нийслэлийн Ард­чилсан нам дээр НИТХ-ын сонгуулийг удирдах ерөнхий менежерийн ал­быг хаших шаард­ла­га­тай гэснээр энэ ажлыг аваад ажиллаж байна. Орон сууц, дэд бүтцийн асуудлаа харьцангуй сайн мэдэх учраас багаа удирдаад ажиллаг гэж итгэл үзүүлж байх шиг байна.

-Өнгөрсөн даваа га­ригт нийслэлийн АН-ынхан сонгуулийн ком­панит ажлаа эхэлж бай­гаагаа мэдэгдэж нээл­тээ хийлээ. Зориуд бур­хан багшийн их дүйчэн өдрийг сонгож аваа юу?

-Үгүй тэгж сонгоогүй шүү. Тэгж л таарсан. Бид ажлынхаа төлөвлөгөөг гаргасныхаа дагуу энэ даваа гаригт нээлтээ хийе гэж байлаа. Тэгээд сүүлд мэдэхнээ их сайн өдөр болж таарсан. Түүнд нь бид бас бэлгэшээж бай­гаа.

Нийслэлийн Иргэдийн тө­лөө­лөгчдийн хурлын сонгуульд Э.Бат-Үүл гишүүн маань бусдыгаа түү­чээ­лэн оролцож байгаа. Ардчил­лынх­ны хувьд нүүр царай болсон энэ хүнээр удирдуулсан нэр дэвшигчид маань сонгуульд ялалт авчрах байх аа гэдэгт би итгэлтэй байна. Са­наандгүй ийм өдөр нээлтээ хийж таарлаа.

-Нийслэлийн сонгууль удир­дахаас гадна намдаа хуульчдын багт ажиллаж байгаа гэлээ. Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар явагдаж байгаа учраас өмнөхтэй харьцуулахад бэрхшээл их бай­гаа болов уу?


-Энэ сонгуулиар хууль зөрчсөн гэх маргаан гомдол маш их гарах төлөвтэй байна. Одоогийн байд­лаар л гэхэд нэлээд хэд хэдэн асуудал босчихсон явж байгаа. Бидний хувьд хууль зөрчсөн асуу­дал дээр сонгуулийн тойргийн хороо болон СЕХ яаж хандаж байна, тухайн асуудал хэрхэн шийдэгдэж байгааг хянаад явж байгаа. Жишээлбэл Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амга­лантай холбоотой маргаан ид гарч байна. Уг нь энэ хүн АН-ын гишүүн тэр ч байтугай ҮЗХ-ны гишүүн байсан хүн. Гэтэл одоо намаасаа албан ёсоор гараагүй байж МАН-аас нэр дэвшээд явж байгаа. Сон­гуулийн хуулиар ийм хүнийг бүрт­гэх ёсгүй ч өнгөрсөн баасан гаригт тойргийн хороо нь бүртгэсэн. Тэр даруйд нь манай намаас гомдол гаргасан. Бас энэ нэр дэвшигч хууль зөрчиж их хэмжээний эд зүйлс тарааж, амлалт өгсөн нь баримтаар баталгаажсаныг Хөвс­гө­лийн АН-ынхан шүүхэд өгсөн юм. Шүүхээс буруутай нь батлагдаж, торгох шийтгэвэр оноосон шүүхийн шийдвэр гараад байгаа. Өөрөө уг шийдвэрт гомдол гаргаад байна.

-Өвөрхангай аймагт танай намын нэр дэвшигчид бас мөнгө төгрөг тараасан юм биш үү. Түүнийг аймгийнх нь намын хо­рооны дарга мэдэгдээд л?


-Өвөрхангай аймагт нам дотроо буруу ойлголцсоноос асуудал үүссэн бололтой юм билээ. Намын дарга Т.Хасбаатар нэр дэвшигч нартайгаа ойлголцоогүйгээс залуу хүний омголон зан гаргаж, улс төрийн буруу үйлдэл хийлээ дээ. Түүнийг намынх нь хороо хурал­даад даргаас нь огцруулчих шиг боллоо. Манай намын нэр дэв­шигч­дийн хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй учир бид үүнд нь санаа зовохгүй байгаа. Тайлбар нь тодорхой. Шийдвэр гарсны дараа тодорхой тайлбар хийнэ.

-Энэ удаагийн сонгуульд хууль зөрчвөл эргэн татагдах нөхцөл их учраас хүмүүс хаа хаанаа хичээж байна уу даа?


-Тийм. Өмнөх хуульд нэр татах ердөө хоёр тохиолдол  байсан бол одоо 12 тохиолдол болсон. Юм тараах, амлалт өгөх, сурталчилгаа албан ёсоор эхлээгүй буюу хаасан байхад сурталчилгаа хийх, мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй янз бүрийн амлалт өгөх, төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруу­лал­тын чанартай ажил үйлчилгээ явуулахыг хориглосон.

Тэгэхээр ямар нэг байдлаар сонгуулийн явцад их хэмжээний зөрчил маргаан гарах нь тодорхой харагдаж байна. Нөгөөтэйгүүр нэр дэвшигчид урьд нь өрсөлдөгчөө л ялах гол зорилготой байсан бол одоо нэр дэвшигчээр бүртгүүлэхийн тулд багагүй шалгуурыг давах шаардлагатай болсон. Шүүхээр шийдүүлсэн хугацаа нь хэтэрсэн их хэмжээний зээлтэй байх, хөрөнгө орлогын мэдүүлэг нь зөрүүтэй байх, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх гээд маш олон төрлийн лав­ла­гааг гаргаж өгч байж, нэр дэв­шигчээр бүртгүүлэх эрхээ авч бай­на. Бүртгүүлсэн ч гэсэн сонгуулийн хуулийг зөрчвөл жагсаалтаас ха­саг­дах боломжтой.

-Сонгуулийн үеэр тойрог хэсгүүд дээр ажиллаж байгаа хүмүүс хууль зөрчдөг тухай их яригддаг. Одоо тэр хүмүүс хариуцлага хүлээхээр болж байгаа биз дээ?


-Сонгуулийн хэсэг хороон дээр төрийн албан хаагчдыг ажиллуу­лах болсон. Төрийн албан хаагчид намын харьяалалгүй учраас улс төржих боломжгүй. Нөгөө талаас аль нэг талын лоббинд автаж сон­гууль будлиантуулбал эрүүгийн хариуцлага хүлээхээр байгаа. Төрийн эрх барих байгууллагыг сонгох үйл явцад саад хийж байгаа учраас төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Тэгэхээр хүмүүс хууль өөр болсон гэдгийг санан санан шударга үнэнчээр ажиллах ёстой шүү гэж сануулмаар байна.

-Нийслэлд АН ялах магадлал өндөр гэсэн яриа гадуур их бай­на. Намынхаа сонгуулийн ерөн­хий менежерийн хувьд хэрхэн харж байгаа вэ?


-Өнгөрсөн 22 жилийн хуга­цаанд НИТХ-д ямар нам олонхи байсан юм бэ. МАН шүү дээ. Энэ хугацаанд утаа, хог, замын түгж­рэл, гэрэлтүүлэг, гэр хорооллын барилгажилт, газрын асуудал гээд үй түмэн асуудал бидэнд байсаар ирсэн. Иргэд үүнд шүүмжлэлтэй ханддаг. Шүүмжлэл байна гэдэг нь дургүйцэж байна, өөрчлөлтийг хүсч байна гэсэн үг. Өөрчлөлт шинэчлэлийг хүсч байгаа гэдэг нь бидэнд давуу талыг өгч байгаа. Аль аль талаас нь харахад АН ялах магадлал өндөр гэж бид харж байна.

-АН-ыг 28 хүний жагсаалтаа гаргахдаа нэлээд бужигнах байх гэж харж байлаа. Гэтэл тун эвтэй өнгөрөв. Фракцууд нэлээд сайн тохиролцчих боллоо?

-АН-ын хувьд асуудал байвал ил тод задгай гаргаж тавьдаг. Энэ нь зөрчилтэй байгаа мэт харагдах нь бий. Гэхдээ энэ удаад АН-ынхан 2012 оны УИХ-ын сонгуульд эв нэгдэлтэй орох ёстой гэсэн том зарчим дээрээ тогтож чадсан. АН-ын ҮЗХ-ны хурлын өнгө аясыг харж байхад ч бүгд том зарчмаа ойлгосон учраас асуудлыг ший­дэхэд хялбар байсан. Намын жаг­саалтаа гаргахдаа намынхаа нүүр царай болж төлөвшсөн улстөрчид болон ирээдүйтэй залуу улстөрчид гэсэн хоёр шалгуур дээр голчил­сон. Таны асуусан фракцуудын тохироо гэхээсээ фракцууд сон­гуульд эв нэгдэлтэй орж ялах зорилгоо биелүүлэх ёстой гэдгээ бүгд ухамсарлаж байсан гэвэл илүү онох болов уу.

-Та намынхаа жагсаалтад 14 дүгээрт бичигдсэн. Улс төрийн хүрээнийхэн хоёр том намуудын хувьд арваас урагшаа бичигдсэн хүмүүс л УИХ-ын гишүүн болох магадлалтай гэгдэж байгаа. Та яг урдуураа таслуулчих юм биш биз?


-Нам дээр жагсаалт гаргаад санал хураахад миний нэр 14 дээр эрэмбэлэгдсэн. Миний хувьд дээгүүр байх ёстой гээд амбицлаад байх зүйл ер байхгүй ээ. Ер нь энэ жагсаалт бол нэг талаасаа улс төрд явж байгаа хүмүүс рейтинг тогтоож байгаа хэрэг шүү дээ. Би сэтгэл хангалуун байгаа. Улс орны ирээдүйн хөгжлийг шийдвэрлэх чухал сонгуулийн асуудал ярьж байхад миний урдуураа таслуулах эсэх хэнд хамаатай юм бэ. Энэ 2012 оны сонгууль их өөр бас тун хариуцлагатай сонгууль гэж би үзэж байгаа.

-Чухам юу гэж. Яагаад та ингэж онцлоод байгаа юм бэ?

-Сонгууль болохоор зарим нэг нь жигтэйхэн ухаантай хүн болж яриад л, ард түмэндээ хязгааргүй хайртай хүн болж жүжиглээд эхэлдэг. Сонгогчид ч үүнийг нь мэддэг болжээ. УИХ бол зальтай этгээдүүд худлаа ярих гэж, эсвэл бизнесмэнүүд мөнгө олох хэ­рэгс­лээ болгох гэж, нэг бол шоронд орох гэж байгаа гэмт хэрэгтний очиж хамгаалалтад ордог газар биш. Монголчууд бид түүхийн тун эгзэгтэй үедээ ирээд байна. Хэрэв энэ удаад хариуцлагатай зөв сон­голтыг хийхгүй бол бид баялгийн хараал гэдэг юм руу орлоо шүү л гэмээр байна. Магадгүй энэ удаа­гийн сонгууль бол монголчууд бидний хөгжил дэвшил, эрх чөлөө, шударга ёсны сүүлчийн боломж ч байж магадгүй гэж бодох юм.

-Сүүлчийн боломж оо. Таны яриаг сонсоод эмзэглэмээр санагдаж байна. Та ямар учраас ингэж хэлж байна вэ?

-1990 онд монголчууд ард­чилсан хувьсгал хийснийгээ үүлэн чөлөөний нар гарсан гэж зүйр­лэдэг. Монгол бол дэлхийн хоёр хэт их гүрний дунд оршдог улс. Хэт их гүрнүүд бүс нутагтаа, хөрш орон­доо нөлөөллөө тогтоохыг ямагт оролдож байдаг. Ерээд онд оро­сууд өөрсдөө өөрчлөн байгуу­лалтын дараахь хямралын үедээ байж, хятадууд эдийн засгийн шинэ замнал, Тянь Ань Миний талбайд болсон хэрэг явдлын дараагаас олон улсад бий болго­сон эвгүй байр сууриа өөрчлөх гээд Монголыг аль аль нь анхаарах сөхөөгүй байсан.

Энэ үеийг ашиглаад бид ард­чил­сан хувьсгал хийж, улс төр, нийгмийн өөрчлөлтөө хийж, то­дорхой түвшинд босгоод аваад ирчихлээ. Парламентат ёс маань төлөвшиж, зах зээлийн эдийн засгийн системд эргэлт буцалтгүй орж, эрх зүйн шинэчлэлээ хийгээд эхэлчихлээ. Улс орноо баян чи­нээлэг, эрх чөлөөтэй ардчилсан, хөгжингүй улс болгох зорилтоо хэрэгжүүлэх цаг ойртчихоод бай­на. Урьд нь мөнгө байгаагүйгээс хийж чаддаггүй байсан зорилго маань ашигт малтмалын олон ордууд нээгдсэнээр гүйцэлдэх боломжтой болсон. Бид улс орны хөгжлийн үндсэн том хөтөлбөр, бодлогуудаа ч хамтарсныхаа хү­чинд баталж гаргаж чадлаа.

Гэвч хоёр хөрш маань эргээд манайх руу анхаараад тодорхой бодлого хэрэгжүүлээд эхэлчихлээ. Их хэмжээний хөрөнгөө оруулж байгаа улс орон түүнийхээ батал­гааг хангахын төлөө улс төр, эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлэх гэж оролддог. Үнэнийг хэлэхэд хөрш орнуудын эдийн засгийн нөлөөлөл нь бараг ороод ирчихлээ. Одоо улс төрийн хяналт тогтоох гэж оролдож байгаа цаг үед нь бид УИХ-ын сонгуулиа хийх гэж байна. Тэгэхээр ийм эмзэг улс төр, геополитикийн нөхцөлд байгаа бид төр түших хүмүүсээ сонгохдоо маш анхаарах хэрэгтэй. Эх орончдоо сонгож, тэд энэ улс орныхоо төлөө зөв бодлого хэрэгжүүлээд явбал Монгол Улс сэвхийтэл хөгжөөд ирэхэд ойрхон болчихоод байна. Харин зөв сон­гол­тоо хийж чадахгүй бол ирээдүй маш бүрхэг харагдаж байна. Мон­голчуудынхаа төлөө гэдэг бодлогыг эн тэргүүнд тавьж ажиллах парламент, Засгийн газрыг бид энэ сонгуулиараа гаргаж ирэх хэрэгтэй байна аа. Ингэж л байж бид хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө шүү дээ.

Хэрэв тэгж чадахгүй бол Монгол төрийн бодлого аль нэг хөрөнгө оруулагчийн, тэдний гар хөл бол­сон олигархи бизнесмэнүүдийн үгээр шийдэгддэг болно. Монгол улсад Ардчилал гэдэг үг хоосон тунхаглал болж, ардчиллын за­маар хөгжих, ард түмэн эрх барих чөлөөт сонгууль хийх боломжгүй болох нь гэсэн эмзэглэл надад байна.

-Манайхан хөгжөөд л байгаа гэж байгаа шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн бараг хориод хувьд хүрсэн гэсэн...

-Дотоодын нийт бүтээгдэхүүн 17 хувьд хүрсэн гэж мэдэгдэж байгаа. Гэтэл ядуурал нь нэмэгдээд 40 хувь руу ороод явж байна. Хэрэв ДНБ нэмэгдэж байгаа юм бол хүмүүс яагаад ядуураад байгаа юм бэ. Энэ өсөлт хаана байна гэхээр уул уурхай, тэрийг зөөж буй тээвэр, барилгын салбар дээр л гарч байгаа. Өөрөөр хэлбэл тэр мөнгө нь ард түмэнд биш цөөнх хэдэн хүнд л очиж байна.

Ардчилсан нам яагаад ялах ёстой юм бэ гэдэг нэг юм байх шиг байгаа юм. Тэгэхээр өнөөдөр энэ хүний эрх эрх чөлөө хувийн өмч ардчилал зах зээл эдийн засгийн систем нийгмийн өөрчлөлт гээд энэ бүхэн чинь Ардчилсан намын бий болгосон үнэт зүйл шүү дээ.  Энэ бүхнийг бүрэн төлөвшүүлэхийн төлөө АН 22 жил тэмцэж байна. Хэрэв ардчилсан хүчин ялагдах юм бол энэ бүхнийг хэн ч хийхгүй юм. Тийм учраас  яг л одоо итгэл үзүүлэх цаг нь болчихлоо.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив