Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
АН ба МАН ойрын үед…
2012 оны 4 сарын 25 [Уншсан тоо: 35910]
Гудамжинд таарсан хүмүүс, цэцэр­лэгээр алхаж яваа өвгөчүүл, ангиараа уулзсан залуус ер нь хэн л бол хэн "Улс төр бужигнаж байна аа" гэж ирээд л ам хуурайгүй ярих аж. Яг үнэндээ улс төр нь бужигнаад байна уу, бужигнах гээд байна уу. Угаасаа УИХ-ын сонгууль хоёрхон сарын дараа болох гэж байгаа болохоор бужигнах нь тодорхой. Харин их хөдөлгөөний өмнөх айвуухан ганц хоёрхон өдрүүд газрын шар тос болсон хөвсгөр цастай өдрүүдтэй зэрэгцэж байх шиг. Улс төрд хамгийн ойрын үед яригдах сэдвүүдийг хамтдаа хөндөж, нам, нам дээр байдал ямар байгааг тоймлон хүргэж байна.

Ямартай ч ойрын өдрүүдэд УИХ-ын сонгуулийг чухам хэдний өдөр явагдах нь тодорхой болно. Урьд нь дандаа амралтын өдөр хийдэг байсан бол шинэ хуулиар ажлын өдрийг сонгон авсан байгаа. Зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр гэж заасан нь сонгогчдод хариуцлагыг нь мэдрүүлж, саналаа өгөх нь төрийн өмнө хүлээсэн бас нэгэн ажил гэдгийг нь ойлгуулах зорилготой хэмээн тухайн үедээ яригдаж байсан. Харин сонгууль болох өдрийн тухайд зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн даваад хоёр өдөр амарсан хүмүүс гурав дахь амралтын өдөр явж санал өгнө гэдэг худлаа, мягмарт монголчууд таатай ханддаггүй, амралтын өдрийн өмнөх баасан гаригт бас л худлаа болно гэж байгаа бөгөөд 27-ны лхагва, 28-ны пүрэв гаригийн аль нэгэнд сонгууль болох төлөвтэй байгаа юм. Үүнийг энэ долоо хоногт УИХ-аас товлох бөгөөд бараг зурга­дугаар сарын 28-ны өдөр сонгууль болж таарах болов уу. Учир нь ном судар мэддэг хүмүүсийнхээр 27-ны лхагва гариг тийм аятай тухтай өдөр биш байгаа бололтой.

Харин тавдугаар сарын 7-8-нд улс төрийн намууд СЕХ-нд бүртгүүлэх бөгөөд 18-20-ны өдрүүдийн аль нэгэнд нэр дэвшигчдийг зарлаж, улмаар зургадугаар сарын 28-нд сонгууль явагдах нь.



ЦЭЦИЙН ШИЙДВЭР

АН


УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хуулийн суурь зарчимд харшилж байна хэмээн Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт гаргаж УИХ-д хүргүүлээд буй. Харин УИХ үүнийг нь хүлээж аваагүй бөгөөд Цэц рүү буцааж,  улмаар Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэ­хээр болж байгаа юм. АН-ын хувьд Цэцийн энэ шийдвэрийг гаргахад эрх баригч МАН-ыг нөлөөлсөн гэж хардаж байгаа бөгөөд дээр нь гагцхүү хөх тэнгэр байх ёстой гэгддэг Үндсэн хуулийн Цэцэд аль нэг нам нөлөөлж байгаад эгдүүцэж байгаа юм. Цэцийн шийдвэрийг гишүүд нь гаргадаг, тэр гишүүд нь намаасаа түдгэлзсэн байдаг ч урвал угшил нь МАН-ынх учраас сөрөг хүчнийхний ийн хардах нь ч аргагүй юм. АН-ынхны хувьд гулсах, гулсахгүй байх нь чухал бус харин нэг намаас нөлөөлж Цэцээр дүгнэлт гаргуулж байгаа нь хэт шудар­га бус гэсэн байр суурьтай байгаа аж. Бас цэвэр өрсөлдөөний зарчмаар биш гэж үзэж байна. Өрсөлдөж хөлсөө гаргасан хүнд боломж ирдэг байтал дээшээ харж сууж байгаад хэдэн нөхөд дээшээ гарах нь шударга бус, ардчилал жинхэнэ утгаараа алдагдаж байнаа хэмээн өөрсөд дотроо ярьж байгаа сурагтай. Цэц асуудлыг удтал мухарлахгүй явж ирсэнд тэд унтуутай байгаа.

МАН

Энэ намын хувьд Сонгуулийн хуулийг баталсны дараа нөхцөл байд­лыг дүгнээд үзэхэд пропоционалийн 28-ын жагсаалтад бичигдэх эрхмүүдээ тойргоос буцаж ирэгсэд бус харин тусад нь зоох нь ихээхэн чухал гэдэг тодорхой болсон. Энэ намын архагууд болох Д.Лүндээжанцан Өвөрхан­гайгаас, Ц.Нямдорж Увсаас, С.Баяр Сүхбаатар дүүргээс гарах магадлал үнэнхүү бага байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Тиймээс нэр зоох магадлал яалт ч үгүй дээр болж байгаа юм. Мөн намын генсек У.Хүрэлсүхийн хувьд намаа сонгуульд удирдаж ороод дэвшиж бус харин намын жагсаалтаар гараад ирэх төлөвлөгөө байгаа нь ч давхацсан. Тиймээс ямар нэг аргаар Үндсэн хуулийн Цэцээр дээрх зүйл заалтыг хүчингүй болгож гэмээнэ энэ намд илүү боломж гарч ирэх нь ойлгомжтой. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн аваагүй ч, их суудлын хурал­даанаараа өмнөхийн адил шийдвэр гаргачихвал уг хуулийн эл заалт хүчингүй болчихож байгаа юм. Тэгэхээр хууль бүхлээрээ хүчингүй болохгүй, зөвхөн гулсах боломжгүй болно. Цэцийн гаргах шийдвэрийг МАН-ынхан алга хавсран хүлээж суугаа бөгөөд асуудал тодорхой болмогц тоглоомын дүрмээ зарлахаар хүлээж байгаа аж. Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэгдсэн нь учиртай. Хэрэв шийдвэрийг хүлээгээд авчих юм бол УИХ-ын шийдвэрээр Сон­гуулийн тухай хуульд өөрчлөлт орохоор болж, сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулинд гар хүрсэн гэдгээр шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжих боломжгүй болно. Харин Цэцээр үүнийг нь шийдүүлбэл асуудалгүй. Өөрөөр хэлбэл сонгуу­лиас зургаан сарын дотор хуулинд гар хүрнэ гэдэг асуудал УИХ-д хамаа­ралтай байдаг болохоос Цэцэд хамааралгүй ажээ.

ХОЁР СОНГУУЛЬ ЦУГТАА ЯВАХ ЭСЭХ

АН


Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулах ёстой гэдэг байр суурийг энэ намынхан баримтлаад удаж байгаа. Гэвч МАН-ынхан үүнийг хамт явуулах ямар ч боломжгүй хэмээн тайлбарлаж эхэлсэн. Харин АН-ынхан "Бид үүнийг заавал хамтдаа, тусдаа гээд байгаа юм байхгүй ээ. Хамгийн гол нь та нар нэгэнт баталсан хуулиа биелүүлээч" гэсэн хариуг хэлдэг. Энэ нь ч аргагүй. 2008 онд батлагдсан Орон нутгийн тухай хуулинд УИХ, Орон нутгийн сонгуулийг цугт нь хийнэ гээд батал­чихсан байдаг. Энэхүү хуулийг батал­сан 2008 онд одоогийн МАН-ынхан олонхи байсныг хүмүүс мартаагүй.

Энэ хоёр сонгууль хамт явах уу, үгүй юу гэдэг олон хүний цаг нарыг барж, бас тэвчээрийг шалгаж байгаа. Уг нь цаг, мөнгө, олон хүний ажлыг нэг мөр болгож, олон улс оронд сонгуулиа нэгтгээд явуулчихдаг туршлагыг зөв зүйтэй гээд дөрвөн жилийн өмнө хуульчилсан хэдий ч МАН өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж үзээд бултаж байна гэж үзэж байгаа юм. АН-ынхан МАН-ынхныг  сонгуулийн уламжлалт булхайгаа явуулах зорилготойгоор салгах гэж байна хэмээн үзэж байгаа сурагтай. Үнэндээ ч АН-ын дэргэд МАН-ын хөл ямар билээ гэдгийг улс төрийн хүрээнийхэн ойлгоно. Төрийн албан хаагчид сонгуульд ажиллах ч зүсээ нуусан чоно гэгчээр нам гэдэг нэрнээсээ салсан ч үзэл бодол нь янзаараа ажиллаж таарах байх. Хэрэв хамтдаа явуулах болбол гаршсан тэдгээр нөхөд тэнд байгаа орон нутгийн сонгууль дээр ажиллаад юун энд байгаа УИХ-ын сонгуулийг тоох билээ. Тиймээс тэд заавал тусдаа явуулах гээд байна гэж АН-ынхан битүүхэндээ хардаж байгаа болов уу.

Сүүлийн үед хоёр намаас ажлын хэсэг гаргаж, үүн дээр нэгдсэн ойлгол­тод хүрэхээр ажиллаж байгаа ч бас үр дүнд хүрээгүй. Нийслэл, аймгийн сонгуулийг хамтад нь явуулах тал дээр АН-ын зүгээс санал тавьж, МАН зөвшөөрч байсан ч сүүлийн үед аймгаа УИХ-ынхаас тусад нь явуулах талаар яриад эхэлсэн. Үүнийг нь сөрөг хүчнийхэн нь бас л өөрсдийнхөөрөө тайлж байгаа сурагтай. Сүүлийн үед арав гаруй аймгийн Засаг дарга АТГ-т шалгагдаж байгаа. Тиймээс МАН-ынхан аймгийн сонгуулиа намар, нийслэлийг  УИХ-ынхтай цугтаа гэдэг санал дээр хатуу зогсох болжээ.

МАН

МАН-ынхан орон нутгийн сонгуу­лийг яаж ч байсан цугтаа явуулах нь буруу хэмээн үзэж байгаа. Үүний төлөө бүх шатандаа ажиллахаар нарийн төлөвлөгөө ч гаргасан гэдэг. Тэд анхандаа АН-ынхан УИХ-ын сонгуульд ялах нь тодорхой боллоо. Монголчууд хүчний харьцааг тэнцвэржүүлж санал өгдөг болохоор УИХ-д АН олонхи болбол орон нутгаар МАН-д өгч таарна. Тийм учраас нэг дор бус зургаа, аравдугаар сардаа болох нь зөв гэсэн байр суурин дээр хатуу зогсч эхэлсэн. Харин нөгөө талд яах ч аргагүй хамт явуулна гэсэн хууль байдаг бас АН-ынхан үүнийг хатуу ярьж байгаа учраас тохиролцохоос аргагүйд хүрсэн гэж болно. МАН-ын хувьд гол ярьж байгаа зүйл нь сонгууль өгөх өдрийн зөрүүтэй тухайд юм. УИХ-ын сонгууль явуулах өдрийг зурга­дугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна гэсэн бол орон нутгийн сонгууль нь хуучнаараа  амралтын өдөр гэдгээрээ байгаа. Тэгэхээр энэ хоёр сонгуулийг нэг дор явуулах боломжгүй гэж тэд хэлж буй. Бас нэг зүйл нь УИХ-ын сонгуулийг СЕХ зохион байгуулна гэж байгаа бол орон нутгийн сонгуулийг орон нутаг нь хариуцна гэдэг. Тэгэхээр болохгүй гэж ах намынхан хэлж байгаа билээ. Нөгөө талд үүнийг зохицуулахад ядах зүйлгүй, зөвхөн шалтаг гэсээр.

Ямартай ч тэд хамт явуулаагүй биш заримыг нь хамт явуулах болсон гэсэн нэр зүүхээр УИХ-ын сонгуультай нийслэлийн сонгуулийг хамт явуула­хаар болж, бусдыг нь намар хийхээр бүлэг дээрээ санал нэгджээ.

Ц.НЯМДОРЖ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ

АН


Энэ асуудал яригдаж эхлэх үед овоо ч өрнөх нь дээ гэж ойлгогдож байлаа. Сөрөг хүчнийхэн биш харин нам дотроос нь Засгийн газрын нэг гишүүнээ огцруулах давалгаа өрнөсөн нь сонин байсан. Мэдээж, АН-ынхан уг боломжийг алдахыг хүсэхгүй, 100 хувь дэмжинэ гэдгээ тэр даруйд нь илэрхийлж байв. Гэхдээ тэд МАН-ын найман гишүүний оруулж ирсэн үндэс­лэлээр биш арай өөр үндэслэлээр огцруулна гэдгээ мэдэгдсэн. Сонгууль шударга явуулах гол үндэс суурь нь бүртгэлийн асуудал гэдэг хэнд ч ойлгомжтой. Харин бүртгэлийн бай­гууллага Ц.Нямдоржийн гарт орсноор энэ итгэл найдвар алдагдсан талаар АН-ынхан ярьдаг. Тэд эл байгууллага Ц.Нямдоржийн гарт ирснээс сайд цахим үнэмлэхийг болгох тухайд бус болгохгүй талаар ярьсаар байгаад өдийг хүрлээ хэмээдэг нь ч ортой.

Чадварлаг залуучуудаас бүрдүүл­сэн байгууллагын босгож ирсэн хамаг ололтыг намаар явж ирсэн хөгшин бурхиар сүйтгүүлэх гол ажлыг хийж байгаа Ц.Нямдоржийг огцруулна гээд АН-ынхан хүлээж байгаа. Үүнийгээ намынхаа хэмжээнд эргэж буцахгүй хийнэ хэмээж байгаа. Гэхдээ санал гаргасан МАН-ын нөхөд өөрсдөө яах бол. АН-ын 27 тэдэн дээр МАН-ын найм, дээрээс нь ИЗНН-ын С.Оюун, Д.Энхбат, бие даагч З.Алтай нар нэгдвэл УИХ-ын даргын суудлаасаа огцорч байсан Ц.Нямдорж гишүүн бас сайдынхаа албанаасаа огцорч, сэвтэй гуншинтай болох аюултай.

МАН

МАН дотроо Ц.Нямдорж сайдын дураараа, ааштай занд дургүй хүмүүс олон. Тэдэнд ч түүнийг сайдаас нь буулгачих хүсэл их байсан болов уу. Ямартай л түүнтэй нэлээд ойр, шатар хамт нүүдэг Д.Загджав гишүүн огцруу­лах хүсэлтийг санаачилж гаргасан нь үүний баталгаа. Түүний асуудал босч ирэх үед нэлээд юм болсон. Зарим нь намын нэр хүндээ бодсон ч огцруул­чихвал ямар юм гэж, зарим нь түүнээр туг тахиж Засгийн газраа авч үлдье гэх мэтээр зөндөө ярьсан. Харин эрхэм сайд өөрөө намынхаа удирдлагуудад нэлээд хатуу үг хэлж, "Би унавал хамт унана шүү" гэсэн санааг цухуйлгасан талаар хэвлэлээр бичигдэж байв. Ямартай ч Ц.Нямдорж сайдын хүчин чар­майлт нөлөөлсөн биз, түүний асуудал дээрх МАН-ынхны байр суурь өөрчлөгдсөн. Одоо МАН-ынхан түү­нийг авч үлдэх ёстой гэсэн удирдла­гынхаа санааг ойлгосон. Бас дээрээс нь АН-ынхантай хэдийнэ ажиллаад эхэлчихсэн. Тэднийг ганц нэгээр нь дуудан уулзаж, талдаа татахыг орол­дож байгаа. Угаасаа тэдний тактик АН-ын өөдөөс ганц хуцаж, эсрэг баримт гаргасан хүний борвиноос нь зуучи­хаад салахгүй байх хоточ нохойн үүргийг гүйцэтгэх Ц.Нямдоржийгоо хамгаалж таарна. Бас УИХ-ын сон­гууль хаалга тогшиж байхад намынхаа том эрх ашгийг бодоогүй нөхдийн толгойг илэх юу л бол. Нөгөө зоригтой байсан найман гишүүн ч нам гүмхэн болчихоод байгааг нь ойлгох хэрэгтэй. УИХ-д нэр дэвших квот авчихмаар байдаг. Нөгөө талд найдвар тавьж байсан МАХН гэж найдалтгүй болов. Н.Энхбаяр хэзээ гарахыг бүү мэд. Ийм л бодлууд тэдний толгойд хөвөрч байгаа. Зарим хүмүүсийн ярихаар МАН-ын удирд­лагууд Ц.Нямдоржид жаг­саалтын дээгүүрт орох тохироо хийж, нөгөөх нь Увс руу дахиж зүглэх­гүй намынхаа нийт эрх ашгийн төлөө зүт­гэнэ гэж тохирсон гэх. Тэгээд л ин­гэж үхэн хатан зүтгэж байгаа гэж ши­вэр авир хийх юм билээ. Юутай ч Ц.Ням­дорж сайдыг огцорно гэж бодож байгаа хүмүүсийн санаа талаар болох болов уу.

Жагсаалт гэснээс МАН-ынхан 28 хүний нэр бичих жагсаалтдаа МАН-ын дарга С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, экс дарга С.Баяр гэхчлэн жагсаах төлөвлөгөө гаргаж байгаа гэх бөгөөд АН-ынхан уг нь бүгд тойрог руугаа зүтгэнэ гэж байсан. Гэхдээ нөгөө нам нь лидерүүдээ жагсаагаад эхэлбэл АН ч бас тэр тактикийг нь харгалзахгүй бол болохгүй гэсэн яриа байгаа юм. Энэ мэтээр улс төрийн үйл явдал өрнөж байна даа.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn