“Бумрунград”-д буусан тэмдэглэл
2012 оны 3 сарын 15 [Уншсан тоо: 44555]
Сар шинийн өмнөхөн Тайландын Бангкок хотноо монголчуудын хөлөглөсөн хөлөг онгоц бууж, хэдэн өдрийн турш түм түжигнэсэн Зүүн Азийн энэ улсад Төв Азийнхны төлөөлөл бусдаас дутахгүй гэсэн шиг бужигнаж өнгөрсөн билээ. МИАТ компани Тайландын Бангкок руу шууд нислэг анх удаа үйлдэж, харин аялал жуулчлалын ажиллагаа эрхэлдэг дөрвөн ч компани том “Боинг”-ийнх нь суудлуудыг захиалснаар 200 гаруй монголчууд нэг нислэгээр очсон нь тэр л дээ. Манайхан аялал жуулчлал,хувийн болон албаны ажил, эрүүл мэндээ үзүүлэх зорилгоор энэ улс руу нэлээд зорчдог болжээ. Тэгэхдээ ихэвчлэн Бээжин, Сөүлээр дайран нисдэг бөгөөд наад тал нь таван цаг, заримдаа арван цаг ч хүлээх танхимд суудаг. Харин Улаанбаатар-Бангкокийн шууд нислэг таван цаг хагас үргэлжилсэн билээ. Тав тух дээрээс нь эдийн  засгийн ашигтай санал байнга хүмүүсийг даллаж байдаг. Өөр газраар дайран нисч, бас агаарт илүү удаан саатах атлаа Бангкокт буух замын өртөг сая төгрөг орчим болдог билээ. Харин энэ удаад тэнд дөрвөн одтой зочид буудалд байрлах дөрвөн хоногийн зардал, үзвэр, хоол унд онгоцныхоо зардалтай нийлээд 1000 орчим ам.долларын саналыг аялал жуулчлалын компаниуд тавьсан болохоор монголчууд энэ боломжийг алдалгүй чухам “бөөнджээ”.

Компани бүр өөр өөрийн онцлогтой хөтөлбөрүүдийг бэлдсэн байх. Миний хувьд монголчуудын Тайланд руу явах нэгэн чухал шалтгаан болдог эрүүл мэндийн үзлэгтэй аялал жуулчлалын хөтөлбөрт нь хамрагдсан билээ. “Нью жуулчин” компани жуулчны хоёр ч баг бүрдүүлсэн байсны нэг нь эрүүл мэндийн жуулчид бүхий баг байв. Монголчуудын хувьд Тайланд орныг Зүүн өмнөд Азийн хөгжилтэй улсын нэг, аялал жуулчлал хөгжсөн газар гэдгээс нь гадна олон улсын түвшинд хүрсэн “Бумрунград” эмнэлэгтэй гэдгээр нь илүүтэй мэдэх болоод байгаа. Хэл хугалчихмаар ч юм шиг сонсогддог байсан энэ нэр олон монголчуудын сэтгэлд ойрхон буух болсон нь ч аргагүй. Хүн өвдөх зовох үедээ хэн хамгийн их тус хүргэж, хэн сэтгэлд нь ойр байсан түүндээ насан туршдаа ач буян санаж явдаг. Тэгвэл сүүлийн хэдэн жилийн турш манайханд итгэлийн гал болж, бас олон хүнд урт удаан амьдрал, эрүүл биеийг нь эргүүлэн авчрахад тусалсан энэ эмнэлгийн нэрийг хүмүүс сүрхий гэгч нь тогтоогоод байгаа билээ. Асарч сувилах гэсэн утгатай бам рун ра гэсэн тайланд үгийг англи хэлнээ “Бумрунград” хэмээн буулгажээ. Тэгээд ч гагц Тайланддаа бус олон улсын түвшинд ажиллаж байгаа “Бумрунград” эмнэлэг дэлхийн олон улсад төлөөлөгчийн газартай бөгөөд Улаанбаатарт ч төлөөлөгчийн газар нь ажиллаж буй. Энэ удаагийн эрүүл мэндийн аяллыг Улаанбаатар хот дахь “Бумрунград” эмнэлгийн төлөөлөгчийн газар, “Нью жуулчин” компани хамтран зохион байгуулсан нь олон хүнд өөрөө өөртөө хөрөнгө оруулах том боломжийг өгсөн юм. Манайхны нэг том дутагдал бий гэж бид өөрсдөө ч хэлдэг, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд ч онцолдог. Чухам юу гэвэл монголчууд хэзээ ч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг эрхэмлэдэггүй. Харин бүр оройтсон хойно нь гал унтраах гэж л үздэг гэж. Жилийн жилд цөөхөн хэдэн монголчуудаас маань нэлээдийг нь авч оддог хавдрын тухайд ч эхний үе шатандаа байхад нь бус бүр эцсийн үедээ орсон хойно нь оношлуулж мэддэг гэмтэй. Ерөнхийдөө энэ удаагийн манай багт багтсан хүмүүсийг ажаад байхад аялангаа эрүүл мэндийн байдлаа оношлуулж мэдчихье гэсэн бодолтой улс дийлэнх нь, бас урьд нь “Бумрунград”-д эмчилгээ хийлгээд явц байдлаа эмч нартаа хянуулчихъя гэсэн хүмүүс цөөнгүй байх шиг ажиглагдсан. Үнэндээ ч шууд нислэг хамаагүй яршиг төвөг багатай, үнэ хямд байсан учир энэ боломжийг хэн хүнгүй ашиглахыг бодлоо л доо. Тайланд улс бол 1985-1995 оны хооронд эдийн засгийн огцом үсрэлт хийж хөгжсөн орон. Хөгшин Европтой харьцуулахад шинэ тутам аж үйлдвэржиж байгаа, дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Аялал жуулчлалаар ихээхэн орлого олж, дэлхийд аялбал Тайланд руу гэсэн имижийг ч хэдийнэ бий болгосон. Тэгвэл сүүлийн үед энэ улс эрүүл мэндийн үйлчилгээгээрээ өөрийн онцлогийг харуулж, бас нэг дархлаагаа энэ салбарт бий болгож байгаа юм билээ. Азийн ихэнх орны хүмүүс, Европынхон за тэгээд Ойрхи Дорнодынхны урсгал ийшээ цутгаад эхэлжээ. Хэнбугай ч байсан чанартай, баталгаатай эрүүл мэндийн үйлчилгээг хямд үнээр авахыг боддог. Энэ сэтгэлгээн дээр нь тайландчууд өөрсдийгөө дархалж аваа юу даа гэсэн бодол төрж байлаа. Азийн орнуудаас олон улсын эмнэлэг гэж хамгийн анхлан хүлээн зөвшөөрөгдөж чадсан газар нь мөнөөх бидний очиж үзүүлэх гэж байгаа, басхүү багагүй сонжин учир начрыг нь монголчууддаа таниулах гэж байгаа “Бумрунград” билээ. Тайландад манайхны очиж үзүүлдэг эмнэлгүүд цөөнгүй л байх. Гэхдээ тэр дундаасаа “Бумрунград” нь олон улсын гэж хүлээн зөвшөөрөгдөж, АНУ-ын эмнэлгийн стандартыг хангасан гэж баталгаажуулагдаж, итгэмжлэл авч чадсанаараа ялгагддаг аж. АНУ яваад ирсэн хүмүүс “Америкаас бэлэг авчирлаа гэсэн дандаа Хятадын л бараа байх юм.  Гэхдээ АНУ-д борлогдох шалгуурыг давж чадсан гэдгээрээ энэ чанартай Хятад бараа” гэж ирээд л хөнгөхөн цайруулж байгаа харагддаг даа. Түүн шиг дэлхийд шалгуур өндөр Америк стандартын шалгуурыг давж чадсан нь Бумрунград эмнэлэг гэдэг ойлголттойгоор Бангкокт хөл тавилаа. Шинэ тутам баяжсан хятадууд нөгөө вагон вагоноороо гэдэг шиг л онгоц онгоцоороо дэлхийн томоохон хотуудад буух болсон тухай мэдээлэл гарах болсон. Тэгвэл тэрнээс дутахааргүй гэсэн шиг МИАТ-ийн том Боинг дүүрэн монголчууд Суварнабхуми онгоцны буудал дээр буугаад л тур компаниудынхаа тугийг дагаад л тав хоногийн дараа эргэн уулзах товтойгоор алга болж өглөө дөө.

Энэ нисэх онгоцны буудал дээр гэхэд л зорьж яваа эмнэлгийн маань булан байрлаж байх юм. Эмнэлгийг зориод очсон хэнийг ч болов тэнд байгаа ажилтан нь хүлээж аваад хэрэг зоригийг нь мэдээд, хотын төвд байх эмнэлэгтээ унаагаараа хүргэж өгөөд хүссэн буудалд нь байрлуулаад өгнө. Хэрэв Монголд байгаа төлөөлөгчийн газарт хандаад ирсэн бол эндээ эмчтэйгээ уулзах цаг, очих давхар хаалганы дугаар, хэд орчмын зардал гарах энэ тэр гээд бүүр дэлгэрэнгүй мэдээд явчихдаг болохоор элдэв хүндрэл байхгүй юм билээ.

“Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг”, “Мууг ёрлож байгаа биш өвдөөгүй байхад эмнэлэгт үзүүлэх буруу” гэж манайхан их ярьдаг. Үнэндээ ч өвчин хийсч ирдэг биш, хэлэн хэлэн ирдэг. Харин биеийнхээ хэлж байгааг мэддэггүй, бас урьдчилан сэргийлж үзүүлэх ёстой гэдэг ойлголт уламжлалаар нь, угшлаар нь суугаагүй байгаа учраас бид өвдөөд байдаг юм байна гэж сүүлийн үед анзаарагдаад байгаа. Тиймээс гадныхны хувьд ийм ойлголт нь ямар байдаг юм, хэрэв өвдсөн бол өөр ямар боломж гарц байгаа юм гэдгийг энэ удаагийн хэрэг зоригоороо харуулах боломжийг эрэлхийлж явлаа. Монголчуудын “Бумрунград”-ыг зорьж очдог нь жилээс жилд нэмэгдэх болжээ. Гэхдээ тэнд очихоор хэлгүйн, мэдэхгүйн зовлон гардаггүй гээд байсныг нь нүдээр харж байж л итгэлээ. Уг эмнэлэг дээр зохицуулагч хоёр эмч, бас хоёр орчуулагч ажилладаг юм байна. Тэгэхээр харийн газар очиж хэл мэдэхгүй доовторуудтай яаж ойлголцоно гэж зовох эхний бэрхшээл алга болж байгаа юм. Энэ удаад нэлээд олон хүмүүс олноороо очсон тул манай монгол зохицуулагч эмч нарт багагүй хүндрэл гарсан байх. Гэхдээ Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас аяллын багаа эндээс гарахад нь л нэмж эмч дагалдуулаад явуулсан нь аль болох түвэг бэрхшээл бага гаргахаар эрмэлзэж байсных биз. Уг нь Бангкокт буусан даруйдаа л хэд хэдэн хүмүүсийг эмчид үзүүлэхээр Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрынхан зохион байгуулжээ. Гэтэл манай шууд нислэг хоёр цаг гаруй саатаж хөөрсөн учраас эхний өдрийн төлөвлөгөө нураадахав. Гэхдээ дамжиж биш ердөө таван цаг гаруй нисээд зорьсон газраа ирсэн болохоор гомдоллох юу байхав. Очсоныхоо дараагийн өдөр өглөө эртээ гэгчийн “Бумрунград” эмнэлгийг зорьсон юм. Уг нь миний үзүүлэхээр цаг авсан өдөр нь маргааш л даа. Гэхдээ тус эмнэлгийн гадаад харилцааны ажилтан намайг хүлээн авч, эмнэлгийнхээ талаар мэдээлэл өгөхөөр интернэтээр “болзсон” байсан тул эхний өдрийн үйлчлүүлэгчидтэй тийнхүү дөрөө харшуулан очсон нь тэр. Хаашаа л харна “Бумрунград” гэсэн хаягтай олон байшин харагдах шиг. Хамгийн өндөрт нь буюу 16 давхар барилга руу орж, арван давхарт нь гарахад баахан хүмүүс бүчээд авлаа. Нэг үйлчлүүлэгчийг нэг сувилагч хариуцаж аваад байгаа юм уу, бүү мэд ээ. Тэрэн дундаас тайланд хүүхэн гэхэд ямар өндөр, европжуу бүсгүй вэ гээд гайхахад хүргээд байсан нь орчуулагч монгол бүсгүй байсан аж. Эхлээд ирсэн хүн бүрээс дэлгэрэнгүй анкет авах юм. Чухам юугаа үзүүлэх бодолтой байгаа, ямар эмч дээр үзүүлэх үү, таны шинжилгээг гэр бүлийн чинь хүмүүст өгч болох уу, хэрэв танай улсын эрүүл мэндийн байгууллага, эмч, эсвэл даатгалын байгууллага шинжилгээний хариу, эрүүл мэндтэй чинь холбоотой мэдээлэл авахыг хүсвэл манай эмнэлгээс өгч болох уу гэх мэтээр нарийн асуух юм. Ерөөсөө тэнд өвчтөний хувийн нууц гэдгийг дээд зэргээр анхаардаг юм байна лээ. Сэтгүүлчийнхээ ажлыг хийж байна гээд зураг аваад байвал би эмнэлгээс үтэр түргэн хөөгдөөд гарах байсан байх даа. “Өвчтөний нууц бол бидний хамгийн чухалд үзэх асуудал. Та зөвшөөрөлгүй зураг бүү аваарай. Ялангуяа эмнэлэгт явж байгаа хүний зургийг авч болохгүй. Нүүрийг нь гаргаж болохгүй” гээд урьдчилан анхааруулаад байсан учир эмнэлэг дэх эсэргүүнд тооцогдолгүй ажлаа дуусгасан билээ. Үр хүүхэд гэр бүлийнхэнд чинь мэдээллийг чинь өгч болох уу гэсэн асуултад манайхан их гайхаад байх шиг байсан. Харин тэнд үгүй гэх юм бол эмнэлгийнхээ архивт хав дараад мартчихдаг болтой юм. Гэхдээ тухайн өвчтөн хэзээ ч хамаагүй буцаад ирлээ гэхэд мэдээлэл нь бол байж байдаг гэх. Энэ мэтээр баахан шалгааж байгаад зургийг нь авч, хэвлээд нэг карт бариулаад нарийн шинжилгээ рүү марш. Орчуулагч бүсгүй бүгдийг нь тайлбарлаад өгөх учраас бэрхшээлгүй. Эхний өдрийн шинжилгээний 60 гаруй насны хэдэн эгч нар маань яваад өглөө. Гадаад харилцааны ажилтантай болзсон цагаа болтол нь “Бумрунград” дахь “Starbucks”-т тухаллаа. Яахаараа ч эмнэлэг дотор дэлхийд алдартай кофе шоп байж байдаг юм. Ер нь яахаараа эмнэлэгт байгаа юм шиг сэтгэгдэл төрдөггүй байна аа. Эгээ л өндөр зэрэглэлийн зочид буудалд тухалж байгаа юм шиг, яахаараа ч эндхийн ажилтнууд бидний мэдэх эмч нар шиг, сувилагч нар шиг ихэмсэглэдэггүй, инээмсэглэх даалгавар авчихсан зочид буудлын ажилтнууд шиг байдаг байна аа гэсэн бодол төрж байснаа нуугаад яахав. Яг энэ үед “Та Монголын сэтгүүлч үү” гэж цэвэрхэн англи хэлээр асуух сонстож, өндийж харвал нэг их өндөргүй тай залуу зогсч байлаа.

"Бумрунград" эмнэлгийн гадаад харилцааны ахлах ажилтан хэмээн өөрийгөө танилцуулсан тайланд залууг Нуттавут Лертшримонгкол гэдэг ажээ. Урт гэгчийн үргэлжил­сэн нэрнээс нь монгол гэж байгаа юм шиг монгкол гэдэг төгсгөл нь ойрхон санагдсан боловч Нуттавут гэж дуудаж болно, бүр Нуй гэсэн ч болно хэмээлээ. Тэрбээр нутагтаа сургууль төгсөөд Сингапурт сурал­цаж, тэндээ хэсэг ажиллаж байгаад эх орондоо ирсэн нэгэн аж. Ерөн­хийдөө энэ эмнэлгийн гадаад харилцаа дэндүү өргөн учраас жилийн 365 хоногийн дийлэнхийг гадаадад өнгөрүүлдэг гэнэ. Манай Улаанбаатарт гэхэд өнгөрсөн намар ирээд буцсан юм билээ.

Миний түүнд тавьсан эхний асуулт "Танайх хэдэн сувилагчтай юм бэ". Учир нь тэнд үүднээс оро­хоос эхлээд л хүмүүс дагаж, үйлч­лээд энд ч нэг гарч, тэнд ч дагаж гүйгээд байсан болохоор тэр.

Харин түүний хэлснээр дунд­жаар нэг сувилагчид дөрвөн үйлч­лүүлэгч оногддог аж. Гэхдээ тэд­нийхний хүндээ хүрч үйлчилдэг нь дөрвөн хүнд нэг сувилагч ногдох биш бараг нэг хүнд дөрвөн сувилагч оногдоод байх шиг.  Бум­рунград эмнэлэг анх 1980-аад онд 200 орчим ортойгоор үүдээ нээж байжээ. Гэхдээ дээд зэрэглэлийн чанартай эмчилгээ, үйлчилгээг ирсэн хүмүүстээ үзүүлж, сэтгэл хангалуун гаргана гэсэн хатуу шаардлага тавьж ажилласан уч­раас өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс эднийхийг зорьж хүмүүс ирэх болж, тэр ч хэмжээгээрээ орлого, үйчилгээний чанар нь өндөрт хүрчээ. Энэ эмнэлгээр жилд 190 орны сая гаруй хүн үйлч­лүүлдэг юм байна. Энд 1200 эмч ажилладгийн 220 нь АНУ-ын анагаахын сургуулиудын эмчлэх эрхийн диплом гэрчилгээтэй, мөн 900 гаруй сувилагч, 200 орчим орчуулагч ажилладаг гэж байгаа. Тэр ч ут­гаараа эднийхийг Тай­ландын гэ­хээсээ Олон  Улсын эмнэлэг гэх юм билээ. Угаасаа зочид буудлын лобби танхим шиг том зааланд нь олон хэлний орчуулагч нь суугаад л ирсэн хүмүүсээ угтаж авч, үйл­чилж байх нь гадаад хэлний сур­гууль мэт. Өдөрт 300 хүн хэвтэн эмчлүүлж, 3000 хүн амбулаториор нь үйлчлүүлдэг аж. 2010 онд 1,2 сая хүн үйлчлүүлсний 40 орчим хувь нь гадаадынхан байжээ. Бас жилдээ манай улсын хүн амын тоогоор лабораторийн нарийн шин­жилгээ хийдэг гэж байгаа.

"Бумрунград"-д Хойд Амери­каас жилд 25 мянга орчим хүмүүс ирж эмчлүүлдэг. Эмчилгээ үйлчил­гээний чанар өөрийн орныхтой нь адил, харин үнэ нь 30-70 хувь хямд бөгөөд дээр нь Азийн нэг оронд аялангаа, эмчилгээ хийлгэх бо­ломж­той байдаг учраас дуртай нь аргагүй явдаг гэнэ. АНУ-ын эмнэ­лэгтэй "Бумрунград"-ын эмнэлгийн үнийг харьцуулсан танилцуулга гаргасныг хичээнгүйлэн тэмдэглэж авснаа та бүхэнтэй хуваалцъя. АНУ-ын эмнэлэгт нуруу нугаламын хагалгаа хийлгэхэд 41 мянган ам.доллар бол "Бумрунград"-д 11,800 ам.доллар, энэ нь даруй 71 хувиар хямд. Үүн дээр нь замын хийгээд хүний нутагт байгаа нэмэлт зардлаа нэмлээ гэхэд 6600 ам.дол­лар. Ингэлээ ч даруй 55 хувь хямд гэсэн тооцоо байгаа юм. Тийм учраас л өртөг өндөртэй Европын орнуудаас олон хүн зорин, зорин ийш ирдэг байх. Тэрнээс гадна Япон, Солонгос, Хятад, Зүүн өмнөд Азийн хөрш Вьетнам, Лаос, Кам­бож, Мьянмар, Бангладешаас байнга ирж эмчлүүлдэг гэнэ билээ. Харин хамгийн их нь хаанахын хүмүүс гээч. Арабууд.

Заримдаа ч Азийн Тайландад байна уу, Арабын Эмиратад байна уу гэж гайхаш төрмөөр олон ара­бууд байх юм билээ. Ойрхи Дорно­доос жилд 100 мянга орчим хүмүүс ирж эмнэлгээр нь үйлчлүүлдэг гэж Нуттавад найз маань танил­цуул­сан билээ. Түүний хэлснээр 2000 оноос өмнө арабууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сайн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар АНУ-ыг зорьдог байжээ. Харин дэлхийн түүхийг өөрчилсөн гол үйл явдал гэгдэх 2001 оны есдүгээр сарын 11-ний хэрэг явд­лаас хойш АНУ-д нэвтэрнэ гэдэг арабуудад амаргүй зүйл болж. Үнэхээр ч араб л бол алан хядагч юм шиг санагддаг байсан үе шүү дээ. Энэ үед л "Бумрунград"-ынхан жинхэнэ сэт­гэж бас ажиллаж чад­сан бололтой юм. 1999 онд магад­лан итгэмж­лэгдэж, 2002 онд АНУ-ын ЖСиАй-ын шалгуурыг давж, Азийн хамгийн анхны Олон улсын эмнэлэг болсон цаг үе ч давхцаж. Арабаас АНУ руу зургаан цаг, Тайланд руу бас зургаан цаг ниснэ. АНУ-д алан хядагч мэт, Тайландад Арабдаа байгаа шах мэт. Ингээд газрын тосныхоо буянаар дэлхий даа­мааргүй баяжсан арабчуудын  эрүүл мэндийнхээ төлөө мөнгөө бариад гүйх их урсгалыг тайланд­чууд энэ эмнэлэг рүү татаж чаджээ.

"Арабуудад дэлхийн хэмжээний эмнэлэг барих мөнгө хангалттай байгаа. Тэд яагаад нутагтаа эмнэ­лэг барихгүй, танайх руу ирээд байдаг юм бэ" гэхэд гадаад харил­цааны ахлах ажилтан тэрбээр жоготой нь аргагүй жуумалзаад "Арабад тийм эмнэлэг бариад хэн тэнд ажиллах вэ? Тэнд нь ажиллах хүн байхгүй. Өвдвөл улсаас нь өгөх мөнгөөрөө манайд аялж зугаа­лангаа үзүүлчихэд болно" гэсэн билээ. Түүний яриагаар хоёр ул­сын даатгалын газрууд нягт хам­тын ажиллагаатай ажилладаг бө­гөөд Засгийн газрын түвшиндээ мөнгө цаасаа шилжүүлчихдэг бо­лолтой юм.

Харин бүр зуу зуун мянгаараа Тайланд руу мөнгөө аваад ирж байгаа арабуудын өмнөөс уур хүрэх шиг.

Үнэхээр "Бумрунград"-д ара­бууд хөлхөж байна аа. Эрчүүд нь цагаан пансан дээлтэйгээ, хүүх­нүүд нь битүү хар хувцастайгаа. Гол шиг гунхалзсан охиноо дагуулсан ээжүүд, настай эхийгээ хөтөлсөн бавгар сахалтай залуу эрчүүд битүү явна.

Араб эрчүүд тун дураараа гэдэг нь ч анзаарагдам. Эмэгтэйчүүдийн хувцас сольдог өрөөнд эхийгээ хөтлөөд орох гэж зүтгэх тэднийг найрсаг нь дэндсэн тайланд суви­лагч нар бөхөлзсөн хэрнээ цааш түлхэнэ. Эмнэлгийн үйлчлүүлэгч­дийн нэлээд хувийг эзлэх арабуу­дад зориулсан булан, араб бичиг­тэй ном танилцуулга дүүрэн. Бас VIP зочдын өрөөнд нь аанай л арабууд эзэгнэн суусан нь хараг­дах юм билээ.

Арабуудад ч тэгдэг юм байж, харин Монголд төр нь бодлогоороо дэмжиж ийм зиндааны эмнэлэгтэй болгочихоосой. "Хэрэв манайх ийм нэг сайхан эмнэлэгтэй болчихвол бид юу гэж хүний газар мөнгөө өгөх гээд явах вэ. Одоо эрүүл сайхан амьдралынхаа төлөө хаана батал­гаатай газар байна, тийшээ л явж байна шүү дээ. Бид чинь эрүүл саруул амьдрах эрхээ эдлэх гэж л  яваа" гэж хүний нутагт ирсэндээ гэмшилтэй ч байгаа юм шиг ярьж байсан олон хүний магнай тэнийх байх даа. "Өвчин зовиураа­саа салахын тулд мөнгөө бариад харийн нутгийг зорьж байгаа тэр мөнгөний урсгалыг өөрсдөдөө авч үлддэг бол " гэж Монголдоо үлдэх­гүй байгаа тэр их мөнгөний төлөө харамсал төрж  байсан бөлгөө.

Энэ эмнэлэг нь зах зээл дээр хувьцаагаа гаргаж, хөрөнгө босго­жээ. Хувьцааны ихэнх нь тайлан­дуудын гарт байдаг. Сүүлийн үед арабууд бас худалдан авахыг сонирхох болсон тухай дуулдсан. Харин менежмэнтийн удирдлага нь америкчуудын гарт.

Энэ мэтээр эмнэлгээр танилцан явах зууртаа үе, үе монголчууд­тайгаа таарч л явав. Манай аяллын багийн гишүүдээс гадна өөр рей­сээр энд ирсэн, бас хувиараа эмчилгээ үйлчилгээ авч яваа хүмүүс цөөнгүй.

Манай багийнхны эхний хэсэг өглөө эртлэн босч нарийн шинжил­гээндээ оржээ. Оношилгоо шин­жил­гээний хувьд ерөнхий шинжил­гээ, дэлгэрэнгүй шинжилгээ, төрөл­төд бэлтгэж өгөх шинжилгээ, ху­рим­лахын өмнөх багц гээд өөр өөрийн зорилготой, тус тусын үнэтэй байх жишээтэй. Ерөнхий шинжилгээ нь 200 орчим ам.дол­лар бол дэлгэрэнгүй нь 450 ам.доллар хэрэв 40-өөс дээш насны эмэгтэй бол 550 болоод явчих жишээтэй. Харин энэ удаад Монголоос гарсан эрүүл мэндийн багийнхнаас 40-өөс дээш насны эмэгтэй­чүүдийн багц шинжилгээнд орж байгаа бол 10 хувийн хямдрал үзүүлэхээр болсон билээ.

Эхлээд таарахад шинжилгээгээ өгчихсөн гээд цоглог харагдаж зогссон багийнхан маань хэсэг явж байгаад таарсан чинь шинжил­гээний дүнгээр зарим нэг зүйлүү­дийг тодруулж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх болсон гээд жаахан баргардуу байхтай таарлаа. Тэд манай багтаа ахмадууд нь болох жар гаруй насны эгч нар л даа. Гэхдээ эрч хүчтэй, цоглог эмэгтэй­чүүд. Хүүхдүүд нь ч гадаад, дотоо­дод амьдардаг болтой юм билээ. "Эмч домчид үзүүлэх бол наашаа ир л гэдэг юм. АНУ руу нисэх гэж арав гаруй цаг зовлогоо барж, дээрээс нь үйлчилгээ нь өндөр үнэтэй. Харин ийм болом­жийн аялал гарахаар нь наашаа суучихсан. Бас дэлгүүр хоршоо нь хямд болохоор цагаан сарынхаа гарын бэлгийг ч цуглуулчих санаа­тай" гэж тэдний нэг нь надтай хууч хөөрсөн билээ. Шинэ танил маань тэнд нэгэн монгол бүсгүйтэй таарч гэнэ. Түү­нээс дуулснаа дүүгээ сэтгүүлч хүн болохоор сонсоод аваг гэж бодоод ярьж байна гэж аминчлан сонир­хуулсан юм. Эгч­тэй таарсан залуу бүсгүй бараг эндхийн хүн болоод байна гэсээр яриагаа эхэлжээ. Бага залуу гэлт­гүй түүний бие өвдөж, юунаас болоод байгаагаа шинжлүүлтэл манайхан ходоодны хавдар байна гээд тайрна хагална гэж мэдэгдсэн юм даг уу даа. Тэгэ­хээр нь гомдлын мөр, гайгүй газар ирээд үзүүлье гээд ирсэн чинь өнөөх ходоод нь эв эрүүл болж таарч. Харин цусны хавдар гэдэг өвчинтэй гэж онош­логджээ. Ингээд л багагүй хуга­цаанд эмчлүүлсээр одоо бараг эрүүл болж байна гэж ярьсан аж. Хэдий Монгол бүсгүйн эрүүл болсон сайхан түүхийг ярьж эгч маань инээмсэглэсэн ч хэд, хэдэн эмчид үзүүлэх ёстой болж, цаг авахаар явсан хоёр найзыгаа бодсон уу, эсвэл маргааш өглөө ходоодоо дурандуулахад ямар хариу гарах бол гэж бодсоных уу цоглог нүдэнд нь үл ялиг гуниг хурах шиг. Ходоодыг нь дурандахдаа унжуулж байгаад дурандчихдаг гэнэ.



Ямар ч байсан эгч нарын өглөө авч гарсан тайланд мөнгөн тэмдэгт болох Батт нь дууссан бололтой, ам.доллараа солиулах ажилтай болжээ. Уг нь ч эмнэлэг дээр ажил­ладаг ченж байдаг юм билээ. Манай орчуулагч нар утасдаад дуудаад өгөхөөр байгаа тасгийн үүдэнд нь ирээд солиод өгдөг гэсэн. Энэ өдрүүдэд олон хүн ирээд ачаалалтай байх шиг байна лээ. Уг нь ч ам.доллараар төлбөрөө төл­сөн ч болно л доо. Гэхдээ эмнэл­гийн ханшаас ченжийнх нь арай хэдэн цаасны илүүтэй дэг ээ.

Цоглог эгч нарынхаа нүдэнд айдас хургасныг хараад хүн тодор­хой цаг хугацаанд тогтмол урьдчи­лан сэргийлэх шинжилгээнд орж байх ёстой юм байна. Машинаа жил бүр оношлуулаад байдаг байж, өөрийгөө хагас жилд үгүй юм гэхэд жилдээ оношлуулж байхгүй бол хэмээн хатуу ухаарсан билээ. Бас ээж шиг минь сайхан эгч на­рын маань шинжилгээний хариу нарийвчлаад үзээд ирэхээр элдэв асуудалгүй гараасай хэмээн зал­бирлаа.

Монголчуудтайгаа хэсэг саа­таад эмнэлэгтэй танилцах аяллаа үргэлжлүүлэв. Хүүхдийн төв гээд газар байна. Нэг л цэцэг, зураг тоглоом болсон газар. Энд ирсэн ямар ч хүүхэд өөрийгөө эмнэлэгт байна гэж айдас хүйдэст автахгүй нь. Гулгуур дээр гулсаж байхад нь эмч нар чагнаж ч байх шиг. Манайд цагаан хувцастай хүн хараад хүү­хэд уйлж, аав ээж нар нь тариулна шүү гэж айлгадаг даа. Харин тэнд­хийн хүүхдийн төвөөр хальт ша­гайхад ийм дүр зураг харагдсан юм. Тэгээд диабет, диализ, нүд, хамар хоолой, харшил, эмэгтэйчүүд, урологи, зүрх, эмэгтэйчүүдийн төв гээд дурсаад байвал дуусашгүй олон төв, эмнэлэг, институуд тэнд байна. Маргааш өөрөө үзүүлэх үедээ заримтай нь танилцаад амжчих байх хэмээн найдлаа. Тэнд эмнэлгийн өрөө буюу манайхны хэлдгээр палатаар орохдоо нүд маань орой дээрээ гарчихсан харайж явсан билээ. Энгийн дөр­вөн ортой өрөөнөөс эхлээд хоёу­лаа, бүр ганцаараа байх гээд сонголт олонтой. Ганцаархнаа байх нь хагас люкс, люкс гээд явж өгнө. Өрөөндөө зуухтай, хөргөгч, телевиз, дөрвөн хүн сууж хооллох ширээ сандал, интернэт гээд бүхий л зүйлтэй өрөө өдөрт 8000 батт буюу 260 ам.доллар орчим. Цааш­лаад манайхны 100 м кв байр шиг нэг талдаа өвчтөний өрөө, голдоо зочны өрөө, нөгөө захдаа өвчтөний дагалдан яваа ар гэрийнхэн байр­лах унтлагын өрөө, хоёр 00, шүр­шүүртэй тасаг ч байна. Түүнд нь голдуу Арабын баячууд тухалдаг гэнэ билээ. Тэр нь гэхэд өдрийн 20 мянган батт гэсэн. Ер нь эмнэлэг үйлчлүүлэгчийн сонголтыг дээд зэргээр хүндэтгэн үздэг аж. Бас өвчтний ар гэрийнхний сахиж суух тав тухыг нь бодож, ор бүрийн дэргэд жижиг буйдан байрлуулсан байна лээ. Гэхдээ энгийн дөрвүүлээ байх өрөөнүүд ч тохитой үнэ хямд  байлгүй яахав. Бас тус эмнэлгийн буудалд нь эмчлүүлэгчтэй хамт яваа хүмүүс нь байрлах бүрэн боломжтой. Хэрэв эмнэлгийн зочид буудлыг үнэтэй гэж үзвэл эмнэлгээс хоёр минутад алхаад очих газар ч боломжийн буудлууд  зөндөө. Ер нь тэнд байр, хоол хямд. Урьд нь манайхтай л адилхан гэдэг байсан бол одоо манай юм тэнгэрт хадаад тэнд­хийнх бүүр хямд болчихсон ч гэмээр.

Цагаан сарын өмнөхөн МИАТ-ийн шууд нислэгээр Тайландын Бангкок хотноо буух үед +30 хэ­мийн дулаантай байсан билээ. Энд цельсийн хасах 30 хэмээс тэнд нэ­мэх 30 хэмд бууна гэдэг бас сонин. Гэхдээ энэ үе тус бүс нутагтаа хам­гийн аятайхан улирал нь гэж бай­гаа. Уг нь энэхүү шууд нислэгийг өнгөрсөн арваннэгдүгээр сард хий­хээр төлөвлөж байсан юм би­лээ. Гэтэл өнөөх дэлхий нийтээр шуу­гиу­лаад авсан үер болж хойшил­жээ. Бас биднийг ирсний дараахан Бангкокт лалынхан бөмбөг дэл­бэл­сэн цуврал хэрэг гарлаа гэсэн мэдээлэл гарч байсан. Үнэндээ тэр өдрүүдэд тиймэрхүү таагүй явдал болох тухай бодол, сэрэл мэдрэмж ер төрүүлээгүй болохоор ирсэн хойноо тиймэрхүү мэдээлэл сонс­сон чинь сонин л санагдаж байсан. Манай сонин дээр “Бумрунград”-ын Улаанбаатар дахь төлөө­лөг­чийн газартай хамтран бэлтгэдэг эрүүл мэндийн “Бумрунградын булан” гэж гардаг л даа. Тэнд үзүүлэхээр очсон олон хүн эм­нэл­гийн тухай мэдээллээ “Өдрийн со­нин”-оос олж авсан, хүмүүст буян­тай сайхан мэдээлэл хүргэдэг со­нин гэж хэлэхийг сонсох сайхан са­наг­даж байсныг энэ дашрамд бич­мээр санагдлаа. Тайландад эмч­лүү­лээд ирсэн гэх олон хүн дээрх бу­ланд өгсөн ярилцлагадаа “Тэнд улаан цамцатнууд жагсаад байгаа гэсэн. Та бүхэнд хэр мэдрэгдэв дээ” гэхэд “Тийм зүйл болоод байгаа юм уу”  гэж өөдөөс нь асуулт тавьсан байхыг хараад үнэндээ гайхдаг л байлаа. Уг нь эл мэдээлэл дэлхийн том, том мэдээллийн агентлагийн тэр­гүүн мэдээ болоод байгаа хэрэг шүү дээ. Гэтэл тэнд очсон гэх мон­голчууд бараг мэдээ ч үгүй байдаг байв. Биеэрээ очоод харсан чинь мөрөө хөөгөөд явж байгаа л бол  хэн нэгэн нөгөө хүндээ гай болдог орчин тэнд ер алга аа.

Дээрээс нь “Бумрунград” эм­нэл­гийн тэр орчин нэг нам тайван эер­вүү байдлыг бий болгож чаджээ. Өөрсдийн эмнэлгийн өмнүүр явж бай­гаа машины хөдөлгөөнийг зохицуулдаг, машинуудаа хү­лээл­гэж байгаа зорчигчдоо гаргадаг, эмнэлэгт ирсэн хүмүүсийн ма­ши­ныг үүднээс нь аваад зогсоолд байр­луулдаг тусгай ажилтнууд байх юм.

Манайхны зорин зорин, очдог уг эмнэлгээс холгүйхэн араб хороо­лол бий. Түүнээс цаашаа түмэн хө­лийн газар үргэлжилдэг. Өдрийн ша­там халуун аажим аажмаар бүлээсмэгц хүмүүс нь гудамжиндаа бүгд гараад ирэх нь эквадорт ойр орны түгээмэл хэв шинж. Есөн зүйлийн гар урлал, дурсгал чи­мэг­лэ­лийн зүйлийг дэлгэн тавьсан нь Тай­ланд аялал жуулчлалын орон гэд­гийг батлан хэлнэ. Тиймэрхүү чи­гийн зүйлийг нь манайхан сайн мэ­дэх учраас би элдвийг нуршаад илүүц байх. Тайландын бас нэгэн имиж нь болсон бараа таваарууд нь гудамжиндаа өөрсдөө амь­даа­раа зогсоно.

Тайландын шавилхан биетэй, нэг хэвд цутгачихсан мэт хөөрхөн царайтай хүүхнүүд барууны кино­нууд дээр багагүй гардаг даа. Бие хаа­ны хувьд бол яг адил, нэг тийм ту­ранхай хавчигдуу, царай зүсний хувьд киноны хаана ч хүрэхгүй хүүхнүүд оройн цагаар харин ч нэг ил зогсоно доо. Ерөөсөө ил. Тай­ланд гэсэн бичигтэй, зааны хат­га­мал­тай даавуун зураг зарах гэж бай­гаа мэт л аяглана. Тэднийг ажиж байгаа хүмүүс нь дандаа эрчүүд. Эрчүүд эрчүүддээ тавь гаруй насны европчууд. Угаасаа Тайландад гадныхны аялж зу­гаалж ирэх нэг шалтаг шалтгаан нь ихэм­сэглэл үгүй аяыг нь дагадаг өм­нө­дийн эмэгтэйчүүд байдаг хойно. Тай­ландад ирсэн гадаадынхны дий­лэнх нь ганц биеэрээ эсвэл, эр­чүүд голдуу найзуудаараа ирдэг байх. Шөнийн цэнгээний газрын үүдэн дээр цаанаас нь тавиад өг­сөн мэт хар богино банзал, цамц өмс­сөн хүүхнүүд яг адилхан хөлөө ачаад суусан байхыг харсан. Ха­рин эрчүүд яг л морь шинжиж бай­гаа мэт өмнө, хойно нь гарч харна.

Тэндээс арай зайдуухан газарт өн­дөр гэгчийн хоёр зэрэмгэр бүсгүй зогсч байгаа харагдсан билээ. Гу­дамж метрлэн сонирхож яваад бу­цах замд шар толгойтой хөгшин эр тэд­нийг хамтаар нь дагуулаад хө­хиүн алхаж байгаа харагдсан. Ер нь ийм зүйл тун ил задгай аж.

Харин арабууд ихэвчлэн гэр бүлээрээ явж байгаа харагдана. Нээрээ, Араб гудамд бас ийм дэн­гийн эрвээхэйнүүд зогсоно оо. Тэд бие хаа томтой, гэдэс цүдгэр банд­гар хүүхнүүд. Араб эрчүүд махлаг хүүхнүүд сонирхдог учраас тэд эрэл­тийнхээ дагуу энэ гудамд зогсдог талаар тэндхийн хүн со­нир­хуулсан билээ. Бас махлаг тай­ланд хүүхнүүдээс гадна араб га­рал­тай ганц хоёр бүсгүйчүүд ч ажил­даа гарахыг хүлээн зогсч бай­гаа харагдсан. Бодвол гарал нь араб, төрсөн газар, тогтсон бодол сэт­гэлээрээ тайландууд биз ээ. Тэ­гэхгүй бол Шариатын хуулиараа чу­луугаар нүүлгээд алчих байлгүй.

Бангкокт буухад л жуулчны компанийн ажилтнууд түрийвч, паспортоо анхааралтай бай­гаа­рай гэж сануулаад эхэлсэн нь Бангкокийг баахан эвгүй газар гэж ойлгоход хүргэсэн билээ. Гэтэл өдрийн халуунаас айсан надад газар нутагтайгаа танилцахад оройн цаг л олдож байлаа. Улаан­баа­тартаа орой гарвал эвгүйрхдэг бай­тал Бангкокт шөнө дунд болох гэж байхад алхаж л явлаа шүү дээ. Шөнөд орой байх биш, сэтгүүлчийн ажилд завсарлага байх биш. “Тай­ландад очсоных тайланд массаж, ялангуяа хөл массажинд ороорой” гэсэн найзынхаа үгийг санан са­нан, массажны газрыг хайн явлаа. Массаж нэртэй газрууд байх юм аа. Үүдэн дээр нь үйлчлүүлэгчээ хүлээн суух охид бүсгүйчүүд олон. Гэхдээ тэд хаяагаар нь гарах бидний хүүхнүүдийг үйлчлүүлэгчээ гэж хяламхийж харахгүй юм. Тэгэхээр тэд өөр л үйлчлүүлэгч хүлээж бай­гаа бололтой дог. Зарим газар нь зөвхөн араб эрчүүд сууж, хөлөө га­раа бариулж байгаа газар ч байна. Тэд эмэгтэй хүн зэрэгцээд орохоор жигтэйхэн уурладаг тул тай­ланд­чууд зөвхөн араб эрчүүдэд зориул­сан массажны газар нээсэн нь бай­даг аж. Бас нэгэн массажны газарт ороход “Манайх нээгдээгүй байна. Мас­сажист маань нэг цагаас хойш ирнэ” гэж дуртай дургүй хариул­чи­хаад хойноос орж ирсэн гадаад эр­тэй жигтэйхэн эелдэг харьцаад эхэл­сэн билээ. Шөнө дундын нэг цаг шүү дээ. Тэгэхээр энэ бас л буруу газар нь байсан бололтой. Ямартай ч тай массаж хийлгэж үзэх төлөвлөгөө маань тэр өдөр бү­тэлгүйтсэн билээ. Маргааш нь гу­дамжаар алхаж явахад нэгэн та­нилцуулга атгуулсныг харахад тай мас­сажны газрын сурталчилгаа бай­лаа. Тэнд өглөөнөөс орой 22 цаг болтол ажиллана гэснээс харахад би буруу цагтаа бас буруу газраа хөл массажны газар хай­гаад яваад байснаа ойлгосон юм. Хө­лөө цуцтал хийсэн бүтэлгүйхэн шө­нийн аяллынхаа маргааш өг­лөө эмнэлэг дээр очиход байдал га­зар тэнгэр мэт. Өчигдөр чухам хаа­на байсан, өнөөдөр хаана бай­гаад хэрэг вэ гэж дуу алдмаар. Энэ бол Тайландын зүсэн зүйлийн өнгө будагны хоёр өөр өнгө нь билээ.

“Бумрунград” эмнэлэгт хамгийн элбэг байдаг зүйл өмнө нь дурдсан сувилагч, асрагч, туслах ажилт­нууд. Бас ус, жүүс, жимс. Энд тэнд­гүй цэвэр ус, жүүсийг тавилсан ха­раг­ддаг. Бас хэн хүссэн нь үнэ хөлс гэлгүй түүнийг авч хэрэглэх нь нээлттэй.

Шинжилгээ өгөхөөр ирсэн хэн боловч өлөн элгээрээ ирэх ёстой нь мэдээж. Үүднээс тосч аваад л даралт үзэж, өндөр жинг шалгаад, нүдний хараа, шээс, өтгөний шин­жил­гээ, рентген, цус гээд авч бо­лох юу байна, үзэх болох юу байна бүгдийг нь үзэж эхэлнэ дээ. Ин­гэх­дээ эмнэлгийнхээ энгэрээрээ зад­гай­лахад амар хувцсыг өмсөх ёстой гэж шаардана. Сүүлд ажиг­лаад байхад тэр хувцсыг хүн бүр өмсдөг ч араб хүүхнүүд л өмсөлгүй өнөөх л хар хувцастайгаа үзүүлээд явж байсан билээ.

Эмнэлэгт ороод л эмч нарт ая тал засч, асрагч сувилагч нарын аргыг нь олох гээд сурчихсан бидний хувьд тэнд эрс тэс мэт ялгаатай. Нэг хаалганаас нөгөө рүү хүн дагуулаад л гүйгээд байна. Ерөнхий шинжилгээ өгөх гэж бай­гаа хүн аль хаалган дээр хэн гэдэг эмч дээр очих вэ гэж будилалтгүй, дээрээс нь хэл усгүй гэж сандрах ч хэрэггүй. Үйлчилгээ нь хүндээ хүрдэг, дээрээс нь манай хоёр зохицуулагч эмч, хоёр ч орчуулагч тэнд ажилладаг болохоор хэлний асуудал гарахгүй. Гэхдээ энэ удаад шинжилгээ өгөгчдийн десант буу­сан болохоор залуу эмч бүс­гүй­чүүд хөл амраах завгүй гүйх шиг бол­сон. Анагаахын сургуулийг төгс­сөн залуу эмч нарын хувьд олон улсын түвшний эмнэлэгт ажиллах боломж гарсан нь мэр­гэш­сэн сайн эмч болоход нь дөхөм бо­лох биз ээ. Бас ажаад байхад энэ эмнэлэгт очиж  үзүүлж байгаа хү­мүүсийн хувьд харьцангуй мөнгө цаас­тай хүмүүс байдаг. Манайхны ярь­дгаар шинэ баяны цээж өвчин энэ тэр анзаарагдах шиг. Тэгээд ч эмнэлэгт очсон хүн бухимдангуй байх нь ч аргагүй биз. Манай монгол эмч бүсгүйчүүд олон янзын ааштай хүмүүсийн арга эвийг нь олоод сурчихсан байна лээ. Тэр нь бас л тэндхийн үйлчилгээний хэв маяг байх.

Шинжилгээ өгөх гэж байгаа хүмүүсийг эхлээд даралт, жин, өндөр нүдний хараа гээд нарийн шалгачихаад цус, өтгөн, шээсний шинжилгээг авдаг. Тэндхийн өтгө­ний шинжилгээ авах сав өгдөг бололтой нэг ажилтан надаар “Өтгөний шинжилгээ” гээд кирил­лээр бичүүлж авч байна лээ. Хэл мэдэхгүй хэн нэгэн ирэхэд ор­чуу­лагч, эмч нарыг ирэхээс нь өмнө аж­лаа амжуулах гэж сэтгэсэн ав­хаалжтай нэгэн бололтой.

Шинжилгээнүүдээ өгөхийн тулд өг­лөөнөөс үдийн хагас хүртэл зав­гүй явдаг юм байна. Рентгенд үзэж, эход харж, эрчүүдийг зам дээр гүйлгэж, зүрхэнд ирэх ачааллыг нь шалгаж, эмэгтэйчүүдийг тусгайлан үзлэгт оруулна гээд чөлөө завгүй л байцгаалаа, бид. Гэхдээ нэг эмчээс нөгөөд үзүүлэхэд уурлаж, бухим­дан дугаарлах хэрэггүй, нэг хүн өмнө чинь зам заагаад байх нь тэр. Эхоны өрөөнд орлоо. Бүдэг харан­хуй орчныг бүрдүүлжээ. Гэдсэн дээр гоожуулах шингэн нь манайх­ны цочроом хүйтэн биш таа­ламж­тай бүлээн юм. Жижигхэн ч гэлтгүй эндээс зөрүү ажиглагдаж байгаа юм. За тэгээд жижигхэн биетэй тайланд бүсгүй няхуур гэгч үзээд бүр дэндүү удлаа шүү. Цөсний тэр орчимд л эргүүлж тойруулаад байх шиг. Тэгснээ “Эмч дуудаадахья” гээд яваад өглөө. Жаахан түгшин­гүй байж байтал хижээл насны өндөр зэрэглэлийн бололтой эмч орж ирээд дахиад л эргүүлж той­руу­лаад үзээд эхэллээ. Хоорондоо юм ярьж, дэлгэц дээр зааж ч байх шиг. Энэ үеэс л юм, юм бодогдож эхэлж байгаа юм даа. “Чулуутай болчихсон юм болов уу, бүр ноц­той юм илрэв үү” гээд. Хүн сэт­гэ­лийн амьтан гэдэг дэндүү үнэн. Бүх үзлэг дууссаны дараа эмчийн ерөн­хий дүгнэлт гартал нь тусгай танхимд байх ус шүүснээс ууж, жимс идэж баахан суулаа. Ма­найхан бүгдээрээ л хамтдаа шин­жилгээний дүнгээ хүлээзнэж суугаа нь тэр. Бүх шинжилгээ, эмч нарын үзлэг болгоны онош нь дотоод сүлжээгээр нэгтгэгдээд цаг авсан эмчид шууд оччихдог ажээ. Тэр эмч нийт шинжилгээний хариуг нь харж, на­рийн мэргэжлийн эмч нарт үзүү­лэх эсэхийг нь хэлдэг юм байна. Дүн гарахыг хүлээх зуур нэг л гунигтай болж, энэ биеэ эрүүл дээр нь хайрлах минь ч яав гэж өөрийгөө зэмлэв. Монгол руу гэр лүүгээ гунигтай мэдээ дуулгах гэж утсаа шүүрч авснаа ч нуух юун. Гэтэл үнэндээ яасан ч гэж мессэж бичих билээ гээд хэсэг хүлээзнэсэн. Харин тэнд суух монголчуудынхаа яриаг сонстол эхо дээр их нухац­тай үзэж байсныг нь хүн бүр хэлж бай­на шүү. Бас нэг нөхөр үзэж үзэж, дахиад нэгийгээ дуудаад өчнөөн ярьсныг ч онцолж байна. Тэгэхээр нэг ноцтой асуудал га­раад арай мундаг эмчээ дуудаж гэж бодсон маань ташаа болоод яв­чихлаа. Булган аймгийн “Мо­нос”-ын салбарын эрхлэгч Ё.Ханд­сүрэн эгч бас надтай адил сэжиг­лэж байж. Харин хүн бүрийг тэгс­нийг сонсоод жаахан уужрах шиг. Ё.Хандсүрэн эгч Германы “Denk­farm”-ийн бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээж, эрүүл мэндийн боловсрол олгох хэд хэдэн шаттай шалгуурт тэргүүлсэн учир шаг­на­лын шугамаар энд иржээ. Уг шаг­нал нь Тайландад аялуулж, эрүүл мэндийн багц шинжилгээнд хам­раг­дах төлбөрийг нь ч төлж буй хэрэг аж. Байгууллагууд шагналаа ийм хэлбэрээр өгдөг болсонд та­лар­хах сэтгэл төрж байв.

Эрүүл мэндийнхээ төлөө нэг алхам хийж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа хүмүүст ч талархууштай санагдаж байлаа. Ээжийгээ дагуулаад ирсэн охин, эгчийгээ дагуулаад ирсэн дүү гээд тэднийг харахад хамгийн хайртай хүнээ гэсэн хайр элбэрэл мэд­рэг­дэж байсныг хуваалцмаар санагд­лаа. Ма­найхны сайн мэдэх “Дип­ло­мат” гээд үсчин, гоо сайхны са­лон байдаг даа. Тэндхийн эзэн, үс­чин Ю.Баяр­маа гээд эмэгтэйг хү­мүүс мэддэг байх. Өмнө нь ирж “Бум­рунград”-д эмчлүүлж байсан, энэ эмнэлгийн үйлчилгээг сайн мэддэг нэгэн. Тэр энэ удаад эрүүл мэндийн шин­жил­гээ хийлгэхийн далимд эгчийгээ дагуулаад иржээ. Дөчөөс дээш насны эмэгтэйчүүдэд элбэг то­хиолд­дог хөхний хавдрын асуудал байгаа эсэхийг шал­гуу­ла­хаар бол­сон нь тэдний ярианаас тодорхой байв. Ерөнхий шин­жил­гээний дүн­гийн дараа эмэг­тэй­чүүд­ийн төвийн хөх­ний эмч дээр на­рийвч­лан үзүү­лэх чиглэл авсан эг­чийгээ дүү нь хүлээж сууна. “Эгч маань мэр­гэ­жилдээ хэчнээн мундаг гээч. Одоо ма­най сургалтын төвд багшилдаг юм. Наашаа дагуулж ирэх гэж бөөн л юм боллоо. Ирэхгүй гээд. Би таныг да­гуулаад явна, төлбөр мөнгийг чинь төлнө гэж байж чирэх нь шахуу ав­чирлаа. Янз бүрийн юм л битгий дуул­даасай” гэж чин сэтгэлээсээ эг­чийн­хээ тө­лөө ярих Ю.Баярмаа тун нээлттэй нэ­гэн аж. Эмч рүү ороод удсан ч үгүй, эгч нь орчуулагч эм­чийн хамт гараад ирлээ. Тэр уйл­жээ. Гэхдээ айж шаналсан биш, бая­рын ну­лимс байв.

“Эмч ямар ч асуудал алга гэсэн. На­рийн шинжилгээний дүн гарчээ. Хав­дар энэ тэр гээд айгаад байх зүйл алга” гэлээ гээд нулимс дус­луулж байна. Эмчийг эрүүл гэхийг сон­соод л уйлаад эхэлжээ. Ер нь урьд өдрийн ерөнхий шин­жил­гээ­ний дараагаас царай нь эвгүйр­хээд эхэлсэн байсан л даа.

Гэтэл түрүүхэн эгчийнхээ төлөө энэлж байсан дүү нь “Юундаа уйл­даг юм”  гээд загнадаг байгаа шүү. Эг­чийнхээ төлөө зовниж байсан сэтгэлээ тэр гаднаа ингэж л илэр­хийлсэн. Бас шинжилгээний эхний өд­рүүдэд нэлээд хэд хэдэн нарийн мэр­гэжлийн эмч нарт үзүү­лэ­хээр болж, сэтгэл санаа нь гун­дуухан байсан ажаа нар маань ч эл­дэв ноцтой шинжилгээний дүн га­раагүй учраас бөөн баяр дэлгүүр хор­шоо­гоор хэсээд явчихсан би­лээ. Ер нь хүн эрүүл байгаа гэдгээ мэдрэхээс илүү том жаргал үгүй ажээ. Би хүр­тэл эмчээс шин­жил­гээ­ний хариу дуу­лахаар орохдоо нэг айдастай ор­сон билээ. Өвдөж зовиурлах юу ч үгүй ч, дотроо битүүхэн түг­шүүр­тэй. Дээрээс нь хоёр эмч нэгийгээ дуудаж ирээд баахан шул­га налд­сан учир баахан сэжигтэй. Гэтэл “Таны  тэр, тэр чинь эрүүл байна, энд чинь асуудал алга. Холестрин хэвийн, тодорхой хугацаанд шин­жил­гээ өгч байх хэрэгтэй. Ер нь эрүүл байхын тулд хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй” гэхийг сонсоод бараг чи­хэндээ итгээгүй шүү. Тэгээд гарч ир­мэгцээ чихээ хүртэл инээсэн бай­сан байх. Нээрээ, чих гэснээс эм­чээс ганц анхааруулсан юм нь “Та­ны зүүн чихний хэнгэрэг дээр ца­гаан толбо байна. Нарийн мэр­гэж­лийн эмчид үзүүл” гэсэн явдал. Тэ­гэ­хээр тэр эмчид нь үзүүлэхээр цаг ав­чихлаа. Хоёр цагийн дараа үзүү­лэх дугаар таарсан болохоор хү­лээж байгаад үзүүлэв. Бусад эмч на­раа бодвол нэлээд настай эмч байв. Камертон гэдэг байх аа хам­гийн на­рийн дуу авиа гаргадаг багажаа өмнө нэг, хойно нэг дуу­гар­гаж үзүү­лээд хаа­на сонстож байна гэж асуух юм. Мэдээжийн юм асуу­гаад даа­паа­лаад ч байгаа юм шиг са­нагд­са­ныг яана. Гэхдээ сонс­го­лын асуу­дал­тай хүнийг тэгж тог­тоо­дог байх л даа. Баахан удаан тийн шал­гаад, бас гэрэл тусгаж зөндөө үзээд “Сонсгол ямар ч асуудалгүй хүн байна. Багадаа чих нь их өвддөг байсны улбаа тэр цагаан толбо” гэдэг байгаа. Үнэхээр ч намайг багадаа чих нь их өвддөг хүүхэд байсан тухай ээж одоо хэр ярьдаг. Тэр үед ээжийн шээс, шар тос гээд дусаагаагүй юм байгаагүй гэсэн байх шүү. Би хүртэл хар даавуунд шингээсэн шар тостой даавууг сүүлд хүртэл жин тавьдаг байснаа санадаг юм чинь. Үнэр нь ч сэтгэлд хадаастай. Хүүхэд цагийн өвдөж байсны ул мөрийг хүртэл олоод хэлчихэж байна лээ. “Бумрунград” эмнэлэгт нэг ийм маягтайгаар эрүүл мэндийн аяллынхан маань шинж­лүүл­сэн билээ. Тэнд очоод эм­­нэл­гийн үйлчилгээ гэж ийм байх ёс­той юм байна, эмнэлэгт очиж бай­гаа хүмүүс театрт очиж үзвэр үзэх гэж байгаа биш учраас сэтгэл шин­гэсэн үйлчилгээг илүүтэй хү­сэм­­жил­дэг юм байна, олон улсын жи­­шигт хүрсэн “Бумрунград” гэдэг ийм эмнэлэг байгаа нь сайхан юм, бас бушуухан Монголд яг ийм эм­нэ­­лэг нээгдээсэй, бас хүн биеэ эрүүл дээр нь хайрлах ёстой юм байна гээд олон бодлыг тээсээр ирсэн билээ.

Шууд нислэгээр хамт очсон олон монголчууд маань шаа­гилд­саар цугларчээ. Тэрүүгээр нэг хашгирч, энүүгээр нэг авсан най­маа­гаа нэ­гэндээ сонирхуулна. Ирэх­дээ нис­лэг маань жаахан хойшилсон. Шалт­гаан нь манайхан тэндэхийн тат­варгүй барааны дэлгүүр хэсээд ирэх­гүй байснаас. Шууд нислэг уч­раас бүгдийг нь цуглартал хүлээ­чих юм. Энэ бол монгол зан. Эрүүл мэндээ урьд­чи­лан сэргийлдэг биш, өвд­сөнийх нь да­раа сэхээрдэг бас нэг монгол зан би­дэнд бий. Сайныг да­гуулдаггүй мон­гол нэртэй зан­гаа­саа хамтдаа салц­гаая. Хэрэв “Бум­­рунг­рад” эмнэ­лэгтэй хол­боо­той мэдээлэл хэ­рэг­тэй бол Урт ца­гааны зүүн талд байх “Дельта сан”-гийн бай­ранд байх төлөө­лөг­чийн газарт нь хандаж болох юм шүү. Тэдний утас нь 317177, 312387.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив