Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХУУЛИА ХӨЛДӨӨ ГИШГЭСЭН ХУУЛЬЧДЫГ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАЯ
2011 оны 12 сарын 12 [Уншсан тоо: 38920]
-ШҮҮХ, ХУУЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ ХИЙХ БОЛ ЭНДЭЭС Л ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ-

Хуульчид хүний гар хөлөөр хөдөлдөг, цагдаа прокурор, шүү­хийнхэн ямар нэг ашиг сонирхол, зөрчил даалгавраар асуудалд ханддаг тухай яриад олон оныг элээлээ. Яриад л байдаг, гомдол­лоод л байдаг. Он жил урссаар. Шударга ёс байдаг гэдэгт, үнэн зөв хэзээ нэг цагт ялдаг гэдэгт итгэдэг хүмүүс улам ховордсоор. Нэг үеэ бодвол энэ салбарыг өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй гэдгээр дээрээ­сээ эхлээд дуугарах болов. Бас шинэч­лэгдээд л байгаа шүү дээ гэж зөрүүдэлдэг хуулийнхан ч өөр дотроо шинэтгэлийг хүлээн зөв­шөөрөх болов. Гэвч эрс тэс өөрч­лөлтийг огцом хийж шинэтгэлийг авчрахгүй бол хохирч байгаа хүний эрх, шударга ёс ийм зовиуртай удаан шилжилтийг хүлээхийн аргагүй дорд оржээ.

Өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс тэр чигтээ хуучин нийгмийн хүмүүс. Социализмын үед боловсрол олж, нам төвтэй тэр нийгэмд хүмүүжсэн. Тэр ч үүднээсээ дарга юу хэлнэ, нам ямар чигтэй байна тиймийг л дагадаг. Уг нь намын харьяалалгүй гэгдэх ч тийм нийгэмд төлөвшсөн болохоороо яаж ч хичээгээд түүнийгээ тавьж чадахгүй юм.

Ерээд оноос ч өмнө энэ салбарт ажиллаж байсан хүмүүс одоо ч ажилласаар. Одоо Н.Энхбаяр ба түүний эргэн тойрны хүмүүсийг залхааж байна хэмээн буруут­гагдаж байгаа хүмүүс өмнө нь Н.Энхбаяр ба түүний эргэн тойрны хүмүүсийг хамгаалж ажилладаг байлаа. Түү­ний эрх ашгийг хөнд­сөн, эрх ба­ригч намыг муулсан хүмүүсийг залхаан цээрлүүлэхэд гар бие оролцон ажилладаг байв. Тийм хүмүүсийг шоронд илгээх буюу түүний өмнөх шат дамжлагыг бүг­дийг туулдаг байв. Н.Энхбаярын эхнэртэй нь муудсан У.Хүрэлсүх, аавтай нь муудалцсан рашаан судлаач, сонин булаалдсан эрх­лэгч Б.Ганболд, шүүмжилж бичсэн сэтгүүлч Г.Дашрэнцэн, хэмжээлш­гүй эрх мэдэлт МАХН-д (тухайн цагийн нэршлээр нь) нь эсэргүүц­лийн туг намируулсан "Шударга ёс бүлгэм"-ийн Г.Баярсайхан, тэдний мэдэгдлийг хэвлэсэн "Өдрийн со­нин"-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн, үг хэлж байхад нь хойно нь эсэргүүц­лээ илэрхийлж цаас барьсан Л.Гүн­­далай. Тэднийг бүгдийг шорон руу, эсвэл шоронд оруулах ял тулгах бүр шатыг дамжуулж, ясанд нь тултал "буруу"-г нь мэд­рүүлнэ. Ингэхийн тулд намын хий­гээд хуулийн бүх араа машинуудаа хөдөлгөдөг байв. "Өдрийн сонин"-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн МАХН-ын араа зуултанд орж, шалгагдаж байхдаа түүнийг буруутган өргөдөл гаргасан гэх МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Энхтүв­шин рүү утас цохин "Залуу цагийн андаа юунд цагдаад өгөв дөө" гэхэд "Н.Энхбаяр шахаад суулгах­гүй байна шүү дээ" хэмээн учирлаж байсан гэдэг. Тэд нэгэн цагт "Ардын эрх" сонинд хамтдаа зүтгэж байсан болохоор нэг нь тийн утастаж, нөгөө нь үнэнээ тэгж хэлсэн хэрэг л дээ.

Ингэж л нэгэн цагт Н.Энхбаяр гэдэг "үндэсний удирдагч"-д таа­лагдаагүй, түүний уур хилэнг хө­дөлгөсөн хүмүүсийн эсрэг "шударга ёсыг тогтоох" ёстой хуулийнхан ийнхүү ханцуй шамлан зүтгэж байсан юм.

Харин одоо эзэн нь солигдож. Тэр эрх баригч МАН-тай муудал­цаж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдор­жийн тухай элдэв бүхнийг дэлгэн тавьснаас өөрөө шахаанд оржээ. Яг хуучин цагт хийсэн хийгээгүй бүхний төлөө буруутдаг байсан тэр л зохиолын дагуу өрнөв.  Эзэн байсан Н.Энхбаярыгаа элдвээр ороож гоочлох болов, хуулийнхан. Яг л танил хэв маягаараа шахаж байгаа учраас Н.Энхбаяр нь мэдэ­хийн цаагуур мэдэж, нүүдлээ ч хийж, хариу арга хэмжээгээ ч авч байх шиг ээ.

Түүнийг Ерөнхийлөгчийн албыг хашиж байхад шадар туслахаар нь ажиллаж байсан, хэсэг хугацаанд харьд сурч байгаад ирсэн туслах Б.Тулга хэмээх залууг цагдаа­гийнхан баривчилж нэг, тавьж нэг жүжиг тавилаа. Энэ бол хуулийнх­ны дэглэсэн жүжиг. Драмын теат­рын ойд зориулж "UBS" телеви­зийнхэн "Орших уу, эс орших уу" гээд нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд драмын урлагийг ойлгуулахад томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ.

Энэ төсөл хуулийнханд хүртэл очиж, нөлөөлөөгүй л баймаар юм. Гэвч цагдаа нь ч, прокурор нь ч, шүүх нь ч бүрэн бүрэлдэхүүнээрээ гайхалтай хоршин эмгэнэлт инээд­мийн жүжиг тавив. Дуудахад өөрөө очсон Б.Тулгыг цаг­даагийнхан оргон зайлахыг завд­сан гэж үзээд баривчилжээ. Баривч­лан саатуу­лах 14 хоног нь гүйцэхийн алдад прокурор нь сун­гах гэж цаасаа аваад шүүх рүү гүйжээ. Гэтэл түүнийг эрүү өвдөг нь нийлсэн хэдэн өвгөн, эмгэн замд нь барь­цаалаад авчихаж гэнэ. Бүр 18 цаг барьцаалсан гэж байгаа шүү. Ха­рин шүүх ирэхийг нь хүлээж цө­хөөд, суллах ёстой юм байна гэж ойлгоод тогтоолоо гаргасан байна. Үүн шиг жүжиг гэж байх уу. Тэгээд бас болоогүй прокуророос хэвлэ­лийн бага хурал зарлаж шогтлоо. "Бид үргэлжлүүлэн хорих гэж бай­сан чинь өвөө, эмээ нар мөрдэстэй албан хаагчийг маань барьцаа­лаад чадсангүй" хэмээн мэдэгдэв. Уучлаарай, ийм юм байдаггүй юм. Улс төрийн байгууллага юм уу, прокурор чинь. Угаасаа ганц проку­рор гэлтгүй манай хууль хянал­тынхан улс төрийн байгууллага шиг, ажилтнууд нь намын гишүүд шиг байсаар удлаа. Миний, миний эцгийн, миний өвөөгийн мэдэхийн ийм байсаар. Ардчилсан нийгэм, ардчилал үнэртсэн ахуй бидний олон зүйлийг өөрчилсөн. Ганц өөрчлөгдөөгүй нь хуулийн салбар. Яагаад гэвэл тэр л үед байсан хүмүүс тэр чигтээ энэ салбартаа ажилласаар байна. Гэтэл сая юу болов. Үргэлжлүүлж сунгах байсан чинь чадсангүй гэж, бичгээ ирүү­лээгүй болохоор суллачихлаа гэж ам амандаа хууль дүрэм, цаг нараа ярьцгаав.

Хэзээ Монголд хууль дүрэм ингэтлээ үйлчилдэг болчихсон юм бэ. Шорон руу явуулсан хойноо бичгээ үйлддэг биз дээ. Эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг "Чамайг маргааш цагдаа явж баривчлуулна даа" гэж нэг утасдаад л хэлсэн сүрдүүлгийн нь дагуу  цагдаа ирж "Оргон зайлах гэсэн" үндэслэлээр баривчилж л байдаг ш дээ. Шүүг­чид нь гэнэт гурван талаасаа бол­зож ирээд л захирамжаа гарган, гарын үсгээ зурчихсан л байдаг. Гэхдээ бодит үндэслэлээр бус харин дээрээс нь утасдаж заавар­чилгаа өгсний дагуу шүү. Дээд шатны шүүгчийнх нь үг хууль байд­гаас тэр биз. Тийм бусармаг хүмүүс нь улам бүр дэвшин дээшлэхийг яана.

Хэзээ ингэж жинхэнэ ёсоороо хууль дүрэм үйлчилж байсан юм. Ингэдэггүй гэдгийг явж ирсэн турш­лага, түүх, нулимс шаналангаараа ард түмэн чинь мэддэг болчихсон. Хувь хүмүүс хоорондоо гомдол гарган, хэрүүл маргаанаа шийдүү­лэх гэвэл шударга үнэн тэнд байгаа гэж итгэх ч аргагүй. Зуд­наар ноход зоолдгийн адилаар хуулийнханд зоолуулаад л дуусна. "Хэрэг хааш нь ч эргэж мэдэхээр байна" гэж хэлээд гар харахаа тэд андах­гүй. "Буруугүй ч буруутан болохгүйн тулд байдгаа барьж өгөгсөд Мон­голын нийгэмд дэндүү олон доо. Хуулийнхан хэнийг зоо­лохоо өөр хоорондоо тохирч, үгсэн ярьж сүлжээ хэлбэрээр ажиллад­гийг ч учир мэдэх хүмүүс хэлдэг. Өнөөдөр Зайсанд хаус худалдан аваад амьдарч байгаа хүмүүсийн хэд нь хууль цагдаагийнхан гэж та бодож байна. Зайсан байтугай Америкт хаус худалдан авагсад ч байгаа, энэ салбарынхаас. Хийж бүтээж хөдөлмөрлөсөн хүн авч болно оо. Харин хуулийн нэрээр хүний зов­лон нулимсаар хөлжиж байгаа бол дэндүү харамсалтай. Бас хуулийн нэрийг барьж эрх мэдэлтэн, намын даалгавраар ажиллаж байгаа бол эмгэнэлтэй. Шүүгчид дунд "Удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа" гээд улайрагсад, бас "Аргагүй тэтгэ­вэрт гарахаасаа өмнө" гэж хүлээн зөв­шөөрөгсөд бас байдаг гэлцдэг. Мэдээж, энэ бүгдийг шүүмжлэн бичихдээ шударга ёсыг барьж, нэг сэтгэлээр ажиллаж байгаа бүх хүний зүтгэл сэтгэлийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ цэврээс цэвэр байх ёстой хүмүүс дунд бохироос бохир хүмүүс байгаа учраас энэ салбарт эрс шинэчлэл хэрэгтэй байна. Үүний тулд тэр чигээр нь хүмүүсээ солих нь зөв. Арав хорь гучин жилээр эзэн сууж, шударга ёсыг тогтоохын оронд алдагдуулсан хүмүүсийг бүгдийг тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй. Гэхдээ ажиллах жилийг нь тооцож, цалин пүнлүүг нь өгсөн ч яахав. Ирэх үр дүнгээ бодвол гарах гарлага ч яамай байна. Харин оронд нь нам, дар­гын төлөө ажиллаж болдог гэдгийг огт ойлгохгүй залууст хууль эрх мэдлийг атгуулъя. Хүний эрх бүх­ний толгойд байдаг гэдгийг төрөх цагаасаа мэдэрч өссөн, хүнээ дээдэлдэг улс оронд хууль эрх зүйн чиглэлээр сурч болов­сорсон мэргэжилтнүүдээр дүүргэе. Явж байгаа хүмүүсийн гомдол, цав цагаан цаас мэт шинэ хуульчдыг дагаад ирэх эрсдэл байж болох ч шударга ёсыг хөлдөө гишгэж бол­дог мэт ойлгон явж ирсэн хүмүү­сийн гаргах уршгаас л бага байж таарна. Дэлхийн улс орнуудад ч ингэж ирсэн нь бий. Хоёр Герман нэгдэх үед Зүүн Германд таваас дээш жил ажилласан шүүгч нараа хуйгаар нь сольж байсан гэдэг. Яагаад гэвэл тэднийг шүүгчид биш даалгавар биелүүлж ирсэн хүмүүс гэж үзсэн учраас хууль тогтоох байгууллагад байлгахаас цээрлэ­сэн ажээ. Хэрэв Монголд шүүхийн шинэтгэл хэрэгтэй хэмээн үзэж, шударга ёсыг тогтооно л гэж үзэж байгаа бол эндээс л эхлэх хэрэгтэй. Шүүхийн шинэтгэл, шудар­га ёсыг ярьж л байгаа бол зоригтой өөрч­лөлтөөс ч айхгүй байх ёстой.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив