Урвагаруудын ЗГ унтаж байгаа, хуралдаж байгаа нь ялгагдахгүй юм
2012 оны 2 сарын 14 [Уншсан тоо: 42490]
Үгүй нээрээ, манай Засгийн газар унтаад байгаа юм уу, ху­ралдаад байгаа юм уу. Яаж байгаа нь ч мэдэгдэхгүй, дэндүү унхиагүй доожоогүй, урвайж дорвойсон нөхөд л байх юм. Уг нь гүйцэтгэх засаглалынхан чинь гав шув хий­сэн хэлж байгаа, хөдөлж байгаа нь шуурхай, хийж байгаа, бүтээж бай­гаа нь харагдахуйц тийм баймаар юм аа. Гэтэл АН-ынхан Хамтарсан Засгаас гарснаас хойш энэ Зас­гийн газар улам л хийморь лундаа нь үргэчихсэн шиг харагдах боллоо.

Бөөн хэл ам, дуулиан шуугиан болон байж шинээр тодруулсан сайд нар нь эхнээсээ хэл аманд орооцолдож, ажил биш сонгуульд бэлдэх гэж очсон нь батлагдаж эхлэв.

Энэ Засгийн газрыг командалж буй Ерөнхий сайд С.Батболд эцэг­гүй олон хүүхдийнхээ учрыг олж ядаж яваа өрх толгойлсон ганц бие эх шиг үзэгдэх юм. Уг нь Ардчилсан намынхан саналаараа Засгийн газраас гарсны дараа МАН Зас­гийн газраа УИХ дотроосоо бус харин цэвэр мэргэжлийн, салба­раа мэддэг хүмүүсээр нөхөж чад­сан бол сонгуулийн өмнө нэр хүнд нь ихээхэн өсөх байлаа. Бас цэвэр мөнгөний гэж харагдаж байгаа дэд сайдуудын орон тоогоо цомхотго­чихож чадсансан бол бүр ч гараад өгөх байв. Гэвчиг өгснийхөө хариуг нэхэгсэд, нам дагасных ам тосдох ёстой гэж бодогсод нь намын удирдлагуудаа ацан шалаанд оруулаад асуудлыг бүр ч дор­дуулчихсан билээ. Ядахад хэл ам болон байж сайдын албан ту­шаалд ирсэн хүмүүс нь нүдний гал цог ч үгүй, үг нь бүдэг, урвайж ярвай­сан улсууд байх юм. За тэр царай зүс нь ч яахав гэхэд, албан тушаалаа аваад хийж байгаа үйлдэл эхний тушаал журмуудаас нь авах юм алга аа. Ерөөсөө хэн нь манай нам бэ, хэн нь нөгөө нам бэ гэж л асуудалд хандаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс тод харагдана. Энэ Засгийн газрын хамгийн том ажил нь амласан зорьсноо биелүүлэх болохоос аавын хүүхдүүдийг үзэл бодлоор нь ялгаж, нэг намт нийг­мийн цэвэрлэгээ хийх ажил биш л баймаар.

Уг нь зуун жилийн түүхтэй гэж ирээд л томордог энэ намд салба­рын сайдын ажлыг зангарагтайхан шиг цогтой шиг хийгээд явчих хүмүүс бас бий дээ. Одоогийн кабинетаас харвал Ц.Нямдорж сайд л хэлчихвэл хэлж, хийснийхээ төлөө хариуцлагаа ч хүлээнэ гээд сууж байж магадгүй. Өөр тэгэх сайдын анзааны хүмүүс үзээд өгье гэсэн ч харагдахгүй байна. АН-ын сайд нартай харьцуулахад асууд­лаа мэдэж, ажлаа танилцуулчих­даг байсан С.Баярцогт шиг, хүний нүд рүү хүн шиг харж байгаад байдлыг ойлгуулчихдаг байсан С.Ламбаа шиг сайд нар байна уу, байхгүй л байгаа байхгүй юу.

Насаараа төрийн ажилд зүтгэ­сэн Ч.Улаан, Р.Раш, Х.Бадамсүрэн нар шиг нь сайд болсон бол яая гэхэв. Залуучуудаас ч гэсэндээ галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй зоригтой зүрхтэй, эрчтэй хүчтэй итгэл даах залуучууд энэ намд зөндөө л байна ш дээ. Гэтэл яагаад театрын уйлж байгаа маск шиг хүмүүсийг нэг дор цуглуул­чихаад сонгуулийн өмнөх түүхэн цаг үеийн Засгийн газраа байгуул­чихлаа гэж бодож байгаа юм бол, энэ намынхан.

Боловсон хүчин маань хэдэн мянгаараа жагсч байна гэж тэд ярьдаг. Уг нь ч гадаад, дотоодын сайхан сургуулиудыг чанартай сурч төгссөн залуучууд байх нь байна аа. Гэхдээ мянга мундаг байлаа гээд дээрээ татаасгүй бол нам дотроо явдаггүй зарчим дэндүү хатуу үйлчилдэг бололтой юм. Төрд ажиллаж үзээгүй, яаманд хэлтсийн даргын алба ч хашиж үзээгүй хүмүүс суга, суга үсрээд сайд.

Адуу азаргагүй бол сүрэг болж чаддаггүй, галуу тэргүүнгүй бол цуваа болж чадахгүй гэдэг. Гүйцэт­гэх засаглалаа дангаараа бүр­дүүлсэн гэж байгаа ах намынхан энэ Засгийн газартайгаа сонгуульд орно гэхээр өмнөөс нь санаа зов­нимоор. Уг нь Засгийн газар бай­гуулагдсан цагаасаа хойш өдрийн товгүй ээлжит бус хурал хийж байгаа сурагтай. Гэхдээ тэр нь янз бүрийн шинэ томилгоо энэ тэр байхаас өөрөөр хэтрэхгүй боло­хоор урвагарчуудын Засгийн газар унтаад байна уу, хуралдаад байна уу гэсэн бодол төрнө.



Эсвэл ажлаа мэдэхгүй боло­хоороо урвайчихаад, тэр нь би­дэнд асуудалтай харагддаг байж болох юм. "Алба мэдэхгүй ноён улсын чөтгөр, ааш муутай хүн олны чөтгөр" гэж үнэхээр л үнэн үг ажээ. Хэдийгээр сайд улс төрийн албан тушаал ч гэсэн тохироогоор бус ажлаа мэддэг хүмүүсийг тодруулж гаргаж ирэх нь зүйтэй талаар учир мэдэх хүмүүс олонтаа өгүүлж байсан даа.

Гэвч хүмүүсийн амыг таглах жижиг улс төрөө хараад ирж буй сонгуульд амжилт дагуулах том улс төрөө тооцоолж чадаагүй нь МАН-ын том алдаа болж байх шиг. Үнэн үг урдаа цогтой, худал үг хойноо цогтой гэдэгчлэн хатуу үгээ урьд нь хэллээ.

Урвагар царайлж, унтаж бай­гаа нь мэдэгдэхгүй, хуралдаж байгаа нь ч мэдэгдэхгүй засаг төрийг түших нь ард олон бидэнд халтай юм аа. Ирж буй баяр, наашилж буй хавраар махны үнэ улам бүр нэмэгдэж олдохгүй боло­хоос эхлээд ардуудад асуудал их байна. Тиймээс эрх мэдлээ авсан шиг хариуцлагаа хүлээн байж асуудлаа шийдээрэй, сайд нар аа. Бидэнд тэр нь хэрэгтэй, сонгуульд ялах нь та нарт хэрэгтэй байх.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив