Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Уугиж буй улс төр
2012 оны 1 сарын 23 [Уншсан тоо: 34671]
Сүүлийн үед МАН-д ээлж да­раа­гүй, эх зах нь олдохгүй олон томилолт томилгооны ажил өрнөж байна. АН-ын сайд нар ажлаа өгснөөр тэдний дараагийн хүмүү­сийг томилох багагүй ажил гаргаа­дахлаа. Удирдах зөвлөл нь өдөр болгон шахам хуралдаж байж зургаан сайдын нэртэй орж ирс­нийг нь УИХ дахь бүлэг задалж багагүй өөрчлөлт оруулаад авсан. Ямартай ч УИХ дахь 45 гишүүний 28 нь сайдад нэрээ дэвшүүлээд авсан гэхээр ард түмний төлөөлөл болж парламентад суудаг хүмүү­сийн сайд болохын хүслэн ямар ч их юм бэ гэмээр. Тэгээд бүр зургаан сарын настай сайд шүү дээ.

За тэгээд, ямар ч байсан МАН-даа дарга нар нь дээгүүрээ ху­ваагаад авчихсан гэж хэлүүлэхгүйн тулд хаа очиж ардчилал үнэр­түүлсэн шалгаруулалтад зургаан сайдын нэрс тодорсон ч энэ нь томилогдсон гэсэн үг биш гэдгийг Төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт хатуухан сануулаад авсныг дурсалгүй өнгөрч болохгүй. Ерөө­сөө эрх баригч нам асуудлыг шийд­сэн бол төрийн эрэмбэ дараа, хууль ёсны процедур гэж уланд гишгэгддэг зүйл биш гэдгийг Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж АН-ын зур­гаан сайд, тэдний орыг залгах гэж байгаа зургаан нэр дэвшигчийг МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын хамт оруулж ирээд огцомхон мэдрүүлэв. Нээрээ л АН-ын сайд нар ч өөрсдийгөө огцор­сонд тооцож, МАН л шийдвэл бүх зүйл ОК мэт санаж, дарга нь, цэрэг нь ч оодорч, хэвлэлийнхэн ч нэр­сүүдийг таамаглан бичихдээ тэд­ний огцруулах асуудлыг Байнгын хороо, УИХ дэс дарааллаараа хэлэлцэх ёстойг "мартсан" байжээ. Ямартаа ч Ерөнхийлөгч сайд боло­хоор горилж байгаа хүмүүст ха­туухан үг хэлсэн. Ялангуяа УИХ-аас сайдад нэр дэвшиж байгаа хүмүүст илүүтэй хатуурхсан нь хууль тогтоодог нь тогтоодгоороо,  гүйцэтгэх засаглалд байдаг нь бас тэндээ байя гэсэндээ болов уу. УИХ-ын гишүүд нь тэр чигтээ ша­хам Засгийн газарт орж, УИХ нь Засгийн газартаа дөрлүүлдэг биш хянадаг байя гэсэндээ энэ бүхнийг хэлсэн гэж олон нийт ойлгож байгаа. Өнгөрсөн лхагва гаригт болсон халуухан уулзалтыг МАН-ын удирдлагууд багагүй ууртай орхиж явсан билээ. Ийм уулзалтын дараа сайд нарын асуудлыг шуурхайлаад оруулаад ирэхэд өөрсдөө эвгүй байдалд орох гээд байдаг бас сөрөг хүчнээсээ гарч ирсэн Ерөнхийлөг­чийн үгээр явах гэхээр өөрсдөө тоглолтод нь орчих гээд ацан шалаанд орсон тал бий. Гэвч яах ч аргагүй сайдад нэр дэвшигчид нь Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даал­гаврыг маргааш өдрөөс нь хэрэг­жүүлж, байнгын хороо, УИХ-аар ажлаа өгч байгаа сайд нарын асуудлыг хэлэлцүүлээд л чухам бүх зүйл Ерөнхийлөгчийн үгээр явлаа. Маргааш гэхэд хуулинд заас­наар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх долоо хоногийн хугацаа нь дуусах учраас сайд нарын асуудал жам ёсоороо яваад өгөх байх.  Бас ч гэж хугацаа алдлаа гэж МАН-ынхан яарч байвал лхагва гаригт чуулган хуралдуулаад  шийдчих биз ээ. Багагүй яриа хөөрөө, хэлцээ найрааны дунд өрнөсөн сайд нарын дараа дэд сайд нарын томилгоо гэж асуудал өрнөж таар­на. Жинхэнэ сайд нар нь томи­логдсоны дараа дэд сайдуудын асуудлыг салбарын сайд нартай нь ярьж байж шийднэ гэсэн шийд­вэрийг МАН-ын Удирдах зөвлө­лөөс гаргасан. Тэгэхээр ирж буй баасан гаригаас эхлээд дэд сайд нарын нэрс илүү хүчтэй яригдах нь тодорхой. Сайд нартай зэрэгцээд яригдаж байсан дэд сайд нарын нэр одоохондоо намдуухан бол­чихоод байгаа. Сая зургаан сайдад нэрс тодруулахдаа ганц ч эмэгтэй хүнийг нэр дэвшүүлсэнгүй. Уг нь НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бүхий л талаараа байж болох нэр дэвшигч гэгдэж байсан ч тойргийн гадна үлдсэн билээ. Тэгэхээр Ардын намынхан жендэрийн бодлого алдагдсан томилгоогоо дэд сай­дууд дээр цайруулах магадлалтай хэмээн эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал, ирэх сонгуульд тойрог нэхэх ч хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй эмэгтэйчүүдэд зургаан сарын настай дэд сайдын албыг өгч магадгүй гэсэн яриа байна. Үүнд "Бишрэлт"-ийн Б.Ундармаа, "Улаанбаатар Буян" ХКК-ийн Ю.Идэр­маа гэсэн нэр сонстож байна. Бас бусад дэд сайдуудын хувьд намдаа олон жил болсон ч урьд өмнө нь албан тушаалд яригдаж байгаагүй хүмүүсийг гаргая гэсэн хувилбар явж байгаа аж. Тэрүүгээр болбол Г.Тэнгэр, С.Төмөрчулуун гэх жишээтэй жаг­саалт үргэлжилнэ. Бодвол ирж буй амралтын өдрүүдэд уламжлал ёсоор дэд сайдуудын томилгооны гол хор яригдаж, дараагийн даваа гаригаас тодорхой болж, лхагва гаригийн буюу ирэх хоёрдугаар сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаар томилогдох байх гэсэн таамаг байгаа юм. Ямартай ч хоёрдугаар сарын 2-нд болох Бага хурлаараа  Ерөнхий сайд С.Батболд элэг бүтэн Засгийн газрыг орж танил­цуулах учиртай юм. Тэд энэ Бага хурлаараа Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулахаас гадна ерөнхий нарийн бичгийн даргын албандаа хэнийг залахаа ярих учиртай. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Тэргүүн шадар сайдын албанд очих болсноор намын гал тогоо эзгүйрсэнд МАН-ынхан дотроо эмзэглэнгүй байгаа нь олон хүний ярианаас мэдрэгдэнэ. У.Хүрэлсүхийг энэ албанд то­милсноор С.Батболд өөрөөсөө илүү хүчтэй генсекээ намаас хол­дуулж чадлаа гэж байгаа бол нөгөө талд сонгууль дөхөхөд хариуц­лагаас мултрах гэсэндээ У.Хүрэл­сүх зугтаж байгаа юм гэх нь ч байна. Аль нь ч байсан хамаагүй гэхэд эрх баригч нам ерөнхий нарийн бич­гийн даргын томилгоо болох нь тодорхой болоод байна. Тэгвэл хэн энэ албанд суух вэ. Томилгоо хэнийг чиглэх вэ. Хэд хэдэн ху­вилбар яригдаж байна. Сонгууль дөхөж байгаа үед санаанд оромгүй санаа гаргаж чаддагаар нь С.Баярт энэ саналыг тавина гэх хэсэг байна. Энэ алба байтугай намын даргын суудалд сууж байсан түүний хувьд хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй. Тэр­гүүн шадар сайдын суудлыг санал болгоход татгалзсан шиг үлдэж магад бас стандарт бус шийдвэр гаргадгаараа очиход ч гайхах зүйлгүй.  Гэхдээ энэ албанд очсон тохиолдолд УИХ-ын гишүүний ажлаа өгөхөөр намынх нь дүрэмд байдаг учраас үгүй биз дээ. Дараагийн хувилбар У.Хүрэл­сүхийг хэвээр нь үлдээх. Хэдийгээр МАН-ын дүрэмд заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга дангаар албан тушаалаа хаших ёстой ч Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр хийх Бага хурлын нь шийд­вэр ингэж гарлаа. Улс төрийн онцгой нөхцөл байдлын дунд Бага хурлын гаргасан шийдвэр ийм байна гээд түүнийг үлдээж магадгүй байна. Харин шинэ хүнийг гаргах ту­хайд МАН дотор хоёр хүний нэр нэлээд хүчтэй яригдаж байна. Үүнд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хийгээд МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар. Я.Содбаа­тарын хувьд одоо намдаа нарийн бичгийн дарга хийж байгаа хүн дараагийн нэг шат ахиад ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашихад болохгүй зүйлгүй гэж байгаа бол Т.Бадамжунай сайдын нэр сүүлийн үед нэлээд хүчтэй яригдаад эхэлсэн. Хотын фракц намынхаа генсекийн албыг авах гэж томоохон бодлогоор зүтгэж эхэллээ гэх болсон нь Т.Бадам­жунайг хэлж байгаа хэрэг юм. Бас хотын мэр Г.Мөнхбаярын нэр ч тодхон сонстож байгаа. Гэхдээ байдал хэрхэн эргэх нь тодор­хойгүй. Улс төр гэж тоймлоход амаргүй, хар хор нь дийлддэггүй учраас одоогийн байдлаар яриг­даж байгааг нь дурдахад ийм бай­на. Хэрэв МАН Т.Бадамжунай гэдэг ерөнхий нарийн бичгийн даргатай болох юм бол ХХААХҮ-ийн сайдын алба, Т.Ганди сайд Бүгд найрам­дах Итали улсад суух элчин сай­даар томилогдох болбол НХХ-ийн сайдын албан дээр да­раагийн томилгоонууд яригдаж таарах биз. Бас нэг томилгооны асуудал хүчтэй яригдаж байгаа нь Төрийн өмчийн хорооны даргын суудал. Уг албанд У.Хүрэлсүх найз Ц.Хэр­лэнгээ зүтгүүлж байгаа гэх бол нөгөө талд нь С.Батболд бас найз В.Энхболдоо тавих гэж байгаа гэнэ. Саяхан элчин сайдуудын томил­гооны үеэр Энэтхэгт суугаа Элчин сайд В.Энхболд өөрийн хүсэлтээр албаа өгөхөө илэрхийлсэн тул гэсэн тодотгол явж байсан нь Үйлдвэр худалдааны яаманд бай­хаас нөхөрлөж ирсэн найзаа тата­хаар МАН-ын дарга хатуу шийдсэн байхыг үгүйсгэхгүй. Мөн сүүлийн үед МАН-д яриг­даж байгаа томилгоонуудын нэг нь Орхон аймгийн Засаг даргын асуу­дал. Баярын үеэр элдэв ажиллагаа хийдэг зарчмаар он солигдох үед Засаг дарга Д.Оюунбатыг нь огц­руулсан хэмээн хэвлэлээр бичиг­дэж байсан билээ. Ажлын байр нэмэгдүүлснээр улсын хэмжээнд тэргүүний аймаг, шилдэг бүтээн байгуулагч хотоор Эрдэнэт нь шалгараад байхад Засаг даргыг огцруулсан нь Иргэдийн төлөөлөгч­дийн хурал нь худалдагдсаных хэмээн хэвлэлээр бичиж байсан нь саяхных. Үүнд "Гок" оролцсон гэгдсэн бөгөөд дараагийн томил­гоонд ч оролцох гэж байгаа талаар энэ намд нэлээд яриа үүсчээ. Ямар ч байсан Орхон аймгийн Засаг даргыг томилох тал дээр томоохон хор найрагдаж эхэлсэн нь Тусгаар тогтнолын ордны өмнө зогсч ха­рагдах Орхон аймгийн дугаартай томчуудын машинуудаас анзаа­рагдаж байгаа юм. Нам дамнасан бус зөвхөн ах намынхан дотроо бүлэглэл хоорондын зөрчлөөсөө болж Засаг даргаа өөрчилсөн энэ явдал удирдлагуудынх нь анхаар­лыг татаж байгаа бололтой. МАН-ын удирдлагуудын зүгээс Орхон айм­гийн Засаг даргаар хуучин УИХ-ын гишүүн байсан, дараа нь ГОК-ийн орлогч захирал байж байгаад АН-ын хүнд албан ту­шаалаа өгөх шаардлагатай боллоо гэхэд ажлаа хэл амгүй өгөөд явсан гэх Ё.Баяр­сайханыг оруулж ирж байгаа юм байна. Гэхдээ хоёр хуваагдчихаад байгаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэрхэн шийдэх нь тодорхой­гүй. Бас Засаг даргад нэр нь яриг­даж байгаа Б.Винтовын хувьд "ГОК"-ынхны дэмжлэгтэй байгаа нь тодорхой байгаа аж. Аймгийнхаа гаалийн газрын даргаар арав гаруй жил ажилласан түүнтэй хол­боотой элдэв яриа хөөрөөг Эрдэнэ­тийнхэн мэддэг учраас намын нэр хүндээ бодвол явцгүй кандидат хэмээн намын хүрээлэлдээ ярьж байгаа гэнэ. Тэгэхээр "ГОК"-ын халаасанд орсон гэгдээд байгаа тус аймгийн Иргэдийн хурал нь намынхаа шийдвэрээ дагах нь уу, өөр эрх ашгаа дагах нь уу гэдэг нь гадна талаас нь хараад сууж бай­гаа АН-ынхан хийгээд энгийн иргэ­дэд сонин байгаа юм. Уг нь зар­чимч, шударга, тулхтай хүн айм­гийн засаг дарга болбол ард тү­мэнд нь хэрэгтэй байх. Үүний дараагаас огцрох өргөдлөө өгсөн Говьсүмбэр аймгийн засаг Ц.Баян­мөнхийн орыг хэн залгамжлах вэ гээд мөн л томилгоо өрнөх нь тодорхой болоод байна. АН-ын Хамтарсан Засгаас га­рах нь тодорхой байсан ч үйл явдал бодитоор өрнөж эхэлснээр унтаж байсан улс төрөөс утаа гарч эхэлсэн юм. Энэхүү уугилт сонгуу­лийн гал хүчтэй өрнөж эхэлтэл хэсэгтээ энэ мэтээр уугих нь тодор­хой байна. Ямар ч байсан энэ өдрүүдэд томилгоогоор гал өрдөж, улс төр уугиж байна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив