Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
П.Анужин: Би хорвоогийн түг түмэн өнгөний нэг л өнгө нь
2012 оны 3 сарын 19 [Уншсан тоо: 226156]
Сүүлийн үед телевиз үзэгч­дийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа нэвтрүүлэг "Мон­гол тулгат­ны 100 эрхэм" болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Уг нэвтрүүлгийг хүмүүсийн мэдэх "Херо" продакшн бэлтгэж, ар­дын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хөтөлдөг. Харин түүнтэй хамт нэвтрүүлгийг хөтөлдөг бүсгүйг хүмүүс тэр бүр мэдэх­гүй бас тэр хэрээрээ мэдэхийг хүсэх болсон нь анзаарагддаг. Хэвлэл мэдээл­лийн зарим хэрэг­сэл, сайтуу­даар ч түүнтэй холбоотой мэдээлэл мэр сэр гарах болоод байгаа. "Монгол тулгатны 100 эрхэм" нэвт­рүүл­гийн хөтлөгч, продюсер П.Анужин сүүлийн үед өөртэй нь холбоотой яригдах болсон олон сэдвээр өдөр тутмын сонинд анх удаа ярилцлага өгч байна.

-"Монгол тулгатны 100 эр­хэм" нэвтрүүлэг телевизийн дэлгэцээр гарах болсоор чамгүй олон үзэгчтэй болжээ. Ер нь энэ нэвтрүүлгийг хийх болсон зо­рилго, учир шалт­гаан нь юу бай­сан юм бэ?

-Анх "Hero entertainment"-ийн зүгээс шинээр хийх гэж байгаа "Чухал 100" нэвтрүүлгийнхээ хөт­лөгч хийх саналыг надад тавьсан юм. Нэвтрүүлгийн анхны санаа нь сонгуульд зориулсан улс төрийн ток шоу байсан. Хамтран ажиллах саналыг хүлээн авсныхаа дараа бодож байгаад түр зуурын, богино хугацааны уран бүтээл хийхээс илүүтэй утга гүн, үлдэц их нэвт­рүүлэг хийе гэсэн саналыг тэдэнд зөрүүлэн тавьсан. Mонгол түмэн маань гэгээтэй, бахар­халтай юмаар дутаж, оюун санаа нь гун­даж мохоод байна уу даа гэсэн зовнил байнга миний толгойд эргэлддэг байлаа. Ер нь бид дот­роо байгаа, өөрсөд дундаа байгаа сайн сайхныг нэрлэж, мундаг сайн хүмүүсээ хүлээн зөвшөөрч чадахаа байгаа юу даа гэсэн эмзэглэл төрөх болоод байсан юм. Монгол тул­гатны түүхийг бичиж байгаа гай­хамшигтай хүмүүс маш олон бий. Бид өмнөх түүхээ мэдэж, бас энэ үеэ таньж байж л ирээдүйгээ ал­даа оноо багатай бүтээнэ шүү дээ. Тэдний дотоод хүн, хүсэл зорилго юу байдаг юм, тэд юуг санаж эгээрч, бодож сэтгэж явдаг юм бас хүсэл зорилго нь ямар юм гэдгийг бүгдийг нь хойч үедээ өвлүүлэн үлдээх энэ төслийг нөхрийн маань удирддаг "Мизү" компани дэмжин хамтран ажиллахаар болсон.

-Тийм учраас л таныг хөт­лөгчөөс гадна продюсер гэж нэрлээд байсан хэрэг үү?

-Шууд тэгж ойлгох нь өрөөсгөл юм аа. Гэр бүлийн маань хүний "Мизү" компаниас гадна үндэсний компаниуд болох "Юнител", "Пепси" компаниуд ч бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Про­дюсер гэх болсны тухайд монгол тулгатан даяарын эрхэм хүмүүсийн тухай бүтээл хийх санааг минь үнэлэн ингэж нэрийдэх болсон байж болох.

-Үнэндээ телевизүүдээр ийм анзааны нэвтрүүлэг явахаа бо­лиод удсан болохоор хүмүүс талархан хүлээж авсан шүү. Үзэгчдэд таалагдахын хэрээр ч янз бүрийн яриа хөөрөө гарч байна. Оролцогчоосоо тавь, жаран сая төгрөг авдаг ч гэх шиг. Сонгуулиар багагүй мөнгө хийх нь гэж байтал гэнэт завсарлаж байгаагаа зарлалаа ч гэх юм?


-Бидний энэ нэвтрүүлгийг хийх зорилго өөр байсаан гэдгийг би дээр хэлсэн. Ер нь сонгуулийн жил уран бүтээл хийх нь байтугай юм хийж бүтээх гэж яваа хувь хүний алхаа гишгээг хүртэл яаж ийж байгаад сонгуультай холбон тайл­барладаг бололтой юм. Бид энэ нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс нэг ч төгрөг авч байгаагүй. Нэвт­рүүл­гийн дэргэдэх тусгай зөвлөл хуралдаж байж, хэнийг урихаа тодруулдаг. Манай нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс би оръё гэж орсон нэг ч хүн байхгүй. Харин бид тусгайлан жаазалсан заллагаа хүргэж, тухайн хүнээ нэвтрүүлэгтээ урьдаг. Сонгуулийн жил гэлтгүй бүх зүйлийг улс төртэй холбож, улмаар хүний нэр төр, үнэ цэнэ, дотоод сэтгэл рүү улайран дайрч, гүтгэн юу ч хийхээс буцахаа байдаг айхтар жишиг манайд бий болсон юм байна. Бид үзэгч түмэн, нэвтрүүлэгт маань уригдан орсон эрхэм хүмүү­сийнхээ итгэл сэтгэлийг хэзээ ямагт хүндэтгэж бас тэднийгээ хам­гаал­на. Тийм ч учраас энэ хардлага, дайрлага, улс төрийн идэвхжлийг зогстол уран бүтээлээ түр завсар­ласан. Уг нь нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, поп хатагтай Б.Саран­туяа, "Монголоо эрсэн монгол" хөтөлбөрийн Ц.Санчир, баруу­­ны орнуудад бүтээлээрээ шуугиулж байгаа Буриадын уран барималч, зураач Даши Намдаков, шог зураач С.Цогтбаяр гээд олон сайхан хүмүүсийн талаар нэвт­рүүлгээ бэлдчихсэн байсан.

-Сайн уран бүтээлийг хийхэд мөнгө хөрөнгө их хэрэгтэй гэлц­дэг. Танайх энэ нэвтрүүлгээ хийхэд багагүй мөнгө гарзддаг биз. Бас олон телевизээр ца­цуулахдаа мөнгө төлдөг гэдэг үнэн үү?

-Мөнгөн хэмжээсээр ярих юм бол хүмүүсийн ярьж байгаа шиг мөнгөөр бүтдэггүй ээ. Бидний үнэлж цэгнэж, итгэхээ байчихсан сэтгэл гэж маш том зүйлээр нэвт­рүүлэг маань бүтдэг юм. Хэрэв сэтгэлийг өнөөгийн хүмүүс шиг мөнгөөр хэмждэг бол харин их үнэтэй бүтдэг нэвтрүүлэг шүү.

Телевизүүдэд мөнгө төлдөг асуудал байхгүй. Бид нэвтрүүлгээ дамжуулах гэж нэг ч телевизэд мөнгө төлөөгүй. Харин бидний энэ төслийг чин сэтгэлээсээ дэмжин, хамтран ажиллаж байгаа тэр уран бүтээлчдэд баярлаж явдгаа хэл­мээр байна. Энэ нь Монголын ард түмний төлөө хийж буй мөнгөөр хэмжигдэшгүй, үнэтэй хөрөнгө оруулалт юм шүү.

-Телевизийн эфирт дийлэнх­дээ хориод насны залуучууд гардаг. Гэтэл гэнэт намбалаг бас ихэмсэг, тавьж байгаа асуулт нь даацтай ид насны бүсгүй гарч ирсэн нь олон хүний анхаарлыг татах шиг болсон. Ингэхэд та ямар мэргэжлийн хүн бэ?


-Би гадаад албаны ажилтан, олон улсын хуульч мэргэжилтэй бас макробиотик судлаач хүн. Сэтгүүлч бол миний хүүхэд ахуй насны мөрөөдөл байсан. Аравдугаар ангиа төгсдөг жил, ер нь тэр үеийн хүүхдүүдийн дунд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд орох явдал нэр төрийн хэрэг шахуу болчихсон байсан даа. Бүгд л тийшээ ёстой шуурч байлаа. Тухайн үедээ цаг үеийн нөлөөгөөр ч тэр үү, энэ л сургуульд орох ёстой юм байна гэж бодоод орж байсан.

Энэ нэвтрүүлгээ эгэл жирийн, чин сэтгэлийн жинхэнэ монгол хөөрөл­дөөн болно гэж бид анх­наасаа хэлж байсан. Ер нь хүнтэй хууч хөөрнө гэдэг чинь хүн төрөлхт­ний төрмөл чадвар гэж би боддог. Хүний сэтгэлийг нээж, сайхан яриа дэлгэхэд сэтгүүлч гэдэг мэргэжил, мэргэжлийн үнэмлэх заавал хэрэг­тэй гэж бодож байсангүй.

-Та түрүүнд өөрийгөө макро­биотик судлаач гэлээ. Чухам юу судалдаг тухайгаа манай ун­шигч­дад дэлгэрүүлж өгөхгүй юу?

-Товчхон хариулбал макробио­тик гэдэг нь арга билгийн тухай ухаан, хүн хүнээрээ амьдрахуйг судалдаг ухаан. Хүн тэр дундаа хүний бие махбодийг бүтээж бай­даг хоол тэжээл, түүнээс шууд шалтгаалан хувирч өөрчлөгдөж байдаг эрүүл мэнд, сэтгэлзүйг судалдаг ухаан юм. Миний бие энэ чиглэлийн судалгааг нэлээд хуга­цаанд хийж, өөрийгөө эрүүл бол­гож чадсан. Бид бие махбод эрүүл мэнддээ хандах оюун санааны хувьсгалыг нэн яаралтай эхлүүлэх цаг нэгэнт болсон.

-Хүмүүст ийм юмыг ярьж суудаг багшийн тухайд тураах клубийн багш гэж хэлэгдэхээр ямар санагддаг бол?

-Яг үнэндээ юу хэлэхээ мэд­дэггүй юм аа. Тураах, турах гэдэг үг миний үгсийн санд байдаггүй. Бид энэ сайхан цагт төрж өсч, ээж, аавынхаа, хань ижлийнхээ хай­ранд энхрийлүүлэн өлгийдүүлж байж яагаад турж эцэх гэдэг үгийг хайр найргүй хэрэглээд явна вэ. Би өөрийн олон жилийн туршлага, судалгаа, хичээл зүтгэлийн дүнд бий болгосон эрүүл бие сэтгэлийг нандигнан авч явах мэдлэг, бо­ловс­ролоо хүмүүстэй хуваалцаж, зааж сургаж яваа л жирийн нэг эмэгтэй. Боловсролыг бидний өвөг дээдэс орчноо эзэгнэх чадвар гэж үзэж байсан. Өөрт заяасан алгын чинээ биеийнхээ учрыг олж, энэ биедээ эзэн сууж чадаж байгаа эсэхээс боловсролын хэмжүүр яригдаж эхлэх ёстой гэж би боддог. Тийм ч байдаг. Энэ биеийнхээ учрыг хэрхэн таньж мэдэж, эрүүл биетэй, эрүүл сэтгэлтэй явах арга байдаг талаар би хүмүүст саналаа хуваалцдаг. Зөв хооллож, зөв амьд­рахын ухааныг мэдээд ирсэн хүний тэлж өргөссөн бие аяндаа агшаад ирдэг. Турах биш шүү, агшдаг.

-Та харьцангуй нам гүм амь­дарч байсан хүн яагаад гэв гэнэт улс төрд ороод ирэв ээ?

-Тийм ээ, би хүмүүс бужигнасан газар төдийлөн явдаггүй ээ. Өөр­тэйгээ танилцаж, өөрийн хэргийг хамааран захирахад цаг хугацаа хамгийн их шаардагддаг. Миний өөрчлөлт, миний хийж байгаа зүйлийг хүмүүс харж, улмаар сонир­­хож, тэдэнд миний хэрэгцээ гарсан учраас би хүмүүстэй ажил­лаж эхэлсэн. "Ганц хүн айл бол­доггүй, ганц мод гал болдоггүй" гэдэг үг үнэн. Нийгэмд тогтсон ташаа ойлголтыг ганцаараа, цөө­хүүлээ өөрчилнө гэдэг ч хэцүү. Миний хичээлд сууж, эрүүл сайхан амьдрах, эрүүл байх боломж өөрийн гарт нь бүрэн байдаг гэд­гийг мэдэж ойлгосон хүмүүс үүний­гээ хүмүүст таниулж, нийгмийн хэм­жээнд бодлого болгох нь чухал гэж хэлдэг байсан. Өнөөгийн Монгол төрийн тогтолцоо ямар билээ. Улс төрийн намуудаар бүхий л бодлого хэрэгж­дэг. Монголчууддаа эрүүл зөв амьдрах боломжийг чиглүүлж өгөх тэр бодлогыг тодорхой болго­ход өөрийн судалгаа, хуримтлуул­сан туршлагаараа хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Ийм л байр сууринаас би намд элсэн орсон. Нам гэдэг бол бөөн цөөнөөрөө хуваагдан тогло­дог тоглоом биш ухаанаа урал­дуулж, бодлогоо хэрэгжүүлэхийг хэлдэг гэж би ойлгодог. Гэхдээ намд элссэнийг улс төрд орно гэж хэлэх хэр тохиромжтой юм бол доо. Намын гишүүн болох, улстөрч болох, төрийн хүн болохын хоо­ронд асар их зааг, ялгаа бий. Би Монгол төрийн өндөр дээд босгыг ямагт хүндэтгэн дээдэлж явдаг нэгэн.

-Таны хэлж байгааг ойлгож байна л даа. Гэхдээ намын ги­шүүн болж, улмаар төрд ордог жишиг манайд бий. Тэр дундаа хэн нэгнээр хөтлүүлж, чирүүлж ор­дог уламжлал ч бий болчи­хоод байгаа. Таныг ч зарим улс­төрч­дөөр хөтлүүлж оруулсан гэж бичих болоод байгаа?

-Та сүүлийн үед бичигдэж бай­гаа сэдвийг хөндөж байх шиг бай­на. Намайг намд элсэхийг санал болгосон хүн бий. Гэхдээ тэр хүн зарим хүмүүсийн бодож байгаа шиг эрэгтэй улстөрчид биш. Харин эмэгтэй хүн. Улс төрийн болоод сэтгэлийн хаттай сайхан эмэгтэйн гараас хөтлөн намын гишүүн бол­сон нь үнээн. Тэр бол Д.Оюунхорол гишүүн. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэдэг худал болохыг баталсан жишиг бол миний жишээ.

-Тантай холбоотой гараад байгаа зарим мэдээллийг өөрөөс тань лав­ламаар байна. "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн завсар­лах болсон шалтгааныг сон­гууль­тай холбо­хоос гадна өөр шалтгаан яриад байгаа. Танай нэвтрүүлгийн най­руулагч та хоёрыг холбож ярьж байгаагийн тухайд?

-Нэвтрүүлгийн найруулагч, най­руулагчийн гэргий хоёр хоёулаа миний оролцоогүйгээр олонд та­нигд­сан, хайр талархлыг нь хүлээ­сэн хүмүүс. Ер нь олны танил гэр бүлийн хоёрын амьдралыг олон нийт байнга сонирхож, элдвээр бичиж, хэн нэгэнтэй холбож байдаг нь дэлхий нийтийн хэв маяг юм биш үү. Тэр л жишгээр ийм яриа гарлаа гэж би ойлгож байгаа. Ийм таагүй ярианд нэр холбогдоход яаж аятай байхав.

Гэр бүл оршин тогтнохуйн үндэс нь агуу их хайр, харилцан хүндлэл, ойлголцол бас итгэлцэл байдаг. Эдгээр чухал зүйлийг бүрдүүлсэн гэр бүл бат бөх үндэстэй мод шиг найгаж, ганхахгүй оршино. Миний гэр бүлд гадны хэн нэгэн давхиж орж ирээд үймүүлж, бужигнуулж чадахгүй тийм бат бөх. Бусдын гэр бүл ч бас тийм байдаг биз ээ.

-Танай гэр бүлийн хүн А.Эрдэнэбат НАМЗХ-ны дэд ерөн­­хийлөгчөөр ажиллаж бай­гаад өөртэй нь холбоотой сөрөг мэдээлэл гарсны дараа­хан өргөд­лөө өгөөд гарч байсан санагдаж байна. Харин одоо та НАМЭХ-ийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай. Танай гэр бүлийн хэн нэгэн нь улс төрд байх ёстой гэж боддог юм аа даа?


-Үүн дээр нийтлэг ойлголттой санал нийлдэггүйгээ хэлмээр санаг­даж байна. Манайд ямар нэг зүйлд хүрэх арга замаа улс төр, нам гээд боддог хүмүүс дийлэнх нь байх шиг байна. Уг нь өөрийгөө боловсруулсан, тодорхой амжил­тад хүрч, баялаг бүтээж чадсан хүн энэ салбарт хөл тавьж, юу хийж чаддагаа харуулах ёстой болов уу.

Нөхөр бид хоёр арван жилийн нэг ангийнхан. Бид нэг гэр бүл ч тус тусын үүрэг, хийж бүтээ­хийн даал­гавартай энэ хорвоод ирсэн. Би оюун санааны эрх чөлөөг эрхэм­лэн дээдэлдэг учраас хэний ч оюун санааг шүүж, тунгааж тэр хил хязгаарыг нэвтлэхийг оролд­доггүй. Үүнийгээ би бусдад түгээж байгаа хайр бас бусдыг хүндэтгэх хүндэт­гэл гэж ойлгодог. Нөхөр маань өөрийн хийж босгож яваа ажлын­хаа хүрээнд залуу­чуудын байгуул­лагад дуу хоо­лойгоо өргөж байсан байх. Би ч бас өөрийн хүрээлэл, үзэл бодлоороо яваа.

Хийж бүтээхийн их хүсэлд хорсч атаархахын өчүүхэн сэтгэл тээг садаа болж улмаар цаг хугацаа, сэтгэлзүй, эрүүл мэндэд нөлөөлж болдгийг манай гэр бүл үнэндээ үзэж л явна. Бидний нас харь­цангуй залуу ч сэтгэл зүйн овоохон хат суухаар хэмжээнд богино хуга­цаанд давтагдаж, хатуужсан. Таны асуултад ингэж л хариулмаар байна даа.

-Таны нөхрийг УИХ-ын даргыг Японд айлчлахад ч, сая Ерөнхий сайдыг айлчлахад ч дагаж явлаа гэж бичээд байх юм. Ямар учраас тэгж дарга нарыг байн, байн дагаж яваад байдаг юм бэ?


-Өнгөрсөн хугацаанд манай гэр бүл багагүй давтагдаж хатуужсан гэж би хэлсэн дээ. Ер нь ийм зорилготой гүтгэлэг удаа дараа гарсан. Гүтгэлэг гэж нэг ч үнэн байхгүй худлааг хэлдэг. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хэнийг нь ч Японд айлчлахад манай нөхөр айлчлах бүрэлдэхүүнд нь багтаж яваагүй. Улсын хил гаалиар орж, гараагүйг нь гэрчлэх баталгаа олон хүнд бүх зүйл гүтгэлэг байсныг нь батлах энгийн нэг жишээ болох биз ээ.

-Таныг УИХ-ын гишүүн Р.Будын охин гэдэг. Харин таны овог Пүрэв-Очир гэх юм. Бас Р.Буд гишүүний квотыг авч өөрөө дэвших гэж байгаа ч гэх юм?


-Хувь тавилангийн эрхээр би өөрийн төрсөн эцэгтэйгээ өсч өндийгөөгүй. Гэвч хувь тавилангаар би төрснөөс өөрцгүй сайхан аав­тай болсон хүн. Хувь тавилан таагдашгүй. Хоёр аав минь арван жилийн нэг ангийн хүүхдүүд ш дээ. Ээж маань ч бас нэг анги. Арван жилийн сур­гуулиа төгсөөд аав маань хойшоо сургуульд явж, ээж эндээ сураад үлдсэн гэдэг. Ээж бид хоёр аавынхаа (Р.Буд.сурв) ээжтэй зургаан жил хамт амьдарсан. Нэг л өдөр ээж маань намайг дагуу­лаад тэр гэрээс явсан. Энэ үйл явдал ээжийн минь бусдыг бодсон өрөвч, уужуухан сэтгэлийн илрэл байж дээ гэж одоо бодогддог юм.

Миний энэ зэрэгтэй яваа нь энэ биеийг бэлэглэсэн аав, намайг хүн болгож төлөвшүүлсэн гэр бүлийн маань халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл, хүндлэл хариуцлагын үр дүн гэж би хэлмээр байна.

Уйлахад минь уйлж, ухаарахад минь баярлаж, миний амьдралын торгон мөч бүхэнд хамт байдаг, намайг өсгөсөн аавдаа би хайртай. Эр хүний уужуу тавиухан, сайхан сэтгэлийн амьд жишээ надтай дэндүү ойрхон байдаг юм. Энэ биеийг минь бэлэглэсэн, ухаан санаа, хувь тавилангийн минь ундарга болсон төрсөн аавдаа ч би хайртай.

Тэр сонгуулийн тухай асуултын тань хувьд "Хүн ахтай дээл захтай", "Ёс ёмбогор төр төмбөгөр" гэдэг зүйр үгсийн утгыг дэндүү сайн ухан ухаарч өссөн учраас таны асуул­танд хариулах ухаанаа үнэндээ олохгүй л байна. Тийм ч учраас миний дотоод сэтгэлд сонгуульд нэрээ дэвшүүлэх бодол хормын төдий төрж байсангүй. Үүнийгээ л хэлье дээ. Харин би аавыгаа жин­хэнэ төрийн хар хүн гэж боддог шүү.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Хэт дотоод руу чинь халдаж асуусан бол өршөө­гөөрэй.

-Сэтгүүлч хүнийхээ хувьд ун­шигч­­дынхаа өмнөөс асуулт тавьс­ныг тань ойлгож байна аа. Энэ хорвоо ертөнц түг түмэн өнгө­ний зохицол. Хүмүүс өөр өөрийн өнгө­тэй хэрнээ түүнийгээ тоотой хэд­хээн өнгөнд хамаатуулж цөөн хэмжүүрээр биесээ хэмжих гээд байдаг юм уу гэсэн бодол маш их төрөх юм. Би хүмүүсийн мэддэггүй түмэн өнгөний нэг л өнгө. Нэгийгээ өөрийнхөө мэддэг өнгөний хэмжүү­рээр биш, байгаа тэр л өнгөөр нь харж байгаасай гэж хааяа бодох юм. "Сайн үйл дэлгэрэхийн үнд­эс нь сайхан үг" гэсэн үгээр яриагаа өндөрлөмөөр байна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив